Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 004

 

Мурап ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 656 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, улсын бүртгэлийн 211001052 дугаартай, 2661209 регистрийн дугаартай "Мурап" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагааг явуулдаг Жорга ХХК-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Айдынгүл, нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Халиасхар, түүний өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагч Жорга ХХК-ийн захирал А.Береке, түүний өмгөөлөгч С.Нургайып, А.Серикжан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: 120000 ширхэг тоосгоны үнэ 20400000 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн агуулга: Баян-Өлгий аймгийн "Жорга" ХХК-ийн захирал А.Береке нь 2015 оны 8 дугаар сард Өлгий сумын хүүхдийн цэцэрлэг барихаар тендерт шалгарч, Мурап ХХК-ийн менежер Х.Нурболат надтай тохиролцон Тавалтайн ам дахь тоосгоны үйлдвэрээс улаан тоосгыг Жорга ХХК-ийн н.Айхан жолоочтой 39-85 УБО машинаар татаж авсан. Тоосгыг газар дээрээс нь 1 ширхэг тоосгыг 170 төгрөгөөр тооцож, тоосгоны үнийг цэцэрлэгийн барилгын санхүүжилт орсон үед төлөхөөр болж бүгд 120000 ширхэг тоосгыг 20400000 төгрөгөөр авч, цэцэрлэгийн барилгыг барьж 2015 онд ашиглалтад оруулсан. Тухайн байгууллагын санхүүжилтийг бүрэн авсан боловч одоо хүртэл манай компанид уг мөнгийг төлөхгүй хохироож байгаа тул Жорга ХХК-аас улаан тоосгоны үнэ болох 20400000 төгрөгийг гаргуулан өгөхийг хүсье. гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах хариу тайлбарыг гаргаж байна. Тус компани 2015 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Акбоар ХХК-ийн захиралтай харилцан тохиролцож, Жорга ХХК-ийн эзэмшлийн 30000000 төгрөгийн үнэ бүхий ZL-30 маркийн авто ачигчийг Акбоар ХХК-ийн эзэмшилд шилжүүлж, үүний оронд 10000000 төгрөгийн үнэ бүхий Универсал-80 маркийн тракторыг авч, үлдсэн 20000000 төгрөгийн 5000000 төгрөгт нь цемент, 15000000 төгрөгт нь тоосго авахаар болж арилжааны гэрээг бичгээр байгуулсан. Тухайн үед 1 ширхэг тоосгоны зах зээлийн ханш дунджаар 130 төгрөг байсан ба талууд 1 ширхэг тоосгыг 150 төгрөгөөр тооцож нийт 100000 ширхэг тоосго авч өгөлцөхөөр болж, харилцан тохиролцсон. Ингэхдээ уг тоосгыг Тавалтайн ам гэх газар дахь Мурап ХХК-ийн тоосгоны үйлдвэрээс авч өгөхөөр болсон. Акбоар ХХК болон манай компани хооронд арилжааны гэрээ байгуулагдсаны дараа Акбоар ХХК-ийн захирал Р.Төлеу нь Мурап ХХК-ийн менежер Х.Нурболаттай тохиролцсоны үндсэн дээр Акбоар ХХК-ийн манай компанид өгөхөөр тохиролцсон тоосгыг Мурап ХХК-ийн тоосгоны үйлдвэрээс авч өгсөн. Нэг үгээр хэлбэл бид Акбоар ХХК-ийн захирал Р.Төлеугийн зааж хэлж өгсөн газраас л эдгээр тоосгыг компанийн жолооч н.Айханаар тээвэрлүүлсэн. Түүнээс биш манай компани Мурап ХХК-тай тоосго зээлээр худалдаж авахаар гэрээ байгуулж байгаагүй. Өөрөөр хэлбэл Акбоар ХХК-ийн захирал Р.Төлеу нь Мурап ХХК-ийн менежер Х.Нурболаттай хамаатны холбоотой байсан тул надад өгөх ёстой тоосгыг түүнээс зээлдэж авч өгсөн. Манай компани энэхүү маргааны жинхэнэ хариуцагч биш бөгөөд Мурап ХХК хариуцагчаа буруу тодорхойлсон байна. Энэхүү нэхэмжлэлийг гардан авсны дараа миний бие нэхэмжлэгчтэй биечлэн уулзаж, яагаад манай компанийг хариуцагчаар татах болсныг нь асууж лавлахад тэд: ... Акбоар ХХК-ний захирал Р.Төлеу нь манай компаниас авсан тоосгоны үнийг одоо хүртэл өгөөгүй болохоор танай компанийг хариуцагчаар татсан гэж хэлсэн. Манай компани Акбоар ХХК-тай байгуулсан арилжааны гэрээний дагуу л төлбөр арилжаа хийсэн учраас тодруулбал өөрсдийнхөө авах ёстой авлагын оронд энэхүү тоосгыг авсан учраас шударга эзэмшигч нь болж байгаа. Үүнийг нэхэмжлэгч сайн мэдэж байгаа. Тийм учраас Мурап ХХК болон Акбоар ХХК-ийн хоорондох төлбөр тооцооны асуудалд манай компани хариуцагч болох ёсгүй тул Мурап ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 656 дугаар шийдвэрээр: 1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Жорга ХХК-ийн захирал А.Берекегээс 120000 ширхэг тоосгоны үнэ болох 20400000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Мурап ХХК-ийн захиралд Х.Халиасхарт олгосугай. 2. Хариуцагч Жорга ХХК-ийн захирал А.Береке нь Акбоар ХХК-ийн захирал Р.Төлеуд холбогдох гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргаанаа нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 259950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. гэж шийдвэрлэжээ.

Давж заалдах гомдлын агуулга: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 656 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлээгүй, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ингэснээр шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэж заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлүүд:

1. Нэхэмжлэгч "Мурап" ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: "...тоосгоны үнийг цэцэрлэгийн барилгын санхүүжилт орсон үед төлөхөөр болж..." гэж тайлбарладаг. Хариуцагч "Жорга" ХХК-ийн захирал А.Береке шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн татгалзлын үндэслэлийг тайлбарладаг.

Хэрэгт авагдсан нотлох баримт болох иргэн Х.Мусагийн 2016 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн тодорхойлолтод: "...үлдсэн 15 сая төгрөгт Мурап компаниас улаан тоосго авахаар тохиролцсон" гэжээ. Мөн хэрэгт авагдсан нотлох баримт болох гэрч Х.Мусагийн шүүхэд өгсөн мэдүүлэгт: "Тоосгыг Тавалтайн ам дахь "Мурап ХХК-ийн тоосгоны үйлдвэрээс авч өгөхөөр болж тохиролцсон, Тоосгыг "Мурап" ХХК-ийн захирал Нурболат өгнө гэх мэдүүлэг, мөн Даргалагчаас: "Мурап" ХХК-иас тоосго авъя гэж хэн хэлсэн бэ? гэхэд гэрч: Береке тоосгыг хаанаас авах уу гээд Төлейгээс асуухад "Мурап" ХХК-ийн захирал Нурболат би өгнө гэсэн" гэжээ.

Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 196 дугаар зүйлд зааснаар зохигчдын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх буюу үүргийн харилцаа үүссэн эсэх талаар дүгнэлт хийгээгүй атлаа Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж хийсвэр дүгнэлт хийж, мөн нотлох баримтыг үнэлэхдээ урьдаас хөдөлбөргүй үнэн гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн.

Худалдах-худалдан авах гэрээг байгуулахын тулд талууд дор хаяж шилжүүлэх эд хөрөнгө болон үнийн талаар харилцан тохиролцоонд хүрсэн байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч шүүхэд хандаж 20400000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа боловч гэрээний үүнийг өөрөө нотолж чадаагүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хариуцагчид 120000 ширхэг тоосго худалдсан гэж тайлбарладаг боловч чухам хэдэн төгрөгийн үнэтэй тоосгыг худалдсаныг, нийт хэдэн удаагийн үйлдлээр тээвэрлүүлж байсныг огт нотолж чадаагүй байдаг. Нэхэмжлэгч хариуцагчид худалдсан гэх тоосгоны үнийг хөдөлшгүй баримтаар нотолж чадаагүй. Үүнээс үзвэл энэхүү тоосгоны маргаан нь "Акбор" ХХК-тай байгуулсан арилжааны гэрээтэй шууд холбоотой гэдэг нь харагдаж байна.

Нөгөө талаар нэхэмжлэгч хэлэхдээ хариуцагч "Жорга" ХХК тоосгыг 2015 оны 8 дугаар сараас эхэлж татаж эхэлсэн гэж тайлбарладаг боловч шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн зарлагын баримтад тоосгыг хүлээж авсан огноо 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гэж бичигдсэн байна. Уг баримтад дурдагдсан 104000 ширхэг тоосгыг 39-85 УБО улсын дугаартай КАМАЗ маркийн автомашин нэг удаагийн үйлдлээр тээвэрлэх боломжгүй болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед зохигчийн тайлбараар нотлогдсон юм.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед хариуцагчийн өмгөөлөгч нэхэмжлэгчээс: Хэрэгт авагдсан зарлагын баримтууд эргэлзээтэй байна. Та 20400000 төгрөгийн үнэ бүхий тоосгыг хариуцагчид худалдсан гэдгийг хөндлөнгийн бусад нотлох баримтаар нотлох ёстой. Энэ тухай татварын тайлан, эсхүл аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлж байсан тухай баримт байна уу? гэж асуухад нэхэмжлэгч байхгүй гэж хариулсан болно.

