Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2021/0360

 

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2021/0360

Улаанбаатар хот

 

 

 

 

 

      Д.С, Д.Ж, Д.Б-О

                           нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

                                                                                                                                                                       

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгч Д.С, Д.Ж, Д.Б-О, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч О.Э, гуравдагч этгээд Ш.Э, Ш.Н-Э, Д.Б, гуравдагч этгээд Ш.Э, Д.Б нарын өмгөөлөгч, Ш.Б-Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 239 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлоор, Д.С, Д.Ж, Д.Б-О нарын нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 239 дүгээр шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны А/485 дугаар захирамжийн Ж.Б, Ш.Б-Э, 2016 оны А/497 дугаар захирамжийн Ш.Э, 2016 оны А/517 дугаар захирамжийн Д.Б, Ш.Н-Э нарт тус тус холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Ш.Н-Э давж заалдах гомдолдоо: “Иргэн Ш овогтой Н-Э би 2002 оны Чингэлтэй дүүргийн Засаг даргын 274 дугаар шийдвэрээр Монгол улсын газар эдэлбэрийн хуулийн дагуу Майхан толгойн Шар хоолойн аманд зуслангийн хэрэгцээнд газар эзэмшиж амьдрах болсон. Миний эзэмшиж байгаа газар бусдын эзэмшиж буй газартай кадастрын болон бусад эрх зүйн хувьд ямар ч давхцал байхгүй бөгөөд Иргэний газар эдэлбэрийн хуулийн дагуу газрын төлбөрөө хийж гэрээгээ Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 08 сарын 01-ний өдрийн Газар эзэмших гэрчилгээний хугацаа сунгах А/517 дугаар захирамжаар сунгаж кадастрын зураг гаргуулж иргэний газар эзэмших эрхийн дагуу аж төрөн амьдарч яваа нэгэн иргэн.

Гэтэл 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр анхан шатны шүүхээс миний газар эзэмших эрхийн сунгалтыг хүчингүй болгосонд иргэн би гомдолтой байгаа бөгөөд үүнийг үндэслэлгүй шийдвэр гэж үзэж энэ шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсэж өргөдөл гаргаж байна” гэжээ.

Гуравдагч этгээд Ж.Б давж заалдах гомдолдоо: “Иргэн Ж овогтой Б би Майхан толгойн Шар хоолойн аманд Ш.Н-Э-ийн газраас иргэн бүрд 0,7 м.кв газар эзэмших эрхийн дагуу Чингэлтэй дүүргийн Газрын алба, Засаг даргын Тамгын газрын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/485 дугаар шийдвэрээр ***  дугаартай 637 м.кв газрыг 15 жилийн хугацаатай зуслангийн зориулалтаар эзэмших эрх авч эрхээ баталгаажуулж кадастрын зураглал хийлгэж, газрын төлбөрөө төлж амьдарч байгаа. Миний газар хууль дүрмийн дагуу олгогдсон бөгөөд бусдын газартай өчүүхэн ч давхцал үүсээгүй болно.

Миний хуулийн дагуу эзэмшиж байгаа газрын эзэмших эрхийг захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн захирамжаар хүчингүй болгож байгаад гомдол гаргаж Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн үндэслэлгүй шийдвэрийг хүчингүй болгуулахаар өргөдөл гаргаж байна” гэжээ.

Гуравдагч этгээд Ш.Э, Д.Б нарын өмгөөлөгч, Ш.Б-Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-Э давж заалдах гомдолдоо: “Д.С, Д.Ж, Д.Б-О нарын нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн гуравдагч этгээд Д.Б, Ш.Э, Ш.Б-Э нарын өмгөөлөгчийн зүгээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 239 дүгээр шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Дээрх шүүхийн шийдвэрт Захиргааны ерөнхий 24 дүгээр зүйлийн 24.2, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан бодит нөхцөл байдлыг тогтоож чадаагүй, бусдын эзэмшил, ашиглалттай давхцалтай гэх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т “Шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлал нь шүүхийн шийдвэрийн бүтэц, төрөл, агуулга, хэл найруулга, хууль зүйн техник, шүүхийн шийдвэр эшлэхэд тавих шаардлага, талуудын шаардлага, татгалзал, тайлбарт маргаж байгаа үйл баримт болон хууль зүйн үндэслэл бүрд бүрэн дүгнэлт өгөх арга зүйг агуулсан байна” гэж заасан.

Гуравдагч этгээд нар болон өмгөөлөгчийн зүгээс “... шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, анх манай гуравдагч этгээд нар газар ашиглаж ирсэн, газрын хувийн хэрэг тус тусдаа, газар ашиглах эрхийн хугацаа дууссан, хамтран эзэмшдэг хэмээн маргаж буй 9114 м.кв газар нь мэдээллийн санд байхгүй, хамтран эзэмших боломж байхгүй” зэрэг агуулгаар маргасан.

Гэтэл анхан шатны шүүхээс маргаж буй үйл баримт, хууль зүйн үндэслэл бүрт дүгнэлт өгч чадаагүй гэж гуравдагч этгээд нарын зүгээс үзэж байна.

Хавтаст хэрэгт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Нэхэмжлэл гаргах хугацаа сэргээх тухай” 3478 дугаар захирамжаар “хүсэлт гаргагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс гадаад улсад зорчиж, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Монгол Улсад ирүүлсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлсэн” гэх үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацааг сэргээж шийдвэрлэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 14 дүгээр зүйлийн 14.6-д “Энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн бол хүн, хуулийн этгээд, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд хугацаа сэргээлгэх хүсэлтээ холбогдох нотлох баримтын хамт тухайн захиргааны хэргийн шүүхэд гаргаж болох бөгөөд шүүгч уг хугацааг хэтэрснээс хойш гурван жилийн дотор нөхөн сэргээж болно” гэж заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд анхан шатны шүүх нь зөвхөн хүсэлт гаргагчийн нотлох баримтад тулгуурлан хугацаа сэргээх эсэх асуудлыг шийдвэрлэх эрхтэй ба хэрэгт авагдсан 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн нэхэмжлэгчийн нарын гаргасан өргөдөл, гомдол, Нийслэлийн Газрын албаны даргад 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хандсан бүртгэл хяналтын карт зэргээс үзэхэд нэхэмжлэгч нарын өмгөөлөгчид учирсан хүндэтгэн үзэх шалтгаанаас өмнө гуравдагч этгээд нарт газар эзэмших эрх олгосон талаар мэдэж байсан байна.

Тухайн асуудлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гуравдагч этгээд нарын зүгээс маргаж шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч талаас энэ асуудлыг тодруулсан боловч хуулийн нарийн зохицуулалтыг мэдэхгүй хэмээн тайлбарлаж байсан.

Хуулийг мэдэхгүй буюу буруу хэрэглэсэн нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй ба нэхэмжлэгч нар нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн талаарх хангалттай үндэслэл, үйл баримт байгаа талаар гуравдагч этгээд нар маргаж мэтгэлцсэн боловч уг асуудал дээр шүүх дүгнээгүйд гомдолтой байна.

Нэхэмжлэгч нарын зүгээс хамтран эзэмшдэг газартай давхацсан гэх агуулгаар маргадаг ба тэдгээрийн газрууд албан ёсоор мэдээллийн санд байдаггүй болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1/2889 дүгээр албан бичгээс тодорхой харагдана.

Тодруулбал, Д.С, Д.Б-О, Д.Ж нар нь 9114 м.кв газрыг хамтран эзэмших ямар ч боломжгүй ба тэдгээрт олгосон газар эзэмших эрх, хувийн хэргүүд хэргийн оролцогчдын тайлбар зэргээр нотлогдоно.

