Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 299

 

 

 

 

 

 

 

 

       2020        03          27                                    299      

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Б.Бат-Эрдэнэ, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Энхболд,

шүүгдэгч: Б.А, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн /0929/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А холбогдох эрүүгийн 2005 0062 30312 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа уурхайд ажилладаг, сард 1 200 000 төгрөгийн цалинтай, ам бүл 3, эмээ, 8 настай охины хамт А.

Шүүгдэгч Б.А нь 2020 оны 01 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “World wine” барилгын гадна зогсоолд иргэн Л.Бын эзэмшлийн 80-84 УАГ улсын дугаартай, “Лексус 250” загварын автомашиныг жолоодон хүргэж, иргэн Л.Бын эзэмшлийн монетон гинжийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч нийт 1 402 500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.А мэдүүлэхдээ:

Прокурорын уншиж сонсгосон яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би ажлынхаа хажуугаар дуудлагын жолоочийн ажил хийдэг юм. Хохирогчийн гинжийг буцааж өгсөн. Мөн ломбардын хохирлыг барагдуулсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Л.Б мэдүүлэхдээ:

2020 оны 01 дүгээр сарын 26-ны шөнө “Эргэн дурсахуй” гэх бааранд найз Болд, түүний эхнэр Хишгээ нарын хамт орж үйлчлүүлсэн. Эхлээд манай найз Болд гэр рүүгээ 01 цагийн үед “хүүхэд дуудаад байна” гээд яваад өгсөн. Тэгээд Хишгээ бид хоёр хэсэг бүжиглэж байгаад 02 цагийн үед “Эргэн дурсахуй” баарнаас гарсан. Тэгээд би согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учраас өөрийн 80-84 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тухайн баарны гадна байсан дуудлагын жолоочийг хөлсөлж, бариулсан. Эхлээд найз Хишгээг Барилгачдын талбайн хойно байрлах “Макс товер” гэх барилга дээр буулгасан. Хишгээ надад тухайн дуудлагын жолоочийн хөлс болох 20 000 төгрөгийг өгсөн. Би дуудлагын жолоочид харих замдаа хөлсийг нь төлсөн. Тэгээд хэсэг унтсан байсан. Өглөө 06 цагийн үед машин дотроо сэрсэн. Машиныг маань манай гэрийн ойролцоо байрлах “World wine” барилгын зогсоол дээр байрлуулсан байсан. Би сэрээд өөрийн эд зүйлээ бүртгэхэд миний эд зүйлүүдээс миний хүзүүнд байсан гинж байхгүй болсон байсан. Бусад эд зүйлүүд болох гар утас, хэтэвч, цаг, бөгж байсан. Хамгийн сүүлд “Эргэн дурсахуй” бааранд үйлчлүүлж байхад миний хүзүүнд гинж байсан. Миний тээврийн хэрэгслийг барьсан дуудлагын жолоочийг сэжиглэж байна. Би “World wine” барилгын зогсоол руу харсан хяналтын камерийг шүүж үзэхэд тухайн дуудлагын жолооч машинаас буугаад алхаж байхдаа гарнаас гарт утас, эд зүйл дамжуулж байгаа бичигдсэн байсан.

Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэжээ. (хэргийн 12-15, 82-83 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч-Г.У мэдүүлэхдээ:

Би “Начин заан” ХХК-д тусгай активын ахлах ажилтан албан тушаалтай. 2003047292 дугаартай гэрээ нь 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Батмөнх овогтой Анхбаяр нь 14.8 граммтай, 585 сорьцтой хүзүүний өргөн, цагирган хэлбэртэй монетон гинж 900 000 төгрөгөөр “Начин заан” ломбардын Соло маллын салбарт зээлийн ахлах мэргэжилтэн Д.Өнөрцэцэгт үйлчлүүлж тухайн гэрээг Б.А байгуулсан байсан. “Начин заан” ХХК нь Батмөнх овогтой Анхбаяр гэх хүнтэй зээлийн гэрээ байгуулж, 900 000 төгрөг зээлсэн. Тухайн зээлийн гэрээ нь сарын 4 хувийн хүүтэй гэрээ тул 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртлэх хүү 17 760 төгрөг, нийт 917 760 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ. (хэргийн 45-46 дугаар хуудас)

 

“Начин заан” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 02/03/136 дугаар албан бичигт:

Тус хэлтэст шалгагдаж байгаа эрүүгийн 200500643 дугаартай хэргийн холбогдогч иргэн нь “Начин заан” ХХК-ийн нэхэмжилсэн 917 760 төгрөгийг бүрэн барагдуулсан. Иймд манай байгууллага нь тус хэрэгтэй холбоотой хохиролгүй болсон гэжээ. (хэргийн 68 дугаар хуудас)

 

Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд:

"Монетон гинж 1 402 500 төгрөгөөр үнэлэв” гэжээ. (хэргийн 48-49 дүгээр хуудас)

 

Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Эргэн дурсахуй" шөнийн цэнгээний газрын камерын бичлэгт 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэлд:

1. 2020 оны 01  дүгээр сарын 26-ны шөнө 01 цаг 56 минут 33 секундэд иргэн Л.Б нь үл таних эмэгтэйн хамт “Эргэн дурсахуй” баарнаас гарч явж буйг харуулав.

2. 2020 оны 01  дүгээр сарын 26-ны шөнө 01 цаг 57 минут 50 секундэд иргэн Л.Б нь үл таних эмэгтэйн хамт “Эргэн дурсахуй” баарнаас гарч машин дээрээ очиж буй гэрэл зургийг харуулав.

3. 2020 оны 01 дүгээр сарын 26-ны шөнө 02 цаг 00 минут 05 секундэд иргэн Л.Б нь алхаж явж буй гэрэл зургийг харуулав.

4. 2020 оны 01 дүгээр сарын 26-ны шөнө 02 цаг 11 минут 11 секундэд иргэн Л.Б нь машин дээрээ очиж буй гэрэл зургийг харуулав.

5. 2020 оны 01 дүгээр сарын 26-ны шөнө 02 цаг 11 секундэд иргэн Л.Б нь дуудлагын жолоочоор тээврийн хэрэгслээ бариулах гэж буй гэрэл зургийг харуулав.

6. 2020 оны 01 дүгээр сарын 26-ны шөнө 02 цаг 11 минут 11 секундэд иргэн Л.Бын тээврийн хэрэгсэл хөдлөөд явж буй гэрэл зургийг харуулав.

 

2 дахь хэсгийн бичлэгт:

1. 2020 оны 01 дүгээр сарын 26-ны шөнө 01 цаг 51 минут 15 секундэд иргэн Л.Б нь хүзүүндээ шаргал өнгөтэй гинжтэй явж буй гэрэл зэргийг харуулав.

2. 2020 оны 01 дүгээр сарын 26-ны шөнө 01 цаг 56 минут 22 секундэд иргэн Л.Б нь хүзүүндээ шаргал өнгөтэй гинжтэй явж буй гэрэл зургийг харуулав гэжээ. (хэргийн 18-22 дугаар хуудас)

 

Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Начин заан" барьцаалан зээлдүүлэх газрын хяналтын камерын бичлэгт 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэлд:

1. 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 17 цаг 40 минутанд Б.А гэх этгээд нь гартаа гинж барьсан байдалтай зогсож буй гэрэл зургийг харуулав.

2. 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 17 цаг 42 минут 46 секундэд Б.А гэх этгээд нь “Начин заан” ломбардын 2 гэсэн дугаартай хэсэгт үйлчлүүлж буй гэрэл зургийг харуулав.

3. 2020 оны 01  дүгээр сарын 26-ны өдөр 17 цаг 51 минут 26 секундэд Б.А гэх этгээд “Начин заан” ломбардын 2 дугаартай хэсэгт үйлчлүүлээд босож буй гэрэл зургийг харуулав.

 

2 дахь хэсгийн САМ1 гэсэн бичиглэлтэй бичлэгт:

1. 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 17 цаг 40 минут 00 секундэд Б.А гэх этгээд нь гартаа гинж барьсан байдалтай зогсож буй гэрэл зургийг харуулав.

2. 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 17 цаг 41 минут 26 секундэд Б.А гэх этгээдийн зогсож буйг гэрэл зургаар харуулав.

 

3 дахь хэсгийн САМ9 гэсэн бичлэгт:

1. 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 17 цаг 41 минут 59 секундэд Б.А гэх этгээд нь Начин заан ломбардын 2 гэсэн бичиглэлтэй хэсэгт үйлчлүүлж буй гэрэл зургийг харуулав.

2. 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 17 цаг 43 минут 09 секундэд Б.А гэх этгээд нь Начин заан ломбардын 2 гэсэн бичиглэлтэй хэсэгт үйлчлүүлж буй гэрэл зургийг харуулав.

3. 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 17 цаг 51 минут 20 секундэд Б.А гэх этгээд нь Начин заан ломбардын 2 гэсэн бичиглэлтэй хэсгийн теллэрээс мөнгө авч буй гэрэл зургийг харуулав гэжээ. (хэргийн 29-33 дугаар хуудас)

 

2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд:

Хохирогч Л.Баас уг гинж нь миний гинж мөн байна. Би тухайн гинжээ 1 жил гаруй хугацаанд зүүж байгаа учраас таньж байна гэснээр “Начин заан” ХХК-ийн барьцаат зээлийн гэрээ 2003047292 дугаартай гэрээнд тусгагдсан 14.8 граммтай 585 сорьцтой хүзүүний өргөн цагирган хэлхээтэй, шар өнгөтэй монетан гинжийг хүлээлгэн өгөв гэжээ. (хэргийн 41 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Б.А ял шийтгүүлж байгаагүй гэжээ. (хэргийн 64 дүгээр хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

  Шүүгдэгч Б.А нь 2020 оны 01 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “World wine” барилгын гадна зогсоолд хохирогч Л.Быг согтуу байхад нь түүний эзэмшлийн 80-84 УАГ улсын дугаартай, “Лексус 250” загварын автомашиныг жолоодон хүргэж өгөхдөө хохирогч Л.Бын эзэмшлийн 14.8 граммтай, 585 сорьцтой монетон гинжийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч, 1 402 500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Л.Б, иргэний нэхэмжлэгч Г.У нарын мэдүүлэг, “Начин заан” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 02/03/136 дугаартай албан бичиг, хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Эргэн дурсахуй" шөнийн цэнгээний газрын камерын бичлэгт 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "World wine" барилгын авто зогсоол руу харсан хяналтын камерын бичлэгт 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Начин заан" барьцаалан зээлдүүлэх газрын хяналтын камерын бичлэгт 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, “Начин заан” ХХК-ийн барьцаат зээлийн гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

            Шүүгдэгчид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгажээ. 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Ат холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Хохирогч Л.Б нь “хулгайд алдсан монетон гинжээ буцаан хүлээн авсан гомдол саналгүй”,

иргэний нэхэмжлэгч “Начин заан ломбард Б.Ааас 917 760 төгрөгийг бүрэн хүлээн авсан. Иймд манай байгууллага нь хохиролгүй болсон” гэж тус тус мэдүүлсэн тул шүүгдэгч Б.Аыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хулгай хийсэн монетон гинжийг хохирогчид биет байдлаар нь буцаан өгч хохиролгүй болгосон, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүх шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан си ди бичлэг 1 ширхэгийг хэрэгт хавсарган хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдлаа. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч  А бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Аыг 560 /таван зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.А 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч Б.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан си ди бичлэг 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалсугай. 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ат хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН