Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 285

 

 

 

 

 

 

 

  2020         03            25                                          285       

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ,

  улсын яллагч Б.Батсайхан,

иргэдийн төлөөлөгч Ц.Б,

  шүүгдэгч Д.Н-, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,

  хохирогч Б.Х- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

    

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Н-д холбогдох эрүүгийн ..... тоот дугаартай, 2 хавтас хэргийг 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .....  дугаарын регистртэй, Д.Н-.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Д.Н- нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны орой 23 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 114 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын 2 давхарт Д овогтой Дг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, хүзүүн тус газарт нь хутгалж хүзүүний зүүн хэсгээс зүүн талын гүрээний тараагуур тасарч, хүзүүний 4,5 дугаар нугалам хооронд жийргэвч мөгөөрс гэмтсэн, хатгагдсан шарх гэмтэл учруулсан алсан,

Мөн 2019 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 5-147 тоотод оршин суух иргэн Б.Х-ын гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч хөөрөг 1 ширхэг, зурагт 1 ширхэг, гутал 3 ширхэг, дээл 2 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, орны даавуу 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайланавч 3,071,940 /гурван сая далан нэгэн мянга есэн зуун дөчин/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Н- мэдүүлэхдээ:

“...Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа. Мөрдөн байцаалтын явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн учир дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Х- мэдүүлэхдээ:

“...11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө ажил дээрээ хоносон би эхнэрээ авч ажил дээрээ хоноод маргааш иртэл хаалга эвдэрчихсэн байсан. Гэртээ орсон чинь бүх зүйлийг сүйтгэсэн байсан. Цоож 5 метрийн цаана уначихсан байхаар би дотроос нь цохиж гарсан гэж ойлгосон. Өвлөж ирсэн миний хөөрөг байгаа юм тэрийг хүмүүс надаас гуйж ирэхэд би ямар ч үнээр өгөөгүй. Миний хөөрөг олдчихвол сайн байна бусад нь хамаагүй надад асуулт байхгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Н-гийн өгсөн:

“...Би төрсөн дүү Дгийн хамт Баянгол дүүргийн 14 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилга дээр 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс хойш плита наах ажил үнэ тохирч хийж байсан юм. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 26-ны өглөө 9-10 цагийн үед би ажил дээрээ ирээд Д ирчихсэн байсан. Бид хоёр 2 дугаар давхрын нойлын өрөөний плитаг нааж эхэлсэн. Тухайн өдөр бид хоёр хонож ажиллахаар ярилцаад өдөр нь буюу 15-16 цагийн үед ажил дээрээ хоол хийж идсэн. Хоол хийж идсэний дараа Дгээс архи үнэртэхээр нь би хаана архи уучихваа гэж асуухад өглөө ирэхдээ цүнхэндээ жижиг шилтэй архи авч хийсэн байсан юм тэрийгээ уучихлаа гэж хэлж байсан. Би урд орой нь плита наасан байсан хажуугийн өрөөндөө орж плитаны чигжээсийг хийгээд, Д плита нааж байсан нойлын өрөөндөө плитагаа наагаад үлдсэн юм. Би цай чанаж уух гээд дуусаад цагийг нь хэлж мэдэхгүй байна гадаа харанхуй болчихсон байсан 17-18 цаг болж байсан байх Дгийн ппита нааж байсан өрөө рүү ороход Д элэг шарж идье гээд сонгино хөшиглөөд байж байсан юм. Тэгээд би гадагш гарч дэлгүүрээс талх авчраад бид хоёр элэг шарж идсэн. Уг барилгын ажил хийлгэж байсан захирлууд нь шинэ жилээс өмнө барилгыг улсын комисст хүлээлгэн өгнө, тэгэж байж л та нарын мөнгийг өгнө гэж ярьж байсныг бид хоёр хоолоо идэж байх зуураа яаж шинэ жилээс өмнө ажил дуусаж улсын комисст өгөх гээд байгаа юм болоо, амьжихгүй шүү дээ гээд яриад сууж байтал Д шинэ жилээс өмнө мөнгө олдохгүй юм байна, Насаа бас барилга бариулж байгаа хүмүүс шинэ жилээс өмнө мөнгөө өгөхгүй юм шиг байна, өөр ажил хийдэг юм билүү гэж ярьж байна, ер нь энэ пизданууд мөнгөө өгөхгүй юм байна, хоёулаа шинэ жилээс өмнө өөр ажил хийе гэхээр нь би өнөө шөнө дөө энэ нойлын өрөөгөө дуусгая тэгээд ойролцоогоор 700,000 орчим төгрөг авч болох юм байна гэж хэлээд хоол хийсэн тогоо шанагаа хурааж байгаад тамхи байгаа юу гэж Дгээс асуухад цүнхэнд байгаа гээд би Дгийн цүнхнээс тамхи авах гэхэд цүнхэнд нь Монгол Стандарт архи жаахан үлдсэн байхаар нь би хэзээ аваад уучихваа гэж асуухад Д түрүүн аваад уусан юм гэж хэлсэн юм. Тэгээд Дгийн плита нааж байсан өрөөнд бид хоёр ороод би хэмжээсийг аваад байж байхад Д тэнд ажиллаж байсан А гэх залуу болон бас тэнц ажиллаж байсан залууд ажил хийлгэхгүй багажаа өгчихөөд авч явчихаад байх юм гээд уурлаад байхаар нь би за за хоёрын хооронд юман дээр хүнтэй муудалцаад яах юм бэ хоёулаа аль эсхүл эртхэн амраад шөнө 4,5 цагийн үед босоод ажлаа дуусгачихъя, тэр болтол багаж нь суларчих байлгүй гэхэд Д мөнгө байвал ганц том савтай пиво авчихаач уучихаад унтаж амаръя гэхээр нь би 20-21 цагийн үед байсан байх би дэлгүүр гарч пом савтай пиво аваад ороод ирэхэд Дгийн ажил хийж байсан өрөөнд захирлын эхнэр ороод ирчихсэн юм яриад зогсож байхаар иь би пивоо харуулалгүй хувцас сольж байсан газраа тавьчихаад тэр хоёр дээр очоод захирлын эхнэрт хандан шинэ жилээс өмнө улсын комисст өгч байж мөнгө төгрөгөө өгөх юм уу гэж лавлаж асуухад тэгнэ шүү дээ улсын комисст өгч байж л мөнгө төгрөгтэй залгана гэж хэлчихээд гараад явсан.

Тэгэхэд Д надаас пиво авчирсан юм уу гэж асуухад би авчирсан хоёулаа ажлаа жаахан явуулж байгаад унтахдаа уучихаад унтая гэж хэлээд тэрүүгээр цавуу зуураад нааш цааш явж байх хооронд Д майонезны саванд нөгөө пивоноосоо хийгээд ирчихсэн хажуудаа тавьсан плитагаа наагаад сууж байснаа намайг уу гэхээр нь би талыг нь уучихаад юм юмаа хийгээд дээшээ доошоо явж байгаад ирэхэд тэнд ажиллаж байсан Цээнээ гэж дууддаг залуу тамхи асуучихсан орж ирээд хэдэн ширхэг тамхи аваад явсан. Тэрнээс хойш хэр хугацаа өнгөрсөн нь хэлж мэдэхгүй байна Д пиво уугаад нилээд муудсан байсан байх үг нь олшроод яаж шинэ жилээс өмнө улсын комисст өгч амжих гээд байгаа пизданууд вэ шинэ жилээс өмнө мөнгө өгөхгүй юм байна гээд уурлаж байхаар нь би пиво дуусгачихсан юм уу унтахдаа уучихаад унтахгүй гэхэд Д инженер хийдэг Охиноо байна уу тэрнээс 10,20 мянган төгрөг авчихаач гэхээр нь би Охиноо мөнгө байхгүй гэж байна лээ орой би мөнгө асуухад мөнгө байхгүй гэж байна лээ гэж хэлсэн чинь 10,20 мянган төгрөггүй яаж мөнгө өгөх гээд байгаа юм бэ гэж уурлаад наасан байсан плита руугаа алхаа шидэж плитагаа хагалчихаад гараад явчихаар нь би харих гэж байгаа юм байлгүй гэж бодоод за за чи хариад амарчих би наагаад дуусгачихъя гэж хэлсэн чинь Д чи үнэгүй ажил хийдгээрээ хий гэж хэлээд цааш яваад ус буцалгагч тогоогоо өшиглөхөөр нь би плитаа нааж байсан нойлын өрөөнөөс гарч ирээд чи жаахан юм ууж чадахаа больжээ, за яшиг яшиг хоёулаа цуг явж харьж амарчихаад маргааш ирье гээд буцаж нойлын өрөө рүү ороод багажаа хурааж байтал тортой аяга таваг ухаад дуугарагаад байхаар нь өрөөний хаалгаар шагайж хартал Д гадуураа хуйтай хутга бариад гарах гээд явж байхаар нь би өөдөөс нь очоод яах гээд байгаа юм бэ юу ч болоогүй байхад хутга шөвөг болоод очихоор чинь чамайг цагдаа дуудаад өгчихдөг юм байгаа биз дээ, эрүүлжүүлэхэд ороход маргааш тэгээд бас 100 гаран мянган төгрөг болдог юм байгаа биз дээ гэж хэлээд хориглоод баруун гартаа хутга барьчихсан байхаар нь баруун гарыг нь бариад автал Д намайг хөлөөрөө хавсарсан би хутгатай гараас нь барьчихсан байсан болохоор доош өвдөглөөд босоод иртэл Д хутгатай гараа угз татаад салгаад авчихаар нь би ахдаа хутгаа өгчих гэж хэлээд дахиад хутгатай гарыг нь бариад автап Д миний баруун талын хөлөн дээр хавсраад би хутгатай гарыг нь барьчихсан байсан болохоор намайг унахад Д дээрээс миний цээжнээс доогуурхан татагдаад уначихсан. Тэгэхэд миний нүүрлүү нойтон юм үсрээд би гараараа арчаад хартал цус байхаар нь би дээш өндийгөөд босоход Д бас дээр өндийгөөд босоод ирсэн. Тэгэхэд Дгийн хүзүүнээс цус гарч байхаар нь би Дг хөдлөхгүй байж байгаарай гэж хэлээд өргөөд хувцасныхаа хажууд тавиад үүд рүү гүйгээд гарахад нярав Т шатаар өгсөж гарч ирж байсан юм. Тэгээд түргэн дуудаарай болохоо байлаа гэж хэлчихээд эргээд дүү дээрээ явж очоод хүзүүн дээр нь дараад байж байтал араас Тамжидцоож яасан бэ гээд ороод ирэхээр нь түргэн дуудаачээ гэж хэлээд Т түргэн дуудсан. Тэгээд түргэн ирэх хооронд дүү маань нас барчихсан юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан эрүүгийн хэрэгт буруутгаж яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед би хулгай хийхдээ согтуу байсан болохоор зарим зүйлийг сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-н 169-171, 2-р хх-н 11-12/,    

 

Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н-гийн өгсөн:

“...Манайх эхээс тавуулаа ба би айлын хамгийн том миний дараагийнх Н дараагийнх нь Д дараахь нь Д, түүний дараахь бага дүү маань Нарангэрэл гэж хүн байж байгаад одоогоор 5-6 жлийн өмнө өвчнөөр нас барсан байсан. Манай аав 2014 онд нас бараад бид нар Улаанбаатар хотод шилжин ирж ажиллаж амьдрах болсон. Д маань Дгийн түрээслэн амьдардаг хороололд байх байранд нь хамт амьдардаг байсан. Харин Н хаана амьдардаг байсан талаар мэдэхгүй байна. Сүүлийн хэдэн сар Н, Д хоёр нийлж барилгын ажил хийх болсон байсан. Би хамгийн сүүлд Н, Д хоёртой Дгийн гэрт хэрэг болохоос өмнө 20 орчим хоногийн өмнө очихдоо уулзсан байсан ба тэр хоёр хамт барилгын ажил хийж байгаа гэж байсан юм.

2019 оны 12 дугаар сарын 26-наас 27-ныг шилжих шөнө 01 цагийн үед байсан байх манай дүү Д над руу утсаар яриад Дг нас барсан байна гэж цагдаагаас ярьж байна гэж хэлээд би цагдаагийн байгууллага дээр ирээд ийм хэрэг болсон талаар мэдсэн.

Н, Д нар нь хоорондоо их найртай хүмүүс байсан ба урьд өмнө муудалцаж байгаагүй. Хоорондоо ямар нэг өс хонзон өр авлага байгаагүй. Н их өр зөөлөн байдаг өөрийн дүүдээ ч гэлтгүй бусдад их өрөвч сэтгэлээр ханддаг өөрөө урьд нь гэмт хэрэгт холбогдож байсан болохоор их гэмшдэг байсан. Харин Дгийн хувьд архи уухаараа жаахан ширүүн ааштай болчихдог ам хэлээрээ ална тална гээд агсам тавиад байдаг гэхдээ элдэв янз болж байгаагүй хүн байсан юм. Би өөрийн дүү Дтэй ярилцаж шийдвэр гаргасан байгаа ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-н 39-40/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Х-ын өгсөн:

“...2019 оны 11 дүгээр сарын 03-нд 09:15 цагт гэрт ирээд хартал манай Монгол гэрийн хаалга цоож эвдэж хулгай орсон байдалтай байсан. Ааваас уламжлан ирсэн цагаан өнгийн хаш чулуун хөөрөг, уг хөөрөг, товгор луун хээтэй, хиймэл шүрэн толгойтой, гуйлан нуух, гуйлан халбагатай хөөрөг байсан уг хөөргийг 3-4 жилийн өмнө хүнд үзүүлэхэд бэлэн 7,000,000 төгрөгөөр худалдан авна гэж байсан би уг хөөргийг 8,000,000 төгрөгөөр үнэлж байна, 2018 онд 9 дүгээр сарын 11-ний өдөр Арина худалдааны төвөөс Хаан банкны лизингээр 899,900 төгрөгөөр худалдан авч байсан Finlux загварын 50 инчийн дэлгэцтэй хар өнгийн Led зурагт, 3-4 жилийн өмнө бэлгэнд ирж байсан дунд гарын мөнгөн аяга уг аягыг 170,000 төгрөгөөр үнэлж байна, 3 жилийн өмнө Нарантуул захаас 650,000 төгрөгөөр худалдан авч байсан орос хромон гутал, эхнэрийн 2019 оны 02-р сард 150,000 төгрөгөөр худалдан авсан түрийтэй өвлийн гутал, 2019 оны 10-р сард 85,000 төгрөгөөр худалдан авсан төмөр хоншоортой богино түрийтэй гутал, 10 литрийн жижиг ширмэн тогоо, ор хөнжлийн даавуу, савхин бээлий, набор, дарс зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 236-237/,    

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Тийн өгсөн:

“...Би Д.Д, Д.Наран нартай төрөл садангийн ямар нэг холбоо байхгүй. Миний аав Б-гийн барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Зөөлөн эхийн сахиус” ХХК нь Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн 114 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн 2 давхар барилгын барьж байгаа барилга дээр плита наалгахаар хүн ажилд авна гэсэн зар тавьсны дагуу Д, Н нар нь 10 гаран хоногийн өмнө ирж манайд ажиллаж байгаа юм. Тэрнээс хойш л уг хоёр хүнийг мэдэх болсон юм. Уг хоёр хүн нь өдөр болгон өглөө 08 цаг 30 минутад ирээд орой эртдээ 20 цагт оройдоо 22 цаг гээд тардаг байсан одоогоор нэгдүгээр давхарт байх 2 нойлын өрөөний плита бүрэн наагаад 2 дугаар давхрын 3 дахь нойлын өрөөний плитаг нааж байсан юм. Н нь гэрээсээ бараан өнгийн хуйтай, шаргал өнгийн барзгар иштэй хутга авч ирсэн ба би цахилгаан тогоог нь өгөөд тэр хоёр өдөртөө өөрсдөө хоол ундаа барилга дээр хийгээд идчихдэг байсан юм.

2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 08 цаг 30 минутад уг хоёр хүн барилга дээрээ 2 дугаар давхрын баруун хойд талын том өрөөний нойлын өрөөний плитаг наасан, би өөрөө захирлын хүүхэд болохоор бүхий л барилгын ажилд оролцоод тэнд ажиллаж байсан хүмүүст туслаад мөн хэрэгтэй материалуудыг ажилчдаа тарааж өгөөд явж байхад цагийг нь санахгүй байна гэгээ тасраагүй бүрэнхий болох гэж байхад Н нь над дээр ирээд одоо шуудай плитаны цавуу үлдчихлээ тэрүүгээр Д плита нааж байна нэмж цавуу авъя гэхээр нь би гадаа байдаг агуулахаас 10 шуудай плитаны цавуу гаргаж өгсөн юм. Тэгээд 21 цаг 30 үед байсан байх барилгын урд талын өрөөний аваарын шатыг шалгачихаад нэг давхар луу буух гээд явж байхад Н хурдан ажлаа хийчихээд явъя л даа пиздаа минь ээ хөөш гээд ууртай зандарсан байдалтай хашгирах чимээ сонсогдсон би ч нэг их юм бодолгүй доошоо буусан.

Тэрнээс хойш би дээшээ хоёр давхар луу гараагүй байж байгаад нэгдүгээр давхарт хаалга суурилуулж байсан гурван залууг 22 цаг 58 цаг минутад гарч явахад нь гаргаж өгчихөөд хаалгаа хааж дотроос нь түгжээд утасныхаа цагаа харчихаад, дээшээ хоёрдугаар давхарт гараад хоёрдугаар давхрын зүүн хойд талын том өрөөний үүдэн хэсэгт Ц ах таазны замаск хийж байхад очоод таазыг нь харж зогсоод ойролцоогоор 4 орчим минут орчим болж байтал Н хоёрдугаар давхрын баруун хойд өрөөнөөс коридор хэсэгт гарч ирээд надад хандан ахын дүү түргэн дуудаарай гэж хэлчихээд буцаад өрөө рүүгээ гүйгээд орчихоор нь би яасан юм бол гэж бодоод араас нь гүйгээд өрөө рүү нь ортол Н Дгийн толгой хэсгийг өвөр дээрээ тавьчихсан хүзүү хэсгийг нь гараараа дарчихсан Дгийн хүзүүнээс нь ч юм хаанаас нь ч цус гараад байгаа бололтой нил цус болчихсон байхаар нь би шууд нэгдүгээр давхарт цонхны тавцан дээр суурилуулах гээд молдокоор хана өрөмдөж байсан А ах дээр очоод дээр Н ах Дг хутгалчихсан юм шиг байна түргэн дуудаарай гээд байна гэж хэлэхэд А ах юу яриад байгаа юм бэ гэж хэлээд бид хоёр дээшээ хоёр давхрын Н Д хоёрын байсан өрөө рүү дөнгөж ороход Н ах түргэн дуудаачээ гээд өмнөөс сандарсан байдалтай хэлэхээр нь А бид хоёр өрөөнөөс буцаж гараад А би цагдаа руу яръя, чи эмнэлэг дууд гэж хэлэхээр нь би сандарсандаа өөрийн 88910278 дугаарын утаснаас 23 цаг 12 минутад Түргэн тусламжийн 103 дугаарын утсанд “Баянгол дүүргийн 114 дүгээр цэцэрлэг дээр зодоон болоод байна гэж дуудлага өгөхөд дуудлага авсан хүн нь яг яасан юм бэ гэж надаас асуухаар нь нэгнийх нь хүзүүнээс цус гараад нэг нь гараараа дарчихсан байна гэж хэлсэн чинь дуудлагыг авлаа гэсэн. Тэгээд А ахаас цагдаа дуудсан юм уу гэж асуухад А ах цагдаа дуудчихсан харин чи түргэн тусламж дуудсан уу гэж асуухаар нь би дуудчихлаа гэж хэлсэн чинь А ах за чи түргэнээ дуудаж байгаарай гээд хажууд нэгдүгээр давхарт парны решотк хийж байсан О ахыг хоёулаа хамт орчихоод ирье гээд дагуулаад тэр хоёрын өөрөө рүү ороод нэг их удалгүй буцаад гараад ирсэн. Тэгээд 23 цаг 27 минутанд түргэн тусламж ирээд түргэний эмчийг дагуулаад нөгөө хоёрын өрөө рүү орох гэтэл Н ах өөдөөс гарч ирээд өнгөрчихлөө та нар цаанаа байж бай гэж хэлсэн тэгэхэд араас цагдаа нар ороод ирсэн юм...” гэх мэдүүлэг /1-р хх-н 42-43/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Т.Цгийн өгсөн:

“...Д, Н нарыг сайн танихгүй, төрөл сандан найз нөхдийн холбоо байхгүй. Би Зөөлөн эхийн сахиус ХХК-нд 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс Баянгол дүүргийн 114 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилга дээр туслах ажилтнаар ажиллаж байгаа юм. Д, Н нар нь уг барилгын нойлын өрөөний плита нааж байсан ба би дотносож найзалж нөхөрлөөгүй нэг газар ажиллаж байсан болохоор мэндлэх тамхи асуух зэргээр л харьцдаг байсан. 2019 оны 10 дугаар сарын 26-ны өглөө ажил дээрээ ирсэн, намайг ажил дээрээ ирэхэд Н Д нар нь ирчихсэн хоёрдугаар давхрын нойлын өрөөний плитаг наагаад байж байхаар нь би орж 1 ширхэг тамхи гуйж аваад хоёрдугаар давхрын зүүн хойд талын өрөөний тааз болон хана, коридорын таазны замаскын ажил хийж байгаад 19 цаг билүү 19 цаг өнгөрч байхад тэр хоёрын плита нааж байсан өрөө рүү ороход Н, Д хоёр плитагаа наагаад сууж байхаар нь би Нгаас цайгаа дарсан уу гэсэн чинь Н цай дараагүй байна жаахан байж байгаад дарнаа гэж хэлэхээр нь буцаж нэгдүгээр давхарт очиж Ааас 1 ширхэг тамхи гуйж татаад буцаад дээшээ хоёрдугаар давхарт гараад зүүн хойд булангийн өрөөний таазны хоёрдугаар үеийн замаскыг татаад байж байтал Т 23 цагийн үед байсан ажлаа дуусаж байна уу гэж асууж ирээд байж байтал цаанаас Н плита нааж байсан өрөөнөөсөө коридорт гарч ирээд түргэн дуудаарай гэж хашгирчихаад буцаад орчихсон.

Т бид хоёр Нгийн араас нь очиж өрөө рүү шагайж харахад Н, Дг өвөр дээрээ толгой хэсгийг нь тавьчихсан шалан дээр сууж байх шиг байсан, тухайн үед тэр өрөө бүдэг гэрэлтэй, нойлын өрөөний гэрлээр өрөө гэрэлтэж байсан болохоор би сайн нягталж хараагүй, тэгээд Т бид хоёр шууд доошоо буугаад Т нэгдүгээр давхарт цонхны тавцан суурилуулах ажил хийж байсан Ат очиж хэлээд тэр хоёр дээшээ гараад би дахин дээшээ хоёрдугаар давхарт гараагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-н 51-52/,

           

Мөрдөн байцаалтад гэрч С.А-ын өгсөн:

“...Би “Зөөлөн эхийн сахиус” нэртэй барилгын ХХК-д туслах ажилтнаар 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ажиллаж байгаа. Манай ХХК нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 114-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын үндсэн ажилтан 6 гэрээт ажилтан 10 орчим нийт 16 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ажил дээрээ ажлаа хийгээд байж байсан. Орой 21 цаг орчим дарга Б-, Л нар та хэд буух болж байна уу бид 2 буулаа гэхээр нь бид нар хийсэн ажлаа дуусгаад явна гэж хэлсэн. Тэгээд 22 цаг орчим 1 давхарт цонхны давцан суулгах гээд хэмжээ аваад байж байтал Т 2 давхраас бууж ирээд А ахаа Н ах бөөн цус болсон байна түргэн дуураарай гэхээр нь Тийн хамт 2 давхрын баруун хойд буланд 00-н өрөөний плита нааж байсан өрөө рүү ороход Н талийгаач Дгийн хүзүүн дээр гараараа дарсан, дарсан хэсгээс цус гарсан байдалтай байсан ба цагдаа, түргэн тусламж дуудаарай гэж орилсон. Тэгэхээр нь гарч гүйгээд ажил хийж байсан газраасаа гарч утсаа аваад цагдаа дуудаад, Т түргэн тусламж дуудсан. Тэгээд буцаад дээшзэ гарахад Н надаас яасан бэ гэхээр нь цагдаа түргэн тусламж 2 дуудсан ирж байгаа гэж хэлээд буцаад буусан. Ингээд түргэн тусламж ирээд хамт дээшээ гараад үзлэг хийгээд нас барчихлаа цагдаа иртэл байж бай гээд хүлээж байгаад цагдаа удахгүй ирээд бид нарыг цагдаагийн байгууллагад авч ирсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 53-54/,

 

Мөрдөн байцаалтад гэрч С.А-ын өгсөн:

“...Би Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 114-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилга дээр туслах ажилтан хийж байсан юм. Би 1 давхарт цонхны тавцан суулгах тасдагч багаж бариад 22 цаг орчим ажиллаж байхад Т гүйж ирээд А ахаа дээшээ гараарай Н ах цус болсон түргэн тусламж дуудаарай гээд ирсэн. Тэгэхээр нь би 2 давхар луу гарсан чинь түргэн туслам дуудаарай гэхээр нь гар утсаа аваад цагдаагийн байгууллага руу залгасан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 56-57/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Оы өгсөн:

“...Би “Зөөлөн эхийн сахиус” нэртэй барилгын ХХК-д туслах ажилтнаар 2014 оноос одоог хүртэл ажиллаж байгаа. 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ажил дээрээ ажлаа хийгээд байж байхад 22 цаг орчим манай ХХК-н харуул Т 2 давхраас бууж ирээд нөгөө плитаны 2 нэгнийгээ хутгалчихлаа гэж байна гэхээр нь дээшээ гарсан чинь Н плита нааж байсан өрөөнийхөө хажуу талд дүү Дг өвөр дээрээ тавьсан хүзүүн дээр нь дарсан байдалтай байж байсан их цус гарсан байсан. Тэгэхээр нь би айгаад доошоо буугаад байж байсан чинь цагдаа нар ирээд цагдаагийн байгууллагад авч ирсэн.  

Намайг ороход маш их цус гарсан байхаар нь яасан юм бэ гэж Нгаас асуухад ийм юм болчихлоо гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 58-60/,

 

Мөрдөн байцаалтад гэрч А.Лгийн өгсөн:

“...2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 114-р цэцэрлэгийн өргөтгөлийг бариулж байгаа барилга дээрээ өглөөний 09 цагийн үед очиход манай ажилчид бүгдээрээ очсон хийх ёстой ажлаа эхлүүлсэн ажлаа хийцгээж байсан. Энэ өдрөө ажил дээрээ байж байгаад оройн 21 цагийн үед ажилчидынхаа хийж буй ажльг шалгаад явж байх үед амь хохирогч Д яллагдагч Н нар нь барилгын 2 давхрын баруун талын мухрын нойлын өрөөнд талийгаач нойлын өрөөний плита наагаад Н нойлын өрөөний гадна талын плитаг наагаад зогсож байсан. Ингээд би талийгаач Д яллагдагч Н нарт ажлаа сайхан гоё хийж байна гэж урмын үг хэлэхэд Лхамаа эгчээ бид хоёр ингэсгээд ажлаасаа буулаа гэж ярихаар нь тэг тэг гэж хэлсэн.

Би ажилчдынхаа ажлыг шалгачихаад оройн 21 цаг өнгөрөөгөөд 1-р хороололд байрлах гэр лүүгээ ирээд хувцсаа тайлах гэж байхад төрсөн хүү Т нь залгаад ээжээ хурдан ир Н ах эд нарын хооронд юм болсон юм шиг байна гэж хэлэхээр нь шууд л гэрээсээ гараад Баянгол дүүргийн 6-р хороонд байрлах барилга дээрээ ирэхэд цагдаа нар ирээд манай барилга руу ороод үзлэг хийж байх шиг байсан ингээд би барилга руу ороод юу болсон талаар асуухад Доржсүрн хутгалуулаад нас барсан ах Н нь би тэгээгүй шүү би тэгээгүй гээд орилоод байж байсан..” гэх мэдүүлэг /1-р хх-н 67-68/,

 

Мөрдөн байцаалтад шинжээч Ц.Оюун-Эрдэний өгсөн:

“...Талийгаачийн биед учирсан шарх нь зүүн чихнээс 5 см зайд хүзүүний зүүн хажуу дээд хэсэгт байрласан байсан ба босоо болон хагас суугаа байрлалд баруун гараар хутга бариад доош харж унах үед хүзүүний урд дээд хэсэг, цээж хэвлий зэрэг биеийн урд хэсгүүдэд биеийн хойш чиглэлтэй үүсэх боломжтой. Тэгэхээр амь хохирогчийн биед үүссэн гэмтэл нь баруун гартаа хутга барьж байгаад доош харж унах үед үүсэх боломжтой. Өөрийн биед уг гэмтлийг үүсгэх боломжгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-н 91-92/,  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн ___ тоот:

1. Талийгаачийн цогцост хүзүүний зүүн хэсгээс зүүн талын гүрээний тараагуур тасарч, хүзүүний 4,5-р нугалам хооронд жийргэвч мөгөөрс гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Талийгаач нь гүрээний тараагуур судас гэмтээсэн шархны улмаас хурц алдалт, цус алдалтын шоконд орж нас баржээ.

3. Дээрхи гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Талийгаач нь В III бүлгийн цустай байна.

5. Талийгаачийн цусанд 2,3% промилли спиртийн агууламж илэрсэн.

6. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

7. Талийгаачид тогтоогдсон дээрхи гэмтэл нь өөрийн гараар үүсгэгдэх боломж багатай гэмтэл байна. Талийгаачийн хүзүүний зүүн хажуу дээд хэсэг, зүүн чихний омгоос 5см зайд зүүн талын гүрээний тараагуур тасарч, хүзүүний 4,5-р нугалам хооронд жийргэвч мөгөөрс гэмтээсэн хатагдаж зүсэгдсэн шарх нь дээрээс доош, зүүнээс баруун тийш чиглэлтэй, нэвтэрсэн шархны гүн нь 10.5 см гүнтэй байна гэх дүгнэлт /1-р хх-н 79-81/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 65 тоот:

1. Д.Н- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

2. Д.Н- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. Д.Н- нь мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Д.Н- нь хэрэг хариуцах чадвартай байна.

5. Д.Н- нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлан жолоодох чадвартай байсан байна гэх дүгнэлт /1-р хх-н 134-135/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Криминалистикийн шинжээчийн 336 тоот:

1. Шинжилгээнд ирүүлсэн Дийн Нгийн гарын хээний дардас адилтгалын шинжилгээнд тэнцэнэ.

2. Дийн Нгий гарын хээний дардас Гарын хээний нэгдсэн санд 2019-471-БГД гэсэн бүртгэлийн дугаартай 2019.11.09-ний өдөр БЗД-ийн 14-р хороо Консул 5-147 тоотод хулгай орсон гэх хэргийн 1 ширхэг гарын мөртой тохирч байна.

3. Дийн Нгийн гарын хээний дардас Гарын хээний нэгдсэн санд 11711, MN003510004666, MN004200002713, MN0000САН09289 гэсэн бүртгэлийн дугааруудаар тус тус бүртгэгдсэн байна гэх дүгнэлт /1-р хх-н 137-138/,  

 

            - хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-н 5-13, 227-230/,

- цогцосны үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-н 14-17/,

- хутганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-н 18-19/,

- эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт /1-р хх-н 249-250, 2-р хх-н 3/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 179/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 190/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Д.Н- нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны орой 23 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 114 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын 2 давхарт Д овогтой Дг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, хүзүүн тус газарт нь хутгалж хүзүүний зүүн хэсгээс зүүн талын гүрээний тараагуур тасарч, хүзүүний 4,5 дугаар нугалам хооронд жийргэвч мөгөөрс гэмтсэн, хатгагдсан шарх гэмтэл учруулсан алсан,

Мөн 2019 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 5-147 тоотод оршин суух иргэн Б.Х-ын гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч хөөрөг 1 ширхэг, зурагт 1 ширхэг, гутал 3 ширхэг, дээл 2 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, орны даавуу 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 3,071,940 /гурван сая далан нэгэн мянга есэн зуун дөчин/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Д.Н-гийн “...Д миний баруун талын хөлөн дээр хавсраад би хутгатай гарыг нь барьчихсан байсан болохоор намайг унахад Д дээрээс миний цээжнээс доогуурхан татагдаад уначихсан. Тэгэхэд миний нүүрлүү нойтон юм үсрээд би гараараа арчаад хартал цус байхаар нь би дээш өндийгөөд босоход Д бас дээр өндийгөөд босоод ирсэн. Тэгэхэд Дгийн хүзүүнээс цус гарч байхаар нь би Дг хөдлөхгүй байж байгаарай гэж хэлээд өргөөд хувцасныхаа хажууд тавиад үүд рүү гүйгээд гарахад нярав Т шатаар өгсөж гарч ирж байсан юм. Тэгээд түргэн дуудаарай болохоо байлаа гэж хэлчихээд эргээд дүү дээрээ явж очоод хүзүүн дээр нь дараад байж байтал араас Тамжидцоож яасан бэ гээд ороод ирэхээр нь түргэн дуудаачээ гэж хэлээд Т түргэн дуудсан. Тэгээд түргэн ирэх хооронд дүү маань нас барчихсан юм.

...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан эрүүгийн хэрэгт буруутгаж яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед би хулгай хийхдээ согтуу байсан болохоор зарим зүйлийг сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг,   

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н-гийн “...2019 оны 12 дугаар сарын 26-наас 27-ныг шилжих шөнө 01 цагийн үед байсан байх манай дүү Д над руу утсаар яриад Дг нас барсан байна гэж цагдаагаас ярьж байна гэж хэлээд би цагдаагийн байгууллага дээр ирээд ийм хэрэг болсон талаар мэдсэн...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Б.Х-ын “...2019 оны 11 дүгээр сарын 03-нд 09:15 цагт гэрт ирээд хартал манай монгол гэрийн хаалга цоож эвдэж хулгай орсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг,    

 

гэрч Б.Тийн “...Н хоёрдугаар давхрын баруун хойд өрөөнөөс коридор хэсэгт гарч ирээд надад хандан ахын дүү түргэн дуудаарай гэж хэлчихээд буцаад өрөө рүүгээ гүйгээд орчихоор нь би яасан юм бол гэж бодоод араас нь гүйгээд өрөө рүү нь ортол Н Дгийн толгой хэсгийг өвөр дээрээ тавьчихсан хүзүү хэсгийг нь гараараа дарчихсан Дгийн хүзүүнээс нь цус гараад байгаа бололтой нил цус болчихсон байсан. ...Тэгээд 23 цаг 27 минутанд түргэн тусламж ирээд түргэний эмчийг дагуулаад нөгөө хоёрын өрөө рүү орох гэтэл Н ах өөдөөс гарч ирээд өнгөрчихлөө та нар цаанаа байж бай гэж хэлсэн тэгэхэд араас цагдаа нар ороод ирсэн юм...” гэх мэдүүлэг,

 

гэрч Т.Цгийн “...Т бид хоёр Нгийн араас нь очиж өрөө рүү шагайж харахад Н, Дг өвөр дээрээ толгой хэсгийг нь тавьчихсан шалан дээр сууж байх шиг байсан...” гэх мэдүүлэг,

            гэрч С.А-ын “...Т 2 давхраас бууж ирээд А ахаа Н ах бөөн цус болсон байна түргэн дуураарай гэхээр нь Тийн хамт 2 давхрын баруун хойд буланд 00-н өрөөний плита нааж байсан өрөө рүү ороход Н талийгаач Дгийн хүзүүн дээр гараараа дарсан, дарсан хэсгээс цус гарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч С.А-ын “...Т гүйж ирээд А ахаа дээшээ гараарай Н ах цус болсон түргэн тусламж дуудаарай гээд ирсэн. Тэгэхээр нь би 2 давхар луу гарсан чинь түргэн туслам дуудаарай гэхээр нь гар утсаа аваад цагдаагийн байгууллага руу залгасан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Д.Оы “...Н плита нааж байсан өрөөнийхөө хажуу талд дүү Дг өвөр дээрээ тавьсан хүзүүн дээр нь дарсан байдалтай байж байсан их цус гарсан байсан. 

...Намайг ороход маш их цус гарсан байхаар нь яасан юм бэ гэж Наас асуухад ийм юм болчихлоо гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч А.Лгийн “...гэр лүүгээ ирээд хувцсаа тайлах гэж байхад хүү Т нь залгаад ээжээ хурдан ир Н ах эд нарын хооронд юм болсон юм шиг байна гэж хэлэхээр хувцсаа тайлах гэж байсан хүн чинь шууд л гэрээсээ гараад Баянгол дүүргийн 6-р хороонд байрлах барилга дээрээ ирэхэд цагдаа нар ирээд манай барилга руу ороод үзлэг хийж байх шиг байсан ингээд би барилга руу ороод юу болсон талаар асуухад Д хутгалуулаад нас барсан ах Н нь би тэгээгүй шүү би тэгээгүй гээд орилоод байж байсан...” гэх мэдүүлэг,

 

шинжээч Ц.Оюун-Эрдэний “...Талийгаачийн биед учирсан шарх нь зүүн чихнээс 5 см зайд хүзүүний зүүн хажуу дээд хэсэгт байрласан байсан ба босоо болон хагас суугаа байрлалд баруун гараар хутга бариад доош харан унах үед хүзүүний урд дээд хэсэг, цээж хэвлий зэрэг биеийн урд хэсгүүдэд биеийн хойш чиглэлтэй үүсэх боломжтой. Тэгэхээр амь хохирогчийн биед үүссэн гэмтэл нь баруун гартаа хутга барьж байгаад доош харж унах үед үүсэх боломжтой. Өөрийн биед уг гэмтлийг үүсгэх боломжгүй...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн ___ тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Криминалистикийн шинжээчийн 336 тоот дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, цогцосны үзлэг хийсэн тэмдэглэл, хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Н-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Д.Н-г хүнийг алах гэмт хэрэг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Амь хохирогч Д.Дгийн хууль ёсны төлөөлөгч Д.Н-гийн “...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-н 39-40/-ийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн хувьд 1-р хавтаст хэргийн 250-р хуудас, 2-р хавтаст хэргийн 3 дугаар хуудаст авагдсан эд зүйлийн үнэлгээ хийсэн баримтад үндэслэж шүүгдэгч Д.Н-гаас 3,071,940 төгрөг гаргуулж, хохирогч Б.Х-т олгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

   Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Д.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 02 жил 05 сар хорих ял оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нийт 10 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргасан бөгөөд хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа зэргийг харгалзан шүүгдэгч Д.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 08 /найман/ жил хорих ял,

   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 02 /хоёр/ жил 05 /таван/ сар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Н-д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 08 /найман/ жил хорих ялд,

   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 02 /хоёр/ жил 05 /таван/ сар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Д.Н-гийн эдлэх ялыг 10 /арван/ жил 05 /таван/ сараар тогтоож шийдвэрлэлээ. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон,  3,071,940 төгрөгийн хохирлыг хохирогч Б.Х-т учруулсан хохирол хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-ы цагдан хоригдсон 88 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тоолж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлсийг устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

   1. Шүүгдэгч Д.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  2. Шүүгдэгч Д.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 08 /найман/ жил хорих ял,

   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 02 /хоёр/ жил 05 /таван/ сар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Н-д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 08 /найман/ жил хорих ялд,

   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 02 /хоёр/ жил 05 /таван/ сар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Д.Н-гийн эдлэх ялыг 10 /арван/ жил 05 /таван/ сараар тогтоосугай.

 

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Д.Н-д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

           

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-гийн цагдан хоригдсон 88 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Н-гаас 3,071,940 төгрөг гаргуулж, хохирогч Б.Х-т олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлсийг устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.  

 

8. Шүүгдэгчийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Н-д авсан цагдан хорих тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

   ШҮҮГЧИД                                                  С.БОЛОРТУЯА

 

 

 Ц.ДАЙРИЙЖАВ