Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 30

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      “PMW” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                          иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1336 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч “PMW” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Алтангэрэл, Б.Алтанцом нарт холбогдох

“Гэм хорын хохирол 16.000.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түмэнжаргалын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Түмэнжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд, нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч PMW ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нарын нэг болох Буянхишигийн Алтангэрэл нь /РД: ФА93080915/ нэхэмжлэгч РМW ХХК-ий Орхон аймаг дахь салбарт 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн жолооч хамгаалагчийн ажилд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа компанийн дотоод журам, зааврыг зөрчих, ажил үүргээ хангалтгүй биелүүлэх, хариуцсан машин техникийг хайр гамгүй хандах зэрэг зөрчил дутагдлыг удаа дараа гаргасан тул түүнийг 2015/2/18-ны өдрөөс эхлэн хамгаалагчийн албан тушаалд томилон ажиллуулах болсон. Тэрээр хамгаалагчаар ажиллаж байх хугацаандаа буюу 2015/2/19-ний өдөр компанийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл болох 64 34 УНИ улсын дугаартай Мицубуши делика маркийн тээврийн хэрэгслийг холбогдох журам зааврыг зөрчин дур мэдэн жолоодож хувийн сонирхлоор цагаан сарын золголт хийж яваад унаган уг тээврийн хэрэгсэлд ихээхэн хэмжээний хохирол учруулсан. Энэ тухайгаа компанийн захиргаанд мэдэгдэлгүй нуун дарагдуулж 20 хоногийг өнгөрөөсөн. Дараа нь компанийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд учруулсан хохирлыг барагдуулах талаар шаардлага тавихад машиныг засаж янзлаад тун удахгүй хуучин хэвэнд нь оруулаад аваад ирнэ гэж хэлсэн тул бид түүнд итгэн дахин 20 хоног хүлээсэн боловч машинд засвар хийх нь бүү хэл утсаа авахгүй алга болсон. Сайтар хөөцөлдсөний үр дүнд Б.Алтангэрэлийн аав Буяннэмэх болон түүний төрсөн эгч Б.Алтанцом нартай уулзахад Б.Алтангэрэл машиныг онхолдуулсан нь үнэн тул нэн даруй машиныг зарж компанийг хохиролгүй болгоно гэсэн тул бид Найдвар Од Аудит ХХК-иар уг автомашиныг үнэлүүлж 2015/4/22-ны өдөр баримтаар баталгаажуулан автомашиныг Б.Алтангэрэл болон эгч Б.Алтанцом нарт хүлээлгэн өгсөн. Найдвар Од Аудит ХХК нь уг автомашиныг 16 000 000 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл хариуцагч нар нь хэлэлцэн тохирсноо зөрчин дахин алга болсон тул бид шүүхэд хандан 64 34 УНИ улсын дугаартай Мицубуши делика маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 16 000 000 төгрөгийг гаргуулахаас өөр аргагүй болоод байна. Компанийн өмчийг хүлээж авч яваад 8 сар болж байгаа ба одоо уг машины техникийн нөхцөл ямархуу байдалтай байгаа талаар бид төсөөлөлгүй, буцаан авах боломжгүй байгаа тул өөрсөдтэй нь хэлэлцэн тохирсоны дагуу тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоосон хэмжээгээр бид төлбөрийг гаргуулна. Бусад учруулсан хохирлын тухайд одоогоор нээлттэй орхиж байна.

Иймд Б.Алтангэрэл, Б.Алтанцом нараас Мицубуши делика маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 16 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Бид нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Үүнд машинаа аваад, үнэлгээний зөрүү хохирол 5 000 000 төгрөгөө гаргуулж авах хүсэлтэй байна. Энэ үнэлгээний зөрүү 5,0 сая төгрөг бол манай компанид учирсан бодит хохирол гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Б.Алтангэрэл шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд дээр тайлбарлахдаа: PMW ХХК-ий нэхэмжлэлтэй, хариуцагч Алтангэрэл миний бие нь танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Миний бие нь тухайн компанийн автомашиныг хувийн хэрэгцээнд авч явж байгаад манай найз Дандарбаатар жолоодож яваад унагаасан нь үнэн бөгөөд миний бие автомашиныг бүрэн засварлаад эргүүлж компанид хүлээлгэн өгөх гэсэн боловч хүлээн авахгүй заавал автомашиныг бүрэн үнэ болох 16 000 000 төгрөгийг авна гэсэн. Тухайн үед автомашины урд салхины шил хагарсан, зүүн талын заалны хаалга хонхойсон, зүүн талын урд карлон, хойд карлон зурагдсан байсан бөгөөд засварын газраар 800 000 төгрөгөөр засуулж урд хагарсан шилийг 300 000 төгрөгөөр зүүн талын заалны хаалгыг 150 000 төгрөгөөр бүрэн сольсон. Ингээд удаа дараа автомашиныг хүлээлгэн өгөх гэхэд огт авахгүй 16 000 000 төгрөг нэхсээр өдий хүрлээ. Энэ хугацаанд миний бие нь тухайн автомашиныг зарах гэж оролдсон боловч зарж борлуулж чадаагүй өдий хүрсэн ба энэхүү автомашиныг тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь солигдоогүй.

Энэ автомашин одоо хүртэл PMW ХХК-ий өмч хэвээр байсаар байтал надаас 16 000 000 төгрөг авто машины үнэ гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Миний бие тухайн автомашиныг нэхэмжлэгч компанид хүлээлгэн өгмөөр байна. Иймд энэхүү автомашиныг PMW ХХК-д хүлээлгэн өгч, автомашиныг PMW ХХК-ийг буцаан авахаар шийдэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Алтанцом нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа: PMW ХХК-ий нэхэмжлэлтэй хариуцагч Б.Алтанцом миний бие танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Б.Алтанцом миний бие нь PMW ХХК-д ямар ч хамааралгүй болно. Уг нэхэмжлэл нь Б.Алтанцом миний биед ямарч хамааралгүй бөгөөд нэхэмжлэлийг миний нэр дээр гаргасан байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Одоо бид машиныг нь буцааж өгөөд 2 500 000 төгрөг өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1336 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Алтангэрэлээс 6534 УНИ улсын дугаартай Мицубуши делика маркийн авто машиныг гаргуулан PMW ХХК-д олгож, нэхэмжлэлээс 5,0 сая төгрөг гаргуулах, хариуцагч Б.Алтанцомд холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар улсын орлогод оруулсан 237 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Алтангэрэлээс 190 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Түмэнжаргал давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхээс маргааныг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Тодруулбал шийдвэрийн үндэслэх хэсэгт:

1. “... Машиныг үнэлсэн 2 үнэлгээний зөрүүг хохирол гэж үзэх боломжгүй, машинд учирсан бодит хохирол биш, машинд учирсан гэм хор арилсан гэж үзэхээр байна ” гэжээ.

Шинэвтэрт тооцогдох автомашинд ослоос үүдсэн эвдрэл, гэмтлийг хэдийгээр засварласан ч засварын дараа түүний арилжааны үнэ, өртөг буурч байдаг. Мөн хариуцагч нар нь автомашиныг өөрсдийн эзэмшил, ашиглалтандаа 1 жил гаруйн хугацаанд байлгасны улмаас түүний зах зээлийн ханш буурсан. Энэ нь 65-34 УНИ улсын дугаартай “Мицубуши делика” маркийн автомашинд 2015 оны 04 сарын 02-ны өдөр “Найдвар Од Аудит” ХХК-иар үнэлгээ хийлгэсэн дүгнэлт 16,000,000 төгрөг, харин 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр шүүхээс шинжээч томилуулан үнэлгээ хийлгэхэд 11,000,000 төгрөг болж зах зээлийн үнэлгээ нь 5,000,000 төгрөгөөр буурсан болох нь нотлогддог.

Ийнхүү нэхэмжлэгч автомашиныг жил гаруйн хугацаанд ашиглаж чадаагүй, мөн зах зээлийн үнэлгээ 5,000,000 төгрөгөөр буурсан, автомашин засварын дараа үлдэж буй багассан өртөг зэрэг хохирол учирсан байхад шүүх автомашиныг засварласан учир автомашинд учирсан гэм хор арилсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

ИХ-ийн 510-р зүйлийн 510.1-т “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх ”, мөн хуулийн 228-р зүйлийн 228.1-т “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй” гэж заасан байдаг.

Энэ үүргээ биелүүлэхдээ эд хөрөнгийг өмнө байсан байдалд нь сэргээх боломжгүй, адил нэр, төрөл чанарын эд хөрөнгө байхгүй тохиолдолд хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. Мөнгөөр нөхөн төлөх хэмжээг харилцан тохиролцоогүй бол гэмтэж, эвдэрсэн автомашиныг мэргэжлийн байгууллагаас үнэлсэн үнэлгээг харгалзана. Хавтаст хэрэгт осолдсон автомашинд “Найдвар Од Аудит” ХХК-иар үнэлгээ хийлгэсэн баримт авагдсан тул шүүхийн “... хохирол учирсан гэж байгаа бол ямар хохирол учирсан, яаж хохирсон талаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй юм” энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна гэсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй юм.

Мөн хариуцагч Б.Алтангэрэл, Б Б.Алтанцом нар нь шүүхэд ирүүлсэн тайлбар болОй шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Одоо бид автомашиныг нь буцааж өгөөд 2,500,000 төгрөг өгөхөд татгалзах зүйлгүй” гэж нэхэмжлэгчид учруулсан гэм хорын хохиролоо нөхөн төлөхийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэвч шүүх ИХШХШтХ-ийн 74-р зүйлийн 74.1-т "хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн” гэж заасны дагуу “үнэлгээний зөрүү хохирол 5,000,000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөн байхад хариуцагчийн зөвшөөрлийг батлаагүй шийдвэр гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

Иймд хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, дүгнэж чадаагүй анхан шатны шүүхийн шийдвэрийн “нэхэмжлэлээс 5,000,000 төгрөг гаргуулах” хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагын энэхүү хэсгийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                        ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй боловч хэргийн оролцогчоос гаргаж өгсөн нотлох баримтуудыг тухайн хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “PMW” ХХК нь хариуцагч Б.Алтангэрэл, Б.Алтанцом нараас 16.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 65-34 УНИ улсын дугаартай Мицубуши Делика маркийн машинаа буцаан авч үнэлгээний зөрүү 5.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

Нэхэмжлэгч “PMW” ХХК нь хариуцагч Б.Алтангэрэл тус компанид жолоочоор ажиллаж байхдаа 2015.02.19-ний өдөр Мицубуши Делика маркийн машиныг онхолдуулж хохирол учруулсан тухай үйл баримтанд үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

Хариуцагч Б.Алтангэрэл, Б.Алтанцом нар албан ажлын тээврийн хэрэгслийг хувийн ажилд авч яваад унагааж гэм хор учруулсан үйл баримтын талаар маргаагүй харин машинд засвар үйлчилгээ хийж хохирлыг арилгасан Мицубуши Делика маркийн тээврийн хэрэгслийг буцааж өгнө 16.000.000 төгрөгийг төлөх боломжгүй гэж маргажээ.

Шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан үндэслэлээр “PMW” ХХК нь хариуцагчаас гэм хорын хохирол шаардах эрхтэй, тээврийн хэрэгсэлд тухайн үед ямар ямар гэмтэл учирсан талаар нотлох баримт ирүүлээгүй, хариуцагч Б.Алтангэрэл салхины урд шил, гүйдэг хаалга зэргийг шинээр сольсон нийт 1.635.000 төгрөгийн засвар хийлгэсэн, энэ талаар гэрч Отгонжаргал мэдүүлсэн, хариуцагчийн хүсэлтээр шүүх 2016.03.02-ны өдөр, 2016.05.25-ны өдрийн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолоор 65-34 УНИ улсын дугаартай Мицубуши Делика маркийн автомашины техникийн бүрэн бүтэн байдлыг тогтоолгохоор шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан 2016.06.24-ний өдөр нэхэмжлэгчийн хүсэлтээр тээврийн хэрэгслийн одоогийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан гэсэн дүгнэлтүүдийг хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангахаар нэхэмжлэгчээс 5.000.000 төгрөг гаргуулах, хариуцагч Б.Алтанцомд холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “PMW” ХХК нь машиныг үнэлсэн 2 шинжээчийн дүгнэлтээр машины үнэлгээний зөрүү 5.000.000 төгрөгийг компанид учирсан бодит хохирол гэж үзэж хариуцагч Б.Алтангэрэл, Б.Алтанцом нараас гаргуулахаар шаардсан хариуцагчийн шаардлагыг шүүх хохирол гэж үзэх боломжгүй машинд учирсан бодит хохирол биш ямар хохирол учирсан яаж хохирсон талаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй гэсэн дүгнэлт хийж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх/адил нэр төрөл чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах/ буюу учирсан хохирлыг мөнгөөр төлөх ёстой бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан хууль бусаар санаатай буюу болгоомжгүй /үйлдэл эс үйлдэхүй/-ээр бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан нь нотлогдсон байхыг шаардана.

Эд хөрөнгөнд учирсан хохирлыг Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 228.2-т зааснаар гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээх боломжгүй эсхүл харьцангүй өндөр зардал гарахаар бол мөнгөөр нөхөн төлөхөөр зохицуулсан. Эд хөрөнгөнд учирсан гэм хор нь материаллаг шинжтэй байх ба эд хөрөнгийн бодит үнэ, алдагдал олох ёстой орлого хамаардаг.

Иймд Мицубуши делика маркийн автомашиныг нэхэмжлэгчийн хүсэлтээр хийгдсэн Найдвар Од аудит ХХК-ийн 2015.04.02-ны өдрийн 52 тоот шинжээчийн дүгнэлтээр 16.000.000 төгрөгөөр үнэлсэн, хариуцагчийн хүсэлтээр шүүгчийн захирамжийн дагуу хийгдсэн Далай ван аудит ХХК-ийн 2016.10.17-ны өдрийн 04/03 тоот дүгнэлтээр 11.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгч эдгээр шинжээчийн дүгнэлтээр үнэлэгдсэн үнэлгээний үнийн дүнгийн зөрүү 5.000.000 төгрөгийг компанид учирсан хохирол гэж шаардсан байхад шүүх машины үнэлгээний үнийн зөрүү болохоос учирсан бодит хохирол биш гэж дүгнэсэн нь буруу байна.

“PMW” ХХК-ийн ажил үүргээ гүйцэтгэж байсан машин нь 2015 онд 16.000.000 төгрөгийн үнэтэй үнэлэгдэж байсан, худалдаж авсан үндсэн үнэ нь 18.500.000 төгрөг байсан ба хариуцагч Б.Алтангэрэлийн гэм буруутай үйлдлийн улмаас эвдэрч гэмтсэн учраас 1 жилийн дараа үнийн дүн 5.000.000 төгрөгөөр буурсан нь компанид учирсан эд хөрөнгийн алдагдал бодит хохирол гэж үзэх үндэслэлтэй.

Иймд хариуцагч Б.Алтангэрэлээс 5.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “PMW” ХХК-д олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Энэ талаар нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжтой.

Харин хариуцагч Б.Алтанцомыг хариуцагчаар татаж оруулсан гэм буруутай хор хохирол учруулсан этгээд биш учраас шүүхийн Б.Алтанцомд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн хэмжээгээр Мицуцуши Делика авто машиныг гаргуулахаар шийдвэрлэхдээ Далайван аудит ХХК-ийн 2016.10.17-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр /шүүгчийн захирамжаар томилогдсон шинжээч/ үнэлсэн үнэлгээг үндэслэн үнийн дүнг тодорхой заагаагүй байгааг зөвтгөн засах үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1336 дугаар шийдвэрийн 1 дэхь заалтын “...авто машиныг...” гэснийг “...автомашин буюу үнэ 11.000.000 төгрөг гаргуулан...” гэж, “нэхэмжлэгчээс 5.000.000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг хасч “Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар хариуцагч Б.Алтангэрэлээс 5.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “PMW” ХХК-д олгосугай” гэж,

2 дахь заалтын “...Б.Алтангэрэлээс 190.950 төгрөг” гэснийг 285.900 төгрөг гэж өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.950 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

         ШҮҮГЧИД                                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                            С.УРАНЧИМЭГ