Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 740

 

 

 

 

 

                        

  2020             6              9                                          2020/ДШМ/740

 

 

Б.Б, Б.Б нарт  холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Бадрал,

шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Ш.Оюумаа,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 328 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор М.Очбадрахын бичсэн 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 27 дугаартай прокурорын эсэргүүцлээр Б.Б, Б.Б нарт  холбогдох 1902007950386 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Жанцан овгийн Б-ын Б, 1994 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эхнэр, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... хотхоны ... дүгээр байрны ... тоотод оршин суух, /РД:........................../,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 700 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар шийтгүүлж, 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, 192.2 дахь хэсэгт тус тус зааснаар нийт 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн;

 

Бууч овгийн Баавгайн Б, 1989 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцаа, дипломатч мэргэжилтэй, “Мунчулуу” ХХК-д менежер ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжны ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, ... хотхоны ... дүгээр байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:................../;

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рома таун” хотхонд үйл ажиллагаа явуулдаг “Хинт” лоунжид Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Э.Цалигуунд өгсөн,

мөн 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Б.Бэд өгсөн,

шүүгдэгч Б.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 30-ны шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 29 дүгээр байрны орчим байрлуулсан өөрийн эзэмшлийн 68-06 УНИ улсын дугаартай, “Тоёота марк икс” загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий гялгар уутны хамт нийт 0.3816 грамм /0.0179 грамм шавар, 0.0200 грамм ургамал/ мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Жанцан овгийн Батжаргалын Быг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бусдад  өгсөн гэмт хэрэгт гэм буруутайд, Бууч овгийн Баавгайн Бийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Быг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Б.Б, Б.Б нарт оногдуулсан тус бүрийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Б.Бын цагдан хоригдсон 12 хоног, Б.Бийн цагдан хоригдсон 14 хоногийг тус бүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэдгээрийн хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцож,

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 75 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор Б.Бийн өмчлөлд бүртгэлтэй, 68-06 УНИ улсын дугаартай, “Тоёота марк икс” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа тугалган цаасны хэлтэрхий, мөнгөлөг цаас, “30” гэж дугаарласан гялгар уутны хамт 0.3819 грамм жинтэй “өвс, шавар” бүхий мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис зэргийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар устгаж, хариуг шүүхэд мэдэгдэхийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, Монгол Улсын мөнгөн дэвсгэрт болох AQ0244825 серийн дугаартай хуйлсан 100 төгрөгийн  мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, AU7822053 серийн дугаартай хуйлсан 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, АТ7101069 серийн дугаартай хуйлсан 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, АН7934083 серийн дугаартай хуйлсан 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэгийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраар дамжуулан “Монголбанк”-д хүргүүлж, “Б” гэж хаягласан хойшлуулшгүй ажиллагааны явц байдлыг бэхжүүлсэн CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.

 

Прокурор М.Очбадрах бичсэн эсэргүүцэлдээ: “Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа тугалган цаасны хэлтэрхий, мөнгөлөг цаас, “30” гэж дугаарласан гялгар уутны хамт 0.3819 грамм жинтэй “өвс, шавар” бүхий мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис зэргийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар устгаж, хариуг шүүхэд мэдэгдэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай” гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь шүүхийн шийтгэх тогтоолын бүрдэл хэсэг болох тогтоох хэсэгт тусгах зүйлүүдийг дурдсан зохицуулалт ба уг хэсгийн 1.8-д “хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлого, эд мөрийн баримтыг хэрхэн шийдвэрлэх тухай” гэж заасан байна. Хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хэрхэн шийдвэрлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасан. Гэтэл Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь эрүүгийн 1902007950386 дугаартай хэргийг шийдвэрлэхдээ эд мөрийн баримтаар хураагдсан Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс, шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг устгахыг даалгасан атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 328 дугаартай шийтгэх тогтоолын 6 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

 

Прокурор Э.Бадрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүх хуралдаанд прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Б.Бд өмнө нь оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг давж заалдах шатны шүүхээс зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчилсэн байсан. Гэхдээ хэзээ суллагдсан талаар баримт хавтас хэрэгт авагдаагүй байна” гэв.

 

Шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Ш.Оюумаад тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдол гаргаагүй. Шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа маш сайн ойлгож, дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ илэрхийлж байгаа. Анхан шатны шүүхээс уг хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн боловч прокуророос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа гаргасан гэж эсэргүүцэл бичсэн байна. Үүнийг давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Нийслэлийн прокурорын газраас Б.Быг 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рома таун” хотхонд үйл ажиллагаа явуулдаг “Хинт” лоунжид Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Э.Цалигуунд өгсөн,

мөн 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Б.Бэд өгсөн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Б.Бийг 2019 оны 9 дүгээр сарын 30-ны шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 29 дүгээр байрны орчим байрлуулсан өөрийн эзэмшлийн 68-06 УНИ улсын дугаартай, “Тоёота марк икс” загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий гялгар уутны хамт нийт 0.3816 грамм /0.0179 грамм шавар, 0.0200 грамм ургамал/ мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэрэгт шүүгдэгч Б.Б урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн  44 дугаартай шийтгэх тогтоолоор  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, 192.2 дахь хэсэгт тус тус зааснаар нийт 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн бичгийн баримт хавтаст хэрэгт цугларч бэхжүүлэгджээ.

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар shuukh.mn сайтаас Б.Бд холбогдох хэргийн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 113 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 102 дугаартай тогтоолоос тус тус судлахад, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн  44 дугаартай шийтгэх тогтоолоор  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, 192.2 дахь хэсэгт тус тус зааснаар Б.Бд оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Харин Б.Быг эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд  дээрх 5 жил 1 сарын хорих ялаас 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан гэж тэмдэглэсэн нь ойлгомжгүй, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүсгэж байна. Өөрөөр хэлбэл, Б.Бын 2019 оны 9 дүгээр сарын 15, 29-ний өдрүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдохоос өмнө ямар хугацаагаар ял шийтгэл эдэлсэн, ямар хэмжээний ялаас хэзээ суллагдсан эсэх асуудлыг зайлшгүй шалгаж тогтоох шаардлагатай. 

Шүүгдэгчийн урьд ял шийтгүүлж байсан нь түүний хувийн байдлыг тогтоох, шүүхээс ял оногдуулахад нөлөөлөх эсэхийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нотолгооны эх сурвалж байхад,  Б.Б нь хуулийн ямар заалтаар хэзээ, хэрхэн суллагдсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн  байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан нотолбол зохих байдал буюу “...яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх...”  нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй, прокуророос хянавал зохих асуудлын талаар хуульчилсан заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх тогтоол, магадлалыг мөрдөгч, прокурор хэрэгт хавсаргаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдийг зөрчсөн байдлаас шалтгаалан шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх 121/ болон прокурорын яллах дүгнэлт, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.Бын урьд ял шийтгүүлсэн байдлын талаарх мэдээллийг зөрүүтэй, бүрэн бус тэмдэглэсэн зөрчил тогтоогдож байна.  

Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцүүлэн Б.Бын хувийн байдалтай холбоотой нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар нөхөн гүйцэтгүүлэх шаардлагатай гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Б, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаахаар давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж байгаа тул прокурор М.Очбадрахын бичсэн эсэргүүцэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 328 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Б, Б.Б нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол Б.Б, Б.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

 

 

ШҮҮГЧ                                                                        Б.АРИУНХИШИГ

                        ШҮҮГЧ                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