Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 19

 

Ц.Лын нэхэмжлэлтэй

                                          иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1466 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ц.Лын нэхэмжлэлтэй

Хариуцагч С.Эд холбогдох

“6-25-20 тоот орон сууцнаас С.Эг гэр бүлийн гишүүдийн хамт нүүлгэх” тухай иргэний хэргийг хариуцагч С.Эгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат, хариуцагч С.Э, нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ц.Л би Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр Гүйцэтгэх албаны шүүхийн шийдвэр гүйцэтгэгчээр 2006 оноос өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа бөгөөд манай байгууллага Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-р бичил хороолол 25 дугаартай 40 айлын орон сууц баригдан ажилчид орон сууц хөлслөх гэрээгээр амьдарч байтал Засгийн газрын 2016 оны 192 дугаар тогтоолоор тухайн байрыг хувьчлах тухай шийдвэр гарснаар надад уг байрны 2-р орц 20 тоот нэг өрөөтэй сууцыг Орхон аймгийн Орон сууц хувьчлах товчооны 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаартай тогтоолын 1-р хавсралтын  20 дахь хэсгээр хувьчлан өгч улмаар орон сууц өмчлөх эрхийн 0117392 ОРА дугаартай гэрчилгээ гарган өгч Ү-2101020477 улсын бүртгэлийн дугаартай дээрх орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон. Би өөрийн өмчлөлийн орон сууцандаа орж амьдрах гэтэл иргэн С.Э гэр бүлийн гишүүдийнхээ хамт байранд минь амьдраад орон байрыг маань чөлөөлж өгөхгүй намайг хохироож байна. Иймд Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-25-20 тоотоос С.Эг гэр бүлийн хамт нүүлгэн гаргаж өгнө үү гэжээ. 

Хариуцагч С.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Энэхүү нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь: С.Э миний бие Орхон аймгийн Шийдвэр Гүйцэтгэх албанд 54-р тойргын шийдвэр гүйцэтгэгчээр 2003 оноос 2016 оны 01 дүгээр сарыг хүртэл ажилласан. Ажиллах хугацаанд 2008 онд маргааны зүйл болох Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-25-20 тоот байр гэсэн албан ёсны хаяг бүхий, алба хаагчдын 40 айлын орон сууцыг барьж, ашиглалтанд оруулж, С.Эг надад 20 тоот орон сууцыг албанаас өгч, миний бие гэр бүлийн гишүүдийн хамт өнөөг хүртэл амьдарч байна. 2015 оны 5 дугаар сарыг хүртэл тухайн орон сууцанд өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй байгаад өнгөрсөн намар албанаас өмчлөх эрхийн гэрчилгээ гарах гэж байна, материалаа бүрдүүлж өгөөрэй гэсний дагуу миний бие холбогдох бичиг баримтыг бүрдүүлж, 6-25-20 тоот орон сууцыг өмчлүүлэх анхны баримт материал С.Э миний нэрээр явсан. С.Э миний бие 2016 оны 01 дүгээр сард ар гэрийн гачигдлаар буюу эхнэр Э.Мөнхтуулын эрүүл мэндийн байдал гэнэт муудсан учир АНУ-руу эмчилгээнд авч явахаар болсон. Энэ тухайгаа учирлаж, ШШГЕГ-ын даргын нэр дээр, Орхон аймгийн Шийдвэр гүйцэтгэх албаны даргаар уламжлуулж, чөлөө олгохыг хүссэн өргөдлөө бичгээр гаргасан. Өргөдлийн хариу гараагүй байхад АНУ-ын виз гарч, хойшлуулахгүй явах болсон  2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр эхнэр Э.Мөнхтуулын хамт АНУ руу ниссэн. Эхнэрт маань хийлгэх эмчилгээ нилээд цаг хугацаа шаардагдах болсон учир 6 сарын дараа буюу 07 дугаар сарын 15-ны өдөр Монголд буцаж ирсэн. Ингээд ажилдаа эргэж орох гэтэл ШШГЕГ-ын даргын тушаалаар ажлаас халсан гэж мэдэгдсэн, мөн ажлаас халагдсан учир албаны байрыг буцааж авна гэсэн. Би байраа ч өгөхгүй, ажлаасаа ч халагдах учиргүй, чөлөө авах өргөдлөө өгсөөр байхад намайг ажлаас халсан нь үндэслэлгүй гэж үзэж, намайг ажлаас халсан ШШГЕГ-ын даргын тушаалтай холбогдуулж, миний биө Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж хандсан. Тус шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 7098 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжаар, ажлаас халагдсан асуудлыг урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг хийлгэх боломжтой гэж үзэж, нэхэмжлэлийг буцаасан. Шүүгчийн захирамжид заасны дагуу миний биө Монгол улсын Төрийн Албаны Зөвлөлд өргөдлөө өгсөн бөгөөд шийдвэр нь арай гараагүй байна. Ийм байхад С.Э миний бие Баян-Өндөр сум Согоот баг 6-25-20 тоот орон сууцыг чөлөөлөх үүрэг хүлээхгүй, Ц.Лын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1466 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-25-20 тоот 49,8 м2 нэг өрөө орон сууцнаас хариуцагч С.Эг гэр бүлийн гишүүдийн хамтаар нүүлгэн гаргуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Эгээс 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Лт олгож шийдвэрлэжээ. 

Хариуцагч С.Э давж заалдсан гомдолдоо: Иргэн Ц.Лын нэхэмжлэлтэй С.Эд холбогдох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-25-20 тоот орон сууцнаас С.Эг гэр бүлийн гишүүдийн хамт нүүлгэх тухай нэхэмжлэлдээ Иргэний хэргийг Орхон аймаг Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 сарын 01-ны өдрийн 1466 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106-р зүйлийн 106.1-т зааснаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-25-20 тоот /49,8 м кв/ 1 өрөө орон сууцнаас хариуцагч С.Эг гэр бүлийн гишүүдийн хамтаар нүүлгэн гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийг эс зөвшөөрч байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Учир нь миний бие нь ШШГЕГ-ын даргын 2016 оны 03-р сарын 23-ны өдрийн Э/341 тоот тушаалаар ажлаас халагдсан тушаалыг эс зөвшөөрөн Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандан 2016 оны 10-р сарын 12- ны өдрийн 8140 тоот Захирамжаар Захиргааны хэрэг үүсгэсэн байтал дээрх шийдвэр гарсан нь хуль зүйн үндэслэлгүй бөгөөд миний эзэмшиж байгаа орон сууцыг Ц.Лын өмчлөлд шилжүүлсэн нь дээрх ажлаас халагдсан тушаалтай шууд хамааралтай болно гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ц.Л нь хариуцагч С.Эг гэр бүлийн гишүүдийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум, 6-25-20 тоот байрнаас нүүлгэн гаргах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Ц.Л байгууллагын мэдлийн 40 айлын орон сууцыг Засгийн газрын 2016 оны 192 дугаар тогтоолоор хувьчлах шийдвэр гарч Орхон аймаг, Согоот баг 6-25-20 тоот 1 өрөө байрыг Орхон аймгийн Орон сууц хувьчлах товчооны 2016.05.30-ны өдрийн 02 тоот тогтоолоор надад хувьчлан өгснөөр үл хөдлөх эд хөрөнгийн Y-2101020477 дугаартай гэрчилгээ гарснаар өмчлөгч нь болсон гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

Хариуцагч С.Э нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 2004 оноос ажиллаж 8 жил энэ байранд амьдарсан. Эхнэр Мөнхтуулыг эмчлүүлэхээр АНУ-руу яваад 6 сар болоод ирэхэд ажлаас халсан, байраа суллаж өг гэсэн шаардлага тавьсан, ажлаас халсан тушаалыг зөвшөөрөхгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б/341 дугаартай тушаалаар Орхон аймаг дахь ШГА-ны 54 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч С.Эг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 264 цагийн ажил тасалсан гэсэн үндэслэлээр төрийн албанд нэг жил эргэн орох эрхгүйгээр ажлаас халж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах эрхийг хүчингүй болгосон, Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны даргын зөвлөлийн 2016.03.31-ний өдрийн хурлаар С.Эгийн байрны гэрээг цуцлуулахаар шийдвэрлэсэн зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх Ц.Л нь гэр бүлийн гишүүдийн хамт тухайн байрны өмчлөгч болсон тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах эрхтэй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Иймд нэхэмжлэгч С.Эгийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1466 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С.Эгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

 

         ШҮҮГЧИД                                                                   Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