Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2020/ШЦТ/40

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,

Улсын яллагч: В.Төгсбаяр,

Шүүгдэгч: П.Ж,

Шүүгдэгч: Б.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гүн овогт Пэрэнлэйн Ж, Хатигин овогт Баянжаргалын Б нарт холбогдох 1929001620130 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч П.Ж, Б.Б нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 30-ны орой Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд үйл ажиллагаа явуулж буй “Эрчим Өргөө” ХХК-иас эд зүйлс завшиж, бусдад 2,206,000 /хоёр сая хоёр зуун зургаан мянга/-н төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Ж мэдүүлэхдээ: ”Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: ”Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 12-14-р хуудаст/,

Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, “Эрчим өргөө” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Л.Отгонбаярт хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл  зургийн үзүүлэлт / хх-ийн 15-21-р хуудаст/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Отгонбаярын: “Манай компани 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотоос гадна дулааны шугамын ажил хийхээр ирсэн. Ажил хэвийн хийгдэж байгаад ажилдаа ашигладаг багаж хэрэгслээ ажилчдын амрах байранд хийж хадгалдаг байсан. 2019 оны 05 дугаар сарын 31-ний өглөө ажилд гарах гээд багаж хэрэгслээ авах гэтэл алга байхаар нь ажилчдын амрах байранд амарч байсан Гэрэлмаа, Гантөмөр нараас асуухад “өчигдөр орой 22 цагийн үед туслах ажилтан Б.Б би ажлаасаа гараад явж байна. Багаж хэрэгслээ захиралд хүлээлгэж өгөх гэж байгаа юм, өрөөрүү нь зөөж байна гээд ганцаараа аваад явсан” гэж хэлсэн гэх мэдүүлэг” / хх-ийн 26-27-р хуудаст/,

Иргэний нэхэмжлэгч М.Ганбатын: “Би 2019 оны 05 дугаар сарын 30-ны орой гэртээ байж байтал Ж залгаад “манайд хүрээд ир” гэсэн. Тэгэхээр нь яваад очсон “гагнуурын аппарат, суурин төмөр тасдагч 2, гар төмөр тасдагч 2, 30 гаран метр хар утас байна чи авах уу, энэ залуу зарах гэж байгаа юм” гээд Б.Бат-Эрдэнийг заасан. Тэгэхээр нь “би үзье” гээд Ж, Б.Б нартай Цэнгэлийн буудалруу миний 43-23 ӨМА Ланд 100 маркийн машинтай очсон. Ж бид хоёрыг юм яриад сууж байтал Б тухайн багажнуудыг машинд зөөж хийсэн”  гэх мэдүүлэг / хх-ийн 29-31-р хуудаст/,

Гэрч Д.Гэрэлмаагийн: “2019 оны 05 дугаар сарын 30-ны үед байх 22 цаг өнгөрч байхад Б гаднаас орж ирээд “би ажлаасаа гарах гэж байна” гээд өрөөнд байсан багажнуудыг “захиралд хүлээлгэж өгнө” гээд өрөөнөөс зөөж эхэлсэн” гэх мэдүүлэг / хх-ийн 32-33-р хуудаст/,

Гэрч Д.Гантөмөрийн: “Б тэжээлийн зэл кабель, суурин төмөр тасдагч байсныг санаж байна ямарч байсан 5 орчим багажнууд аваад явсан” гэх мэдүүлэг / хх-ийн 34-р хуудаст/,

Гэрч М.Ганбатын: “Б, Ж нар гагнуурын аппарат 1 ширхэг, суурин төмөр тасдагч 2 ширхэг, цахилгаанаар ажилладаг гар төмөр тасдагч 2 ширхэг,хуйлсан кабель утсыг миний машинд Б.Б ачсан... тухайн багажнуудыг Б.Б минийх гэж хэлж байсан. Мөн Ж багажнуудыг Бат-Эрдэний багаж байгаа юм, зарчихаад хот явна гэж хэлж байсан” гэх мэдүүлэг / хх-ийн 35-36-р хуудаст/,

П.Жын гэрчээр өгсөн: “2019 оны 05 дугаар сарын 30-ны 19 цагийн үед Б надтай уулзаад “захирал цалин өгөхгүй юм байна, багажнаас зараад замын зардал хийгээд хотруу гэрлүүгээ буцмаар байна” гэхээр нь би таньдаг хүнтэйгээ яриад өгье гээд Ганбатыг хүрээд ир гэж дуудсан... Ганбатын машинд гагнуурын аппарат, цахилгаан утас, суурин цахилгаан төмөр тасдагч байсан. өөр ямар багаж хэрэгсэл яасныг санахгүй байна... Ганбатын худалдаж авсан багажнууд нь “Эрчим Өргөө” ХХК-ийн эзэмшлийнх... Б надад “багажаа зарчихлаа” гээд 200,000 төгрөг бэлнээр өгсөн” гэх мэдүүлэг / хх-ийн 37-38-р хуудаст/,

Насанд хүрээгүй гэрч Б.Бат-Эрдэнийн: “2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хамт ажилладаг Ж ахын гэрт хоол идэж байхдаа би Ж ахад “хот явлаа, цалин мөнгө өгөхгүй байна. Надад үлдээсэн ажлын багажнуудыг яах вэ, хэнд үлдээх вэ” гэхэд Ж ах хоёулаа гаргачих уу” гэхээр нь “худалдаж авах хүн амьтан байгаа юм уу” гэж асуухад “манай нэг найз байгаа, би утсаар яриадхая” гээд гэрээсээ гарч утсаар ярьсан... би ажилчдын амрах өрөөнөөс жижиг төмөр тасдагч 2 ширхэг, суурин төмөр тасдагч 2 ширхэг, гагнуурын аппарат 1 ширхэг кабелийн утас зэргийг зөөсөн” гэх мэдүүлэг / хх-ийн 40-42-р хуудаст/,

“Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээний дүгнэлт / хх-ийн 48-50-р хуудаст/,

П.Жын хувийн байдалтай холбогдох баримтууд /хх-н 66-69-р хуудас/,

П.Жын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 71-р хуудас/,

П.Жын гарын арван хурууны дардас /хх-н 70-р хуудас/,

П.Жын арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-н 74-75-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Б.Бат-Эрдэнийн хувийн байдалтай холбогдох баримтууд /хх-н 77-80, 83-84, 86-87-р хуудас/,

Б.Бат-Эрдэнийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 85-р хуудас/,

Б.Бат-Эрдэнийн арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-н 89-106-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч П.Ж, Б.Б нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 30-ны орой Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд үйл ажиллагаа явуулж буй “Эрчим Өргөө” ХХК-иас эд зүйлс завшиж, бусдад 2,206,000 /хоёр сая хоёр зуун зургаан мянга/-н төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар  тогтоогдсон байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч П.Ж, Б.Б нар нь бусдын хариуцуулж өгсөн эд хөрөнгийг завших үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, бусдад хохирол учрах боломжтойг мэдсээр байж  гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутай байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирчээ.

Дээрх байдлаас нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч П.Ж, Б.Б нарыг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, П.Ж, Б.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: “Эрчим Өргөө” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Л.Отгонбаяр нь “Алдагдсан багаж хэрэгслээ бүрэн бүтэн хүлээн авсан болохоор нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй” /хх-ийн 27-р хуудаст/ байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар П.Ж, Б.Б нарыг 1 жилийн хугацаагаар тус тус хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

- Шүүгдэгч П.Ж нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруу дээр маргаагүй боловч гэмт хэрэг гарах үед насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэгт уруу татсан, харин шүүгдэгч Б.Б нь мөрдөн байцаалтын  болон шүүхийн шатанд хаана байгаа нь мэдэгдэхгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулсан буюу оргон зайлсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан ял шийтгэл оногдуулав.

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу гэмт хэрэг үйлдэх үедээ 16 насанд хүрсэн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх  үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл шүүх шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 17.4 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар П.Ж, Б.Б нарт  тус бүр 6 сарын  хугацаагаар хорих ялыг оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.                                 

Бусад асуудлаар: Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч П.Ж, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө байхгүй,  П.Ж, Б.Б нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, П.Ж, Б.Б нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Гүн овогт Пэрэнлэйн Ж, Хатигин овогт Баянжаргалын Б нарыг бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч П.Ж, шүүгдэгч Б.Б нарт тус бүр 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар П.Ж, Б.Б нарт оногдуулсан 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч П.Ж, Б.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, П.Ж, Б.Б нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч “Эрчим Өргөө” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Л.Отгонбаяр гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

            5. П.Ж, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд П.Ж, Б.Б нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.БАТТУЛГА