Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 762

 

 

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 04 өдөр            Дугаар 181/ШШ2018/00762               Улаанбаатар хот

   

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,      

 

Нэхэмжлэгч:, Б овогт Ц Ц /РД: /-ийн нэхэмжлэлтэй,            

Хариуцагч:, “Хас Банк” ХХК /РД:2578697/-д холбогдох,         

 

Мөнгөн хадгаламжийн гэрээний үүрэгт 500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.                         

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батдэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.          

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд:   

Миний бие 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 1 дүгээр хороололд байрлалтай “Х Б” ХХК-ийн 70 дугаар тооцооны төв болох Өнөр тооцооны төвд өөрийн тэтгэврээс хуримтлуулсан 500,000 төгрөгөө 13.7 хувийн хүүтэйгээр хадгалуулсан. Дээрх мөнгөө би өөрийн болон группт байдаг хүүхдийнхээ эмчилгээнд хэрэглэхээр хадгалсан. Гэтэл би уг 500,000 төгрөгөө авахаар 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Өнөр тооцооны төвд очиход та мөнгөө авсан байна гээд өгөөгүй, тухайн үед би мөнгөө аваагүй гэж хэлсэн боловч намайг авсан гэж гүтгэж, залилсан гэж үзэж байна.

Миний бие тус банкинд 2015 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр нэмж 1,000,000 төгрөг хадгалуулсан. Гэтэл 2015 оны 1 дүгээр сарын 07-ны өдрөө 500,000 төгрөгөө авсан гэж гүтгэж байна. Миний мөнгийг тус банкны теллер н.Амарсайхан гэгч хувьдаа завшсан гэж үзэж байна. Мөн миний бие 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ тооны орон алдаж, 500,000 төгрөгийг 5,000,000 төгрөг гэж андуурч бичсэн байна.

Иймд, Х Б-наас Ц.Ц миний хадгалуулсан 500,000 төгрөгийг хүүгийн хамтаар гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Ц.Цгийн хүсэлтээр 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөгийг 13 сарын хугацаатай хадгалах гэрээ хийж, 5001254757 тоот данс нээсэн байдаг. Нэхэмжлэгч 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нэмж 1,000,000 төгрөг хийсэн.

            Хадгаламж нь 13 сарын хугацаатай байсан боловч Ц.Цгийн 2015 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан хүсэлтээр гэрээг гаргаж цуцалж, хугацаагүй хадгаламжийн гэрээг 2015 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр хийж, 5001296141 тоот данс нээлгэсний дагуу өмнөх гэрээний мөнгөн хөрөнгө 1,500,501.37 төгрөгийг тухайн дансанд шилжүүлж, шилжүүлсэн мөнгөнөөс мөн өдрөө 500,000 төгрөгийг бэлнээр зарлагдаж авсан. Энэ талаарх зарлагын баримт болон гэрээ, гэрээ цуцлах хүсэлт зэрэгт нэхэмжлэгч гарын үсгээ зурсан, тэдгээр гарын үсгийг өөрөө зурсан нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон.

            Ингээд үлдсэн 1,000,000 төгрөгөө 2015 оны 1 дүгээр сарын 07-ны өдрөө дахин хугацаатай хадгаламжийн гэрээ хийж, шинээр нээсэн 5001295667 тоот дансанд шилжүүлж, гэрээний хугацаа 2016 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр дуусахад  Ц.Ц 1,033,000 төгрөгийг данснаасаа авч, дансаа хаалгасан.

            Нэхэмжлэгч нь хугацаатай хадгаламжид байсан 1,500,000 төгрөгөөсөө 500,000 төгрөгийг авах зорилгоор гэрээг цуцалж, үлдсэн 1,000,000 төгрөгөө хугацаатай хадгаламжиндаа үлдээж, 1 жилийн дараа түүнийгээ авсан үйл баримт байгаа тул одоо гаргаж буй нэхэмжлэл нь үндэслэлгүй.

            Иймд нэхэмжлэлийн шардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Шүүх талуудаас шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүх талуудын хүсэлтээр бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Ц нь хариуцагч “Х Б” ХХК-д холбогдуулан мөнгөн хадгаламжийн гэрээний үүрэгт 500,000 төгрөгийг хүүгийн хамт гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч тодорхойгүй шалтгаанаар шүүх хуралдаанд оролцохоос татгалзаж, энэ тухайгаа шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад хэлж, хуралдаан нээхэд эзгүй байсан тул тэдгээрийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлүүлэхийг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар хүлээн авч, нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай шүүгчийн захирамж гаргасан.

 

Гэтэл энэхүү хүсэлтийг хэлэлцсэний хойно нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч хуралдааны танхимд орж ирсэн бөгөөд тэдгээрийг хэрэг хэлэлцэх ажиллагаанд оролцуулахыг хариуцагч тал зөвшөөрөөгүй, татгалзсан тул шүүх өмнө гаргасан шийдвэртээ үндэслэн хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийг оролцуулалгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Ц.Ц нь “Х Б” ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “Хуримтлах” хугацаатай хадгаламжийн гэрээ байгуулж, 500,000 төгрөгийг 13 сарын хугацаатай, жилийн 13,4 хувийн шаталсан хүүтэй, 2015 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр “Дэвжих” хугацаагүй хадгаламжийн гэрээ байгуулж, 1,500,501.37 төгрөгийг жилийн 5,8 хувийн шаталсан хүүтэй, 2015 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр дахин “Хуримтлах” хугацаатай хадгаламжийн гэрээ байгуулж, 1,000,000 төгрөгийг 13 сарын хугацаатай, жилийн 13,4 хувийн шаталсан хүүтэй тус тус хадгалуулах, “Х Б” ХХК нь хадгалуулсан мөнгийг хүүгийн хамт буцаан олгох үүргийг харилцан хүлээсэн байна.

 

Зохигчид гэрээ байгуулсан эсэх болоод түүний хүчин төгөлдөр байдалд маргасан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шүүх маргаагүй гэж дүгнээд зохигчдын хооронд байгуулагдсан Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1-д заасан мөнгөн хадгаламжийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэв.        

 

Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1-д заасан мөнгөн хадгаламжийн гэрээгээр банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь хадгалуулагчийн мөнгийг хадгалах, хадгалуулсан мөнгийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох үүрэг хүлээдэг бөгөөд хадгалуулагч гэрээг цуцалсан, эсхүл гэрээг хугацаагүйгээр байгуулсан тохиолдолд хүссэн цагт нь, хэрэв тодорхой хугацаагаар байгуулсан бол уг хугацаа дууссаны дараа банк хадгалуулагчийн шаардлагаар хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хүү төлөх үүргийг мөн хуулийн 454 дүгээр зүйлийн 454.4, 455 дугаар зүйлийн 455.2, 455.3-т зааснаар хүлээдэг.

 

Хэргийн баримтаар нэхэмжлэгч нь 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 500,000 төгрөгийн “Хуримтлах” хугацаатай хадгаламжийн гэрээний дагуу нээсэн 5001254757 тоот дансандаа 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нэмж 1,000,000 төгрөг хийсэн, энэ гэрээг цуцлах хүсэлтийг тэрээр 2015 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр бичгээр гаргасны дагуу гэрээ цуцлагдаж, мөн өдөр хугацаагүй хадгаламжийн гэрээ байгуулсны дагуу хариуцагч шинээр нээсэн нэхэмжлэгчийн 5001296141 тоот дансанд бэлэн бусаар гүйлгээ хийж, цуцлагдсан гэрээний мөнгөн хөрөнгө 1,500,501.37 төгрөг /хүүний хамт/-ийг шилжүүлсэн байх ба энэ гэрээ мөн тэр дороо цуцлагдаж, талууд дахин хугацаатай хадгаламжийн гэрээ байгуулснаар хариуцагч бэлэн бусаар 1,000,000 төгрөгийг шинээр нээсэн нэхэмжлэгчийн 5001295667 тоот хадгаламжийн дансанд орлогодож, уг гэрээний хугацаа 2016 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр дуусахад хадгалуулсан мөнгө, түүний хуримтлагдсан хүү болох нийт 1,033,000 төгрөгийг нэхэмжлэгч буцаан авснаар данс хаагдсан үйл баримт тогтоогдож байна.

 

Талууд энэ үйл баримт болон бодогдсон хүүгийн хэмжээнд маргаагүй.

 

Харин нэхэмжлэгч 2015 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр хадгаламжаасаа 500,000 төгрөгийг буцааж аваагүй үндэслэлээр 500,000 төгрөгийг тохирсон хүүгийн хамт гаргуулахаар шаардсан бол хугацаатай хадгаламжийн гэрээгээ мөнгө авах зорилгоор нэхэмжлэгч цуцалж, мөнгөн хөрөнгө, түүнд бодогдсон хүү 1,500,501.37 төгрөгөөс 500,000 төгрөгийг бэлнээр авч, үлдсэн 1,000,000 төгрөгөө дахин хугацаатай хадгаламжийн гэрээ байгуулж, хугацаа дуусахад хадгалуулсан мөнгөн хөрөнгөө хүүгийн хамт буцаан авсан үндэслэлээр хариуцагч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахаар маргасан.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 3537 тоот шинжээчийн дүгнэлтээр 2014 оны 11 дүгээр сарын 25, 2015 оны 1 дүгээр сарын 07-ны өдрүүдийн хугацаатай болон хугацаагүй хадгаламжийн гэрээнүүд, 2015 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн хугацаатай хадгаламжийн гэрээний дуусахаас өмнө зарлагын гүйлгээ хийлгэх хүсэлт, хадгаламж цуцалж, 1,500,501.37 төгрөгийг хугацаагүй хадгаламжийн дансанд шилжүүлсэн төлбөрийн баримт зэрэгт Ц.Ц гарын үсэг зурсан нь, мөн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 1990 тоот дүгнэлтээр 2015 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр хугацаагүй хадгаламжийн 5001296141 тоот данснаас 500,000 төгрөгийг бэлнээр Ц.Цд олгосон зарлагын маягтад Ц.Ц гарын үсэг зурсан нь тус тус тогтоогджээ.

 

Үүнээс үзвэл нэхэмжлэгч Ц.Ц нь 1,500,000 төгрөгийн хугацаатай хадгаламжийн гэрээгээ 2015 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр цуцалж, энэ гэрээний дагуу хадгалуулсан мөнгөн хөрөнгөө хүүгийн хамт /1,500,501.37/-аар шинээр байгуулсан хугацаагүй хадгаламжийн гэрээний дагуу нээсэн дансаар шилжүүлэн авч, энэ мөнгөн хөрөнгөөсөө 500,000 төгрөгийг бэлнээр, үлдэх 1,000,000 төгрөгийг дахин хугацаатай хадгаламжийн гэрээ байгуулан нээлгэсэн дансандаа шилжүүлүүлж авсан, улмаар 1,000,000 төгрөгийн хадгаламжийн гэрээний 13 сарын хугацаа дууссаны дараа хадгалуулсан мөнгөө, хуримтлагдсан хүүгийн хамтаар 2016 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр авснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагч “Х Б” ХХК-ийн хувьд анх байгуулсан хугацаатай хадгаламжийн гэрээ болон 2017 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан хугацаагүй хадгаламжийн гэрээг цуцалж, нэхэмжлэгчийн хүсэл зоригт нийцүүлэн хадгалуулсан мөнгөн хөрөнгийг хүүгийн хамтаар түүний дансанд бэлэн бусаар шилжүүлж, хугацаагүй хадгаламжийн гэрээгээр хадгалуулсан мөнгөн хөрөнгөөсөө 500,000 төгрөгийг бэлнээр буцаан өгч, үлдсэн хэсгийг дахин байгуулсан хугацаатай хадгаламжийн гэрээний дагуу нээсэн дансанд нь шилжүүлж, гэрээний хугацаа дууссанаар мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан өгч Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.4, 455 дугаар зүйлийн 455.2, 455.3-т заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн байх тул мөн хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар мөнгөн хадгаламжийн гэрээгээр хүлээсэн хадгалагчийн үүрэг дуусгавар болсон гэж үзнэ.

 

Иймд шүүх хариуцагч “Х Б” ХХК-аас мөнгөн хадгаламжийн гэрээний үүрэгт 500,000 төгрөгийг хүүгийн хамт гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ц.Цгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон   

 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1, 454.4, 455 дугаар зүйлийн 455.2, 455.3-т  заасныг тус тус баримтлан “Х Б” ХХК-аас мөнгөн хадгаламжийн гэрээний үүрэгт 500,000 төгрөгийг хүүгийн хамт гаргуулахыг хүссэн Ц.Цгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

    

2. Тус шүүхийн шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШЗ2016/03788 дугаар захирамжаар нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т заасан үндэслэлээр энэ нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.    

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                             Ө.УЯНГА