Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2020/ДШМ/252

 

 

 

 

 

                                                       

Э.Год холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Очмандах, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Намуун,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нармандах, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар,

иргэний хариуцагч “Т О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, түүний өмгөөлөгч Г.Цолмонгэрэл,

нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Г, иргэний хариуцагч Т.Ц нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Э.Год холбогдох 1903009090413 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Эын Г, 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Төв аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уулын 9-3 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;

            Э.Г нь 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 22 цаг 20 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Орбитын шинэ эцсийн буудал дээр “Hyundai Aero City” загварын, 07-61 УНЯ улсын дугаартай автобусыг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөхдөө ... аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Р.Тг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

            Тээврийн прокурорын газраас: Э.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овгийн Эын Гыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Год оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гын цагдан хоригдсон 17 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.Гын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад тус тус зааснаар хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч Э.Гын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В, С, CЕ, D ангиллын 572190 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.3, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Т О” ХХК-иас 4.961.403 төгрөгийг, иргэний хариуцагч С.Маас 1.961.403 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нармандахад олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-г эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хадгалж, иргэний хариуцагч “Т О” ХХК нь өөрт учирсан хохирлоо шүүгдэгч Э.Гоос нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгч Э.Г нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Э.Г гаргасан давж заалдах гомдолдоо: “...Зам тээврийн осол гарахад замын тэмдэг тэмдэглэгээ, орчны гэрэлтүүлэг, цаг уурын нөхцөл байдал, өөрөөр хэлбэл, алсын барааны харагдац зэргээс шалтгаалсан гэж үзэж байна. 2020 оны 1 дүгээр сарын 22-ны 2/138 тоот албан бичгийг нийтийн тээврийн ашиглаж буй зогсоолын байршил, тойм зураг болон батлагдсан чиглэлийн зураглал, хавсралтын хамт хүлээн авч үзэхэд “DAEWOO BS 106” загварын, их багтаамжийн автобусны эргэлтийн радиус 9 метр байдаг тухай болон хавсралтад үзүүлсэн зурагт Орбитын шинэ эцсийн буудлын зорчих хэсгийн байдал тодорхой харагддаг. Шүүх химийн 5219 тоот шинжилгээний хариугаар явган зорчигч Р.Тгийн цусанд 2.4, ходоодны шингэнд 7.7 промилл спиртийн зүйл илэрч гарсан. Энэ нь зорчигчийг биеэ авч явах чадваргүй байгааг илэрхийлж байгаа бөгөөд шинжээчийн дүгнэлтэд энэ талаар огт дурдаагүй. Автобусны жолоочид харагдахгүй ... хэсэгт, эргэх үед урд дугуйны ард хэсгээр, явган зорчигч автобусан доогуур орсон байдалтай байдаг. Энэ нь 2 метрээс дээш өндөрт байгаа жолооч болон толинд ямар ч тохиолдолд огт харагдахгүй хэсэг юм. Энэ байдлаас харахад хохирогчийн гэм буруугийн үйлдэл тодорхой харагдаж байгаа бөгөөд бичлэгт тодорхой дүрслэгддэг. Гэвч энэ талаар шинжээч огт дурдаагүй байдаг. Хохирогч оршуулга болон гэмт хэргийн улмаас учирсан зардлыг бодит байдлаас ихээр тооцсон байдаг. Дээрх үндэслэлээр холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, зарим хэсгийг нь хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.

            Иргэний хариуцагч “Т О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжилсэн оршуулгын зардал 14.844.211 төгрөгийг шүүгдэгч Э.Г, “Т О” ХХК, иргэний хариуцагч С.М нарт /4.961.403 төгрөг/ тэнцүү гаргуулахаар шийдвэрлэсэн. Э.Г нь “Т О” ХХК-д ажилладаггүй, харин С.М нь жолоочоор ажилладаг. “Т О” ХХК-ийн дүрэм журмыг зөрчин, холбогдох удирдлага, диспетчерийн албанд мэдэгдэлгүйгээр, нууцаар дур мэдэн тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлснээр уг хэрэг гарсан. Анхан шатны шүүх “Т О” ХХК-ийг хяналтаа сайн тавиагүй гэсэн үндэслэлээр оршуулгын зардлыг хувааж төлүүлэхээр шийдвэрлэсэн. Бодит байдал дээр “Т О” ХХК нь жолооч нарт өдөр тутам заавар зөвлөгөө өгч, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, нийт жолооч нартай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ хийж, мэргэжлийн үнэмлэх, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч шугамд гаргадаг. Гэвч иргэний хариуцагчаар татагдсан С.М нь журам зөрчиж, “Т О” ХХК-д харьяалагддаггүй хүнд тээврийн хэрэгсэл шилжүүлснээр уг харамсалтай хэрэг гарсан. Иймд “Т О” ХХК-ийн буруугаас тээврийн хэрэгсэл ашиглах боломж олгосон гэх нотлох баримт, үйл баримтгүй, шүүхээр хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдохгүй байхад үйл ажиллагаандаа хяналт тавьдаггүй, таслан зогсоох арга хэмжээ аваагүй гэж үзсэн нь бодит байдалд зөрүүтэй, үндэслэлгүйгээр Иргэний хуулийн холбогдох хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолоос Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дах хэсэгт, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад тус тус зааснаар иргэний хариуцагч “Т О” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

            Иргэний хариуцагч “Т О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цын өмгөөлөгч Г.Цолмонгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсгийг шүүх хэрэглэхдээ өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон учраас өмчлөгч хариуцлага хүлээх ёстой гэдэг үндэслэлээр хариуцлага оногдуулсан. Хэргийн бодит байдалд иргэний хариуцагч С.М гэрчээр “өглөө диспетчерийн албанд бүртгүүлээд бааз руу хамт очоод Э.Г ах хашааны хаалганы гадна зогсож байсан. Би автобусаа аваад 200 метрийн зайд явж байгаад суудлаа сольсон. Манай компани жолооч солихыг хатуу хориглодог” гэж хэлсэн байдаг. Харин Т.Цын гэрчээр өгсөн “ер нь жолооч нар солигдох тохиолдол байдаг бөгөөд ингэхдээ диспетчертээ бүртгүүлээд, зөвшөөрөл аваад явдаг” гэх мэдүүлгийг шүүх буруу үнэлсэн. Өөрөөр хэлбэл, шүүх шийтгэх тогтоолдоо хариуцагч тээврийн хэрэгслийн жолооч солигдох асуудлыг үгүйсгээгүй гэсэн байна. Гэтэл бодит байдал дээр Т.Ц нь зөвшөөрөлтэй солигддог тухай мэдүүлдэг. Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, ашиглалтын журмын дагуу өглөө диспетчердээ хянуулж, техникийн бүрэн бүтэн байдал, жолоочийн эрүүл мэндийн байдал зэргийг хянаад, замын хуудас олгож гаргадаг. Автобус шугамд зогсоол болгонд зогсоод, нийт замыг 180 удаа тойрч явж байгаа бөгөөд энэ болгонд хяналтын ажилтан ажиллуулах эдийн засгийн бололцоо байхгүй. 2019 оны сүүлээр “Смарт” компани автобусанд 4 камер суурилуулсан гэх боловч уг камерууд улсын хэмжээнд ажиллахгүй байгаа. Бидэнд зөвхөн “GPS” төхөөрөмж ашиглан хянах бодит бололцоо байгаа юм. Иргэний хариуцагч “Т О” ХХК-ийн хувьд хяналтаа зохих ёсоор бүрэн хэмжээнд хэрэгжүүлсэн. Гэвч шүүгдэгч Э.Г болон С.М нар нь өмчлөгчид мэдэгдэлгүйгээр тээврийн хэрэгслийг сольсноос болоод хүний амь насанд хохирол учруулчхаад байгаа юм. Тэгэхээр “Т О” ХХК-ийг өөрийн буруугаас болоод тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон гэсэн нотлох баримт хэрэгт байхгүй. Шүүхээс “Т О” ХХК нь хариуцах ёстой гэж үзээд, 4.000.000 төгрөг гаргуулахаар иргэний хариуцлага оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсгийн эхний хэсэгт зааснаар хариуцлагаас чөлөөлөгдөх ёстой гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын иргэний хариуцагчтай холбоотой хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нармандах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би төрсөн эхээ алдсан. Надад Т.Ц гэх “Т О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьж байгаа зүйл надад таалагдахгүй байна. Би маш их гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эхийгээ алдчихаад бид 49 хоногийн зардал тооцоо, бусад зардлыг хохиролд оруулаагүй. Бидэнд ийм зүйл тохиолдоогүй бол би хайртай ээжийгээ алдчихаад ингэж зогсож байхгүй л байсан. Гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй. Бид эцэг, эхээсээ гурвуулаа бөгөөд би айлын том хүү байгаа юм. Миний ээж цагдаа, цэргийн байгууллагад нэртэй төртэйгөөр хорин хэдэн жил алба хашсан мөртлөө байрны өр зээлтэй үлдэж байна. Шүүхийн шийдвэр ээжийг минь оршуулгын зардлын хэмжээний мөнгөн дээр яригдаж байгаад би гомдож байна. Миний ээж нэг жил ажиллаад тэтгэвэрт гарах байсан. Миний аав сард 500.000 төгрөгийн тэтгэвэр авдаг ба өнөөдөр 20.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байрны зээлтэй үлдэж байна. Бид аавыгаа өр зээлтэй үлдээмээргүй байна. Тиймээс “Т О” ХХК-иас байрны ипотекийн зээлийн мөнгийг нэхэмжилнэ. Анх байранд орсон жилээ даатгуулсан боловч амьдрал ахуйн боломж бололцооноос шалтгаалаад үргэлжлүүлэн даатгуулж чадаагүй. Бид даатгалын компаниас ямар нэгэн хохирол төлбөр олдох нөхцөл бололцоо байхгүй гэдгийг мэдсэн. Энэ компани жолооч нартаа хяналт тавиад хариуцлагатай байсан бол миний ээж амьд байх байсан ч юм билүү. Автобусанд 4 камер байдаг гэсэн мөртлөө одоо “мэдэхгүй камер холбогдоогүй байсан” гэж ярьж байна. Тэгвэл камер байхын хэрэг юу байсан юм бэ. Замын камерын бичлэгээс үзэхэд миний ээжийг зам дээр такси барих гээд зогсож байхад ийм зүйл болсон байдаг. Би “Т О” ХХК-д гомдолтой байна. Хохирлыг “Т О” ХХК-иас нэхэмжилнэ. Анхан шатны шүүхээс ээжийн оршуулгын зардлыг 4.000.000 төгрөгөөр тогтоосон. Бидэнд ийм зүйл тохиолдоогүй бол ийм байдалтай байхгүй. ...” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нармандахын өмгөөлөгч С.Чулуунбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нармандахын гаргасан хүсэлт, тайлбарыг дэмжиж байна. Энэ тээврийн хэрэгслийн гэрчилгээ “Т О” ХХК-ийн эд хөрөнгө мөн үү гэвэл мөн юм. Тухайн байгууллагын боловсон хүчин богино хугацаанд ч бай, урт хугацаанд ч бай байгууллагатай гэрээ хийгээд ажиллаж байгаа С.М тухайн компанийн жолооч мөн үү мөн. Яагаад иргэний хариуцагчаас болиул, манайх хариуцах ёсгүй гэдэг зүйл ярьж байгааг ойлгохгүй байна. Мөн гэм буруугийн асуудал, хэргийн үйл явдал дээр талийгаач эмэгтэйг согтолттой байсан гэх мэт янз бүрээр бичээд байгаад харамсаж байна. “Т О” ХХК-ийн автобус хүн дайрч, амь насыг нь хохироосон нь энэ байгууллагын хариуцлагагүй байдлаас болсон. Өнөөдөр нэг хүний амь нас яригдаж байна. Нэг хэсэг хүний амь нас яригдсан бол яах юм, манайд хамаагүй гээд зогсож байх юм уу. Тэгээд орчин цагийн техник хэрэгсэл яриад зогсож байна. Хуульд энэ талаар тодорхой заасан байгаа. Ахынхаа машиныг унаж яваад айлын телевизор хулгайлсан бол ах нь иргэний хариуцагчаар орж ирээд төлөөд явж байгаа шүү дээ. Тэгтэл бүхэл бүтэн хүний эрдэнэт амь хохирсон хэрэг дээр 4.000.000 төгрөг төлөх асуудалд иргэний хариуцагч манайх биш гээд яриад байгаа нь хүн чанарын асуудал мөн үү. Хариуцлага алдсан жолооч 3.000.000 төгрөг өгчихөөд, үлдсэн мөнгөө өгнө гээд явж байгаа. Шүүгдэгч шүүхээс тогтоосон хохирлыг төлсөн байхад Нийслэл хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Нийтийн тээврийн албаны компани 4.000.000 төгрөг дээр асуудал үүсгээд явж байгаад үнэхээр харамсаж байна. Гомдол гаргах эрх нь байлаа ч гэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг буруу гаргасан, буруу дүгнэлт хийсэн, бодит байдалтай нийцээгүй гэсэн гомдол гаргаж байгаад харамсалтай байна. Шүүхийн шатанд С.Мыг иргэний хариуцагчаар татсан. Иргэний хариуцагчаар байх ёстой хүмүүсийг, төлөх ёстой төлбөрийг шүүх тогтоосон. Сая хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нармандахын ярьж байгаагаар ээж нь ипотекийн зээлийн үндсэн зээлдэгч байсан бөгөөд зээлээ төлөөд явж байсан. Анхан шатны шүүхэд үлдэгдэл зээлээ иргэний хариуцагчаар төлүүлэхээр нэхэмжилсэн боловч шүүх даатгалын компани төлөх үндэслэл байгаа тул даатгалаар төлүүлэхээр шийдвэрлэсэн. Даатгалын байгууллагаар төлүүлэх талаар асуухад анх зээл авсан жил даатгалаа төлөөд, түүнээс хойш даатгал хийгдээгүй байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй, гэм буруугийн талаар маргах зүйлгүй. ...” гэв.

            Прокурор Э.Намуун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “Hyundai Aero City” загварын автобусыг “Т О” ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл мөн, Иргэний хуульд заасан тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч нь гэм хорын хохирлыг төлөх үүрэгтэй талаар дурдсан. Өөрөөр хэлбэл, “Т О” ХХК-ийн эрх бүхий албан хаагчид нь жолооч нартаа зохих ёсоор хяналтаа өдөр тутам тавьдаггүй, хариуцлагагүй сул байдлыг далимдуулаад тухайн компанийн жолооч бусдад тээврийн хэрэгслийг шилжүүлж өгснөөс энэ гэмт хэрэг үйлдэгдсэн. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 7 дахь заалтад “Т О” ХХК нь өөрт учирсан хохирлоо шүүгдэгч Э.Гоос нэхэмжлэх эрхтэй талаар дурдаж өгсөн тул дээрх гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Шүүгдэгч Э.Гын гаргасан гомдлын хувьд явган зорчигч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөний дүрэмд оролцох ёсгүй гэсэн замын хөдөлгөөний зохицуулалтын дүрэм байхгүй. Иймд түүнд оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Э.Г нь 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 22 цаг 20 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Орбитын шинэ эцсийн буудал дээр “Hyundai Aero City” загварын, 07-61 УНЯ улсын дугаартай автобусыг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөхдөө ... аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Р.Тг мөргөж, амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нармандахын “...Р.Т нь миний төрсөн ээж байгаа юм. Талийгаачийн оршуулгын зардалд 18.000.000 төгрөг, талийгаачийн байрны зээлд 20.300.000 төгрөг нэхэмжилнэ. ...” /хх 30-32/,

иргэний хариуцагч “Т О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цын “...Э.Г нь манай компанид жолоочоор ажиллаж байгаад гарсан. Түүний жолоодон явсан “Хюндай Аеросити” загварын, 07-61 УНЯ улсын дугаартай автобус нь манай компанийн эзэмшилд бүртгэлтэй. Манай байгууллагын зүгээс хуульд заасны дагуу бусдад учруулсан хохирлыг барагдуулна. ...” /хх 74-75/,

С.Мын гэрчээр өгсөн "...2019 оны 8 дугаар сарын 7-ны өглөө 6 цагийн орчимд бааз руу хамт очоод баазаас автобусаа 200 орчим метрт гаргаад Год өгсөн. Тэгээд орой 22 цагийн орчимд Г над руу утсаар залгаад "Орбитын эцэс дээр зам тээврийн осол гаргачихлаа" гэж хэлсэн. ..." /хх 78-79/,

Э.Гын яллагдагчаар өгсөн "...Би мөнгөний хэрэг гараад 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдөр найз Мын автобусыг гуйж, нэг өдөр шугамд явсан. 22 цагийн орчимд “Орбитын эцсийн буудал”-д очоод хүмүүсээ буулгаад ... хөдлөөд явж байтал зүүн урд талын крило хэсэгт түг гээд дуугарсан. ...Цонхоороо доошоо хартал хүний хөл харагдах шиг болсон. Буугаад очоод хартал нэг эмэгтэй хүн автобусны доод талаас “ёооё” гэж хэлээд, хажуу талаараа өнхрөөд гараад ирсэн. Би юм асуутал дуугарахгүй байсан ба 2 чихнээс нь цус гарсан, нүүр хэсэг нь цус болсон байсан. ...” /хх 142-144/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1723 дугаартай “...Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын орой ба суурь ясны салсан болон шугаман хугарал, гавал тархины баруун зүүн тал бөмбөлгийн чамархайн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, өнчин тархины няцрал, хуйханд цус хуралт, цээжний зүүн хөндийн 200.0 мл цус хуралдалт, цээжний баруун 1-9, зүүн 1, 4, 5, 6, 7 дугаар хавирганы шууд ба шууд бус хугарлууд, өвчүүний салсан хугарал, баруун, зүүн уушгины дэлбэнгүүдэд цус хуралт, зүүн уушгины дээд дэлбэнгийн шарх, хэлний уг, гол судас, үнхэлцэг хальс, өрц, элэг, баруун бөөрний дээд булчирхай, чацархайд цус хуралтууд, зүүн умдагны дээд салаа, суудал ясны зүүн доод хэсгийн үйрч бяцарсан хугарлууд. Толгойн баруун тал чамархайн хуйх, толгойн зүүн тал зүүн чамархайн хуйх, зүүн шанаа, баруун чихний дэлбэн, зүүн чихний дэлбэн, дух, баруун нүдний дээд зовхины гадна булан, баруун шанаа, баруун хацар, баруун шуу, баруун гуя, цээж, хэвлий, зүүн өвдөг, зүүн шилбэнд зулгаралтууд, баруун мөр, баруун шилбэ, цээж, зүүн шилбэ, баруун зүүн өгзөгт цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн тухайлбал, босоо үед мөргөгдөх үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай. Талийгаач нь гавал, тархи, цээж, хэвлий, аарцаг яснуудын хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас гэмтлийн шоконд орж нас барсан байна. ...” /хх 91-96/,

Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 398 дугаартай “...Жолооч Э.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөхдөө ....аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэснийг зөрчсөн. ...” /хх115-116/ гэх дүгнэлтүүд,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт /хх 3-5, 7-11/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 6/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт /хх 19-23/, СиДи-д үзлэг хийсэн тэмдэглэл /хх 25-28/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Э.Гыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Э.Гын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас явган зорчигч Р.Тг мөргөж, эрүүл мэндэд нь гавал, тархи, цээж, хэвлий, аарцаг яснуудын хавсарсан хүнд гэмтлүүд учруулан амь нас хохирсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн буюу гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон байдалд дүгнэлт хийж, тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгч Э.Гын “...Шүүх химийн 5219 тоот дүгнэлтээр явган зорчигч Р.Тгийн цусанд 2.4, ходоодны шингэнд 7.7 промилл спиртийн зүйл илэрч гарсан. Энэ нь зорчигчийг биеэ авч явах чадваргүй байгааг илэрхийлж байгаа бөгөөд шинжээчийн дүгнэлтэд энэ талаар огт дурдаагүй. Автобусны жолоочид харагдахгүй ... хэсэгт, эргэх үед урд дугуйны ард хэсгээр, явган зорчигч автобусан доогуур орсон байдалтай байдаг. Энэ нь 2 метрээс дээш өндөрт байгаа жолооч болон толинд ямар ч тохиолдолд огт харагдахгүй хэсэг юм. Энэ байдлаас харахад хохирогчийн гэм буруугийн үйлдэл тодорхой харагдаж байгаа бөгөөд бичлэгт тодорхой дүрслэгддэг. Хохирогч оршуулга болон гэмт хэргийн улмаас учирсан зардлыг бодит байдлаас ихээр тооцсон байдаг. Дээрх үндэслэлээр холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, зарим хэсгийг нь хүчингүй болгож өгнө үү.. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Хэрэг учрал болох үед хохирогч Р.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хэдий ч түүнийг бие авч явах чадваргүй байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүйгээс гадна зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна. 

Мөн хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаас үзэхэд хохирогч Р.Тгийн автобусны буудал дээр такси барихаар зогсож байсан байрлал нь шүүгдэгч Э.Гын жолоодон явсан тээврийн хэрэгслийн жолооч талын урд хэсэг бөгөөд энэхүү хэсгээс хохирогчийн байрлал хамгийн сайн харагдах ба ямар нэгэн хязгаарлагдмал орчин гэж үзэх боломжгүй байна.

Шүүгдэгч Э.Гын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөхдөө ... аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Р.Тг мөргөж, амь нас нь хохирсон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан анхан шатны шүүхээс түүнд 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хариуцагч Т.Ц “...“Т О” ХХК-ийн буруугаас тээврийн хэрэгсэл ашиглах боломж олгосон гэх нотлох баримт, үйл баримтгүй, шүүхээр хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдохгүй байхад үйл ажиллагаандаа хяналт тавьдаггүй, таслан зогсоох арга хэмжээ аваагүй гэж үзсэн нь бодит байдалд зөрүүтэй, үндэслэлгүйгээр Иргэний хуулийн холбогдох хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолоос Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дах хэсэгт, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад тус тус зааснаар иргэний хариуцагч “Т О” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.”

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорын хохирлыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл “Т О” ХХК-ийг өмчлөлийн “Хюндай Аеросити” загварын, 07-61 УНЯ улсын дугаартай автобусыг хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг С.М нь байгууллагын хяналт сул, хариуцлагагүй байдлыг ашиглан бусдад шилжүүлснээс зам тээврийн осол гарахад нөлөөлсөн тул иргэний хариуцагч нар болон шүүгдэгчээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан гэм хорын хохирлыг хувь тэнцүүлэн гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирол төлбөрт гаргаж өгсөн баримтаас 14.884.211 төгрөгийн баримт /хх 36-72/ нотлох баримтын шаардлага хангасан байх бөгөөд уг мөнгийг шүүгдэгч Э.Г, иргэний хариуцагч С.М, “Т О” ХХК-иас хувь тэнцүүлэн, тус бүрээс 4.961.403 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцжээ.

Шүүгдэгч Э.Г 5.500.000 төгрөг /2хх 37/-ийг, иргэний хариуцагч С.М 3.000.000 төгрөг /2хх 38/-ийг тус тус анхан шатны шүүхийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нармандахад төлсөн байх бөгөөд үлдэх 4.961.403 төгрөгийг дээрх хуулийн зохицуулалтын дагуу ажил олгогч “Т О” ХХК-иас, 1.961.403 төгрөгийг иргэний хариуцагч С.Маас тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв байх тул иргэний хариуцагч Т.Цын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Түүнчлэн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад “...иргэний хариуцагч “Т О” ХХК нь өөрт учирсан хохирлоо шүүгдэгч Э.Гоос нэхэмжлэх эрхтэй...” гэж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй болохыг дурдаж байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч шүүгдэгч Э.Г, иргэний хариуцагч Т.Ц нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч шүүгдэгч Э.Г, иргэний хариуцагч Т.Ц нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

                                    ШҮҮГЧ                                                                        Д.ОЧМАНДАХ

                                    ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