Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 610

 

                                                                                   

Д.Нд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Д.Мягмаржав, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Жаргал,  

шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,  

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, даргалж, шүүгч С.Болортуяа, Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 285 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Нгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 1906068270264 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

суллагдсан;

 

Шүүгдэгч Д.Н нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны орой 23 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 114 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын 2 давхарт Дашдондог овогтой Доржсүрэнг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, хүзүүн тус газарт нь хутгалж, хүзүүний зүүн хэсгээс зүүн талын гүрээний тараагуур тасарч, хүзүүний 4,5 дугаар нугалам хооронд жийргэвч мөгөөрс гэмтсэн, хатгагдсан шарх гэмтэл учруулж алсан,

2019 оны 11 дүгээр сарын 02-ноос 3-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 5-147 тоотод оршин суух иргэн Б.Хатанбаатарын гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч хөөрөг 1 ширхэг, зурагт 1 ширхэг, гутал 3 ширхэг, дээл 2 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, орны даавуу 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 3,071,940 /гурван сая далан нэгэн мянга есэн зуун дөч/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас:

Д.Нгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

            Шүүгдэгч -г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Д.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 5 сар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Нд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 5 сар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Д.Нгийн эдлэх ялыг 10 жил 5 сараар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Д.Нд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нгийн цагдан хоригдсон 88 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Нгаас 3,071,940 төгрөг гаргуулж, хохирогч Б.Хатанбаатарт олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлсийг устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгчийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэсэн байна. 

 

Шүүгдэгч Д.Н нь давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн Б.Хатанбаатарт 3 сая 71 мянган төгрөгийн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэгт буруутгаж, 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн. Би энэ зүйл ангийн хүлээн зөвшөөрөхгүй, гомдолтой байна. Хувийн таарамжгүй харилцаанаас болж дүүгийнхээ амь насыг хохироосон гэмт хэрэгт буруутгагдаж, олон жилийн хорих шийтгэгдлээ. Би 2 дүү, 2 эгчтэй тэднийхээ хэнтэй нь ч таарамжгүй харилцаатай байгаагүй. 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр бид хоёр хоорондоо хэрэлдэж, муудсан зүйл болоогүй. Прокурор болон анхан шатны шүүх яг юуг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэгт буруутгаж байгааг ойлгохгүй байна.

Тухайн хэрэгт миний буруутай үйлдэл гэвэл “би дүүгээ хутга аваад гарахад нь урдуур нь орж, хутгыг нь авах гэж ноцолдсоны улмаас хутган дээрээ унаж гэмтэл учирсан нь үхэлд шалтгаан болсон. Би хутгатай гарнаас нь зууралдаж унасан, дүү минь миний дээрээс унасан. Дүү согтуу байсан болохоор унахдаа ямар ч мэдрэмжгүй жингээрэй хүчтэй унасан. Дүүгийн маань үхэлд хүргэсэн гэмтэл бол хүзүүний зүүн дээд хэсэгт гарсан гэмтэл байна гэх шинжээч эмчийн дүгнэлт байна. Амь хохирогчийн биед үүссэн гэмтэл нь баруун гартаа хутга барьж байгаад доош харж унах үед боломжтой гэсэн байгаа. Үүнийг прокурор болон шүүх нарийн сайн тогтоож өгөөгүй. Мөн гэрч Тамжиддоржийн мэдүүлэг нь намайг дүүтэйгээ хувийн таарамжгүй харилцаанаас болж дүүгийнхээ амь насыг хохироосон гэж үзэх хангалттай нотлох баримт болохгүй гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл гэрч Тамжиддорж нь тухайн хэрэг болох бүхий л хугацаанд хажууд байсан юм шиг мэдүүлэг өгсөн байна. Тамжиддорж нь 103 дуудлага өгөхдөө зодоон болоод байна гэж дуудлага өгсөн байдаг. Мөн гэрч Отгон дээр очоод плитаны хоёр нэгнийгээ хутгалчихлаа гэж хэлсэн байгаа. Тэгэхээр гэрч Тамжиддорж хэрэг болох үед хажууд байж болсон бүх явдлыг харсан ганц гэрч болж таарч байна. Иймд гэрч Тамжиддоржоос дахин мэдүүлэг авахуулмаар байна. Мөн шүүх болон прокурор нь хуулийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тогтоогоогүй байгаа нь миний эрх зүйн байдлыг дордуулж байна. Мөн дүү бид хоёрыг тухайн өдөр маргалдаж, муудалцан зодоон цохион хийсэн бол яг хажуу талын өрөөнд замаск хийж байсан Цэвэлмаа гэх залууд сонсогдох байсан. Тэр хүн хамгийн ойр, хэдхэн метрийн цаана л байсан юм. Талийгаач бид хоёроос өөр хүн байгаагүй болохоор дүүгээ хутгалж алсан гэмт хэрэгт тулгаж байгаа юм уу, ойлгохгүй байна. Хэргийн газраас авсан талийгаачийн хутган дээр миний хурууны дардас илрээгүй. Тэгэхээр би  хутганд хүрээгүй нь нотлогдож байна.

Талийгаачийн биед үүссэн шархны гүн нь 10,5 см байна гэх дүгнэлт байна. ...Бидний хоол хийдэг хутганы хэмжээ нилээд том байсан. Урт бас өргөн. Ийм хэмжээтэй ороход хүний хүзүү, хоолой бүр тасрах хэмжээнд хүрэхээр тийм хэмжээ байсан. Би дүүгийнхээ шархыг гараараа дараад сууж байсан. Хутганы ир хаашаа харсаныг мэдэхгүй ч ямар хэмжээний гэмтэл үүссэнийг сайн харсан. Иймд 1 дүгээр хавтас хэргийн 79-81 дүгээр талд байгаа шинжээчийн дүгнэлтийг дахин шалгаж өгнө үү.  

 Шүүгдэгч Д.Н би удаа дараа хулгайн хэрэгт шийтгэгдэж, хорих ял шийтгүүлж байсан нь үнэн.

Энэ хэрэг нь санаатай болон болгоомжгүй ямар байдлаар үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэх эсэхийг хянан хэлэлцэж, үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.

Мөн миний эрүүл мэндийн байдал муу байгаа буюу элэг өвчилсөн. Хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн боловч бүрэн гүйцэт эмчлэгдээгүй, мөн нурууны суулттай, уушигны архаг бронхит зэрэг хорих ангийн нөхцөлд бүрэн эмчлэгдэх боломжгүй эрүүл мэндийн байдал хэвийн бус байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Д.Нгийн өмгөөлөгч Л.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хулгайн гэмт хэрэг дээр маргаагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Амь хохирогчтой шүүгдэгч нь ах дүүгийн холбоотой. Шүүгдэгч Д.Н “тухай өдөр таарамжгүй харилцаа байгаагүй, би дүүгээ санаатай алаагүй, энэ бол болгоомжгүй үйлдэл” гэдэг. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэм буруу дээрээ маргаагүй. Давж заалдах шатны шүүхээр хэргээ үнэн зөвшөөр шийдвэрлүүлмээр байна гэдэг. Тухайн цаг хугацаанд амь хохирогч бусдыг айлган сүрдүүлэх зорилгоор хутга бариад гарах гэхэд нь Д.Н болиулах гэж ноцолдсон. Тэгээд унах явцдаа амь хохирогч хүзүүндээ гэмтэл авч нас барсан байдаг. Үүнийг шүүгдэгч Д.Н анхнаасаа тогтвортой мэдүүлж ирсэн. Амь хохирогч тухайн үед агсам тавьж, зүй бус үйлдэл гаргасан байдаг. Түүнийг нь шүүгдэгч Д.Н таслан зогсоох зорилгоор ноцолдсон. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл дээр Д.Нгийн зүүн шанаа халцарсан байсан гэсэн байдаг. Мөн үүнд нь шинжээчийн дүгнэлт гарсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нарантуяа нь шүүгдэгч болон амь хохирогч хоёр ямар харилцаатай байсан болон гомдол саналгүй талаараа тодорхой мэдүүлсэн. Зодоон маргааныг шууд харсан гэрч байдаггүй. Шүүгдэгч Д.Нгийн зүгээс болгоомжгүй гэмт хэрэг гэдэг үүнийг нь үгүйсгэх нотлох баримт хавтас хэрэгт харагдахгүй байна. 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр гарсан шинжээчийн дүгнэлтэд “уг гэмтэл нь өөрийн гараар үүсгэгдэх боломж багатай гэмтэл байна” гэсэн байна. Уг дүгнэлтээс харахад “өөрийн гараар үүсгэх боломж байхгүй гэсэн үг биш” гэх эргэлзээ төрүүлээд байдаг. Улсын Дээд шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 242 дугаартай тогтоолд  “хохирогчийн амь насыг хохироохыг шүүгдэгч өөрөө хүсээгүйгээс гадна, амь насанд нь аюултай үйлдэл хийж байгаагаа мэдэх ёстой боловч мэдээгүй, хайхрамжгүй хандсанаар гэмт хэрэг үйлдсэн бол бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцно” гэж тайлбарласан. Хавтас хэрэгт эргэлзээ бүхий баримтууд байгаа тул шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлж зүйлчилж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Б.Жаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтас хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг зэргээс харахад талийгаач өөртөө гэмтэл учруулсан байх боломжгүй харагдаж байна. Мөн анхан шатны шүүх хуралдааны үед шүүгдэгч Д.Н нь “дүүгийн үхэлд миний буруутай үйлдэл байгаа” гэж мэдүүлсэн. Эдгээр баримтуудыг үндэслээд анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэрлэсэн. Иймд шүүгдэгч Д.Нгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Шүүгдэгч Д.Н нь:

1.  2019 оны 12 дугаар сарын 26-ны орой 23 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 114 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын 2 давхарт Дашдондог овогтой Доржсүрэнг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, хүзүүн тус газарт нь хутгалж, хүзүүний зүүн хэсгээс зүүн талын гүрээний тараагуур тасарч, хүзүүний 4,5 дугаар нугалам хооронд жийргэвч мөгөөрс гэмтсэн, хатгагдсан шарх гэмтэл учруулж алсан болох нь:

 

гэрч Б.Тамжиддоржийн: “...Би Д.Доржсүрэн, Д.Наран нартай төрөл садангийн ямар нэг холбоо байхгүй. ...2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ...21 цаг 30 үед байсан байх барилгын урд талын өрөөний аваарын шатыг шалгачихаад нэг давхар руу буух гээд явж байхад Начин хурдан ажлаа хийчихээд явъя л даа п.. минь ээ хөөш гээд ууртай зандарсан байдалтай хашгирах чимээ сонсогдсон, би ч нэг их юм бодолгүй доошоо буусан. ... 22 цаг 58 цаг минутад гарч явахад нь гаргаж өгчихөөд хаалгаа хааж дотроос нь түгжээд, утасныхаа цагаа харчихаад, дээшээ хоёрдугаар давхарт гараад хоёрдугаар давхарын зүүн хойд талын том өрөөний үүдэн хэсэгт Цэвэлмаа ах таазны замаск хийж байхад очоод таазыг нь харж зогсоод ойролцоогоор 4 минут орчим болж байтал Начин хоёрдугаар давхарын баруун хойд өрөөнөөс коридор хэсэгт гарч ирээд надад хандан ахын дүү түргэн дуудаарай гэж хэлчихээд буцаад өрөө рүүгээ гүйгээд орчихоор нь би яасан юм бол гэж бодоод араас нь гүйгээд өрөө рүү нь ортол Начин Доржсүрэнгийн толгой хэсгийг өвөр дээрээ тавьчихсан хүзүү хэсгийг нь гараараа дарчихсан Доржсүрэнгийн хүзүүнээс цус гараад байгаа бололтой нил цус болчихсон байхаар нь дуудлага өгсөн. ...” /1 хх 42-43/,

гэрч Т.Цэвэлмаагийн: “...дээшээ хоёрдугаар давхарт гараад зүүн хойд булангийн өрөөний таазны хоёрдугаар үеийн замаскыг татаад байж байтал Тамжиддорж 23 цагийн үед ажлаа дуусаж байна уу гэж асууж ирээд байж байтал цаанаас Начин плита нааж байсан өрөөнөөсөө коридорт гарч ирээд түргэн дуудаарай гэж хашгирчихаад буцаад орчихсон. Тамжиддорж бид хоёр Начингийн араас нь очиж өрөө рүү шагайж харахад Начин, Доржсүрэнг өвөр дээрээ толгой хэсгийг нь тавьчихсан шалан дээр сууж байх шиг байсан. Тухайн үед тэр өрөө бүдэг гэрэлтэй, нойлын өрөөний гэрлээр өрөө гэрэлтэж байсан болохоор би сайн нягталж хараагүй. ...” /1 хх 51-52/,

гэрч С.Анхбаярын: “...Тамжиддорж 2 давхраас бууж ирээд Анхаа ахаа Начин ах бөөн цус болсон байна түргэн дуудаарай гэхээр нь Тамжиддоржийн хамт 2 давхарын баруун хойд буланд 00-н өрөөний плита нааж байсан өрөө рүү ороход Начин талийгаач Доржсүрэнгийн хүзүүн дээр гараараа дарсан, дарсан хэсгээс цус гарсан байдалтай байсан ба цагдаа, түргэн тусламж дуудаарай гэж орилсон. ...” /1 хх 53-54, 1 хх 56-57/,

