Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 0081

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

            нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

            улсын яллагч С.Оюунжаргал,

            хохирогч Ц.М, түүний өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа,

            насанд хүрээгүй гэрч Ц.А, Ц.Б, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч М.О,

            шинжээч эмч Ө.С,

            шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэбат, Г.Ганбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Тгийн Мд холбогдох 1903010540459 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн байцаалт

  Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Говь-Алтай аймгийн Гуулин хороонд төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Зүүн баян уул ... гудамжны ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Тгийн М /РД:.../

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Шүүгдэгч Т.М нь 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 11 цаг 20 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр Баянцагааны ... дугаар гудамж ... тоот хашааны хойд замд “Тоёота Приус” маркийн ... УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.3 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12 дугаар бүлгийн 12.3 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 68 настай Ц.Мийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг,

-Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасан заалтыг зөрчин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ  НЬ:

Шүүгдэгч Т.Мгийн шүүхийн хэлэлцүүлэгт: “...2019 оны 09 дүгэр сарын 01-ний өдөр 11 цагт 1 дүгээр ангид орох охиныхоо сургуулийн нээлтэнд оролцохоор машинтай явж байхад сургуулийн урд талын гудамж битүү түгжрэлтэй байсан. Тэгээд замын хоёр талаар машинууд тавьсан, 1 чигээр ар араасаа машинууд цувраад түгжрээд явж байгаад  осол гарсан гэх газар түгжрээд зогссон. Тэгээд би ойр орчноо харж байхад Мөнхтөр эмээг хүү нь баруун талаас, охин нь зүүн талаас сугадаад явж байсан. Охин, эмээ хоёр 1 утас гаргаж ирээд ээлжлээд утсаараа удаан ярьж явцгаасан. Өмнөх цагаан өнгийн машин хөдлөөд урагшлах үед би дагаад урагшилсан. Тэгээд явж байхдаа Мөнхтөр эмээд “цаад замаа шахаад явж болдоггүй юмуу” гээд орилоход сонсохгүй байсан, бүүр болохгүй болохоор нь дуут дохио өгсөн. Тэгсэн эмээ цочоод баруун талаараа баруун гараа дараад урагш унасан. Би очоод “балай юмуу хаашаа юм” гээд загнаад  “хүргээд өгье?” гэхэд “чамаар хүргүүлэхгүй, цагдаад хэлнэ” гэсэн. Тэгээд байж байтал урд талын цагаан машины жолооч бууж ирээд “хүргээд өгье” гэхэд  эмээ тэр хүмүүсийг загнаад байсан. Тэгж байгаад өмнөх машинд суугаад нэг их холгүй газар,  гүүрээр даваад буугаад гэр лүүгээ орж яваа харагдсан. Би бол зугтаасан асуудал байхгүй нэг чигтээ ар араасаа явж байгаа зам дээр би өмнөх машинаа даваад явах боломж байхгүй шүү дээ. Тэгээд түрэгдэж явсаар байгаад нэг газар машинаа байрлуулчхаад хүүхдийнхээ сургуулийн нээлтэнд оролцож байхад цагдаагаас залгасан. Эмнэлэгт аваачиж үзүүл гэсэн, үзүүлсэн. ... Хохирогч нь цочоод баруун талаараа урагшаа  дарж унасан. Би энэ хүнийг мөргөөгүй, зугтаасан асуудал байхгүй. Би жолоочийнхоо үүргийг мэднэ” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Хохирогч Ц.Мийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Энэ хүүхэд /шүүгдэгч/ худлаа ярьж байна. Тэр өдөр охин /зээ охин/ Буянзаяа нь уурлаад урд явж байсан, хүү /зээ хүү/ миний зүүн талд сугадаад явж байсан. Сигнал ерөөсөө дуугараагүй. Шууд ирээд мөргөсөн. Би 73 настай, миний хөл муу болохоор амархан унасан. Энэ хүний хэлсэнчлэн 2 зэрэг сугадалцаад зэрэгцээд явах зайгүй байсан. Миний  баруун талын үений хэсэг рүү мөргөснөөс уг хөлний өвдөгний харалдаа хөхрөөд улайчихсан байсан. Түргэн ирэхээр нь хөлөө үзүүлсэн, зураг авахуулахад хөлний ясанд хугаралгүй гэсэн. Мөн миний толгой өвдөөд нүүр халуу оргиод байхаар нь гэмтэлд толгойн томографид үзүүлэхэд толгой гэмтэлтэй байна гэж гарсан юм. Би гэмтлийн эмчид хөлөө үзүүлээгүй, хугаралгүй гэсэн болохоор. Толгойд гэмтэлтэй гэсэн учир зөвхөн толгойны зовиураа хэлээд эмчилгээ хийлгэсэн. Хөлний хөхрөл нь хэвтэж байхад зүгээр болсон. Урд талын машины жолооч нь энэ хүний машины номерыг нь хэлж өгсөн. Маш их гомдолтой байна. Намайг гэмтсэнээс болж охин ажлаа таслаад, хүүхдүүд ч хичээлдээ явж чадахгүй ээлжлэн таслаад намайг асардаг байсан. Манай гэрийн амьдрал сүйрсэн. Би хэвтрийн болж охиндоо хүртэл ачаа болохоор болчихлоо. Энэ хүн хүний урманд уучлалт гуйгаагүй. Эмчилгээний зардлыг ч төлөөгүй. Би мөнгөгүйн улмаас олигтой ч эмчилгээ хийлгэж чадаагүй. Энэ хүн 1 удаа ирчхээд эдгэх л байлгүй, хэн хэндээ гомдолгүй гээд гараад явсан. Эмчилгээ хийлгэмээр байна. Одоогоор өвчин намдаагч хэрэглээд аргацаагаад явж байна.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Насанд хүрээгүй гэрч Ц.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би эмээгийн зүүн гар талд нь сугадаад явж байсан. Энэ хүний машин нь зүүн урд талын дугуйгаараа эмээгийн баруун талын хөлний шилбэн тус газар мөргөсөн. Өмнөх мэдүүлэг дээр цагдаа буруу бичсэн юм шиг байна лээ. Эмээ тэгээд газарт унасан. Эмээ газар унахдаа ар талаараа унасан. Машин эмээг мөргөхөөс өмнө дүү утсаар яриагүй, би ч яриагүй, харин эмээг мөргүүлээд унасан дараа дүү ээжтэй ярьсан. Биднийг суулгасан машин гүүрний тэнд буулгаад гэрт оруулж өгсөн. Тэр гүүр нь манай гэрээс 2 алхмын цаана, ойрхон байдаг. Ах, дүү, ээж, бид 4 ээлжлэн чөлөө аваад эмээгээ харсан. Намайг мэдүүлэг өгөхөд хэн нэгэн зааж өгсөн зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Насанд хүрээгүй гэрч Ц.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би яг үнэндээ эмээг шүргэхийг хараагүй. Эмээг орилохоор нь эргэж харахад эмээ газар унасан байсан” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Шинжээч Ө.Сийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор шинжээчийн дүгнэлтийг гаргасан. 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ГССҮТ эмнэлэг дээр очиход өвчтэй эмнэлгээс гарсан байсан тул биеэр үзээгүй, өвчний түүхийг үндэслэж дүгнэлтээ гаргасан. Хохирогч нь 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гэмтэл аваад 2-ны өдөр толгойн томографийн шинжилгээ хийлгэхэд дагз ясны хугарал бүхий гэмтэл авсан байдаг. Гэмтлийн үзлэгт хуучин гэмтэл тогтоогдоогүй, шинэ гэмтэл байсан. 09 дүгээр сарын 02-ны өдрийн хуйхан дахь зөөлөн эдийн няцрал гэсэн жижүүр эмчийн үзлэг бас байгаа. Хохирогчид учирсан гэмтэл нь ар дагзаараа савж унасан үед үүснэ, урд хэсгээрээ урагшаа унахад үүсэхгүй. Хохирогч нь түрүүн хэлэлцүүлэгт хөлөө гэмтлийн эмчид үзүүлээгүй, зөвхөн толгойгоо үзүүлж эмчлүүлсэн тухайгаа хэлсэн. Өвчний түүхэнд ч гэсэн хөлний тухай тусгагдаагүй байсан. Зөөлөн эдийн гэмтэл нь машинд мөргөгдөх үед үүсэх боломжтой. Дагз ясны хугарал бүхий гэмтэл авсан хүн нь  идэвхитэй хөдөлгөөн хийх боломжтой.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Мөн талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Иргэн Огаас Тээврийн цагдаагийн албанд гаргасан өргөдөл /хх-ийн 3х/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд,  /хх-ийн 4-5х, 6-7х, 8х, 9х/,  хохирогч Ц.Мийн мэдүүлэг /хх-ийн 12-13х/, насанд хүрээгүй гэрч Ц.Аын мэдүүлэг /хх-ийн 16х/, насанд хүрээгүй гэрч Ц.Бгийн мэдүүлэг /хх-ийн 18х/, гэрч М.Огийн мэдүүлэг /хх-ийн 22-23х/, Яаралтай тусламжийн төвийн эмчийн бичиг /хх-ийн 80х/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үзлэгийн бичиг /хх-ийн 82-83х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10740 дугаартай дүгнэлт /хх-ийн 27х/, Тээврийн цагдаагийн алба шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 392 дугаартай дүгнэлт /хх-ийн 41-42х/,  Баянгол техникийн хяналтын үзлэгийн төв шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-37х/, яллагдагч Т.Мгийн мэдүүлэг /хх-ийн 52х/, шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагчийн өмгөөлөгч нараас гаргаж өгсөн 2 хуудас баримт буюу тодорхойлолт,  улсын яллагчаас гаргаж өгсөн 12119 дугаартай өвчний түүх зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Шүүхийн дүгнэлт:

