Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/00120

 

    Ц.Ц-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2017/02093 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2170 дугаар магадлалтай,

Ц.Ц-гийн нэхэмжлэлтэй,

Х Б- ХХК-д холбогдох,        

Мөнгөн хадгаламжийн гэрээний үүрэгт 500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгч Х.Б-ийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ц-, түүний өмгөөлөгч Н.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б-, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Ц- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 1 дүгээр хороололд байрлалтай Х Б- ХХК-ийн 70 дугаар тооцооны төв болох Өнөр тооцооны төвд өөрийн тэтгэврээс хуримтлуулсан 500.000 төгрөгөө 13.7 хувийн хүүтэйгээр хадгалуулсан. Дээрх мөнгөө би өөрийн болон группт байдаг хүүхдийнхээ эмчилгээнд хэрэглэхээр хадгалсан. Гэтэл би уг 500.000 төгрөгөө авахаар 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Өнөр тооцооны төвд очиход та мөнгөө авсан байна гээд өгөөгүй, тухайн үед би мөнгөө аваагүй гэж хэлсэн боловч намайг авсан гэж гүтгэж, залилсан гэж үзэж байна. Миний бие тус банкинд 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр нэмж 1.000.000 төгрөг хадгалуулсан. Гэтэл 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөө 500.000 төгрөгөө авсан гэж гүтгэж байна. Миний мөнгийг тус банкны теллер н.Амарсайхан гэгч хувьдаа завшсан гэж үзэж байна. Мөн миний бие 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ тооны орон алдаж, 500.000 төгрөгийг 5.000.000 төгрөг гэж андуурч бичсэн байна.

Иймд, 1 дүгээр хороололд байрлалтай Х Б-ны 70 дугаар салбар Өнөр тооцооны төвөөс Ц.Ц- миний хадгалуулсан 500.000 төгрөгийг хүүгийн хамтаар гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь энэ асуудлаар шүүхэд 3 дахь удаагаа хандаж байгаа бөгөөд өмнөх 2 тохиолдолд хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэх шүүх хуралдаанд ирээгүй шалтгаанаар нэхэмжлэл буцаж шийдвэрлэгдсэн. Мөн нэхэмжлэгчийн маргаж буй өөрөө хийгээгүй гэх гүйлгээний баримтын хувь нэхэмжлэгчид өөрт нь байсан бөгөөд өмнөх удаа хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэх шүүх хуралдааны үеэр дансны гүйлгээг баримтуудтай тулгаж шалгахад өөрөө гаргаж үзүүлсэн бөгөөд гүйлгээг хийсэн ажилтнуудыг гэрчээр дуудаж асуухад гүйлгээ зохих журмаар хийгдсэн, хугацаатай хадгаламжаас зарлага гаргах гүйлгээг зөвхөн нэг баримтаар бус хугацаатай хадгаламж цуцлах хүсэлт, хугацаагүй хадгаламжийн гэрээ гэх зэрэг 4 гарын үсэг шаарддаг ба эдгээр бүх гүйлгээ, үйлдлийг 1 ажилтан хийх боломжгүй, санхүүгийн тодорхой хяналт, дамжлагаар гүйцэтгэдэг болохыг мэдүүлсэн.

Иймд, Ц.Ц-гийн Х Б- ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2017/02093 дугаар шийдвэрээр, Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1 дэх хэсэгт заасан заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Ц-гийн нэхэмжлэлтэй хариуцагч Х Б- ХХК-д холбогдох 500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2170 дугаар магадлалаар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2017/02093 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч Х.Б- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нөхцөл байдлыг бүрэн ойлгохгүйгээр анхан шатанд буцаасанд гомдолтой байна. Шинжээч томилсон шүүх хурал дээр нэхэмжлэгч нь өөрийн гарын үсэг зураагүй гэж үзсэн баримтуудаа дурдаж уг баримт бичгүүд дээр нь шинжилгээ хийлгэсэн юм. Ингэхдээ нэхэмжлэгч нь 500.000 төгрөгийн зарлагын баримтад гарын үсэг зураагүй гэж маргаагүй, харин шинжээчид асуулт тавигдсан хадгаламж цуцлах хүсэлт болон бусад гэрээнүүдэд гарын үсэг зураагүй гэж маргасан. Үүнийх нь дагуу шүүхээс асуулт тавигдсан байтал анхан шатны шүүхийг буруутгаж, буруу ажиллагаа явуулсан мэтээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Нэхэмжлэгч Ц.Ц- нь анх “Х Б-ны теллер Амарсайхан анх хадгаламж нээлгэхээр өгсөн миний 500.000 төгрөгийг хадгаламж руу хийлгүй алга болгосон” гэдэг байсан. Гэтэл хадгаламжийн дансны хуулгаар уг яриад байгаа 500.000 төгрөгийн орлогоор данс нээсэн болох нь батлагддаг. Үүнийг нь тайлбарлаж өгсний дараа “тэгвэл би 500.000 төгрөгийн зарлага хийгээгүй байхад алга болчихлоо” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж явж байгаа.

Нэхэмжпэгч нь анх 2014.11.25-ны өдөр 500.000 төгрөгөөр хугацаатай хадгаламжийн данс (5001254757) нээж,

2014.12.24-ний өдөр 1.000.000 төгрөгийн орлого нэмж хийж,

2015.01.07-ны өдөр 1.500.501,37 үлдэгдэлтэй байхад нь уг дансаа хугацаанаас нь өмнө цуцлах хүсэлт гаргаж (хх-39, 42) хаагаад,

Уг өдрөө 1.500.501,37 дүнгээр хугацаагүй хадгаламж нээгээд, үүнээс 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 500.000 төгрөгийг бэлнээр зарлагадаж (хх-40) аваад, үлдсэн 1.000.000 төгрөгөөр дахин хугацаатай хадгаламж (5001295667) нээгээд, 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 1.033.000 төгрөг зарлага гаргасан байна.

Хугацаатай хадгаламжаасаа нэхэмжлэгч нь 500.000 төгрөг авахын тулд дээрх шат дамжлага хийгдсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь хугацаатай хадгаламжаа цуцлах хүсэлт гаргаагүй, хугацаагүй хадгаламжийн гэрээ байгуулаагүй, 1.000.000 төгрөгөөр дахин хугацаатай хадгаламжийн гэрээ байгуулаагүй гэх зэрэг ярианаас нь уг баримтуудад шинжээч томилохоор болсон юм. Хавтаст хэрэгт хэргийг шийдвэрлэхэд хангалттай баримт авагдсан байгаа тул хэргийг эцэслэн шийдвэрлэж магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                               ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Ц.Ц-гийн гаргасан гомдлоор хэргийг хянаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь хууль зөрчөөгүй байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх бөгөөд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчснөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэх шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч томилохдоо нэхэмжлэгчийн маргаж буй үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Зарлагын маягт”-д зурагдсан “Цэцэгмаа” гэх гарын үсэг нь нэхэмжлэгчийн гарын үсэг мөн эсэх талаар асуулт тавиагүйгээс шинжээч энэ талаар дүгнэлт гаргаагүй байна гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт буруу биш байна.

Дээрх байдлаар анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчснөөс зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх боломжгүй юм.

Иймд, хариуцагчийн төлөөлөгчийн гомдолд дурдснаар магадлалыг хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2170 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Х.Б-ийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15.650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                           Г.АЛТАНЧИМЭГ