Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 01466

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 142/ШШ2016/01466

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-25-39 тоотод оршин суух Харнууд овогт Цэрэнчимэдийн Лхамягмар /ЗЮ:81050572/

            Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-25-20 тоотод оршин суух Түнтгэр овогт Сүхбаатарын Эрдэнэхүү  /ТА:81080417/

            Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-25-20 тоот орон сууцнаас С.Эрдэнэхүүг гэр бүлийн гишүүдийн хамт нүүлгэх тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

             Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Лхамягмар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат, хариуцагч С.Эрдэнэхүү, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Лхамягмар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ц.Лхамягмар би Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр Гүйцэтгэх албаны шүүхийн шийдвэр гүйцэтгэгчээр 2006 оноос өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа бөгөөд манай байгууллага Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-р бичил хороолол 25 дугаартай 40 айлын орон сууц баригдан ажилчид орон сууц хөлслөх гэрээгээр амьдарч байтал Засгийн газрын 2016 оны 192 дугаар тогтоолоор тухайн байрыг хувьчлах тухай шийдвэр гарснаар надад уг байрны 2-р орц 20 тоот нэг өрөөтэй сууцыг Орхон аймгийн Орон сууц хувьчлах товчооны 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаартай тогтоолын 1-р хавсралтын  20 дахь хэсгээр хувьчлан өгч улмаар орон сууц өмчлөх эрхийн 0117392 ОРА дугаартай гэрчилгээ гарган өгч Ү-2101020477 улсын бүртгэлийн дугаартай дээрх орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон. Би өөрийн өмчлөлийн орон сууцандаа орж амьдрах гэтэл иргэн С.Эрдэнэхүү гэр бүлийн гишүүдийнхээ хамт байранд минь амьдраад орон байрыг маань чөлөөлж өгөхгүй намайг хохироож байна. Иймд Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-25-20 тоотоос С.Эрдэнэхүүг гэр бүлийн хамт нүүлгэн гаргаж өгнө үү гэв.

      Хариуцагч С.Эрдэнэхүү шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Нэхэмжлэгч Ц.Лхамягмар Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-25-20 тоотоос намайг гэр бүлийн гишүүдийн хамт нүүлгэн гаргаж өгнө үү гэсэн шаардлага гаргаж байна. Үүнд:

1. Энэхүү нэхэмжпэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь: С.Эрдэнэхүү миний бие Орхон аймгийн Шийдвэр Гүйцэтгэх албанд 54-р тойргын шийдвэр гүйцэтгэгчээр 2003 оноос 2016 оны 01 дүгээр сарыг хүртэл ажилласан. Ажиллах хугацаанд 2008 онд маргааны зүйл болох Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-25-20 тоот байр гэсэн албан ёсны хаяг бүхий, алба хаагчдын 40 айлын орон сууцыг барьж, ашиглалтанд оруулж, С.Эрдэнэхүү надад 20 тоот орон сууцыг албанаас өгч, миний бие гэр бүлийн гишүүдийн хамт өнөөг хүртэл амьдарч байна. 2015 оны 5 дугаар сарыг хүртэл тухайн орон сууцанд өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй байгаад өнгөрсөн намар албанаас өмчлөх эрхийн гэрчилгээ гарах гэж байна, материалаа бүрдүүлж өгөөрэй гэсний дагуу миний бие холбогдох бичиг баримтыг бүрдүүлж, 6-25-20 тоот орон сууцыг өмчлүүлэх анхны баримт материал С.Эрдэнэхүү миний нэрээр явсан. С.Эрдэнэхүү миний бие 2016 оны 01 дүгээр сард ар гэрийн гачигдлаар буюу эхнэр Э.Мөнхтуулын эрүүл мэндийн байдал гэнэт муудсан учир АНУ-руу эмчилгээнд авч явахаар болсон. Энэ тухайгаа учирлаж, ШШГЕГ-ын даргын нэр дээр, Орхон аймгийн Шийдвэр гүйцэтгэх албаны даргаар уламжлуулж, чөлөө олгохыг хүссэн өргөдлөө бичгээр гаргасан. Өргөдлийн хариу гараагүй байхад АНУ-ын виз гарч, хойшлуулахгүй явах болсон  2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр эхнэр Э.Мөнхтуулын хамт АНУ руу ниссэн. Эхнэрт маань хийлгэх эмчилгээ нилээд цаг хугацаа шаардагдах болсон учир 6 сарын дараа буюу 07 дугаар сарын 15-ны өдөр Монголд буцаж ирсэн. Ингээд ажилдаа эргэж орох гэтэл ШШГЕГ-ын даргын тушаалаар ажлаас халсан гэж мэдэгдсэн, мөн ажлаас халагдсан учир албаны байрыг буцааж авна гэсэн. Би байраа ч өгөхгүй, ажлаасаа ч халагдах учиргүй, чөлөө авах өргөдлөө өгсөөр байхад намайг ажлаас халсан нь үндэслэлгүй гэж үзэж, намайг ажлаас халсан ШШГЕГ-ын даргын тушаалтай холбогдуулж, миний биө Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж хандсан. Тус шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 7098 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжаар, ажлаас халагдсан асуудлыг урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг хийлгэх боломжтой гэж үзэж, нэхэмжлэлийг буцаасан. Шүүгчийн захирамжид заасны дагуу миний биө Монгол улсын Төрийн Албаны Зөвлөлд өргөдлөө өгсөн бөгөөд шийдвэр нь арай гараагүй байна. Ийм байхад С.Эрдэнэхүү миний бие Баян-Өндөр сум Согоот баг 6-25-20 тоот орон сууцыг чөлөөлөх үүрэг хүлээхгүй, Ц.Лхамягмарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ц.Лхамягмар хариуцагч С.Эрдэнэхүүд холбогдуулан Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-25-20 тоот орон сууцнаас С.Эрдэнэхүүг гэр бүлийн гишүүдийн хамт нүүлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

            Хариуцагч С.Эрдэнэхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Нэхэмжлэгч Ц.Лхамягмар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Манай байгууллага 40 айлын орон сууц барьж, ашиглалтанд оруулсан ба ажилчид орон сууц хөлслөх гэрээгээр амьдарч байсан. Засгийн газрын 2016 оны 192 дугаар тогтоолоор тухайн байрыг хувьчлах тухай шийдвэр гарч Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-25-20 тоот орон сууцыг Орхон аймгийн орон сууц хувьчлах товчооны 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор нэхэмжлэгч надад хувьчлан өгч улмаар Ү-2101020477 улсын бүртгэлийн дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ гарснаар хууль ёсны өмчлөгч болсон.

            Өөрийн өмчлөлийн орон сууцандаа орох гэтэл С.Эрдэнэхүү байраа чөлөөлж өгөхгүй байх тул түүнийг гэр бүлийн гишүүдийн хамтаар нүүлгэн гаргаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэж тайлбарладаг.

            Хариуцагч С.Эрдэнэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Миний бие Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 2004 оноос хойш ажилласан ба Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-25-20 тоот орон сууцанд гэр бүлийн гишүүдийнхээ хамт амьдраад 8 жил болсон. Ар гэрийн гачигдал гарч эхнэр Э.Мөнхтуулыг Америкийн нэгдсэн улсад эмчлүүлэх шаардлагаар албанаас чөлөө хүссэн ба виз гарсан тул 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр яваад зургаан сарын дараа ирсэн, намайг ажлаас халсан, албаны байрыг чөлөөлж өг гэсэн шаардлага тавьсан. Ажлаас халсан тушаалыг миний бие эс зөвшөөрч  Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа, би шудрага эзэмшигч байсан орон сууцаа өмчлөхөөр материалаа бүрдүүлж өгсөн байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна гэж тайлбарладаг.

            Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн  192 дугаар тогтоолоор Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 40 айлын орон сууцыг эзэмшиж байгаа иргэдэд нь хувьчлахаар шийдвэрлэсэн байна.  

            Хариуцагч С.Эрдэнэхүү 2009 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, хурандаа Ж.Энхтайвантай албаны орон сууц эзэмшүүлэх 04 дугаартай гэрээ байгуулж, Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-25-20 тоот 49,8 м2 нэг өрөө орон сууцыг эзэмшиж байсан байна.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б/341 дугаартай тушаалаар Орхон аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 54 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч С.Эрдэнэхүүг хүндэтгэн үзэх шалтгаангүй 264 цагийн ажил тасалсан гэсэн үндэслэлээр төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах эрхийг хүчингүй болгосон байна.

            Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны даргын зөвлөлийн хурал 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хуралдаж Орхон аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 54 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан С.Эрдэнэхүүгийн байрны гэрээг цуцлуулахаар шийдвэрлэжээ. 

            Нэхэмжлэгч Ц.Лхамягмар нь 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, хурандаа М.Ариунболдтой албаны орон сууц эзэмшүүлэх гэрээ байгуулж, Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-25-20 тоот 49,8 м2 нэг өрөө орон сууцыг эзэмшсэн байна.

            Орхон аймгийн Орон сууц хувьчлах товчооны 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор эзэмшиж буй орон сууцаа өмчилж авахыг хүсч холбогдох материалаа ирүүлсэн нэр бүхий 39 иргэний орон сууцыг өмчлүүлэх, уг тогтоолын хавсралтын 20 дугаарт Баян-Өндөр сум 6-25-20 тоот 49,8 м2 орон сууцыг Ц.Лхамягмар өмчлөхөөр бүртгэгдсэн байна.

            Нэхэмжлэгч Ц.Лхамягмар 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргаж, төрөөс үнэгүй хувьчилсан орон сууцны эрхийг баталгаажуулж Ү-2101020477 бүртгэлийн дугаартай 0117392 ОРА гэрчилгээ авч гэр бүлийн гишүүдийн хамт өмчлөгч болсон нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар батлагдаж байна. Өөрөөр хэлбэл Ц.Лхамягмар нь нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд гэж үзэх үндэслэлгүй юм.

            Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байх тул нэхэмжлэгч Ц.Лхамягмар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй.

            Хариуцагч С.Эрдэнэхүү 2009 оноос хойш маргаан бүхий орон сууцыг эзэмшиж байсан шудрага эзэмшигч болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч Ц.Лхамягмар биш үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамтруулан шийдвэрлэх боломжгүй, С.Эрдэнэхүүгийн бие даасан шаардлага гаргах эрх нээлттэй гэж шүүх дүгнээд хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болно.

            Хариуцагч С.Эрдэнэхүү Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б/341 дугаартай тушаалыг эс зөвшөөрч Нийслэл дэх захиргааны  хэргийн анхан шатны шүүхэд тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба маргаан бүхий орон сууцны эзэмшүүлэх гэрээтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болох нь 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 8440 дугаартай шүүгчийн захирамжаар нотлогдож байна.

            Иймд  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 65.1.7-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлгүй байх тул Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-25-20 тоот 49,8 м2 нэг өрөө орон сууцнаас хариуцагч С.Эрдэнэхүүг гэр бүлийн гишүүдийн хамтаар нүүлгэн гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70 200төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Эрдэнэхүүгээс 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Лхамягмарт олгох нь зүйтэй.

           

 

           

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-25-20 тоот 49,8 м2 нэг өрөө орон сууцнаас хариуцагч С.Эрдэнэхүүг гэр бүлийн гишүүдийн хамтаар нүүлгэн гаргуулсугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Эрдэнэхүүгээс 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Лхамягмарт олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

  

 

 

                      ШҮҮГЧ                                     Л.АРИУНЦЭЦЭГ