Д.Б нь анх маргаан бүхий газар дээр нэхэмжлэгч нараас өмнө буюу 1993 оноос эхлэн амьдарч байсан болох нь гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан тогны төлбөр төлсөн баримт зэргээр нотлогдож байна.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2001 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Газар ашиглах эрхийг баталгаажуулах тухай” 187 дугаар захирамжийн хавсралтаар нэхэмжлэгч Д.С, Д.Б-О нарт тус бүр 300 м.кв талбай газрыг 4 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч Д.С, Д.Б-О нар нь тухайн газартаа газрын төлбөрөө төлөөгүй, газар эзэмших эрхийг шинээр аваагүй, газар эзэмших гэрээ хийлгүй одоог хүртэл амьдарч байгаа ба 9114 м.кв талбайтай газрыг дундын, хамтран эзэмшлийн газар, давхцалтай хэмээн тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Харин нэхэмжлэгч Д.Ж-ын хувьд сүүлд буюу 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/497 дугаар захирамжаар газар эзэмших эрхтэй болсон ба урьд өмнө нь маргаан бүхий талбайд газар ашиглаж байгаагүй болох нь хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдоно.

Гэвч шүүхээс Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч нарын газар нь гуравдагч этгээд нарын газартай давхцалтай мэтээр дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгаа нь ямар ч үндэслэлгүй бөгөөд шүүх хэрэгт авагдсан 2008 оны 05 дугаар сарын 02-ны өдөр үйлдэгдсэн эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зураагүй, тамга тэмдгээр баталгаажуулаагүй, газар эзэмших эрхгүй этгээдүүдэд эзэмших эрхтэй мэтээр кадастрын зураг үйлдсэн баримтад үндэслэж байгаад нь гомдолтой байна.

Нөгөөтэйгүүр гуравдагч этгээд нар нь 2016 онд газар эзэмших эрхээ баталгаажуулан авахад төрийн захиргааны байгууллага, албан тушаалтнаас Захиргааны ерөнхий хуульд заасан бүхий л арга хэмжээг авч ажилласан ба мэдээллийн санд хэн нэгэн этгээдтэй давхцал байхгүй болох нь тодорхой нотлогдож байсан тул гуравдагч этгээд нарт газар эзэмших эрхийг баталгаажуулан өгсөн.

Түүнчлэн тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн зүгээс огт оролцож байгаагүй ба хэргийн материалтай бүрэн танилцаагүй, тэдгээрт эрх, үүргийг тайлбарлаагүй, шүүх хуралдаанд мэтгэлцэх зарчмыг алдагдуулсан зөрчлийг анхан шатны шүүх гаргасан.

Мөн шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой байтал нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхийг эдэлж, нэхэмжлэлийн шаардлагаас хальж Ш.Э-т газар эзэмших эрх олгосон 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/497 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй ба шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг алдагдуулж байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 239 дүгээр шийдвэр нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн гэж гуравдагч этгээд нарын зүгээс үзэж байгаа тул хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хянаад, дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Нэхэмжлэл гаргах хугацаа сэргээх тухай” 3478 дугаар захирамжаар нэхэмжлэгч нарын уг асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээж шийдвэрлэсэн, энэхүү захирамж нь хуулийн хүчин төгөлдөр бөгөөд нэхэмжлэгч нараас 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул гуравдагч этгээдээс гаргасан “... нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн” гэх гомдол үндэслэлгүй байна.

 2. Нэхэмжлэгч нараас “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны А/485 дугаар захирамжийн Ж.Б, Ш.Б-Э, Ш.Э, 2016 оны А/517 дугаар захирамжийн Д.Б, Ш.Н-Э нарт тус тус холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон, шүүх хуралдаанд нэхэмжлэгч нараас гуравдагч этгээд нарт газар олгосон  А/485, А/497, A/517 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулахаар маргаж байгаа талаар тодруулсан, анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг харгалзан, маргааныг үнэн зөв, нэг мөр шийдвэрлэх үүднээс мөн актуудын хууль зүйн үндэслэлийг хянаад хүчингүй болгосныг буруутгах боломжгүй бөгөөд энэ нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Тодруулбал, нэхэмжлэгч нарын анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, маргаж буй агуулгаас үзэхэд Чингэлтэй дүүргийн Засаг даргын А/497 дугаар захирамж гэж тодорхой дурдагдаагүй ч тус захирамжаар Ш.Э-т газар олгосон үйл баримттай нэхэмжлэгчээс анхнаасаа маргаж байсан гэж үзэхээр байх тул анхан шатны шүүх тус захирамжийг хянасныг нэхэмжлэлийн шаардлагаас хальж хэргийг шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэж дүгнэх боломжгүй.

3. Маргааны үйл баримт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2001 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 187 дугаар захирамжаар нэхэмжлэгч Д.С, Д.Б-О нарт тус бүр 300 м.кв газар ашиглах эрхийг 4 жилийн хугацаагаар,

2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/485 дугаар захирамжаар гуравдагч этгээд Ж.Б-өд 634 м.кв газрыг, Ш.Б-Э-д 636 м.кв газрыг тус тус эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар,

2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/497 дугаар захирамжаар нэхэмжлэгч Д.Ж-ад 700 м.кв газрыг, гуравдагч этгээд Ш.Э-т 637 м.кв газрыг тус олгожээ.

Харин 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/517 дугаар захирамжаар 2002 оны 274 дүгээр захирамжийн Д.Б, Ш.Н-Э нарт холбогдох хэсгийг хүчингүйд тооцож, тус бүр 700 м.кв газрын эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгасан байна.

Маргаан бүхий газар болох Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, “Майхан толгой шар хоолой”-д зуслангийн зориулалтаар нийт 9114 м.кв газрыг нэхэмжлэгч Д.С, Д.Ж, Д.Б-О, гуравдагч этгээд Д.Б, Ш.Н-Э нар хамтран эзэмшиж, ашиглаж байсан болох нь талуудын тайлбар, хариуцагчаас ирүүлсэн *** нэгж талбарын дугаар бүхий 2008 оны кадастрын зураг, шүүхийн газрын үзлэгийн тэмдэглэл зэргээр нотлогдож байна.

Мөн зурагт нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын эзэмшиж, ашиглаж байсан газрын хэмжээ, заагийг нарийвчлан заагаагүйгээс үзвэл талуудын газар эзэмших эрх анхнаасаа тус тусдаа үүсээгүй, уг газрыг хамтран эзэмшиж байгаад газрын зарим хэсгийг сүүлд 2016 онд гуравдагч этгээд нарт газар олгосон гэж үзэхээр байна.

Гуравдагч этгээд Д.Б нь “... өөрийн эзэмшиж байсан 3394.4 м.кв газрыг өөрийн хүүхдүүдэд хуваан өгсөн” гэж тайлбарладаг ба хэрэгт 2016 оны гуравдагч этгээд Ш.Н-Э, Д.Б нарын эзэмшиж байгаа гэх 3394.4 м.кв талбай бүхий газрын кадастрын зургаас өөрөөр эрх бүхий байгууллагын аливаа шийдвэр авагдаагүй байна.

Мөн хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргаас Ш.Н-Э, Д.Б нарт газар олгосон гэх 2002 оны 274 дүгээр захирамж авагдаагүй, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас “... мөн захирамж нь архивд байхгүй” гэх хариуг ирүүлсэн, шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээс үзвэл 274 дүгээр захирамжийн хувийн хэргийн дотоод товъёогт Ш.Н-Э, Д.Б нартай холбоотой баримтууд хадгалагдаагүй байна.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1/2889 дүгээр албан бичгээр гуравдагч этгээд нарын хүсэлт гаргасан газар нь *** нэгж талбарын дугаартай 9114 м.кв талбай бүхий газартай бүхэлдээ давхцалтай талаар мэдүүлж, Нийслэлийн газрын кадастрын сангийн архивын зурган мэдээллийг сансрын зурагтай давхцуулсан байдлаар ирүүлсэн байна.

Хэдийгээр Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэхээр хуульчилсан боловч нэхэмжлэгч нарын хувьд хэн аль нь гэрээ байгуулж, гэрчилгээ аваагүй, гуравдагч этгээд Д.Б, Ш.Н-Э нарт 274 дүгээр шийдвэрийг үндэслэн 3 жилийн хугацаагаар гэрчилгээ олгосон боловч гэрчилгээний хугацаа дууссаны дараа буюу 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/517 дугаар захирамжаар 15 жилийн хугацаагаар сунгасан, түүнчлэн нэгэнт дээр дурдсан 5 иргэний нэр дээр 9114 м.кв газрыг ашиглуулахаар хариуцагчаас кадастрын зураг гаргасан, эдгээр иргэд тухайн газартаа амьдарч байгаа болох нь нотлогдож байх тул зөвхөн энэхүү үндэслэлээр нэхэмжлэгч нарыг тухайн газартай холбогдуулж маргах эрхгүй, маргаан бүхий захирамжуудын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөхгүй гэж шууд дүгнэх боломжгүй байна. 

Ийнхүү дээрхээс дүгнэхэд хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ хэрэгжүүлэлгүй Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчиж 5 иргэний нэр дээр бүртгэгдсэн газрыг өөр иргэдэд хуваан эзэмшүүлснээс үүдэн маргаан гарсан байх тул маргаж буй захирамжуудыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Нэхэмжлэгч нараас “... газрын хэмжээний хувьд маргахгүй, харин газрын байршлын хувьд маргаж байгаа, урдаас нь хойш чиглэлээр голоор нь, ... худгийн 2 талаар хуваачхад маргах зүйлгүй” талаар мэдүүлсэн байх ба талууд хамтран эзэмшиж байгаа тухайн газрыг хувааж, өөр өөрсдийн нэр дээр баталгаажуулж хууль ёсоор эзэмших нь хожим маргаан гарах, хэн алинд нь хохирол учрахаас сэргийлэх боломжтойг анхаарах нь зүйтэй.

4. Анх хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1/1082 дугаар албан бичгээр Ч.М-Э-ийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсны дагуу тэрээр нэхэмжлэлийн хувийг гардан авч, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй талаарх тайлбарыг, холбогдох баримтын хамт ирүүлсэн, анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1/0135 дугаар албан бичгээр “... Ч.М-Э-ийг шүүхэд дуудсан цагт ирээгүй” гэх албан бичгийг хүргүүлсний дагуу хариуцагчаас 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/16 дугаар албан бичгээр Г.Х, Т.Э нарт итгэмжлэл олгосон, 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шүүхийн үзлэгт Г.Х оролцсон, мөн хариуцагчаас 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1/238 дугаар албан бичгээр Б.Б, О.С нарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон, улмаар шүүхээс Б.Б холбогдоход хэргийн материалтай танилцах боломжоор хангаж, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулсан, улмаар О.С-тай холбогдож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулахад “хэргийн үйл баримтыг хангалттай мэдэж байгаа, материалтай танилцах шаардлагагүй” гэж мэдүүлсэн, тэдгээрт 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны товыг хуулийн хугацаанд мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй байх тул “... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн зүгээс огт оролцож байгаагүй, хэргийн материалтай бүрэн танилцаагүй, тэдгээрт эрх, үүргийг тайлбарлаагүй, шүүх хуралдаанд мэтгэлцэх зарчмыг алдагдуулсан зөрчлийг анхан шатны шүүх гаргасан” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Мөн тус шүүхээс шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт мэдэгдэхэд шинэ итгэмжлэгдсэн төлөөлөгчийг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр томилон ирүүлсэн, тэрээр хэргийн материалтай танилцах хүсэлтийг шүүхэд гаргасан ч шүүх хуралдаанаас өмнө хэргийн материалтай танилцах эрхийг аливаа байдлаар хязгаарлаагүй, давж заалдах шатны шүүх хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тул хүсэлтийг хүлээн аваагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүх хэргийн үйл баримтад холбогдох шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж, Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь холбогдох хуульд нийцсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох гомдлыг хангахгүй орхилоо.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 239 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гуравдагч этгээд нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 351000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Д.БАТБААТАР

 

               ШҮҮГЧ                                                                Э.ЛХАГВАСҮРЭН

 

               ШҮҮГЧ                                                                Н.ДОЛГОРСҮРЭН