Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2021/0239

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2021/0239

              Улаанбаатар хот

 

 

 

                           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж,

Нэхэмжлэгч: Д.Сү/РД:ЦБ.../,

Нэхэмжлэгч: Д.Жа/РД:Т.../,

Нэхэмжлэгч: Д.Б/РД:..../,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Засаг дарга

Гуравдагч этгээд: Ж.Бү /РД: .../,

Гуравдагч этгээд: Ш.Б/РД:.../,

Гуравдагч этгээд: Ш.Эр/РД:.../,

Гуравдагч этгээд: Д.Бу/РД:.../,

Гуравдагч этгээд: Ш.Но/РД:.../,

Нэхэмжлэлийн шаардлага: Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны А/485 дугаар захирамжийн Ш.Бу, Ж.Бү, Ш.Эр нарт газар эзэмших эрх олгосон, 2016 оны А/517 дугаар захирамжийн Д.Бу, Ш.Но нарын газар эзэмших эрхийн хугацаа сунгасан хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

                Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б, Д.Сү, Д.Ж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Эр, гуравдагч этгээд Ш.Эр, Д.Бу, Ж.Бү, Ш.Н, гуравдагч этгээд Ш.Ш.Б уитгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Б.Ба, гэрч Х.Б, Л.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нараас шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “ Д.Сү, Д.Ж, Д.Б, Д.Бу, Ш.Нобидний 5 иргэн дундаа 2001 оноос эхлэн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, “*******”-д зуслангийн зориулалтаар нийт 9114 м.кв талбай бүхий газрыг эзэмшиж ирсэн билээ. Бидний энэхүү эзэмшлийн газар нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2001 оны 187 дугаар захирамжтай, нэгж талбарын 186,,, дугаарт газар эзэмшигчид бидний 5 нэрээр бүртгэлтэй байдаг. Гэтэл бид 5-ын дундын эзэмшлийн энэхүү газар дээр Чингэлтэй дүүргийн Засаг дарга дараах 2 захирамжийг илт хууль зөрчсөн байна. Үүнд:

 1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 “ ...бусдын ... газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн заалтыг зөрчиж 2016 оны А/485 дугаар захирамжаар бид 5-ын дундын эзэмшлийн газар дээр Ш.Бу, Ж.Бү, Ш.Э******* нарт газар эзэмших эрх олгосон. Үүний улмаас нэхэмжлэгч Д.Сү, Д.Б нарын 2 байшингийнхаа урд талын газрыг техникээр тэгшлүүлж, хүүхдийн тоглоомын талбай, машины бетон зам болон бетон авто зогсоол бариулсан, мөн газрын хөрсийг боловсруулж, ногооны талбайтай болсон. Гар болон өрмийн машинаар гүний худгууд гаргуулсан, сауны суурь, тоосгон жорлон зэргийг барьж тохижуулан 20,0 гаруй сая төгрөг зарцуулсан энэ газар дээр Ш.Эр, Ш.Бу, Ж.Бү нарт эзэмших эрх олгосноос одоо энэ бүгдийгээ эзэмшиж, ашиглах боломжгүй болоод байна.

 Анх 2001 онд биднийг ирэхэд энэ газар эрчим хүчтэй холбогдоогүй харанхуй байсныг хөөцөлдөж байж хувиараа алс холын төвийн шугамын трансформатораас техникийн нөхцөл гаргуулан батлуулж, өөрсдийн хөрөнгөөр цахилгааны нийт 9 ширхэг шонг 4 эгнээ хөнгөн цагаан утсаар холбон татуулж цахилгаантай болж байсан. Мөн энэ газрын урд нүүрэн хэсэгт ойролцоогоор 93 м газарт 1 метрийн өндөртэй тоосгон хашаа барьж, 2 талаас нь шавардаж дээгүүр нь багана хооронд 50 см-ийн өндөртэй тал дугуйн хэлбэртэй модон хайс барьж тохижуулсан. Энэ бүгд хүний хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө билээ

 2016 оны А/517 дугаар захирамжаар бид 5 иргэний дундын эзэмшлийн газраас Д.Бу, Ш.Н нарын газар эзмших эрхийг сунгахдаа нэхэмжлэгч Д.Сү, Д.Б, Д.Ж нарт нь мэдэгдэлгүйгээр зөвхөн хүсэлт гаргасан Д.Бу, Ш.Но нарын үгээр тэдний “дур мэдэн заасан" газрын байршлаар тогтоосон.

