Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2017/00240

 

Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

       Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 134/ШШ2017/00153 дугаар шийдвэр,

            Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 216/МА2017/00018 дугаар магадлалтай,

            Д-ийн нэхэмжлэлтэй,

            Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох

         Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, Д-ийн ажиллаж байх үеийн ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан Орон нутгийн өмчийн бүртгэл, хяналтыг хэрэгжүүлэхтэй холбоотой ажлын байрны тодорхойлолтын 2.II, 2.6, 2.7, 2.8-д заасан бүхий л ажил үүрэг нь хууль тогтоомжид зааснаас дордуулсан байх тул тус үүргүүдийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Наранхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Гантуяа, хариуцагчийн өмгөөлөгч Э.Сайханаа, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.

          Нэхэмжлэгч Д-ийн нэхэмжлэл болон тайлбарт: Миний бие нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын санхүү албаны нягтлан бодогчоор ажиллаж байгаад Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Д-г үүрэгт ажлаас нь халах тухай Б/16 дугаартай тушаалаар үүрэгт ажлаасаа үндэслэлгүйгээр халагдаад байна. Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/16 дугаартай тушаалд намайг удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг хязгаарлалтай дүгнүүлсэн, Төрийн өмчийн жилийн эцсийн тайлан мэдээг хоцроосон гэж үзэн намайг үүрэгт ажлаас халсан байна. Тийнхүү халахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 43.2, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг тус тус үндэслэжээ. Уг тушаал нь хууль зүйн хувьд үндэслэлгүй болохыг дараах байдлаар тайлбарлая.

1. Уг тушаалаар намайг ажлаас халж, миний хөдөлмөрлөх эрхийг хөндсөн шийдвэр гаргаж байгаа мөртлөө Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг огт үндэслээгүй байна. Учир нь миний эрхэлж байсан ажил албан тушаал нь ТҮ-8-2 шатлалаар цалинждаг, төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарах бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно гэж заасан.

2. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас хална гээд 25.1.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа 2 ба түүнээс дээш албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж заасныг үндэслэн намайг үүрэгт ажлаас халсан. Гэтэл миний хувьд төрийн жинхэнэ албыг хашиж байгаагүй тул энэ үндэслэлээр үүрэгт ажлаас халагдах ёсгүй гэж үзэж байна. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д төрийн албан тушаалыг дор дурдсанаар ангилна гээд 5.1.1-д төрийн улс төрийн, 5.1.2-д төрийн захиргааны, 5.1.3-д төрийн тусгай, 5.1.4-д төрийн үйлчилгээний гэж ангилаад мөн хуулийн 5.2-т энэ зүйлийн 5.1.2, 5.1.3-т заасан албан тушаалыг төрийн жинхэнэ албан тушаал гэнэ гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, төрийн үйлчилгээний албан хаагч нь төрийн жинхэнэ албан хаагч биш тул түүнийг халахад мөн хуулийн 25.1-т заалт хэрэглэгдэх боломжгүй юм. Нөгөөтэйгүүр, миний бие ажиллаж байх хугацаандаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг шаардлагын хэмжээнд хангалттай гүйцэтгэж ирсэн бөгөөд удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэдгийг зөвшөөрөх боломжгүй байна.

3. Намайг үүрэгт ажлаас халахын өмнө 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр тушаалын агуулгыг төсөл хэлбэрээр үзүүлж мэдэгдэл нэрээр гарын үсэг зуруулсан. Би танилцсан гэдэг утгаар гарын үсэг зурсан. Тэрнээс биш Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлан ажлаас халах тухай мэдэгдлийг 1 сарын өмнө мэдэгдэл өгөх тухай үүргээ Баянтал сумын Засаг даргын Тамгын газар нь огт хэрэгжүүлээгүй. Өөрөөр хэлбэл, ийм шийдвэр гаргах гэж байгаагаа тодорхой үндэслэл шалтгааны хамт 1 сарын өмнө надад мэдэгдэх ёстой. Гэтэл ийм мэдэгдэл огт байхгүй болно. Энэхүү тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй гэсэн заалтыг зөрчсөн болно. Мөн тус заалтыг Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 17-д хуулийн 40 дүгээр зүйлйн 40.5-д заасан сарын өмнө мэдэгдэх 45 хоногийн өмнө мэдэгдэх мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т заасан ажилтанд 2 сар түүнээс дээш хугацааны өмнө мэдэгдэх тухай заалтуудыг хэрэгжүүлэхдээ хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах тухайгаа ажил олгогч ажилтанд уг хугацааны өмнө бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зуруулж, баталгаажуулна гэж тайлбарлажээ. Иймээс Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/16 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажиллаж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

           Хариуцагч Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын хариу тайлбарт: Баянтал сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох иргэн Д-ийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь эсэргүүцэж байгаа бөгөөд хүлээн зөвшөөрөх, эвлэрэн хэлэлцэх боломжгүй байх тул хариу тайлбарыг дараах байдлаар гарган хүргүүлж байна. Нэхэмжлэгч Д нь тус сумын Засаг даргын Тамгын газарт Санхүү албаны нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа хариуцсан үүрэгт ажилдаа хайнга хандаж, чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлэх байдлыг удаа дараа гаргаж байсан. Үүрэг даалгавар биелүүлээгүй нь Засаг даргын Тамгын газрын хурлын тэмдэглэлийн дэвтэр дээр бичигдсэн баримтаар нотлогдоно. ГСА-/2016/-05-СТА-ТШЗ кодтой Санхүүгийн аудитын тайлангаар дүгнэлтээр хязгаарлалттай дүгнэгдсэн тул сахилгын шийтгэл бүхий тушаал, төрийн өмчийн жилийн эцсийн тайлан мэдээ хугацаа хоцорсон тул төрийн албаны үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх, тайлан мэдээг хүргүүлэх комиссын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/13 тоот Ажлын хэсэг байгуулах тухай тушаал зэргээр нотлогдоно. Нэхэмжлэгч Д нь ажил үүргээ хэрэгжүүлж байхдаа захирах, захирагдах ёсны зарчмыг огт баримталдаггүй нь Тамгын газрын хурлын тэмдэглэлийн дэвтэр дээр бичигдсэн нь баримтаар нотлогдоно. Иймд Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/16 тоот тушаалыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

        Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Наранхүүгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөрийн харилцааг зохицуулдаг. Энэ суурь хэлбэрээр зохицуулж байгаа асуудал дээр төрийн байгууллага дотроосоо төрийн үйлчилгээний албан хаагчдад Хөдөлмөрийн тухай хууль чөлөөтэй хэрэглэгддэг. Хөдөлмөрийн харилцаанд ажилтан, ажил олгогч гэсэн хоёр тал оролцдог. Хөдөлмөрийн гэрээг байгуулах үүрэг нь ажил олгогчид байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээнд дараах гол нөхцөлийг тохирно гэж байгаа. Үүнд: 4 гол нөхцөл байдаг. Ажлын байрны буюу албан тушаалын нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг, үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл гэсэн 4 гол нөхцөл байгаа. Мөн тус хуульд аль нэг тал дангаараа хөдөлмөрийн гэрээний заалтыг өөрчилж болохгүй. Хөдөлмөрийн гэрээ байгуулах үед талууд Хөдөлмөрийн тухай хуулийн 21.1-т заасан 4 гол нөхцөлийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй. Хөдөлмөрийн гэрээ нь хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт нийцсэн байна гэж хуульд заасан байгаа. Засгийн газрын тогтоол дээр Д-ийн ажлын байрны чиг үүргийг зааж өгсөн байгаа. Санхүү алба нь 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан. Уг тогтоолын хавсралтаар санхүү албаны чиг үүрэг, зохион байгуулалт, жишиг нормативыг баталсан. Санхүү албаны чиг үүргийн жишигт санхүү албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч гэсэн нэр томъёон дээр 1.1.7-т зааснаар орон нутгийн өмчийн хяналт бүртгэлийг хэрэгжүүлэх гэж зааж өгсөн. Орон нутгийн өмчийн бүртгэл хяналт гэдгийг ерөнхий агуулгаар нь авч үзвэл төрийн захиргааны албан хаагчид хамаарахаар харагдаж байгаа. Тэр утгаараа Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор тусгаж өгсөн байгаа. Санхүү албаны дарга буюу тухайн сумын ерөнхий нягтлан бодогчид 9 нэр төрлийн ерөнхий чиг үүргийг зааж өгсөн байдаг. Харин нягтлан бодогч нь сумын Засаг даргын Тамгын газрын санхүү албанд дараах төсвийн байгуулага болон Орон нутгийн хөгжлийн сан, тусгай сан, Засаг даргын нөөц хөрөнгийг хариуцсан нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх хоёр нягтлан бодогчтой байна гэж заасан байдаг. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, багийн Засаг дарга, цэцэрлэг, сургууль, эмнэлэг, соёлын төв гэсэн байгууллагуудыг хуваарилах маягтайгаар хариуцаад эдгээр байгууллагуудын гүйлгээг хийхээр энэ алба байгуулагдсан. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 21.4-т Хөдөлмөрийн гэрээ нь хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт нийцсэн байна гэсэн шаардлагыг хангахгүй байна. Хөдөлмөрийн гэрээн дээр талууд гарын үсэг зурж байгаа боловч, ажлын байрны тодорхойлолт дээр гарын үсэг зурах ёстой. Хөдөлмөрийн гэрээн талууд гарын үсэг зурж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно гэж заасан байгаа. Гэтэл ажлын байрны тодорхойлолт дээр Д-ийн гарын үсэг байхгүй. Энэ нь хүчин төгөлдөр бус гэрээний хэсэг болж байгаа. Ажлын байрны тодорхойлолтыг хүлээн зөвшөөрч байх ёстой, ажил олгогч нь ямар ч хамаагүй ажлыг шаардана гэсэн үг биш юм. Энэ ажлыг хийхийг ажилтан өөрөө хүлээн зөвшөөрч байх ёстой. Энэ маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд зааснаар шүүхээр хянан шийдвэрлэх маргаан гэдэгт тус хуулийн 128.1.2-т ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол мөн хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг хууль тогтоомж болон хамтын гэрээнд зааснаас дордуулсан тухай ажилтны нэхэмжлэл гаргасан.

Ажил олгогч ажилтныг ажлаас халахдаа холбогдох зүйл заалтыг оновчтойгоор хэрэглэх үүрэгтэй. Ингэснээр тухайн шийдвэр нь түүний зорилго болон үр дагаварыг илэрхийлдэг. Энэ асуудлыг зохицуулсан хууль байсаар байхад үүнийг хэрэглэх ёстой. Зохицуулсан хууль байхгүй бол агуулгад нийцүүлэх ёстой. Гэтэл энэ тухай зохицуулсан хууль байгаа. Тушаалын нэгдүгээр заалтад сахилгын шийтгэлээр ажлаас халсан юм шиг байгаа. Сахилгын шийтгэлээр ажлаас халсан бол холбогдох заалтыг авах ёстой. Сахилгын шийтгэл нь дотроо үр дагавартай, ийм учраас сахилгын шийтгэл ногдуулсан талаар дурдах шаардлагатай. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 25.1.1-т ажилтан ажил үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн бол ажлаас хална гэж байгаа. Энэ нь зөвхөн төрийн жинхэнэ албан хаагчид хамаарах хуулийн заалт байгаа. Тиймээс энэ тушаал нь үндэслэлгүй болж байна. Тушаалын гол агуулга дээр 2015 оны санхүүгийн тайланг хязгаарлалттай дүгнүүлсэн гэж байгаа. Энэ зөрчлийн хэмжээнд 2015 онд хариуцлага тооцсон байгаа. Энэ өмнө үр дагавар нь яригдчихсан асуудал байгаа. Төрийн өмчийн жилийн мэдээ тайланг хоцроосон гэж байна. Энэ нь хууль тогтоомжид заагдаагүй ажлын чиг үүргийг шаардсан байгаа. Энэ байдлаас авч үзэхэд ажил олгогч өөрсдийн үзэмжээр ажлыг шаарддаг гэдэг нь харагдаж байна. Талууд гэрээнд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Ажлын байрны тодорхойлолт дээр Д гарын үсэг зураагүй байхад ажлыг шаардаж байна. Мөн энэ талаар танилцуулж байгаагүй талаар Д өөрөө хэлдэг. Энэ байдлаас харахад тухайн байгууллага нь ажилтнууддаа танилцуулах ёстой албан бичгүүдийг танилцуулдаггүй гэдэг нь харагдаж байна. Д энэ ажлыг хийж гүйцэтгэх үүрэггүй байхад тухайн ажлыг хийж гүйцэтгэхийг шаардаж, гүйцэтгээгүйн төлөө ажлаас халсан нь үндэслэлгүй гэжээ.

            Хариуцагчийн төлөөлөгч В.Гантуяагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие нь 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон. 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ажлаа хүлээж аваад 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө шуурхай хурал хийсэн. Тухайн долоо хоногтоо хийх ажлын төлөвлөгөөг гаргаж шуурхай хуралдаан хийсэн. 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс санхүүгийн үйл ажиллагаа тасалбар болж, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор санхүүгийн тайланг хугацаандаа гаргаж өгөх ёстой байсан. Орон нутгийн өмчийн мэдээ тайланг санхүү албаны даргын хийдэг ажил биш, энэ нь тухайн албан ажлыг хашиж байгаа нягтлан бодогч бүрээс гардаг орлого, зарлага хөдөлгөөний өөрчлөлтийн тайлан байдаг. Баянтал сумын Засаг даргын Тамгын газар нь 7 хоног бүрийн даваа гаригт өглөө 08 цаг 00 минутаас 09 цаг 00 минут хүртэл шуурхай хуралдаан хийдэг. Тухайн шуурхай хуралдаанаар өнгөрсөн 7 хоногт хийсэн ажлаа дүгнээд, энэ 7 хоногт ямар ажил хийх талаар төлөвлөгөөгөө боловсруулдаг. Тус хуралд Засаг даргын Тамгын газрын бүх ажилчид суудаг бөгөөд, архив бичиг хэргийн эрхлэгч тэмдэглэлийг хөтлөөд явдаг. Миний хувьд Д.Мөнхбаясгалантай Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллахаас өмнө 7 жил хамтарч ажиллаж байсан. Д нь ажлын хариуцлага муутай хүн юм. 2015 оны санхүүгийн тайланг хязгаарлалттай дүгнүүлээд удалгүй арга хэмжээ авахуулж байсан. Д нь санхүүгийн тайланг хугацаандаа өгдөггүй, араасаа тогтмол дуудуулдаг, замын голд ажлыг чирэгдүүлдэг. Тиймдээ ч 2016 оны санхүүгийн тайланг сөрөг дүгнүүлсэн. 2 жил дараалан ийм муу дүгнэлт гаргуулсан. Д нь ажлын байрны тодорхойлолтод гарын үсэг зураагүй гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч ярьж байна. Энэ ажлын байрны тодорхойлолт нь 2016 оны 01 дүгээр сарын 25-нд тухайн үед Тамгын газрын дарга байсан н.Баярсайхан, Засаг даргын үүрэг гүйцэтгэгч М.Наранмандах нар баталгаажуулж өгсөн ажлын байрны тодорхойлолт байгаа. Д би ажлын байрны тодорхойлолт дээр гарын үсэг зураагүй юм чинь би энэ ажлыг хийх ёсгүй, Сангийн яамнаас мөрдөгдөж байгаа сангийн яамны журам зааврын дагуу ажил үүргээ гүйцэтгэнэ гэж байна. Ажлын байрны тодорхойлолтод гарын үсэг зураагүй нь хариуцлага хүлээхгүй байх үндэслэл болохгүй. Хөдөлмөрийн гэрээнд ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргийг биелүүлнэ, ёс зүйн алдаа гаргахгүй гэж заасаар байхад гарын үсэг зурсан байна. Гэтэл одоо би мэдээгүй гэж болохгүй. Д ажилдаа маш хариуцлагагүй, миний гарын үсгийг зуруулаагүй байж гүйлгээ хийгээд нэг хүнийг ажлаас нь халуулж байсан. Энэ хүнийг ажлын хариуцлага муу гэдгийг Тамгын газрын бүх ажилчид мэднэ. Гадаа хоёр гэрч ирсэн байгаа тэд нотлоод хэлээд өгөх байх гэжээ.

      Хариуцагчийн өмгөөлөгч Э.Сайханаагийн тайлбарт: Нэхэмжлэгч дөрвөн шаардлага гаргаж байна. Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор олгох, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, ажлын байрны тодорхойлолтын 2.2, 2.6, 2.7, 2.8 дахь заалтууд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.8 дахь заалтыг зөрчсөн байх тул энэ заалтуудыг хүчингүй болгох гэсэн дөрвөн шаардлагыг гаргаж байна. Нэхэмжлэлийн гол гурван шаардлагыг хангуулах үндэслэл нь ажлын байрны тодорхойлолтын зохих зүйл заалтууд нь хуульд нийцээгүй хууль зөрчсөн юм. Тийм учраас орон нутгийн өмчийн тайлан мэдээг оруулах ёсгүй байсан гэсэн үндэслэлээр маргаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.8 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээний нөхцөл хамтын гэрээний зохицуулалтыг хуульд заасан зохицуулалтаас дордуулсан гэж байна. Энэ байдлаар нэхэмжлэлийг гаргаж болно, гаргахдаа нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Энэ нь хөөн хэлэлцэх хугацаа юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд зааснаар гомдол гаргах хугацаа гэж байгаа. Тэгэхээр нэхэмжлэлээ ажлаас халагдсаныхаа дараа гаргах ёстой байсан юм уу эсвэл ажлын байрны тодорхойлолт танилцуулсаны дараа гаргах ёстой байсан юм уу гэдэг нь өөр асуудал юм. Үүнийг ажлаас халагдсаныхаа дараа биш ажлаас халагдахаасаа өмнө ажлын байрны тодорхойлолттой танилцсаныхаа дараа гаргах ёстой байсан. Өнөөдрийн байдлаар нэхэмжлэл гаргах нь хөөн хэлэлцэх хугацаа алдсан, цаг үеэ олоогүй, энэ хэрэг маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж ойлгож байна. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлд Хөдөлмөрийн тухай хуулийн эрх зүйн байдлын хүрээнд тодорхойлогдоно гэж үзэж болно. Гэхдээ тухайн зөрчил гарсан уу, гараагүй юу гэдэг нь маргааны гол асуудал юм. Ямар хуулийн зүйл заалт барьсан гэдэг бол техникийн асуудал юм. 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/19 дугаар тушаалаар цалингийн 20 хувиар арга хэмжээ авсан байна. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 1 жилийн дотор дахин сахилгын арга хэмжээ авагдаагүй бол дараа жил нь дахин сахилгын шийтгэл авагдаагүйд тооцогдоно. Тиймээс 2017 оны 04 дүгээр сарын 08 хүртэл гэхээр хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан харагдаж байгаа. Гэтэл энэ хугацаанд удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй нь хангалтай нотлогдож байна. Нэхэмжлэгч тал хэлэхдээ орон нутгийн өмчийн тайлан мэдээ гаргаагүй гэж байсан. Орон нутгийн өмчийн газраас 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 31 дугаартай албан бичиг ирсэн. Д хугацаанд ирүүлье гээд 2017 оны 02 дугаар сарын 08-нд В.Гантуяа дарга цохсон байдаг. 2017 оны 02 дугаар сарын 10-нд хүргүүлэх ёстой байсан. Энэ нь нэг сарын дараа ажлын хэсэг байгуулагдаж, хурал зөвлөгөөн дээр хэд хэдэн удаа яригдаж хэрэгжихгүй байсаар сүүлд хэрэгжсэн байдаг. Тухайн үед орон нутгийн өмчийн газраас ирүүлсэн үүрэг даалгавар хэрэгжүүлээгүй гэдэг нь энэ албан тоот, цохолт, ажлын хэсэг байгуулаад давтан зөрчил гаргасан гэдэг нь гарч ирж байна. Хөдөлмөрийн гэрээний 5.4.2-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан бол ажлаас халсан үндэслэл болно гэж заасан байна. Ажлын байрны тодорхойлолт дээр маргаж байна. Гэтэл тухайн үедээ л маргах ёстой байсан. Одоо ажлаас халагдчихсан атлаа энэ дээр маргалдах шаардлагагүй. Тухайн үедээ ажлын байрны тодорхойлолтыг хүлээн зөвшөөрсөн. Энэ нь холбогдох тайлбар зэргээр нотлогдож байна. Хөдөлмөрийн сахилгыг удаа дараа зөрчсөн гэдэг нь нотлогдож байна. Хууль бусаар хийх ёсгүй ажлыг хий гэж шаардсан гэдэг тайлбар гаргаж байна. Ажлын байрны шаардлагад заасан зүйлүүдийг хүргүүлэх байсан цаг хугацаанд нь хүргүүлээгүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар сахилгын шийтгэл болох зүйлүүд мөн. Энэ нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журмын заалтуудаар тогтоогдож байна. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

          Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 134/ШШ2017/00153 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.8-д зааснаар нэхэмжлэгч Д-г Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын Санхүү албаны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, Д-ийн ажиллаж байх үеийн ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан Орон нутгийн өмчийн бүртгэл, хяналтыг хэрэгжүүлэхтэй холбоотой ажлын байрны тодорхойлолтын 2.II, 2.6, 2.7, 2.8-д заасан бүхий л ажил үүрэг нь хууль тогтоомжид зааснаас дордуулсан тус үүргүүдийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3.847.744 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Д-ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 146.714 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

            Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 216/МА2017/00018 дугаар магадлалаар: Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 134/ШШ2017/00153 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

       Хариуцагчийн өмгөөлөгч Э.Сайханаагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 216/МА2017/00018 дугаар магадлалыг эс зөвшөөрч ИХШХШТ хуулийн 40, 118 дугаар зүйлийг буруу хэрэглэсэн гэж хяналтын шатны гомдол гаргаж байна.

Магадлалын хянавал хэсэгт “...ажлаас үндэслэлгүй халагдсан маргааны гол зүйл болох ажилтныг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх эсэх, уг асуудал нь нотлогдсон эсэх талаар анхан шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй байна” гэж давж заалдах шатны шүүхээс үзсэн хэдий ч давж заалдах шатны шүүх өөрийн дүгнэлтдээ “... дээр дурьсан зөрчил гэж үзсэн зүйл нь байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээний чухам ямар зүйл заалтыг зөрчсөн талаар анхнаас нь тодорхойлж өгөөгүй учраас аль ч шатны шүүхээс Д-г сахилгын зөрчлийг давтан гаргасан, энэ үндэслэлээр ажлаас халсан нь зөв байсан гэж дүгнэх боломжгүй байна” гэсэн нь хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа талаар заагаагүй нь эрх зүйн хувьд ойлгомжгүй, бүрэн гүйцэд дүгнэлт гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангаж шийдвэрлэсэн шийдвэрийнхээ үндэслэлийг анхан болон давж заалдах шатны шүүх бүрэн тодорхойлоогүй гэж үзэхээр байна. Хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд үзэхэд ажил олгогч нь Д-г ажлаас халсан тушаалд "... удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг удаа дараа биелүүлээгүй, 2015 оны жилийн эцсийн тайлан мэдээг хязгаарлалтай дүгнүүлсэн, Төрийн өмчийн жилийн эцсийн тайлан мэдээг хоцроосон зэрэг зөрчил гаргасан” гэж дурьдаж өгсөн хэдий ч энэ нь тушаал хуульд нийцээгүй гэж тодорхойлсон ч нэхэмжлэгч сахилгын зөрчлийг давтан гаргасан нь бодит байдалд нотлогдсон байхад анхаарч үзээгүй.

Хөдөлмөрийн гэрээний 2.2.1 Ажилтны үүрэг хариуцлага. Энэхүү гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажлыг бүрэн хангаж биелүүлэхийн тулд өөрийн мэдлэг авьяас, чадвараа дайчлан, үнэнч шударгаар ажиллаж, албан ажлын асуудлаар захиргаа болон шууд удирдах албан тушаалтны хууль ёсны шаардлагыг цаг хугацаанд нь биелүүлэх, Баянтал сумын Засаг Даргын Тамгын Газрын Санхүү Албаны Нягтлан Бодогчийн ажлын байрны тодорхойлолтын 2.3. Сумын ЗДТГ, ИТХ, ЭМТ, багийн санхүүгийн мэдээ тайланг хугацаанд нь үнэн өв гаргаж сар бүр танилцуулж байх, 3.10 ИТХ, ЗДТГ, ЭМТ, багийн санхүүгийн тайлан мэдээг хугацаанд нь гаргаж сар бүр тайлагнаж, өр авлага үүсгэхгүй ажиллах гэснийг нэхэмжлэгч нь дараах байдлаар тус тус зөрчиж ажилласан болно. 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/19 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан ба уг сахилгын шийтгэлийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй буюу /сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа болоогүй байхад/ 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 31 тоот албан бичгийн хариуг 2017 оны 02 дугаар сарын 10-ны дотор Орон нутгийн өмчийн газар хүргүүлэх байсан боловч тус цаг хугацаанд хүргүүлэлгүй /удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг үл биелүүлж/ сахилгын зөрчлийг давтан гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. Нэхэмжлэгч дээрх зөрчлийг гаргаснаар ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлэхгүй, хөдөлмөрийн гэрээний 5.4.2, 5.4.5-д заасныг зөрчсөний улмаас ажлаас халагдах үндэслэл болсон байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцаан дахь сахилгын зөрчил гаргасан үйлдэлд эрх зүйн дүгнэлт хийгээгүй зөвхөн төрийн үйлчилгээний албан тушаалтанд Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан үндэслэлээр сахилгын арга хэмжээ авснаас нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлтэй гэж дүгнэсэн нь ИХШХШТ хуулийн 40 дүгээр зүйлийг, Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт эрх зүйн хувьд үндэслэл бүхий биш дүгнэлтийг хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ИХШХШТ хуулийн 118 дугаар зүйлд тус тус нийцэхгүй анхан болон давж заалдах шатны шүүх дээрх хуулийн заалтуудыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

       Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

         Нэхэмжлэгч Д нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх явцад түүний ажлын байрны тодорхойлолтын 2.II, 2.6, 2.7, 2.8-д заасан ажил үүрэг нь ажилтны эрхийг хууль тогтоомжид зааснаас дордуулсан гэж тус нөхцөлүүдийг хүчингүйд тооцуулахаар шаардлагаа нэмэгдүүлжээ.

           Хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ажилтан Д нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг хязгаарлалттай дүгнүүлсэн, Төрийн өмчийн жилийн эцсийн тайлан мэдээг хоцроосон ..., зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй гэж маргажээ.

        Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/04 дүгээр тушаалаар Д-г Санхүү албаны нягтлан бодогчийн албан тушаалд томилон ажиллуулж байсан бөгөөд тус Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг хязгаарлалттай дүгнүүлсэн, Төрийн өмчийн жилийн эцсийн тайлан мэдээг хоцроосон зэрэг зөрчил дутагдлыг гаргасан гэж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

          Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үед ажилтныг ажлаас халах үндэслэл нь тушаалд баримталсан хуулийн зохицуулалттай тохирч байх ёстой боловч Д-г ажлаас халсан Б/16 дугаартай тушаал нь хуулийн шаардлага хангаагүй буюу нэхэмжлэгч нь төрийн үйлчилгээний албан тушаалтан байхад Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслээгүй нь буруу гэж нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй, Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 25 дугаар зүйлийн 25.1-д нийцсэн байна.

          Ажлаас халагдсан тухай маргааны гол үндэслэл болох ажилтныг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх эсэх, уг асуудал нь нотлогдсон эсэх талаар анхан шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй, харин “...удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, 2015 оны жилийн эцсийн Санхүүгийн тайланг хязгаарлалттай дүгнүүлсэн, Төрийн өмчийн жилийн эцсийн тайлан мэдээг хоцроосон ... зэрэг зөрчил гаргасан” гэж үзсэн нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний чухам ямар зүйл заалтыг зөрчсөн талаар анхнаас нь тодорхойлж өгөөгүй тул Д-г сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэх боломжгүй тухай давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т нийцсэн, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлжээ.

       Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх олговорт хариуцагчаас 3.847.744 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэхдээ Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар батлагдсан “цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ын А-д "... ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно" гэснийг хэрэглэсэн нь зөв байна.

          Нэхэмжлэгч нь хүчингүйд тооцуулах гэж буй ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй, тэрээр энэ эрхээ хэрэгжүүлсэн эсэх тухай нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг үндэслэл бүхий хэрэглэжээ.

       Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн ганцаарчилсан маргааны зохицуулалтыг үндэслэл бүхий тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь   зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

           1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 134/ШШ2017/00153 дугаар шийдвэр, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 216/МА2017/00018 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

         2. Хариуцагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                 ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН