Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 216/МА2017/00018

 

  Д.М нэхэмжлэлтэй иргэний

  хэргийн тухай

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Н.Батчимэг, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар;

Нэхэмжлэгч: 1 онд төрсөн, 31 настай, эмэгтэй, Говьсүмбэр аймаг, Б сум, дүгээр баг, тоотод оршин суух, Д овогт Д  /РД: , утас: -гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г аймгийн Б сумын З д Т газар /Хуулийн этгээдийн РД:/-т холбогдох 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай, Д.М ажиллаж байх үеийн ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан “Орон нутгийн өмчийн бүртгэл, хяналтыг хэрэгжүүлэхтэй холбоотой ажлын байрны тодорхойлолтын 2.II, 2.6, 2.7, 2.8-д заасан бүхий л ажил үүрэг нь хууль тогтоомжи дзааснаас дордуулсан байх тул тус үүргүүдийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай иргэний хэргийг 2017 оны 09 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Наранхүү, хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Сайханаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ :

Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.М миний бие нь Говьсүмбэр аймгийн Б с З д Т газрын санхүү албаны нягтлан бодогчоор ажиллаж байгаад Говьсүмбэр аймгийн Б сумын З д Т газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Д.М үүрэгт ажлаас нь халах тухай” Б/16 дугаартай тушаалаар үүрэгт ажлаасаа үндэслэлгүйгээр халагдаад байна.

Говьсүмбэр аймгийн Б сумын З даргын Т газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Д.М үүрэгт ажлаас нь халах тухай” Б/16 дугаартай тушаалд намайг “удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг удаа дараа биелүүлээгүй, 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг хязгаарлалтай дүгнүүлсэн, Төрийн өмчийн жилийн эцсийн тайлан мэдээг хоцроосон” гэж үзэн намайг үүрэгт ажлаас халсан байна. Тийнхүү халахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 43.2, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг тус тус үндэслэжээ. Уг тушаал нь хууль зүйн хувьд үндэслэлгүй болохыг дараах байдлаар тайлбарлая.

1. Уг тушаалаар намайг ажлаас халж, миний хөдөлмөрлөх эрхийг хөндсөн шийдвэр гаргаж байгаа мөртлөө Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг огт үндэслээгүй байна. Учир нь миний эрхэлж байсан ажил албан тушаал нь ТҮ-8-2 шатлалаар цалинждаг, төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарах бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж заасан.

2. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална” гээд 25.1.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа 2 ба түүнээс дээш албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж заасныг үндэслэн намайг үүрэгт ажлаас халсан. Гэтэл миний хувьд төрийн жинхэнэ албыг хашиж байгаагүй тул энэ үндэслэлээр үүрэгт ажлаас халагдах ёсгүй гэж үзэж байна. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д төрийн албан тушаалыг дор дурдсанаар ангилна гээд 5.1.1-д төрийн улс төрийн, 5.1.2-д төрийн захиргааны, 5.1.3-д төрийн тусгай, 5.1.4-д төрийн үйлчилгээний гэж ангилаад мөн хуулийн 5.2-т “энэ зүйлийн 5.1.2, 5.1.3-т заасан албан тушаалыг төрийн жинхэнэ албан тушаал гэнэ” гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, төрийн үйлчилгээний албан хаагч нь төрийн жинхэнэ албан хаагч биш тул түүнийг халахад мөн хуулийн 25.1-т заалт хэрэглэгдэх боломжгүй юм. Нөгөөтэйгүүр миний бие ажиллаж байх хугацаандаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг шаардлагын хэмжээнд хангалттай гүйцэтгэж ирсэн бөгөөд удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэдгийг зөвшөөрөх боломжгүй байна.

3. Намайг үүрэгт ажлаас халахын өмнө 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр тушаалын агуулгыг төсөл хэлбэрээр үзүүлж мэдэгдэл нэрээр гарын үсэг зуруулсан. Би танилцсан гэдэг утгаар гарын үсэг зурсан. Тэрнээс биш Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлан ажлаас халах тухай мэдэгдлийг 1 сарын өмнө мэдэгдэл өгөх тухай үүргээ Баянтал сумын Засаг даргын Тамгын газар нь огт хэрэгжүүлээгүй.

