Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 142/ШШ2016/01353

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж хийсэн шүүх хуралдаанаар

             Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот багт байрлах “Бадмаараг” СӨХ-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: “Эрдэнэт-Ус” ДТС ОНӨХК-д холбогдох

“1 017 202 төгрөг” гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Цэрэннадмид, харицагчийн төлөөлөгч З.Баттулга, гэрч Д.Нармандах, Э.Энхцэцэг, Б.Эрдэнэбулган, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Бадмаараг” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус сууц өмчлөгчдийн холбооны харьяа байруудын  подвольд үйл ажиллагаа явуулж байгаа иргэдийн дулаан цахилгааны төлбөрийг “Эрдэнэт-Ус” ДТС ОНӨХК нь 2016 оны 3, 4 дүгээр сард СӨХ-ийн айл өрхөөс орсон ДӨЭХ-ын засвар үйлчилгээний мөнгөнөөс 6-19-7 подволийн 139 272,09 төгрөг, 6-14-2 дугаар подволийн 85 473,97 төгрөг, 6-16-1 подволийн 318 109.17 төгрөг, 6-15-1-р подволийн 474 347.31 төгрөг буюу нийт 1 017 202 төгрөгийг шууд суутган авсан байна. Дээрхи подволийн эзэд нь нь тухайн подволоо ашиглахын тулд СӨХ-той гэрээ байгуулан ашиглалтын түрээсийн төлбөр төлдөг ба цахилгаан дулаан усны мөнгөө “Эрдэнэт-Ус” ДТС ОНӨХК-д өгөхөөр тус компанитай гэрээ байгуулан ажилладаг байна. Бид СӨХ-ын ДӨЭХ-ийн засвар үйлчилгээний төлбөрөө “Эрдэнэт-Ус” ДТС ОНӨХК-ын кассаар гэрээний дагуу мөнгөө хураалгадаг ба подволд үүссэн элдэв асуудлыг хариуцахаар заагүй болно.

Иймд дээрхи 1 017 202 төгрөгийг гаргуулж тус СӨХ-ын Капитрон банкны 3007003377 тоот дансанд буцаан хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “Бадмаараг” сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал С.Цэрэннадмидын гаргасан нэхэмжлэлд дараахи тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлд дурьдагдсан 1 017202,54 /нэг сая арван долоон мянга хоёр зуун хоёр төгрөг тавин дөрвөн мөнгө/ төгрөгийг “Бадмаараг” СӨХ-ийн данснаас суутгаж авсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Орхон аймаг дахь сууц өмчлөгчдийн салбар зөвлөлтэй 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хийсэн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.11-д “СӨХ-д шилжүүлэх засвар үйлчилгээний орлогоос байгууллага хооронд тооцоо нийлсэн актыг үндэслэн өөрийн байгууллагад холбогдох тооцоог суутган авч үлдэх бөгөөд СӨХ-оос бусад байгууллагатай үүсгэсэн төлбөр тооцооны суутгалыг зөвхөн тухайн байгууллагатай тооцоо нийлсэн акт болон гүйцэтгэх захирлын бичгээр ирүүлсэн зөвшөөрлийг үндэслэн суутгана” гэж гэрээ байгуулсан. Энэ гэрээнд “Бадмаараг” СӨХ-ны захирал С.Цэрэннадмид хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Гэрээнийхээ үүргийн дагуу манай компани 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 253 тоот албан бичгээр 6-р хорооллын 14-р байрны 2-р подвалийн ус дулааны үнэ 106,7 мянга /зуун зургаан мянга долоон зуу/ төгрөг, 2016 оны 04-р сарын 22-ны өдрийн 280 тоот албан  бичгээр 6-р хорооллын 19-р байрны 7-р подвалийн түрээсийн мөнгө 195,3 мянга /нэг зуун ерэн таван мянга гурван зуу/, 2016 оны 05-р дугаар сарын 19-ний өдрийн 381 тоот албан бичгээр 6-р хороолын 16 дугаар байрны 1-р подвалийн түрээсийн мөнгө 609,9 мянга /зургаан зуун есөн мянга/ төгрөг, 2016 оны 05-р сарын 19-ний өдрийн 380 тоот албан бичгээр 6 хорооллын 15-р байрны 1-р подвалийн түрээсийн хөлс 347,9 мянга /гурван зуун дөчин долоон мянга есөн зуу/ төгрөгийг СӨХ-ийн хураамжийн мөнгөнөөс суутган тооцохыг албан ёсоор мэдэгдсэн.

Суутган тооцоо хийхдээ дээрхи аж ахуйн нэгжүүдийг алдангиас нь чөлөөлж үндсэн мөнгөөр нь бодсон байна. Үүнээс гадна “Бадмаараг” СӨХ-ийн гүйцэтгэх захирал С.Цэрэннадмидад 6-р хорооллын байрны 2-р подвалийн төлбөрт Ардчилсан намын захирал С. Ганбаатар 106,7 мянга /нэг - зургаан мянга долоон зуу/ төгрөг төлсөн байна.

Мөн 6-р хороолын 15-р байрны 1-р подвалийг түрээсэлсэн Ж.Аптанзулын ус дулаан цахилгааны  үнэ 474347,31 /дөрвөн зуун далан дөрвөн мянга гурван зуун дөчин долоо мянга гучин нэг/ төгрөгнөөс түүний дүү Ж.Одонтуяа тодорхой хэсгийг төлсөн гэж ярьдаг.

Эдгээр баримт материал мэдээллийг үндэслэн “Бадмаараг” СӨХ-д дээрх нэхэмжилж Ш-шгз мөнгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчдын тайлбаруудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Бадмаараг” СӨХ-нь “Эрдэнэт-Ус” ДТС ОНӨХК-д холбогдуулан үндэслэлгүйгээр СӨХ-ийн данснаас суутгасан гэж үзэж 1 017 202 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч “Эрдэнэт-Ус” ДТС ОНӨХК нь “Бадмаараг” СӨХ-ны данснаас 1 017 202 төгрөгийг суутган авсан талаар маргаагүй, харин энэ мөнгийг Орхон аймаг дахь Сууц өмчлөгчдийн салбар зөвлөлтэй 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хийсэн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.11-д “СӨХ-д шилжүүлэх засвар үйлчилгээний орлогоос байгууллага хооронд тооцоо нийлсэн актыг үндэслэн өөрийн байгууллагад холбогдох тооцоог суутган авч үлдэх бөгөөд СӨХ-оос бусад байгууллагатай үүсгэсэн төлбөр тооцооны суутгалыг зөвхөн тухайн байгууллагатай тооцоо нийлсэн акт болон гүйцэтгэх захирлын бичгээр ирүүлсэн зөвшөөрлийг үндэслэн суутгана” гэж гэрээ байгуулсан. Тиймээс 1 017 202 төгрөгийг суутгасан нь үндэслэлтэй гэж тайлбарлаж мэтгэлцсэн. 

                Дээрх гэрээгээр “...СӨХ-оос бусад байгууллагатай үүсгэсэн төлбөр тооцооны суутгалыг зөвхөн тухайн байгууллагатай тооцоо нийлсэн акт болон гүйцэтгэх захирлын бичгээр ирүүлсэн зөвшөөрлийг үндэслэн суутгана...” гэсэн байхад гүйцэтгэх захиралын зөвшөөрөлгүйгээр, тухайн байгууллагын тооцоо нийлсэн акт баримтгүйгээр суутгал хийсэн болох нь нотлогдож байна.

            Түүнчлэн хариуцагч “Эрдэнэт-Ус” ДТС ОНӨХК нь, тус Согоот багийн 6-19-ын 7 дугаар подвол, 6-14-ын 2 дугаар подвол, 6-16-ын 1 дүгээр подвол, 6-15-ын 1 дүгээр подволын түрээслэгч тус бүртэй цахилгаан, цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах, бохир ус татан зайлуулах гэрээг байгуулсан байх бөгөөд, уг гэрээний 4.5-д “хэрэглэгч нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 10, 15 дугаар зүйлүүд, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 302 дугаар, 2013 оны 326, 327 дугаар тогтоолуудыг үндэслэн ус ашигласны төлбөрийг сар бүр хэрэглэсэн усны төлбөрийг хамт хангагчид төлнө”, 4.6-д “ цахилгаан, цэвэр ус, дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрөө тухайн сард багтаан компанийн тооцооны касс болон холбогдох банкинд тушаана. Тухайн сарын алдангийг дараа сарын 10-наас хойш тооцно” гэж заасан.

            Дээрхээс үзэхэд “Эрдэнэт-Ус” ДТС ОНӨХК нь цахилгаан, цэвэр ус, дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрийг хэрэглэгчтэй байгуулсан гэрээнийхээ дагуу тухайн хэрэглэгчээсээ гаргуулах нь зүйд нийцнэ.

            “Цахилгаан, цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах, бохир ус татан зайлуулах” гэрээнийхээ дагуу “Эрдэнэт-Ус” ДТС ОНӨХК нь подвол түрээслэгч нараасаа шаардах эрх нь нээлттэй байгаа.

            Тиймээс “Эрдэнэт-Ус” ДТС ОНӨХК нь “Бадмаараг” СӨХ-ны данснаас 1 017 202 төгрөгийг суутган авсан нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ. Харин 6-14-ын 2 дугаар подволийн төлбөрийг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш Ганбаатар нь СӨХ-ны дансанд төлсөн болох нь талуудын тайлбар, Капитрон банкны орлогын мэдүүлгээр нотлогдож байх тул 106 700 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 910 502,54 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.

            Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 28 963 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 26 402 төгрөг гаргуулан Бадмаараг СӨХ-д олгохоор заалаа.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 215 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан “Эрдэнэт-Ус” ДТС ОНӨХК-с 910 502,54 /есөн зуун арван мянга таван зуун хоёр төгрөг, тавин дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулан “Бадмаараг” СӨХ-нд олгож, уг мөнгийг Капитрон банкны 3007003377 дугаар дансанд хийхийг “Эрдэнэт-Ус” ДТС ОНӨХК-д даалгаж, нэхэмжлэлээс 106 700 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 28 963 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 26 402 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХИШИГДАВАА