Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 0036

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

            нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

            улсын яллагч Б.Мөнгөншагай,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар,

            иргэний хариуцагч Т.Ц,

            иргэний хариуцагч С.М,

            шүүгдэгч Э.Г, түүний өмгөөлөгч М.Идэрхангай нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б овогт Эын Год холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903009090413 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн байцаалт

  Монгол улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, Баруун баян уулын ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Эын Г /РД:.../

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Шүүгдэгч Э.Г нь 2019 оны 08 дугаар сарын 07-ны 22 цаг 20 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Орбитын шинэ эцсийн буудал дээр “Хюндай Аеросити” маркийн, ... УНЯ улсын дугаартай автобусыг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөхдөө ....аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Р.Тг мөргөж, амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ  НЬ:

Шүүгдэгч Э.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "...шүүгдэгч Э.Г, иргэний хариуцагч С.М, Ц нарт гомдолтой байна. Оршуулгын зардалд 17.882.000 төгрөг өмгөөлөгчийн хөлсөнд 2 сая, нийт 20.952.000 төгрөгийн шууд зардал гарсан. Мөн ипотекийн зээл 20.330.000 төгрөг, ажлын газар болон хувь хүмүүсээс авсан байсан 1 сая төгрөг зэргийг нэхэмжилнэ. Өнөөдрийн байдлаар шүүгдэгч Э.Гоос 500.000 төгрөг авсан. Өөр мөнгө аваагүй байна. Гомдолтой байна” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

            Иргэний хариуцагч Т.Цын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 08-ны өглөө шуурхай дээр уг асуудлын талаар сонсож мэдсэн. С.Мтай холбогдоход Э.Год автобус өгч явуулсан, тэгээд ийм асуудал болсон гэж хэлсэн. С.М нь компаний дотоод журмыг зөрчсөн нь ажлаас халах үндэслэл болох хэдий ч хохирол төлбөрийг нь цалингаасаа барагдуулах боломжийг олгож ажиллуулж байгаа. Э.Г ч гэсэн дуудаж уулзаж хохирлоо төл гэсэн шаардлагыг тавьсан. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 3-т зааснаар гэм хороос үүссэн хохирлыг С.М нь төлөхөөр байгаа. Манай компаниас төлөх ямар нэгэн үндэслэл байхгүй. Манай компани С.Мад бусдад жолоогоо шилжүүлэх зөвшөөрөл өгөөгүй. Ер нь автобус  солих асуудал жолооч нарын дунд  өдөр тутам яригддаг зүйл. Жолооч нарт диспетчер, бригадын алба, хотын тээврийн байцаагч нар хяналт тавьж өдөр тутмын ажлыг шалгах үүрэгтэй. Диспетчер, бригадын алба нь манай компанид ажиллагсад юм. С.Мын хувьд өөрөө тухайн өдөр ажиллаж чадахгүй байсан бол ээлжийн жолоочид хүлээлгэн өгөх боломж байсан” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

            Иргэний хариуцагч С.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би тухайн өдрийн өглөө нь байгууллагын хашаанаас автобусаа гаргаж Э.Год өгсөн юм. Тэгээд өдөр Э.Г руу залгаж асуусан. Тэгтэл дорой 22  цагийн орчим осол гаргасан гэж Э.Г утсаар хэлэхээр нь би очсон, тухайн үед хохирогч нь нас барсан байсан, Э.Г нь тус компанид өмнө нь ажиллаж байсан болохоор итгээд автобусаа өгсөн” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Улсын яллагчаас: 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл  зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-12х/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 25-27х/, хууль ёсны төлөөлөгч Б.Нын мэдүүлэг /хх-ийн 30-32х/, иргэний хариуцагч ... ХХК-ний төлөөлөгч Т.Цын мэдүүлэг /хх-ийн 74-75х/, гэрч С.Мын мэдүүлэг /хх-ийн 78-79х/, Э.Гын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 86-88х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1723 дугаартай дүгнэлт /хх-ийн 91-96х/, Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 398 дугаартай дүгнэлт /хх-ийн 115-116х/ зэргийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н, түүний өмгөөлөгч нараас: яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтууд болон шинээр гаргаж өгч буй 35 хуудас баримтыг судлуулах тухай,

 Шүүгдэгч Э.Г, түүний өмгөөлөгч нараас: “...улсын яллагчаас судлуулахаар тэмдэглүүлсэн нотлох баримтууд болон хохирлын баримтууд, мөн шүүгдэгч Э.Г эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 169х/, Цагдаагийн газрын жолоочийн лавлагаа /хх-ийн 170х/, авто тээврийн үндэсний төвийн мэргэшсэн жолоочийн лавлагаа /хх-ийн 171х/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 172х/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хх-ийн 173х/, хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 174х/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 175х/, жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 178х/  зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Г нь 2019 оны 08 дугаар сарын 07-ны 22 цаг 20 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Орбитын шинэ эцсийн буудал дээр “Хюндай Аеросити” маркийн ...УНЯ улсын дугаартай автобусыг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөхдөө ....аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Р.Тг мөргөж, амь насыг нь хохироосон болох нь:

2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-12х/,

CD-нд үзлэг хийсэн тухай тэмдэглэл: “...Бичлэгийн баруун дээд буланд автобусны зогсоол ТҮЦ автобус зогссон харагдах бөгөөд ТҮЦ-ний хажуу талаас улаан ягаан өнгөтэй өмдтэй, дээгүүрээ хар хүрэмтэй амь хохирогч анх бичлэгт дүрслэгдэв. Бичлэгийн 22:16:18 секундэд автобус хөдөлж байгаа нь дүрслэгдэв. Бичлэгийн 22:16:22 секундэд автобусны зүүн урд талын гэрэлд амь хохирогч харагдах бөгөөд автобус зам дээр эргэлт хийж байгаа нь дүрслэгдэв. Бичлэгийн 22:19:13 секундэд тээврийн хэрэгслийн гэрэлд автобусны зүүн талд амь хохирогчийн ...дүрс дүрслэгдэв.” /хх-ийн 25-27х/,

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1723:

 “...Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын орой ба суурь ясны салсан болон шугаман хугарал, гавал тархины баруун зүүн тал бөмбөлгийн чамархайн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, өнчин тархины няцрал, хуйханд цус хуралт, цээжний зүүн хөндийн 200.0 мл цус хуралдалт, цээжний баруун 1-9, зүүн 1.4.5.6.7-р хавирганы шууд ба шууд бус хугаралууд, өвчүүний салсан хугарал, баруун зүүн уушгины дэлбэнгүүдэд цус хуралт, зүүн уушгины дээд дэлбэнгийн шарх, хэлний уг, гол судас, үнхэлцэг хальс, өрц, элэг, баруун бөөрний дээд булчирхай, чацархайд цус хуралтууд, зүүн умдагний дээд салаа, суудал ясны зүүн доод хэсгийн үйрч бяцарсан хугаралууд, толгойн баруун тал чамархайн хуйх,  толгойн зүүн тал зүүн чамархайн хуйх, зүүн шанаа, баруун чихний дэлбэн, зүүн чихний дэлбэн, дух, баруун нүдний дээд зовхины гадна булан, баруун шанаа, баруун хацар, баруун шуу, баруун гуя, цээж, хэвлий, зүүн өвдөг, зүүн шилбэнд зулгаралтууд. Баруун мөр, баруун шилбэ, цээж, зүүн шилбэ, баруун зүүн өгзөгт цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн тухайлбал, босоо үед мөргөгдөх үйлчлэлээр үүсгэгдэнэ, нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай. Талийгаач нь гавал, тархи, цээж, хэвлий, аарцаг яснуудын хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас гэмтлийн шоконд орж нас барсан байна.Шүүх биологийн шинжилгээгээр 2 дугаар бүлгийн цустай байн. Шүүх химийн шинжилгээгээр цусанд 2.4, ходоодны шингэнд 7.7 промилл спиртийн зүйл илэрсэн байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 91-93/,

Хууль ёсны төлөөлөгч Б.Нын өгсөн: “...Би 2019 оны 08 дугаар сарын 08-ны шөнө гэртээ байж байтал 01 цаг болж байхад Замын цагдаагийн газраас над руу залгаад ээж чинь зам тээврийн осолд орсон байна гэж надад хэлсэн, тэгэхээр нь би шууд төв замын цагдаа дээр очоод цагдаа нартай уулзахад танай ээж Р.Т нь зам тээврийн ослын улмаас нас барсан байна гэж хэлсэн. Осол болох үед нь хажууд нь байгаагүй болохоор би ослын талаар сайн мэдэхгүй байна. Би автобусны жолоодож явсан жолооч, болон автобусны үндсэн жолооч нарт гомдолтой байна, мөн уг автобусны эзэмшигч байгууллагад хараа хяналтгүй байсанд гомдолтой байна. Оршуулгын зардалд 17,882,000 төгрөг өмгөөлөгчийн хөлсөнд 2 сая, нийт 20.952.000 төгрөгийн шууд зардал гарсан. Мөн ипотекийн зээл 20.330.000 төгрөг, ажлын газар болон хувь хүмүүсээс авсан байсан 1 сая төгрөг зэргийг нэхэмжилнэ. Өнөөдрийн байдлаар шүүгдэгч Э.Гоос 500.000 төгрөг авсан. Өөр мөнгө аваагүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

С.Мын гэрчээр өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 06-ны орой гэртээ байж байтал Г над руу утсаар залгаад мөнгөний хэрэг байна, маргааш ганц өдөр автобусыг чинь барьж явмаар байна гэж хэлсэн, тэгэхээр нь 2019 оны 08 дугаар сарын 07-ны өглөө 06 цагийн орчим бааз руу хамт явж, тэгээд би Год баазаас автобусаа 200 орчим метрийн зайд гаргаж өгөөд орхиод явсан, тэгээд өдөр нь Гой утсаар ярихад зүгээр явж байна гэж хэлж байсан. Тэгээд орой 22 цагийн үед Г над руу утсаар залгаад зам тээврийн осол гаргачихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би хаана байна гэж асуутал Орбитын эцэс дээр байна гэж хэлсэн. Би шууд осол болсон газарт очиход эмнэлэг, цагдаагаас хүмүүс ирчихсэн байсан. Мөн автобусны хажууд нэг эмэгтэй хүн нас барчихсан газарт хэвтэж байсан, тэгээд цагдаа нар ослын газарт үзлэг хэмжилт хийгээд явцгаасан. Манай ...ХХК нь бусдад жолоогоо шилжүүлэхийг хориглодог...” гэх мэдүүлэг /хх-ийн 78-79х/,

С.Мын шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагчаар өгсөн: “...Би тухайн өдрийн өглөө нь байгууллагын хашаанаас автобусаа гаргаж Э.Год өгсөн юм. Тэгээд өдөр Э.Г руу залгаж асуусан. Тэгтэл дорой 22  цагийн орчим осол гаргасан гэж Э.Г утсаар хэлэхээр нь би очсон,  намайг очиход хохирогч нь нас барсан байсан, Э.Г нь тус компанид өмнө нь ажиллаж байсан болохоор итгээд автобусаа өгсөн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Тээврийн цагдаагийн алба шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 398 дугаартай:

 “...1. Hyundai Aerocity маркийн ...УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Эрдэнэбаатар овогтой Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Р овогт Т нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

3. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл, гэмтэл нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.” гэх дүгнэлт /хх-ийн 115-116/

Шүүгдэгч Э.Гын :....Би 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдөр найз М-ад мөнгөний хэрэг  гараад байна гэж хэлээд автобусыг нь гуйж аваад нэг өдөр шугаманд явсан, тэгээд орой сүүлийн тойргоо хийж дуусаад 22 цаг 02 минутын үед Орбитын эцсийн буудал дээр очоод хүмүүсээ  буулгаад бэлэн мөнгөө цэгцлээд жоохон байж байгаад хөдлөөд буцаж эргээд  төв зам руу орох гээд  явж байтал миний баруун гар талаас буюу хойд талаас 2  машин ирж байсан. Тэгэхээр нь нөгөө хоёр машиныг өнгөрөөгөөд дөнгөж хөдлөх үед зүүн урд талын крыло  хэсэгт түг гээд дуугарсан. Тэгэхээр нь би шууд автобусаа зогсоогоод цонхоороо доош тонгойгоод хартал хүний хөл харагдах шиг болохоор нь би сандраад буугаад тойроод очтол нэг эмэгтэй хүн автобусны доод талаас ёоё гэж хэлээд хажуу талаараа өнхрөөд гараад ирсэн. Тэр эгчийн 2 чихнээс нь цус гарч байсан,  мөн нүүр хэсэг нь цус болсон байсан. Тэгээд 103 дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 143х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж, хууль зүйн дүгнэлт хийвэл, шүүгдэгч Э.Г нь “...” ХХК-нд ажилладаггүй, уг тээврийн хэрэгслийг жолоодох эрх бүхий субъект биш атлаа мөнгө олох зорилгоор тус компанид жолоочоор ажилладаг С.Маас Хюндай Аеросити” маркийн ...УНЯ улсын дугаартай автобусыг авч, замын хөдөлгөөнд оролцсон байх бөгөөд тэрбээр түр зогсолт хийсний дараагаар аливаа саад, эрсдэлээс болгоомжлох зорилгоор орчин тойрноо шалгаж, хянаж байж хөдөлгөөнд оролцох ёстой атал уг үүргээ биелүүлэлгүй хөдөлгөөнд оролцсон нь зам тээврийн осол гарах нөхцөл байдлыг бүрдүүлсэн буюу тус үйлдлийн улмаас хүний амь насыг хохироход хүргэсэн байна.

 Шүүгдэгч Э.Гын энэхүү хууль бус шинжтэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул Э.Гыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

            Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч Э.Гоос хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н нь оршуулгын зардалд 17.882.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд 2 сая, ипотекийн зээл 20.330.000 төгрөг, талийгаачийн ажлын газар болон хувь хүмүүсээс зээлсэн байсан 1 сая төгрөг, нийт 41.212.000 төгрөгийг нэхэмжилнэ гэж холбогдох баримтуудаа гаргаж өгсөн байна. /хх-ийн 36-72х/

Хэрэгт авагдсан хохирлын талаар баримтуудыг үзвэл, амь хохирогчийн оршуулгын зардалд нийт 14.884.211 төгрөг зарцуулсан талаарх баримт авагдсан /хх-ийн 42-65х/-ыг шүүгдэгч, иргэн хариуцагч нараас гаргуулахаар байна.

Харин оршуулгын зардлын баримтад 1 баримтыг 2-3 удаа хавсаргаж үнийн дүндээ давхардуулан оруулан тооцсон, эсхүл esse тамхи, угаалгын нунтаг, нойлын цаасны үнэ гэх мэтчилэн  нэхэмжилсэн үнийн дүнг, мөн гараар бичсэн баримтгүй зардал зэргийг тус оршуулгын зардалд хамааралгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй хэмээн үзэж, шүүгдэгч, иргэний хариуцагч нараас гаргавал зохих оршуулгын зардлаас хасаж тооцсон болно.

Мөн хохирогчийн төлөөлөгчийн нэхэмжилж буй бусад зардал болох ипотекийн зээл, бусдаас авсан зээл, өмгөөлөгчийн хөлс зэрэг нь шүүгдэгч, иргэний хариуцагч нараас төлбөл зохих хохирол бус, энэ хэрэгт хамааралгүй байх тул тэдгээрээс гаргуулах үндэслэлгүй юм.

Шүүхээс оршуулгын зардал болох 14.884.211 төгрөгийг шүүгдэгч Э.Г, иргэний хариуцагч С.М, иргэний хариуцагч “...” ХХК-иас хувь тэнцүүлэн, тус бүрээс 4.961.403 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн болно. Учир нь,

Шүүгдэгч Э.Гын хувьд: амар хялбар аргаар, мөнгө олох зорилгоор компаний эзэмшлийн автобусыг жолоочоос нь дур мэдэн авч хөдөлгөөнд оролцсоноос зам тээврийн осол гарах, хүний амь нас хохироход хүргэсэн байх тул түүнийг хохирол төлбөрөөс чөлөөлөх үндэслэлгүй байна. Шүүгдэгч Э.Г нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн төлөөлөгчид 500.000 төгрөг төлсөн, шүүхийн шатанд /шүүх хуралдаан завсарласан хугацаанд/ 5.000.000 төгрөг, нийт 5.500.000 төлсөн байх тул тэрбээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй байна.

-Иргэний хариуцагч С.Мын хувьд: “...” ХХК-нд хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг байх бөгөөд тэрбээр компаний зүгээс тавих хяналт сул байдлыг далимдуулан тус компанид харьяалалгүй, ажилладаггүй гадны хүнд өөрийн жолоодон нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг автобусыг дур мэдэн шилжүүлсэн нь осол аваар гарахад нөлөөлсөн тул түүнээс оршуулгын зардлын тодорхой хэсгийг төлүүлэх нь үндэслэлтэй байна. Иймээс иргэний хариуцагч С.Маас 4.961.403 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснээс шүүхийн шатанд тэрбээр 3.000.000 төгрөг төлсөн байх тул зөрүү болох 1.961.403 төгрөгийг түүнээс гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэв.

-Иргэний хариуцагч “...” ХХК-ний хувьд:  “Хюндай Аеросити” маркийн, ...УНЯ улсын дугаартай автобус нь ...ХХК-ний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байх бөгөөд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу эзэмшигч нь гэм хорын хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байна.

Өөрөөр хэлбэл, шүүх хуралд оролцсон иргэний хариуцагч компаний төлөөлөгч Д.Ц нь “...тус компаний жолооч нарын дунд тээврийн хэрэгслээ сольж барих асуудал мэр сэр гардаг, компаний дотоод журамд тээврийн хэрэгслийг бусдад дур мэдэн шилжүүлэхийг хориглодог, жолооч нарт диспетчер, бригадын алба зэргээс өдөр тутам үйл ажиллагааг нь хянаж байх үүрэгтэй, эдгээр албад нь тус компанид харьяалагддаг” тухай тайлбарыг гаргаснаас үзвэл, тус компаний жолооч нар нь компанийнхаа дотоод журмыг мөрддөггүй, тэдгээрийн дунд тээврийн хэрэгслээ солилцдог асуудал тодорхой хэмжээгээр гардаг болохыг үгүйсгээгүй,  компаний хяналт тавих эрх бүхий албад нь жолооч нарт зохих ёсоор хяналтаа өдөр тутам тавьдаггүй, хариуцлага сул байдлыг далимдуулан жолооч С.М нь компаний эзэмшлийн тээврийн хэрэгслийг бусдад түр хугацаагаар шилжүүлсэн, компаний зүгээс тавих хяналт сул байдал нь бусдад ийм боломж бололцоо олгосон,  нөгөө талаас уг байдлыг илрүүлж таслан зогсоох арга хэмжээ аваагүй байх тул тус компани нь гэм хорын хохирлыг төлөхөөр байна.

Иймээс иргэний хариуцагч “...” ХХК-иас 4.961.403 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Над олгохоор шийдвэрлэж, харин иргэний хариуцагч “...” ХХК нь өөрт учирсан хохирлоо шүүгдэгч Э.Гоос шаардан гаргуулах эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Улсын яллагч нь “...шүүгдэгч Э.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай дүгнэлтийг,

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нараас:  “...хүний амь нас хохирсон бөгөөд хүний амийг мөнгөөр илэрхийлэх боломжгүй, улсын яллагчийн дүгнэлтийг дэмжиж байна” гэж,

-Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Э.Г нь 2 хүүхэдтэй, эхнэр нь бие муутай, анх удаа болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсон, гэм буруу дээр маргаагүй, хохирлыг төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг хэрэглэж, тэнсэж, эрх хязгаарлах, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэж өгнө үү” гэсэн,

-Шүүгдэгч Э.Г “... гэмшиж байна. Бага ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Э.Год ял шийтгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс тогтоосон хохирлыг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс, шүүгдэгч Э.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. Учир нь,  Шүүгдэгчийн үйлдсэн хэрэг хэдийгээр болгоомжгүй байдлаар үйлдэгддэг, хөнгөн  төрлийн гэмт хэрэгт хамаарч байгаа хэдий боловч тухайн хэргийн улмаас хүний амь нас хохирсон хор уршгийн шинж чанар, түүнийг арилгах боломжгүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Год хорих ял оногдуулах нь зүйтэй байна. Иймд өмгөөлөгчөөс гаргасан “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгч Э.Г нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 17 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч Э.Год оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор тогтоож, түүний ВССЕD ангиллын 572190 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тогтоолын хамт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-г эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хадгалахаар шийдвэрлэж, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Эын Гыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6  /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Год оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гын цагдан хоригдсон 17 /арван долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.Гын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад тус тус зааснаар хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч Э.Гын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн ВССЕD ангиллын ... дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлжсүгэй.

7. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.3,  508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар төгрөгийг, төгрөгийг тус тус

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-г эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хадгалж, шүүгдэгч Э.Г нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Шийтгэх тогтоолыг прокурор, оролцогч нар гардан авснаас хойш эсхүл тэдгээрт хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   Э.Год урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.АЛТАНЦЭЦЭГ