Өөрөөр хэлбэл ийм шийдвэр гаргах гэж байгаагаа тодорхой үндэслэл шалтгааны хамт 1 сарын өмнө надад мэдэгдэх ёстой. Гэтэл ийм мэдэгдэл огт байхгүй болно. Энэхүү тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх” үүрэгтэй гэсэн заалтыг зөрчсөн болно. Мөн тус заалтыг Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар тогтоолын 17-д хуулийн 40 дүгээр зүйлйн 40.5-д заасан “сарын өмнө мэдэгдэх” “45 хоногийн өмнө мэдэгдэх” мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-д заасан “ажилтанд 2 сар түүнээс дээш хугацааны өмнө мэдэгдэх” тухай заалтуудыг хэрэгжүүлэхдээ хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах тухайгаа ажил олгогч ажилтанд уг хугацааны өмнө бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зуруулж, баталгаажуулна гэж тайлбарлажээ.

Иймээс Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Д.М үүрэгт ажлаас нь халах тухай” Б/16 дугаартай үүрэгт ажлаас үндэслэлгүйгээр халсан, хууль бус тушаалыг хүчингүй болгож, ажиллаж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянтал сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох иргэн Д.М “Ажилд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь эсэргүүцэж байгаа бөгөөд хүлээн зөвшөөрөх, эвлэрэн хэлэлцэх боломжгүй байх тул хариу тайлбарыг дараах байдлаар гарган хүргүүлж байна. Нэхэмжлэгч Д.М нь тус сумын Засаг даргын Тамгын газарт Санхүү албаны нягтлан бологчоор ажиллаж байх хугацаандаа хариуцсан үүрэгт ажилдаа хайнга хандаж, чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлэх байдлыг удаа дараа гаргадаг байсан. Удаа дараа үүрэг даалгавар биелүүлээгүй нь Засаг даргын Тамгын газрын хурлын тэмдэглэлийн дэвтэр дээр бичигдсэн баримтаар нотлогдоно. ГСА-/2016/-05-СТА-ТШЗ кодтой Санхүүгийн аудитын тайлангаар дүгнэлтээр хязгаарлалттай дүгнэгдсэн тул сахилгын шийтгэл бүхий тушаал, төрийн өмчийн жилийн эцсийн тайлан мэдээ хугацаа хоцорсон тул төрийн албаны үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх, тайлан мэдээг хүргүүлэх комиссын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/13 тоот “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаал зэргээр нотлогдоно. Нэхэмжлэгч Д.М нь ажил үүргээ хэрэгжүүлж байхдаа захирах, захирагдах ёсны зарчмыг огт баримталдаггүй нь Тамгын газрын хурлын тэмдэглэлийн дэвтэр дээр бичигдсэн нь баримтаар нотлогдоно. Иймд, Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/16 тоот тушаалыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Наранхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөрийн харилцааг зохицуулдаг. Энэ суурь хэлбэрээр зохицуулж байгаа асуудал дээр төрийн байгууллага дотроосоо төрийн үйлчилгээний албан хаагчдад Хөдөлмөрийн тухай хууль чөлөөтэй хэрэглэгддэг. Хөдөлмөрийн харилцаанд ажилтан, ажил олгогч гэсэн хоёр тал оролцдог. Хөдөлмөрийн гэрээг байгуулах үүрэг нь ажил олгогчид байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээнд дараах гол нөхцөлийг тохирно гэж байгаа.

Үүнд: 4 гол нөхцөл байдаг. Ажлын байрны буюу албан тушаалын нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг, үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл гэсэн 4 гол нөхцөл байгаа. Мөн тус хуульд аль нэг тал дангаараа хөдөлмөрийн гэрээний заалтыг өөрчилж болохгүй.