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Тгийн Мд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргээс  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. Учир нь, шүүгдэгч Т.Мгийн үйлдэлд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх гэмт хэргийн объектив болон субъектив шинжгүй байна.

Тухайлбал, 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан  сургууль хүртэлх зам буюу тухайн гэр хороолол дундах зам ачаалал ихтэй, шороон замын хоёр талаар машинууд эгнүүлэн тавьсан, голын хэсгээр машинууд ар араасаа цуварсан байдалтай явж байсан, осолд холбогдсон жолооч нь тээврийн хэрэгслээ зогсоох, ослын зогсолтын тэмдэг тавих,  мөн бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх гэх мэт  үйлдэл хийх боломж бололцоо муу байсан зэрэг замын нөхцөл байдлын талаар, мөн  шүүгдэгч Т.Мгийн хувьд /хохирогчийг мөргөснөө хүлээн зөвшөөрдөггүй хэдий ч/ хохирогчийг мөргөсөн даруйд хохирогчийг машиндаа суулгаж хүргэж өгөх гэсэн, мөн тухайн үед цагдаагаас дуудахад нь очсон, хохирогчийг эмнэлгийн байгууллагад үзүүлж явсан зэрэг анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлсэн зэрэг байдал нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын хэн аль нь мэдүүлэгт дурдагдсан байх тул шүүгдэгч Т.Мг хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэж үзэх боломжгүй байна.

Харин шүүгдэгч Т.М нь 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 11 цаг 20 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр Баянцагааны ... дугаар гудамж ... тоот хашааны хойд замд “Тоёота Приус” маркийн ... УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.3 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12 дугаар бүлгийн 12.3 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Мийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь:

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд,  /хх-ийн 4-5х, 6-7х, 8х, 9х/,

