Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 005

 

Б.Өмирзахын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Иргэний танхимын шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 674 дүгээр шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт оршин суух, Шеруши санырау овогт Бөтешийн Өмирзахын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багт оршин суух, Ботахара овогт Улагпаны Карменханд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Айдынгүл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мурат, хариуцагч Ц.Карменхан, хариуцагчийн өмгөөлөгч Х.Зулхаш, орчуулагч А.Еркегүл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Тоосгоны үйлдвэрийн иж бүрэн тоног төхөөрөмжийн үнэ болох 4500000 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Өлгий сумын 10 дугаар багт оршин суух хаягтай, хувиараа хөдөлмөр эрхлэх, урьд сайн таних Улагпан овогтой Карменхан гэдэг хүн надаас 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр БНХАУ-д үйлдвэрлэсэн цоо шинэ тоосго үйлдвэрлэх зориулалттай, тоосгоны үйлдвэрийн иж бүрэн тоног төхөөрөмжийг зээлээр худалдаж авсан. Тухайн үед У.Карменхан нь бэлэн өгөх мөнгө байхгүй тул зээлээр өгөхийг хүсэж, би ч түүний хүсэлтийг зөвшөөрч, тэр 2016 оны 8 дугаар сарын 01-ний дотор төлж өгөхөө илэрхийлэн, өөрийн гараар баримт бичиж өгсөн. Гэтэл одоо хүртэл элдэв шалтаг тоочин, нэг ч төгрөг төлөөгүй, намайг чирэгдүүлсээр байна. Иймд миний иргэн У.Карменханаас авах тоосгоны үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үнэ болох 4500000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт: Бөтешийн Өмирзах надаас тоосгоны үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үнэ болох 4500000 төгрөг нэхэмжилжээ. Би 2016 оны 4 дүгээр сарын дундуур Б.Өмирзахын граж дотор байсан тоосгоны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг үзэж байхад тэр надад чи авмаар байна уу? Наадах чинь цоо шинэ, би огт ажиллуулаагүй, их л сайхан эд дээ. Би өөр тоног төхөөрөмжтэй болохоор ажиллуулаагүй байгаа. Чи авна гэх юм бол би маш хямдхан өгчихнө. Их ашигтай тоног төхөөрөмж байгаа юм. Чи бараг үнийг нь жилийн дотор олоод авчихна гэж намайг хууран мэхэлж ажиллаж байгаад эвдэрсэн хуучин тоног төхөөрөмжөө өгсөн байна лээ. Уг тоног төхөөрөмжийн паспорт бичиг баримт ч байхгүй байсан. Би урьд нь ийм тоног төхөөрөмж ажиллуулж үзээгүй, мэдэхгүй тул түүний үгэнд итгээд хууртаж зээлээр авсан юм байна лээ. Би түүнийг хашаандаа аваачиж ажиллуулах гэсэн чинь зарим эд анги, утаснууд нь байхгүй байсан. Би өөрт нь очиж хэлэхэд би олоод өгье гэсэн боловч олж өгөөгүй тул би өөрөө олж, тавьж ажиллуулсан чинь их муухай дуу чимээтэй юм байна лээ. Би түүнд энэ тоног төхөөрөмжийн цоо шинэ нь хотод 4 сая төгрөгийн үнэтэй юм байна. Чи намайг хууран мэхэлж эвдэрхий, хуучин тоног төхөөрөмжөө өгсөн юм байна. Хэрэв надад өгөх юм бол үнийг нь буулга, буулгахгүй бол буцааж ав гэсэн юм. Бүр болохгүй болохоор нь би түүнд 2 саяыг би энэ жил өгье. Мөнгөний бололцоо байхгүй байна. Үлдсэнийг нь дараа жил өгье гэсэн юм. Тэгсэн танайд нэхэмжлэл гаргасан байна. Би түүний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно. Түүний эвдэрхий хуучин тоног төхөөрөмжид 4.5 сая төгрөг төлж чадахгүй. Надад цоо шинэ, их ашигтай эд гэж хууран мэхлэн, төөрөгдүүлж өгсөн. Тоног төхөөрөмжийг нь буцааж өгье. Намайг хуурсан тул би аман хэлцэл л хийсэн юм. Б.Өмирзах намайг хууран мэхлэн, төөрөгдүүлж эвдэрхий, хуучин тоног төхөөрөмж өгсөн тул Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, эвдэрхий хуучин тоног төхөөрөмжийг нь өөрт нь буцаан өгүүлэх арга хэмжээ авч өгнө үү. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 674 дүгээр шийдвэрээр: 1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч У.Карменханаас тоосгоны үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үнэ болох 4500000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Өмирзахт олгосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 86950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 674 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Хариуцагч У.Карменхан би 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгч Б.Өмирзахын агуулахад угсраагүй байгаа БНХАУ-д үйлдвэрлэгдсэн "блок" үйлдвэрлэх зориулалт бүхий тоног төхөөрөмжийг 4,5 сая төгрөгөөр худалдаж авсан. Худалдаж авсны дараа өөрийн хашаанд аваачиж угсарсан бөгөөд тухайн тоног төхөөрөмж дараах байдлаар "биет байдлын доголдолтой" болох нь тогтоогдсон юм. Үүнд:

Тоног төхөөрөмжийн гол эд анги болох /Машалка байхгүй, тогны автомат хайрцаг байхгүй, нийт 3 ширхэг бивраторбайгаагийн нэг нь, нөгөө нь бүрэн ажиллагаагүй байсан. Түүнчлэн цахилгаан утаснууд нь шалбарсан, таслагдсан гэмтэлтэй байсан. Тиймд би Б.Өмирзахад хандаж, худалдсан, "тоног төхөөрөмжийн" биет байдлын доголдлыг арилгаж, засаж өгөх, байхгүй тоног төхөөрөмжийг олж өгөх, заримыг нь сольж өгөхийг шаардсан. Нэг сарын дараа буюу 2016 оны 5-р сарын сүүлээр байхгүй байсан "мешалкийг" олж өгсөн боловч, олж өгсөн "мешалка" нь цоорхой байсан. Тухайн тоног төхөөрөмжөөр үйлдвэрлэл явуулах гэхэд барилгын захиалагчдын товчоо, аймгийн МХГ-ын барилга хариуцсан Улсын байцаагч нар үйлдвэрийн тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааны горим хангагдсан эсэх, тухайн тоног төхөөрөмжийн гарал үүсэл, одоогийн байдлаар эдлэх хугацаа дуусаж актлагдах болсон эсэхийг тус тус хянан баталгаажуулж, дүгнэлт гарган үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах"тусгай зөвшөөрөл" олгох хуулийн зохицуулалттай. Тийм учраас Карменхан миний бие худалдагч Б.Өмирзахаас тухайн "блокынүйлдвэрийн тоног төхөөрөмжийн" техникийн паспортыг шаардсан боловч, одоо хүртэл өгөөгүй. Ийм учраас Б.Өмирзахын 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр надад худалдсан байгаа блок үйлдвэрлэх тоног төхөөрөмж" нь биет байдлын доголдлоос гадна эрхийн доголдолтой юм. Энэхүү биет байдлын болон эрхийн доголдлыг арилгахыг нэхэмжлэгч Б.Өмирзахаас "худалдан авснаас" хойш удаа дараа шаардсан боловч миний гомдлын шаардлагыг биелүүлээгүй болно. Хариуцагч У.Карменхан миний Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 674-тоот шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргах үндэслэл нь:

Маргааныг хянан шийдвэрлэхдээ зөвхөн нэг талыг баримталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан үүргийг шүүх биелүүлээгүйгээс шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна" гэсэн шаардлагыг хангаагүйбайна. Тухайлбал, тухайн тоног төхөөрөмжийн биет байдлын доголтой байгаа эсэх талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулах хүсэлтийг гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар хүсэлт гаргасан боловч, хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь нэг талыг баримталсан явдал болсон. Б.Өмирзахын худалдсан "тоног төхөөрөмжийн" техникийн паспорт байхгүй байгаа нь "эрхийн доголдол" мөн байсан бөгөөд үүнээс болж, үйлдвэр үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөл одоо болтол авч чадаагүй. Энэ нь Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-д заасан "эрхийн доголтой" болох нь тогтоогдсоор байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь нэг талыг баримталсныг нотолж байна. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д "баталгаат хугацаа тогтоогдоогүй бол өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор гомдлын шаардлага гаргана" гэж заажээ. У.Карменхан миний бие тоног төхөөрөмжийг 2016 оны 4 дүгээр сарын 13-нд худалдаж авсан бөгөөд гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2016 оны 10 дугаар сарын 13-нд дуусах ёстой ба харин хариуцагч Б.Өмирзах нь 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар "гомдлын шаардлага" гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2016 оны 10 дугаар сарын 13-нд дууссан тул хуулийн хугацаанд сөрөг нэхэмжлэл гаргаагүй гэжээ. Нэгэнт гомдлын шаардлага гаргах хугацаа болоогүй байхад Б.Өмирзах шүүхэд нэхэмжлэл гаргасан учир би түүний нэхэмжлэлийг эс зөвшөөрч тайлбар гаргасан явдал өөрөө "гомдлын шаардлага" байх ёстой.

Иймд давж заалдах гомдлын үндсэн дээр Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 674 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтыг үндэслэлтэй дүгнэж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Б.Өмирзах нь хариуцагч У.Карменханд холбогдуулан тоосгоны үйлдвэрийн иж бүрэн тоног төхөөрөмжийн үнэ 4500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагаа үндэслэхээр У.Карменханы үйлдсэн Өмирзахаас 4500000 төгрөгөөр үнэлж тоосгоны үйлдвэр авлаа. 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл мөнгийг нь өгнө. гэсэн баримтыг шүүхэд гаргаж өгчээ. Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ биет байдлын болон эрхийн доголдолтой эд хөрөнгийг хууран мэхлэх, төөрөгдүүлэх замаар худалдсан гэж тайлбарлажээ.

 

Зохигчийн тайлбарыг хэрэгт авагдсан У.Карменханы үйлдсэн баримттай харьцуулан дүгнэвэл, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. Хариуцагч буюу худалдан авагч худалдан авсан эд хөрөнгө нь биет байдлын болон эрхийн зөрчилтэй буюу тоног төхөөрөмжийн бүрдэл хэсэг дутуу, бичиг баримтгүй гэж тайлбарлаж байгаа боловч энэ үндэслэлээ баримтаар нотлоогүй байна. Түүнчлэн хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд гэрээ байгуулагдахдаа Иргэний хуулийн 58, 59 дүгээр зүйлд заасан ноцтой төөрөгдлийн улмаас, хууран мэхэлж хэлцэл хийгдсэн гэсэн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй ба хариуцагчийн татгалзлын үндэслэл баримтад тулгуурлаагүй тул худалдагдсан бараа эд хөрөнгийн болон эрхийн зөрчилтэй эсэх талаар шүүхээс дүгнэлт хийх боломжгүй юм.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хариуцагч Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан шаардлагуудын аль нэгийг буюу сөрөг нэхэмжлэл гаргаагүй байхад шүүхээс хариуцагчийг Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан шаардах эрхээ хэрэгжүүлэх хугацаа дууссан байна гэж дүгнэсэн нь маргааны үйл баримтад хамааралгүй тул шийдвэрийн уг дүгнэлттэй холбоотой хэсэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт нийцээгүйг тэмдэглэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иймээс дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87000 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 674 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч У.Карменханы гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87000 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ

 

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

 

С.ӨМИРБЕК