Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 744

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

улсын яллагч О.Пүрэвсүрэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.Болормаа, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт /ШТЭД-1697/,

шүүгдэгч М.А , түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар /ШТЭД-0009/,

гэрч Л.Б , Ч.О , Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор О.Пүрэвсүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.А т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 03730 0000 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 3 дугаар сарын 22-ны өдөр С   аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, тоног төхөөрөмжийн оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Баруун турууны oooo тоотод оршин суух, урьд

 С   аймгийн Сум дундын Шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 74 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулсныг 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн,

Д  овогт М-ын А  /РД:00000000/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч М.А  нь 2018 оны 8 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “В ” баарны гадна иргэн Ч.О ыг бусадтай маргалдлаа гэж түлхсэн болгоомжгүй үйлдлийн улмаас Б.Г давхардан унаж, түүний биед гавал тархины битүү гэмтэл учруулан амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /1хх,21-24/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх,57-83/, хохирогч О.Б-ийн мэдүүлэг /1хх,89-96/, гэрч Х.Ж-ийн мэдүүлэг /1хх,100-103/, гэрч Г.Д-ийн мэдүүлэг /1хх,104-105/, насанд хүрээгүй гэрч Б.М-ийн мэдүүлэг /1хх,106/, гэрч Б.М-ийн мэдүүлэг /1хх,112-113, 2хх,172-175/, гэрч Л.Б ийн мэдүүлэг /1хх,119-120, 2хх,170-171/, гэрч Б.Б-ын мэдүүлэг /1хх,126-128, 2хх,166-169/, гэрч Ч.О ын мэдүүлэг /1хх,133-134, 2хх,176-177/, гэрч Х.Г-ний мэдүүлэг /1хх,162-164/, гэрч Б.Ж-ны мэдүүлэг /1хх,166-167/, гэрч Д.Я-ын мэдүүлэг /2хх,158-160/, гэрч А.И-ийн мэдүүлэг /2хх,161-163/, гэрч Г.Э-ын мэдүүлэг /2хх,164-165/, гэрч Б.Б-ын мэдүүлэг /2хх,178/, гэрч Б.Ч-ийн мэдүүлэг /2хх,179/, гэрч Д.Б-ны мэдүүлэг /2хх, 180/, цогцост хийсэн Шүүх эмнэлгийн шинжилгээ №1784 /1хх, 168-171/, Шинжээч эмч Ч.Эрдэмболорын мэдүүлэг /1хх,172-175/, М.А ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх,235-240, 2хх,121-125, 181-184/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч /давхцаагүй байдлаар/: таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх, 34-37/, хохирлын баримт /1хх, 42-48/, хариуцлагын гэрээ /1хх, 53-56/,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч /давцаагүй байдлаар/: хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай тогтоол /1хх,1/, гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлсэнтэй холбоотой /1хх, 9, 11, 13, 14, 18, 20/, дүрсний бичлэгээр таньж олуулах ажиллагаа /1хх, 31/, эд зүйл хураан авсан ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай санал /1хх, 38/, хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол /1хх, 39/, мөрдөгчийн санал, прокурорын даалгавар, илтгэх хуудас /1хх, 84-86/, гэрч Х.Ж-ийн мэдүүлэг /1хх, 103/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1хх, 107-111/, гэрч Б.Б-ний мэдүүлэг /1хх, 114-116/, гэрч Ч.О ын мэдүүлэг /1хх, 137-139, 140-141/, гэрч Б.Х , Д.М , М.А , С.Б нарын мэдүүлэг /1хх,144-152/, шинжээчийн дүгнэлт №6542 /1хх, 198-199/, шинжээч Ц.Алдарын мэдүүлэг /1хх, 206-207/, яллагдагчаар татсан тогтоол /1хх, 231/,    

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх хүсэлт гаргаагүй болно.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс дүгнэлтэндээ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг, мөн уг камерын бичлэгийг татан томруулсан бичлэгийг нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг дараах үндэслэлээр хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.  

Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон талуудын тайлбараар цагдаагийн ахлах дэслэгч А.И, хэргийн оролцогч М.А  нарын хамтаар хэрэг учрал болсон гэх газрын ойролцоох авто зогсоолын хяналтын камерт ач холбогдол бүхий бичлэг буусан байгааг олж үзсэн, улмаар шүүгдэгч М.А  нь гэрч нарын хамт камерын бичлэгийг флаш дискэнд /эд мөрийн баримтаар хураагдан ирсэн/ хуулбарлан авч мөрдөгчид хүлээлгэн өгч, хэрэгт хавсаргасан нь тогтоогдож байна.

Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хяналтын камерын бичлэгийг хураан авч бэхжүүлсэн байдлыг тодруулах, мөрдөн шалгах ажиллагаа нь хуульд нийцэж байгаа эсэхийг тодруулах зорилгоор нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан бөгөөд уг ажиллагааны хүрээнд камерын бичлэгийг хэрхэн хэрэгт бэхжүүлсэн ажиллагаа тодорхой болгон шүүхэд шилжүүлжээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... яллагдагч... гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг мөрдөгч хүлээн авч, тэмдэглэл үйлдэн хавтаст хэрэгт тусгаж хавсаргана...”, мөн зүйлийн 7 дах хэсэгт “Энэ зүйлд заасны дагуу гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг ..., шүүх хуралдаанд шинжлэн судлуулах эрхтэй” гэж заасны дагуу оролцогч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн нөхцөл байдлыг харуулсан хяналтын камерын бичлэгийг шүүх хуралдаанд дуудагдсан гэрчүүдийг оролцуулан шинжлэн судлуулсан болно.

 Мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно”, 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж заасны дагуу хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэгийг үндсэн эх сурвалжаас нь хэргийн оролцогч нар хуулбарлан авч, улмаар мөрдөгч хэрэгт бэхжүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан байх тул нотлох баримтыг хууль зөрчин цуглуулж, бэхжүүлсэн гэх үндэслэлгүй байна.    

