Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 128/2015/0926/з |
Дугаар | 232 |
Огноо | 2016-06-27 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 232
“Хэмжээшгүй орд” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Ч.Тунгалаг, П.Соёл-Эрдэнэ, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтайван нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 109 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2016/0239 дүгээр магадлалтай, “Хэмжээшгүй орд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч “Хэмжээшгүй орд” ХХК-ийн захирал Ж.Цэдэндаш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани нь Хэнтий аймгийн Батноров, Баян-Овоо сумдын нутаг дахь “Тавт” нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч, цахимаар өргөдлийн дугаар авч, бүртгэгдсэн.
Гэтэл Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс манай компанийн өргөдлийг хянаад “Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, талбайн хэлбэр хуулийн шаардлага хангаагүй, олон өнцөгт үүсгэсэн хэлбэртэй байна” гэсэн хариу өгсөн.
“Хэмжээшгүй орд” ХХК-аас Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст өргөдөл гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан журмын дагуу мөн хуулийн 17 дугаар зүйлд заасан “Хайгуулын тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлага” гэснийг бүрэн хангаж, өргөдлөө гаргасан байхад тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хууль бус байна.
Иймд, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 732 дугаар шийдвэрийн “Хэмжээшгүй орд” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Хэмжээшгүй орд” ХХК-ийн өргөдлийн материалыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс хүлээн аваад Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан Хайгуулын тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлага болон 18 дугаар зүйлийн 18.2-т “хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг батлагдсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараах баримт бичгийг хавсаргана” гэж заасны дагуу холбогдох баримт бичгийн бүрдэл хуулийн шаардлага хангасан эсэхийг хянан, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан ажиллагааг хийхэд “Хэмжээшгүй орд” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-д “дөрвөн өнцөгт хэлбэртэй байх бөгөөд түүнийг хил нь уртраг, өргөргийн дагуу чиглэлтэй давхацсан чиглэлтэй давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн” байх шаардлагыг хангаагүй байна. Энэ талаар Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд тусгагдсан талбайд зураг зүйн шүүлт хийсэн Кадастрын хэлтсийн зураг зүйн шүүлт хийсэн мэргэжилтний тодорхойлолтоос үзвэл “Хэмжээшгүй орд” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбай нь дээрх шаардлагыг хангаагүй байсныг тодорхойлсон байна.
Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 19.2.1-д заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь хуул зүйн үндэслэлтэй байна.
Иймд, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 732 дугаар шийдвэрээс “Хэмжээшгүй орд” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 109 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1, 17.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Хэмжээшгүй орд” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 732 дугаар шийдвэрийн “Хэмжээшгүй орд” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 239 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 109 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ‘'Хэмжээшгүй орд” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1 “дөрвөн өнцөгт хэлбэртэй байх бөгөөд түүний хил нь уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй давхацсан чиглэлтэй давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн” байх шаардлагыг хангаагүй байна. Энэ талаар Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд тусгагдсан талбайд зураг зүйн шүүлт хийсэн Кадастрын хэлсийн Зураг зүйн шүүлт хийсэн мэргэжилтэний тодорхойлолтоос үзвэл “Хэмжээшгүй орд” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбай нь дээрх шаардлагыг хангаагүй байсныг тодорхойлсон мөн Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дотоод хяналтын хуудас зэргээс дээрх хоёр үндэслэлийг хангахгүй байсан нь нотлогдож байна.
Анхан шатны шүүхээс бодит байдал дээр үзлэг хийсэн бөгөөд нэхэмжлэгч компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбайн зураг Уул уурхайн кадастрын комьпютержсэн системд хэрхэн харагдаж байгаа, Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1 дэх хэсгийг хэрхэн хангахгүй байгаа талаар хариуцсан мэргэжилтэн нь тайлбар хийж, бусад хуулийн шаардлага хангаж байгаа өргөдлүүдтэй харьцуулж систем дээрх зургууд дээр тайлбарлан үзүүлсэн.
Дээрх шүүхийн үзлэгийн явцад “Хэмжээшгүй орд” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдлийн талбайн зурагт шүүлт хийсэн кадастрын хэлтсийн мэргэжилтэн нь шүүхийн үзлэгийн явцад бичгээр өгсөн хуулийн нөхцөл шаардлагыг хэрхэн хангаагүй талаарх дэлгэрэнгүй тайлбар, уг тайлбараа нотолсон, өргөдлийн талбайн бүхэлдээ харагдах байдлын зураг-1, Уул уурхайн кадастрын зураг зэргийг нотлох баримтын шаардлага хангуулан хэрэгт өгсөн бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхээс дээрх хэрэгт ач холбогдол бүхий хамгийн гол нотлох баримтуудыг шүүхээс зөв үнэлээгүй, шүүхээс маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийгээгүй байна.
Нэхэмжлэгчийн өргөдөл гаргасан талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт заасан хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлүүдийн талбайтай хиллээгүй, шулуун биш хэлбэртэй байгаагүй зэрэг нь мөн хэрэгт авагдсан зургуудаар нотлогдож байгаа шүүх нэхэмжлэгчид хамааралгүй зүйл, заалтыг буруу тайлбарлаж, хэрэглэгдэх ёсгүй зүйл, заалтыг хэрэглэсэн байна.
Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 19.1, 19.2.1-д заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 732 дугаар шийдвэрээр “Хэмжээшгүй Орд” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан хайгуулын талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-д заасан “дөрвөн өнцөгт хэлбэртэй байх бөгөөд түүний хил нь уртраг, өргөрөгийн дагуух чиглэлтэй давхцсан шулуун шугамаар хүрээлэгдсэн байх” гэсэн шаардлагад нийцээгүй гэж үзэж тусгай зөвшөөрөл олгохоос татгалзжээ.
Хариуцагч захиргааны байгууллагын дээрх шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1-д “өргөдөл түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2-т ... заасан шаардлагыг хангаагүй бол ...хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж ...” гэсэн шаардлагад нийцээгүй хууль бус шийдвэр болно.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч бусдын эзэмшил талбайтай хүрээлүүлж, олон өнцөг үүсгэснийг хууль зөрчсөн гэж үзэхээргүй юм.
Учир нь, нэхэмжлэгчийн өргөдөл гаргах үед тусгай зөвшөөрлийн дээд талын талбайн хэсэг 11536, 19068, 1374 дугаар хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй хиллэж байснаас 4 өнцөгт байх хуулийн ерөнхий шаардлагыг хангах боломжгүйгээс тухайн талбайг тойруулж зураг үйлдэгдсэн нь хэрэгт авагдсан кадастрын тойм зураг, уул уурхайн кадастрын зураг зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн өргөдөлд дурдсан талбай нь “... давхцал гаргахгүйн тулд өргөдөлд дурдсан талбайн дараах газар нутаг, талбайтай хиллэж байгаа хэсэг нь шулуун шугам биш байж болно ...” гэх дээрх хуулийн тусгайлан заасан 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгийн шаардлагад нийцсэн, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд энэ талаар дэлгэрэнгүй, тодорхой дүгнэжээ.
Иймд, шүүхүүд “... маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, ... хууль буруу тайлбарласан ...” гэх хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.
Үүнээс гадна давж заалдах шатны шүүх “албан ёсны чөлөөтэй болохыг нотлох баримт ирүүлээгүй” гэх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “шүүх хуралдааныг хойшлуулах тухай” хүсэлтийг хангалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1, 84.2-т заасныг зөрчөөгүй байх тул “... шүүх хуралдаанд биечлэн оролцох хариуцагчийн эрхийг зөрчсөн ...” гэх гомдол мөн үндэслэлгүй болно.
Шүүхүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргаанд хамаарал бүхий харилцааг нарийвчлан зохицуулсан Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 109 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2016/0239 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