Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 1

 

 

                               Б.Цолмончимэгийн нэхэмжлэлтэй

                                      иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1322 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.Цолмончимэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч О.Анхбаярт холбогдох

“Хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Б.Цолмончимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Цолмончимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд, хариуцагч О.Анхбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхбаяр, нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Цолмончимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Цолмончимэг нь Анхбаяртай 2009 оны 10 сард танилцаж 2010 оны 04 сараас хамтран амьдарч 2011.08.23-нд бидний дундаас хүү А.Эрдэнэбаяр минь төрсөн. 2012 оны 12 сараас Булган аймгийн Баян-Агт сумд Анхбаярын аав Отгонбаярын гэрт хамт амьдрахаар очсон. Энэ үеэс Анхбаяр нь өөр эмэгтэйтэй холбогдон ааш араншин нь өөрчлөгдөж байнга маргаан үүсгэх шалтгаан хайж хэл амаар доромжлох, гар хүрэх зэргээр маш их дарамтанд байлгах болсон. Иймд хүү Эрдэнэбаярыг миний өөрийн асрамжид авч өсгөх мөн тэтгэлэг гаргуулах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь хүү Эрдэнбаярыг өөрийн асрамжинд байлгах тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Цолмончимэг нь хүүг минь нэг настай байхад өсгөхөөс татгалзан айлд хаяж, орхин явсан ба хүүхдээ яаж байна гэж асуух нь бүү хэл эргэж тойрч байгаагүй, хайр халамж, санаа тавих асуудал огт байгаагүй өдий хүрсэн тул цаашид хүүхдийг маань сайн сайхан авч явна гэдэгт итгэхгүй байна. Эх Цолмончимэг нь өөрийн гэсэн гэр оронгүй, тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэггүй, цалин орлогогүй, зэргээс хүүхэд өсгөх ямар ч боломжгүй гэж үзэж байна. Миний хувьд ганц хүү минь л чухал тул хүүгээ авна, эхээс нь тэтгэлэг нэхэхгүй болно гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1322 дугаар шийдвэрээр: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2011 оны 8 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү А.Эрдэнэбаярыг, эцэг О.Анхбаярын асрамжинд үлдээж, Хариуцагч хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг дурьдаж, Монгол Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар хүүхэд эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнга уулзах эрхтэйг, Гэр бүлийн тухай хуулийн 26, 38 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх талаар адил тэгш эрх, үүрэгтэй болохыг дурьдаж, Шүүх хуралдаанд эх хувиар нь судалсан О.Анхбаярын гэрлэсний гэрчилгээг хариуцагчид буцаан олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Цолмончимэг давж заалдсан гомдолдоо: Миний бие Б.Цолмончимэг нь өөрийн төрүүлсэн ганц үр А.Эрдэнэбаярыгаа эөрийн асрамжид авахаар шүүхэд хандсан боловч шүүх хүүг маань эцэгт нь үлдээхээр шийдсэнд туйлын их гомдолтой байна.

Би удаа дараа хүүгээ авах гэж очсон боловч надад огт өгөөгүй, эх, эцэгтэйгээ нийлэн хөөж явуулдаг байсан тул арга барагдаад би өөрийн ааваа дагуулан хүүгээ авах гэж очсон ч Анхбаярын ээж, аав нь өгөхгүй гээд хүүг машинд суулгаад аваад явсан. Ингээд би хүүтэйгээ уулзах, хүүтэйгээ хамт байх ямар ч аргагүй болоод шүүхэд хандсан билээ.

Гэтэл намайг шүүх хурал дээр хүүгээ өөрөө хаяад явсан мэтээр ярьж байгаад хүүг минь Анхбаяр өөрөө авахаар боллоо. Хууль шүүхийн байгууллага /нэн мөнийг тогтоож өгдөг, төрүүлсэн ганц үрээсээ амьдын хагацал үзэж, салсан миний үнэн байдал, бодит байдпыг тунгаан шүүж өгнө гэж би бодсон, гэхдээ би итгэж байна.

Миний бие нь өөрийн гэсэн эрхэлсэн ажилтай, орлоготой, өөрийн гэсэн хүүгээ аятай тухтай байлгах гэр оронтой, ахуй амьдралтай хүн, шинжээч нар ч ирж гэр орныг маань үзээд зураг хөрөг аваад явсан. Энэ тухай зохих баримтуудыг би нотлох баримтаар гаргаж өгсөн.

Гэтэл шүүх намайг Анхбаяраас ахуй амьдралын хувьд тааруу, орчин нөхцөлийн хувьд Анхбаярынх дээр гэж үзэж хүүг минь эцэгт нь өгсөнд гомдож эайна. Шинжээч дүгнэлт дээрээ Анхбаярын ярьсанаас дүгнэлт хийхэд Цолмончимэг нь их харддаг байсан байна гэж дүгнэсэн байсан. Шинжээч гэх хүн ганцхан нэг талынх нь ярьсаныг л үнэн гэж бодож дүгнэлт гаргадаг хүн юм уу. Тэгвэл миний бодит байдлыг ярьсаныг минь яагаад дүгнэж үзээгүй юм бэ. Мөн сүүлийн жилүүдэд хүүхэд эцэгтэйгээ амьдарч байсан тул ахуй орчинг нь солих .иаардалагагүй гэсэн агуулгатай дүгнэлт гаргасан байсан бөгөөд түүнийг нь шүүх /ндэслэж шийдвэрээ гаргасан. Би үнэхээр хүүтэйгээ байхыг хүсээд хүсээд чадаагүй байдал минь өнөөдөр миний хохь минь болно гэж үү.

Миний бие нь хүүгээ аятай тухтай өсгөн хүмүүжүүлэх гэр оронтой, эрхэлсэн тодорхой ажилтай, өөрийн гэсэн орлоготой, хүүгийн төрсөн эх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөн, хүү А.Эрдэнэбаярыг миний асрамжинд өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд давж заалдсан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны болоод үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, бодит байдал болоод цугларсан нотлох баримтад /үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Б.Цолмончимэг, О.Анхбаяр нар нь хамран амьдарч байх хугацаандаа хүү А.Эрдэнэбаярыг төрүүлсэн бөгөөд нэхэмжлэгч нь хүүгээ 2 нас хүртэл нь асран халамжилж өсгөсөн, 2013 онын 8 сараас хойш хүүтэйгээ хамт амьдааргүй нь нэхэмжлэгчийн буруугаас болоогүй бөгөөд 2013 оноос хойш удаа дараа хүүтэйгээ уулзах болон хүүгээ авах гэж удаа дараа Булган аймгийн Баян агт суманд очиж байсан боловч хүүтэй нь уулзуулахгүй, хүүгээ авч явж чадахгүй өдий хүрсэн тул арга буюу хүүгээ өөрийн асрамжид авах гэж шүүхэд нэхэмжлэл аргасан. Ийнхүү удаа дараа хүүгийнхээ араас очиж байсан гэдэг нь гэрч Бадарчийн мэдүүлэгээс тодорхой харагдана.

Нөгөөтэйгүүр хариуцагч О.Анхбаяр нь эрхэлсэн тодорхой ажилгүй хувиараа Бизнес эрхэлдэг гэх боловч орлого тодорхойлсон баримт байхгүй байсан ба шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн баримт нь нотолгооны шаардлага хангахгүй байсаар атал шүүх ийнхүү шийдвэрлэсэн нь хэрэгт бодитой дүгнэлт хийж чадаагүй байна гэж үзэхээр байна.

Хэрэгт хариуцагчийн гаргаж өгсөн гэрийн болон хүүхдийн өрөөний гэрэл зураг нь үнэхээр хариуцагчийн гэрийн зураг гэдэг нь ямар нотлох баримтаар тогтоогдож байгаа нь эргэлзээтэй байна.

Нэхэмжлэгч нь өөрийн гэсэн орон гэртэй, үл хөдлөх хөрөнгөтэй, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой гэдэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар бүрэн тогтоогдож байх атал хүүхдийн асрамжийг эцэгт нь үлдээхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүрэн хангаж, хүү А.Эрдэнэбаярыг нэхэмжлэгч түүний эх Б.Цолмончимэгийн асрамжид өгөхөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                             ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Цолмончимэг нь хүү А.Эрдэнэбаярыг өөрийн асрамжиндаа авах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хариуцагч О.Анхбаяр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хүүхдийг өөрийн асрамжинд авна гэж маргажээ.

Зохигчид хамтран амьдарч байх хугацаандаа гэрлэлтээ батлуулаагүй, хүү А.Эрдэнэбаярыг төрсөн эцэг О.Анхбаяр нэрээр овоглож бүртгүүлсэн ба хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцоогүй тул шүүх хүү А.Эрдэнэбаярыг эцэг О.Анхбаярын асрамжинд үлдээж шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасантай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч О.Анхбаяр нь хүү А.Эрдэнэбаярыг 1 нас 4 сартай байхад нь буюу 2013 оны 8 дугаар сараас хойш өөрийн асрамжинд байлгаж тэрээр хүүхдийнхээ өсөж торних орчин, ахуйн нөхцлийг өөрийн боломжоороо бүрдүүлж, хүүхдээ цэцэрлэгээр хүмүүжүүлж, хүүхдэд тавих анхаарал, халамж сайн байсан болох нь тогтоогдсон ба шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж хүүхдийг эцэг О.Анхбаярын асрамжинд хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь зөв байна.

Нэхэмжлэгч Б.Цолмончимэг нь хариуцагчийн гаргасан “...хүүхдийг өөрийн асрамжинд авна, хүүхдээ эхийнх нь асрамжинд өгөхгүй...” гэх тайлбар, татгалзлалыг үгүйсгэсэн нотлох  баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ  хангалттай нотолж чадаагүй өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь тогтмол орлоготой эсэх нь тодорхойгүй, хүү А.Эрдэнэбаярыг одоогийн амьдарч байгаа ахуйн нөхцлийг бууруулахгүйгээр өсгөн хүмүүжүүлэх боломж, бололцоотой гэж үзэх үндэслэл  тогтоогдохгүй  байх тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан “....хариуцагч О.Анхбаярын амьдарч буй байшин, хүүхдийн өрөөний байдал нь  түүний шүүхэд гаргаж өгсөн байшингийн зургаас өөр бусад нотлох баримтаар нотлогдоогүй, хариуцагч бизнес хийдэг гэх боловч ямар орлоготой болох нь тодорхойгүй  тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж, шийдвэрт өөрчлөлт оруулж өгөх...” –ийг хүссэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй тул гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй.

Түүнчлэн нэхэмжлэгч Б.Цолмончимэг хүү А.Эрдэнэбаярыг өөрийн төрсөн эцэг О.Анхбаяртай хамт амьдардаггүй, хариуцагчийн аав, ээжийн асрамжинд байдаг гэж тайлбарлаж байх боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул шүүхээс энэ талаар ямар нэг дүгнэлт хийх боломжгүй юм..

Харин шүүх нэхэмжлэгч Б.Цолмончимэгийн шүүхэд гаргасан хүү А.Эрднэбаярыг өөрсийн асрамжиндаа авах, хүүхдийн тэтгэлгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шийдвэрлээгүйгээс гадна шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагч О.Анхбаяр нь хүүхдийн тэтгэлэг авахгүй гэснийг дурьдаж шийдвэрлэсэн нь буруу байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт  зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч О.Анхбаяр нь хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй эсхүл хүүхдийн амьдрах ахуй орчин өөрчлөгдсөн тохиолдолд нэхэмжлэгч тухайн үед хүүхдийн асрамжийн талаар дахин нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурьдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1322 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар хүү А.Эрдэнбаярыг төрсөн эцэг О.Анхбаярын асрамжинд хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Цолмончимэгийн хүүхдийг өөрийн асрамжинд авах, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж, шийдвэрийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, шийдвэрийн 3, 4, 5, 6 дугаар заалтыг 2, 3, 4 , 5 дугаар заалт болгон өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           С.УРАНЧИМЭГ

 

                  ШҮҮГЧИД                             Б.БАТТӨР

                                                                Б.ОЮУНЦЭЦЭГ