Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2169

 

Л.Тын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/02518 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Л.Т,

Хариуцагч Г.Хд холбогдох,

 

Нотариатын үйлдэл болон 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 198 дугаар өвлөх эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч Г.Х,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Т миний бие Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, хуучнаар Хангамжийн АОС-13 тоот буюу одоо 2б хэсэг, Төмөр замын 131 тоот хаягт байршилтай газартаа 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байна. Гэтэл Ш.Нандинчимэг гэх хүн гэнэт гарч ирээд миний газрыг өөрийн газар гэж, Захиргааны хэргийн шүүхэд маргаан үүсгэж, энэхүү маргаанд миний бие гуравдагч этгээдээр оролцож байна. Ш.Нандинчимэгийн маргаан гаргах болсон шалтгаан нь миний газарт 2008 онд нөхөр С.Алтансүхийн нэр дээр захирамж гарсан байсан. Нөхөр нь 2010 онд нас барсан учир өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэж, газрыг өөрийн нэр дээр болгохыг шүүхээс хүсчээ.

Намайг мэдээгүй байхад Баянзүрх дүүргийн газрын албанаас хууль бусаар миний газрыг С.Алтансүх гэдэг хүний нэр дээр захирамж гаргасныг хожим мэдэж, удаа дараа дүүргийн газрын албанд хандаж, өргөдөл гомдол гаргасны үндсэн дээр С.Алтансүх агсны нэр дээр гаргасан захирамжийг хүчингүй болгуулсан. Мөн өвлөх эрхийн гэрчилгээ гарсныг миний бие Захиргааны хэргийн шүүхэд маргаан үүссэний дараа мэдсэн бөгөөд мэдсэн даруйд нь нотариатын үйлдэлд холбогдуулж Монголын Нотариатын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлд гомдол гаргасан. Үндэслэл нь, Ш.Нандинчимэгийн нөхөр С.Алтансүх агсан нь 2010 оны 12 дугаар сард нас барсан, тухайн газар эзэмших эрхийг нь 2015 оны 07 дугаар сард хүчингүй болгосон байтал 5 жилийн дараа өвлөх эрхийн гэрчилгээ бичигдсэн нь хууль бус, энэхүү гэрчилгээг бичсэн нотариатын үйлдэл нь мөн хууль зөрчсөн гэж үзэж, эргэлзээ төрж байсан.

Сахилгын зөвлөлөөс гаргасан 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 05 дугаартай гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай шийдвэрт “...нотариатч Г.Х нь өвлүүлэгчийн эхнэр Ш.Нандинчимэгт 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр бүртгэлийн 198 дугаарт бүртгэж, гэрчилсэн өвлөх эрхийн гэрчилгээг олгосон байх бөгөөд Ш.Нандинчимэг нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлд заасан хууль ёсны өвлөгч биш байх тул нотариатч Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасныг зөрчиж, өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байна гэжээ.

Дээрх байдлаас үзэхэд нотариатч Г.Х нь өвлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгсөн нь анхнаасаа хууль зөрчсөн үйлдэл гэдэг нь Монголын Нотариатчдын Танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн гишүүний 2017 оны 05 дугаартай шийдвэрээс тодорхой харагдана. Нотариатын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4 дэх хэсэгт шийдвэрийг эс зөвшөөрвөл Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд гомдлоо гаргахаар заасан байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл гомдол гаргаагүй байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасныг үндэслэж, нотариатч Г.Хгийн баталсан 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 198 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, тус гэрчилгээг баталсан 72 дугаартай нотариатч Г.Хгийн үйлдлийг хүчин төгөлдөр буст тооцож өгнө үү. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг үндэслэж нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах шаардлага гаргаж байгаа. Нотариатын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар хууль дээдлэх, хараат бус байх, шударга ёсыг хангах, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсгийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа. Нотариатын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн шийдвэрээр нотариатч Г.Х нь хууль зөрчсөн болохыг нотолсон байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байна. Л.Т нь Ш.Нандинчимэгийн өв залгамжлалын асуудалд хамааралгүй байх тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна. Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Хангамжийн АОС 2б хэсэг, Төмөр замын 131 тоотод байрлалтай 400 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг 2008 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 276 тоот Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийг үндэслэн талийгаач С.Алтансүхэд 15 жилийн хугацаатайгаар 2008 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 0212549 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон. Л.Тт уг газрыг эзэмших ямар нэгэн эрхийн акт байхгүй.

С.Алтансүхийн төрсөн охин А.Номинжаргал байгаа ба 3969 дугаартай төрсний гэрчилгээгээр нотлогдоно. Энэ хүүхэд хууль ёсны өвлөгч бөгөөд Баянзүрх дүүргийн Газрын алба 18 насанд хүрээгүй учир газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй гэснээр хууль ёсны төлөөлөгч эх Ш.Нандинчимэгт өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон. Сахилгын зөвлөлөөс хуулийг дутуу харж шийдвэр гаргасан. Үүнийг хүлээн зөвшөөрч нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байгаа.

Нотариатчдын танхимын Сахилгын зөвлөлийн гишүүн н.Ганболорын шийдвэр хууль буруу хэрэглэсэн байгаа. Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.5 дахь хэсэгт өвлөгч нь насанд хүрээгүй буюу эрх зүйн чадамжгүй бол өвлөх эрхийн гэрчилгээг хууль ёсны төлөөлөгч болон асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь олгож, энэ тухай тусгайлан тэмдэглэл үйлдэнэ гэсэн заалт байгаа. Энэ заалтын дагуу А.Номинжаргалын төрсөн эх Ш.Нандинчимэгт өвлөх эрхийн гэрчилгээг 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр олгосон ба Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/350 тоот захирамжаар талийгаач С.Алтансүхийн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон байсан.

Одоо Баянзүрх дүүргийн Газрын алба маргаж буй газар нь төрийн өмч учир хэнд эзэмшүүлэхээ шийдэх эрхтэй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасныг хэрэглэх боломжтой. Нэгэнт захирамжаар С.Алтансүхийн газар эзэмших эрх нь хүчингүй болсон учир өв залгамжлах эрхийн гэрчилгээ үйлчлэхгүй болсон гэж үзэж байна. Дээрх нөхцөлүүдээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, өмгөөлөгч Ш.Отгонбаяр шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай нөхөр С.Алтансүхийн нэр дээр байсан газрыг миний бие Ш.Нандинчимэг өвлөх эрх нээлгэж хүлээн авсантай холбоотой нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай асуудал шийдэгдэх гэж байгаа тул миний бие тус маргаанд гуравдагч этгээдийн байр сууринаас оролцож эрхээ хамгаалуулах хүсэлтэй байна. Дээрх газартай холбоотой маргаан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд миний нэхэмжлэлтэй үүссэн байсныг түдгэлзүүлсэн бөгөөд тухайн нотариатын үйлдэлтэй холбоотой хууль ёсны дагуу гомдлын шаардлага гаргах эрх Л.Тт байхгүй гэж үзэж байна.

Тухайн үед өвлөгч 5 настай байсан. Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт зааснаар 7 нас хүрээгүй этгээд нь иргэний эрх зүйн чадамжгүй юм. Мөн Газрын тухай хуульд зааснаар 18 насанд хүрээгүй этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхгүй байгаа. Тийм учраас тухайн нотариатын үйлдлийг Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.5 дахь хэсэгт зааснаар өвлөгч нь насанд хүрээгүй бол түүний эцэг эх өвлөх эрхийн гэрчилгээг нээлгэнэ гэсний дагуу хууль ёсны дагуу явуулсан. Он дарааллын хувьд тухайн гэрчилгээ хүчин төгөлдөр байхад өвийг нээлгэсэн. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дахь хэсэгт өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ гэж заасан байдаг. Өвлөгч нь 5 настай хүүхэд байсан тул түүний асран хамгаалагчийн нэр дээр өвлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгсөн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн гишүүний гаргасан шийдвэр хүчин төгөлдөр биш. Энэ шийдвэрийн агуулгыг харахад хууль ёсны өвлөгч биш этгээдэд өвлөх эрхийн гэрчилгээ гаргасан байна гэсэн шийдвэр гаргасан. Хууль ёсны өвлөгч эрх зүйн чадамжгүй бол эцэг эхэд нь гаргана гэсэн заалтыг анзаараагүй байсан. А.Номинжаргал гэдэг охин нь С.Алтансүхийн хууль ёсны өвлөгч. Нотариатын тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа бол нэхэмжлэгч тал энэ байдлыг нотлох үүрэгтэй. Хариуцагч тал хуулийн дагуу нотариатын үйлдэл хийсэн гэдгээ нотолж байгаа гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 520 дугаар зүйлийн 520.1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Г.Хд холбогдох нотариатын үйлдэл болон 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 198 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай нэхэмжлэгч Л.Тын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Тын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Хариуцагч  Г.Хгийн хийсэн нотариатын үйлдэл буюу 198 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ Ш.Нандинчимэгт олгогдсоноор нэхэмжпэгч Л.Т нь Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Хангамжийн АОС-13 тоот хаягт байршилтай, 400 м.кв газрыг эзэмших эрхээ сэргээлгэх боломжгүй болж, энэ талаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр Захиргааны хэргийн шүүхэд маргаан үүсгэсэн гэдэг нь хэрэгт авагдсан нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1/8221 дүгээр “Лавлагаа авах тухай” албан бичиг, тус шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” шүүгчийн захирамж зэрэг баримтуудаар нотлогдоно.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Л.Тын эрхзүйн байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасантай нийцнэ. Иймд дээр дурдсан нөхцөл, байдлуудыг харгалзан, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв. 

