Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 14

 

Б.Агийн нэхэмжлэлтэй

                                      иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1531 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.Агийн нэхэмжлэлтэй

Хариуцагч М.О.Х.Н.Н.У замд холбогдох

“Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Эрдэнэчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Эрдэнэчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, А.Цэндзаяа, нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний бие Б.А нь Орхон аймаг дахь "Эрдэнэт Өртөө"-нд 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ачаа вагон хүлээлцэгч мэргэжлээр ажилд орж, 2010 онд галт тэрэгний туслах найруулагчаар ажиллаж байгаад 2015 оны 07 дугаар сарын 03-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл өөрийн хүсэлтээр чөлөө авч Солонгос улс руу 3 сарын визтэйгээр явсан юм. Энэ хугацаанд Солонгос улсад хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирэх боломжгүй болсон тул байгууллагадаа өргөдөл гаргаж 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэл цалингүй чөлөөг авч "Эрдэнэт Өртөө"-ний даргын 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 113 тоот тушаал гарсан байдаг юм. Би Солонгос Улсаас ирээд ажилдаа ормоор байгаа тухай өргөдөл гаргасан боловч ажилд маань авахгүй гэсэн хариу өгсөн. Ямар үндэслэлээр авахгүй байгааг лавлахад эрүүл мэндийн байдлаараа тэнцэхгүй гэдгийг хэлсэн. Иймд 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 57 тоот тушаалыг хүчингүй болгож ажилд маань эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 4 600 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, А.Цэндзаяа нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

УБТЗ-ын Эрдэнэт өртөөний даргын 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 86 дугаартай тушаалаар Б.Ад 2015 оны 07 сарын 03-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатай тэтгэмжгүй чөлөө олгосон. Мөн УБТЗ-ын Эрдэнэт өртөөний 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 113 тушаалаар түүний өргөдлийг харгалзан үзэж, 2016 оны 07 сарын 03-ны өдрөөс 9 сарын хугацаатай цалин чөлөөг дахин олгосон юм. 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Эмнэлгийн урьдчилсан ба цаг үеийн үзлэгийн магадлагаагаар" Б.А нь Галт тэрэгний найруулагч, туслах найруулагчийн ажилд тэнцэхгүй гэсэн оношлогоог хийсэн байдаг. Ингээд УБТЗ-ын Эрдэнэт өртөөний даргын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 57 тушаалаар Б.Агийн чөлөөний хугацаа дуусч, эрүүл мэндийн хувьд туслах найруулагчийн ажилд тэнцэхгүй нь тогтоогдсон тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Монгол улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15.2. Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан "ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон" гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно гэж заасан. Төмөр замын тээврийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилд зохих сургалтад хамрагдаж, тухайн ажлыг гүйцэтгэх эрх авсан, эрүүл мэндийн хувьд тэнцсэн, 18 насанд хүрсэн иргэнийг ажиллуулна гэсэн. Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журмын 2 дугаар зүйлийн 2.1.2-т “Ажилд шинээр орох иргэн болон ажилтныг эрүүл мэндийн урьдчилсан ба хугацаат үзлэгт оруулж, эрүүл мэндээр тэнцсэн ажилтанг ажиллуулах” мөн энэхүү дүрмийн 3.1.10-т “Тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг бүрэн биелүүлж, тогтоосон хугацаанд эрүүл мэндийн үзлэгт орсон байх” гэдэг шаардлагуудыг тавьсан байдаг. Иймд Б.Агийн гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн болон бодит байдлын үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1531 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Агийн 2016 оны 07 дугаар сарын 18-ний өдрийн 57 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 2 387 348 төгрөг гаргуулах тухай Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Б.А нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Эрдэнэчимэг давж заалдсан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны үндэслэлтэй гарсангүй, нэг талыг баримталж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Нэхэмжлэгч Б.А нь "Эрдэнэт Өртөө"-нд 2008.04.04-ний өдөр ачаа вагон хулээлцэгч мэргэжлээр ажилд орж, 2010 онд галт тэрэгний туслах найруулагчаар ажиллаж байгаад 2015.07.03-ний өдрөөс 2015.10.03-ний өдөр хүртэл өөрийн хүсэлтээр чөлөө авч БНСУлс руу 3 сарын визтэйгээр явсан юм. Энэ хугацаанд Солонгос улсад хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирэх боломжгүй болсон тул байгууллагадаа өргөдөл гаргаж 2016.07.03-ний өдөр хүртэл цалингүй чөлөөг авч "Эрдэнэт Өртөө" ний даргын 2015.10.02-ний өдрийн 113 тоот тушаал гарсан байдаг. БНСУ-аас ирээд ажилдаа орох гэсэн боловч Б.Аг эрүүл мэндээрээ тэнцэхгүй гэж үзэж байгаа тул ажилдаа орохыг зөвшөөрөөгүй ба 2016.07.18-ний өдрийн 57 дугаартай тушаал гарсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-ийг үндэслэсэн байдаг ба үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Учир нь: Эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй болсон гэдгийг тогтоосон мэргэжлийн байгууллагын эмч нарын комиссын дүгнэлт байхгүй байхад байгууллагын даргын үзэмжээр ажлаас үндэслэлгүй халж тушаал гаргаж байгаад нь нэхэмжлэгч Б.А нь гомдолтой байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Монгол улсын дээд шүүхийн 2000.07.03-ний өдрийн 33 дугаартай тогтоолын 15.2-д "40.1.2-ийг "ажил, мэргэжил, адвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй гэдгийг .... эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт,шийдвэр гарсан байхыг ойлгоно гэж заасан байдаг. Б.Аг тэгвэл ажилдаа тэнцэхгүй гэдгийг нотлосон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт гараагүй байхад шүүх үүнийг харгалзаж үзсэнгүй, нэг талыг баримталж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон юм. Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.12.09-ний өдрийн 142\ШШ2016\01531 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                             ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлэх журмыг хуульд заасны дагуу хэрэгжүүлснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.А галт тэрэгний туслах найруулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор 2 387 348 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэгчийг эрүүл мэндийн хувьд туслах найруулагчийн ажилдаа тэнцэхгүй болсон тул ажлаас нь хуульд заасны дагуу чөлөөлсөн гэсэн үндэслэлээр шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.А нь тус өртөөний галт тэрэгний туслах найруулагчаар ажиллаж байгаад 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 9 сарын хугацаатай цалингүй чөлөө 2 удаа авч чөлөөтэй байх хугацаандаа осолд орж баруун гарын эрхий, долоовор хуруу тайрагдсан болох нь тогтоогдсон ба энэ талаар талууд маргаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Б.Аг галт тэрэгний туслах найруулагчийн ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн гаргасан тушаалын үндэслэл хэрэгт авагдсан хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон ба шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д нийцсэн байна.

Тухайлбал Төмөр замын тээврийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалт,  “Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам” -ын 2 дугаар зүйлийн 2.1.2, 3 дугаар зүйлийн 3.1.10-т заасны дагуу галт тэрэгний туслах найруулагчаар ажиллаж буй ажилтан эмнэлгийн урьдчилсан ба цаг үеийн үзлэгээр орж улмаар тухайн ажлыг гүйцэтгэхэд эрүүл мэндийн хувьд тэнцсэн байхаар зохицуулагдсан ба нэхэмжлэгч Б.А нь 2014 оны 4 дүгээр сараас эхлэн тухайн ажлыг гүйцэтгэж байх хугацаанд эмнэлгийн үзлэгт хамрагдаж байсан, тэрээр чөлөөний хугацаа дуусч ажилдаа буцаж орох үед Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмчийн урьдчилсан үзлэгээр галт тэрэгний туслах найруулагчийн ажилд тэнцэхгүй гэсэн магадлагаа гаргасан болох нь хэрэгт авагдсан зохигчдын гаргасан тайлбар, Эмнэлгийн урьдчилсан ба цаг үеийн үзлэг хийсэн тухай /хх-ийн 36 тал/ баримтаар тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч Б.А ажил олгогчийн гаргасан тушаалын үндэслэл болон хариуцагчийн гаргаж буй “...нэхэмжлэгчийн баруун гарын эрхий, долоовор хуруу тайрагдсан тул туслах найруулагчийн ажилд эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй, эмнэлгийн магадлагаа хууль зүйн үндэслэлтэй, заавал комиссын дүгнэлт гаргуулахыг хуулиар заагаагүй...” гэх тайлбарыг няцааж чадаагүй өөрөөр хэлбэл түүний баруун гарын 2 хуруу тайрагдсанаар хөдөлмөрийн чадвар алдагдаагүй, ажил үүргээ гүйцэтгэх боломжтойг нотлох баримт хэрэгт авагдаагүй, Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн магадлагаа үндэслэлтэй эсэх талаар шинжээчийн дүгнэлтийг гаргуулах талаар анхан шатны шүүхэд хүсэлт гаргаагүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “Б.Аг ажилдаа тэнцэхгүй гэдгийг нотолсон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт гараагүй байхад шүүх үүнийг харгалзаж үзсэнгүй, нэг талыг баримталж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1531 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.УРАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД                                               Б.БАТТӨР

                                                                Б.ОЮУНЦЭЦЭГ