Үүний улмаас нэхэмжлэгч Д.Жын 2 давхар байшин, ногооны хүлэмж, гүний худаг, граж, ногооны талбай зэргийн байршиж байгаа хэсэг газартай давхцсан байна. Гэтэл Д.Жа миний бие 5-уулаа эзэмшдэг дундын газраасаа өөрийн хэсэг газраа салгаж, дангаараа эзэмших тухай хүсэлтээ 2008 оноос эхлэн Чингэлтэй дүүргийн газрын албанд удаа дараа гаргаж, кадастрын зураг гаргуулан хөөцөлдсөн боловч ямар нэгэн шалтгаангүйгээр шийдвэрлэж өгөхгүй байсаар хамгийн сүүлд 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр өргөдөл өгөхөд "таны газар Д.Бу нарынхтай давхцаж байна гээд” эзэмших эрхийг нь одоо хүртэл олгоогүй хохироож байна. Нэхэмжлэгчид бид газар эзэмших эрх дээрх байдлаар хохирсон тухай маргаанаа шийдвэрлүүлэхээр 2017 оны 7 дугаар сарын 19-нд Чингэлтэй дүүргийн газрын албаны дарга н.М-д өргөдөл гаргасан. 2018 оны 5 дугаар сарын 19-ний өдөр н.М дарга өөрийхөө өрөөнд ахлах мэргэжилтэн О.С*******, бусад ажилтнуудаа байлцуулан, бидний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Эр, Д.Бу нарыг дуудаж уулзаад тэрээр " та 5-ын эзэмшлийн энэхүү газраас та 3-т мэдэгдэлгүй, та 3-ын зөвшөөрөлгүйгээр, зөвхөн Д.Буийн хүсэлтээр түүний хүүхдүүд болох Ш.Эр, Ш.Бу, Ш.Б нарт газар эзэмших эрх олгосон нь хууль бус болсон байна. Иймд энэхүү газрыг дундаа эзэмших та 5 иргэд хэлэлцэж тохирсныхоо үндсэн дээр кадастрын зураг гаргуулж, өөрсдийн газар эзэмших эрхээ тус тусдаа гаргуулж болно, хэрвээ зөвшилцөж чадахгүй бол та 5-ын газар эзэмших эрх хуучнаараа бөөндөө байна. Харин та 5-ын газраас Д.Бу-ийн хүүхдүүдэд эрх олгосон захирамжийг хууль бус учраас хүчингүй болгоно” гэж шийдвэрлэснээ хэлж, одоо шууд манай ажилтнуудыг байлцуулан газар дээрээ очиж хэлэлцэж тохиролц гэж бидэнд мэдэгдсэн. Гэтэл н.М даргын энэ шийдвэрийг Д.Бу өөрийн биеэр сонсож мэдсэн атлаа дүүргийн газрын албаны хүмүүс газар дээр нь очиход Д.Бу ирээгүй, утсаар ярьж дуудаад ч ирээгүй, бид очиж байгаад явсан. Түүнээс хойш ч уулзахгүй байсаар өчнөөн хугацаа өнгөрөөсөн. Дүүргийн газрын алба хууль бус гэж өөрсдөө хүлээн зөвшөөрсөн захирамжаа зөвтгөх арга хэмжээ авахгүй байсан тул бид дахин 2018 оны 7 дугаар сарын 31-нд Нийслэлийн газрын албаны дарга Э.Б-нд хандан өргөдөл гаргасан. 2018 оны 8 дугаар сарын 29-нд Нийслэлийн үйлчилгээний төвөөр дамжуулан бидэнд хариу ирсэн.

 Уг хариунд “Та бүгдийн гаргасан гомдлыг судлан дараах хариуг хүргүүлж байна. Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, *******н зусланд Д.Бу, Ж.Бү, Ш.Бу, Ш.Эр, Ш.Но нар нь дүүргийн газрын албанд хүсэлт гаргаж дүүргийн Засаг даргын 2016 оны А/497 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг баталгаажуулсан байна. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 " хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж , ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна ” гэж заасныг зөрчсөн байна. Чингэлтэй дүүргийн газрын албаны мэдээллийн сангаас шүүж үзэхэд 9114 мкв талбай бүхий газар Д.Б, Д.Ж, Д.Сү, Д.Бу, Ш.Но нарын дээр бүртгэгдсэн бөгөөд бусад иргэдийн зөвшөөрөлгүй газар эзэмших эрх үүссэн байна. Иймд Д.Б, Д.Ж, Д.Сү нар дүүргийн Газрын албанд хандан асуудлаа шийдвэрлэнэ үү” гэжээ. Нийслэлийн газрын алба мөн л дүүргийн засаг даргын захирамжийг хууль зөрчсөн гэдгийг ийнхүү буруутгасан байгааг хараад одоо л хууль зөрчсөн үйлдлээ зөвтгөж, бидний эрх ашгийг сэргээнэ гэсэн найдвараар бид захиргааны байгууллагадаа итгэж, олон удаа дүүргийн газрын алба дээр орж байцаагч болон дарга нартай уулзаж явсан. Тэр болгонд тэд “Нийслэлийн газрын албанаас ийм хариу өгснийг бид мэдэж байгаа, захирамж хүчингүй болгох захирамжийн төслөө хийж байна, төслөө тамгын газар руу явуулсан, захирамж мөдхөн гарна” гэж явуулсаар байгаад 2019 оны 11 дүгээр сарын 08-ны 3/2198 тоотоор шүүхийн байгууллагад хандаж шийдвэрлэнэ үү гэсэн хариуг өгсөн.

Нэхэмжлэгч Д.Сү миний бие 1944 онд төрсөн, 75 настай, Д.Жа миний бие 1946 онд төрсөн, 73 настай. Улс, нийгэмдээ олон жил ажилласан, тэтгэвэртээ гарсан, өндөр настангууд билээ. 19 жил эзэмшиж ирсэн өөрсдийн энэ газар дээр ая тухтай амьдрах зорилгоор хөрөнгө мөнгөө зарцуулж, байшин сав барьж, өчнөөн бүтээн байгуулалт хийсэн нь юу ч үгүй болж байгаад төр засагтаа маш ихээр гомдож харамсаж байна” гэжээ.

Нэхэмжлэгч Д.Жа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анх 2008 онд 0.7 га газар дээр кадастрын зураг гаргуулж Чингэлтэй дүүргийн газрын албанд очиж байсан. Гэтэл миний гаргуулсан кадастрын зурагтай давхцуулж газар эзэмшиж кадастрын зураг гаргуулсан байсан. Энэ талаар О.С-аас асуухад “Д.Бу гэдэг хүн Д.Ж  хэрүүл хийхгүй, та энэ газраас таслаад надад кадастрын зураг гаргаад өгчих гэж гуйхаар нь кадастрын зураг гаргаж өгсөн” гэж хэлсэн. Үүнийг миний бие маш их гайхаж байна. Одоо миний газар дээр гарааш барьчихсан байгаа. Бид хэдий ах дүү ч гэсэн хүний газрыг дур мэдэн эзэмшиж авахыг эсэргүүцэж байна. Би ганц охинтой. Охиндоо ч гэсэн газар эзэмшүүлэх хүсэлтээ байна. Миний асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”...Хэргийн оролцогчид бид хоорондоо ах дүү нар учраас маргааныг асуудал үүсгэхгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Маргаан бүхий асуудлыг хэрхэн шийдвэрлэхээ Ш.Эртай ярилцаж хоорондоо тохиролцсон. Уг тохиролцооныхоо дагуу асуудлаа шийдвэрлүүлэх бодолтой байна. Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газраас олон хүний газрын асуудлыг буруу шийдвэрлэж асуудал гаргаж байсан болохыг зурагтаар мэдээлэхлээр нь бид газрын асуудлаар очиж уулзахад маргаан бүхий асуудлын талаар олж мэдсэн. Бид өөрсдийн эзэмшиж авсан газар дээр байшин, бассейн  барьж, 2 гүний худаг ухсан байгаа. Миний зүгээс асуудлыг хоорондоо тохиролцсон  тохиролцооны үндсэн дээр шийдвэрлүүлэх хүсэлттэй байна” гэв.

