Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 939

 

 

 

 

 

 

2019           9            17                                              2019/ДШМ/939

 

М.Ат холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Н.Батсайхан, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Пүрэвсүрэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Болормаа, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,

цагаатгагдсан этгээд М.А, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 2019/ШЦТ/744 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор О.Пүрэвсүрэнгийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 21 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэл, хохирогч О.Болормаа, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарын давж заалдах гомдлуудыг хүлээн авч, М.Ат холбогдох 1808 03730 1311 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Д овгийн Мын А, 1988 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, тоног төхөөрөмжийн оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../,

урьд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан.

М.А нь 2018 оны 8 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вест” баарны гадна иргэн Ч.Отгонсаруулыг бусадтай маргалдлаа гэж түлхсэн болгоомжгүй үйлдлийн улмаас Б.Ган-Өлзий давхардан унаж, түүний биед гавал тархины битүү гэмтэл учруулан амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: М.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.Ат холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М.Аыг цагаатгаж, шүүгдэгч М.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Болормаагийн гаргасан иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхиж, иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж, шүүгдэгч М.А нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлд заасан журмын дагуу өөрт учирсан хохирлыг оршин суугаа газрын иргэний хэргийн шүүхэд хандан нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 4 ширхэг сиди, 1 ширхэг флаш дискийг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор О.Пүрэвсүрэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан хохирогч О.Болормаа, гэрч Х.Жаргалмаа, гэрч Г.Дүүрэнзаяа, гэрч Б.Базарваань, гэрч Л.Болорсүх, гэрч Б.Баасанбат, гэрч Ч.Отгонсаруул, нарын мэдүүлэг, цогцост хийсэн Шүүх эмнэлгийн шинжээчийн №1784 дугаартай дүгнэлт, шинжээч Ч.Эрдэмболорын мэдүүлэг, хяналтын камерын бичлэг зэргээр М.Аын Ч.Отгонсаруул руу халдаж байгаа санаатай үйлдлийн улмаас Б.Ган-Өлзий нь газарт унаж, түүний биед гавал тархины битүү гэмтэл учирснаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай тогтоогдсон байна гэж үзэж байна. Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, санаа зорилгыг тогтоогоогүй талаар шүүгч цагаатгасан тогтоолд дурдсан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд гэмт хэрэг үйлдэх сэдэлт, санаа зорилгыг тогтоох талаар эрүүгийн хуульд тусгаагүй болно. Шүүхээс хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хяналтын камерын бичлэгээс дүгнэж үзэхэд М.Аын тухайн үйлдэлдээ хандаж буй сэтгэхүй нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрт хамаарахгүй гэж гэмт хэрэг үйлдсэн этгээдийн сэтгэхүйд шүүхээс дүгнэлт хийх хууль зүйн ойлголт байхгүй тул М.Ат холбогдох хэргийг үндэслэлгүйгээр цагаатгасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлж өгнө үү...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Болормаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс М.Ат оногдуулсан ял нь ил тодорхой байхад цагаатгах шийдвэр гаргасанд маш их гомдолтой байна. Хяналтын камерын бичлэг дээрх дүрс бичлэгийг давж заалдах шатны шүүх сайтар хянаж үзнэ үү. Энэ хүмүүс биднийг үл тоон нэг ч удаа утсаар яриагүй, анхан шатны шүүх хуралдаан дээр над руу харж инээж байсан. Тэдгээр хүмүүст энэрэх сэтгэл гэж огт алга. Үнэрлэх үр, ханьсах ханьтай л хүмүүс байх. Маш их гомдолтой байна. Хэргийг сайтар хянаж оновчтой шийдвэр гаргаж өгнө үү...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Болормаагийн өмгөөлөгч Н.Намжилцогт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт гаргаж, гэмт этгээдэд ял завших боломж олгож байна. Мөн нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдоогүй, эргэлзээтэй байхад шийдвэр гаргасан. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруу нь уг этгээдийн хүсэл зориг, санаа сэдэл, үйлдлээ хэрхэн ухамсарласан эсэхээс хамаардаг. Гэтэл шүүгдэгч М.А нь мөрдөн байцаалтын шатанд ч мөн шүүхийн хэлэлцүүлгийн үед ч “Би Ч.Отгонсаруулыг огт түлхээгүй” гэж мэдүүлсээр байтал анхан шатны шүүх нь “шүүгдэгч М.А нь бусдыг түлхсэний улмаас цаад талд нь зогсож байгаа хүнд хохирол учирна гэдгийг ухамсарлах боломжгүй байсан” гэж нотлох баримтад үндэслээгүй, шүүгдэгчийн сэтгэл зүйд үндэслээгүй хийсвэр дүгнэлт гаргасан. Мөн анхан шатны шүүх нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн. Шүүх бодит байдлын талаар буруу дүгнэлт өгсөн. Мөн Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч С.Чулуунбаатар тус шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь үндэслэл бүхий, хэргийг тал бүрээс нь хуулийн хүрээнд хэлэлцэж, нотлох баримтад түшиглэсэн шийдвэр байсан. Прокурорын эсэргүүцэл нь ойлгомжгүй шүүхийн шийдвэрийн яг аль хэсэг нь хууль бус гэж үзэж байгаагаа тодорхойлж дурдсан зүйлгүй байна. Эсэргүүцэл бүхэлдээ хэргийн материал дахь оролцогч нарын мэдүүлгийг хуулаад бичсэн байна. Зарим мэдүүлэг, камерын бичлэгт хийсэн үзлэг, тэмдэглэл зэргийг холиод бичсэн зэрэг ойлгомжгүй зүйлүүд харагдаж байна. Мөн хэргийг хэрэгсэхгүй болгуулах байр суурьтай оролцсон шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн хувьд шүүхийн шийдвэрийг маш сайн ойлгож байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд М.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна. Би амь хохирогчийг цохиогүй, Ч.Отгонсаруулыг түлхээгүй. Би зодоон хийлгэхгүй гээд дундуур нь орж салгасан. Ч.Отгонсаруулыг танихгүй залуу түлхэхэд амь хохирогчтой давхралдаж унасан. Би амь хохирогчийг татаж босгосон. Нийслэлийн байцаагч танихгүй хоёр залууг олоод ир гэж хэлж байсан. Хэрэв би хүн түлхээд, цохиод алсан бол камерын бичлэгийг устах гэж байсан өдөр нь очиж авахгүй. Өөрийгөө гэм буруугүй гэдгээ нотлуулах зорилгоор өгсөн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл болон давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Прокуророос М.Аыг 2018 оны 8 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вест” баарны гадна иргэн Ч.Отгонсаруулыг бусадтай маргалдлаа гэж түлхсэн болгоомжгүй үйлдлийн улмаас Б.Ган-Өлзий давхардан унаж, түүний биед гавал тархины битүү гэмтэл учруулан амь насыг хохироосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх хэлэлцээд “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М.Аыг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Иймд “цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх” тухай прокурорын эсэргүүцэл, хохирогч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь, анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн М.Аын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй, гэм буруугүйгээр хохирол, хор уршиг учруулсан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгасан нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

М.А нь Ч.Отгонсаруулыг бусадтай маргалдаж байгааг зогсоох, түүнийг бусадтай зодолдохоос сэргийлэхийн тулд бусадтай заамдалцсан байдалтай зогсож байхад нь тэднийг салгах зорилгоор Ч.Отгонсаруулыг түлхсэний улмаас Ч.Отгонсаруул нь хохирогч Б.Ган-Өлзийтэй хамт унаж, үүний улмаас Б.Ган-Өлзий гэмтсэн, улмаар амь нас нь хохирсон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

Энэ тохиолдолд амь хохирогч Б.Ган-Өлзийд гэмтэл учруулах зорилготой үйлдэл хийгээгүй М.Ат гэм буруу байхгүй байна. Амь хохирогч Б.Ган-Өлзийгийн гэмтэл нь Ч.Отгонсаруулыг түлхсэн М.Аын үйлдэлтэй шалтгаант холбоотой байх боловч энэ нь маргаан гаргахгүй, зодоон болох үйл баримтыг таслан зогсоох зорилгоор хийгдсэн, М.Аын түлхсэн үйлдэл нь Б.Ган-Өлзий болон Ч.Отгонсаруул нарын хэн алинд хор уршиг учруулахыг хүсээгүй, тэднийг унаж хохирол, хор уршиг учрах нөхцөл байдлын нөлөөллийг урьдчилан мэдэх, тооцох боломж байгаагүй байдлуудыг үндэслэн хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай талаас нь бүрэн дүгнэж хэргийн нөхцөл байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн байх бөгөөд тухайн нөхцөл байдалд М.А нь ямар бодол санаа, зорилгоор Ч.Отгонсаруулыг түлхсэн, түүний үйлдлийн улмаас амь хохирогч Б.Ган-Өлзийн биед гэмтэл учирсан нөхцөл байдлыг гэм буруугүйгээр хор хохирол учруулсан гэж үзсэнийг буруутгах боломжгүй юм.

Анхан шатны шүүх М.Аын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Болормаагийн иргэний нэхэмжлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хэлцэлгүй орхиж, мөн хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсан нь зөв болжээ.

Иймд улсын яллагчийн эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 2019/ШЦТ/744 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор О.Пүрэвсүрэнгийн бичсэн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 21 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Болормаа болон түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
  2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                 ШҮҮГЧ                                                               Н.БАТСАЙХАН

 

                    ШҮҮГЧ                                                               Ц.ОЧ