Хохирогч Ц.Мийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр би охиныхоо хоёр хүүхдийн хамт сургуулийн нээлтэнд нь оролцчихоод ... манай зээ Ц.А миний зүүн гар талаас сугадаад, охин Ц.Б нь бид хоёрын урд ороод алхаад явж байсан. Замын хажуу талын хэсгийг шугам тавих гээд ухчихсан байсан ба замаар машин их явж байсан учраас хүүхдүүдээ машинаас хамгаалах маягтай явж байсан. Тэгээд явж байхад утас дуугараад охинтойгоо яриад явж байтал баруун өвдөг хэсэг рүү араас суун тустал мөргөх шиг болоод би хойшоо саваад толгойгоороо газарт унасан. Нөгөө машин ...цонхоо нээхгүй хэсэг байж байснаа нэг эмэгтэй цонхоо онгойлгоод “сигналдаад байхад балай юм уу? хаашаа юм бэ? машин суу, хүргээд өгье” гэхээр нь би “чамаар хүргүүлэхгүй, цагдаад хэлнэ” гэж хэлсэн. Тэгээд байж байхад нөгөө машины урд зогсож байсан нэг машины жолооч бууж ирээд биднийг суулгаад гэрт хүргэж өгсөн. Сигнал ерөөсөө дуугараагүй. Шууд ирээд мөргөсөн. Би 73 настай, миний хөл муу болохоор амархан унасан. Энэ хүний хэлсэнчлэн 2 зэрэг сугадалцаад зэрэгцээд явах зайгүй байсан. Миний  баруун талын үений хэсэгрүү мөргөснөөс уг хөлний өвдөгний харалдаа хөхрөөд улайчихсан байсан. Түргэн ирэхээр нь хөлөө үзүүлсэн, зураг авахуулахад хөлний ясанд хугаралгүй гэсэн. Мөн миний толгой өвдөөд нүүр халуу оргиод байхаар нь гэмтэлд толгойн томографид үзүүлэхэд толгой гэмтэлтэй байна гэж гарсан юм. Би гэмтлийн эмчид хөлөө үзүүлээгүй, хугаралгүй гэсэн болохоор. Толгойд гэмтэлтэй гэсэн учир зөвхөн толгойны зовиураа хэлээд эмчилгээ хийлгэсэн. Хөлний хөхрөл нь хэвтэж байхад зүгээр болсон. Урд талын машины жолооч нь энэ хүний машины номерыг нь хэлж өгсөн. Маш их гомдолтой байна. Намайг гэмтсэнээс болж охин ажлаа таслаад, хүүхдүүд ч хичээлдээ явж чадахгүй ээлжлэн таслаад намайг асардаг байсан. Манай гэрийн амьдрал сүйрсэн. Би хэвтрийн болж охиндоо хүртэл ачаа болохоор болчихлоо...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

Насанд хүрээгүй гэрч Ц.Аын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр сургуулийн нээлт болоод манай эмээ, манай төрсөн дүү Буянзаяа нар хамт сургууль орчхоод эргээд гэрлүүгээ явж байхад замаар машинууд ар араасаа цувраад бөглөрөөд явж байсан ба манай эмээ баруун гартаа утсаа барьчихсан ээжтэй яриад, би зүүн гар талд буюу шороо овоолсон хэсэгт би эмээгээ сугадаад, манай дүү жаахан урд хэсэгт нь алхаад явж байсан. Тэгтэл араас явж байсан нэг машин зүүн урд талын дугуй хэсгээрээ манай эмээгийн баруун өвдөг хэсэг рүү мөргөөд эмээ орилоод ар дагзаараа газарт унасан. Тэгтэл нөгөө машины эгч машинаасаа бууж ирээд манай эмээг “дүлий юм уу, хаашаа юм бэ?” гэж загначхаад “машинд суу” гээд хэлтэл манай эмээ уйлаад “чамайг цагдаад хэлнэ дээ, чиний машинд суухгүй” гэсэн. Тэгээд байж байхад нэг цагаан өнгийн машинтай ах, эгч хоёр бууж ирээд машиндаа суулгаад манай гэрийн үүдэнд ирээд буулгаж өгсөн. Тэгэхдээ нөгөө машины дугаарыг хэлж өгчхөөд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

Насанд хүрээгүй гэрч Ц.Бгийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ...манай ах эмээг зүүн талаас нь хөтлөөд, би зурагаа авахуулаагүй учраас уурлаад жаахан өмнө нь алхаад явж байсан. Тэгээд явж байтал ард эмээ орилохоор нь эргээд хартал эмээ газарт уначихсан, ард нь нэг саарал өнгийн машин зогсож байсан. Нөгөө машины жолооч эгч бууж ирээд “сигналдаад байхад балай юм уу хаашаа юм бэ” гэж хэлчхээд дараа нь “машинд суучих, гэрт чинь хүргээд өгье” гэсэн чинь манай эмээ “би чиний машинд суухгүй” гэтэл нөгөө эгч шууд машиндаа суугаад яваад өгсөн. Нөгөө машины урд явж байсан цагаан өнгийн машины жолооч ах бууж ирээд манай эмээг машиндаа суулгаад гэрт нь хүргэж өгсөн. Нэг эгч, ах хоёр хамт явсан. Нөгөө машины эгч ямар муухай хүн бэ гээд нөгөө машины дугаарыг хэлж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

Гэрч М.Огийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 11 цаг өнгөрч байхад би ээж Мөнхтөртэй утсаар ярихад хоёр хүүхдийнхээ сургуулийн нээлтнээс эрт аваад явж байна гээд ярьж байтал “Ааа” гээд орилох чимээ гарч ээжийн маань утас нь тасарсан. Эргээд залгахад охин маань ээжийн утсыг аваад “эмээ машинд дайруулчихлаа, газар хэвтээд босч ирэхгүй, уйлаад байна” гэсэн. Том хүү маань 102, 103 руу дуудлага мэдээлэл өгсөн гэж ярьж байсан. Намайг гэртээ ороод удаагүй байхад түргэний машин ирж эмч нь ээжийн биеийг үзэхэд баруун хөлний өвдөгний арын тахимд улайж хөхөрсөн байсан ба тэр хөл гар хүргүүлэхгүй их өвдөлттэй байсан. Мөн баруун шагайны орчимд дарахад хүртэл ээж маань өвдөөд байна гэж орилж байсан. Тухайн үед ирж үзсэн эмч нь ээжийн баруун хөлийн савхан яс хугарсан байх магадлалтай яаралтай гэмтлийн эмнэлэг рүү очиж зургийг нь авахуулах шаардлагатай гээд өвчин намдаах эм, даралтын эмтэй хамт өгөөд явсан. Удалгүй Сонгинохайрхан дүүргийн тойрог дахь постын цагдаа яриад тойргийн постон дээр хүрээд ир гэхээр нь очиж уулзахад осол гаргасан гэх ...жолооч эмэгтэйд бичиг баримтыг нь буцаан өгч гэмтсэн хүнээ гэмтлийн эмнэлэг рүү аваачиж үзүүлж нарын шинжилгээ хийлгээд төв замын цагдаа дээр очиж уулзаарай гэж хэлсэн. Тэгээд би осол гаргасан жолоочтой хамт гэртээ очиж ээжийг аваад гэмтлийн эмнэлэг дээр аваачиж баруун хөлийн зураг авахуулахад хугарал байхгүй, зөөлөн эдийн гэмтэлтэй байна гээд өвчин намдаах тос бичиж өгөөд 24 цагийн дараа толгойны томографийн шинжилгээ хийлгээрээ гэж зөвлөсөн. ... ээжийгээ аваад осол гаргасан жолоочтой хамт гэмтлийн эмнэлэгт очин томографийн шинжилгээ өгч хариуг нь 2 цагийн дараа авахад дагзны ясны цууралттай, яаралтай эмнэлэгт хэвтэх бичиг хийж өгөөд тэр дор нь хэвтүүлсэн. Осол гаргасан жолооч надад хэлэхдээ гудамжинд машинууд ар араасаа сигналдаад урд талын машинтай хүнтэй маргалдаад их бухимдуу явж байтал эмээ явж байсан ба урд дугуй дөнгөж хүрэх шиг болсон. Нэг харахад эмээ газар орилоод уначихсан байсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23х/,

Яаралтай тусламжийн төвийн эмчийн бичиг: “...баруун хөл гадна дээд хэсгээрээ эмзэглэлтэй, ясны цууралт хугарал байж болзошгүй тул ГССҮТ-д үзүүлэх” гэх  /хх-ийн 80х/,

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үзлэгийн бичиг: “...өвдөг үений бэхэлгээ зүүх” /хх-ийн 82-83х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10740 дугаартай “...Ц.Мийн биед дагз ясны хугарал, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 27х/,

Шинжээч Ө.Сийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ГССҮТ эмнэлэг дээр очиход өвчтөн эмнэлгээс гарсан байсан тул биеэр үзээгүй, өвчний түүхийг үндэслэж дүгнэлтээ гаргасан. Хохирогч нь 2019 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр гэмтэл аваад 2-ны өдөр толгойн томографийн шинжилгээ хийлгэхэд дагз яс ны хугарал бүхий гэмтэл авсан байдаг. Гэмтлийн үзлэгт хуучин гэмтэл тогтоогдоогүй,  шинэ гэмтэл байсан. 9 дүгээр сарын 02-ны өдрийн хуйхан дахь зөөлөн эдийн няцрал гэсэн жижүүр эмчийн үзлэг бас байгаа. Хохирогчид учирсан гэмтэл нь ар дагзаараа савж унасан үед үүснэ, урд хэсгээрээ урагшаа унахад үүсэхгүй. Хохирогч нь түрүүн хэлэлцүүлэгт хөлөө гэмтлийн эмчид үзүүлээгүй, зөвхөн толгойгоо үзүүлж эмчлүүлсэн тухайгаа хэлсэн. Өвчний түүхэнд ч гэсэн хөлний тухай тусгагдаагүй байсан. Зөөлөн эдийн гэмтэл нь машинд мөргөгдөх үед үүсэх боломжтой. Дагз ясны хугарал бүхий гэмтэл авсан хүн нь  идэвхитэй хөдөлгөөн хийх боломжтой.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

Тээврийн цагдаагийн алба шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 392 дугаартай:

а. Приус-20 маркийн ... УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Т.М нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.3 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал үүсгэхгүйгээр зорчино, 12 дугаар бүлгийн 12.3 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна....” гэх дүгнэлт /хх-ийн 41-42х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.  

Хэдийгээр шүүгдэгч Т.М нь “би хохирогч Ц.Мийг мөргөөгүй, сигналдсан чинь цочоод урагшаагаа баруун гараа дараад унасан эсхүл зүүн гараа дараад унасан гэх мэтээр мэдүүлж байгаа боловч түүний мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдсэн болно. Тодруулбал,

Ц.М машинд мөргүүлсэн гэх асуудал нь хохирогч Ц.Мийн өөрийнх нь тогтвортой мэдүүлсэн мэдүүлэг, тухайн үйл баримтыг харсан насанд хүрээгүй гэрч Ц.Аын мэдүүлэг, мөргөгдөх үйл явцыг хараагүй боловч хохирогч нь орилоод газарт унасан, ард нь саарал өнгөтэй машин зогсож байсныг гэрчилсэн насанд хүрээгүй гэрч Ц.Бгийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон байх  ба хохирогчийн тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн гэх хэсэг буюу Ц.Мийн баруун хөлний өвдөгний тахим, үений хэсэгт ...эмзэглэлтэй, улайлт, хөхрөлт үүссэн... байсан нь хохирогч Ц.М, гэрч М.О нарын мэдүүлэгт дурдагдсанаас гадна дуудлагаар очсон 103-ын яаралтай тусламжийн төвийн эмчийн бичигт: “...баруун хөл гадна дээд хэсгээрээ эмзэглэлтэй, ясны цууралт хугарал байж болзошгүй тул ГССҮТ-д үзүүлэх” гэх  /хх-ийн 80х/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үзлэгийн бичигт: “...өвдөг үений бэхэлгээ зүүх”-ээр тусгагдсан /хх-ийн 82-83х/ зэрэг хөндлөнгийн бусад баримтуудаар давхар нотлогдсон байна.

ГССҮТ-ийн 12119 дугаартай өвчний түүхэнд хохирогч Ц.Мийн баруун хөлөнд  гэмтэл учирсан  эсэх талаар тусгагдаагүй байх бөгөөд энэхүү шалтгаан үндэслэлийг хохирогч Ц.М нь “... түргэний эмчид баруун хөлөө үзүүлсэн, яс хугарсан эсэхийг тогтоолгохоор зураг авахуулсан ч хугаралгүй гэсэн, харин толгойн томографи хийлгэхэд толгойд гэмтэл тогтоогдсон тул гэмтлийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхдээ эмчлэгч эмчдээ зөвхөн толгойд үүссэн зовиуруудаа хэлж эмчилгээ хийлгэсэн, харин хөлний хөхрөлт, улайлтаа үзүүлээгүй, хэвтэж явцад хөхрөлт, улайлт нь алга болсон” гэж тайлбарлаж мэдүүлсэн,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10740 дугаартай дүгнэлтэд “...Ц.Мийн биед дагз ясны хугарал, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо” гэж тусгагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Ө.С нь “... хохирогч нь эмнэлгээс гарсан байсан тул биеэр үзэж дүгнэлт гаргаагүй, өвчний түүхийг үндэслэж дүгнэлтийг гаргасан талаар мэдүүлсэн зэргээс үзвэл, хохирогчийн баруун хөлний үе /тахим/ хэсэгт учирсан зөөлөн эдийн гэмтэл нь өвчний түүх, шинжээчийн дүгнэлтүүдэд аль алинд нь тусгагдалгүй орхигдсон хэдий ч хохирогч Ц.Мт учирсан “баруун хөл, толгойн дагз ясны хугарал, няцрал бүхий” гэмтлүүд нь яаралтай түргэн тусламжийн эмчийн үзлэг, ГССҮТөвийн хүлээн авахын эмчийн үзлэг, өвчний түүх, шинжээчийн дүгнэлтүүдэд дээрх байдлаар тусгагдсан, уг нотлох баримтууд нь нэг нь нөгөөгөө үгүйсгээгүй тул аль алийг үнэлэх боломжтой байна.

Түүнчлэн шүүгдэгч Т.М нь “хохирогч баруун гараараа /зүүн гараа/ дараад урагшаа унасан” гэж мэдүүлдэг боловч хохирогч Ц.М нь машинд мөргүүлснээс үүдэн арагшаа савж унасан талаар мэдүүлсэн,  хохирогчид учирсан дагз ясны хугарал бүхий гэмтэл нь урагшаа унахад бус арагшаа унахад үүсэх боломжтойг шинжээч нь тайлбарлаж, мэдүүлсэн тул шүүгдэгчийн мэдүүлэг мөн үгүйсгэгдэж, няцаагдсан болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь “... насанд хүрээгүй гэрч нараас мэдүүлэг авахдаа процесс зөрчсөн, тэдгээрээс мэдүүлэг авахдаа ээж М.Ог нь оролцуулсан уу эсхүл аав А.Эыг оролцуулсан гэдэг нь эргэлзээтэй, аав А.Эт танилцуулсан гэсэн атлаа О гэх хүн гарын үсэг  зурсан, нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээ гарч байна гэсэн тайлбарыг гаргасан хэдий ч хавтаст хэргийн 16, 18 дугаар хуудсанд авагдсан насанд хүрээгүй гэрч Ц.А, Ц.Б нарын мэдүүлэгт тэдгээрийн төрсөн эх М.О гэх хүн оролцсон болох нь түүний нэр, гарын үсгээр тогтоогдсон, мөн шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй гэрч нар нь хууль ёсны төлөөлөгч М.Огийн хамт мэдүүлэг өгөхдөө “мөрдөн байцаалтад мэдүүлэг өгөхөд ээж М.О хамт байлцсан, А.Э гэх хүн оролцоогүй тухай” мэдүүлсэн тул мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлгийг процесс зөрчиж авагдсан гэж дүгнэн нотлох баримтаар тооцохгүй байх үндэслэл тогтоогдоогүй болно.  

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбаяр нь “... хэргийн газрын бүдүүвч зураг дээрээс харахад хохирогч нь А цэгээс Б цэг хүртэлх зайд унахдаа урагшаа унаж байгааг илтгэж байна, иймд хохирогчийн арагшаа унасан гэдэг нь няцаагдаж байна гэсэн тайлбарыг гаргасан нь үндэслэлгүй юм. Учир нь, тус бүдүүвч зураг дээрх А цэг нь хохирогч машинд мөргөгдсөн цэгийг, Б цэг нь хохирогч автомашинд мөргүүлээд унасан гэх цэгийг тэмдэглэсэн /хх-ийн 9х/-ээс бус хохирогчийг аль талаараа унаж буйг илтгэж буй баримт биш болохыг тэмдэглэх нь зүйтэй юм.

Дээрх байдлаас үзвэл, хохирогч Ц.Мийн машинд мөргүүлж гэмтсэн тухай мэдүүлэг нь насанд хүрээгүй гэрч Ц.А, Ц.Б, гэрч  М.О нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдсон, тэдгээрийн мэдүүлгүүд хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь дээр дурдсан баримтуудад тус тус тусгагдсан байх тул шүүгдэгч Т.Мг тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ явган зорчигч Ц.Мийг мөргөж, эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно.

Иймээс шүүгдэгч Т.Мд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлт нь хуульзүйн үндэслэлгүй байна.

Хохирол төлбөрийн тухайд: Энэ гэмт хэргийн улмаас иргэн Ц.Мийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, 231.270 төгрөгийн хохирлын баримтыг хэрэгт гаргаж өгсөн /хх-ийн 79х/ боловч шүүгдэгч Т.Мгаас төлж барагдуулаагүй байх тул түүнээс 231.270 төгрөгийг гаргуулж хохирогчид олгож, хохирогч Ц.М нь эмчилгээ хийлгэсэн болон цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарах зардлуудаа нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Т.Мгаас нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Улсын яллагч нь “...шүүгдэгч Т.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын  хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай дүгнэлтийг,

-хохирогч, түүний өмгөөлөгч нараас “... гомдолтой, прокурорын санал болгосон ялын санал үндэслэлтэй” гэж,

-Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “...Шүүгдэгч Т.Мгийн холбогдсон хэрэг нь хөнгөн ангилалд хамаардаг тэрбээр баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлөхөө илэрхийлсэн, түүний хувийн байдал буюу ажил хөдөлмөр эрхэлдэг, бага насны хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх боломжтой тул тэнсэж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлүүдийн агуулгаас үзвэл “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” хүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлоо нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзахаар хуульчлагдсан байх бөгөөд шүүгдэгч Т.Мгийн хувьд тэрбээр гэм бурууг дээр маргаж оролцсон тул дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй байна.

Иймд шүүхээс, шүүгдэгч Т.Мгийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирогчид учирсан хүнд хохирол, уг хохирол төлбөрийг шүүгдэгчээс төлж барагдуулаагүй, түүний хувийн байдал  зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Мд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор тогтоож, түүний В ангиллын 1128825 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тогтоолын хамт хүргүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Тгийн Мд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргээс  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүгдэгч Б овогт Тгийн Мг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Мгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.Мд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч Т.Мгийн В ангиллын 1128825 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тогтоолын хамт хүргүүлсүгэй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мгаас 231.270 /хоёр зуун гучин нэгэн мянга, хоёр зуун далан/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Мд олгож, хохирогч Ц.М нь эмчилгээ хийлгэсэн болон цаашид эмчилгээтэй холбогдуулан гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Т.Мгаас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Т.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор,  оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г. АЛТАНЦЭЦЭГ