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч М.А ыг цагаатгасан шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

  1. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх57-83/

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б-ийн “...02 цагийн үед талийгаач маань хамт ажилладаг Б , зүс таних нэг залуутай шал согтуу орж ирсэн. Тэгээд орж ирээд орон дээр хэвтээд унтаад өгсөн. Хамт орж ирсэн хоёр залуу нь ч гэсэн талийгаачийг оруулж өгөөд гараад явсан. Тэгээд маргааш нь би 06 цагийн үед босоод талийгаачийг хартал духан дээр нь аймар том хавдсан байсан. Тэгэхээр нь би хүнд л цохиулчихсан юм болов уу гэж бодсон. Талийгаач маань тэр өглөө “би ажилдаа явж чадахгүй, бие өвдөөд байна гэсэн. Тэгээд орой нь 21 цагийн үед би ажлаа тараад гэртээ иртэл талийгаачийн царай нь цонхийгоод цайчихсан, духан дахь хавдар нь улам томорч хавдаад хөхөрчихсөн байхаар нь аяга шөл хийж өгөөд, наад дух чинь яачихсан юм бэ, зодоон цохион хийсэн юм уу, хэнд зодуулчихсан юм гэсэн чинь юм дуугарч чадахгүй байгаад байсан. Тэгэхээр нь би 103 дуудаж үзүүлье гэсэн чинь хэрэггүй ээ, гайгүй байхаа гээд байхаар нь тэр шөнөө түргэн дуудаагүй, тэгээд маргааш өглөө нь буюу 8 сарын 08-ны өглөө би ажилдаа босоод явсан. Тэгээд ажил дээрээ байж байгаад 8 цагийн үед охин Д руу утсаар яриад “аав чинь яаж байна, гайгүй юу гэсэн чинь бие нь өвдөөд байна гэхээр нь тэгвэл миний охин шууд 103 дуудаад үзүүлчих гэсэн, охин маань 103-луу дуудлага өгсөн байсан. Түргэн тусламжийн эмч хүрч ирээд талийгаачийг эмнэлэг рүү аваад явсан байсан. Би ажлаасаа чөлөө аваад 16 цагийн үед Гэмтлийн эмнэлэг дээр очиход гавал, тархины тасагт хэвтсэн байсан бөгөөд эмчтэй нь уулзсан чинь хагалгаанд орох чадваргүй байна, зураг авсан байгаа, хариу нь гарч байж шийднэ гэсэн. Тэгээд 8 сарын 10-ны өдөр нас барсан...Талийгаач хүнтэй хэрэлдэж маргалдаж зодолдсон гэж яриагүй ээ. Маргааш нь ч гэсэн хүнд зодуулсан цохиулсан гэж яриагүй ба би шартаад байна ажилдаа явж чадахгүй нь чи ажилдаа яв гэж хэлж байсан...”  гэх мэдүүлэг /1хх89-96/,

5. Гэрч Х.Ж-ийн “...Би ажил дээрээ хоноод 8 сарын 07-ны өглөө ажлаасаа буух гэж байхад Б , Б  хоёр ажил дээрээ ирчихсэн байсан. Тэр хоёр надад “Г ах архи уухаараа унаж татдаг юм байна ш дээ, бид нар өчигдөр мэддэггүй, аймар их айлаа ш дээ” гэхээр нь тухайн үедээ нээх юм бодоогүй, энэ хэд урд шөнө нилээн ууж дээ гэж бодсон...” гэх мэдүүлэг /1хх100-103/,

6. Насанд хүрээгүй гэрч Б.М-ийн “...Одоо бодоод байхад Г ах бид хоёртой харьцах ямар ч чадваргүй байсан юм байна даа гэж бодоод байна. Д  бид хоёр Г ахыг “зодуулсандаа биш, архи уугаад шартаад ёолоод байгаа юм болов уу гэж бодоод байсан юм. Д ааваасаа хэнд зодуулсан талаар асуухад ямар нэгэн хариулт хэлэхгүй “аанхаа мммхан” толгой дохиод байсан юм. Хүнтэй ярилцах чадваргүй байсан байна лээ. Г ах орон дээр хэвтээд ёолоод, хүнтэй харьцах, ярих ямар ч чадваргүй байсан...” гэх мэдүүлэг /1хх106/

7. Гэрч Б.Б-ний “...2018 оны 08 дугаар сарын 06-ны орой 19 цаг 30 минутын үед ажлаа тарсан юм. ...манай ажлын цалин буусан байсан юм. Тэгээд С   хүнсний зах орж АТМ-аас мөнгө авахаар явсан юм. Тэгээд С   зах орох гэж явахад Б , Г , Б  бид 4 явсан юм. Тэгээд АТМ-аас мөнгө аваад бид 4 ярилцаад С   захын хажууд байдаг Т  караокед орж нэг шил 0.75 литрийн Вива нэртэй архи хүний нэг нэг пиво авсан юм. Тэгээд Т д ороод байж байхад О  утсаар залгаад С   явлаа гэж хэлээд суулгаад өгчих 2 шуудай хэвэг авч явах гэж байна гэхээр нь би хүрээд ир гэж хэлсэн юм. Тэгээд караокед сууж байсан чинь О  орж ирсэн юм. Лавлахаас Сэлэнгийн вагон хэдээс хөдлөх талаар асуухад хоцорсон байсан. Тэгээд маргааш явахаар болоод хамт архи уусан. Архи уугаад сууж байхад ажлын газрын ах А  залгаад хаана байна яваад очий гэж хэлсэн. Тэгээд А  ахыг ирэхээр нь дахиад 0.75 литрийн архи хүний нэг шилтэй пиво уусан. Тэндээ ууж байгаад 22 цагийн үед Т  караокенээс гараад Хархорин захын ард байдаг В  нэртэй бааранд орсон. Бааранд Б , Г , Б , А , О  бид 6 хамт орсон юм. Би бааранд ороод нилээн муудсан байсан болохоор бааранд дөнгөж ороод тасарчихсан байсан. Тэгээд нэг ухаан ороход А  ах намайг явъя гэж хэлээд сэрээсэн. Тэгээд баарнаас гараад Б , Г , Б , А , О  бид 6 хамт нэг таксинд суугаад явсан. Г ахын гэрийг хайгаад явж байхад би гайгүй болоод Г ахын гэрийг олоод Г ахын  хамаатны залуу гарч ирээд Г г өргөж  гэрт нь оруулсан. Б  бид 2 хамт гэрт нь ороход эхнэр нь мөнгө төгрөг нь хаана байна гэж асуусан. Гэртээ эхнэр нь ганцаараа байсан. Би Г ахын халааснаас утас, виза зарт бэлэн мөнгийг авч өгсөн. ...Г нь хөл дээрээ зогсож чадахгүй байсан. Тэгээд Б  хөлнөөс нь Г г өргөөд би цээжнээс нь өргөөд хажуугаас нь О  хамжиж өргөөд таксинд суулгаад явсан...” гэх мэдүүлэг /1хх112-113/

“...Хяналтын камерын бичлэгийг анх хэрэг Сонгинохайрхан дүүргийн цагдаа дээр шалгагдаж байхдаа бичлэгийг хуулбарлаж авах гэж байхдаа үзсэн. Манай компаний захирал Г гийн хүү Э  уг бичлэгийг флаш дискэн дээр хуулбарлаж авсан юм аа. Намайг байлцуулан камерын бичлэгт үзлэг хийхэд надад үзүүлсэн бичлэг анх бичлэг хуулбарлаж авч байхад миний үзсэн хяналтын камерын бичлэг мөн байсан. Би энэ яриад байгаа 2 залууг огт хараагүй ээ. Ямар хүмүүс байсныг ч мэдэхгүй байна. А  ах л надад хэлэхдээ 2 залуутай О  маргалдах гээд байсан гэж хэлж байсан. Энэ яриад байгаа 2 залуутай маргалдаж зодолдож цохилцсон зүйл байхгүй. Хэрвээ зодолдож цохилцсон бол зодоон болсон талаар надад хэлэх байсан...", “...Хяналтын камерын бичлэгийг үзлээ. Бичлэгт гарч байгаа В  баарны үүдний хэсэгт байх 4 залуугийн голд зогсож байгаа 2 хүний цаад талд нь зогсож байгаа хүн бол А  байна. Харин уг залуугийн захад сууж байгаа хүн бол Ч.О  байна. Харин цаад талаас нь алхан ирж байгаа богино ханцуйтай цагаан өнгийн цамц өмссөн хүн бол талийгаач Г.Г байна. Мөн талийгаач Г.Г ахын хажууд сууж байсан хүн бол Л.Б  байна. Бусад хүмүүсийг танихгүй хүмүүс байна. Мөн бичлэгээс үзэхэд М.А  ах Ч.О  болон талийгаач Г.Г 2-ыг цохиод газар унагаж байгаа юм шиг харагдаж байна. Ингээд Ч.О  газар унаад босч ирээд сууж байна. Харин М.А  талийгаач Г.Г рүү алхаж очоод дээш нь өргөж байгаа юм шиг харагдаж байна. Б ийн тухайд ямар нэгэн үйл хөдлөл хийхгүй зүгээр л сууж байна...” гэх мэдүүлэг /2хх,172-175/

8. Гэрч Л.Б ийн “...Би талийгаачийг яагаад газар унасныг мэдэхгүй байна. Баарны гадна тамхи татаж зогсож байгаад нэг харсан чинь л талийгаач газар уначихсан байсан.  Талийгаач тухайн үед дээшээ харчихсан хэвтэж байсан. Би гар хөл нь ямар байрлалтай байсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг   /1хх119-120/

“...Хяналтын камерын бичлэгийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байхад Я байцаагч надад үзүүлсэн. Миний хувьд бичлэгт бичигдсэн байсан зүйлийн талаар ерөнхийд нь мэдэж байна. Уг бичлэгт бичигдсэнээс В  баарны үүдний хэсэгт зогсож байгаа 4 хүний захад хашлаган дээр сууж байгаа хүн бол О  байна. Харин голд нь зогсож байсан 2 хүний цаад талд нь зогсож байгаа хүн бол А  ах байна. Харин наад талд нь зогсож байгаа 2 хүнийг танихгүй юм байна. Уг 4 хүний цаад талд байгаа хашлага дээр сууж байгаа хүмүүсийн хамгийн наад талын захад сууж байгаа хүн бол би байна. Миний хажууд зогсож байгаад наад талд зогсож байгаа 4 хүн рүү чиглээд явж байгаа цагаан өнгийн ханцуйгүй фудволк өмссөн хүн бол талийгаач Г ах байна. Мөн бичлэгийг үзэхэд А  ах л О ыг түлхэж унагаж байгаа юм шиг харагдаж байна. О  унахдаа талийгаачтай хамт унаж байгаа харагдаж байна. О ын тухайд газар уначихаад босч ирээд хашлаган дээр сууж байна. Харин А  ах талийгаач Г г өргөж босгох гэж байгаа мэт хөдөлгөөн хийж байгаа бичлэг байна. Урьд нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр үзсэн бичлэг мөн байна. Мөн А , О , талийгаач болон өөрийгөө байна гэдгийг ерөнхий биеийн хэлбэрээр нь таньж байна...” гэх мэдүүлэг /2хх170-171/

9. Гэрч Б.Б-ын “...22 цаг өнгөрөөгөөд паабаасаа гараад бид 6 Хар хорин захын замын хойд талд байдаг В  гэдэг нэртэй бааранд 23 цаг дөхүүлээд орцгоосон. Тэнд ороод дахиж нэмж 1 шил архи хүний тоогоор пиво авцгаасан. Тэр архинаас А , С , Г 3 ууцгаасан. Би тэр үед бүжиглэж дуусаад гарсан чинь манайхан гадаа бүгд явцгаая гээд байж байсан. Тэгээд тэр баарнаас 24 цаг өнгөрөөгөөд намайг баарнаас гарсан чинь манайханы нэг явъя гэх шиг болсон тэгээд В  баарны гаднаас такси бариад Г ахыг хүргэж өгөх гээд Сонгинохайрхан дүүргийн 0-р хороо Орбитын 0000 тоот хаяганд очтол хамаатныхан дүү гэх залуу гарч ирээд Г ахыг өргөөд аваад орсон Б  бид 2 дагаад орсон чинь эхнэр нь яасын юу болсын гэж асуухаар нь бид нар уугаад Г ах тасарчихлаа гэтэл мөнгө төгрөг нь хаана байгаан гэхээр нь халаасанд байгаа гээд Б  халааснаас нь мөнгийг нь гаргаад ирээд эхнэрт нь тоолж өгсөн...” гэх мэдүүлэг /1хх126-128/

...Энэ хэрэгтэй холбоотой бичлэгийг үзсэн. Гэхдээ яг бүрэн эхээр нь үзээгүй. Гэхдээ бичлэгийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр Я билүү И бил үү санахгүй байна энэ 2 байцаагчийн нэг нь бид нарт бичлэгийг үзүүлсэн. ...А  ах надад хэлэхдээ нөгөө камерын бичлэгийг флаш дискэнд хуулаад авчихсан гэж хэлж байсан. Миний сая үзсэн хяналтын камерын бичлэг бид нарын анх Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байхдаа үзсэн бичлэг мөн байна. Мөн уг бичлэг анх бичлэг хайж явж байгаад В  баарны урд талын авто зогсоолын камерыг шүүж үзэхэд үзсэн бичлэг мөн байна. ...Уг бичлэгийг үзэхэд В  баарны үүдний наад хэсэгт зогсож байгаа 4 хүний голд нь зогсож байгаа 2 хүний цаад талд нь зогсож байгаа эрэгтэй бол М.А  ах байна. Харин уг хүмүүсийн наад талд хашлагыг бөгсөөрөө түшиж сууж байгаа хүн бол Ч.О  байна. Харин хамт зогсож байгаа 2 хүнийг  танихгүй юм байна. Мөн уг хүмүүсийн цаад талд зогсож байгаа хүмүүс дундаас наашаа алхан ирж байгаа цагаан өнгийн ханцуйгүй цамц өмссөн хүн бол талийгаач Г.Г ах байна. Энэ бичлэг дээр өөр таних хүн байхгүй байна.

Мөн бичлэгийг үзэхэд А  ах Ч.О ыг хүнтэй маргалдаж байхад нь дундуур нь орж Ч.О ыг салгангаа цааш нь түлхэж байна. Ч.О ыг цааш түлхэж унагахад талийгаач мөн адил газар унаж байгаа юм шиг харагдаж байна. Ингээд Ч.О  газар уначихаад дээшээ босч ирээд хашлаган дээр сууж байна. Харин А  ах талийгаачийг босгон гэж дээрээс нь өргөж байгаа юм шиг харагдаж байна. Талийгаачийн тухайд наашаа алхаад ирж байгааг нь хараад таньж байна. Ч.О ын тухайд араас нь хараад таньж байна. М.А  ахын тухайд бичлэгээс харахад танигдаж байна. Мөн Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр Я билүү И билүү энэ 2 байцаагчийн нэгтэй нь бичлэг үзэхэд А  ах саяны миний А  ах гэж таньсан хүнийг өөрийгөө гэж зааж, хэлж байсан...” гэх мэдүүлэг /2хх166-170/

10. Гэрч  Ч.О ын “...Намайг баарны 00-д бие засах үед үл таних хоёр залуу хажуугаар гарахдаа мөрлөөд “писда минь зам таглаад зогсчих юм зайлаач” гэсэн дараа нь тамих татаад баарны гадаа үүдэнд зогсож байтал нөгөө хоёр залуу “юугаа муухай хараад байгаа юм” гэхээр нь уур хүрээд тэр хоёр залуутай бага зэрэг маргалдсан. Тэгсэн А  ах хүрч ирээд намайг салгасан. Би гэхдээ тэр хоёр залуутай зодоон цохион хийгээгүй. Тэгээд тэр хоёр залуутай баарны урд талд маргалдаад байж байтал араас талийгаач хүрч ирээд “миний хүүхдүүд больцгоо, яах гээд хэрэлдээд байгаа юм бэ” гээд хүрээд ирсэн, энэ үед надтай маргалдаад байсан залуу намайг түлхсэн, би унахдаа талийгаачийг дараад унасан...” гэх мэдүүлэг /1хх133-134/

“...Би хяналтын камерын бичлэгийг үзлээ. Уг бичлэгт бичигдсэнээр В  баарны үүдэнд хашлаганы хажууд зогсож байгаа хашлага талын захад зогсож байгаа хүн бол би байна. Мөн уг хүмүүсийг голд зогсож байгаа 2 хүний цаад талын захад нь зогсож байгаа хүн бол А  ах байна. Харин наад талд нь зогсож байгаа 2 хүнийг танихгүй юм байна. Мөн уг 4 хүний цаад талд хашлага дээр сууж байгаа хүмүүсийн хамгийн наад талд нь сууж байгаа хүн бол бид нартай хамт явсан хүмүүсийн нэг байна. Яг хэн нь гэдгийг танихгүй байна. Мөн уг танигдахгүй байгаа хүний хажууд зогсож байгаад наашаа алхаад А  ах бид 2 руу ирж байгаа цагаан өнгийн ханцуйгүй босоо захтай фудболк шиг хувцас өмссөн хүн бол талийгаач Г.Г ах байна. Би өөрийгөө болон М.А , талийгаач Г.Г ахыг дүрсийг нь хараад таньж байна. Энэ хүмүүсийн хийж байгаа үйлдэл сайн харагдахгүй байна. Мөн би талийгаач Г.Г ахын хамт газар унаж байна. Яг хэн унагаад байгааг мэдэхгүй байна. Гэхдээ бичлэгийг хараад байхад А  ахын баруун гар нь хөдлөөд байгаа юм шиг харагдаж байна. Миний хувьд газар уначхаад босч ирээд хашлаган дээр сууж байна. А  ах талийгаачийг босгож байгаа үйлдэл хийж байгаа бичлэг байна...” гэх мэдүүлэг /2хх176-177/

11. Гэрч Х.Г-ний “...Намайг талийгаачийг харахад газар бөгсөөрөө суучихсан толгой нь урагшаагаа тонгойчихсон байдалтай харагдсан ба талийгаач ямар нэгэн хөдөлгөөн хийх болон яриа өгүүлэл гаргахгүй яг л архи их уугаад согтоод тасарчихсан хүн шиг харагдаж байсан. ...Гадаа бол харанхуй байсан учраас анзаарч харж чадаагүй. Харин талийгаачийг гэрт нь оруулж орон дээр нь хэвтүүлэхэд нүүр болон толгойд нь учирсан ил харагдах гэмтэл шарх гэх зүйл байгаагүй ээ...” гэх мэдүүлэг /1хх162-164/

12. Гэрч Б.Ж-ны “...Миний бие чөлөөт уран бүтээлчээр ажилладаг, гэхдээ би албан байгууллагад харъяалагддаггүй учраас би өөрөө хяналтын камерын бичлэгээс та бүхэнд хэрэгтэй гэсэн бичлэгийн дүрсийг тасдаж томруулж өгөхөд татгалзах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1хх166-167/

13. Гэрч А.И-ийн /тухайн үед хэрэг бүртгэх тасгийн мөрдөгчөөр ажиллаж байсан/ “...Энэ хэргийн хяналтын камерын бичлэгийг миний бие 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр шалгаж Бест баарны үүд рүү харсан авто зогсоолын мөнгө хураадаг цэгт байрлах хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд бичлэг байсан юм. Тухайн үед хяналтын камерын бичлэгийг хуулж авах гэсэн боловч хуулж авч чадаагүй юм. Надтай тухайн үед энэ хэрэгт шалгагдаж буй хүмүүс хамт явж байсан. Миний бие бичлэгийг хуулбарлаж авч чадахгүй байсан учраас өөрийнхөө гар утсан дээр бичлэг устчихаж магадгүй гэж бодоод бичлэгээс хэрэгт ач холбогдолтой гэсэн хэсэг буюу нэг хэдэн залуучууд зогсож байгаад нэг залуугаа цохих шиг болж байгаа бичлэгийг бичиж авч байсан юм. ...Тиймээ энэ хэргийг шалгаж байсан мөрдөгч Д.Я намайг дээрх нэр дурдагдсан хүмүүстэй хамт яваад хяналтын камерын бичлэг байна уу байвал үзэж хараад ирээч гэж хэлэхээр нь би дээрх хүмүүстэй хамт явсан юм...” гэх мэдүүлэг /2хх,161-163/

14. Гэрч Г.Э  “...Тиймээ уг флаш диск миний бичлэг хуулбарлаж өгөөд явуулсан улаан өнгөтэй флаш диск мөн байна...” гэх мэдүүлэг /2хх,164-165/

15. Цогцост хийсэн Шүүх эмнэлгийн шинжилгээний №0000 дугаар дүгнэлтэд: “Талийгаач Б.Г н цогцост гавал тархины битүү гэмтэл, гавлын баруун, зүүн зулай, дагзны заадаснаас урагш зулайн голын заадсаар салж дух яс баруун ухархайн дотор хэсэг, зүүн ухархайн гадна хэсэг хүрч салбарлан төгссөн хугарал, хатуу хальсны доорх цусан хураа, тархины хоёр тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн урд хэсэг, духны дэлбэнг хамарсан аалзан хальсан доорх цус харвалт, хоёр талын духны дэлбэнгийн эдийн няцрал, зүүн чамархайн дэлбэнгийн эдийн гүн дэх цусан хураа, толгойн хуйхан доорх цус хуралт, дух, хоёр нүдний зовхи, хацар цээж, баруун шуу, сарвуу, зүүн сарвуу, ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүдээс гавал тархины битүү, гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар гэмтлийн Хүнд зэрэгт, толгойн хуйхан доорх болон дух, хоёр нүдний зовхи, хацар, баруун шуу, сарвууны цус хуралт нь 2.4.1-д зааснаар гэмтлийн Хөнгөн зэрэгт хамаарна. Харин биеийн бусад хэсгийн цус хуралт нь тус тусдаа 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. Шинжээч эмч Ч.Эрдэмболор /1хх168-171/.

16. Шинжээч Ч.Эрдэмболорын “...Толгойгоороо газар савж унахад гавал тархины битүү гэмтэл учирна. Талийгаачид учирсан гэмтлүүдээс үзэхэд толгойн дагз хэсгээрээ газар унасны улмаас энэ гэмтэл учирсан байна.  Гараараа цохиход үүсэх боломжтой. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас үүснэ. Мөн 2 нүдний зовхинд учирсан цус хуралт бүхий гэмтэл нь тархины битүү гэмтэл нь доош нүүр лүүгээ хаван маягтай буухаар 2 нүдний зовхинд цус хуралт болох боломжтой....”,  “...Тархиндаа гэмтэл аваад хатуу хальсан доорхи зайд цус хурч цус хуралтын хэмжээ нэмэгдсээр тархийг дарж гэмтлийн шинж тэмдэг олох хүртэлх хугацаанд хүн амьд байж идэвхтэй хөдөлгөөн хийх боломжтой. Энэ хугацаа хүн бүрт харилцан адилгүй байдаг учраас амьд явах хугацааг нарийвчилж тогтоох боломжгүй. Амь хохирогчийн биед учирсан гавал тархины гэмтлээс харахад толгойн дагз хэсгээрээ савж унаснаас үүссэн гэмтэл байна. Түүнээс биш хүн дамжилж явж байгаад газарт унагах болон нүүрээр нь газар унагааснаас болж уг гэмтэл үүсэх боломжгүй. Талийгаачийн гэмтлээс үзэхэд гавлын ясны том хугаралтай, тархи няцрал ихтэй байсныг үзэхэд уг гэмтэл буюу гавал тархины гэмтэл учирсан дариуд ухаан алдах, комийн байдалд орсноос идэвхтэй үйлдэл хийх боломжгүй. Хяналтын камерын бичлэгээс харахад 01:18:08 минутанд амь хохирогч газар унахдаа гавал тархины гэмтлийг авснаас болж талийгаач ухаангүй болж өөрийгөө удирдах идэвхтэй хөдөлгөөн хийх боломжгүй болсон байна. Харин амь хохирогчийг хүмүүс дамжилж явж байгаад газар унагааж байгааг харахад гавал тархины гэмтэл үүсэх боломжгүй...”   гэх мэдүүлэг /1хх172-173,174-175/

17. М.А ын яллагдагчаар өгсөн “...би хэсэг байж байгаад араас нь гарч ирээд О , Б , Б , талийгаач Г нар дээр очоод тамхи татаж байтал үл таних 2 залуу О  дээр хүрч ирээд маргалдаад байхаар нь би дундуур нь явж ороод маргалдахаа боль гэж хэлээд зогсож байтал нөгөө 2 залуугийн өндөр нь О ын цамцнаас нь татаж чангааж байгаад түлхээд газар унагаачихсан юм. О ыг газар унахад талийгаач Г О ыг ард зогсож байгаад дарагдаад газар уначихсан юм. Тэгэхээр нь би талийгаач Г г босгож ирээд бөгсөөр нь газар суулгасан чинь О  босч ирээд нөгөө 2 залуу руу дайраад байхаар нь О ыг араас нь бариад татсан чинь дахиад газар уначихсан юм. Ингээд би талийгаач Г дээр очоод сэргээж босгох гэсэн боловч гараа хөдөлгөөд юм ярихгүй байхаар нь би талийгаачийг сэргээх гэж хацар руу нь 2,3 удаа зөөлөн алгадсан юм. Энэ үед О  ирээд талийгаачийг өргөж босгох гэхээр нь би О ын толгой руу чамаас болж маргаан боллоо гэж хэлээд алгадсан чинь цаашаа явчихсан юм. ...Талийгаач биеийнхээ аль хэсгээр яаж унасныг нь би хараагүй ээ. Харин намайг талийгаачийг босгох гээд очиход талийгаач дээшээ хараад хэвтчихсэн байсан ба ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй байсан. Тэгэхээр нь би дээш нь өндийлгөөд суулгасан юмаа...” гэх мэдүүлэг /1хх235-240/ “...Энэ флаш диск бид нарын бичлэг хуулж аваачиж өгсөн улаан өнгөтэй флаш диск мөн байна...” гэх мэдүүлэг /2хх181-184/

Хэргийн нөхцөл байдлын талаар тогтоогдсон үйл баримтын тухайд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд, дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

            Нэг. Амь хохирогч Б.Г , шүүгдэгч М.А , гэрч Б.Б , Л.Б , Ч.О , Б.Б нар нь бие, биенээ таньдаг нэг газар ажиллаж байсан хүмүүс байх бөгөөд хэрэг учрал болсон 2018 оны 8 дугаар сарын 06-ны орой хамтдаа “Т ” нэртэй караоке болон “В ” нэртэй баар орж архи, согтууруулах ундааны зүйл уусан болох нь тогтоогдож байна.

            Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан камерын бичлэг болон хэрэг учрал болоход байсан гэрчүүдийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээс дүгнэн үзэхэд камерын бичлэгт 2018 оны 8 сарын 07-ны өдрийн 01 цаг 16 минутын үед Ч.О  нь “В ” баарны гадаа 2 залуутай маргалдаж буй гэх, улмаар шүүгдэгч М.А  дундуур нь орж маргааныг болиулж байгаа гэх, мөн Ч.О  түүнтэй маргалдаж буй 2 хүний хамтаар сууж байсан газраас бага зэрэг холдон ярилцаж байгаа, мөн 01 цаг 17 минут 55 секундээс 18 минут 00 секундын хооронд амь хохирогч Б.Г сууж байсан газраасаа шүүгдэгч М.А , гэрч Ч.О  нарын 4 хүн дээр ирж байгаа нөхцөл байдал тогтоогдож байна.

            Тодруулбал: Гэрч Ч.О ын “...нөгөө хоёр залуу “юугаа муухай хараад байгаа юм” гэхээр нь уур хүрээд тэр хоёр залуутай бага зэрэг маргалдсан. Тэгсэн А  ах хүрч ирээд намайг салгасан. Би гэхдээ тэр хоёр залуутай зодоон, цохион хийгээгүй. Тэгээд тэр хоёр залуутай баарны урд талд маргалдаад байж байтал араас талийгаач хүрч ирээд “миний хүүхдүүд больцгоо, яах гээд маргалдаад байгаа юм бэ” гээд хүрээд ирсэн...” гэх мэдүүлэг, Л.Б ийн “...Миний хажууд зогсож байгаад наад талд зогсож байгаа 4 хүн рүү чиглээд явж байгаа цагаан өнгийн ханцуйгүй фудволк өмссөн хүн бол талийгаач Г ах байна...” гэх мэдүүлэг, гэрч Б.Б-ын “...уг бичлэгийг үзэхэд “В ” баарны үүдний наад хэсэгт зогсож байгаа 4 хүний голд нь зогсож байгаа 2 хүний цаад талд нь зогсож байгаа эрэгтэй бол М.А  ах байна. Харин уг хүмүүсийн наад талд хашлагыг бөгсөөрөө түшиж сууж байгаа хүн бол Ч.О  байна. Харин хамт зогсож байгаа 2 хүнийг  танихгүй юм байна. Мөн уг хүмүүсийн цаад талд зогсож байгаа хүмүүс дундаас наашаа алхан ирж байгаа цагаан өнгийн ханцуйгүй цамц өмссөн хүн бол талийгаач Г.Г ах байна...” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. Энэхүү үйл баримттай талууд маргаагүйг дурдах нь зүйтэй.

            Гурав. 2018 оны 8 сарын 07-ны өдрийн 01 цаг 18 минут 07 секундэд шүүгдэгч М.А  Ч.О ыг түлхсэн, улмаар Ч.О  унахдаа амь хохирогч Б.Г г түлхэн давхарлан унасан нь гэрчүүдийн мэдүүлэг, камерын бичлэгээр тус тус тогтоогдож байна.

            Тодруулбал: Улсын яллагчаас хэргийн үйл баримтыг “...шүүгдэгч М.А  нь ...иргэн Ч.О ыг бусадтай маргалдлаа гэж түлхсэн болгоомжгүй үйлдлийн улмаас Б.Г давхардан унаж, түүний биед гавал тархины битүү гэмтэл учруулан амь насыг хохироосон...” гэсэн нь хэргийн үйл баримтыг зөв тогтоосон үндэслэл бүхий гэж дүгнэлээ.

            Учир нь: Гэрч Ч.О ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...бид нар хоорондоо муудалцсан зүйл байхгүй, харин намайг танихгүй 2 залуутай маргалдсан маргааныг болиулах гээд М.А  ах миний цээжний зүүн хэсэг рүү түлхэхэд би ойчсон юм...” гэх мэдүүлэг, гэрч Б.Б-ын “...бичлэгийг үзэхэд А  ах Ч.О ыг хүнтэй маргалдаж байхад нь дундуур нь орж Ч.О ыг салгангаа цааш нь түлхэж байна. Ч.О ыг цааш түлхэж унагахад талийгаач мөн адил газар унаж байгаа юм шиг харагдаж байна...” гэх мэдүүлэг болон камерын бичлэгээс тухайн гэрч нарын хэлж буй хүнийг шүүгдэгч М.А  нь өөрийгөө мөн гэж мэдүүлсэн зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.

            Харин шүүгдэгч М.А , түүний өмгөөлөгчийн “үл таних 2 залуугийн нэг нь Ч.О ыг түлхэж унагаасан, шүүгдэгчийн хувьд амь хохирогч болон Ч.О ыг түлхээгүй” гэх тайлбар нь хяналтын камерын бичлэг, гэрч Ч.О ын мэдүүлэг, дээр дурдсан бусад гэрч нарын мэдүүлгээр тус тус няцаагдаж байна.

            Иймд улсын яллагчийн үл таних 2 залуу тухайн нөхцөл байдалд Ч.О  болон амь хохирогч Б.Г тэй харилцан үйлчлэл үзүүлээгүй зайтай зогсож байгаа, М.А ын түлхсэн үйлдлийн улмаас Ч.О  унасан, улмаар ард нь амь хохирогч Б.Г давхардан унасан гэх тайлбар холбогдох баримтуудаар тогтоогдож байна.

            Хэдийгээр шүүгдэгч М.А  Ч.О ыг би түлээгүй гэж тайлбарлаж байгаа боловч түүний яллагдагчаар өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “...үл таних 2 залуу О  дээр хүрч ирээд маргалдаад байхаар нь би дундуур нь явж ороод маргалдахаа боль гэж хэлээд зогсож байсан, ...О ыг газар унахад талийгаач Г О ын ард зогсож байгаад дарагдаад газар уначихсан юм. Тэгэхээр нь би талийгаач Г г босгож ирээд бөгсөөр нь газар суулгасан чинь О  босч ирээд нөгөө 2 залуу руу дайраад байхаар нь О ыг араас нь бариад татсан чинь дахиад газар уначихсан юм. Ингээд би талийгаач Г дээр очоод сэргээж босгох гэсэн боловч гараа хөдөлгөөд юм ярихгүй байхаар нь би талийгаачийг сэргээх гэж хацар руу нь 2, 3 удаа зөөлөн алгадсан юм. Энэ үед О  ирээд талийгаачийг өргөж босгох гэхээр нь би О ын толгой руу чамаас болж маргаан боллоо гэж хэлээд алгадсан чинь цаашаа явчихсан юм...” гэх мэдүүлэг, тайлбар нь хяналтын камерын бичлэг дэх нөхцөл байдалтай тохирч байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

            Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 зүйлийн 2 дахь хэсэгт “...яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй”, 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж тус тус заасан ба шүүгдэгч М.А ын дээр дурдсан нөхцөл байдал нь бодит байдалтай нийцэж байгаа тул нотлох баримтаар тооцогдох үндэслэлтэй юм.

            Дөрөв. Ч.О ыг унахад амь хохирогч Б.Г давхардан унасаны улмаас буюу унахдаа гавал тархины битүү гэмтэл авч, уг гэмтлээс шалтгаалан нас барсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.

            Энэ нь шинжээч эмч Ч.Эрдэмболорын “...Толгойгоороо газар савж унахад гавал тархины битүү гэмтэл учирна. Талийгаачид учирсан гэмтлүүдээс үзэхэд толгойн дагз хэсгээрээ газар унасны улмаас энэ гэмтэл учирсан байна. Тархиндаа гэмтэл аваад хатуу хальсан доорхи зайд цус хурч цус хуралтын хэмжээ нэмэгдсээр тархийг дарж гэмтлийн шинж тэмдэг олох хүртэлх хугацаанд хүн амьд байж идэвхтэй хөдөлгөөн хийх боломжтой. Энэ хугацаа хүн бүрт харилцан адилгүй байдаг учраас амьд явах хугацааг нарийвчилж тогтоох боломжгүй. Түүнээс биш хүн дамжилж явж байгаад газарт унагах болон нүүрээр нь газар унагааснаас болж уг гэмтэл үүсэх боломжгүй. Талийгаачийн гэмтлээс үзэхэд гавлын ясны том хугаралтай, тархи няцрал ихтэй байсныг үзэхэд уг гэмтэл буюу гавал тархины гэмтэл учирсан дариуд ухаан алдах, комийн байдалд орсноос идэвхтэй үйлдэл хийх боломжгүй...” гэх мэдүүлэг нь амь хохирогчийн нас барах хүртлээ байсан нөхцөл байдал, хэргийн үйл баримттай тохирч байгаа тул үндэслэл бүхий мэдүүлэг гэж үзлээ.

            Тав. Хэргийн нөхцөл байдлын хувьд амь хохирогч, шүүгдэгч, гэрч нар нь бүгд архи, согтууруулах ундааны зүйл тухайн үед уусан байсан, амь хохирогчийг газарт унасаны дараа сэргээх гэсэн үйлдэл хийж байгаа, гэрт нь хүргэн өгч байгаа зэргээс нь дүгнэн үзэхэд амь хохирогч Б.Г г унасан даруйдаа хүнд гэмтэл авсан талаар шүүгдэгч, гэрч нар болон гэр бүлийнх нь мэдээгүй, түүнийг архи уугаад согтоод сэргэхгүй байна гэсэн ойлголттой байсан гэж үзэхээр байна.

            Энэ нь гэрч Х.Г-ний “...талийгаач ямар нэгэн хөдөлгөөн хийх болон яриа өгүүлэл гаргахгүй яг л архи их уугаад согтоод тасарчихсан хүн шиг харагдаж байсан...” гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б-ийн “...02 цагийн үед талийгаач маань хамт ажилладаг Б , зүс таних нэг залуутай шал согтуу орж ирсэн. Тэгээд орж ирээд орон дээр хэвтээд унтаад өгсөн. Талийгаач маань тэр өглөө “би ажилдаа явж чадахгүй, бие өвдөөд байна гэсэн...” гэх мэдүүлэг, холбогдох бусад гэрчүүдийн мэдүүлэг, хяналтын камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэгт энэхүү нөхцөл байдал тусгагджээ.

Шүүгдэгчийг гэм буруугүйд тооцсон хууль зүйн үндэслэлийн тухайд:

            Улсын яллагчаас шүүгдэгч М.А ыг Эрүүгийг хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугийн болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон гэж дүгнэжээ.

            Гэмт хэрэг мөн эсэхийг тодорхойлоход гэмт хэрэг үйлдсэн этгээдийн уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа буюу үйлдлээ ухамсарласан эсэх, хүсэл зориг, санаа сэдэл нь ямар байснаас хамаарч гэм буруугийн санаатай болон болгоомжгүй аль хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн эсэхийг эргэлзээгүйгээр тогтоосон байхыг шаарддаг.

            Өөрөөр хэлбэл үйл явдлын гадаад шинж байдлын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, ашиг сонирхол зөрчигдсөн мэт боловч гэмт хэрэг үйлдсэн этгээдийн дотоод сэтгэхүйн хувьд хуульд заасан гэм буруугийн шинж байхгүй бол гэмт хэрэгт тооцдоггүй.

            Иймд шүүгдэгчийн үйлдлээ ухамсарласан байдал болох гэмт хэргийн дотоод талыг түүний илрэн гарах үйлдлийн шинж байдалд дүн шинжилгээ хийх замаар тогтоох нь зүйтэй юм.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

            Тодруулбал: Хуульд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг нэгдүгээрт:  гэмт хэрэг үйлдсэн этгээд нь 1) өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан байх, 2) тухайн үйлдлийнхээ улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн буюу оюун санааны хувьд тооцоолсон байх, 3) уг хохирол, хор уршигийг гаргахгүй байж чадна гэж ухамсрын түвшинд тооцсон буюу өөрийн үйлдэлд итгэсэн /хөнгөмсгөөр найдсан/ шинжтэйгээр үйлдсэн бол болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх,   

            Хоёрдугаарт: гэмт хэрэг үйлдсэн этгээд нь мэдэх ёстой, мэдэх боломжтой зүйлээ мэдэлгүйгээр үйлдсэн буюу 1) өөрийн үйлдийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилсан мэдэх ёстой буюу үүрэг хүлээсэн эсвэл тусгай мэдлэг, чадвартай байх үүргээ хангалттай биелүүлээгүйгээс хохирол хор уршиг учирсан бол, 2) өөрийн үйлдийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой буюу ердийн өдөр тутмын амьдралын туршлагын явцад хүн болгоны тооцоолж, мэдэх боломжтой анхаарал, болгоомжтой байх үүргээ хангалтгүй биелүүлсэн, хэт хайхрамжгүй үйлдэл гаргасан шинжтэй байвал болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр тус тус зохицуулжээ.    

Шүүгдэгч М.А ын хувьд Ч.О ыг бусадтай /үл таних 2 залуутай/ маргалдаж буй байдлыг дундуур нь орж болиулах, зогсоох үйлдэл хийж байсан, улмаар маргааныг таслах зорилгоор Ч.О ыг түлхсэн, уг үйлдлийн улмаас Ч.О  унахдаа Б.Г тэй давхарлан унасан, улмаар шүүгдэгч нь амь хохирогч Б.Г г унасан даруйд шууд босгохоор очиж байгаа үйл баримт тогтоогдсон.

Энэхүү нөхцөл байдал нь дээр дурдсан болгоомжгүй гэмт хэргийн шинжтэй эсэхэд дүгнэн үзвэл:

Нэгдүгээрт: Шүүгдэгч М.А  нь бусдыг түлхэж буй үйлдэл нь маргаан гаргахгүй байлгах үүднээс хийж буй үйлдэл бөгөөд тухайн үйлдлийн улмаас цаад талд нь зогсож буй хүнд хохирол учирна гэж ухамсарлах боломжгүй гэж үзлээ. Мөн уг үйлдлийн улмаас Ч.О  арагш унахыг оюун санааны хувьд урьдаас тооцоолон мэдэж, түүнд болон ард талд нь ойролцоо зогсож байсан хүнд хохирол учруулахгүй байж чадна гэсэн дотоод итгэлээр үйлдэлдээ хандсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Хоёрдугаарт: Шүүгдэгчийн Ч.О ыг түлхсэн үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан гэж үзэх боломжгүй байна. Учир нь шүүгдэгч М.А ын хувьд өөрийн үйлдлийн улмаас хохирол учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байх үүрэг хүлээсэн эсвэл тусгай мэдлэгтэй этгээд биш тул энэ шинжид хамаарахгүй юм.

Мөн амь хохирогч Б.Г нь маргаанд огт оролцоогүй бөгөөд цаад талд нь сууж байгаад 01 цаг 18 минут 00 секундэд М.А , Ч.О  нарын 4 хүний хажууд ирж зогссон, 01 цаг 18 минут 07 секундэд М.А , Ч.О ыг түлхэн унагахад давхардан унасан үйл баримт тогтоогдсон. Өөрөөр хэлбэл дээрх хугацаа, нөхцөл байдалд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн улмаас түлхүүлсэн хүнд бус түүний ойролцоо зогсож буй хүнд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан гэж үзэх үндэслэл хэргийн нөхцөл байдлын хувьд тогтоогдсонгүй гэж дүгнэлээ.

Тиймээс шүүгдэгчийг энэхүү нөхцөл байдлыг сэтгэхүйн хувьд урьдчилан мэдэх боломжтой байхад анхаарал, болгоомжгүй /хэт хайхрамжгүй/ хандсаны улмаас хохирол учруулсан гэж үзэх боломжгүй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ” гэж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг ... шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ.

            Шүүгдэгч М.А ын хувьд Ч.О ыг бусадтай маргалдаж буй байдлыг зогсоох, зодоон үүсэхээс сэргийлэх зорилготой үйлдэл хийсэн Ч.О ыг түлхэхэд Б.Г гийн амь насыг хохироох үр дагавар үүсэхийг тухайн нөхцөл байдалд урамсарлах боломжгүй, хохирол учрахыг урьдчилан мэдэх боломжгүй байсан нь тогтоогдож байх тул шүүгдэгч М.А ыг гэм буруугүйгээр хор уршиг учруулсан гэж дүгнэлээ.

            Өөрөөр хэлбэл дээр дурдсан үйл явдлын улмаас хүний амь нас хохирсон байх боловч шүүгдэгчийн үйлдэл, тухайн үйлдэлдээ хандаж буй сэтгэхүй нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрт хамаарахгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжгүй гэж үзнэ.

            Иймээс шүүгдэгч М.А ыг Эрүүгийн хуульд заасан хохирол, хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзэх үндэслэлтэй тул түүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй байна.

Шүүх шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжгүйгээс түүнийг цагаатгасан бол нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих” гэж заасны дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б-ийн гаргасан иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэйг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.А  нь энэ гэмт хэргийн улмаас 56 хоног цагдах хоригдсон байх бөгөөд түүнд холбогдох үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж цагаатгасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад зааснаар өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэйг, холбогдох нэхэмжлэлийг мөн хуулийн 45.8 дугаар зүйлд заасан журмын дагуу өөрийн оршин суугаа газрын иргэний хэргийн шүүхэд гаргаж, хохирлоо нөхөн төлүүлэх боломжтойг дурдах нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 4 ширхэг сиди, 1 ширхэг флаш дискийг хэрэгт хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5, 6 дах хэсэг, 36.6, 36.9 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.А т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М.А ыг цагаатгасугай.

2. Шүүгдэгч М.А т урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б-ийн гаргасан иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхиж, иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

4. Шүүгдэгч М.А  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлд заасан журмын дагуу өөрт учирсан хохирлыг оршин суугаа газрын иргэний хэргийн шүүхэд хандан нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 4 ширхэг сиди, 1 ширхэг флаш дискийг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

6. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Цагаатгах тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.МӨНХБААТАР