Нэхэмжлэгч Д.Сү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний зүгээс Чингэлтэй дүүргийн Засаг даргын хууль бус захирамжийг хүчингүй болгуулах хүсэлттэй байна. Үүний дараа Ш.Эртай ярилцаж тохиролцсоны үндсэн дээр асуудлаа шийдвэрлэх боломжтой гэж ойлгож байна. Иймд шүүхээс ах дүү нарын маргааныг эвийн журмаар хууль ёсны дагуу асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Надад хариуцагч болон дүү нартайгаа маргалдах сонирхол байхгүй” гэв.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл бол Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дэх хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчсөн гэж үзэн маргаж байна. Уг хуулийн зөрчсөн болох нь 2016 оны А/485, А/497 дугаар захирамжаар Ш.Эр, Ж.Бү, Ш.Бнарт газар эзэмших эрх олгосон. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны А/517 дугаар захирамжаар Д.Бу, Ш.Нонарын газрын байршлыг дундын өмчлөгч нарт мэдэгдэлгүйгээр газар эзэмших эрхийг сунгасан. Чингэлтэй дүүргийн 19-р хороонд байрлах *******н 9114 м.кв газар нь нэхэмжлэгч Д.Б, Д.Сү, Д.Ж, Д.Бу, Ш.Нонарын эзэмшил газар юм. Энэ нь газрын нэгдсэн мэдээллийн санд бүртгэгдсэн байдаг. Д.Б, Д.Сү, Д.Ж, Д.Бу, Ш.Нонар ах, дүү бөгөөд уг газрыг дундаа эзэмшиж байсан. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт маргаан бүхий асуудлаар хандаж өргөдөл гаргасан.

 Үүний дагуу Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохих үйл ажиллагааг зохион байгуулж хариу өгсөн. Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга н.М Д.Буийг дуудан дундын эзэмшигч нарт мэдэгдэлгүйгээр газрыг өөр 3 этгээдэд эзэмшүүлсэн нь хууль бус, энэ асуудлаар хоорондоо тохиролцох уулзалтад нэхэмжлэгч нарыг төлөөлж миний бие оролцож байсан. Нэхэмжлэгч нар улсын байцаагч О.С-ийн хамт маргаан бүхий газар дээр очсон. Маргаан бүхий газар дээр очих болсон талаар   Д.Бут мэдэгдсэн боловч ирээгүй учраас газрын албанаас зохион байгуулсан ажиллагаа хийгдээгүй өнгөрсөн учраас нэхэмжлэгч нар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд өргөдөл гаргасан. Өргөдлийн хариуд давхардуулан газар олгосон захирамжийг хууль бус болохыг тогтоож, дүүргийн газрын албаар асуудлаа шийдвэрлүүлэхийг дурдсан байсан. Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын алба асуудлыг шийдвэрлэж өгөхгүй байсан учраас шүүхэд хандах болсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас баримт гаргуулж авсан. Уг баримтаар Ш.Эр, Ж.Бү, Ш.Бнарт эзэмшүүлсэн газар нь нэр бүхий 5 иргэний дундын эзэмшлийн газартай давхцалтай болохыг нотолсон байдаг” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Д.Сү, Д.Ж, Д.Бнар нь тус дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр *******д байрлах зуслангийн газрыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2001 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/187 дугаар захирамжаар ашиглах эрхтэй болсон байдаг.

 Нэхэмжлэгч Д.Сү, Д.Ж, Д.Бнар нь 2001 оноос хойш дээрх газрыг хуулийн дагуу эзэмшин ашиглаж өөрсдийн хөрөнгөөр тохижуулалт хийсэн байдаг.

Гуравдагч этгээд болох Ш.Бу, Ж.Бү, Д.Бу, Ш.Нонар нь нэхэмжлэгч тал болох Д.Сү, Д.Ж, Д.Бнарт мэдэгдэлгүйгээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны А/485, А/517 дугаар захирамжуудыг гаргуулсан байсан нь дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг хариуцсан мэргэжилтэн О.С*******ын нотолсноор батлагддаг.

Улмаар нэхэмжлэгч болон гуравдагч талуудыг дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас уулзалт зохион байгуулж хуулийн дагуу шаардлага тавьсан бөгөөд талуудыг оролцуулан газрын үзлэг хийхээр удаа дараа мэдэгдсэн боловч гуравдагч тал нь газрын үзлэгт ирж байгаагүй болно . Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлтэй гэж үзэж байна” гэжээ.

Гуравдагч этгээд нараас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Нэхэмжлэл гаргагч этгээдүүд 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн Газрын албаны даргад, 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн Газрын албаны даргад тус тус хандан урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гомдол гаргасан байх бөгөөд 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр асуудлыг шийдвэрлэж, холбогдох хариуг өгсөн байна.

Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана”, 94.2-т “ Энэ хуулийн 94.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн нь тогтоогдвол гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага уг хугацааг хэтэрснээс хойших гурван сарын дотор нөхөн сэргээх бөгөөд хугацаа сэргээхтэй холбогдсон хүсэлтийг гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана ” гэж заасан.

