| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2020/0016/Э |
| Дугаар | 0083 |
| Огноо | 2020-01-23 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Р.Энх-Оюун |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 0083
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч Р.Энх-Оюун /томилолтоор/,
хохирогч Х.А,
шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт Дгийн Гт холбогдох 1908056541864 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1967 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Бугат суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, экскаваторын оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Дунд тасганы 5 дугаар гудамжны 31 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, У овогт Дгийн Г /РД:.../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны шөнө 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, Алтайн ... дугаар гудамжны ... тоотод иргэн Х.Атай маргалдаж түүний нүүрэн тус газар хөлөөрөө өшиглөж “баруун нүдний алимны цус хуралт, нүдний угийн ховхролт хараагүйдэл” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Х.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Б хамт байшингийн дээвэр хийж дуусгасан юм. Орой нь Бы төрсөн дүү Г ирсэн, дараа нь дүү Г нь орой 22 цагийн үед нэг эмэгтэйгийн хамт согтуу архи уусан орж ирээд тэр эмэгтэй нь мэндийн зөрүүгүй “пизда наахуунууд юу хийж байгаа юм бэ? Сайн байцгаана уу” гэж мэндэлсэн. Би Гт хандаж “чи юун гудамжны хүүхэн дагуулж ирж байгаа юм бэ? ийм насны хүн байж хүнтэй мэндэлж чаддаггүй юм уу” гэж хэлэхэд Б надад Гын хадам эгч нь байгаа юм гэж хэлсэн. ...Б, Гын хадам эгчийн хамт гараад гэрлүүгээ орсон. Г манай орон дээр унтаад өгсөн. Би Гтай хамт бид хоёр юм яриад сууж байхад Г “би энэ зун 20-30 сая төгрөгийн ажил хийсэн” гэж ярихаар нь “чи ахдаа байшин барихад тусалж чаддаггүй юм аа гэхэд 500.000 төгрөг өгчхөөч” гэж хэлээд ажил төрөл яриад би орон дээрээ баруун талаараа хэвтэж байхад гэнэт миний баруун нүд рүү Г сууж байсан сандал дээрээсээ шууд миний нүд рүү өшиглөхөд нүд янгинаж өвдөөд харанхуйлахаар нь би босоод Гтай барьцалдаж зууралдаад гэрээс гарсан. Би гэрийн гадаа гараад нүдээ дараад газар хэвтээд Быг орилж дуудсан. Тэр үед Б эхнэр Гантөмөрийн хамт гэрээсээ гарч ирээд Гыг надаас салгаж холдуулсан. Би гэртээ ороход миний баруун нүднээс цус гарч байсан. Би нүүр амаа угаагаад хүйтэн төмсөөр нүдэн дээр жин тавиад унтсан. Би маргааш өглөө нь босоход миний баруун нүд юу ч харахгүй цус гараад байсан. Б орж ирээд намайг эмнэлэг явж үзүүл гэж хэлсэн. Миний нүд зүгээр болох байх гэж бодоод би эмнэлгийн байгууллагаар яваагүй. Тэрнээс хойш миний баруун нүд юу ч харахгүй таг харанхуй болсон. Би 2019 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр Болор мэлмий нэртэй эмнэлэгт очиж үзүүлсэн. Эмч үзээд миний баруун нүд битүү цус хуралттай, эвэрлэгт цус нэвчсэн, нүдний торлог нь хоёр газар цоорч хагарсан байна гэж хэлсэн. Би хувийн эмнэлгээр явж үзүүлж харуулсан зардал, эм тариа бусад зардал нийлээд 1 сая 800 мянган төгрөгийн хохирол гарсныг Г надад бэлнээр 1 сая 800 мянган төгрөг өгч миний хохирлыг барагдуулсан. Би харааны нүдний шил хийлгэснээс хойш нөгөө нүдээрээ юм сайн харж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11х, 13х, шүүх хуралдааны тэмдэглэл/,
2. Гэрч Д.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би орой ажлаа дуусгаад Аийн гэрт ороход Г тэр архи уугаад сууж байсан ба Г нь дүү Г руу утсаар яриад чи Аийн гэрт хүрээд ир ойрд уулзсангүй гэж хэлсэн. А хоол хийгээд адууны умс кита чанаад сууж байсан. Г гадагшаа гарч хоёр шил архи, том пиво авч орж ирсэн. Г орой 21-22 цагийн хооронд хадам эгч Цын хамт архи уусан бололтой халамцуу ирсэн. Ц гэрт орж ирэхдээ пиздануудаа юу хийж байна гэж хэлээд орж ирээд мэндэлсэн. А тэр үед уурлаад Гт хандаж чи нахаалны авгай дагуулаад ирсэн юм бэ гэж хэлээд дургүйцэж байсан. Тэгээд бид хэд хоол цайгаа идээд архийг задлаад талыг нь хувааж уусан. А, Цтой хэрэлдэх гээд байхаар нь би Цыг дагуулж гэрээс нь гараад гэртээ оруулаад унтуулсан. Би гэртээ байж байхад эхнэр Гантөмөр гадаа Г А хоёр зодолдоод байх шиг байна гэж хэлсэн. Би эхнэрийн хамт гэрээс гарахад цагаан машины хажууд Аийн гэрийн үүдэн дээр Г нь Аийн дээрээс нь дарсан байдалтай байсан. /гадаа харанхуй байсан/ Эхнэр бид хоёр А, Г хоёрыг салгаад Аийг гэрт оруулахад баруун нүдний хөмсөг хавиас нь цус гараад байх шиг байсан. А намайг төмс аваад ир гэж хэлсэн. Би гэрээсээ төмс авч ирж өгөхөд нүд нь дээрээ тавьж байсан. А надад хэлэхдээ Г миний баруун нүд рүү өшиглөчихлөө гэж хэлж байсан. Би гэртээ ороод Гыг харахад баруун шанааны орчим жоохон хөхөрсөн байсан. Маргааш нь Аийн нүд нь хавдаад хаагдсан, баруун нүд юм харахгүй байна гэж хэлж байсан. А надад хэлэхдээ Гт хандаж чи ах Бы барьж байгаа байшинд нь тусалсангүй. Чи 500.000 төгрөг өгчихгүй яасан юм бэ гэж хэлсэн гэсэн. А нь хэлье гэснээ шууд хэлчихдэг хүн байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16х/,
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 13590 дугаартай:
I. Х.Ат баруун нүдний алимны цус хуралт, нүдний угийн ховхролт хараагүйдэл тогтоогдлоо.
II. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлчлэлээр үүсгэгдэнэ.
III. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журманд зааснаар энгийн хөдөлмөрийн чадварыг 35% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 26х/,
4. Шинжээч эмч Ц.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4-р бүлэгт заасан хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгт нь дээр гэмтлийн улмаас нүдний хараа буурах журманд зааснаар энгийн хөдөлмөрийн чадварыг 35% алдагдсан байх тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хүний хоёр нүдний нэг нь хараагүй болсон бол энгийн хөдөлмөрийн чадварын 35% алдагдана гэж журманд заасан. Нүдний угны ховхролт гэмтэл нүдэндээ гэмтэл авч цохиулах үед нүдэнд доргилт авч, нүдний ховхролт бий болдог. Өөрөөр хэлбэл нүд нь уг гэмтлийг аваад хараагүй болсон байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28х/,
5. Болор мэлмий эмнэлгийн тодорхойлолт, үзлэгийн картын хуулбар /хх-ийн 80-86х/,
6. Шүүгдэгч Д.Гын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 49х/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 50х/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 51х/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 52х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55х/, Хохирогчийн хүсэлт /хх-ийн 91-92х, хохирлын тооцоо /хх-88х/, Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 66-77х/, Д.Гын ажлын хөлс тооцоогоо хийсэн хар дансны дэвтрийн хуулбар /хх-ийн 61-65х/, Д.Гын мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 58х/, Экоминерал ХХК-ны тодорхойлолт /хх-ийн 59х,/, Налайх Улаан худаг ХХК-ний тодорхойлолт /хх-ийн 60х/, гэрч Ц.Оюунцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 24х/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгч байгаа 2 хуудас баримт /шүүх хуралдааны тэмдэглэл/
7. Шүүгдэгч Д.Гын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ...би хадам эгч Цын хамт такси бариад Б ахын гэрт ирсэн. А ахын гэрт Ц эгч надаас түрүүлээд орсон. Би 00-д бие засчхаад араас нь ороход А ах надад хандаж чи юун гудамны хүүхэн дагуулаад орж ирсэн юм бэ ямар сонин яриатай хүн бэ гэж хэлээд өнгөрсөн. Бид тав архи пиво хувааж уугаад сууж байхад А ах надад хандаж чи машинаа надаар будуулчхаад надаа юу ч өгөөгүй гэж хэлсэн. Би хариуд нь танай хашааны газрыг трактороор шороог нь тэгшилж өгсөн биз дээ гэж хэлсэн. А ах адууны мах хөшиглөж дуусаад орон дээрээ хажуу талаараа хэвтээд чи хачин юм дагуулж ирчхээд юу гээд байгаа юм бэ хэлэхээр нь миний дүргүй хүрээд сууж байсан сандал дээрээсээ толгой руу нь хөлөөрөө нэг удаа өшиглөх үед А босож ирээд миний нуруу руу өшиглөөд миний үснээс зулгаагаад авахаар нь би барьцалдаж аваад бид хоёр гэрээс нь хамт гарсан. Би Атай зууралдаж байгаад хамт газар унаад дээр доороо ороод 10 орчим минут зодолдсон. Би тухайн үед хэн хэнийгээ хаана хэдэн удаа цохисныг би сайн санахгүй байна. Би жоохон согтолттой байсан. Тэр үед Б ах бэр эгч Гантөмөр хоёр гэрээсээ гарч ирээд бид хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-43х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа 2019 оны 10 дугаар сарын 10-ны шөнө 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 2 дугаар гудамжны 214 тоотод иргэн Х.Атай маргалдаж, түүний баруун нүд орчимд хөлөөрөө өшиглөсөн үйл баримт нь:
Хохирогч Х.Аийн “...Г нь ирэхдээ халамцуу ирсэн, Г нь “би энэ зун 20-30 сая төгрөгийн ажил хийсэн” гэж ярихаар нь би түүнд “чи ахдаа байшин барихад тусалж чаддаггүй юм аа гэхэд 500.000 төгрөг өгчхөөч” гэж хэлээд ажил төрөл яриад би орон дээрээ баруун талаараа хэвтэж байхад гэнэт миний баруун нүд рүү Г сууж байсан сандал дээрээсээ шууд миний нүд рүү өшиглөхөд нүд янгинаж өвдөөд харанхуйлахаар нь би босоод Гтай барьцалдаж зууралдаад гэрээс гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11х, 13х, шүүх хуралдааны тэмдэглэл/,
Гэрч Д.Бы “...Би гэртээ байж байхад эхнэр Гантөмөр гадаа Г А хоёр зодолдоод байх шиг байна гэж хэлэхээр нь эхнэрийн хамт гэрээс гарахад цагаан машины хажууд Аийн гэрийн үүдэн дээр Г нь Аийн дээрээс нь дарсан байдалтай байсан. Эхнэр бид хоёр А Г хоёрыг салгаад Аийг гэрт оруулахад баруун нүдний хөмсөг хавиас нь цус гараад байх шиг байсан. А надад хэлэхдээ Г миний баруун нүд рүү өшиглөчихлөө гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16х/,
Шүүгдэгч Д.Гын “...А ...орон дээрээ хажуу талаараа хэвтээд “чи хачин юм дагуулж ирчхээд юу гээд байгаа юм бэ” гэж хэлэхээр нь миний дүргүй хүрээд сууж байсан сандал дээрээсээ толгой руу нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Би тухайн үед жоохон согтолттой байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-43х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.Гын дээр буруутай үйлдлийн улмаас хохирогчид баруун нүдний алимны цус хуралт, нүдний угийн ховхролт хараагүйдэл бүхий гэмтэл учирсан, энэ гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварыг 35% алдагдуулсан хүнд гэмтэлд хамаарч байгаа нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 13590 дугаартай дүгнэлт /хх-ийн 67х/, шинжээч эмч Ц.Гын мэдүүлэг /хх-ийн 27-28х/ зэргээр тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.Гын дээрх үйлдэл, хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой, Д.Гын энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг тус зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэл болно.
Хохирол төлбөрийн тухайд: Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Аийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд тэрээр эмчилгээний зардалд баримтаар 226.950 төгрөгийн хохирол нэхэмжилсэн /хх-ийн 87х/-ээс шүүгдэгч Д.Г нь эмчилгээний зардалд тооцон 1.800.000 төгрөгийг хохирогчид хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгчийг хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзэв.
Гэвч гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг бүрэн арилаагүй, хохирогчийн баруун нүд хараагүй болсон, зүүн нүдэндээ нөлөөлж болзошгүй тухай Болор мэлмий эмнэлгийн тодорхойлолтод дурдагдсан байх тул хохирогч Х.А нь цаашид өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдон гарах зардлуудаа нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Гаас нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гт 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай дүгнэлтийг,
Хохирогч Х.А нь “...Д.Г нь миний хохирлыг төлж барагдуулсан, одоо ч гэсэн гэр бүлийн хамтаар надад тусалж дэмжиж байгаа, надад гаргах гомдол санал байхгүй тул Д.Гт хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Д.Г нь гэм буруу дээр маргаагүй, хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан, цаашид төлөхөө илэрхийлсэн, мөн түүний холбогдсон хэрэг нь торгох болон хорих ялын санкцтай тул Д.Гт хорих ял оногдуулахгүйгээр түүний орлого олдог, торгох ялыг биелүүлэх боломжтой зэрэг байдлыг харгалзан торгох ялыг доод хэмжээгээр нь оногдуулж, 3 жилийн хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч Д.Гыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг баримтын хүрээнд хохирогчид нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлыг төлж барагдуулсан, цаашид гаргах хохирлыг төлөхөө илэрхийлсэн байдал, түүний хувийн байдал, тухайлбал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, 51 настай, ажил хөдөлмөр эрхэлдэг, орлогын эх үүсвэртэйг илэрхийлэх баримтуудтай зэрэг байдлыг харгалзан Д.Гт 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгох ял оногдуулж, 2 жилийн хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Д.Г нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Д.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овогт Дгийн Гыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гыг 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гт оногдуулсан 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.Г нь хохирогч Х.Ат 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч Х.А нь тус гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсантай холбогдуулан цаашид гарах эмчилгээний зардал, бусад зардлаа нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Гаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Д.Гын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Энэ шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