Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 16

 

 

Б СӨХ-ийн нэхэмжлэлтэй

                                      иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1353 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б СӨХ-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Э.У” ДТС ОНӨХК-д холбогдох

“1.017.202 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч З.Баттулгын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэрэннадмид, нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч “Б” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус сууц өмчлөгчдийн холбооны харьяа байруудын подвольд үйл ажиллагаа явуулж байгаа иргэдийн дулаан цахилгааны төлбөрийг “..............” ДТС ОНӨХК нь 2016 оны 3, 4 дүгээр сард СӨХ-ийн айл өрхөөс орсон ДӨЭХ-ын засвар үйлчилгээний мөнгөнөөс 6-19-7 подволийн 139 272,09 төгрөг, 6-14-2 дугаар подволийн 85 473,97 төгрөг, 6-16-1 подволийн 318 109.17 төгрөг, 6-15-1-р подволийн 474 347.31 төгрөг буюу нийт 1 017 202 төгрөгийг шууд суутган авсан байна. Дээрхи подволийн эзэд нь нь тухайн подволоо ашиглахын тулд СӨХ-той гэрээ байгуулан ашиглалтын түрээсийн төлбөр төлдөг ба цахилгаан дулаан усны мөнгөө “..............” ДТС ОНӨХК-д өгөхөөр тус компанитай гэрээ байгуулан ажилладаг байна. Бид СӨХ-ын ДӨЭХ-ийн засвар үйлчилгээний төлбөрөө “..............” ДТС ОНӨХК-ын кассаар гэрээний дагуу мөнгөө хураалгадаг ба подволд үүссэн элдэв асуудлыг хариуцахаар заагүй болно. Иймд дээрхи 1 017 202 төгрөгийг гаргуулж тус СӨХ-ын Капитрон банкны 3007003377 тоот дансанд буцаан хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “Б” сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал С.Цэрэннадмидын гаргасан нэхэмжлэлд дараахи тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлд дурьдагдсан 1 017202,54 /нэг сая арван долоон мянга хоёр зуун хоёр төгрөг тавин дөрвөн мөнгө/ төгрөгийг “Б” СӨХ-ийн данснаас суутгаж авсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Орхон аймаг дахь сууц өмчлөгчдийн салбар зөвлөлтэй 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хийсэн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.11-д “СӨХ-д шилжүүлэх засвар үйлчилгээний орлогоос байгууллага хооронд тооцоо нийлсэн актыг үндэслэн өөрийн байгууллагад холбогдох тооцоог суутган авч үлдэх бөгөөд СӨХ-оос бусад байгууллагатай үүсгэсэн төлбөр тооцооны суутгалыг зөвхөн тухайн байгууллагатай тооцоо нийлсэн акт болон гүйцэтгэх захирлын бичгээр ирүүлсэн зөвшөөрлийг үндэслэн суутгана” гэж гэрээ байгуулсан. Энэ гэрээнд “Б” СӨХ-ны захирал С.Цэрэннадмид хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Гэрээнийхээ үүргийн дагуу манай компани 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 253 тоот албан бичгээр 6-р хорооллын 14-р байрны 2-р подвалийн ус дулааны үнэ 106,7 мянга /зуун зургаан мянга долоон зуу/ төгрөг, 2016 оны 04-р сарын 22-ны өдрийн 280 тоот албан  бичгээр 6-р хорооллын 19-р байрны 7-р подвалийн түрээсийн мөнгө 195,3 мянга /нэг зуун ерэн таван мянга гурван зуу/, 2016 оны 05-р дугаар сарын 19-ний өдрийн 381 тоот албан бичгээр 6-р хороолын 16 дугаар байрны 1-р подвалийн түрээсийн мөнгө 609,9 мянга /зургаан зуун есөн мянга/ төгрөг, 2016 оны 05-р сарын 19-ний өдрийн 380 тоот албан бичгээр 6 хорооллын 15-р байрны 1-р подвалийн түрээсийн хөлс 347,9 мянга /гурван зуун дөчин долоон мянга есөн зуу/ төгрөгийг СӨХ-ийн хураамжийн мөнгөнөөс суутган тооцохыг албан ёсоор мэдэгдсэн гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1353 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан “..............” ДТС ОНӨХК-с 910 502,54 /есөн зуун арван мянга таван зуун хоёр төгрөг, тавин дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулан “Б” СӨХ-нд олгож, уг мөнгийг Капитрон банкны 3007003377 дугаар дансанд хийхийг “..............” ДТС ОНӨХК-д даалгаж, нэхэмжлэлээс 106 700 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 28 963 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 26 402 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Харицагчийн төлөөлөгч З.Баттулга давж заалдсан гомдолдоо: Орхон аймаг дахь сууц өмчлөгчдийн салбар зөвлөлтэй 2015 оны 6 дугаар сарын 1-ний өдөр хийсэн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.11-д “СӨХ-д шилжүүлэх засвар үйлчилгээний орлогоос байгууллага хооронд тооцоо нийлсэн актыг үндэслэн өөрийн байгууллагад холбогдох тооцоог суутган авч үлдэх бөгөөд СӨХ-оос бусад байгууллагатай үүсгэсэн төлбөр тооцооны суутгалыг зөвхөн тухайн байгууллагатай тооцоо нийлсэн акт болон гүйцэггэх захирлын бичгээр ирүүлсэн зөвшөөрлийг үндэслэн суутгана” гэж гэрээ байгуулсан. Энэ гэрээнд “Б” СӨХ-ны захирал С.Цэрэннадмид хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна. Гэрээнийхээ үүргийн дагуу манай компани 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 253 тоот албан бичгээр 6-р хорооллын 14-р байрны 2-р подвалийн ус дулааны үнэ 106,7 мянга /нэг зуун зургаан мянга долоон зуу/ төгрөг, 2016 оны 04-р саргын 22-нй өдрийн 280 тоот албан бичгээр 6-р хорооллын 19-р байрны 7-р подвалийн түрээсийн мөнгө 195,3 мянга /нэг зуун ерэн гаван мянга гурван зуу/, 2016 оны 05-р дугаар сарын 19-ний өдрийн 381 тоот албан бичгээр 6-р хороолын 16 дугаар байрны 1-р подвалийн түрээсийн мөнгө 609,9 мянга /зургаан зуун есөн мянга/ төгрөг, 2016 оны 05-р сарын 19-ний өдрийн 380 тоот албан бичгээр 6-р хорооллын 15-р байрны 1-р подвалийн түрээсийн хөлс 347,9 мянга /гурван зуун дөчин долоо мянга есөн зуу/ төгрөгийг СӨХ-ийн хураамжийн мөнгөнөөс суутган тооцохыг албан ёсоор мэдэгдсэн. Дээрхи подвалуудад үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдтэй хариуцсан байцаагч нар нь сар бүр тооцоо нийлж мэдэгдэл өгөх буюу утсаар мэдэгддэг байсан. Энэ аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа зогсоох болоход СӨХ-ийн зүгээс манайд хандаж төлбөр тооцоотой эсэхийг лавлаж хамтран ажиллах ёстой байсан. Энэ утгаараа СӨХ-ийн орлогыг сууц өмчлөгч нараас манай борлуулалтын байцаагч нар хураан авдаг гэрээтэй юм гэжээ.

                                             ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “Б” Сууц өмчлөгчдийн холбоо нь манай данснаас 6 дугаар хороололын 1, 2, 7, 14, 15, 19 дүгээр байрны подвалийн ус, дулааны үнэ төлбөр нийт 1.017.202 төгрөгийг хууль бусаар суутгаж авсан тул хариуцагч Эрдэнэт –Ус ДТС, ОНӨХКомпаниас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх шүүх 910 502,54 төгрөг гаргуулан “Б” СӨХ-нд олгож, нэхэмжлэлээс 106 700 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр талуудын хооронд “Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээ, ашиглалт хамгаалалт, төлбөр хураамжийн талаар хамтран ажиллах” гэрээ /хх-ийн 4 тал/  байгуулагдсан ба хариуцагч тал гэрээний 2.2.11-д “СӨХ-д шилжүүлэх засвар үйлчилгээний орлогоос байгууллага хооронд тооцоо нийлсэн актыг үндэслэн өөрийн байгууллагад холбогдох тооцоог суутган авч үлдэх бөгөөд СӨХ-өөс бусад байгууллагатай үүсгэсэн төлбөр тооцооны суутгалыг зөвхөн тухайн байгууллагатай тооцоо нийлсэн акт болон гүйцэтгэх захирлын бичгээр ирүүлсэн зөвшөөрлийг үндэслэн суутгана” гэж заасны дагуу нэр бүхий айлуудын подвалийн дулаан, усны төлбөр төлөгдөөгүй тул тус СӨХолбооны дансаас дээрх төлбөрийг суутгаж авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч “Б” СӨХ холбоо хамтран ажиллах гэрээний 3 дугаар зүйлийн 3.15-д “...Хэрвээ мэргэжлийн байгууллагатай гэрээ хийгээгүй иргэд, аж ахуй нэгж оруулбал СӨХ нь уг аж ахуйн нэгж, иргэдийн цахилгаан ус дулааны үнийг төлнө” 4 дүгээр зүйлийн 4,4-д “Оршин суугчдын хөлс төлөлт, шилжилт хөдөлгөөн дэлгэрэнгүй бүртгэл, судалгаа мэдээллийг харилцан үнэн зөв гарган өгч олон сараар тооцоо хийгээгүй айл өрхийн ус дулааныг хязгаарлах, хаах, шаардлагатай тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргах талаар хамтран ажиллана”, 4.5-д “СӨХ нь мэргэжлийн байгууллагатай хамтран ус дулааны болон засвар үйлчилгээний төлбөр тооцоогоо хийгээгүй айл өрхүүдэд шаардлага тавьж нэгдмэл үйл ажиллагааг хангах” –аар үүрэг хүлээсэн ба подвалийн ус, дулааны төлбөрийг төлөөгүй тохиолдолд СӨХ холбооны данснаас суутгаж байхаар харилцан тохиролцоогүй байх тул шүүх зохигчдын хооронд үүрэг үүсээгүй, хариуцагч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болох нь тогтоогдсон гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх тул “хариуцагч байгууллагын төлөөлөгчийн гаргасан “... СӨХ-ийн орлогыг сууц өмчлөгч нараас манай борлуулалтын байцаагч нар хураан авдаг гэрээтэй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Шүүх 1.027.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 19 дүгээр байрны 7 дугаар подвалийн 106.700 төгрөг төлөгдсөн гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1353 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Баттулгын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26.402 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.УРАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД                                               Б.БАТТӨР

                                                                Б.ОЮУНЦЭЦЭГ