Дээрх баримтуудаас үзэхэд хавтаст хэрэгт авагдсан 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн зарлагын баримт нь бодит байдал дээр хариуцагч "Жорга" ХХК-ийн "Акбоар" ХХК-аас гэрээний дагуу хэлэлцэн тохиролцсон 15000000 төгрөгийн үнэ бүхий улаан тоосгыг авч, өгөлцсөнийг л гэрчлэх баримт болох нь харагдаж байна. /"Мурап" ХХК-ийн тоосгоны үйлдвэрээс/. Түүнээс биш зохигчдын хооронд үүргийн гүйцэтгэлийг нотлох санхүүгийн бөгөөд төлбөрийн баримт биш юм.

2. 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн зарлагын баримтын хувьд хариуцагч энэхүү 16000 ширхэг тоосгуудыг огт хүлээж авч байгаагүй, ийм тооны тоосгыг авах ч шаардлага байгаагүй, цэцэрлэгийн барилга барихад 100000 ширхэг тоосго хангалттайбайсан гэж нэхэмжлэлийн татгалзлын үндэслэлээ тайлбарладаг. Уг баримтад хүлээж авсан этгээд Х.Алихан гэж бичигдсэн байхад анхан шатны шүүх хариуцагчийг 16000 ширхэг тоосгыг аваагүйгээ нотлох баримтаар нотолж чадаагүй гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ. Учир нь: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаарзүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй болохыг тодорхой заасан байдаг. Түүнчлэн анхан шатны шүүх дээрх зарлагын баримтуудын талаар дүгнэлт хийхдээ Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 13 дугаар зүйлийн 13.1, 13.5-т заасныг анхаараагүй.

3. Мөн "Жорга" ХХК болон "Мурап" ХХК-ийн хооронд ямар нэгэн гэрээ байгуулагдсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлохбаримтуудаар хангалттай тогтоогдохгүй байхад анхан шатны шүүх зарим нэгэн огт хамааралгүй нотлох баримтыг эргэлзээгүй, баталгаатай гэж үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2.-т заасныг зөрчсөн гэж үзэж байна. Тухайлбал, анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа шийдвэрийн үндэслэл болгосон гол нотлох баримтууд болох 2015 оны 8 дугаар сарын 20-ны болон 9 дүгээр сарын 30-ны өдрийн зарлагын баримт болон 9 дүгээр сарын 30-ны өдрийн баримтуудыг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болох гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн тайлбартай харьцуулансудлалгүйгээр шууд эргэлзээгүй хэмээн үнэлснээр хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзнэ. Шүүх шийдвэр гаргахдаа "...Жорга ХХК-ны жолооч Х.Айхан гэж гарын үсэг зурсан ба хүлээн авсан Х.Айхан нь "Жорга" ХХК-ийн жолооч болох нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн мэдүүлгээр нотлогдож байна" гэж үзэж үүнийгээ шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь үндэслэл муутай болсон гэж үзэж байна. Хариуцагч тайлбарлахдаа: "эдгээр тоосгуудыг жолооч Х.Айхан авсан байж болно. Гэхдээ үүнийг "Жорга" ХХК хариуцахгүй, Х.Айхан нь компанийг төлөөлөн бусадтай гэрээ байгуулж, тоосго худалдан авах бүрэн эрхгүй этгээд. Түүнд компанийн захирлын зүгээс итгэмжлэл, зөвшөөрөл өгөөгүй. Хэрэв Х.Айхан нь "Мурап" ХХК-аас 120000 ширхэг тоосго авсан бол өөрөө хариуцах ёстой. Миний авсан тоосго бол зөвхөн "Акбоар" ХХК-аас авах ёстой тоосго байсан юм" гэж маргадаг,

4.Хариуцагчийн зүгээс "Акбоар" ХХК-ийн захирлыг гэрчээр асуулгах хүсэлтийг шүүхэд гаргасан боловч анхан шатны шүүх хүсэлтийг хангахаас үндэслэлгүйгээр татгалзсан. Ингэснээр хариуцагчийн хуулиар олгогдсон эрх тодруулбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 25.2.2-т заасан эрх нь хязгаарлагдсан гэж үзэж байна. Нөгөөтээгүүр, ИХШХШТХ-ийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасныг анхан шатны шүүх зөрчсөн юм.

Нэхэмжлэгч урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед шинээр нотлох баримт гаргаж өгсөн ба тэрхүү нотлох баримтыг шүүх хуралдааны үед гаргаж өгч байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэдгийг шүүхийн өмнө нотолж чадаагүй байхад шүүх уг нотлох баримтыг хүлээн авч, хариуцагч талын уг нотлох баримттай холбоотой сөрөг нотлох баримт цуглуулах талаар гаргасан хүсэлтээсээ үндэслэлгүй татгалзаж, нэхэмжлэгч талд давуу байдал олгож хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхээс энэ мэт нөхцөл байдлыг анхаараагүй бөгөөд нэхэмжлэгчийн өөрт нь ашигтай байдлаар тайлбарласан тайлбарыг л гарцаагүй бөгөөд туйлын үнэн гэж үзээд түүний тайлбарыг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хуулж бичиж дүгнэснээс үзэхэд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьсан төдийгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтойгоор зөрчсөн болох нь харагдаж байна. Нөгөөтээгүүр, анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа "...иймд зохигч нарын хооронд худалдах-худалдан авах гэрээ хийгдээгүй" гэж дүгнэлт хийсэн мөртлөө "Мурап" ХХК-ийн тоосгоны үйлдвэрээс хариуцагч "Жорга" ХХК нь тоосгыг өмчлөлдөө авч, нэг том обьект барьсан болох нь оролцогч нарын мэдүүлэг, зарлагын баримт зэрэг нотлох баримтаар нотлогдож байгаа тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах. худалдан авах гэрээ байгуулагдсан байна" гэж урьд хийсэн дүгнэлтээ өөрөө үгүйсгэсэн нь ойлгомжгүй болсон.

Эцэст нь хэлэхэд "Жорга" ХХК болон "Мурап" ХХК-ийн хооронд ямар нэгэн гэрээ байхгүй бөгөөд "Акбоар" ХХК-ны "Жорга" ХХК-тай байгуулсан арилжааны гэрээний үүргийн гүйцэтгэл буюу 15000000 төгрөгт ногдох улаан тоосгыг "Мурап" ХХК-аас авч өгсөн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болох гэрчийн мэдүүлэг, тайлбараар нотлогдож байгаа. Өөрөөр хэлбэл, "Жорга" ХХК болон "Мурап" ХХК-ийн хооронд тоосго зээлээр худалдах-худалдан авах гэрээ /бичгээр/ байгуулагдаагүй. Мөн ойролцоо төрлийн гэрээ болох тоосго худалдах-худалдан авах гэрээ ч гэсэн байгуулагдаагүй гэж дүгнэж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 656 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Мурап ХХК нь хариуцагч "Жорга" ХХК-аас авсан 120000 ширхэг тоосгоны үнэ 20400000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, хариуцагч 120000 ширхэг тоосго авсан, эсхүл 100000 ширхэг тоосго авсан эсэх талаар тодруулаагүйгээс зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримт бодитой тогтоогдоогүй, хуульд заасан тохиолдолд, хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхээс нотлох баримт бүрдүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д заасан журам зөрчигджээ. Хариуцагчийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр гаргасан ...Мурап ХХК-тай тоосго зээлээр худалдаж авахаар гэрээ байгуулж байгаагүй, Мурап ХХК-ийг хариуцагчаа буруу тодорхойлсон гэж үзэж байгаа. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасны дагуу Акбоар ХХК-ийг хамтран хариуцагчаар татаж өнө үү. ... Акбоар ХХК-тай арилжааны гэрээг бичгээр байгуулсан, гэрээний эх хувь захирал Р.Төлеуд байгаа тул түүнээс гэрээний эх хувийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт зааснаар албадан гаргуулж хавтаст хэрэгт хавсаргаж өгнө үү. гэх хүсэлт мөн хариуцагчийн өмгөөлөгчийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Р.Төлеуг гэрчээр асуулгах гэсэн хариуцагч талын хүсэлтийг шүүхээс тодруулахгүйгээр Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1907 дугаар, 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2458 дугаар шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх журмыг зөрчиж, хариуцагчид мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-т заасан үүргээ хэрэгжүүлэх боломж олгоогүй байна.

Анхан шатны шүүх хариуцагчийн хүсэлтийг буруу тодорхойлж, улмаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар хариуцагч Жорга ХХК-ний захирал А.Береке нь Акбоар ХХК-ний захирал Р.Төлеуд холбогдох гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргаанаа нотлох баримт бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. гэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.-т заасан журамд нийцээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.-т анхан шатны шүүхээс хэргийн талаар гарах шийдвэрүүдийн гурван төрлийг хуульчилсан бөгөөд тэдгээрт жич нэхэмжлэх эрхтэй гэсэн агуулгатай шийдвэр багтаагүй байна.

Иймээс дээрх үндэслэлүүдээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7.-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөн зүйлийн 168.3.-т зааснаар хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, хариуцагчийн өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хуульд зааснаар хариуцагчийн өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259950 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, буцаан олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 656 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээж авсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259950 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД М.НЯАМБАЯР

Д.КӨБЕШ