Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 241

 

 

 

 

 

 

 

    2020           03            11                                       241

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн,

улсын яллагч Г.Хатанцэцэг,

шүүгдэгч Ж.М,

хохирогч О.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

                     

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Мад холбогдох эрүүгийн ,,,, тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .................. дугаарын регистртэй, Ж.М.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ж.М нь 2018 оны 3 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хорооллын 4 дүгээр байрны 441 тоотоос иргэн О.С-ын эзэмшлийн Dell i3 загварын зөөврийн компьютер, I phone 5S загварын гар утас зэргийг нууцаар, хууль бусаар авч хулгайлан 550,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.М мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалты шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй харамсаж байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.С мэдүүлэхдээ:

“...Би Мын яриаг ойлгохгүй байна. Энэ асуудлаас болж би сэтгэл санааны гутралд орж эмнэлэгт хэвтсэн. Тухайн үед компьютер дотор байсан мэдээлэл алдсан гэж ажлаасаа халагдсан. Өргөдөл өгтлөө энэ хүнийг холбогдох байх гэж найдаж хүлээж байсан. Утас нь холбогдож байсан хэрнээ авахгүй байсан. Сүүлдээ утас нь холбогдохоо больсон. Би миний юмыг авчраад өг би цагдаад хэлэхгүй гэж хэлэхэд авчирч өгөөгүй. Тухайн үед хүмүүстэй харилцах шаардлагатай байсан учир тэтгэврийн ээжээсээ мөнгө авч гар утас авч байсан. Одоо шүүгдэгчээс 500.000 төгрөг нэхэмжилж байна...” гэв.

           

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ж.Мын өгсөн:

“...2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр О.С-ын гэрт нь очоод түүний нөүтбүүкийг засаж байгаад хамт архи ууж байгаад өмнө болсон миний толгойг хагалсан талаар түүнд хэлж ярихад О.С-о надад хандан чи надад ямар нэгэн гомдол гаргаагүй учраас би чиний толгойг хагалсныхаа оронд юм өгч болно шүү дээ гэж хэлж байсан. Тухайн үед бид 2 хоёулаа архи уугаад согтуу ярилцаж байсан. Тухайн өдөр О.С-оо намайг өөрөө дуудсан, өмнө нь бас л өөрөө дууддаг байсан. Би тухайн үед согтуу байсан учраас санахгүй байсан. Гэхдээ би түүний нөүтбүүк, гар утсыг нь аваад гарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 37-38/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч О.С-ын өгсөн:

            “...Надаас гал тогооны тавилга худалдаж аваад танилцаж байсан зүс таних М гэх хүн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр над руу залгаад цээж зургаа авах уу гээд ярихаар нь авъя гэсэн чинь манай гэрт ирээд бид хоёр манай гэрт архи хувааж уугаад манай гэрт хоносон юм. Тэгээд маргааш нь 31-ний өглөө сэрэхэд М байхгүй манай гэрийн хаалга онгорхой байхаар нь эд зүйлсээ шалгаж үзтэл том өрөөнд байсан зөөврийн компьютер, гар утас хоёр байхгүй байхаар нь М руу залгахад утас нь холбогдох боломжгүй байсан. Энэ өдрөөс хойш 3-4 хоног буцаагаад аваад ирэх байх гэж бодоод хүлээгээд гар утас руу нь залгаад холбогдож чадахгүй болохоор нь цагдаад хандсан. Делл маркийн зөөврийн компьютер 3,500,000 төгрөг, Айфоне 5-Эс маркийн гар утсыг аваад удаагүй байсан би 500,000 төгрөгөөр авч байсан.

2019 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Мын ээж нь гэх хүн миний алдсан эд зүйлсийг авч ирж өгсөн. Миний эд зүйлс бүрэн бүтэн байсан. Миний бие хулгайд алдсан зөөврийн компьютер дээр албаны бичиг баримт байсан бөгөөд энэ асуудлаас болж би ажлаас халагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 14-18/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Ш.Ц-ийн өгсөн:

            “...2019 оны 4 дүгээр сарын эхээр манай хүү М над руу залгаад би тань руу нэг хүнээр юм явууллаа. Та энэ утсаар холбогдоод хүргэж өгөөрэй гэж нэг дугаар өгсөн. Тэгээд би ач охинтой хамт тухайн утсаар холбогдоод О.С-о гэх эмэгтэйтэй холбогдоод Баянгол дүүргийн 3 дугаар хороо Нарны хороололд очиж гэрт нь ороод тухайн эмэгтэйд Мын явуулсан хайрцагтай зүйлсийг өгсөн. Тухайн хайрцгийг задлаад утас, нөүтбүүк зэрэг Мын аваад явсан зүйлс бүгд бүрэн бүтэн байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 24-25/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 41/

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 42/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 43/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ж.М нь 2018 оны 3 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хорооллын 4 дүгээр байрны 441 тоотоос иргэн О.С-ын эзэмшлийн Dell i3 загварын зөөврийн компьютер, I phone 5S загварын гар утас зэргийг нууцаар, хууль бусаар авч хулгайлан 550,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Ж.Мын “...Би тухайн үед согтуу байсан учраас санахгүй байсан. Гэхдээ би түүний нөүтбүүк, гар утсыг нь аваад гарчихсан байсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч О.С-ын “...31-ний өглөө сэрэхэд М гэх хүн байхгүй манай гэрийн хаалга онгорхой байхаар нь эд зүйлсээ шалгаж үзтэл том өрөөнд байсан зөөврийн компьютер, гар утас хоёр байхгүй байхаар нь М руу залгахад утас нь холбогдох боломжгүй байсан...” гэх мэдүүлэг,

 

            гэрч Ш.Ц-ийн “...2019 оны 4 дүгээр сарын эхээр манай хүү М над руу залгаад би тань руу нэг хүнээр юм явууллаа. Та энэ утсаар холбогдоод хүргэж өгөөрэй гэж нэг дугаар өгсөн. Тэгээд би ач охинтой хамт тухайн утсаар холбогдоод О.С-о гэх эмэгтэйтэй холбогдоод Баянгол дүүргийн 3 дугаар хороо Нарны хороололд очиж гэрт нь ороод тухайн эмэгтэйд Мын явуулсан хайрцагтай зүйлсийг өгсөн. Тухайн хайрцгийг задлаад утас, нөүтбүүк зэрэг Мын аваад явсан зүйлс бүгд бүрэн бүтэн байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг  зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Мад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, бодит байдалд нийцсэн, шүүгдэгч Ж.Мыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хавтаст хэрэгт хохирогч О.С нь “...2019 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Мын ээж нь гэх хүн миний алдсан эд зүйлсийг авч ирж өгсөн. Миний эд зүйлс бүрэн бүтэн байсан. Миний бие хулгайд алдсан зөөврийн компьютер дээр албаны бичиг баримт байсан бөгөөд энэ асуудлаас болж би ажлаас халагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 14-18/ өгсөн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг арилсан гэж үзэж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ж.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргасан ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.  

 

Шүүхээс шүүгдэгч Ж.Мад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ж.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ж.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