Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 01531

 

 

 

 

 

 

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 142/ШШ2016/01531

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг Залуус хотхон 22-49 тоотод оршин суух Боржигон овогт Батмөнхийн Амархүү /ГЮ:85123119/

            Хариуцагч: Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам

            2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 57 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Эрдэнэчимэг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, А.Цэндзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Амархүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний бие Б.Амархүү нь Орхон аймаг дахь "Эрдэнэт Өртөө"-нд 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ачаа вагон хүлээлцэгч мэргэжлээр ажилд орж, 2010 онд галт тэрэгний туслах найруулагчаар ажиллаж байгаад 2015 оны 07 дугаар сарын 03-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл өөрийн хүсэлтээр чөлөө авч Солонгос улс руу 3 сарын визтэйгээр явсан юм. Энэ хугацаанд Солонгос улсад хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирэх боломжгүй болсон тул байгууллагадаа өргөдөл гаргаж 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэл цалингүй чөлөөг авч "Эрдэнэт Өртөө"-ний даргын 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 113 тоот тушаал гарсан байдаг юм. Би Солонгос Улсаас ирээд ажилдаа ормоор байгаа тухай өргөдөл гаргасан боловч ажилд маань авахгүй гэсэн хариу өгсөн. Ямар үндэслэлээр авахгүй байгааг лавлахад эрүүл мэндийн байдлаараа тэнцэхгүй гэдгийг хэлсэн. Би энэ байгууллагад 2008 оноос хойш ажиллаж байхдаа ажилдаа ямар нэгэн зөрчил, арга хэмжээнд орж байгаагүй ба намайг галт тэрэгний туслах найруулагчид тэнцэхгүй гэсэн эмч нарын комиссын дүгнэлт гараагүй байхад ажлаас халах тухай 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 57 тоот тушаал гардуулж өгснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Намайг галт тэрэгний найруулагчийн ажилд тэнцэхгүй гэж байгаа юм бол өөр ажилд шилжүүлж ажиллуулах бүрэн боломжтой шүү дээ. Манайд одоогоор туслах дежур, жолоочийн орон тоо байгаа тул энэ тал дээр өргөдөл гаргаж өгсөн боловч дарга хүлээн зөвшөөрөхгүй чи ажиллаж чадахгүй гэсэн өөрийн үзэмжээр тушаал гаргасанд гомдолтой байна. Иймд 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 57 тоот тушаалыг хүчингүй болгож ажилд маань эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 4 600 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Б.Амархүүгийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. Нэмэгдүүлсэн шаардлагын хувьд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 2 387 348 төгрөг нэхэмжилнэ гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, А.Цэндзаяа нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Иргэн Б.Амархүүгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Тэрээр Галт тэрэгний туслах найруулагчийн ажилд тэнцэхгүй гэсэн эмч нарын комиссын дүгнэлт гараагүй байхад ажлаас халах тушаал гаргасан гэж үзэж, Орхон аймаг дахь Эрдэнэт өртөөний даргын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 57 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл, мөн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 11 сар хүртэлх хугацааны 4 сарын цалин хөлс болох 4 600 000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Б.Амархүүгийн гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн болон бодит байдлын ямар ч үндэслэлгүй байна. Үүнд: УБТЗ-ын Эрдэнэт өртөөний даргын 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 86 дугаартай тушаалаар Б.Амархүүд 2015 оны 07 сарын 03-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатай тэтгэмжгүй чөлөө олгосон. Мөн УБТЗ-ын Эрдэнэт өртөөний 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 113 тушаалаар түүний өргөдлийг харгалзан үзэж, 2016 оны 07 сарын 03-ны өдрөөс 9 сарын хугацаатай цалин чөлөөг дахин олгосон юм. 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Эмнэлгийн урьдчилсан ба цаг үеийн үзлэгийн магадлагаагаар" Б.Амархүү нь Галт тэрэгний найруулагч, туслах найруулагчийн ажилд тэнцэхгүй гэсэн оношлогоог хийсэн байдаг. Ингээд УБТЗ-ын Эрдэнэт өртөөний даргын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 57 тушаалаар Б.Амархүүгийн чөлөөний хугацаа дуусч, эрүүл мэндийн хувьд туслах найруулагчийн ажилд тэнцэхгүй нь тогтоогдсон тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Монгол улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15.2. Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан "ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон" гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно гэж заасан. Төмөр замын тээврийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилд зохих сургалтад хамрагдаж, тухайн ажлыг гүйцэтгэх эрх авсан, эрүүл мэндийн хувьд тэнцсэн, 18 насанд хүрсэн иргэнийг ажиллуулна гэсэн. Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журмын 2 дугаар зүйлийн 2.1.2-т “Ажилд шинээр орох иргэн болон ажилтныг эрүүл мэндийн урьдчилсан ба хугацаат үзлэгт оруулж, эрүүл мэндээр тэнцсэн ажилтанг ажиллуулах” мөн энэхүү дүрмийн 3.1.10-т “Тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг бүрэн биелүүлж, тогтоосон хугацаанд эрүүл мэндийн үзлэгт орсон байх” гэдэг шаардлагуудыг тавьсан байдаг. Иймд Б.Амархүүгийн гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн болон бодит байдлын үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгне үү гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

            Нэхэмжлэгч Б.Амархүү нь хариуцагч Улаанбаатар төмөр замын Эрдэнэт өртөөны дарга Ш.Эрдэнэчимэгт холбогдуулан 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 57 дугаартай тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 4 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Эрдэнэчимэг хариуцагчийг өөрчлөх хүсэлт гаргасан ба нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа багасгаж 2 387 348 төгрөг нэхэмжилж бусад нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.

            Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Зохигчдод олгосон итгэмжлэл нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр итгэмжлэл байна.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Галт тэрэгний туслах найруулагчийн ажилд тэнцэхгүй гэж эмч нарын комиссын дүгнэлт гараагүй байхад ажлаас халсан нь үндэслэлгүй, өөр хөнгөн ажилд ажиллуулах тухай хүсэлтийг хүлээж авалгүй тушаал гаргасанд гомдолтой гэж тайлбарладаг.

            Хариуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Галт тэрэгний туслах найруулагчийн ажилд тэнцэхгүй болсон нь эрүүл мэндийн үзлэгээр тогтоогдсон. Энэ талаар холбогдох эрхийн актанд хүртэл хориглохоор тусгасан байдаг, хүний амь насны асуудал яригдах хүртэл үр дагавартай юм. УБТЗ-ын эмнэлгийн эмч нарын дүгнэлт нь мэргэжлийн комиссын дүгнэлт гэж тайлбарлаж байна.

            Нэхэмжлэгч Б.Амархүү нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замын Эрдэнэт өртөөний галт тэрэгний туслах найруулагчийн албан тушаалд 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн ажиллаж байсан бөгөөд  тус өртөөний дарга Ш.Эрдэнэчимэгийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 57 дугаартай тушаалаар эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй болсон шалтгаанаар 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан тушаал болон хөдөлмөрийн гэрээгээр батлагдаж байна. /хх-3, хх-5/

            Нэхэмжлэгч Б.Амархүү чөлөө олгох тухай хүсэлт гаргасны дагуу УБТЗ-ын Эрдэнэт өртөөний даргын 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 113 дугаартай тушаал гарч түүнд 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 9 сарын цалингүй чөлөө олгосон бөгөөд чөлөөний хугацааг дуусахад эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй гэсэн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна./хх-3, хх-4/

            Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно гэж заасан байдаг.

Эрхэлж буй ажил буюу хөдөлмөрийн нөхцөл нь тухайн ажилтны эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж буй ажилдаа тэнцэхгүй болсон тул хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалсан гэж үзэх үндэслэлтэй байна.

            Нэхэмжлэгч чөлөө авсан үедээ буюу БНСУ-д байхдаа баруун гарын эрхий, долоовор хуруугаа тасдуулж үйлдвэрлэлийн осолд өртсөн байх бөгөөд энэ талаар зохигчид үгүйсгэж мэтгэлцээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрдөг ба эмнэлгийн урьдчилсан ба цаг үеийн үзлэгийн 2016 оны 3 дугаар сарын үзлэгийн мэс заслийн эмчийн дүгнэлтэнд тодорхойлсон байна. /хх-36/

            Эмнэлгийн урьдчилсан ба цаг үеийн үзлэгээр эрүүл мэндийн хувьд Б.Амархүүг тэнцэнэ гэсэн дүгнэлтийг 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гаргасан боловч 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр тэнцэхгүй гэсэн дүгнэлт гарсан нь нэг сарын хугацаатай эсрэг байр суурь илэрхийлсэн ганц эмчийн шийдвэр нь комиссын дүгнэлт биш гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мэтгэлцэж байх боловч Төмөр замын тээврийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилд зохих сургалтанд хамрагдаж, тухайн ажлыг гүйцэтгэх эрх авсан эрүүл мэндийн хувьд тэнцсэн 18 нас хүрсэн иргэнийг ажиллуулна гэж заасан байна.

            Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Эрүүл мэндийн сайдын 2009 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 70 тоот тушаалд Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтанд эрүүл мэндийн үзлэг хийх журам болон уг журмын 1.3-т Эмнэлэг магадлах комиссын бүрэлдэхүүнийг төмөр замын эмнэлгийн эмч нараас томилох ба уг комисс нь галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажил гүйцэтгэх ажилтныг тухайн ажлын байранд тэнцэх эсэхийг тогтоох эрх бүхий этгээд гэж маргаж байх боловч эрх зүйн актын эх сурвалж тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд нийтлэгдээгүй байна.

            Хариуцагч байгууллагын төлөөлөгчийн ...Б.Амархүү нь манай байгууллагад ажиллаж байхдаа буюу ажил үүргээ гүйцэтгэж явахдаа үйлдвэрлэлийн осолд өртөөгүй тул хөнгөн ажилд шилжүүлэх үүргийг хүлээхгүй гэсэн тайлбар үндэслэлтэй байна.

            Нэхэмжлэгч Б.Амархүүг эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй болсон талаар эрүүл мэндийн зохих байгууллагаас дүгнэсэн байх тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг  ажил олгогчийн санаачлагаар цуцалсан тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

            Иймд нэхэмжлэгч Б.Амархүүгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Улсын тэмдэгтийн хураамжаас нэхэмжлэгч нь хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Амархүүгийн 2016 оны 07 дугаар сарын 18-ний өдрийн 57 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 2 387 348 төгрөг гаргуулах тухай Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Б.Амархүү нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. 119 дүгээр зүйлийн 119.2,

119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                               Л.АРИУНЦЭЦЭГ