Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 142/ШШ2016/01336

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, шүүгч Д.Ариунцэцэг, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

          Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянгол дүүрэг 2-р хороо Сөүлийн гудамж Бүрд оффис 6-р давхар “PMW” ХХК-ий нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 8-19 тоотод оршин суух Буянхишигийн Алтангэрэл,

          Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 8-19 тоотод оршин суух Буянхишигийн Алтанцом нарт холбогдох,

“Гэм хорын хохирол 16 000 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Баатар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Түмэнжаргал, иргэдийн төлөөлөгч Ж.Нямсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “PMW” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нарын нэг болох Буянхишигийн Алтангэрэл нь /РД: ФА93080915/ нэхэмжлэгч “РМW” ХХК-ий Орхон аймаг дахь салбарт 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн жолооч хамгаалагчийн ажилд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа компанийн дотоод журам, зааврыг зөрчих, ажил үүргээ хангалтгүй биелүүлэх, хариуцсан машин техникийг хайр гамгүй хандах зэрэг зөрчил дутагдлыг удаа дараа гаргасан тул түүнийг 2015/2/18-ны өдрөөс эхлэн хамгаалагчийн албан тушаалд томилон ажиллуулах болсон. Тэрээр хамгаалагчаар ажиллаж байх хугацаандаа буюу 2015/2/19-ний өдөр компанийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл болох 64 34 УНИ улсын дугаартай “Мицубуши делика” маркийн тээврийн хэрэгслийг холбогдох журам зааврыг зөрчин дур мэдэн жолоодож хувийн сонирхлоор цагаан сарын золголт хийж яваад унаган уг тээврийн хэрэгсэлд ихээхэн хэмжээний хохирол учруулсан. Энэ тухайгаа компанийн захиргаанд мэдэгдэлгүй нуун дарагдуулж 20 хоногийг өнгөрөөсөн. Дараа нь компанийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд учруулсан хохирлыг барагдуулах талаар шаардлага тавихад машиныг засаж янзлаад тун удахгүй хуучин хэвэнд нь оруулаад аваад ирнэ гэж хэлсэн тул бид түүнд итгэн дахин 20 хоног хүлээсэн боловч машинд засвар хийх нь бүү хэл утсаа авахгүй алга болсон. Сайтар хөөцөлдсөний үр дүнд Б.Алтангэрэлийн аав Буяннэмэх болон түүний төрсөн эгч Б.Алтанцом нартай уулзахад Б.Алтангэрэл машиныг онхолдуулсан нь үнэн тул нэн даруй машиныг зарж компанийг хохиролгүй болгоно гэсэн тул бид “Найдвар Од Аудит” ХХК-иар уг автомашиныг үнэлүүлж 2015/4/22-ны өдөр баримтаар баталгаажуулан автомашиныг Б.Алтангэрэл болон эгч Б.Алтанцом нарт хүлээлгэн өгсөн. “Найдвар Од Аудит” ХХК нь уг автомашиныг 16 000 000 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл хариуцагч нар нь хэлэлцэн тохирсноо зөрчин дахин алга болсон тул бид шүүхэд хандан 64 34 УНИ улсын дугаартай “Мицубуши делика” маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 16 000 000 төгрөгийг гаргуулахаас өөр аргагүй болоод байна. Компанийн өмчийг хүлээж авч яваад 8 сар болж байгаа ба одоо уг машины техникийн нөхцөл ямархуу байдалтай байгаа талаар бид төсөөлөлгүй, буцаан авах боломжгүй байгаа тул өөрсөдтэй нь хэлэлцэн тохирсоны дагуу тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоосон хэмжээгээр бид төлбөрийг гаргуулна. Бусад учруулсан хохирлын тухайд одоогоор нээлттэй орхиж байна. Иймд Б.Алтангэрэл, Б.Алтанцом нараас “Мицубуши делика” маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 16 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Бид нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Үүнд машинаа аваад, үнэлгээний зөрүү хохирол 5 000 000 төгрөгөө гаргуулж авах хүсэлтэй байна. Энэ үнэлгээний зөрүү 5,0 сая төгрөг бол манай компанид учирсан бодит хохирол гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Б.Алтангэрэл шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд дээр тайлбарлахдаа: PMW ХХК-ий нэхэмжлэлтэй, хариуцагч Алтангэрэл миний бие нь танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Миний бие нь тухайн компанийн автомашиныг хувийн хэрэгцээнд авч явж байгаад манай найз Дандарбаатар жолоодож яваад унагаасан нь үнэн бөгөөд миний бие автомашиныг бүрэн засварлаад эргүүлж компанид хүлээлгэн өгөх гэсэн боловч хүлээн авахгүй заавал автомашиныг бүрэн үнэ болох 16 000 000 төгрөгийг авна гэсэн. Тухайн үед автомашины урд салхины шил хагарсан, зүүн талын заалны хаалга хонхойсон, зүүн талын урд карлон, хойд карлон зурагдсан байсан бөгөөд засварын газраар 800 000 төгрөгөөр засуулж урд хагарсан шилийг 300 000 төгрөгөөр зүүн талын заалны хаалгыг 150 000 төгрөгөөр бүрэн сольсон. Ингээд удаа дараа автомашиныг хүлээлгэн өгөх гэхэд огт авахгүй 16 000 000 төгрөг нэхсээр өдий хүрлээ. Энэ хугацаанд миний бие нь тухайн автомашиныг зарах гэж оролдсон боловч зарж борлуулж чадаагүй өдий хүрсэн ба энэхүү автомашиныг тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь солигдоогүй. Энэ автомашин одоо хүртэл PMW ХХК-ий өмч хэвээр байсаар байтал надаас 16 000 000 төгрөг авто машины үнэ гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Миний бие тухайн автомашиныг нэхэмжлэгч компанид хүлээлгэн өгмөөр байна. Иймд энэхүү автомашиныг PMW ХХК-д хүлээлгэн өгч, автомашиныг PMW ХХК-ийг буцаан авахаар шийдэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Алтанцом нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа: “PMW” ХХК-ий нэхэмжлэлтэй хариуцагч Б.Алтанцом миний бие танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Б.Алтанцом миний бие нь “PMW” ХХК-д ямар ч хамааралгүй болно. Уг нэхэмжлэл нь Б.Алтанцом миний биед ямарч хамааралгүй бөгөөд нэхэмжлэлийг миний нэр дээр гаргасан байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Одоо бид машиныг нь буцааж өгөөд 2 500 000 төгрөг өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “PMW” ХХК нь Б.Алтангэрэл, Б.Алтанцом нарт холбогдуулан ““16 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч, шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, 6534 УНИ улсын дугаартай “Мицубуши делика” маркийн авто машинаа аваад, үнэлгээний зөрүү болох 5,0 сая төгрөг гаргуулахаар шаардсан.

            Хариуцагч Б.Алтангэрэл нь 2015 оны 02 дугаар сарын 19-ны өдөр “PMW” ХХК-д жолоочоор ажиллаж байхдаа 6534 УНИ улсын дугаартай “Мицубуши делика” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад унагааж гэмтээсэн гэм буруугийн талаар маргаагүй. 

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаад санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээдуг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохиролыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасны дагуу “PMW” ХХК нь хариуцагч Б.Алтангэрэлээс гэм хорын хохиролыг шаардах эрхтэй.

            Тээврийн хэрэгсэлд тухайн үед ямар ямар гэмтэл учирсан талаар хэрэгт нотлох баримт ирүүлээгүй, харин хариуцагч Б.Алтангэрэл нь урд салхины шил, гүйдэг хаалга зэргийг сольсон, нийт 1 635 000 төгрөгийн засвар хийлгэсэн гэж тайлбарласан. 6534 УНИ улсын дугаартай “Мицубуши делика” маркийн авто иашиныг засаж янзалсан талаар гэрч Д.Отгонжаргал шүүх хуралдаанд мэдүүлсэн.

             6534 УНИ улсын дугаартай “Мицубуши делика” маркийн авто машинд 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр “Найдвар Од Аудит” ХХК-р засвар хийснээс нь хойш үнэлгээ хийлгэсэн дүгнэлт хэрэгт авагдсан байна. Мөн шүүхээс хариуцагчийн хүсэлтээр 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр, 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 6534 УНИ улсын дугаартай “Мицубуши делика” маркийн авто машины техникийн бүрэн бүтэн байдлыг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан. 2016 оны 06 дугаар сарын 24-ны өдөр нэхэмжлэгчийн хүсэлтээр уг тээврийн хэрэгслийн одоогийн зах зээлийн үнэлгээг шинжээч томилж тус тус дүгнэлт гаргуулсан.

            Нэхэмжлэгч тайлбарлахдаа 2015 оны 04 дгээр сарын 02-ны өдөр 6534 УНИ улсын дугаартай “Мицубуши делика” маркийн авто машины зах зээлийн үнэлгээг 16,0 саяар үнэлсэн, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 11,0 сая төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний зөрүү 5,0 сая төгрөг байна, энэ нь манай компанид учирсан бодит хохирол гэж үзэж байна. Иймд машинаа аваад, үнэлгээний зөрүү 5,0 сая төгрөгийг гаргуулна гэсэн.

            Гэм хор учруулснаас үүсэх үүрэг нь урьдчилан тохиролцсон хэлцэл, гэрээтэй холбогдолгүйгээр бусдын амь нас, эрүүл мэнд, нэр хүнд ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгийн халдашгүй байдалд гэм хор учруулсан тохиролдолд хохирсон этгээд өөрт учирсан эд хөрөнгийн ба эд хөрөнгийн бус аливаа хохиролыг нөхөн гаргуулахаар шаардах, үүнд буруутай этгээд уг гэм хорыг бүрэн хариуцах үүрэг үүсэх явцад үүсдэг эрх зүйн харилцаа юм. Гэм хорыг материаллаг ба материаллаг бус гэж ангилах ба материаллаг гэм хорд эд хөрөнгө устсан гэмтсэн, бодит хохирол, алдагдал, олох байсан орлого, зардал орно. Хохирол гэдэгт үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлого багтана.

            Машиныг үнэлсэн хоёр үнэлгээний зөрүүг хохирол гэж үзэх боломжгүй, машинд учирсан бодит хохирол биш, машинд учирсан гэм хор арилсан гэж үзэхээр байна. Тиймээс 5,0 сая төгрөгийг хохирол гэж үзэж буй нэхэмжлэлийн энэ шаардлага үндэслэлгүй, хохирол учирсан гэж байгаа бол ямар хохирол учирсан, яаж хохирсон талаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй юм.  

            Нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан “зохигч , гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цунлуулах үүрэгтэй” гэсэн үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

            Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж, 6534 УНИ улсын дугаартай “Мицубуши делика” маркийн авто машиныг Б.Алтангэрэлээс гаргуулан  “PMW” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 5,0 сая төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Б.Алтанцом нь “PMW” ХХК-д гэм хор учруулсан этгээд биш бөгөөд түүнээс шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул Б.Алтанцомд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.    

            Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 237 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Алтангэрэлээс 11,0 сая төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 190 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Алтангэрэлээс 6534 УНИ улсын дугаартай “Мицубуши делика” маркийн авто машиныг гаргуулан  “PMW” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 5,0 сая төгрөг гаргуулах, хариуцагч Б.Алтанцомд холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар улсын орлогод оруулсан 237 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Алтангэрэлээс 190 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХИШИГДАВАА

                                             ШҮҮГЧИД                                  Д.АРИУНЦЭЦЭГ

                                                                                                Р.ҮҮРИЙНТУЯА