Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 142/ШШ2016/01322

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 26б-14 тоотод оршин суух, Мэргэд овгийн Бадарчийн Цолмончимэг /РЙ90122900/

Хариуцагч: Булган аймаг Баян агт сум хүрэмт баг 2-14 тоотод оршин суух, Шарга овгийн Отгонбаярын Анхбаяр /ГА91062111/-т олбогдох

“Хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Цолмончимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд, хариуцагч О.Анхбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхбаяр, гэрч Д.Батчимэг, Л.Бадарч, нарийн бичгийн дарга Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Цолмончимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Цолмончимэг нь Анхбаяртай 2009 оны 10 сард танилцаж 2010 оны 04 сараас хамтран амьдарч 2011.08.23-нд бидний дундаас хүү А.Эрдэнэбаяр минь төрсөн. Энэ хугацаанд Улаанбаатар хотод оюутан байж түрээсийн байранд амьдардаг байсан ба 2012 онд сургуулиа төгссөн тул 2012 оны 12 сараас Булган аймгийн Баян-Агт сумд Анхбаярын аав Отгонбаярын гэрт хамт амьдрахаар очсон. Энэ үеэс Анхбаяр нь өөр эмэгтэйтэй холбогдон ааш араншин нь өөрчлөгдөж байнга маргаан үүсгэх шалтгаан хайж хэл амаар доромжлох, гар хүрэх зэргээр маш их дарамтанд байлгах болсон. Би хүүгээ элэг бүтэн өсгөхийн тулд бүгдийг нь тэвчдэг байсан ч сүүлдээ гэрээсээ байнга хөөж туух болж аргаа баран эцэг эхэд нь учирлан хэлсэн ч залуу хүнд ийм юм байдаг юм гэх зэргээр огт халгаалгүй өмөөрдөг байсан. Ингэж үргэлжилсээр 2013 оны 07 сараас Булган аймгийн “Хануй” рашаан сувилалын газар хамт ажил хийж байгаад 2013 оны 08 сарын 02-ны өдөр Анхбаяр чи надаас салаад өг, чамтай амьдрахгүй тэр эмэгтэйтэйгээ амьдарна гэж хэлээд зодож нүдэж хөөгөөд хүүг чинь чамд өгөхгүй гээд машиндаа суулгаад аваад явсан. “Хануй” нь Баян-Агтаас 10 гаруй км учир хүүгийнхээ араас очиж авах унаа машин олдоогүй. Хүний газар ийм байдалтай үлдсэн би замын унаа гуйн Эрдэнэт хотод аав ээж  дээрээ ирсэн. Надад Анхбаяраас салах  бодол огт байгаагүй ба хүүгээ өнчин өсгөхийг хүсээгүй учир аав ээждээ энэ байдлаа хэлээгүй. Баян-Агтад мэргэжлийн ажил олдохгүй байгаа болохоор хадам аав ээж хоёр хүүгээ хараад өгнө гэсэн, энд мэргэжлээрээ ажил олж  хийх гээд ирлээ гэж  хэлсэн. Энэ  өдрөөс хойш Анхбаяр болоод эцэг эх нь утсаа  авахгүй хүүтэйгээ ярья гэхээр яриулахгүй ахиж битгий залга гээд тасалдаг байсан. Би хүүгээ санаад байна  очиж  хүүгээ авна гэхэд энд ирж миний амьдралд гай болоод үзээрэй ирдэг л юм бол өөрийн гараар ална шүү гэж  маш олон удаа сүрдүүлж  байсан. Би ганцаараа очихоос айж байсан, аав ээждээ үнэнээ хэлээд хамт очоод хүүгээ авъя гэхээр ингээд нэг мөсөн салчих байх, тэгвэл хүү минь өнчин өснө гэсэн айдастай байсан. Анхбаярыг хүүгээ бодоод эргээд ирэх байх гэж итгэж хүлээсэн, ингээд эцэг эх маань хүүтэй ярихаар залгахад хүүтэй яриулахгүй гэснээр бүгдийг мэдсэн. Ингээд 2014.06.01-нд аав намайг дагуулан хүүг авахаар очсон. Энэ үед Анхбаяр нь гэртээ байгаагүй ба эцэг эх нь хүү Эрдэнэбаярыг та нарт өгөхгүй та нар авч өсгөвөл Анхбаярыг тайван амьдруулахгүй насаар нь мөнгө төгрөг нэхэж амьдралд нь гай болно. Бид 2 өсгөнө залуу хүмүүс амьдарлаа бодно биз гээд хүүг минь өгөөгүй. Би явахдаа хүүгээ өөр дээрээ авна шүүхэд  хандана гэдгээ  хэлсэн. Энэ  өдрөөс хойш 10 хоногийн дараа Анхбаяр ирж уулзаад тэр эмэгтэйгээсээ нэг мөсөн салсан буцаад хамт амьдаръя гэсэн. Би хүүгээ элэг бүтэн өсгөе гэж бодон хүлээн авч хүүг минь аваад ирээч санаж байна гэх бүрт аав ээж  нь чамтай суулгахгүй хүүг өгөхгүй гээд байгаа, хэсэг хүлээчих буцаад нийлж байгаагаа хэсэг хугацаанд битгий хэлээрэй цаг нь болохоор би хүүгээ авч ирээд гурвуулаа хамт амьдарна гэж надад хэлсэн. Би итгэж хүлээсэн ч холбоо барих нь холдож сүүлдээ бүр таг алга болсон. Ингээд миний төрсөн дүү Цолмонбаяртай Анхбаярын төрсөн дүү тааралдаж ах Анхбаярыгаа нөгөө эмэгтэйтэйгээ хуримаа хийж хүүхэдтэй хүртэл болсон тухай хэлсэн байна. Иймээс Анхбаяр нь намайг хуурч хэлж ярьж байсан нь худал зүйл болж эх үрийг амьдын хагацалд унагаж миний хүүхэдтэйгээ уулзах хамт байх эрхийг урт хугацааны турш зөрчиж байгаа тул хүү Эрдэнэбаярыг миний өөрийн асрамжид авч өсгөх  мөн тэтгэлэг гаргуулах хүсэлтийг хүлээн  авч шийдвэрлэж  өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч хариуцагчийн өгсөн хариу тайлбарт: Анхбаяр нь намайг өөрт нь гэмтэл учруулж байсан гэжээ. Үүнд тайлбар гаргахад 2010 оны 5 сард Анхбаяр нь өөрөө согтуу орж ирээд утсанд нь дуудлага мессеж ирсэнд утсаа шидэж сим картаа зажилж хазсан. Энэ үйлдлүүдэд нь уурлан салъя гэж хэлэхэд, надаас салвал би амиа хорлоно гэж сүрдүүлсэн. Би айгаад гарах гэтэл аяга хага шидээд өөрийнхөө судсыг ханасан. Намайг түргэн дуудахад Анхбаяр дуудлагыг болиулж өөрийн хамаатны эгч эмч бий өөрөө очоод боолгочихоё гэсэн юм. Анхбаяр өөрт учруулсан гэмтлээ намайг учруулсан гэж гүтгэж байна. Анхбаяр намайг хүүгээ орхин хоногоор явдаг гэжээ. Үүнд тайлбар гаргахад би хүүгээ төрснөөс хойш хоногоор хүүгээ хаяж явах байтугай хүүгээсээ алхам ч холдолгүй өсгөж байсан. Энэ үед Анхбаярын төрсөн дүү Энхбаяр миний төрсөн эгч надтай амьдарч байсан. Энэ хоёр хүн гэрчлэх учиртай. Харин ч Анхбаяр нь надтай танилцсан цагаас сургуулиа хаясан байсан ч эцэг эхдээ сургуулиас мөнгө нэхээд байна, хүүхэд пампарс, эм авах мөнгө хэрэгтэй гэж байнга худал хэлж мөнгө аваад PC тоглоомын газар байнга хонож орж ирээд өдөржин унтаад орой болохоор PC-нд хонолоо гээд гараад явдаг байсан. Хүүг минь 1 минут ч тэврээд өгч үзээгүй хүн. Би эгчдээ хүүгээ үлдээгээд сүүгээ сааж тавиад 2 цаг хичээлдээ суугаад хар гүйхээрээ ирдэг байсан. Нэг удаа Анхбаярын дүү бид хоёр дэлгүүр орж хүүдээ хувцас аваад ирэх 1 цагийн хугацаанд Анхбаяр нь чихэвч зүүгээд унтаад өгсөн байсан. Бид хоёрыг ирэхэд хаалгаа тайлж өгөхгүй хүүхэд минь гэртээ ээртлээ орилж байсан. Би цоож онгойлдог хүн дуудаж орсон юм. Энэ цагаас хүүгээ Анхбаярд 1 минут үлдээж байгаагүй. Хүүгээ тэврээд хүртэл хичээлдээ суудаг байсан. Мөн 2012 оны 6 сард Анхбаяр нь Сэлэнгэ аймагт ажиллахаар явсан. Энэ үед хоёр дахь хүүхдээ тээгээд жирэмсэн үлдсэн намайг хардаж, хэл амаар доромжилж, утсаа сонсохгүй, нэг л удаа дуудлага авахгүй бол хэлэх хэлэхгүй үгээр доромжилдог байсан. Ингээд 2012 оны 07 сарын 07-нд доошоо цус гарч, эмнэлэгт очиход ургийн зүрхний цохилт сонсогдохгүй болж амьгүй ураг тээж байгааг минь хэлсэн. Энэ байдал нь Анхбаяр намайг цаг минутгүй хардаж, хэл амаар доромжилж сэтгэл санааны дарамтанд байлгаснаас болсон. Анхбаяр нь ажилдаа явчихаад 10 хоногийн амралт бүрээрээ хүү бид хоёр дээр ирэхгүй Баян-Агт руу аав ээж рүүгээ явдаг болсон. Би Анхбаярыг бид хоёр дээр ирээч хүү чинь чамайг санаад байна гэхэд ирж байгаагүй. Хүү аавыгаа санаад байхаар нь Анхбаяр руу яриад хүү санаад байна ир гэхэд манай хамаатны эгч Батчимэг Булган явах гэж байгаа хүүг өгөөд явуулчих, би Булганаас тосоод авъя гэсэн би өөрөө ажилтай байсан болохоор Анхбаярын хэлсэнээр эгчид нь гэрт нь хүүгээ ойр зуурын солих хувцастай нь аваачиж өгсөн. Анхбаяр хүүгээ авч хэд хоноод ажилдаа явахдаа хүүг над дээр аваад ирнэ гэсэн. Тэгээд би Анхбаярыг энд ирж амьдрахгүй, хөдөө сумандаа амьдрая гэсний дагуу хүүгийнхээ араас очиж бид гурав цугтаа амьдарч байсан. Энэ үед бидний хооронд ямар ч хэрүүл маргаан байгаагүй, би ч хүүгээ орхиж явсан зүйл байхгүй байхад намайг хүүхдээ хаяж явсан мэтээр гүтгэж байгаа нь үнэнд нийцэхгүй байна. Би яах гэж хүүгээ хаях вэ, надад хүүгээ хаяна гэсэн сэтгэл хэзээ ч төрж байгаагүй. Харин ч эх хүний хувьд төрүүлсэн ганц хүүтэйгээ насан туршдаа хамт амьдрах чин хүсэлтэй гэжээ.

Хариуцагч хариу тайлбартаа: Б.Цолмончимэгийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие нь хүү Эрдэнбаярыг өөрийн асрамжинд байлгах тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Цолмончимэг нь хүүг минь нэг настай байхад өсгөхөөс татгалзан айлд хаяж , орхин явсан ба хүүхдээ яаж байна гэж асуух нь бүү хэл эргэж тойрч байгаагүй, хайр халамж, санаа тавих асуудал огт байгаагүй өдий хүрсэн тул цаашид хүүхдийг маань сайн сайхан авч явна гэдэгт итгэхгүй байна. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлавал: Хүүгийн маань эх болох Цолмончимэг нь маш их хартай, намайг гарав оровч хардаж байнгын хэрүүл хийж, намайг цохиж нүдэж өөрийгөө аргадуулж байж санаа нь амардаг зантай. 2015 оны 5 сард гэрт согтуу ирж надад агсарч аяга таваг шидэж миний зүүн гарын шуунд гэмтэл учруулж, эмнэлэгт боолт хийлгэж байсан. /гэрч байгаа/. 2011оны 08 дугаар сарын 23-нд хүү маань төрж бид хоёр Улаанбаатар хотод модны 2-т айлын байр түрээслэж амьдарч байх хугацааанд хүү бид 2-ыг орхиж хэл чимээ өгөлгүй гадуур хоногоор явж алга болоод байхаар нь яагаад ингээд байгааг асуухаар чамаас сална, чамаас сайхан нь надад байна гэж хэрэлддэг байсан. 2012 оны 6 сард эхнэр хүүхдээ тэжээхийн тулд Сэлэнгэ аймагт уурхайд ажилласан. Энд ажиллаж байх хугацаанд Цолмончимэг нь байнга хардаж, элдвээр хэлж доромжлоод...би энэ уулын мухарт байхад чи хэнтэйгээ хардаад байгаан бэ гэхэд....тогооч үйлчлэгч нь эмэгтэй хүн байдаг юм байгаа биз дээ гэж уурлаад утсаар хэрүүл хийгээд байж суухын аргагүй байдалд оруулж байсан. Ингээд байхаар нь ажлаасаа чөлөө авч Цолмончимэг дээр очиж ажлаа ойлгуулж ярьж тайвшруулаад эргээд ажилдаа очиж 12 хонож байхад утсаар би ингэж чамд доромжлуулж чадахгүй салъя гэж уурлаад би яасийн бэ гэтэл чи мэдээж намайг доромжилж байгаа гэж уурлаад сүүлдээ утсаар ярихаар нь л зүрхшээгээд авч чадахгүй надад маш хэцүү байсан. 2012 оны 10 сард амралтаа аваад шууд хөдөө гэрлүүгээ явсан. 2012 оны 11 сард эгч Цолмонгэрэл нь утсаар ярьж чи ирж энэ шээсээ ав, бид нар энийг чинь өсгөж чадахгүй гэж хэлсэн. Маргааш нь би хотруу хүүгээ авахаар хот орж найз Булганбаатарын хамт очтол Цолмончимэг чи энэ хүүхдийг авах ямар эрхтэй юм яв зайл гэж хөөж гаргасан. Ингээд буцаад гэртээ ирээд 14 хоног болж байтал утасдаж зардлын мөнгө явуул, тэгэхгүй бол энэ хүүхдийг чинь “Драгон” дээр хаялаа шүү гэхээр нь ээж Алимаагаар зардлын мөнгө гэж 30.000 төгрөг явуулсан. Маргааш нь утасдаж чи энэ шээсээ ав, надад гай болоод байна, би Эрдэнэтэд ирсэн байна ир гэхээр нь явах гэтэл Баян Агтаас Эрдэнэт рүү явах машин олдоогүй тул маргааш нөгөөдрөөс очоод авъя унаа машин олдохгүй байна гэж хэлтэл элдвээр хэлж маш их ууралсан. Гэтэл манай хамаатан болох 6-12-д байдаг Батчимэг эгчид маань өгөөд хүүг маань хаяад явсан байсан. Батчимэг эгч над руу залгаж хүүг чинь надад өгчөөд явчлаа гэсэн, энэ үед хүү минь ой 4 сартай байсан. Энэ үеэс хүүгээ өөр дээрээ байлгаж өсгөж ирлээ. 2013 оны цагаан сарын шинийн 3-нд Цолмончимэг....би жирэмсэн 2 дахь хүүхэд чинь төрлөө хоёулаа буцаад нийлье гэсэн мессеж ирэхээр нь би ч гэсэн хүүхдээ өнчрүүлэхийг бодохгүй байна хүрээд ир гэсэн хариу бичсэнээр шинийн 5-нд манайд ирсэн. Гэтэл жирэмсэн гэдэг нь худлаа байсан. Ингээд мөн оны 6 сард “Хануйн” рашаан дээр бид хоёр хамт гуанз ажиллуулж эхэлсэн бөгөөд Цолмончимэг 2013 оны 8 сард Өлзий гэж эгчтэй хэрэлдээд аймаар үг хэлээр хараагаад түүнийг хэлэх хэлэхгүй үгээр дайраад байхаар нь би очоод болиоч ээж шигээ хүнтэй ингэж байхдаа яадаг юм бэ гэтэл хэвтэж байсан намайг ирж цээж нурууруу өшиглөж миний дээр гарч суугаад алгадаж цохиж цээжнээс цус шүүртэл маажиж байхад хажуунаас Батнасан гэж эгч салгаж аваад эр хүнийг арай дэндэж байгаа юм бишүү гэж хэлэхэд, би өмнөөс нь ичээд шууд босч сумын төв рүү сүү тарганд явсан. Эргээд иртэл Эрдэнэт рүү хамаг хувцас хунараа аваад явсан байсан. Үүнээс хойш эгчээс нь надад байнга сүрдүүлсэн, дарамталсан мессеж ирж чи үхээрэй, чамайг сайн явахыг чинь харнаа, чамайг хүнээр алуулна гэх мэтээр дарамталж байсан. Энэ үеэс хойш зөвхөн хүүгийнхээ ирээдүйд анхаарч түүнийгээ сайн сайхан байлгахын төлөө зүтгэж ирсэн. Ээжийг нь ирэх болов уу гэж харсан боловч ирээгүй. Хүүдээ зориулж цоо шинээр мансардтай байшин барьж хүүдээ өрөө гарган тохижуулж өгсөн. Жил бүр хүүгийнхээ цэцэрлэгт өвлийн өвгөн болж ,цэцэрлэг, сумаас зохион байгуулж байгаа бүх ажилд идэвхитэй оролцдог. Хүүгээ юугаар ч дутаахгүй байлгахын тулд сумын төвд ажил олдохгүй тул хувиараа хөрөө рам ажиллуулж, ажилгүй хүмүүсийг ажилтай болгож сум орон нутагтаа орлого оруулж, өөртөө ч ашиг орлоготой амьдарч байна. Хүүгээ малтай болгож, малаа хөдөө малчин авч маллуулж, хувьдаа машин унаатай болсон. Одоо миний бие өөр хүнтэй гэр бүл болсон. Хүү маань эхнэрийг маань ээж гэж дууддаг, хоорондоо маш сайн харьцаатай байдаг. Хүү маань одоо Цолмончимэгийг танихгүй, энд бидэн дээр болон эмээ өвөөдөө ээнэгшин дассан болно. Эх Цолмончимэг нь өөрийн гэсэн гэр оронгүй, тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэггүй, цалин орлогогүй, зэргээс хүүхэд өсгөх ямар ч боломжгүй гэж үзэж байна. Иймд хүүхдийнхээ эрүүл сайн сайхан амьдрах өсч торних нөхцөл боломжийг би илүү хангаж байгаа тул хүүхдээ өөрийн асрамжиндаа байлгах саналтай байна. Хүүг минь шээс гэж доромжилж надад гай болж болоод байна гэж орилж гадуурхан эцэст нь хүүхдээ өсгөхөөс зайлсхийж айлын хаалга тогшин хүүхдийг минь танихгүй хүнд тэврүүлэн, тоох ч үгүй орхиж явчаад одоо ямар нүүрээрээ авна гэж байгааг ойлгохгүй байна. Дээр нь хүүд минь улсаас өгдөг 20 000 төгрөгийг өөртөө хэрэглээд нэг ч удаа хүүд минь зориулж байгаагүй. Ийм хүнийг яаж эх хүн гэх вэ. Ийм эх хүний сэтгэлгүй хүнд би хүүхдээ өгөхгүй. Хүүгийнхээ төлөө би үхэн үхтлээ тэмцэнэ. Энэ асуудлаар хүний эрхийн бүх байгууллагад хандахад бэлэн байна. Түүнээс эх байх эрхийг нь хасуулах хүсэлтийг шүүхэд гаргах болно. Миний хувьд ганц хүү минь л чухал тул хүүгээ авна, эхээс нь тэтгэлэг нэхэхгүй болно гэжээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчдын тайлбаруудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч Б.Цолмончимэг нь хариуцагч О.Анхбаярт холбогдуулан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх хүүхдийн асрамжийг хариуцагчид үлдээхээр шийдвэрлэв.

            Зохигчид 2010 оны 04 дүгээр сараас хойш хамтран амьдарч, 2011 оны 08 дугаар сарын 23-ны өдөр тэдний дундаас хүү А.Эрдэнэбаяр төрсөн болох нь хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, зохигчдын тайлбараар нотлогдож байна.

            Б.Цолмончимэг, О.Анхбаяр нар нь гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй бөгөөд хоорондын таарамжгүй харилцаа үл ойлголцолоос шалтгаалан 2013 оны 08 дугаар сараас тусдаа амьдарсан, энэ хугацаанд О.Анхбаяр нь өөр хүнтэй гэр бүл болж, гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн болох нь нотлогдож байх ба хүү А.Эрдэнэбаяр нь эцгийнхээ асрамжинд байгаа талаар талууд тайлбарласан.

            Зохигчид хүүхдийн асрамжийн асуудлаар маргаж байгаа. Шүүх зохигчдын хүсэлтээр хүүхдийн асрамжийн асуудлаар шинжээч томилж дүгнэлт гаргуулсан.

            Хүү А.Эрдэнэбаяр нь 2013 оны 08 дугаар сараас хойш эцэг О.Анхбаярын асрамжинд байгаа болох нь талуудын тайлбараар нотлогдож байх бөгөөд, хариуцагч О.Анхбаяр нь өөрийн гэсэн гэр оронтой, амьдрал ахуйн нөхцөл бололцоо, хүүхдийн амьдрах ая тухтай орчин, шинжээчийн дүгнэлт зэргийг үндэслэн хүүхдийн асрамжийг эцэг О.Анхбаярын асрамжинд үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ. Хариуцагч О.Анхбаярын асрамжинд хүү А.Эрдэнэбаярыг байлгах боломжгүй сөрөг байдал тогтоогдоогүй болно. Хариуцагч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг дурьдлаа.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтийг шүүхээс тавигдаагүй асуултанд хариулсан гэж мэтгэлцэх боловч, шинжээч асуулт тавиагүй ч хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлын талаар дүгнэлтдээ оруулах эрхтэй талаар шүүгчийн захирамжинд дурьдсан болно.

            Хариуцагч талаас шүүх хуралдаан дээр гаргасан О.Анхбаярын Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулгууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд байгааг дурьдах нь зүйтэй. Шүүх хуралдаанд эх хувиар нь судлагдсан О.Анхбаярын гэрлэсний гэрчилгээг хариуцагчид буцаан олгохоор заалаа.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгдсөн бөгөөд, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        

           1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2011 оны 8 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү А.Эрдэнэбаярыг, эцэг О.Анхбаярын асрамжинд үлдээсүгэй.

          2. Хариуцагч хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг дурьдсугай.

          3. Монгол Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар хүүхэд эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнга уулзах эрхтэйг, Гэр бүлийн тухай хуулийн 26, 38 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх талаар адил тэгш эрх, үүрэгтэй болохыг дурьдсугай.

            4. Шүүх хуралдаанд эх хувиар нь судалсан О.Анхбаярын гэрлэсний гэрчилгээг хариуцагчид буцаан олгосугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

6. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХИШИГДАВАА