Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 3

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      Ч.Бнэхэмжлэлтэй

                                          иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1319 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ч.Б............... нэхэмжлэлтэй

Хариуцагч “Э” ХХК-д холбогдох

“Ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхболдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхболд, нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.Бямбаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Бямбаа миний бие Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтэс)-н даргын үүрэгт ажлыг 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 1228 дугаартай хөдөлмөрийн гэрээний дагуу гүйцэтгэж байсан. Намайг ерөнхий захирлын 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Б/957 тоот тушаалаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 4 өдөр тасалж, ноцтой зөрчил гаргасан хэмээн үзэж, хөдөлмөрийн гэрээг 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс цуцалж, ажлаас халсан. Ч.Бямбаа миний бие хууль бусаар ажлаас халагдсан гэж шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал болон Улсын дээд шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 353 дугаар тогтоолоор намайг Эрдэнэт үйлдвэр ХХК-д урьд нь эрхэлж байсан Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоосон. Миний бие энэ хугацаанд цалин орлогоороо хохирсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүртлэх хугацааны буюу ажилгүй байсан хугацааны цалин олговор 5 сарын цалин 22 960 000Т /Хорин хоёр сая есөн зуун жаран мянган/ төгрөгийг хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХКомпаниас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч Ч.Бямбаа миний бие хууль бусаар ажлаас халагдсан гэж шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал болон Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний тогтоолоор намайг Эрдэнэт үйлдвэр ХХК-д өмнө эрхэлж байсан ХАБЭА-н хэлтсийн даргын албан тушаалд эргүүлэн тогтоосон бөгөөд 2016 оны 09 сарын 01-ний өдрөөс Ерөнхий захирлын тушаал гарч ажилдаа эргэн орсон болно. Миний бие энэ хугацаанд цалин орлогоороо хохирсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу 2016 оны 04 сарын 12-ноос 2016 оны 09 сарын 01 хүртэл хугацааны нийт /5 сарын цалин/, цалин олговор 22 000 000 /хорин хоёр сая/ төгрөгийг хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-аас нэмж гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Бямбаа нь 2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртлэх хугацааны цалин олговор /5 сарын цалин/ 22 000 000 /хорин хоёр сая / төгрөгийг хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-иас нэмж гаргуулахаар 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүртлэх хугацаанд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн даргаар Ч.Бямбаа ажиллаж байсан бөгөөд энэ хугацаанд цалин хөлсөө авч байсан болно. Иймд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Бямбаагийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн эдийн засгийн хэлтэсээс 2015.11.16-наас 2016.09.01 хүртэл Ч.Бямбаад нийт 24 531 900 төгрөг олгох үндэстэй гэсэн тооцоо гаргасан байгаа гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1319 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-иас 36 163 515 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Бямбаад олгож, нэхэмжлэлээс 8 796 485 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар Ч.Бямбаагийн цалинтай тэнцэх олговор 36 163 515 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг Эрдэнэт үйлдвэр ХХК-нд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-иас 338 768 төгрөг гаргуулж төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхболд давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 лүгээр сарын 01-ний өдрийн 142/ШШ2016/01319 дугаар шийдвэр нь ИХШХШТХ-н 40 дүгээр зүйл “Нотлох баримтыг үнэлэх”, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалт "Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр ... үнэлнэ” 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалт "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.

Шүүх нэхэмжлэгчийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин олговорт 36 163 515 төгрөг гаргуулах шийдвэр гаргахдаа хэргийн материалын 48, 49 дүгээр хуүдсанд байгаа 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Ч.Бямбаагийн 3 сарын дундаж цалингийн хэмжээгээр тооцсон нь цаг хугацааны хувьд 2 жилийн өмнө авч байсан цалингийн дундаж бөгөөд 2015 онд авсан, 2016 онд авах байсан цалингаас зөрүүтэй байгаа юм.