гэрч Д.Отгоны: “...Намайг ороход маш их цус гарсан байхаар нь яасан юм бэ гэж Начингаас асуухад ийм юм болчихлоо гэж хэлж байсан...” /1 хх 58-60/,

шинжээч Ц.Оюун-Эрдэнийн: “...Талийгаачийн биед учирсан шарх нь зүүн чихнээс 5 см зайд хүзүүний зүүн хажуу дээд хэсэгт байрласан байсан ба босоо болон хагас суугаа байрлалд баруун гараар хутга бариад доош харж унах үед хүзүүний урд дээд хэсэг, цээж, хэвлий зэрэг биеийн урд хэсгүүдэд биеийн хойш чиглэлтэй үүсэх боломжтой. ... Өөрийн биед уг гэмтлийг үүсгэх боломжгүй...” /1 хх 91-92/ гэх мэдүүлгүүд,

 

 Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн “...1. Талийгаачийн цогцост хүзүүний зүүн хэсгээс зүүн талын гүрээний тараагуур тасарч, хүзүүний 4,5-р нугалам хооронд жийргэвч мөгөөрс гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Талийгаач нь гүрээний тараагуур судас гэмтээсэн шархны улмаас хурц алдалт, цус алдалтын шоконд орж нас баржээ. 3. Дээрхи гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Талийгаач нь В III бүлгийн цустай байна. 5. Талийгаачийн цусанд 2,3% промилли спиртийн агууламж илэрсэн. 6. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 7. Талийгаачид тогтоогдсон дээрхи гэмтэл нь өөрийн гараар үүсгэгдэх боломж багатай гэмтэл байна. Талийгаачийн хүзүүний зүүн хажуу дээд хэсэг, зүүн чихний омгоос 5см зайд зүүн талын гүрээний тараагуур тасарч, хүзүүний 4,5-р нугалам хооронд жийргэвч мөгөөрс гэмтээсэн хатагдаж зүсэгдсэн шарх нь дээрээс доош, зүүнээс баруун тийш чиглэлтэй, нэвтэрсэн шархны гүн нь 10.5 см гүнтэй байна. ...” гэх 174 дугаартай дүгнэлт /1 хх 79-81/,

 Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “...1. Д.Н нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 2. Д.Н нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 3. Д.Н нь мэдүүлэг өгөх чадвартай байна. 4. Д.Н нь хэрэг хариуцах чадвартай байна. 5. Д.Н нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлан жолоодох чадвартай байсан байна. ...” гэх 65 дугаарт дүгнэлт /1-р хх-н 134-135/ зэргээр,

 

2. 2019 оны 11 дүгээр сарын 02-ноос 3-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 5-147 тоотод оршин суух иргэн Б.Хатанбаатарын гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч хөөрөг 1 ширхэг, зурагт 1 ширхэг, гутал 3 ширхэг, дээл 2 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, орны даавуу 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 3,071,940 төгрөгийн хохирол учруулсан болох нь:  

 

хохирогч Б.Хатанбаатарын: “...2019 оны 11 дүгээр сарын 3-нд 09:15 цагт гэрт ирээд хартал манай монгол гэрийн хаалга, цоож эвдэж хулгай орсон байдалтай байсан. Ааваас уламжлан ирсэн цагаан өнгийн хаш чулуун хөөрөг, уг хөөрөг, товгор луун хээтэй, хиймэл шүрэн толгойтой, гуйлан нуух, гуйлан халбагатай хөөрөг байсан. Уг хөөргийг 3-4 жилийн өмнө хүнд үзүүлэхэд бэлэн 7,000,000 төгрөгөөр худалдан авна гэж байсан. Уг хөөргийг 8,000,000 төгрөгөөр үнэлж байна, 2018 онд 9 дүгээр сарын 11-ний өдөр Арина худалдааны төвөөс Хаан банкны лизингээр 899,900 төгрөгөөр худалдан авч байсан Finlux загварын 50 инчийн дэлгэцтэй хар өнгийн Led зурагт, 3-4 жилийн өмнө бэлгэнд ирж байсан дунд гарын мөнгөн аяга, уг аягыг 170,000 төгрөгөөр үнэлж байна. Гурван жилийн өмнө Нарантуул захаас 650,000 төгрөгөөр худалдан авч байсан орос хромон гутал, эхнэрийн 2019 оны 2 дугаар сард 150,000 төгрөгөөр худалдан авсан түрийтэй өвлийн гутал, 2019 оны 10 дугаар сард 85,000 төгрөгөөр худалдан авсан төмөр хоншоортой богино түрийтэй гутал, 10 литрийн жижиг ширмэн тогоо, ор хөнжлийн даавуу, савхин бээлий, набор, дарс зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” /1 хх 236-237/ гэх мэдүүлэг,   

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 6-ны өдрийн Криминалистикийн шинжээчийн “...1. Шинжилгээнд ирүүлсэн Дашдондогийн Начингийн гарын хээний дардас адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. 2. Дашдондогийн Начингийн гарын хээний дардас Гарын хээний нэгдсэн санд 2019-471-БГД гэсэн бүртгэлийн дугаартай 2019.11.09-ний өдөр БЗД-ийн 14-р хороо Консул 5-147 тоотод хулгай орсон гэх хэргийн 1 ширхэг гарын мөртэй тохирч байна. 3. Дашдондогийн Начингийн гарын хээний дардас Гарын хээний нэгдсэн санд 11711, MN003510004666, MN004200002713, MN0000САН09289 гэсэн бүртгэлийн дугааруудаар тус тус бүртгэгдсэн байна. ...” гэх 336 дугаартай дүгнэлт /1 хх 137-138/, 

Шинжээч, хохирогч Б.Хатанбаатарын хулгайд алдсан эд зүйлүүдийг нийт 3,071,940 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /1 хх 249- 2 хх 3/

 Д.Нгийн хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /2 хх 22, 55/ зэрэг нотлох баримтуудаар нотлогджээ.

 

Шүүгдэгч Д.Н нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас дүү Д.Доржсүрэнгийнхээ хүзүүн тус газарт нь хутгалж, уг хутгалалтаас Д.Доржсүрэнгийн хүзүүнд хүзүүний зүүн хэсгээс зүүн талын гүрээний тараагуур тасарч, хүзүүний 4,5-р нугалам хооронд жийргэвч мөгөөрс гэмтсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл учирч, уг гүрээний тараагуур судас гэмтээсэн шархны улмаас Д.Доржсүрэн нь хурц алдалт, цус алдалтын шоконд орж нас барсан байх ба Д.Нгийн тус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...хүнийг алсан...” гэсэн гэмт хэргийн шинжтэй байна.

 

Мөн Д.Нгийн иргэн Б.Хатанбаатарын монгол гэрийн цоожийг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 3,071,940 төгрөгийн үнэ бүхий хөөрөг 1 ширхэг, зурагт 1 ширхэг, гутал 3 ширхэг, дээл 2 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, орны даавуу 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “...Хулгайлах...” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар,  хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн...” шинжтэй байна.

 

Д.Нгийн үйлдсэн гэмт хэргүүдийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хэргийг зөв зүйлчилсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Д.Нд холбогдох 2005000260012 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Д.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ял оногдуулсан нь хохирогчийн хууль ёсын төлөөлөгч Д.Нарантуяагийн: “...Начин, Доржсүрэн нар нь хоорондоо их найртай хүмүүс байсан ба урьд өмнө муудалцаж байгаагүй. Хоорондоо ямар нэг өс хонзон өр авлага байгаагүй. Начин их өр зөөлөн байдаг өөрийн дүүдээ ч гэлтгүй бусдад их өрөвч сэтгэлээр ханддаг өөрөө урьд нь гэмт хэрэгт холбогдож байсан болохоор их гэмшдэг байсан. Харин Доржсүрэнгийн хувьд архи уухаараа жаахан ширүүн ааштай болчихдог ам хэлээрээ ална тална гээд агсам тавиад байдаг гэхдээ элдэв янз болж байгаагүй хүн байсан юм. Би өөрийн дүү Дуламсүрэнтэй ярилцаж шийдвэр гаргасан байгаа ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” /1-р хх 39-40/ гэсэнд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 5 сар хорих ял тус тус шийтгэж шийдвэрлэсэн нь түүний хувийн байдал байдалд тус тус тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ. 

 

Д.Нгаас түүний үйлдсэн “Хулгайлах” гэмт хэргийн хохирол 3,071,940 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Хатанбаатарт олгохоор шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Шүүгдэгч Д.Н нь “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Бидний хооронд таарамжгүй харьцаа байгаагүй...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Хэрэг болох цаг хугацаанд шүүгдэгч Д.Н нь дүү буюу амь хохирогч Д.Доржсүрэнтэй ажлын гүйцэтгэлээс шалтгаантайгаар маргалдсан нь:

Д.Доржсүрэн уурласан талаар Д.Нгийн өөрийнх нь мэдүүлсэн мэдүүлэг  /1 хх 170-171/,

гэрч Б.Тамжиддоржийн “...Би Д.Доржсүрэн, Д.Наран нартай төрөл садангийн ямар нэг холбоо байхгүй.  ... аваарын шатыг шалгачихаад нэг давхар руу буух гээд явж байхад Начин хурдан ажлаа хийчихээд явъя л даа п... минь ээ хөөш гээд ууртай зандарсан байдалтай хашгирах чимээ сонсогдсон, би ч нэг их юм бодолгүй доошоо буусан...” /1 хх 42-43/ гэсэн мэдүүлгээр тогтоогдсон тул хувийн таарамжгүй харьцаанаас шалтгаантайгаар хүнийг алах гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзнэ.

 

Мөн Д.Н нь “...ахдаа хутгаа өгчих гээд хутгатай гарыг нь бариад автал Доржсүрэн миний баруун хөлөн дээр хавсраад би хутгатай гарыг нь барьчихсан байсан болохоор намайг унахад Доржсүрэн миний цээжнээс доогуур татагдаад уначихсан. Тэгэхэд миний нүүр рүү нойтон юм үсрээд... ...Би ерөөсөө хутганд хүрээгүй баруун гартаа хутга барьчихсан байхад нь бугуйнаас нь барьчихсан. Тэгэхэд миний гарыг тавиулан нааш цааш татаж байгаад намайг хавсраад унагаасан. Би хутгатай гарыг нь тавиагүй байсан болохоор миний дээрээс татагдаад уначихсан, тэгэхэд л хутга нь орчихсон байх... ...Би дээшээ харж унасан. Доржсүрэн миний дээрээс доош харж унасан...” / 1 хх 170/ гэж, Д.Доржсүрэн гартаа хутга барьж байсан ба унахад уг гэмтэл үүссэн мэтээр мэдүүлжээ.

 

Гэтэл шинжээчийн үзлэгээр “...хүзүүний зүүн хажуу дээд хэсэгт 3.4х1.3см хэмжээтэй ир тал нь арагш, мөр тал нь ур талдаа үүссэн хөндлөн байрлалтай, зоондолж үзэхэд дээрээс доош, зүүнээс баруун ардаас урагш чиглэлд хагас ташуу 6.5см хэмжээтэй гүн хатгагдсан, уг шарх зүүн чихний омгоос 5см, зүүн хөлний улнаас дээш 147 см-т хатгагдсан...” гэж хутганы орсон чигийг  “...дээрээс доош, зүүнээс баруун ардаас урагш чиглэлд хагас ташуу 6.5см хэмжээтэй гүн хатгагдсан...”,

Амь хохирогчийн цогцост уг үзлэгийг хийж гаргасан Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 174 дугаартай дүгнэлтээр “...Талийгаачид тогтоогдсон дээрхи гэмтэл нь өөрийн гараар үүсгэгдэх боломж багатай.  ...зүсэгдсэн шарх нь дээрээс доош, зүүнээс баруун тийш чиглэлтэй...” гэж тогтоогджээ.

 

Амь хохирогчийн биед учирсан шархны байрлал, шархны чиглэл, хутган дээр хохирогчийн гарын хээ илрээгүй зэргээс дүгнэхэд уг гэмтлийг амь хохирогч өөрөө өөртөө учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Д.Нгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн шийтгэх тогтоолыг нь хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.  

 

Анхан шатны шүүх Д.Нгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргүүдэд оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэж, нийт эдлэх ялын хэмжээг тогтоохдоо эдлэх ялын төрлийг орхигдуулсан бичсэнийг зөвтгөсөн өөрчлөлтийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт оруулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 285 дугаартай шийтгэх тогтоолын:

 

тогтоох хэсгийн 3 дахь заалтад  “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Нд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 5 сар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Д.Нгийн эдлэх ялыг 10 жил 5 сараар тогтоосугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жил 5 сар хорих ялыг нэмж нэгтгэн Д.Нгийн нийт эдлэх ялыг 10 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай. ...” гэж  өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч Д.Нгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.АЛДАР

                      ШҮҮГЧ                                                              Д.МЯГМАРЖАВ

                      ШҮҮГЧ                                                              Д.ОЧМАНДАХ