 Нэхэмжлэгч нар нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн № 3/2198 тоот албан бичгээр холбогдох хариуг авсан байх боловч нэхэмжлэлд хавсаргасан бүртгэл хяналтын картаас үзэхэд захиргааны актыг мэдэгдсэн огноо нь 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр байна.

 Уг нөхцөл байдлаас авч үзэхэд Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлд заасан хугацааны дотор дээд шатны байгууллага, албан тушаалтан болон гомдлыг хянах чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад захиргааны актыг хүчингүй болгуулахаар гаргаагүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг зөрчсөн байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн " Нэхэмжлэл гаргах хугацаа сэргээх тухай " 128/Ш32020/3478 тоот захирамжийг нэхэмжлэлд хавсаргасан хэдий ч 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн байна. Шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх нь тухайн шүүгчийн эрх хэмжээний асуудал хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор өөрийн дотоод итгэлээр үнэлэхэд саад болохгүй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэл гаргагч нар нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлтээ “ ... хуульчаар өмгөөлүүлэх, хамгаалуулах эрхийг маань ... хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэж сэргээж өгнө үү ” гэсэн агуулгаар гаргасан байх ба хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж гуравдагч этгээдийн зүгээс үзэж байна.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “ ...Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана ” гэж заасан.

 Шүүх 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс хойших шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн байх ба 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр захиргааны актыг дээд шатны захиргааны байгууллагаас мэдэгдсэн болох нь нэхэмжлэлд хавсаргасан бүртгэл хяналтын картаар нотлогдож байх тул хөөн хэлэлцэх хугацааг 1 жилийн хугацаанд алдсан гэх үндэслэл болж байна.

 3. Гуравдагч этгээд Д.Бу, Ш.Н, Ш.Бу, Ж.Бү, Ш.Эрбид нар 1993 оноос хойш тухайн газартаа амьдарч эхэлсэн бөгөөд тухайн үеэс эхлэн уг газраа хөөцөлдөж 2002 оны 274 тоот захирамжаар Д.Бу, Ш.Но нарын нэр дээр газар эзэмших эрхийг баталгаажуулан олгосон. Улмаар тухайн газрын эзэмших эрхийн хугацааг Чингэлтэй Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн "Газар эзэмших гэрчилгээний хугацаа сунгах тухай” А/517 тоот захирамжаар сунгасан бөгөөд анхнаасаа баталгаажуулсан газрыг минь дундын өмчлөл хэмээн маргаж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь ёс зүйгүй үйлдэл болсон байна.

Тухайн газарт айл байхгүй байхад 1993 оноос хойш бид нар амьдарч эхэлсэн бөгөөд бидний ээж Д.Бунь 2001 оноос өөрийн эгч, дүү нар болох Д.Сү, Д.Б нарыг хажуудаа буулган айл хөрш болон амьдарч эхэлсэн. Бодит байдалд Д.Сү түүний хүү Д.Б, Д.Жа нар нь өөрсдийн газрыг баталгаажуулан газар эзэмших эрхээ олж авсан бөгөөд нийт газрын дийлэнх хэсгийг эзлэн байршиж байна.

 Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2001 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 187 тоот захирамжаас үзэхэд Д.С*******ий хүү Д.Б, Д.М нар нь тус бүртээ 100 м.кв талбайтай газрын ашиглах эрхийг авсан байдаг ба эзэмших эрхээ уул хэмжээнээс хэтрүүлэн ашиглаж байсан. Харин Д.Жын хувьд 10-аад жилийн хугацаанд манай гэрт амьдарч ирсэн бөгөөд сүүлд 2016 оны захирамжаар газар эзэмших эрхийг шинээр олж авсан. Бидний хувьд анхнаасаа тус тусдаа газар эзэмших эрхээ баталгаажуулсан байтал мэдээллийн санд буруу бүртгэгдсэнээс шалтгаалан бидний он удаан жил эзэмшиж, ашиглаж ирсэн газрыг минь дундын өмчлөл нэрийн доор хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байгаад нь гомдолтой байна.

 4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа нотлох баримт болон хуульд үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан байх ба газрын үзлэгийг хийх талаар бид нарт хэлээгүй.

Д.Буминий бие 2016 оны 4 дүгээр сард Чингэлтэй дүүргийн Газрын албанд хандаж газар эзэмших эрхийн хугацааг сунгуулахаар өргөдөл гаргахад 0,7 га талбайгаас их байгаа тул өөрсдийн газрыг хүүхдүүдийнхээ нэр дээр хуваарилах нь зүйтэй гэж Газрын албанаас хэлсэн. Уг нөхцөл байдлын талаар нэхэмжлэгч иргэд бүгдээрээ мэдэж байсан атал тэдгээрийн зөвшөөрлийг авалгүйгээр газар эзэмших хүсэлт гаргасан мэтээр гүтгэж, нэхэмжлэл болон хариу тайлбарыг гаргаж байгаа нь гайхшралыг төрүүлж байна.

 Анхнаасаа бид бүхэн тусдаа газар эзэмших хүсэлт гаргаж, тусдаа кадастрын зураг хийлгэж газар эзэмших эрхүүдээ баталгаажуулж байсан атал дундын өмч нэрийдлээр хариу тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй байна .

Нөгөөтэйгүүр тухайн газар дээр гуравдагч этгээдүүд анхнаасаа хөрөнгө оруулсан байтал нэхэмжлэлдээ бид бүхэн мөнгө зарцуулсан гэж бичсэн нь гүтгэлгийн шинжтэй байх бөгөөд энэ талаар гэрчлэх гэрчүүдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлтээ гаргах болно. Түүнчлэн хариу тайлбарт "... нэхэмжлэгч нарт мэдэгдэлгүйгээр ... захирамжуудыг гаргасан байсан нь ...О.С-ын нотолсноор батлагддаг" гэжээ.

Гэвч тухайн үндэслэлийг хариуцагч ямар хууль зүйн үндэслэлтэй баримтад тулгуурлан тайлбарласныг нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нэгдэн баримтгүйгээр нэг байр сууринд бусдыг гүтгэж байгаад нь гомдолтой байна.

 Хариуцагчийн дээрх хариу тайлбараас үзэхэд Чингэлтэй дүүргийн Засаг даргаас захиргааны акт гаргах бүртээ хууль зөрчдөг гэсэн агуулгаар хариу тайлбар гаргаж байгаа нь ёс зүйгүй хэрэг болсон байна.

 5. Нэхэмжлэгч Д.Сү, түүний хүүхдүүд болох Д.Б, Д.М нарт Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2001 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 187 тоот захирамжаар тус бүр 300 м.кв талбайд 4 жилийн хугацаанд газар ашиглах эрхийг олгосон байх бөгөөд тэдгээр хүмүүс хугацаа сунгуулах хүсэлтээ болон газар эзэмших хүсэлтээ хууль, журамд нийцүүлэн гаргаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. Харин гуравдагч этгээд Д.Бу, Ш.Н-ийн зүгээс Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2002 оны 274 тоот захирамжаар анх газар эзэмших эрхийг авсан ба 2016 онд газар эзэмших хугацааг хууль, журамд нийцүүлэн сунгуулсан. Д.Сүнь өөрсдийн хүүхдүүдийн хамт 900 м.кв газар ашиглах эрхтэй, мөн хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаагүй байх ба ямар үндэслэлээр тус тусдаа үүссэн газруудыг мэдээллийн санд нэг доор хадгалсан нь төрийн захиргааны буруутай үйл ажиллагаатай шууд холбоотой байна.

 Тодруулбал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс мэдээллийн санд иргэний нэр дээр бүртгэлтэй байна гэх хариу тайлбар нь хууль, журамд нийцэхгүй байгаа бөгөөд өөр цагт, өөр байдлаар үүссэн газрын хувийн хэргүүдийг дундын өмч мэтээр тайлбарласан нь зүйд нийцэхгүй.

Мөн газар эзэмших, ашиглах эрх тусдаа үүссэн хүмүүс нэг нь нөгөөгөөсөө зөвшөөрөл авалгүйгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулах нь хууль зөрчсөн үйлдэлд тооцогдохгүй. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэр бүхий 3 иргэний гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

                Гуравдагч этгээд Д.Бу шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”... Миний бие 1993 онд *******д таньдаг хүнийхээ хажууд 9114 м.кв талбайг Газрын албаны байцаагч н.Б, Ойн ногоон бүсийн байцаагч н.Ба, Байгаль орчны яамны мэргэжилтэн н.Ш, хажуу айлын н.Б, н.С нарын хамт өөрийн 3 хүү болон өөрийнхөө нэр дээр газрыг анх хэмжүүлж авсан. Тухайн үед хамт байсан дээрх хүмүүс одоо амьд сэрүүн байгаа. Үүний дараа газрын албанд газрыг эзэмшүүлж өгөхийг хүссэн өргөдлийг 4 жил дараалж гаргаж байсан. Уг өргөдлийг Ш.Эр, Д.Бу, Ш.Н, Ш.Бнарын өмнөөс гаргаж байсан. Өргөдлийн хариу өгөхгүй 6-7 жил болсон. 2002 онд Ш.Эр, Ш.Бнарын нэрийг хасаад Д.Бу, Ш.Нонарын нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ гарч байсан. Д.Бу, Ш.Нонарын эзэмшил бүхий 9114 м.кв газрын урд хэсэгт би амьдарч байсан. 9114 м.кв газрын баруун хойд хэсэгт Д.Сүэгч амьдаръя гэж гуйж байсан. Миний бие түүнийг зөвшөөрч “та баруун хойд талд байшингаа бариад амьдар, би урд талынхаа газрыг хүүхдүүддээ хувааж өгнө, урд талынхаа газрыг өгөхгүй” гэж тохиролцсон. Хойд талын 6000 м.кв талбайд Д.Сү, Д.Бнар амьдарч байгаа. Урд талын газрын зүүн урд хэсэгт Д.Жа амьдарч байгаа. Д.Жын хувьд 2008 онд миний газар дээр амьдрах хүсэлт гаргасан. 2016 онд Д.Жын газрын гэрчилгээ нь гарсан ба үүнээс өмнө гэрчилгээгүй амьдарч байсан. 2016 онд газар эзэмших эрх хүссэн өргөдлөө гаргахдаа намайг газрын албан дээр дуудсан.

Би О.С байцаагчтай уулзаад “Д.Жад байшингаас нь хойшоо 2 метр газрыг өгье, урагшаа газар өгөх боломжгүй” гэж хэлсэн. Одоо Д.Жа1400 м.кв талбай бүхий газрыг эзэмшиж амьдарч байгаа. Миний газрын урд талд ногооны талбай, баруун талд Д.Жын эзэмшлийн газар байгаа. Өөрийн 3 хүүхдэдээ өгөх газар үлдээгүй. Маргаан бүхий газрыг миний бие өөрөө хөөцөлдөж байж олж авсан. Уг газрыг атар газар байхад нь өөрийн хүч хөдөлмөрөөр 0.7 га газрыг нь ногооны талбай болгон боловсруулж байсан. Уг ногооны талбайг Д.Б“би таны ногооны талбайд 1 жил ногоо таръя” гэж гуйж авчхаад миний газар, давхацсан гэх зүйл ярьж байгааг ойлгохгүй байна. 2008 оны Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас гаргасан кадастрын зураг дээр 5 хүн амьдарч байна гэж бичсэн болохоос биш, 5 хүний эзэмшил газар байна гэж бичээгүй. Миний бие газрыг дундын өмчлөгч гэж байдаггүй гэж уншиж судалсан.

Миний газар дээр гуйж суучхаад өөрсдийн газартай давхацсан гэж ярьж байгааг ойлгохгүй байна. Д.Сү, Д.Бнар 0.3 га газрыг эзэмших биш ашиглах эрхтэй байсан ба газар ашиглах эрхийн хугацаа дууссан. Нэг ч удаа газар ашиглах эрхээ сунгуулаагүй ба газрын төлбөр төлөөгүй. Газрыг ашиглах болон эзэмших эрхгүй байж давхцалтай газар, миний газар гэж ярьж байна. Давхцалтай болох нь кадастрын зургаар нотлогдож байгаа гэж байна. Давхцалтай кадастрын зураг байхгүй. 2016 онд би өөрийн эзэмшлийн газрыг 3 хүүхдэдээ хувааж өгөхөд нэхэмжлэгч нарын газар кадастрын зураг байгаагүй. Би хүний газартай давхардуулж хүүхдүүддээ газар эзэмшүүлсэн асуудал байхгүй. Маргаан бүхий газрыг намайг анх авч байсан болохыг гэрчлэх хүмүүс зөндөө байгаа. Холбогдох гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан байгаа” гэв.

Гуравдагч этгээд Ж.Бү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний хадам ээж Д.Бузурагтаар “зуслангийн газрыг өмчлүүлж байна" гэх мэдээ сонсоод зуслангийн газраа өмчилж авахаар газрын албанд очиж уулзсан. Миний ээж настай хүн болохоор миний бичиг баримтыг бүрдүүлж газар өмчлөх асуудлаар газрын албатай харилцаж байсан. Тухайн үед н.С гэх байцаагч манай хороог хариуцаж ажиллаж байсан. Намайг баримт бичгээ бүрдүүлэн очиход Д.Сү, Д.Б, Д.Жагэх хүмүүсийн газартай давхцалтай байна гэх талаар огт хэлээгүй. Давхцалтай эсэх асуудлыг шалгах үүрэг бүхий этгээд н.С******* өөрөө байсан. Гэтэл одоо маргаан бүхий газрыг давхцалтай гэх тайлбар гаргаж байгаад их гайхаж байна. Д.Бу, Ш.Нонарын эзэмшлийн газар дээр яагаад 3 хүн нэмж эзэмшүүлсэн бэ гэхээр 0.7 га газраас илүү газар өмчлөхөөр бол төлбөр төлөх ёстой байсан. Иймд миний ээж Ш.Эр, Ж.Бү, Ш.Бгэх 3 хүүхдийнхээ нэр дээр кадастрын зураг гаргуулж авсан” гэв.

Гуравдагч этгээд Ш.Эр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний ээж анх маргаан бүхий газрыг 1993 онд авч байсан. Миний бие 7-8 настайгаасаа хойш уг ******* гэх газарт амьдарч ирсэн. Миний мэдэхийн Д.Жаах Дархан хотод амьдардаг байсан. Д.Сү, Д.Бнар мөн өөр газар амьдарцгаадаг байсан. *******д байрлах маргаан бүхий газрыг эзэмшиж эхэлснээс хойш Д.Ж, Д.Сү амьдарч эхэлсэн. Ээжийнхээ зүгээс хамаатан садандаа өгөөмөр хандсан гэж өөрийн зүгээс ойлгож байгаа. Эцсийн эцэст би өөрөө байшин барих газаргүй болж шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэх гэж байгаа нь ичгэвтэр зүйл болж байна. Хууль зүйн талаасаа өмгөөлөгч тодорхой тайлбарлаж байна. Газрыг дундын өмчлөл хэлбэрээр өмчлүүлэх гэсэн ойлголт байдаггүй юм байна лээ. Иймд шүүхээс асуудлыг хууль ёсны дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэв.

Гуравдагч этгээд Ш.Ношүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Д.Сү, Д.Б нар анх газрыг 4 жилийн хугацаагаар ашиглах эрхтэй байсан ба газар ашиглах эрхийн хугацаа дууссан. Газар ашиглах эрхээ сунгуулаагүй ба газрын төлбөр төлөөгүй. Маргаан бүхий асуудал О.С******* гэх газар зохион байгуулагчаас болж байгаа юм” гэв.

Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгч нар шүүхэд анх нэхэмжлэл гаргасан ба шүүхээс нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан шүүгчийн захирамж гарсан. Үүний дараа нэхэмжлэгч нар 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 3478 дугаар захирамжаар нэхэмжлэл гаргах хугацааг сэргээлгэсэн байна. Уг захирамжаас харахад 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр О.Эрийг гадаад улс руу зорчсон гэх баримтыг үндэслэж нэхэмжлэл гаргах хугацааг сэргээсэн гэдэг нь харагдаж байна. Нэхэмжлэл гаргах хугацаа сэргээлгэх хүсэлт гаргахад ямар баримт хавсаргаж өгөх нь тухайн хүсэлт гаргагчийн эрхийн асуудал. Гэвч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэл гаргах хугацаа сэргээлгэх хүсэлт гаргахаас өмнө хандаж байсан талаарх үйл баримт  харагдаж байна. Өөрөөр хэлбэл 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр төрийн захиргааны байгууллагад нэхэмжлэгч нар нь газар эзэмших харилцаатай холбоотойгоор гомдол гаргасан байна. Мөн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга н.Б-д гомдол гаргаж байсан байна. Анх шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хянаж дүгнэхдээ “2019 онд хариу өгсөн байх тул үүний дагуу хөөн хэлэлцэх хугацааг тогтоож байна” гэж дүгнэсэн. Гэвч бүртгэл хяналтын картаас харахад 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хандсан үйл баримт тогтоогдож байна. Нэхэмжлэл гаргах хугацаа сэргээсэн захирамжийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хүндэтгэн үзэх шалтгаан дээр үндэслэж гарсан гэж гуравдагч этгээд  нарын өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Нэхэмжлэгч нар газрыг анх хэзээнээс эзэмшиж ашиглаж эхэлсэн болохыг нэхэмжлэлдээ дурддаг хэдий ч үүнийг нотолсон баримт байдаггүй. Хавтаст хэрэгт 2001 оны “Газар ашиглах эрхийг баталгаажуулах тухай” захирамж л байдаг. Гуравдагч этгээд нарын зүгээс анх тухайн газрыг ашиглаж байсан болохыг нотлох Стандартчилал хэмжил зүйн газрын холбогдох баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргаж өгсөн. Үүн дээр 1995, 1998, 2001, 2002, 2004, 2008 оны баримтууд авагдсан. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд гуравдагч этгээд нар нэхэмжлэгч нараас өмнө газар ашиглах эрхээ баталгаажуулсан болох нь харагдаж байна. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгч нарын зүгээс маргаан бүхий газрыг дундын эзэмшлийн газар гэж тайлбарладаг. Дундын эзэмшлийн газар гэдгийг төрийн захиргааны байгууллагад бүртгүүлээгүй 2008 оны кадастрын зургаар холбож тайлбарладаг. Хэрэгт авагдсан газар эзэмших эрх олгосон захирамж, гэрчилгээнээс үзэхэд газрыг ашиглах эрх тусдаа газрын хувийн хэрэг үүссэн байна. Тус тусдаа үүсэж байгаа газрын хувийн хэрэг дээр ямар нэгэн давхцал үүсэх үндэслэл байхгүй. 2001 оны захирамжаас үзэхэд нэхэмжлэгч Д.Сү, Д.Б нар 300 м.кв талбай газрыг 4 жилийн хугацаанд ашиглах эрхтэйгээр, 2002 оны 274 тоот захирамжаар Ш.Н, Д.Бу нар тус бүр 700 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрх олж авсан байна. Ямар үйл баримтад үндэслэж 9114 м.кв газрыг эзэмших эрхтэй гэж тайлбарлаж байгаа нэхэмжлэгч нарын тайлбар ойлгомжгүй байна. 9114 м.кв газрыг дундын эзэмшил газар болохыг нотолсон баримт хэрэгт байхгүй. Мөн Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын мэдээллийн санд авагдсан зургийн талаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна. Шүүхээс Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас нэхэмжлэгч нарын болон гуравдагч этгээд нарын нэр, регистрийн дугаарыг хүргүүлж холбогдох баримтыг гаргуулахаар шаардсан. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас гуравдагч этгээд нарын газар эзэмших эрх үүссэн талаарх мэдээллийг баримтад дурддаг. Харин 9114 м.кв газрыг баримтыг шүүхээс хавсарган ирүүлсэн баримт гэж дурддаг. Өөрөөр хэлбэл 9114 м.кв газар мэдээллийн санд өнөөдрийг хүртэл бүртгэгдээгүй болох нь харагдаж байна.

Нэхэмжлэгч нарын хувьд газар ашиглах хугацааг хэтрүүлсэн буюу Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн байж миний газар гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. 9114 м.кв газраас Ш.Эр, Д.Бу, Ж.Бү, Ш.Н, Ш.Бнар 3000 м.кв гаран газрыг эзэмших эрхтэй байгаа. Үлдэх 6000 м.кв гаруй газрын эзэмших эрх нь нэхэмжлэгч нарт нээлттэй үлдэж байгаа. Нэхэмжлэгч Д.Жын газар эзэмших эрх сүүлд үүссэн. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар анх эзэмшиж эхэлсэн гэж маргах үндэслэл байдаггүй. Хавтаст хэрэгт 2016 оны захирамж авагдсан. Тус захирамжид Д.Жын эзэмшил газрыг 700 м.кв хэмжээгээр баталгаажуулсан байна. Үүнээс үзэхэд Д.Жань зөрчигдсөн гэх хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй гэж харагдаж байна. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг дээр дурдсан үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагчийн зүгээс маргаан бүхий асуудлын талаар маш үндэслэлгүй тайлбар гаргасан. Нэхэмжлэгч нарын газрын хувийн хэргийн бүрдэл тодорхой бус байна. Мөн хариу тайлбараа нотолж шүүх хуралдаанд хариу тайлбараа дэмжиж оролцохгүй байна. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн үндэслэлийг О.С-ын тайлбараар нотлогдож байгаа гэж байна. Гэтэл О.С нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа. Энэ нөхцөл байдлыг үндэслэж шүүхээс нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Сү, Д.Б, Д.Жанараас тус шүүхэд хандан “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны А/485 дугаар захирамжийн Ш.Бу, Ж.Бү, Ш.Эр нарт газар эзэмших эрх олгосон, 2016 оны А/517 дугаар захирамжийн Д.Бу, Ш.Но нарын газар эзэмших эрхийн хугацаа сунгасан хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Засаг даргад тус тус холбогдуулан гаргажээ.

Шүүх, нэхэмжлэгч, хариуцагч, гуравлагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, маргаан бүхий газар болон хариуцагчийн архив, бичиг хэрэгт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан холбогдох бусад нотлох баримтууд болон гэрч нарын мэдүүлэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/485 дугаар захирамжаар Ж.Бүт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, ******* нэртэй газарт 634 м.кв талбай бүхий газрыг, Ш.Буд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, ******* нэртэй газарт 636 м.кв талбай бүхий газрыг, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/497 дугаар захирамжаар Ш.Эрт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, ******* нэртэй газарт 637 м.кв газрыг, Д.Жад Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, ******* нэртэй газарт 700 м.кв газрыг тус тус зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж,

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн А/517 дугаар захирамжаар Д.Бу, Ш.Но нарын Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, ******* нэртэй газарт орших тус бүр 700 м.кв талбай бүхий газрыг газар эзэмших эрхийн хугацааг 15 жилээр сунгаж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчдийн зүгээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны захирамжаар Д.Б, Д.Сү, Д.Ж, Д.Бу, Ш.Но нарын хамтран эзэмшиж буй Чингэлтэй дүүргийн 19-р хороо, *******д байрлах 9114 м.кв газарт нэхэмжлэгч нарт мэдэгдэлгүйгээр Ш.Бу, Ж.Бү, Ш.Эрнарт газар эзэмших эрх олгож, Д.Бу, Ш.Нонарын газар эзэмших эрхийг сунгасан нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дэх хэсгийг зөрчсөн хэмээн,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс "нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй” хэмээн, гуравдагч этгээдүүдийн зүгээс “нэхэмжлэгч Д.Сү, Д.Б, Д.М нарт Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2001 оны 187 дугаар захирамжаар тус бүр 300 м.кв талбайг 4 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн бөгөөд тэдгээр хүмүүс хугацаа сунгах хүсэлт болон газар эзэмших хүсэлтээ хууль журамд нийцүүлэн гаргаагүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өөр цагт, өөр байдлаар үүссэн газрын хувийн хэргүүдийг дундын өмч мэтээр тайлбарласан нь зүйд нийцэхгүй, газар эзэмших, ашиглах эрх тус тусдаа үүссэн хүмүүс нэг нь нөгөөгөөсөө зөвшөөрөл авалгүйгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулах нь хууль зөрчсөн үйлдэлд тооцогдохгүй” хэмээн тус тус тайлбарлан маргаж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно“, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” хэмээн, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” хэмээн тус тус хуульчилсан.

Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаар, 

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2001 оны 187 дугаар захирамжаар Д.Сү, Д.Бнарт Чингэлтэй дүүргийн ******* гэх газарт тус бүр 300 м.кв газрыг 4 жилийн хугацаатай ашиглах эрхийг,

2002 оны 274 дүгээр захирамжаар Д.Бу, Ш.Нонарт  Чингэлтэй дүүргийн ******* гэх газарт тус бүр 700 м.кв газрыг 3 жилийн хугацаатай эзэмших эрхийг тус тус олгосон байх хэдий ч тус дүүргийн Газар зохион байгуулалтын албаны архивт Дүүргийн засаг даргын 2002 оны 274 дүгээр захирамж, Д.Сү, Д.Б, Д.Бу, Ш.Нонартай холбоотой архивын баримт байхгүй.

Маргаан бүхий газар нь Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн санд нэгж талбарын 18******* дугаар бүхий 9114 м.кв талбайгаар анх 2006 оны 9 дүгээр сарын Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн архивын зурган мэдээлэлд бүртгэгдсэн бөгөөд бодит байдал дээр тус газарт нэхэмжлэгч Д.Б, Д.Сү, Д.Жа болон гуравдагч этгээд Д.Бу-ийн эзэмшлийн 4 үл хөдлөх эд хөрөнгө хоорондоо тусгаарласан хашаа, хайс, тэмдэггүй, нэгдсэн нэг хашаатай оршиж байгаа.

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг дарга нь маргаан бүхий газарт 2016 оны А/485 дугаар захирамжаар Ж.Бүт 634 м.кв газрыг, Ш.Буд 636 м.кв газрыг, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны А/497 дугаар захирамжаар Ш.Эрт 637 м.кв газрыг тус тус эзэмшүүлж шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 31 дугаар зүйлийн 31.3-т заасан “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх” нөхцөл байдлыг газар дээр нь бодитоор шалгаж тогтоогоогүй,

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны А/517 дугаар захирамжаар Д.Бу, Ш.Но нарын газар эзэмших эрхийн хугацааг сунгаж шийдвэрлэхдээ гуравдагч этгээдүүдээс хүсэлтэд хавсаргаж өгсөн газрын кадастрын зурагт тэмдэглэгдсэн газар нь бодит байдал дээр нэхэмжлэгч нарын бодитоор эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаж байгаа эсэх асуудлыг нягталж, шалгалгүйгээр шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Газрын тухай хуулийн 31 дугаар зүйлийн 31.3 дахь хэсгийг зөрчсөн болох хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны А/485 дугаар захирамж, 2016 оны А/497 дугаар захирамж, Засаг даргын 2016 оны А/517 дугаар захирамжуудын хувийн хэрэг, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 15/1390 дугаар албан бичиг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2020 оны 1/2889 дүгээр албан бичиг, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны архив, бичиг хэрэгт болон маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл, холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байна.

Үүнтэй холбогдуулан шүүх, хэдийгээр нэхэмжлэгч нар нь тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны А/485 дугаар захирамжийн Ш.Бу, Ж.Бү, Ш.Эрнарт газар эзэмших эрх олгосон, 2016 оны А/517 дугаар захирамжийн Д.Бу, Ш.Нонарын газар эзэмших эрхийн хугацаа сунгасан хэсгийг тус тус хүчингүй болгуулах” хэмээн тодорхойлж, гуравдагч этгээд Ш.Эрт газар эзэмших эрх олгосон Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны А/497 дугаар захирамжийг орхигдуулсан хэдий ч шүүх нэхэмжлэлийн үг үсэгт бус нэхэмжлэгчдийн хүсэл зориг, шүүхээс хүсэж буй эрх зүйн хамгаалалтыг бодитоор ханган маргааныг гүйцэт шийдвэрлэх зарчмын үүднээс  Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны А/485 дугаар захирамжийн Ж.Бү, Ш.Бу, 2016 оны А/497 дугаар захирамжийн Ш.Эр, 2016 оны А/517 дугаар захирамжийн Д.Бу, Ш.Нонарт тус тус холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна хэмээн үзлээ.

                Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.12 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Газрын тухай хуулийн 31 дугаар зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Д.Сү, Д.Б, Д.Жа нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны А/485 дугаар захирамжийн Ж.Бү, Ш.Бу, 2016 оны А/497 дугаар захирамжийн Ш.Эр, 2016 оны А/517 дугаар захирамжийн Д.Бу, Ш.Но нарт тус тус холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Чингэлтэй дүүргийн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.МӨНХТУЛГА