Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 144

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, улсын бүртгэлийн 211001052 дугаартай, 2661209 регистрийн дугаартай "Мурап" ХХК /захирал Х.Халиасхар/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагааг явуулдаг Жорга ХХК /захирал А.Береке/-д холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч МурапХХК-ийн захирал Х.Халиасхар, түүний өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагч Жорга ХХК-ийн захирал А.Береке, түүний өмгөөлөгч С.Нургайып, А.Серикжан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Айбек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: 120000 ширхэг тоосгоны үнэ 20400000 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Мурап ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Нурболат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баян-Өлгий аймгийн "Жорга" ХХК-ийн захирал А.Береке нь 2015 оны 8 дугаар сард Өлгий сумын хүүхдийн цэцэрлэг барихаар тендерт шалгарч Мурап ХХК-ийн менежер Х.Нурболат надтай тохиролцон Тавалтайн ам дахь тоосгоны үйлдвэрээс улаан тоосгыг Жорга ХХК-ийн Айхан жолоочтой УБО-39-85 машинаар татаж газар дээрээс 1 ширхэг тоосгыг 170 төгрөгөөр тооцож тоосгоны үнийг цэцэрлэгийн барилгын санхүүжилт орсон үед төлөхөөр болж бүгд 120000 ширхэг тоосгыг бүгд 20,400,000 төгрөгөөр авч цэцэрлэгийн барилгыг барьж 2015 онд ашиглалтад оруулан санхүүжилтийг бүрэн авсан боловч одоо хүртэл манай компанид уг мөнгийг төлөхгүй хохироож байгаа тул Жорга ХХК-аас улаан тоосгоны үнэ болох 20,400,000 төгрөгийг гаргуулан өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгч Мурап ХХК-ийн захирал Х.Халиасхар шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: 2015 онд "Жорга" компанийн захирал А.Береке нь манайхаас аман гэрээ хийж нийтдээ 120000 ширхэг тоосго авч цэцэрлэгийн барилгыг барьж ашиглалтад оруулсан. Бас өр зээлтэй хоёр айлд тоосгоны зохих хэсгийг буулгаж өгсөн байгаа. Энэ авсан тоосго нь зарлагын хоёр удаагийн баримтаар Айхан жолоочийн баримтаар нотлогдоно. Нэг удаа 8000 ширхэг тоосго аваад ачиж явсан байгаа юм. А.Береке нь тухайн үед энэ мөнгийг санхүүжилт орж ирэх үед өгнө гэж тохирсон. Тухайн үед тоосгоны үнэ 180 төгрөгийн үнэтэй байсан. Би их хэмжээгээр тоосго авч байна, үнийг буулгаж өгөөч гэсний дагуу 170 төгрөгөөр өгсөн. Энэ тоосгыг авснаас хойш одоо хүртэл нэг ч төгрөг өгөөгүй. Харин мөнгө өгөх байтугай манай компанийн нэр хүндэд халдаж танай компанийн тоосго чанаргүй байна, 4000 тоосгыг хогоор ачсан байгаа, нийтдээ 104000 ширхэг тоосго ачсан гээд худлаа гүтгэж залилан мэхэлж байгаа. А.Берекегийн хэлж байгаагаар энэ тоосгыг авсан маань үнэн. Би Улсын Дээд шүүх хүртэл заргалдана. Үүгээр хугацаа хожно. Тэрүүгээр яваандаа төлбөл төлнө, төлөхгүй бол дампуурлаа зарлаад явна гээд хүмүүст ярьдаг юм байна. Энэхүү авсан тоосго нь гэрчүүдийн мэдүүлэг, гарын баримтуудаар нотлогдоно. А.Береке нь "Акбоар" компаниас энэ мөнгийг гаргуулж өгнө гээд байгаа. Энэ бол гуравдагч этгээд юм. Тэр "Акбоар" компани бол манайд ямар ч холбогдолгүй. "Акбоар" компанитай ярьж тохирсон зүйл байхгүй. Зөвхөн манай компанитай тохиролцсоны дагуу энэ тоосгыг авсан юм. Ийм учраас нийт авсан 120000 ширхэг тоосгоны үнэ болох 20400000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259950 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн хүсэлттэй байна. А.Берекегийн ярьж байгаагаар 104000 ширхэг тоосго авсан гэдэг нь огт үндэслэлгүй юм. Хоёр айлд буулгаж өгсөн байлаа. Тэр талаар тоосго ачсан жолооч тодорхой хэлж өгсөн. Тэрийг хаана буулгасныг мэдсэнгүй. Тоосго ачсан жолооч хэлж өгсөн. Ийм учраас тоосгоны үнийг гаргуулж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Жорга ХХК-ийн захирал А.Береке шүүхэд гаргасан тайлбартаа: Мурап ХХК-аас шүүхэд хандаж 20,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаж үзлээ. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах хариу тайлбарыг гаргаж байна. Тус компани 2015 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Акбоар ХХК-ийн захиралтай харилцан тохиролцож Жорга ХХК-ийн эзэмшлийн 30,000,000 төгрөгийн үнэ бүхий ZL-30 маркийн авто ачигчийг Акбоар ХХК-ийн эзэмшилд шилжүүлж, үүний оронд 10,000,000 төгрөгийн үнэ бүхий Универсал-80 маркийн тракторыг авч, үлдсэн 20,000,000 төгрөгийн 5,000,000 төгрөгт нь цемент, 15,000,000 төгрөгт нь тоосго авахаар болж арилжааны гэрээг бичгээр байгуулсан. Тухайн үед 1 ширхэг тоосгоны зах зээлийн ханш дунджаар 130 төгрөг байсан ба талууд 1 ширхэг тоосгыг 150 төгрөгөөр тооцож нийт 100,000 ширхэг тоосго авч өгөлцөхөөр болж харилцан тохиролцсон юм. Ингэхдээ уг тоосгыг Тавалтайн ам гэх газар дахь Мурап ХХК-ийн тоосгоны үйлдвэрээс авч өгөхөөр болсон. Акбоар ХХК болон манай компани хооронд арилжааны гэрээ байгуулагдсаны дараа Акбоар ХХК-ийн захирал Р.Төлеу нь Мурап ХХК-ийн менежер Х.Норболаттай тохиролцсоны үндсэн дээр Акбоар ХХК-ийн манай компанид өгөхөөр тохиролцсон тоосгыг Мурап ХХК-ийн тоосгоны үйлдвэрээс авч өгсөн юм. Нэг үгээр хэлбэл бид Акбоар ХХК-ийн захирал Р.Төлеугийн зааж хэлж өгсөн газраас л эдгээр тоосгыг компанийн жолооч н.Айханаар тээвэрлүүлсэн юм. Түүнээс биш манай компани Мурап ХХК-тай тоосго зээлээр худалдаж авахаар гэрээ байгуулж байгаагүй, тийм тохиролцоо ч байгаагүй юм. Өөрөөр хэлбэл Акбоар ХХК-ийн захирал Р.Төлеу нь Мурап ХХК-ийн менежер Х.Нурболаттай хамаатны холбоотой байсан тул надад өгөх ёстой тоосгыг түүнээс зээлдэж авч өгсөн. Өөрөөр хэлбэл манай компани энэхүү маргааны жинхэнэ хариуцагч биш бөгөөд Мурап ХХК хариуцагчаа буруу тодорхойлсон байна. Энэхүү нэхэмжлэлийг гардан авсны дараагаар нь миний бие нэхэмжлэгчтэй биечлэн уулзаж яагаад манай компанийг хариуцагчаар татах болсныг нь асууж лавлахад тэд: ... Акбоар ХХК-ний захирал Р.Төлеу нь манай компаниас авсан тоосгоны үнийг одоо хүртэл өгөөгүй болохоор танай компанийг хариуцагчаар татсан гэж хэлэв. Манай компани Акбоар ХХК-тай байгуулсан арилжааны гэрээний дагуу л төлбөр арилжаа хийсэн учраас тодруулбал өөрсдийнхөө авах ёстой авлагын оронд энэхүү тоосгыг авсан учраас шударга эзэмшигч нь болж байгаа юм. Үүнийг нэхэмжлэгч сайн мэдэж байгаа. Тийм учраас Мурап ХХК болон Акбоар ХХК-ийн хоорондох төлбөр тооцооны асуудалд манай компани хариуцагч болох ёсгүй тул Мурап ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Жорга ХХК-ний захирал А.Береке шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мурап ХХК-ийн нэхэмжилж байгаа 20 сая төгрөгийн хувьд 2015 оны 7 дугаар сард Акбоар ХХК-ийн захирал Төлеутэй би тракторын хэрэг гараад өөртөө байгаад ковш машиныг 30 сая төгрөгөөр үнэлж өгөөд 10 сая төгрөгт трактор, 5 сая төгрөгт 4 дүгээр багийн иргэн Бектемирээс цемент авч өгсөн. Үлдсэн 15 сая төгрөгт нь Мурап компанийн менежер бид гурав хамтдаа байлцаж байгаад чи Тавалтайн ам гэдэг газраас 100000 тоосго авна гэж зааж өгсний дагуу тоосгоо авсан. Хоёрдугаарт гол гэрчлэх хүн бол Муса гэдэг хүн байгаа. Энэ Муса гэдэг хүн Акбоар компанийн менежер байсан. Тэр хүн арилжааны гэрээ бичээд бид гурав хамтдаа сууж байгаад гарын үсгээ зураад би хуулбар хувийг аваад үндсэн хувийг Акбоар компанийн захирал Төлеуд өгсөн. Тэгээд би тоосгоо авч барилгыг барьж дуусгасан. Жилийн дараа Х.Нурболат гэдэг нөхөр гарч ирээд Акбоар компаниас мөнгө өгөхгүй байна. Нэг өдөр Мурап компанийн Х.Нурболат гэх нөхөр гарч ирээд Энэ мөнгийг чи өөрөө төл, төлөхгүй бол шүүхэд өгнө гэсэн. Тэгээд би Акбоар компанийн захиралтай утсаар ярьсан чинь чиний трактор эвдэрхий байсан, надад мөнгө байхгүй гээд шалтаг тоочсон. Тэгээд энэ мөнгийг чи өөрөө төлчих, дараа нь хоёулаа хоорондоо тооцоогоо хийе гэсэн. Тэгэхээр нь би тийм зүйл байхгүй гэдгээ хэлсэн. Ингээд явсаар байгаад шүүхэд ирсэн. Хамгийн гол нь би энэ тоосгыг авсан маань үнэн. Би аваагүй гэж хэлээгүй. Би тоосго авахдаа Акбоар компанийн зааж өгсөн газраас авсан. Би Мурап компанитай гэрээ хийгээгүй. Хоёрдугаарт 15 сая төгрөгийг тоосгыг хамаагүй хүнд өгчихнө гэдэг бол байж болохгүй зүйл юм. Эхлээд гэрээ хийх ёстой. Дараа нь надад нэхэмжлэх явуулах ёстой. Хамгийн гол нь тоосгыг ачуулаад байсан. Нэг өдөр Х.Нурболат утастаад танай авах ёстой 15 сая төгрөгийн тоосго дууссан шүү. Одоо та нар битгий машин явуулаарай гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар 104000 ширхэг тоосгоо аваад Айхан жолооч гарын үсгээ зурж өгөөд дуусгасан. Би үнэхээр Мурап ХХК-аас тоосго авсан байсан бол эхлээд гэрээ хийх ёстой байсан. Тэгээд нэхэмжлэх явуулах ёстой байсан. Би өнгөрсөн жил 300 сая төгрөгийн санхүүжилт авч байхад энэ хүмүүс мөнгө нэхэмжлэхгүй хаана яваад байсан юм бэ?. Одоо гэнэт гарч ирээд Акбоар компани өгөхгүй байна, чи өгчих гээд байгаа нь ямар учиртай юм бэ?. Энэ хоёр компанийн захирлууд бол хоорондоо ойрын хамаатан хүмүүс байгаа. Төлеу гэрчээр мэдүүлэг өгөхдөө Нурболатыг манай эхнэрийн талын хамаатан гэж гэрчилсэн. Энэ хоёр хүн ойрын хамаатнууд учраас хоорондоо хуйвалдаж байгаа гэж бодож байна. Тэрнээс биш өгөх ёстой байсан бол өгнө. Би өнгөрсөн жил улсуудаас 300 сая төгрөгийн зээл аваад бүгдийг төлж өгсөн. Концевцийн гэрээгээр 450 сая төгрөгөөр цэцэрлэг барьж өгсөн. Тэр үед 400 сая төгрөгийг бэлнээр аваад бүх өрийг дарсан байгаа. Одоо ганцхан Капитрон банканд 30 сая төгрөгийн зээлтэй. Тэрнээс биш өөр ямар ч хүнд өргүй. Би Мурап компанитай гэрээ хийгээд тоосго авсан бол өгөх ёстой. Надад тийм бололцоо байгаа. Гэхдээ би 30 сая төгрөгт нь өөрийн явж машинаа өгсөн. Уг би тэр машиныг би 56 сая төгрөгөөр авсан. Дараа нь мөнгөний хэрэгцээ гараад надад тоосго, цемент байгаа гэхээр нь зарсан. Төлеу гэдэг хүн миний ажиллаж байгаа ковшийг Буянт суманд очиж өөрөө аваад ирсэн. Гэтэл одоо ковш чинь ингэсэн, тэгсэн байна. Энэ тоосгоны мөнгийг өөрөө төлөөрэй гэж байгааг нь маш их эсэргүүцэж байна. Тийм учраас энэ асуудлыг үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Мурап ХХК-ийн захирал Х.Халиасхар болон хариуцагч Жорга ХХК-ийн захирал А.Береке нарын хооронд ямар нэгэн тоосго худалдах, худалдан авах тухай гэрээ бичгээр хийгдээгүй боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Мурап ХХК-ийн тоосгоны үйлдвэрээс 104000 ширхэг тоосгыг хариуцагч Жорга ХХК авсан болох нь 2015 оны 9 дугаар сарын 30-ны өдрийн зарлагын баримт, мөн тухайн тоосгыг тээвэрлэж байсан жолооч Х.Аймухан /хоч нэр Х.Айхан/-ны шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэг, мөн хариуцагчийн Мурап ХХК-ийн тоосгоны үйлдвэрээс 104000 ширхэг тоосгыг авсан маань үнэн гэсэн тайлбараар тус тус нотлогдож байна.

Хавтаст хэрэгт авагдсан 2015 оны 9 дүгээр сарын 30-ны зарлагын баримтаар 104000 ширхэг улаан тоосгыг хүлээлгэн өгсөн Мурап ХХК-ийн эд хариуцагч Халамхан, худалдан авагчийн нэр Жорга ХХК, УБО-39-85, хүлээн авагч Х.Айхан гэж гарын үсэг зурсан ба хүлээн авсан Х.Айхан (Х.Аймухан) нь Жорга ХХК-нд жолоочоор ажиллаж байсныг хариуцагч үгүйсгээгүй болно.

Энэ 2015 оны 9 дүгээр сарын 30-ны зарлагын баримтыг нэхэмжлэгч тал хариуцагч компанид урьд өмнө ирүүлээгүй, тоосгоны үнийг төлөх тухай шаардаж байгаагүй, бидний хооронд ямар нэгэн тоосгоны үнийн тооцоо байхгүй гэж маргаж байгаа боловч хариуцагч Жорга ХХК нь 104000 ширхэг тоосгыг Мурап ХХК-ийн тоосгоны үйлдвэрээс авсан нь дээрх нотлох баримтууд болон хариуцагч тал уг тоосгоор хүүхдийн цэцэрлэг барьсан гэдэг нь хэргийн оролцогч нарын шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдааны үед өгсөн мэдүүлгээр давхар нотлогдож байна.

Хариуцагч Жорга ХХК-ийн захирал А.Береке нь Акбоар ХХК-ийн захирал Р.Төлеугийн надад өгөх өглөгийн оронд түүний хэлснээр Мурап ХХК-ийн тоосгоны үйлдвэрээс 104000 ширхэг тоосгыг 150 төгрөгөөр үнэлж авсан гэх боловч хавтаст хэрэгт авагдсан хариуцагч талаас гаргаж өгсөн Жорга ХХК-ийн захирал А.Береке болон Акбоар ХХК-ийн захирал Р.Төлеу нарын хооронд байгуулсан гэх 2015 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээний худалдагчийн үүрэг гэдгийн хоёр дахь догол мөрөнд ZL-30 маркийн ковшийн үнэ болох 30 сая төгрөгийн хэмжээнд тохиролцож, универсал-80 тракторыг 10 сая төгрөгөөр, үлдсэн мөнгөнд цемент, тоосго авахаар тохиролцов гэсэн боловч хэзээ, хаанаас, хэдэн төгрөгөөр, хэдэн ширхэг тоосго авах тухайгаа энэ гэрээнд тодорхой тусгаагүй байна. /хх-ийн 17 дугаар хуудас/,

Мөн шүүхэд гэрчээр мэдүүлэг өгсөн Х.Муса нь Жорга ХХК-ийн захирал А.Береке болон Акбоар ХХК-ийн захирал Р.Төлеу нарын хооронд байгуулсан 2015 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний төслийг би бичсэн ба Акбоар ХХК нь уг гэрээнд заасан тоосгыг Мурап ХХК-ийн Тавалтай тоосгоны үйлдвэрээс 15 сая төгрөгт тооцож тоосго авч өгөхөөр болсон, мөн Мурап ХХК-ийн захирал Нурболат (Нурка) нэг тоосгыг 130-150 төгрөгөөр үнэлэн өгнө гэсэн гэх боловч энэ нь хөндлөнгийн бусад нотлох баримтаар тогтоогдоогүй, мөн гэрч Р.Төлеугийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байгаа тул Х.Мусагийн мэдүүлэг дангаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно.

Хариуцагч Жорга ХХК-ний захирал А.Береке нь нэхэмжлэлийн шаардлагаас Мурап ХХК-ийн тоосгоны үйлдвэрээс 16000 ширхэг тоосгыг аваагүй гэж хүлээн зөвшөөрөөгүй, хариуцагч 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 16000 ширхэг тоосго авсан гэдгийг нэхэмжлэгч тал нотолж чадаагүй болно.

Нэхэмжлэгч Мурап ХХК-ний 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 16000 ширхэг улаан тоосгыг хариуцагч Жорга ХХК авсан гэх зарлагын баримт №13 гэдэг нь зарлагын албан ёсны баримтад бичигдээгүй, тэмдэглэлийн дэвтэрт гараар бичсэн бөгөөд компанийн тамга тэмдэг дарагдаагүй, тухайн тоосгыг хувь хүнд буулгасан гэдгийг гэрчээр мэдүүлэг өгсөн Х.Аймухан (хоч Х.Айхан) мэдүүлсэн боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Мөн хариуцагч Жорга ХХК-ийн захирал А.Береке нь шүүх хуралдаанд нэхэмжлэгч Мурап ХХК-аас авсан 104000 ширхэг тоосгоны 4000 ширхэг тоосго нь шаардлага хангахгүй тул тухайн үед хогт хаясан гэж мэдүүлдэг боловч 4000 ширхэг тоосгыг хогт хаяснаа нотлох баримтаар нотолж чадаагүй болно.

Хариуцагч тухайн үед нэг ширхэг тоосгоны үнэ 130-150 төгрөг, үйлдвэрээс нь авахад нэг ширхэг тоосго 130 төгрөг байсан гэх боловч хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Өлгий сумын төрийн сангийн төлөөлөгчийн Эд зүйлийн үнэлгээ тогтоох тухай баримтаар 2015 оны 6, 7, 8 дугаар сарын байдлаар тоосгоны нэг бүрийн үнэ 180 төгрөг болох нь нотлогдож байгаа боловч нэхэмжлэгч нэхэмжлэлдээ нэг ширхэг тоосгыг 170 төгрөгөөр үнэлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэн 1 ширхэг тоосгыг 170 төгрөгөөр үнэлэх нь зүйтэй байна.

Иймд хариуцагч Жорга ХХК-аас 104000 ширэх тоосгоны үнэ 17680000 төгрөг (104000 ширхэг тоосго х 170 төгрөг = 17680000 төгрөг)-ийг гаргуулан нэхэмжлэгч Мурап ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 2720000 (16000 ширхэг тоосго х170 төгрөг = 2720000 төгрөг) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийг хангасан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 246350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-ийг баримтлан Жорга ХХК-иас 104000 ширхэг тоосгоны үнэ 17680000 (арван долоон сая зургаан зуун наян мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Мурап ХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 2720000 (хоёр сая долоон зуун хорин мянган) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Мурап ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259950 (хоёр зуун тавин есөн мянга есөн зуун тавин) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Жорга ХХК-аас 246350 (хоёр зуун дөчин зургаан мянга гурван зуун тавин) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Мурап ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК