Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 296

 

Т.М-д холбогдох эрүүгийн

                                                                            хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Оюунжаргал,

хохирогч Ц.Мөнхтөрийн өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа,

шүүгдэгч Т.М-, түүний өмгөөлөгч Г.Ганбаяр, Ш.Оюумаа,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, прокурор С.Оюунжаргалын бичсэн 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 10 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэл болон шүүгдэгч Т.М-, түүний өмгөөлөгч Г.Ганбаяр, Ш.Оюумаа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Т.М-д холбогдох эрүүгийн 1903010540459 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Т.М-, 1981 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            Т.М- нь 2019 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр 11 цаг 20 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны 6 дугаар гудамжны 1а тоот хашааны хойд замд 94-16 УБР улсын дугаартай, “Toyota Prius” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12 дугаар бүлгийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч 68 настай Ц.Мөнхтөрийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан,

            - мөн дүрмийн 3.5-д заасан заалтыг зөрчин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

             Тээврийн прокурорын газраас: Т.М-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Т.М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Т.М-г Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-гаас 231.270 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Мөнхтөрд олгож, хохирогч Ц.Мөнхтөр нь эмчилгээ хийлгэсэн болон цаашид эмчилгээтэй холбогдуулан гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Т.М-гаас нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч Т.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.

            Прокурор С.Оюунжаргал тус шүүхэд бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Т.М- нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасан жолоочийн үүргээ биелүүлээгүй болох нь зам тээврийн ослын талаар дуудлага өгсөн хуудас, хохирогч, насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлгүүд зэргээр тогтоогдсон байхад шүүх “сургууль хүртэлх зам буюу тухайн гэр хороолол дундах зам ачаалал ихтэй, шороон замын хоёр талаар машинууд эгнүүлэн тавьсан, голын хэсгээр машинууд ар араасаа цуварсан байдалтай явж байсан, осолд холбогдсон жолооч нь тээврийн хэрэгслээ зогсоох, ослын зогсолтын тэмдэг тавих, мөн бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх гэх мэт үйлдэл хийх боломж бололцоо муу байсан” зэрэг замын нөхцөл байдлын талаар дурдаж, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

            Шүүгдэгч Т.М- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би хохирогч Ц.Мөнхтөрийг огт мөргөж шүргээгүй. Тухайн үед хичээлийн шинэ жилийн нээлт болж байсан тул зам түгжрэлтэй, автомашинууд ойрхон зайтай цуван зогссон байсан. Замын баруун талд дулааны шугам засварын ажил явагдаж, зүүн талд нь эзэнгүй автомашинууд эгнүүлэн тавьсан байсан. Энэ үед миний зүүн гар талаар хоёр хүүхдээрээ сугадуулсан, хөл муутай, таягтай хүн буюу хохирогч Ц.Мөнхтөр явж өнгөрсөн. Би хөдлөх гээд амаараа орилж анхааруулсан боловч утсаараа яриад сонссон шинжгүй байсан тул сигналдаж дохио өгсөн. Тэгэхэд хохирогч Ц.Мөнхтөр 1 метр гаруй яваад урагшаа хөл нь нугарч хажуугаараа унасан. Хохирогч Ц.Мөнхтөр тухайн үед хамт явсан зээ охин Буянзаяа, зээ хүү Амаржаргал нартай үгсэн намайг буруутгаж мэдүүлэг өгсөн. Тэдгээрийн өгсөн мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй байдаг. Мөн би хохирогч Ц.Мөнхтөрийг “Гэрт чинь хүргээд өгье” гэхэд “Би чамаар хүргүүлэхгүй” гэж над руу уурлаад урд талын автомашинд суугаад явахаар нь би яваад өгсөн. Тухайн зам нь явган хүний зорчих хэсэг болон гарцгүй байсан. Бодит байдал ийм байхад намайг гэмт хэрэгтэн болгож байгаад туйлын их гомдолтой байна. Хохирогч Ц.Мөнхтөр нь миний автомашинд мөргүүлж хөлөндөө гэмтэл аваагүй, харин насны суурь өвчтэй байсан нь эмчийн дүгнэлтээр нотлогддог. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд “...тархины гавлын ясны цууралт гэмтэл тогтоогдсон...” гэснийг эсэргүүцэж байна. Иймд гэрчийн өгсөн худал мэдүүлгийг дахин шалгах, тухайн замд камерын бичлэг байгаа эсэхийг шалгах, хэргийн бодит байдлыг тогтоох зорилгоор мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгүүлэх хүсэлтэй байна. ...” гэв.

            Шүүгдэгч Т.М-гийн өмгөөлөгч Г.Ганбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд:

            1.1. Осол, хэргийн газарт хийсэн хэмжилт, бүдүүвч зургаас үзэхэд автомашин болон хохирогч нарын явж байсан чиглэлийн дагуу хохирогч унасан харагдаж байна. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд хохирогч мөргүүлээд арагшаа эсхүл урагшаа унасан эсэх, мөргүүлж унасан гэх Б цэгт хохирогчийн толгой, хөлний хэсгийн аль нь байсан эсэх нь тодорхойгүй байдаг. Энэхүү хэргийн байдалтай нийцээгүй, тодорхой бус нотлох баримтыг шүүх үнэлсэн нь хэт нэг талыг барьсан асуудал болно.

            1.2. Тээврийн Цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын шинжээчийн 392 дугаартай дүгнэлтийн 1 дэх заалтын үнэлсэн атлаа гэмт хэргийн шалтгаан болж буй 2 дахь заалтыг яагаад, ямар үндэслэлээр үнэлээгүй болохыг тайлбарлаагүй байна. Энэ нь дүгнэлт хийхэд нөлөөлж болохоор байгаа.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолбол зохих байдал бүрэн тогтоогдоогүй тухайд:

            2.1. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд цагаатгах талын нотлох баримт авагдаагүй байна. Шүүгдэгч Т.М-гийн дүү Т.Цээсүрэн, хадам эгч Ч.Нандингарав нараас зөвхөн хувийн зан байдлын талаарх мэдүүлгийг нь авсан. Энэ нь цагаатгах талын нотлох баримтад бус, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна. Тухайн гэмт хэрэг гарах үед хамт байсан шүүгдэгчийн насанд хүрээгүй хүүхдээс гэрчийн мэдүүлэг аваагүй.

            2.1. Гэмт хэрэг гарсан гэх газар нь шороон гадаргуутай, эвдрэлтэй, хуурай, зорчих хэсгийн хойд талаар газар шорооны ажил явагдаж байсан байдаг. Явган зорчигчид замын эсрэг талаар явах боломжтой байсан эсэх, хохирогч хөл муутайн гадна чулуу, шороон замын эвдрэлээс болж өөрөө унасан эсэх асуудлыг тодруулах шаардлагатай. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд “...гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ...” гэсэн нь хохирогч өөрийн буруутай үйл ажиллагаанаас болж унахдаа ойр орчимд байсан чулуу овоолсон шороонд цохиж үүсэх магадлалтай юм.

            Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Т.М-гийн өмгөөлөгч Ш.Оюумаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтууд хэт нэг талыг барьсан, миний үйлчлүүлэгчийн гэм бурууг хөдөлбөргүй нотолж чадахгүй байна. Гэрчийн мэдүүлгүүд зөрүүтэй байдаг. Тодруулбал насанд хүрээгүй гэрч Амаржаргал “...эмээ орилоод ар дагзаараа газарт унасан. Автомашины баруун дугуй баруун өвдөгний ар хэсэг рүү мөргөхийг би харсан. Тэр үед эмээгийнхээ зүүн гараас сугадаад явж байсан...” гэж урагшаа хараад явж байсан хүн ард байгаа юмыг харсан мэтээр мэдүүлсэн нь бодит үнэнтэй нийцдэггүй. Мөн насанд хүрээгүй гэрч Буянзаяагийн “...эмээ орилохоор нь эргээд хартал эмээ газарт унасан, ард нь саарал өнгийн автомашин зогсож байсан...” гэсэн мэдүүлэг нь шууд М-г мөргөсөн болохыг харсан гэж үзэх хөдөлбөргүй нотлох баримт болж чадахгүй юм. Түүнчлэн хохирогч Мөнхтөрийн “...баруун өвдөгний ар хэсэг рүү мөргөх шиг болсон...” гэж эх сурвалжаа зааж чадахгүй, лавтай сайн мэдэхгүй байгаа мэдүүлэг нь миний үйлчлүүлэгчийг энэ гэмт хэрэгт холбогдолтой гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байна. Хохирогчийн “...тэр үед автомашинууд цувраад явж байсан...” гэсэн мэдүүлгээс үзэхэд автомашин бараг зогсож байсан болж таарч байна. Хохирогчтой хамт явж байсан насанд хүрээгүй хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авсан хэрнээ шүүгдэгчтэй хамт явж байсан насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг аваагүйг хэт нэг талыг барьсан гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч хохирогчийг мөргөөгүй талаар анхнаасаа тууштай мэдүүлсэн. Тухайлбал “...хохирогч хөл муутай тул уначих гээд салгалаад явж чадахгүй хэцүү байхаар нь би “Та уналаа шүү дээ” гэж анхааруулж хэлээд сигнал дарахад унасан...” гэж мэдүүлдэг. Мөн тухайн үед эмнэлэгт аваачиж үзүүлэхэд зүгээр байсан гэдэг. Хохирогч 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр буюу хэрэг учрал болсноос хойш 5-7 хоногийн дараа өргөдөл гаргаж дүгнэлт гаргуулсан. Цаг хугацааны хувьд  М-гийн үйлдлээс болж гэмтэл авсан гэхэд эргэлзээ төрж байна. Мөн миний үйлчлүүлэгч хохирол төлбөрт 300.000 төгрөг төлсөн. Гэтэл хохирогч 5.000.000 төгрөг нэхэмжилсэн ба уг мөнгө нь бодитоор учирсан хохирол биш байсан. Миний үйлчлүүлэгч “Би эрх зүйн байдлаа дордуулж, хийгээгүй хэргээ хийсэн болж ял шийтгэл авахаар байх тул хохирол төлбөр төлчихлөө. Гэхдээ хэргийн бодит үнэнийг тогтоож өгөөч” гэсэн утгатай гомдол гаргасан. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэж өгнө үү. ...” гэв.

             Хохирогч Ц.Мөнхтөрийн өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлууд хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэрэгт ач холбогдолгүй зүйлсийг бичсэн байна. Өмгөөлөгч Ш.Оюумаагийн ярьж буй “Т.М- нь та уналаа шүү гээд сигналдахад унасан” гэсэн асуудал бодит байдал дээр болоогүй. Шүүгдэгч өөрийн анхаарал болгоомжгүйгээс болж мөргөсөн гэдгээ анхан шатны шүүх хуралдаанд илэрхийлж байсан. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нар “хохирогч ар талаасаа мөргүүлсэн хэрнээ яагаад урагшаа унахгүй, арагшаа унасан байна юм бэ” гэдэг талаар маргадаг. Гэвч ар талаасаа мөргүүлсэн хүн заавал урагшаа унана гэсэн ойлголт байхгүй. Тухайн үед хөл муутай хүн дороо эргэсэн ч байж болно. Эсхүл ямар нэгэн хүчний үйлчлэлээр арагш савж унан тархиндаа бэртэл авах бүрэн боломжтой тул арагшаа, урагшаа харж унасан эсэх нь хэрэгт хамааралгүй. Түүнчлэн хохирогч шороон дээр бүдэрч унасны улмаас гэмтэл авсан байж болзошгүй гэсэн зүйл байхгүй. Шүүгдэгчийн буруугаас болж гэмтэл авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох яаралтай тусламжийн эмчийн үзлэг хийсэн “хохирогчийн баруун хөл гадна дээд хэсгээрээ эмзэглэлтэй, ясны цууралт хугарал байж болзошгүй” гэсэн бичгээр тодорхойлогддог. Шүүгдэгчийн зүгээс хохирол төлбөр төлж, уучлалт гуйсан зүйл байхгүй. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэрнээ 300.000 төгрөгийн төлбөр төлчихөөд гэм буруугүй гэж үзэж байгаад гомдолтой байна. Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдол, эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Т.М- нь 2019 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр 11 цаг 20 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны 6 дугаар гудамжны 1а тоот хашааны хойд замд 94-16 УБР улсын дугаартай, “Toyota Prius” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Мөнхтөрийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч Ц.Мөнхтөр мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад “...манай зээ Амаржаргал миний зүүн гар талаас сугадаад, охин Буянзаяа бид хоёрын урд ороод алхаад явж байсан. Замын хажуу талын хэсгийг шугам тавих гээд ухчихсан байсан ба замаар машин их явж байсан учраас хүүхдүүдээ машинаас хамгаалах маягтай явж байсан. Тэгээд утас дуугараад охинтойгоо яриад явж байтал баруун өвдөг хэсэг рүү араас суун тустал мөргөх шиг болоод би хойшоо саваад толгойгоороо газарт унасан. Нөгөө машин ... цонхоо нээхгүй хэсэг байж байснаа нэг эмэгтэй цонхоо онгойлгоод “Сигналдаад байхад балай юм уу?, хашаа юм бэ?, машинд суу хүргээд өгье” гэхээр нь би “Чамаар хүргүүлэхгүй, цагдаад хэлнэ” гэж хэлсэн. Тэгээд байж байхад нөгөө машины урд зогсож байсан нэг машины жолооч бууж ирээд биднийг суулгаад гэрт хүргэж өгсөн. Сигнал ерөөсөө дуугараагүй. Шууд ирээд мөргөсөн. Би 73 настай, хөл муу болохоор амархан унасан. Миний баруун өвдөгний харалдаа хөхрөөд улайчихсан байсан. Зураг авахуулахад хөлийн ясанд хугаралгүй гэсэн болохоор гэмтлийн эмчид үзүүлээгүй. Зөвхөн толгойны зовиураа хэлээд эмчилгээ хийлгэсэн. ...” /хх 12-13, 146/ гэж зам тээврийн осол гарсан нөхцөл байдал, өөрийн биед учирсан гэмтлийн талаар тодорхой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

- насанд хүрээгүй гэрч Ц.Амаржаргалын “...машинууд ар араасаа цувраад бөглөрөөд явж байсан ба эмээ баруун гартаа утас барьчихсан ээжтэй яриад, би зүүн гар талд буюу шороо овоолсон хэсэгт эмээгээ сугадаад, манай дүү жаахан урд хэсэгт алхаад явж байсан. Тэгтэл араас явж байсан нэг машин зүүн урд талын дугуй хэсгээрээ эмээгийн баруун өвдөг хэсэг рүү мөргөөд эмээ орилоод ар дагзаараа газарт унасан. Тэгтэл нөгөө машины эгч бууж ирээд манай эмээг “Дүлий юм уу, хаашаа юм бэ?” гэж загначихаад “Машинд суу” гээд хэлтэл эмээ уйлаад “Чамайг цагдаад хэлнэ дээ, чиний машинд суухгүй” гэсэн. Тэгээд байж байхад нэг цагаан өнгийн машинтай ах, эгч хоёр бууж ирээд машиндаа суулгаад манай гэрийн үүдэнд буулгаж өгсөн. ...” /хх 16, 147-148/,

- насанд хүрээгүй гэрч Ц.Буянзаяагийн “...манай ах эмээг зүүн талаас нь хөтлөөд, би жаахан өмнө нь алхаад явж байсан. Ард эмээ орилохоор нь эргээд хартал эмээ газарт уначихсан, ард нь нэг саарал өнгийн машин зогсож байсан. Нөгөө машины жолооч эгч бууж ирээд “Сигналдаад байхад балай юм уу?, хаашаа юм бэ?” гэж хэлчихээд дараа нь “Машинд суучих, гэрт чинь хүргээд өгье” гэсэн чинь манай эмээ “Би чиний машинд суухгүй” гэтэл нөгөө эгч шууд машиндаа суугаад яваад өгсөн. Нөгөө машины урд явж байсан цагаан өнгийн машины жолооч ах бууж ирээд манай эмээг машиндаа суулгаад гэрт нь хүргэж өгсөн. ...” /хх 18, 149/,

- гэрч М.Одмаагийн “...би ээж Мөнхтөртэй утсаар ярьж байтал “Аа” гээд орилох чимээ гэрч утас нь тасарсан. Эргээд залгахад охин маань “Эмээ машинд дайруулчихлаа, газар хэвтээд босч ирэхгүй, уйлаад байна” гэсэн. Том хүү маань 102, 103-руу дуудлага мэдээлэл өгсөн гэж ярьж байсан. Намайг гэртээ ороод удаагүй байхад түргэний эмч ирж ээжийн биеийг үзэхэд баруун хөлийн өвдөгний арын тахимд улайж хөхөрсөн байсан ба яаралтай гэмтлийн эмнэлэг рүү очиж зургийг нь авахуулах шаардлагатай гэсэн. Удалгүй Сонгинохайрхан дүүргийн тойрог дахь цагдаагийн постон дээр очиж уулзаад ... жолооч эмэгтэйн хамт ээжийг гэмтлийн эмнэлэг дээр аваачиж баруун хөлний зураг авахуулахад хугарал байхгүй, зөөлөн эдийн гэмтэлтэй байна гээд өвчин намдаах тос бичиж өгөөд 24 цагийн дараа толгойн томографийн шинжилгээ хийлгээрэй гэж зөвлөсөн... томографийн шинжилгээ өгч хариуг нь авахад дагзны ясны цууралттай гээд тэр дор нь эмнэлэгт хэвтүүлсэн. Осол гаргасан жолооч надад хэлэхдээ “Гудамжинд машинууд ар араасаа сигналдаад их бухимдуу явж байтал эмээ явж байсан ба урд дугуй дөнгөж хүрэх шиг болсон. Нэг харахад эмээ газар орилоод уначихсан байсан” гэж ярьж байсан. ...” /хх 22-23/ гэсэн мэдүүлгүүд,

- зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-9/,

- яаралтай тусламжийн төвийн эмчийн “...баруун хөл гадна дээд хэсгээрээ эмзэглэлтэй, ясны цууралт хугарал байж болзошгүй тул ГССҮТ-д үзүүлэх...” /хх 80/,

- Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн үзлэгийн “...өвдөг үений бэхэлгээ зүүх...” /хх 82-83/,

- хохирогчийн 2019 оны 9 дүгээр сарын 2-ноос 6-ны өдрийн хооронд Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүхийн хуулбар /хх 157-163/,

- хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 10740 дугаартай “...дагз ясны хугарал, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэх дүгнэлт /хх 27/,

- зам тээврийн осол гарсан шалтгаан нөхцөлийг тогтоосон Тээврийн Цагдаагийн албаны техникийн шинжээчийн 392 дугаартай дүгнэлт /хх 41-42/ зэргээр давхар нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Шүүгдэгч Т.М- “...би хохирогч Ц.Мөнхтөрийг огт мөргөж шүргээгүй, дуут дохио өгтөл өөрөө цочоод урагшаагаа унасан...” гэж гэм буруугийн талаар маргадаг боловч энэ нь зам тээврийн осол гарсан нөхцөл байдлын талаар мэдүүлсэн хохирогч Ц.Мөнхтөр, насанд хүрээгүй гэрч Ц.Амаржаргал, Ц.Буянзаяа нарын удаа дараагийн тогтвортой мэдүүлгээр няцаагддаг.

Хохирогч Ц.Мөнхтөр нь зам тээврийн осолд өртсөн өдрөө буюу 2019 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр шүүгдэгчийн хамтаар Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд очиж үзлэг, шинжилгээнд орсон ба маргаашнаас нь буюу 2019 оны 9 дүгээр сарын 2-ноос 6-ны өдрийн хооронд тус төвд хэвтэн эмчлүүлсэн болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, өвчний түүхийн хуулбар зэргээр тогтоогдож байна.

Хохирогч Ц.Мөнхтөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 9 дүгээрр сарын 7-ны өдрийн 10740 дугаартай дүгнэлтийг түүний өвчний түүхэд үндэслэн гаргасан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчийн зүгээс уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа /хх 52/ илэрхийлж тодорхой санал, хүсэлт гаргаагүй байдаг.

Харин анхан шатны шүүхэд хэрэг хянагдах явцад, талуудын хүсэлтийг харгалзан шинжээч Ө.Сарангэрэлийг шүүх хуралдаанд оролцуулж, гаргасан дүгнэлттэй нь холбогдуулан тайлбар авахад “...гэмтлийн үзлэгт хуучин гэмтэл тогтоогдоогүй, шинэ гэмтэл байсан. Хохирогчид учирсан гэмтэл нь ар дагзаараа савж унасан үед үүснэ, урд хэсгээрээ урагшаа унахад үүсэхгүй. Дагзны ясны хугарал бүхий гэмтэл авсан хүн идэвхитэй хөдөлгөөн хийх боломжтой...” /хх 149/ хэмээн тусгай мэдлэгийнхээ хүрээнд үндэслэл бүхий мэдүүлэг өгчээ.

Өөрөөр хэлбэл, хохирогч Ц.Мөнхтөр хуучин гэмтэлтэй байсан, эсхүл өөр бусад хүчин зүйлийн нөлөөллөөр биедээ гэмтэл авсан гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд түүний биед учирсан гэмтэл нь шүүгдэгч Т.М-гийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, дахин шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Иймээс шүүгдэгч Т.М-, түүний өмгөөлөгч Г.Ганбаяр, Ш.Оюумаа нарын “...хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхийг...” хүссэн давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Прокуророос Т.М-г автотээврийн хэрэгсэл жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын тодорхой заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Мөнхтөрийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт, мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, прокуророос шүүгдэгч Т.М-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Т.М-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэдийгээр шүүгдэгч Т.М-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч энэ талаар дүгнэлт хийхдээ осол гарсан зам орчны байдал, осол гарснаас хойш болсон үйл явдлыг дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

Иймээс энэхүү дүгнэлтийг давж заалдах шатны шүүх хуульд нийцүүлэн дараах байдлаар зөвтгөсөн болно.

Тухайлбал, “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлон хуульчилсан бөгөөд уг гэмт хэрэг нь жолооч автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн буруутай үйл ажиллагаагаа мэдсээр байж холбогдох арга хэмжээг авалгүйгээр, хариуцлагаас зайлсхийх санаа зорилгоор хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан идэвхтэй үйлдлээр илэрдэг.

Хэргийн үйл баримтаас үзвэл, шүүгдэгч Т.М- нь хохирогч Ц.Мөнхтөрийг газарт унасан даруйд автомашинаасаа бууж очсон, улмаар автомашинаараа гэрт нь хүргэж өгөхийг хүсэхэд хохирогч эс зөвшөөрч, урд талын автомашинд сууж гэртээ хүргүүлсэн болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тодорхойлогдож байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Т.М- хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан идэвхтэй үйлдэл хийгээгүй тул энэ талаар маргасан улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн Зургадугаар бүлэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэх, чөлөөлөх үндэслэл, журам”-ыг багтаасан цогц ойлголтыг тогтоон хуульчилсан ба энэ хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан.

Анхан шатны шүүх шүүгдэгч Т.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, түүний гэм буруу, хувийн байдал болон үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээг харгалзан үзсэнээс гадна, хохирогчийн зорчих хэсгээр явж байхдаа гар утсаар ярьсан хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулж, хорих ял эдлэх байгууллагын дэглэм нөхцөлийг хуульд нийцүүлэн тогтоосон байна.

Түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлыг нэхэмжилсэн хохирогч Ц.Мөнхтөрийн гаргасан шаардлагыг баримтаар нотлогдсон хэмжээнд тооцон шүүгдэгч Т.М-гаас гаргуулж, цаашид гарах эмчилгээний зардал буюу урьдчилан тооцоолох боломжгүй хохирлын тухай асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэн шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тогтоолдоо заасан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн зохицуулалттай нийцжээ.

Иймд шүүгдэгч Т.М-гийн эдэлбэл зохих үндсэн болон нэмэгдэл ялын хэмжээ нь гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээнд тохирсон байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор С.Оюунжаргалын бичсэн 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 10 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэл, шүүгдэгч Т.М-, түүний өмгөөлөгч Г.Ганбаяр, Ш.Оюумаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцээд, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж, даргалагч шүүгчээс шийдвэрийнхээ үндэслэлийг танилцуулахдаа “...235.270 төгрөгийг шүүгдэгч Т.М-гаас гаргуулж хохирогч Ц.Мөнхтөрд олгуулахаар шийдвэрлэлээ...” /хх 152/ гэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад “...шүүгдэгч Т.М-гаас 231.270 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Мөнхтөрд олгох...”-оор заасан нь ойлгомжгүй болсныг буруутган тэмдэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор С.Оюунжаргалын бичсэн 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 10 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэл болон шүүгдэгч Т.М-, түүний өмгөөлөгч Г.Ганбаяр, Ш.Оюумаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ш.БАТ-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН