Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 142/ШШ2016/01406

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-20-98 тоотод оршин суух, Боржигин овгийн Марусягийн Ариунзаяа /ЧТ66103161/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 3-17-52 тоотод оршин суух, Боржигин овгийн Базаррагчаагийн Оюун /РВ81012766/-д холбогдох

“83 000 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Ариунзаяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, хариуцагч Т.Оюун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч М.Ариунзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Би хариуцагч Б.Оюунд 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 50 000 000 төгрөгийг сарын 8%-ийн хүүтэй 60 хоногийн хугацаатай буюу 2016 оны 07 дугаар сарын 10-нд хүү 8 000 000 төгрөг нийт 58 000 000 төгрөгийг авахаар тохиролцож гэрээ хийсэн билээ. Зээлийн барьцаанд Зэст баг 1-3-118 тоот 2 өрөө байр, мөн 1-17-52 тоот 3 өрөө байрыг тус тус барьцаалж Орхон аймгийн үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлсэн. Зээлээ төлөх хугацаа болоход Б.Оюун нь их хэмжээний зээл хөөцөлдөж байгаа гэх нэрийдлээр өнөөдрийг хүртэл хүү болон үндсэн мөнгөнөөс нэг ч төгрөг өгөөгүй явж байна. Зээлээ төлж чадахгүй тохиолдолд тавьсан барьцааны байрнуудыг зарж борлуулан мөнгөө авч болно гэж хариуцагч Б.Оюун нь надад 1 жилийн хугацаатай итгэмжлэл хийж өгсөн болно. Үүний дагуу байрыг нь худалдаж авах хүн олсон ч бид 2 үнээ тохиролцож чадахгүй өнөөдрийг хүрлээ. Бид 2-ын хооронд хийсэн зээлийн гэрээний 2.7-д зааснаар зээлдэгч зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-аар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх заалт байгаа болно. Үүний дагуу хариуцагч Б.Оюун нь зээлээ төлөхгүй 104 хоног хэтэрсэн алдангийн хэмжээ 26 000 000 төгрөг болж байна. Гэвч хуулийн хүрээнд нийцүүлэн үндсэн мөнгөний 50% болох 25 000 000 төгрөгний алданги гарч байна. Иймд хариуцагч Б.Оюунаас үндсэн зээл 50 000 000 төгрөг, хүү 8 000 000 төгрөг, алданги 25 000 000 төгрөг нийт 83 000 000 төгрөгийг барьцаанд тавьсан 1-3-118 тоот 2 өрөө, 1-17-52 тоот 3 өрөө байруудаас гаргуулан өгч нэхэмжлэгч М.Ариунзаяа намайг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

            Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б.Оюуны гаргасан тайлбартай танилцлаа. Нэхэмжилсэн 83 000 000 төгрөгнөөс хүү 8 000 000 төгрөг, алданги 25 000 000 төгрөгийг төлөхгүй гэжээ. Үүнийгээ Оюун-Эрдэнэ гэдэг хүнд 125 000 000 төгрөг төлж байгаа 3 өрөө байраа зарж байгаа гэж тайлбарлажээ. Уг хүнийг миний дүү гэжээ. Оюун-Эрдэнэ миний дүү биш, хамаатан садан ч биш юм. Оюун-Эрдэнэтэй үүсгэсэн харилцааг нь би мэдэхгүй, мэдэж ч байгаагүй миний зээлдүүлсэн мөнгөнд хамааралгүй юм. Ийм их өртэйг нь мэдсэн бол би мөнгө зээлдүүлэхгүй байсан. Гэрээг хуулинд заасны дагуу хийж нотариатаар батлуулж үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлсэн хүчин төгөлдөр гэж үзэж байна. Гэрээгээр хүлээсэн үүрэгтээ өөрөө хариуцлагатай хандах, үүсэх эрсдэлээс тооцох байсан. Зээл гарна гэж намайг 6 сар хүлээлгэсэн. Харин ч өр зээлтэй байж зээл гарах гэж байна гэж худал хэлж авсан юм байна гэж бодож байна. 50 000 000 төгрөг бага мөнгө биш, 6 сар хүлээлгэх хугацаанд 1-16-ийн байраа зараад өгье хашаа байшин зараад өгье гэх мэтээр ярьж байсан нь анхнаасаа зээл гарна гэж худлаа хэлж уг мөнгийг өр зээлэндээ өгсөн юм байна гэж үзэж байна. Иймд хүү алдангийг хасах ямар ч үндэслэлгүй тул барьцаа хөрөнгөнүүдээс уг нэхэмжлэлийг хангуулах шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Оюун шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Базаррагчаа овогтой Оюун би 2016.05.10-нд өөрийн өмчлөлийн 1-17-52 тоот 3 өрөө байр, 1-3-118 тоот 2 өрөө байрыг Ариунзаяа эгчид барьцаалж итгэмжлэл бичиж өгөн 50 000 000 төгрөгийг сарын 8%-ийн хүүтэйгээр 2 сарын хугацаатай зээлсэн юм. Би ихэвчлэн банкнаас зээл авдаг бөгөөд зээл гарч шийдэгдтэл ломбарднаас богино хугацаатай зээлийг авдаг байсан. Би 2004 оноос Эрдэнэт хотдоо тасралтгүй хувиараа хөдөлмөр эрхэлж явуулсан. Миний банкин дахь зээл 8 сарын өмнө дууссан. Дууссанаас хойш зээл хөөцөлдөж байгаа боловч санхүүжилт орж ирээгүй, татгалзсан, хойшлуулсан гэх хариу өгч байгаа билээ. Мөн 2016.07 сараас хойш эргэлтийн хөрөнгө тоног төхөөрөмж зэргийг борлуулж дүүгийнхээ эмчилгээний зардалд зарцуулсан учир 4 сарын турш үйл ажиллагаа явуулахгүй орлогогүй болсон байгаа юм. Гэвч би хүү багатай урт хугацааны гадаад, дотоодын зээлийг тасралтгүй хөөцөлдөж яваа. Одоогийн нөхцөл байдлаас болоод би Ариунзаяа эгчийн үндсэн мөнгө хүүг өгч чадахгүй байгаа бөгөөд өөрийн амьдарч байгаа 1-17-52 тоот 3 өрөө байрыг зарж борлуулж өр төлбөрөө барагдуулах шийдвэр гаргасан юм. 1-3-118 тоот 2 өрөө байранд миний дүү гэр бүлийн хамт амьдардаг миний нэр дээрх байр юм. Ариунзаяа эгчийн нэхэмжилж байгаа алданги болох төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь би 2013 оноос хойш нийт 125 000 000 төгрөгийг сарын 10%-ийн хүүтэй дүү Оюун-Эрдэнэ эгчээс зээлээд одоо үлдэгдэл 17 000 000 төгрөг байгаа бөгөөд энэ төлбөрийг төлж барагдуулахын тулд орон сууцаа 90 000 000 төгрөгнөөс ярьж зарж байгаа тул ахин алданги, зээлийн хүүг төлж чадахгүй байдалд орж байгаа юм гэжээ.

Шүүх зохигчидын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Ариунзаяа нь хариуцагч Б.Оюунд холбогдуулан “83 000 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас хүү тооцсон 8 000 000 төгрөг, алданги 25 000 000 төгрөгийг зөвшөөрөөгүй, бусад шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн, хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.  

Б.Оюун нь М.Ариунзаяагаас 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан 50 000 000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай сарын 8%-ийн хүүтэйгээр зээлсэн байх ба, зээлийн барьцаанд Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1 дугаар хороолол 3 дугаар байрны 118 тоот хаягт байрлах Улсын бүртгэлийн Ү-2101000494 дугаарт бүртгэгдсэн 26.9 м2 талбай бүхий 2 өрөө орон сууц, Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1 дугаар хороолол 17 дугаар байрны 52 тоот хаягт байрлах Улсын бүртгэлийн Ү-2101010319 дугаарт бүртгэгдсэн 38 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцуудыг тус тус барьцаалан зээл авсан болох нь хэргийн 5-6 дугаар хуудас дахь зээлийн болон барьцааны гэрээ, зохигчдын тайлбарууд зэргээр нотлогдож байна.

Зохигчдын хооронд хийгдсэн үл хөдлөх хөрөнгө барьцаалсан 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан бичгээр хийгдэж улсын бүртгэлд бүртгүүлж нотариатаар баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ байх ба зээлийн гэрээ болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар хариуцагч маргаагүй. 

Дээрх зээлийн болон барьцааны гэрээгээр М.Ариунзаяа нь хариуцагчаас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу үндсэн зээл, зээлийн хүү, алдангийг шаардах, гэрээний үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар барьцааны зүйлийн үнээс шаардлагыг хангуулахаар шаардах эрхтэй байна.

Нэгэнт хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэгч М.Ариунзаяагын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Б.Оюунаас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох үндсэн зээл 50 000 000 төгрөг, зээлийн хүү 8 000 000 төгрөг, алданги 25 000 000 төгрөг, нийт 83 000 000 төгрөгийг гаргуулан М.Ариунзаяад олгож шийдвэрлэлээ.

 Зохигчдын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байх тул зээлийн төлбөрийн үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэгчийн шаардлага хуульд нийцсэн.

Хариуцагч нар нь дээрхи төлбөрийг сайн дураараа эс төлбөл үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр хариуцагчийн  барьцаа хөрөнгийг албадан худалдаж үнийн дүнгээс хангуулах үндэстэй гэж шүүх  шийдвэрлэлээ. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар гаргуулав. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Б.Оюунаас үндсэн зээл 50 000 000 төгрөг, зээлийн хүү 8 000 000 төгрөг, алданги 25 000 000 төгрөг, нийт 83 000 000 төгрөгийг гаргуулан М.Ариунзаяад олгосугай.

 

2. Хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх 83 000 000 төгрөгийг сайн дураараа эс төлбөл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцааны зүйл Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1 дугаар хороолол 3 дугаар байрны 118 тоот хаягт байрлах Улсын бүртгэлийн Ү-2101000494 дугаарт бүртгэгдсэн 26.9 м2 талбай бүхий 2 өрөө орон сууц, Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1 дугаар хороолол 17 дугаар байрны 52 тоот хаягт байрлах Улсын бүртгэлийн Ү-2101010319 дугаарт бүртгэгдсэн 38 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцуудыг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 573 000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 573 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Ариунзаяад олгосугай.

 

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХИШИГДАВАА