Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2018/00137

 

Л.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/02518 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2169 дугаар магадлалтай,

Л.Т-ын нэхэмжлэлтэй,

Г.Х-д  холбогдох,     

Нотариатын үйлдэл болон 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 198 дугаар өвлөх эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-ийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Г.Х-, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ш.О, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Т- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Т- миний бие Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, хуучнаар Хангамжийн АОС-13 тоот буюу одоо 2б хэсэг, Төмөр замын 131 тоот хаягт байршилтай газартаа 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байна. Гэтэл Ш.Нандинчимэг гэх хүн гэнэт гарч ирээд миний газрыг өөрийн газар гэж, Захиргааны хэргийн шүүхэд маргаан үүсгэж, энэхүү маргаанд миний бие гуравдагч этгээдээр оролцож байна. Ш.Нандинчимэгийн маргаан гаргах болсон шалтгаан нь миний газарт 2008 онд нөхөр С.Алтансүхийн нэр дээр захирамж гарсан байсан. Нөхөр нь 2010 онд нас барсан учир өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэж, газрыг өөрийн нэр дээр болгохыг шүүхээс хүсчээ. Намайг мэдээгүй байхад Баянзүрх дүүргийн газрын албанаас хууль бусаар миний газрыг С.Алтансүх гэдэг хүний нэр дээр захирамж гаргасныг хожим мэдэж, удаа дараа дүүргийн газрын албанд хандаж, өргөдөл гомдол гаргасны үндсэн дээр С.Алтансүх агсны нэр дээр гаргасан захирамжийг хүчингүй болгуулсан. Мөн өвлөх эрхийн гэрчилгээ гарсныг миний бие Захиргааны хэргийн шүүхэд маргаан үүссэний дараа мэдсэн бөгөөд мэдсэн даруйд нь нотариатын үйлдэлд холбогдуулж Монголын Нотариатын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлд гомдол гаргасан. Үндэслэл нь, Ш.Нандинчимэгийн нөхөр С.Алтансүх агсан нь 2010 оны 12 дугаар сард нас барсан, тухайн газар эзэмших эрхийг нь 2015 оны 07 дугаар сард хүчингүй болгосон байтал 5 жилийн дараа өвлөх эрхийн гэрчилгээ бичигдсэн нь хууль бус, энэхүү гэрчилгээг бичсэн нотариатын үйлдэл нь мөн хууль зөрчсөн гэж үзэж, эргэлзээ төрж байсан.

Сахилгын зөвлөлөөс гаргасан 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 05 дугаартай гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай шийдвэрт ...нотариатч Г.Х- нь өвлүүлэгчийн эхнэр Ш.Нандинчимэгт 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр бүртгэлийн 198 дугаарт бүртгэж, гэрчилсэн өвлөх эрхийн гэрчилгээг олгосон байх бөгөөд Ш.Нандинчимэг нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлд заасан хууль ёсны өвлөгч биш байх тул нотариатч Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасныг зөрчиж, өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байна гэжээ. Дээрх байдлаас үзэхэд нотариатч Г.Х- нь өвлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгсөн нь анхнаасаа хууль зөрчсөн үйлдэл гэдэг нь Монголын Нотариатчдын Танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн гишүүний 2017 оны 05 дугаартай шийдвэрээс тодорхой харагдана. Нотариатын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4 дэх хэсэгт шийдвэрийг эс зөвшөөрвөл Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд гомдлоо гаргахаар заасан байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл гомдол гаргаагүй байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасныг үндэслэж, нотариатч Г.Х-гийн баталсан 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 198 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, тус гэрчилгээг баталсан 72 дугаартай нотариатч Г.Х-гийн үйлдлийг хүчин төгөлдөр буст тооцож өгнө үү. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг үндэслэж нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах шаардлага гаргаж байгаа. Нотариатын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар хууль дээдлэх, хараат бус байх, шударга ёсыг хангах, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсгийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа. Нотариатын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн шийдвэрээр нотариатч Г.Х- нь хууль зөрчсөн болохыг нотолсон байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Х- шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байна. Л.Т- нь Ш.Нандинчимэгийн өв залгамжлалын асуудалд хамааралгүй байх тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна. Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Хангамжийн АОС 2б хэсэг, Төмөр замын 131 тоотод байрлалтай 400 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг 2008 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 276 тоот Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийг үндэслэн талийгаач С.Алтансүхэд 15 жилийн хугацаатайгаар 2008 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 0212549 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон. Л.Т-т уг газрыг эзэмших ямар нэгэн эрхийн акт байхгүй. С.Алтансүхийн төрсөн охин А.Номинжаргал байгаа ба 3969 дугаартай төрсний гэрчилгээгээр нотлогдоно. Энэ хүүхэд хууль ёсны өвлөгч бөгөөд Баянзүрх дүүргийн Газрын алба 18 насанд хүрээгүй учир газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй гэснээр хууль ёсны төлөөлөгч эх Ш.Нандинчимэгт өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон. Сахилгын зөвлөлөөс хуулийг дутуу харж шийдвэр гаргасан. Үүнийг хүлээн зөвшөөрч нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байгаа. Нотариатчдын танхимын Сахилгын зөвлөлийн гишүүн н.Ганболорын шийдвэр хууль буруу хэрэглэсэн байгаа. Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.5 дахь хэсэгт өвлөгч нь насанд хүрээгүй буюу эрх зүйн чадамжгүй бол өвлөх эрхийн гэрчилгээг хууль ёсны төлөөлөгч болон асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь олгож, энэ тухай тусгайлан тэмдэглэл үйлдэнэ гэсэн заалт байгаа. Энэ заалтын дагуу А.Номинжаргалын төрсөн эх Ш.Нандинчимэгт өвлөх эрхийн гэрчилгээг 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр олгосон ба Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/350 тоот захирамжаар талийгаач С.Алтансүхийн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон байсан.

Одоо Баянзүрх дүүргийн Газрын алба маргаж буй газар нь төрийн өмч учир хэнд эзэмшүүлэхээ шийдэх эрхтэй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасныг хэрэглэх боломжтой. Нэгэнт захирамжаар С.Алтансүхийн газар эзэмших эрх нь хүчингүй болсон учир өв залгамжлах эрхийн гэрчилгээ үйлчлэхгүй болсон гэж үзэж байна. Дээрх нөхцөлүүдээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, өмгөөлөгч Ш.Отгонбаяр шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай нөхөр С.Алтансүхийн нэр дээр байсан газрыг миний бие Ш.Нандинчимэг өвлөх эрх нээлгэж хүлээн авсантай холбоотой нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай асуудал шийдэгдэх гэж байгаа тул миний бие тус маргаанд гуравдагч этгээдийн байр сууринаас оролцож эрхээ хамгаалуулах хүсэлтэй байна. Дээрх газартай холбоотой маргаан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд миний нэхэмжлэлтэй үүссэн байсныг түдгэлзүүлсэн бөгөөд тухайн нотариатын үйлдэлтэй холбоотой хууль ёсны дагуу гомдлын шаардлага гаргах эрх Л.Т-т байхгүй гэж үзэж байна.

Тухайн үед өвлөгч 5 настай байсан. Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт зааснаар 7 нас хүрээгүй этгээд нь иргэний эрх зүйн чадамжгүй юм. Мөн Газрын тухай хуульд зааснаар 18 насанд хүрээгүй этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхгүй байгаа. Тийм учраас тухайн нотариатын үйлдлийг Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.5 дахь хэсэгт зааснаар өвлөгч нь насанд хүрээгүй бол түүний эцэг эх өвлөх эрхийн гэрчилгээг нээлгэнэ гэсний дагуу хууль ёсны дагуу явуулсан. Он дарааллын хувьд тухайн гэрчилгээ хүчин төгөлдөр байхад өвийг нээлгэсэн. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дахь хэсэгт өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ гэж заасан байдаг. Өвлөгч нь 5 настай хүүхэд байсан тул түүний асран хамгаалагчийн нэр дээр өвлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгсөн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн гишүүний гаргасан шийдвэр хүчин төгөлдөр биш. Энэ шийдвэрийн агуулгыг харахад хууль ёсны өвлөгч биш этгээдэд өвлөх эрхийн гэрчилгээ гаргасан байна гэсэн шийдвэр гаргасан. Хууль ёсны өвлөгч эрх зүйн чадамжгүй бол эцэг эхэд нь гаргана гэсэн заалтыг анзаараагүй байсан. А.Номинжаргал гэдэг охин нь С.Алтансүхийн хууль ёсны өвлөгч. Нотариатын тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа бол нэхэмжлэгч тал энэ байдлыг нотлох үүрэгтэй. Хариуцагч тал хуулийн дагуу нотариатын үйлдэл хийсэн гэдгээ нотолж байгаа гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/02518 дугаар шийдвэрээр, Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 520 дугаар зүйлийн 520.1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Г.Х-д холбогдох нотариатын үйлдэл болон 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 198 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай нэхэмжлэгч Л.Т-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Т-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2169 дугаар магадлалаар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/02518дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 520 дугаар зүлийн 520.1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт гэснийг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь хэсэгт гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзурх дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн 2017.08.09-ний өдрийн 101/ШШ2017/02518 дугаартай Шийдвэр, нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017.10.04-ний өдрийн 2169-р Магадлалыг эс зөвшөөрч, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 172-р зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт заасныг үндэслэж, дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

 Анхан шатны шүүхийн Шийдвэрт:”... нэхэмжлэгч Л.Т- нь 2015.07.07-ны өдөр 198 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсоноор Баянзүрх дүүргийн 10-р хороо, Хангамжийн АОС-13 тоот хаягт байршилтай, 400 м.кв газрыг эзэмших эрх нь зөрчигдсөн гэх тайлбарыг гаргаж байгаа боловч уг газрыг эзэмших эрх Л.Т-т олгогдоогүй байх бөгөөд өв залгамжлалын гэрчилгээ олгогдсоноор түүнд газар эзэмших эрх олгох ажиллагаа хийгдэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа гэдэг нь баримтаар тогтоогдохгүй байна... хариуцагч Г.Х-гийн 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн бүртгэлийн 198 дугаарт бүртгэж, гэрчилсэн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл нь нэхэмжлэгч Л.Т-ын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн, зөрчсөн, түүний газар өмчлөх, эзэмших эрхийг зөрчсөн, хязгаарласан үндэслэл тогтоогдохгүй байх тул нотариатын үйлдэл болон 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 198 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй...”:

Магадлалд:”... А.Номинчимэг нь 5 настай, иргэний эрх зүйн чадамжгүй тул түүний хууль ёсны төлөөлөгч буюу эхийнх нь хүсэлтээр нотариатч газар эзэмших эрхийг өвлүүлэхээр өвлөх эрхийн гэрчилгээг Ш.Нандинчимэгийн нэр дээр бичиж олгосон нь Л.Т-ын эрхийг зөрчихгүй... газрыг эзэмшиж буй хууль ёсны эзэмшигч буюу шаардах эрх бүхий этгээд гэж үзэх Газрын тухай хуулийн 27-р зүйлийн 27.1, 27.4 дэхь хэсэгт заасан үндэслэл тогтоогүүй байна” гэжээ.

Энэхүү дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь: Хариуцагч /нотариатч/ Г.Х-гын хийсэн нотариатын үйлдэл буюу 198 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ Ш.Нандинчимэгт олгогдсоноор нэхэмжпэгч Л.Т- нь Баянзүрх дүүргийн 10-р хороо, Хангамжийн АОС-13 тоот хаягт байршилтай, 400 м.кв газрыг эзэмших эрхээ сэргээлгэх боломжгүй болж, энэ талаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр, захиргааны хэргийн шүүхэд маргаан үүсгэсэн гэдэг нь хэрэгт авагдсан нийслэл дэхь Захиргааны Хэргийн Анхан шатны шүүхийн 2017.06.05- ны өдрийн 1/8221 -р “Лавлагаа авах тухай” албан бичиг /хэргийн 38 хуудас/, тус шүүхийн 2017.04.07-ны өдрийн 128/ТМ2017/244-р “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” шүүгчийн захирамж зэрэг баримтуудаар нотлогдоно. Мөн нэхэмжлэгч Л.Т- нь Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 26-р зүйлийн 26.2:”Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж, эрхээ сэргээлгэхээр өөрийн ...нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ” гэж тодорхойлсоны дагуу Л.Т- нь Иргэний хуулийн 9-р зүйлийн 9.4.2:”эрх зөрчсөн үйдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх” буюу шаардлага гаргах эрх бүхий этгээд юм

Иймд дээр дурдсан нөхцөл, байдлуудыг харгалзан, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн 2017.08.09-ний өдрийн 101 /ШШ2017/02518 дугаартай Шийдвэр, нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017.10.04-ний өдрийн 2169-р Магадлалыг хүчингүй болгож, нэхэмжпэгч Л.Т-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                               ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-ийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангуулах тухай гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Харин анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн, Газрын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, Л.Т-ын нэхэмжлэлтэй Г.Х-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох  нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Л.Т хариуцагч Г.Х-д холбогдуулан Ш.Н-т өвлөх эрхийн гэрчилгээ олгосныг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

Энэ хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Ш.Н оролцож  хариуцагчийг дэмжсэн тайлбар гаргасан байна.

Хэргийн баримтаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 273 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн, 10 дугаар хороо, Хангамжийн АОС-13 тоот хаягт байршилтай, 400 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатай С.Алтансүхэд эзэмшүүлэхээр шийдвэрлэсний дагуу түүнд 2008 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон, С.Алтансүх 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нас барсан, түүний хууль ёсны өвлөгч охин А.Н, түүний хууль ёсны төлөөлөгч эх Ш.Н-т нотариатч Г.Х- 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 198 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон  нь тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч Л.Т- С.Алтансүхийн эзэмшиж байсан газарт 2010 оноос хойш амьдарч байгаа ба газар эзэмших эрх олж авахад нотариатч Г.Х-гийн Ш.Н-т талийгаач С.А-ийн газар эзэмших эрхийг өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл саад болж байна гэх  үндэслэлээр  уг  гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага гаргажээ.

Хариуцагчаар татагдсан нотариатч Г.Х-гийн  Ш.Н-т өв залгамжлалын гэрчилгээ олгосныг хүчингүй болгуулах үндэслэлээ нэхэмжлэгч Л.Т талийгаач С.А-ийн эзэмшиж байсан газартай холбоотой маргааны үйл баримтыг  заасан байна.

Хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгч Л.Т-, энэ хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон Ш.Н нар газар талийгаач С.А-ийн эзэмших  байсан газрын талаар хоорондоо маргаж байгаагаас гадна Ш.Н уг газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан   Нийслэл дах Захиргааны хэргийн анхан шатны шүүх хандсны дагуу хэргийг хянан хэлэлцэж байгаа нь тогтоогдсон байна.

Тухайлбал, С.А-ийн газар эзэмших эрхийг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/350 дугаар захирамжаар хүчингүй болгосныг хууль бус гэж үзэн, уг захирамжийг хүчингүй болгуулахаар Ш.Н-ийн нэхэмжлэлтэй хэрэгт  Л.Т гуравдагч этгээдээр оролцож байгаа нь  нотлогдсон байна.

Ш.Н өвлөх эрхийн гэрчилгээ авснаар нэхэмжлэгч Л.Т-ын газар эзэмшихтэй холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхгүйн зэрэгцээ нэгэнт С.А-ийн нэр дээрх газар эзэмших эрхийг хүчингүй болгосон тул тухайн эрхийг баталгаажуулсан өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нь ач холбогдолгүй байна.

Иймд нэг талаас Л.Т өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шаардлага гаргах эрхгүй, нөгөө талаас нэхэмжлэлийн үндэслэлтэй холбоотой маргааныг өөр шүүх шийдвэрлэж байх тул хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгох нь зөв гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Л.Т амьдарч буй газартаа газар эзэмших эрхийг олж авах үндэслэлтэй эсэх, Ш.Н өвлөх эрхийн гэрчилгээ олгож шийдвэрлэсэн нь Нотариатын тухай хууль, нотариатын үйлдэл хийх журам, Иргэний хуульд нийцсэн эсэх нь  маргааны зүйл биш учир шүүх эдгээр асуудлын талаар материаллаг хуулийг хэрэглэн дүгнэлт өгөх шаардлагагүй болно.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/02518 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2169 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар  Л.Т-ын нэхэмжлэлтэй Г.Х-д  холбогдох нотариатын үйлдэл болон 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 198 дугаар өвлөх эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр буст тооцуулахыг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

                                 ШҮҮГЧ                                                             Г.АЛТАНЧИМЭГ