            Нэхэмжлэгч Л.Т нь хариуцагч Г.Хд холбогдуулан Нотриатын үйлдэл болон 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 198 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Нэхэмжлэгч Л.Т нь 2010 оноос хойш амьдарч байгаа Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, хуучнаар Хангамжийн АОС-13 тоот буюу одоогийн 2б хэсэг, Төмөр замын 131 тоот хаягт байршилтай газрын эзэмших эрхийг өвлөх эрхийн гэрчилгээг Ш.Нандинчимэгт олгосон нотариатын үйлдлийн улмаас газар эзэмших эрхээ баталгаажуулах боломжгүй болсон гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан байна.

            Нэхэмжлэгч Л.Т нь дээрх хаяг бүхий газарт 2010 оноос оршин амьдарч байгаа гэх боловч уг газрыг эрх бүхий этгээдийн шийдвэрээр хууль ёсоор эзэмших эрхтэй болохоо баримтаар нотлоогүй байна.

Харин нэхэмжлэлд дурдсан газрыг Баянзүрх дүүргийн 2008 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 276 дугаар захирамжийг үндэслэн мөн оны 9 дүгээр сарын 10-ны өдөр олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр С.Алтансүх эзэмшиж байсан ба газар эзэмших эрхийг түүнд 15 жилийн хугацаатай олгожээ.

С.Алтансүх нь 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нас барсан ба шүүхийн шийдвэрээр түүнийг Ш.Нандинчимэгтэй хамтын амьдралтай байсныг тогтоосон тул С.Алтансүх, Ш.Нандинчимэг нарын дундаас төрсөн А.Номинжаргал нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т зааснаар С.Алтансүхийн хууль ёсны өв залгамжлагч болно.

А.Номинчимэг нь 5 настай, иргэний эрх зүйн чадамжгүй тул түүний хууль ёсны төлөөлөгч буюу эхийнх нь хүсэлтээр нотариатч газар эзэмших эрхийг өвлүүлэхээр өвлөх эрхийн гэрчилгээг Ш.Нандинчимэгийн нэр дээр бичиж олгосон нь Л.Тын эрхийг зөрчихгүй.

Учир нь, Л.Тыг хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр, хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр газрыг эзэмшиж буй хууль ёсны эзэмшигч буюу шаардах эрх бүхий этгээд гэж үзэх Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй байна.

Иймд Ш.Нандинчимэгийг уг газрын эзэмших эрхийг өвлөх эрхтэй гэж үзэж гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

Тодруулбал, нотариатын үйлдлийн улмаас Л.Тын газар эзэмшихтэй холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх боломжгүй, уг үйлдлийг таслан зогсоосноор түүний эрх сэргэх, зөрчихөөс өмнөх байдал бий болох нөхцөл нэхэмжлэгчийн хувьд бүрдээгүй тул шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв болно.

Харин шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн эрхийг тодорхойлоогүй Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 520 дугаар зүйлийн 520.1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалтыг баримталсан нь буруу, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг зөвтгөн мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасан үндэслэлгүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/02518 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 520 дугаар зүлийн 520.1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт” гэснийг “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь хэсэгт” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД                                           Ш.ОЮУНХАНД

А.ОТГОНЦЭЦЭГ