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам‘‘ын 7 дугаар зүйлийн А хэсэгт “Ажилтанд буруу халсан үеийн олговор олгох“-той холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж хөлсөөр тооцно гэж заасан байна. Мөн Ч.Бямбаад 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин олговорт 36 163 515 төгрөг гаргуулах шийдвэр гаргасан аргачлал нь ойлгомжгүй байна. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/745 дугаар тушаалын 3 дугаар зүйл, 6 дугаар хавсралтаар ‘‘Ур чадварын нэмэгдлийн санг бүрдүүлэх, зарцуулах” журмыг баталсан бөгөөд уг жупмын нэгдүгээр бүлгийн 1.2 дахь хэсэгт “Захирлууд өөрийн хахъяалах чиглэл, хэлтэс, цехиин хүрээнд хэлтэс, цехийн удирдлагын шалгаруулалт, саналаар ажилтанд нэмэлт даалгавар оноох, тэр нь үилдвэрлэл, цаг үеийн тулгамдсан асуудлыг хамарч чадварын өндөр түвшин шаардах болзлыг биелүүлж буй тохиолдолд хөдөлмөрийн нэмэлт гэрээ байгуулна” гэж заасан байдаг.

Хөдөлмөрийн гэрээний нэмэлт байгуулагдсан тохиолдолд ажилтанд ур чадварын нэмэгдэл олгогддог ба Ч.Бямбаа 2014 оны 08 дугаар сараас хойш Ерөнхий захиралтай хөдөлмөрийн гэрээний нэмэлт байгуулаагүй байна.

Гэтэл шүүх Ч.Бямбаагийн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захиралтай хөдөлмөрийн гэрээний нэмэлт байгуулсан үеийн буюу 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гаргаж өгсөн 3 сарын дундаж цалингийн хэмжээгээр тооцож, Ч.Бямбаагийн ажилгүй байсан хугацааны цалин олговорт 36 163 515 төгрөг гаргуулах шийдвэр гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигчид өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан.

Хөдөлмөрийн гэрээ, түүний нэмэлтийг хоёр хувь үйлдэж, нэг хувийг ажилтанд, нөгөө хувийг байгууллага авч хадгалдаг. Ч.Бямбаа 2015 онд Хөдөлмөрийн гэрээний нэмэлт байгуулсан нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй.

Хэргийн материалын 78, 81 дүгээр хуудсанд байгаа Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Эдийн засгийн хэлтсийн даргын 2016.10.11-ний өдрийн 108/15 дугаар, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын 2016.10.11-ний өдрийн 113/360 дугаар , албан бичгүүд болон гэрч Д.Туяагийн тайлбар, мэдүүлгээр Ч.Бямбаа нь 2015 онд Хөдөлмөрийн гэрээний нэмэлт байгуулаагүй нь нотлогдож байгаа юм.

Хэргийн 79-81 дүгээр хуудас дахь баримтууд, 2016.10.13-ны өдрийн Хууль, эрх зүйн газрын дарга Д.Цэрэнбадамд хаягласан Санхүү бүртгэлийн хэлтсийн албан бичиг зэрэг нь нэхэмжлэлийн татгалзлалын үндэс болохгүй гэж шүүх дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Хэргийн материалын 79, 80 дугаар хуудсанд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Эдийн засгийн хэлтсээс Ч.Бямбаагийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх цалин хөлсийг гаргасан тооцоо байна. Ч.Бямбаагийн авах байсан цалин хөлсний дээрх тооцоог Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Эдийн засгийн хэлтсийн мэргэжилтэн Д.Туяа гаргасан болно.

Хэргийн материалд байгаа Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Санхүү, бүртгэлийн хэлтсийн 2016.10.13-ны өдрийн албан бичигт Ч.Бямбаагийн 2015 оны 01 дүгээр сараас 08 дугаар сарыг дуустал авсан цалин хөлсний тодорхойлолт байгаа бөгөөд ур чадварын нэмэгдэл гэж 2015 онд 6483000 /зургаан сая дөрвөн зуун наян гурван мянга төгрөгийг хөдөлмөрийн гэрээний нэмэлт байгуулалгүй Ерөнхий захирлын тушаал, "Ур чадварын нэмэгдлийн санг бүрдүүлэх, зарцуулах" журмыг зөрчин олгосон байдаг. Дээрх үндэслэлгүй олгосон мөнгийг нэхэмжилж сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүх хүлээн авахаас татгалзсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт “Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ” гэж заасан байна. Иргэний хуулийн 238 дугаар зүйлд заасан харилцан шаардлага бүхий үүргийг тооцож дуусгавар болгох зохицуулалтад хамаарах нөхцлийг үндсэн нэхэмжлэлиин шаардлагатай тооцогдох боломжтой гэж ойлгохоор байна.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1319 дугаар шийдвэрээр Ч.Бямбаад илүү олгохоор байгаа 11.631.615 төгрөгийг хасч өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ч.Бямбаа нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас 2015.11.16-2016.04.12 хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 22.960.000 төгрөг гаргуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2016.04.12-2016.09.01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 22.000.000 төгрөг гаргуулах тухай нэмэгдүүлсэн шаардлага тус тус гаргажээ.

Нэхэмжлэгч Ч.Бямбаа нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтсийн даргаар 2014.11.14-ний өдрөөс 2015.08.17-ны өдөр хүртэл ажиллаж байгаад үйлдвэрийн ерөнхий захирлын 2015.08.14-ний өдрийн Б/957 дугаар тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж шүүхийн шийдвэрээр тухайн албан тушаалд эргүүлэн тогтоогдсон ба хяналтын шатны шүүхийн 2016.04.12-ны өдрийн 353 дугаар тогтоолоор хүчин төгөлдөр болсон байна.

Нэхэмжлэгч Ч.Бямбаагийн 2015 оны 11 дүгээр сарын 16-наас 2016 оны 09 дүгээр сарын 01 хүртэл ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг тооцож гаргасан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Хариуцагч байгууллага нь урамшуулал, ур чадварын нэмэгдлийг олгодог хөдөлмөрийн гэрээний нэмэлт гэрээг байгууллагын захиргаанаас эсхүл ажилтан өөрөө санаачлан байгуулдаг эсэхийг нотолж чадаагүй болно.

Ур чадварын нэмэгдлийн сан бүрдүүлэх, зарцуулах, журмын нийтлэг зүйлийн 1.2-т “захирлууд өөрийн харьяалах чиглэл, хэлтэс, цехийн хүрээнд хэлтэс цехийн удирдлагын шалгаруулалт саналаар ажилтанд нэмэлт даалгавар оноох, тэр нь үйлдвэрлэл цаг үеийн тулгамдсан асуудлыг хамарч чадварын өндөр түвшин шаардах болзлыг биелүүлж буй тохиолдолд хөдөлмөрийн нэмэлт гэрээ байгуулна” гэсэн заалтаас үзэхэд байгууллагын захиргаа буюу удирдах ажилтнууд хөдөлмөрийн нэмэлт гэрээг тухайн үеийн ажлын онцлог шаардлагаас шалтгаалж даалгавар өгөх замаар ажил гүйцэтгүүлж түүнийг үнэлэхээр хөдөлмөрийн нэмэлт гэрээ байгуулах зохицуулалт байх тул хөдөлмөрийн нэмэлт гэрээг ажилтан өөрөө санаачилж хийгээгүй гэж буруутгах боломжгүй учраас ур чадвар урамшууллын нэмэгдэл орсон цалингийн дундажаар бодож нөхөн олговор олгох нь зүйтэй байна.

Энэ талаар дүгнэлт хийж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Харин хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь өөрийн цалин хөлсний тодорхойлолтоор тооцоолсон дүнгээр /ХХ-81 дүгээр хуудас/ нөхөн олговор олгоход татгалзахгүй талаар тайлбар гаргаж байгаа болно.

Давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 3 сараар цалингийн дундажийг гаргахад анхан шатны шүүхийн үндэслэн тооцсон /ХХ-48 дүгээр хуудас/ талд авагдсан цалингийн тодорхойлолтонд дурдсан цалингийн дундажтай ойролцоо байгаа тул анхан шатны шүүхийн дүгнэлт тооцооллоор нөхөн олговрыг олгох нь зүйтэй байх тул давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр дугаар сарын 01-ний өдрийн 1319 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхболдын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 201.055 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

 

                                            ШҮҮГЧИД                               Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