Хөдөлмөрийн гэрээ байгуулах үед талууд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т заасан 4 гол нөхцөлийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй. Хөдөлмөрийн гэрээ нь хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт нийцсэн байна гэж хуульд заасан байгаа. Засгийн газрын тогтоол дээр Д.М ажлын байрны чиг үүргийг зааж өгсөн байгаа. Санхүү алба нь 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан. Уг тогтоолын хавсралтаар санхүү албанычиг үүрэг, зохин байгуулалт, жишиг нормативыг баталсан. Санхүү албаны чиг үүргийн жишигт санхүү албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч гэсэн нэр томъёон дээр 1.1.7-т зааснаар орон нутгийн өмчийн хяналт бүртгэлийг хэрэгжүүлэх гэж зааж өгсөн. Орон нутгийн өмчийн бүртгэл хяналт гэдгийг ерөнхий агуулгаар нь авч үзвэл төрийн захиргааны албан хаагчид хамаарахаар харагдаж байгаа. Тэр утгаараа Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор тусгаж өгсөн байгаа. Санхүү албаны дарга буюу тухайн сумын ерөнхий нягтлан бодогчид 9 нэр төрлийн ерөнхий чиг үүргийг зааж өгсөн байдаг.

Харин нягтлан бодогч нь сумын Засаг даргын Тамгын газрын санхүү албанд дараах төсвийн байгуулага болон Орон нутгийн хөгжлийн сан, тусгай сан, Засаг даргын нөөц хөрөнгийг хариуцсан нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх хоёр нягтлан бодогчтой байна гэж заасан байдаг. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, багийн Засаг дарга, цэцэрлэг, сургууль, эмнэлэг, соёлын төв гэсэн байгууллагуудыг хуваарилах маягтайгаар хариуцаад эдгээр байгууллагуудын гүйлгээг хийхээр энэ алба байгууллагдсан. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т хөдөлмөрийн гэрээ нь хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт нийцсэн байна гэсэн шаардлагыг хангахгүй байна. Хөдөлмөрийн гэрээн дээр талууд гарын үсэг зурж байгаа боловч, ажлын байрны тодорхойлолтод дээр гарын үсэг зурах ёстой.

Хөдөлмөрийн гэрээн талууд гарын үсэг зурж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно гэж заасан байгаа. Гэтэл ажлын байрны тодорхойлолтод дээр Д.М гарын үсэг байхгүй байгаа. Энэ нь хүчин төгөлдөр бус гэрээний хэсэг болж байгаа. Ажлын байрны тодорхойлолтыг хүлээн зөвшөөрч байх ёстой, ажил олгогч нь ямар ч хамаагүй ажлыг шаардана гэсэн үг биш юм. Энэ ажлыг хийхийг ажилтан өөрөө хүлээн зөвшөөрч байх ёстой. Энэ маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд зааснаар шүүхээр хянан шийдвэрлэх маргаан гэдэгт тус хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол мөн хөдөлмөрийн гэрээний нөхцлийг хууль тогтоомж болон хамтын гэрээнд зааснаас дордуулсан тухай ажилтны нэхэмжлэл гаргасан.

Ажил олгогч  ажилтны ажлаас халахдаа холбогдох зүйл заалтыг оновчтойгоор хэрэглэх үүрэгтэй. Ингэснээр тухайн шийдвэр нь түүний зорилго болон үр дагварыг илэрхийлдэг. Энэ асуудлыг зохицуулсан хууль байсаар байхад үүнийг хэрэглэх ёстой. Зохицуулсан хууль байхгүй бол агуулгад нийцүүлэх ёстой. Гэтэл энэ тухай зохицуулсан хууль байгаа. Тушаалын нэгдүгээр заалтад сахилгын шийтгэлээр ажлаас халсан юм шиг байгаа.

Сахилгын шийтгэлээр ажлаас хаслан бол холбогдох заалтыг авах ёстой. Сахилгын шийтгэл нь дотроо үр дагвартай, ийм учраас сахилгын шийтгэл ногдуулсан талаар дурдах шаардлагатай. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т ажилтан ажил үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн бол ажлаас хална гэж байгаа. Энэ нь зөвхөн төрийн жинхэнэ албан хаагчид хамаарах хуулийн заалт байгаа.

Тиймээс энэ тушаал нь үндэслэлгүй тушаал болж байна. Тушаалын гол агуулга дээр 2015 оны санхүүгийн тайланг хязгаарлалттай дүгнүүлсэн гэж байгаа. Энэ зөрчлийн хэмжээнд 2015 онд хариуцлага тооцсон байгаа. Энэ өмнө үр дагавар нь яригдчихсан асуудал байгаа. Төрийн өмчийн жилийн мэдээ тайланг хоцроосон гэж байгаа. Энэ нь хууль тогтоомжид заагдаагүй ажлын чиг үүргийг шаардсан, үүнийгээ биелүүлэхийг шаардсан байгаа. Энэ байдлаас авч үзэхэд ажил олгогч өөрөө, өөрсдийн үзэмжээр ажлыг шаарддаг гэдэг нь харагдаж байна. Талууд гэрээнд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Ажлын байрны тодорхойлолтод дээр Д.М өөрөө гарын үсэг зураагүй байхад тулган шаардаж ажлыг шаардаж байна.

Мөн энэ талаар танилцуулж байгаагүй гэдэг талаар Д.М өөрөө хэлдэг. Энэ байдлаас харахад энэ байгууллага нь ажилтнууддаа танилцуулах ёстой албан бичгүүдийг танилцуулддаггүй гэдэг нь харагдаж байна. Энэ байдлаас харахад Д.М энэ ажлыг хийж гүйцэтгэх үүрэг байхгүй байхад тухайн ажлыг хийж гүйцэтгэхийг шаардаж, тухайн ажлыг хийж гүйцэтгээгүйн төлөө ажлаас нь халсан нь үндэслэлгүй байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Сайханаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн дөрвөн шаардлага гаргаж байна. Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор олгох, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, ажлын байрны тодорхойлолтын 2.2, 2.6, 2.7, 2.8 дахь заалтууд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.8 дахь заалтыг зөрчсөн байх тул энэ заалтуудыг хүчингүй болгох гэсэн дөрвөн шаардлагыг гаргаж байна. Нэхэмжлэлийн гол гурван шаардлагыг хангуулах үндэслэл нь ажлын байрны тодорхойлолтын зохих зүйл заалтууд нь хуульд нийцээгүй хууль зөрчсөн юм.

Тийм учраас орон нутгийн өмчийн тайлан мэдээг оруулах ёсгүй байсан гэсэн үндэслэлээр маргаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.8 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээний нөхцөл хамтын гэрээний зохицуулалтыг хуульд заасан зохицуулалтаас дордуулсан гэж байна. Энэ байдлаар нэхэмжлэлийг гаргаж болно, гаргахдаа нэг зүйлийг анхаарах хэрэгтэй юм.

Энэ нь хөөн хэлэлцэх хугацаа юм. Хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйлд зааснаар гомдол гаргах хугацаа гэж байгаа. Тэгэхээр нэхэмжлэлээ ажлаас халагдсныхаа дараа гаргах ёстой байсан юм уу? эсвэл ажлын байрны тодорхойлолт танилцуулсаны дараа гаргах ёстой байсан юм уу? гэдэг нь өөр асуудал юм. Үүнийг ажлаас халагдсаныхаа дараа биш ажлаас халагдахаасаа өмнө ажлын байрны тодорхойлолттой танилцсаныхаа дараа гомдол гаргах ёстой байсан. Өнөөдрийн байдлаар нэхэмжлэл гаргах нь хөөн хэлэлцэх хугацаа алдсан, цаг үеээ олоогүй, энэ хэрэг маргааныг шийдвэрлэх ач холбогдолгүй гэж ойлгож байна. Маргалдагч талуудын ярьж байгаагаар сахилгыг зөрчил удаа дараа гаргасан, ажил үүргээ удаа дараа биелүүлээгүй гэж ярьж байна. Хуулийн зүйл заалт буруу хэрэглэсэн гэж маргаж байна. Энэ бол үндэслэлтэй байж болно. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлд Хөдөлмөрийн тухай хуулийн эрх зүйн байдлын хүрээнд тодорхойлогдоно гэж үзэж болно.

 Гэхдээ тухайн зөрчил гарсан уу, гараагүй юу гэдэг нь маргааны гол асуудал юм. Ямар хуулийн зүйл заалт барьсан гэдэг бол техникийн асуудал юм. 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/19 дугаар тушаалаар цалингийн 20 хувиар арга хэмжээ авсан байна. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 1 жилийн дотор дахин сахилгын арга хэмжээ авагдаагүй бол дараа жил нь дахин сахилгын шийтгэл авагдаагүйд тооцогдоно. Тиймээс 2017 оны 04 дүгээр сарын 08 хүртэл гэхээр хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан харагдаж байгаа. Гэтэл энэ хугацаанд удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй нь хангалтай нотлогдож байна.

Нэхэмжлэгч тал хэлэхдээ орон нутгийн өмчийн тайлан мэдээ гаргаагүй гэж байсан. Орон нутгийн өмчийн газраас албан тоот ирээд тухайн албан тоот нь өөрийн маягтуудтай хавсаргаад ирсэн байдаг. 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 31 дугаартай албан бичиг ирсэн. Д.М хугацаанд ирүүлье гээд 2017 оны 02 дугаар сарын 08-нд В.Г дарга цохсон байдаг. 2017 оны 02 дугаар сарын 10-нд хүргүүлэх ёстой байсан. Энэ нь нэг сарын дараа ажлын хэсэг байгууллагдаж, хурал зөвлөгөөн дээр хэд хэдэн удаа яригдаж хэрэгжихгүй байсаар байгаад сүүлд хэрэгжсэн байдаг.

Тухайн үед орон нутгийн өмчийн газраас ирүүлсэн үүрэг даалгавар хэрэгжүүлээгүй гэдэг нь энэ албан тоот цохолт, ажлын хэсэг байгуулаад давтан зөрчил гаргасан гэдэг нь гарч ирж байна. Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.4.2-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан бол ажлаас халсан үндэслэл болно гэж заасан байна.

 Ажлын байрны тодорхойлолтон дээр маргаж байна. Энэ маргаж болохгүй биш маргаж болох зүйл гэхдээ тухайн үедээ л маргах ёстой байсан. Одоо ажлаас халагдчихсан мөртлөө энэ дээр маргалдах шаардлагагүй. Тухайн үедээ ажлын байрны тодорхойлолтыг хүлээн зөвшөөрсөн байна. Энэ нь холбогдох тайлбар зэргээр нотлогдож байна. Хөдөлмөрийн сахилгыг удаа дараа зөрчсөн гэдэг нь нотлогдож байна. Хууль бусаар хийх ёсгүй ажлыг хий гэж шаардсан гэдэг тайлбар гаргаж байна. Энэ нь ажлын байрны шаардлагад заасан зүйлүүдийг хүргүүлэх байсан цаг хугацаанд нь хүргүүлээгүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар сахилгын шийтгэл болох зүйлүүд байна. Энэ нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журмын заалтуудаар тогтоогдож байна. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.8-д зааснаар нэхэмжлэгч Д.М Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын Санхүү албаны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, Д.М ажиллаж байх үеийн ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан “Орон нутгийн өмчийн бүртгэл, хяналтыг хэрэгжүүлэхтэй холбоотой ажлын байрны тодорхойлолтын 2.II, 2.6, 2.7, 2.8-д заасан бүхий л ажил үүрэг нь хууль тогтоомжид зааснаас дордуулсан тус үүргүүдийг хүчингүйд тооцуулах” тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3 847 744 /гурван сая найман зуун дөчин долоон мянга долоон зуун дөчин дөрвөн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож,

Хөдөлмөрийн  тухай  хуулийн  46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Д.М ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 146 714  /нэг зуун дөчин зургаан мянга долоон зуун арван дөрвөн/ төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч В.Гантуяа давж заалдах гомдолдоо: Говьсүмбэр аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 134/ШШ2017/00153 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт:...”Д.М үүрэгт ажлаас нь халах тухай “ Б/16 дугаартай тушаал нь эрх зүйн акт болохын хувьд ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэл нь тухайн тушаалд баримталсан хуулийн зохицуулалттай тохирч байх ёстой боловч уг тушаал хуулийн шаардлага хангаагүй байна...”

Ажил олгогч нь Д.М “үүрэгт ажлаас нь халах тухай” Б/16 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө нэхэмжлэгч нь өөрийн үйчилгээний албан тушаалтан байхад хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг баримтлаагүй байна гэжээ. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Д.М нь Баянтал сумын ЗДТГ-н даргын 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/19 дугаар тушаалаар сахилгын шийтгэл оногдуулсан ба уг сахилгын шийтгэлийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй буюу сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа болоогүй байхад /дахин удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг үл биелүүлж 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 31 тоот албан бичгийн хариуг 2017 оны 02 дугаар сарын 10-ны дотор Орон нутгийн өмчийн газар хүргүүлэх байсан авч тус цаг хугацаанд хүргүүлэлгүй сахилгын зөрчлийг давтан гаргасан.

Нэхэмжлэгч дээрхи зөрчлийг гаргаснаар ажлын байрны тодорхойлолтонд заасан үүргээ биелүүлэхгүй, хөдөлмөрийнг гэрээний 5.4.2, 5.4.5-д заасныг зөрчсөний улмаас ажлаас халагдах үндэслэл болсон байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцаан дахь сахилгын зөрчил гаргасан үйлдэлд эрх зүйн дүгнэлт хийгээгүй зөвхөн төрийн үйлчилгээний албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан үндэслэлээр сахилгын арга хэмжээ авснаас нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлтэй гэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаж чадахгүй байна. Иймд нэхэмжлэгч Д.М нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.М нь Говьсүмбэр аймгийн Б сумын З д т газарт холбогдуулан ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай үндсэн нэхэмжлэл гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх явцад түүний ажиллаж байх үеийн ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан “Орон нутгийн өмчийн бүртгэл, хяналтыг хэрэгжүүлэхтэй холбоотой ажлын байрны тодорхойлолтын  2.II, 2.6, 2.7, 2.8-д заасан бүхий л ажил үүрэг” нь хууль тогтоомжид зааснаас дордуулсан байх тул тус үүргүүдийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

 Хариуцагч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Д.М ажлаас халсан Б/16 дугаар тушаал нь эрх зүйн акт болохын хувьд ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэл нь тухайн тушаалд баримталсан хуулийн зохицуулалттай тохирч байх хуулийн шаардлага хангаагүй учраас нэмэжлэлийн үндсэн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч ажлаас үндэслэлгүй халагдсан маргааны гол зүйл болох ажилтныг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх эсэх, уг асуудал нь нотлогдсон эсэх талаар анхан шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй байна.

Гэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд үзэхэд ажил олгогч нь  Д.М ажлаас халсан тушаалд “... удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг  удаа дараа биелүүлээгүй, 2015 оны жилийн эцсийн Санхүүгийн тайланг хязгаарлалттай дүгнүүлсэн, Төрийн өмчийн жилийн эцсийн тайлан мэдээг хоцроосон ...” зэрэг зөрчил гаргасан гэж дурьдаж өгсөн  хэдий ч энэ нь тушаал хуульд нийцээгүйтэй нэгэн  адил  дээр дурьсан зөрчил гэж үзсэн зүйл нь байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээний чухам ямар зүйл заалтыг зөрчсөн талаар анхнаас нь тодорхойлж өгөөгүй учраас аль ч шатны шүүхээс Д.М сахилгын зөрчлийг давтан гаргасан, энэ үндэслэлээр ажлаас халсан  нь зөв байсан гэж дүгнэх боломжгүй байна.

 Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолт нь нэхэмжлэгч Д.М өөр хүний нэр дээрх байгаа хэдий ч түүний хийж байсан ажлын байртай тохирч байх тул анхан шатны шүүхээс түүнийг хэрэгсэхгүй болгосон үндэслэийг зөв гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 134/ШШ2017/00153 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс  чөлөөлөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Х.БАЙГАЛМАА

                                       ШҮҮГЧИД                                          Н.БАТЧИМЭГ                                                                                                     Г.ТЭГШСУУРЬ