Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 142/ШШ2016/01319

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-13-06 тоотод оршин суух, Тэмээчин овгийн Чангаагийн Бямбаа /ФМ64041757/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдох

“Ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах” тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Бямбаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Мөнх-Ундраа нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Бямбаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Бямбаа миний бие “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ХАБЭАХ (Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтэс)-н даргын үүрэгт ажлыг 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 1228 дугаартай хөдөлмөрийн гэрээний дагуу гүйцэтгэж байсан. Намайг ерөнхий захирлын 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Б/957 тоот тушаалаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 4 өдөр тасалж, ноцтой зөрчил гаргасан хэмээн үзэж, хөдөлмөрийн гэрээг 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс цуцалж, ажлаас халсан. Ч.Бямбаа миний бие хууль бусаар ажлаас халагдсан гэж шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал болон Улсын дээд шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 353 дугаар тогтоолоор намайг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д урьд нь эрхэлж байсан Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоосон. Миний бие энэ хугацаанд цалин орлогоороо хохирсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүртлэх хугацааны буюу ажилгүй байсан хугацааны цалин олговор 5 сарын цалин 22 960 000Т /Хорин хоёр сая есөн зуун жаран мянган/ төгрөгийг хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХКомпаниас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч Ч.Бямбаа миний бие хууль бусаар ажлаас халагдсан гэж шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал болон Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний тогтоолоор намайг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д өмнө эрхэлж байсан ХАБЭА-н хэлтсийн даргын албан тушаалд эргүүлэн тогтоосон бөгөөд 2016 оны 09 сарын 01-ний өдрөөс Ерөнхий захирлын тушаал гарч ажилдаа эргэн орсон болно. Миний бие энэ хугацаанд цалин орлогоороо хохирсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу 2016 оны 04 сарын 12-ноос 2016 оны 09 сарын 01 хүртэл хугацааны нийт /5 сарын цалин/, цалин олговор  22 000 000 /хорин хоёр сая/ төгрөгийг хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас нэмж гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Ч.Бямбаа нь 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Дээрх нэхэмжлэлтэй холбогдуулж дараах тайлбарыг хүргүүлж байна. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн даргаар ажиллаж байсан. Ч.Бямбаагийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг Булган, Орхон, Хөвсгөл амйгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 10 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдэн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 001/хт2016/00353 дугаар тогтоол гарч шийдвэрлэгдсэн ба хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас иргэний хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хянуулахаар хүсэлт гаргасны дагуу 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцэж 001/шт2016/00192 дугаар шүүхийн тогтоол гарч иргэн Ч.Бямбаагийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь “Нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа” бол нэхэмжлэлийг хүлээн авахас татгалзах тухай заасан байна. Шүүх  ИХШХШТХ-ийн дээрх заалтыг зөрчин нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг хянан хэлэлцэхээр шүүгчийн захирамж гаргасан нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт “Иргэний хэргийн анхан болон давж заалдах, хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэхэд урьд нь оролцсон шүүгч уг хэрэг, маргааныг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд урьд нь оролцсон шүүгч уг хэрэг, маргааныг өөр шатны журмаар шийдвэрлэхэд оролцож болохгүй” гэж заажээ. Гэвч Ч.Бямбаагийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэн шийдвэрлэсэн шүүгч дахин хэргийг хянахаар байгаа нь дээрх хуулийн заалтыг зөрчиж байна.

Иргэн Ч.Бямбаа нь 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнтэй холбогдуулж дараах тайлбарыг хүргүүлж байна. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Бямбаа нь 2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртлэх хугацааны цалин олговор /5 сарын цалин/ 22 000 000 /хорин хоёр сая / төгрөгийг хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас нэмж гаргуулахаар 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүртлэх хугацаанд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн даргаар Ч.Бямбаа ажиллаж байсан бөгөөд энэ хугацаанд цалин хөлсөө авч байсан болно. Иймд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Бямбаагийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн эдийн засгийн хэлтэсээс 2015.11.16-наас 2016.09.01 хүртэл Ч.Бямбаад нийт 24 531 900 төгрөг олгох үндэстэй гэсэн тооцоо гаргасан байгаа гэжээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд зохигчдын тайлбаруудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Бямбаа нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдуулан “ажилгүй байсан хугацааны цалин олговор гэж нийт 44 960 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хэсэгчлэн хангах үндэслэлтэй гэж үзсэн.

Нэхэмжлэгч Ч.Бямбаа нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтсийн даргын ажлыг 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 17-ний өдрийг хүртэл гүйцэтгэж байгаад, үйлдвэрийн ерөнхий захиралын Б/957 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан байх ба Ч.Бямбаа нь шүүхэд нэхэмжлэл гаргаж ажилдаа 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тогтоогдсон болох нь талуудын тайлбар, Улсын дээр шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 001/хт2016/00353 дугаартай тогтоол зэргээр нотлогдсон.

Ч.Бямбааг нэгэнт шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тул “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захиралын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/944 дугаартай тушаалаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн даргын ажилд эгүүлэн томилсон байна. 

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “ Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ” гэж заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-с шаардах эрхтэй гэж үзнэ.     

Нэхэмжлэгч нь 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртлэх ажилгүй байсан хугацааны цалин олговорт нийт 44 960 000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд, үүнээс Ч.Бямбаагийн хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн 3 сарын дундаж цалингийн хэмжээгээр буюу сарын 3 747 063 төгрөгнөөс тооцон цалинтай нөхөх олговорыг гаргуулах нь зүйтэй гэж үзэв. /Үүнд ажилгүй байсан хугацаа нь нийт 9 сар 14 хоног 3 747 063 х 9 сар + нэг өдрийн цалин 2 439 948= 36 163 515₮/

Харин нэхэмжлэгчийн тайлбарлаж буй зэсийн үнийн урамшуулал, ур чадварын нэмэгдэл нь хэдэн төгрөг болох нь тодорхойгүй, үүнийг нэхэмжлэгч өөрөө тодорхойлж нотлоогүй тул гаргуулах боломжгүй.

Хариуцагч нэхэмжлэлээс татгалзаж буй тайлбар татгалзалаа баримтаар нотлоогүй, Ч.Бямбаагийн цалинг хөдөлмөрийн гэрээндээ 2 400 000 төгрөг гэж заасан гэж мэтгэлцэх  боловч үүнийгээ нотлоогүй.

Хэргийн 48 дугаар хуудас дахь “Эрдэнэт үйлдвэр”-ээс гаргасан тодорхойлолтыг үндэслэн Ч.Бямбаагийн цалинг гаргах нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлээс 36 163 515 төгрөгийг хангаж, 8 796 485 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хэргийн 79-81 дүгээр хуудас дахь баримтууд, 2016.10.13-ны өдрийн хууль эрх зүйн газрын дарга Д.Цэрэнбадамд хаягласан санхүү бүртгэлийн хэлтэсийн албан бичиг зэрэг нь нэхэмжлэлийн татгалзалын үндэс болохгүй, хэргийн 76, 83-85 дугаар хуудас дахь баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангаагүй баримтууд байгааг дурьдах нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар  нэхэмжлэгч нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжаар 338 768 төгрөг гаргуулан төрийн санд оруулахаар заалаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас 36 163 515 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Бямбаад олгож, нэхэмжлэлээс 8 796 485 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.  

         2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар Ч.Бямбаагийн  цалинтай тэнцэх олговор 36 163 515 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-нд даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас 338 768 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

                              

                

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ХИШИГДАВАА