Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 674

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт оршин суух, БЭ59041913 регистрийн дугаартай, гар утас 99421441 дугаар, Шеруши санырау овогт Бөтешийн Өмирзахын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багт оршин суух, БК64061099 регистрийн дугаартай, Ботахара овогт Улагпаны Карменханд холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мурат, хариуцагч У.Карменхан, түүний өмгөөлөгч Х.Зулхаш, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Маншүк нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Тоосгоны үйлдвэрийн иж бүрэн тоног төхөөрөмжийн үнэ болох 4500000 /дөрвөн сая таван зуун мянган/ төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Б.Өмирзах шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Өлгий сумын 10 дугаар багт оршин суух хаягтай, хувиараа хөдөлмөр эрхлэх, урьд сайн таних Улагпан овогтой Карменхан гэдэг хүн надаас 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр БНХАУ-д үйлдвэрлэсэн цоо шинэ тоосго үйлдвэрлэх зориулалттай тоосгоны үйлдвэрийн иж бүрэн тоног төхөөрөмжийг зээлээр худалдаж авсан юм. Тухайн үед У.Карменхан нь бэлэн өгөх мөнгө байхгүй тул зээлээр өгөхийг хүсч, би ч түүний хүсэлтийг зөвшөөрч, тэр 2016 оны 8 дугаар сарын 01-ний дотор төлж өгөхөө илэрхийлэн, өөрийн гараар баримт бичиж өгсөн юм. Гэтэл одоо хүртэл элдэв шалтаг тоочин, нэг ч төгрөг төлөөгүй, намайг чирэгдүүлсээр байна. Иймд миний иргэн У.Карменханаас авах тоосгоны үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үнэ болох 4500000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мурат шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Иргэн У.Карменхан нь нэхэмжлэгч Б.Өмирзахаас 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 4500000 төгрөгөөр тоосгоны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг худалдаж авсан. Ингэхдээ үнийг нь 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл бүрэн төлж өгөхөөр тохиролцож гарын баримт бичиж өгөөд ажиллуулж үзээд бүрэн бүтэн хүлээж аваад явсан. Гэвч хариуцагч У.Карменхан нь тохиролцсон хугацаанд мөнгөө төлөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхийн санаачилгаар талуудыг эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч талууд тохиролцож чадаагүй. Тийм учраас өнөөдрийн шүүх хуралдаанаар хариуцагч У.Карменханаас үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үнэ болох 4500000 төгрөгийг гаргуулахыг хүсэж байна гэв.

Хариуцагч У.Карменхан шүүхэд гаргасан тайлбартаа: Бөтешийн Өмирзах надаас тоосгоны үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үнэ болох 4500000 төгрөг нэхэмжилжээ. Би 2016 оны 4 дүгээр сарын дундуур Өмирзахын граж дотор байсан тоосгоны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг үзэж байхад тэр надад чи авмаар байна уу? Наадах чинь цоо шинэ, би огт ажиллуулаагүй, их л сайхан эд дээ. Би өөр тоног төхөөрөмжтэй болохоор ажиллуулаагүй байгаа. Чи авна гэх юм бол би маш хямдхан өгчихнө. Их ашигтай тоног төхөөрөмж байгаа юм. Чи бараг үнийг нь жилийн дотор олоод авчихна гэж намайг хууран мэхэлж ажиллаж байгаад эвдэрсэн хуучин тоног төхөөрөмжөө өгсөн байна лээ. Уг тоног төхөөрөмжийн паспорт бичиг баримт ч байхгүй байсан юм. Би урьд нь ийм тоног төхөөрөмж ажиллуулж үзээгүй, мэдэхгүй тул түүний үгэнд итгээд хууртаж зээлээр авсан юм байна лээ. Би түүнийг хашаандаа аваачиж ажиллуулах гэсэн чинь зарим эд анги, утаснууд нь байхгүй байсан. Би өөрт нь очиж хэлэхэд би олоод өгье гэсэн боловч олж өгөөгүй тул би өөрөө олж тавьж ажиллуулсан чинь их муухай дуу чимээтэй юм байна лээ. Би түүнд энэ тоног төхөөрөмжийн цоо шинэ нь хотод 4 сая төгрөгийн үнэтэй юм байна. Чи намайг хууран мэхэлж эвдэрхий, хуучин тоног төхөөрөмжөө өгсөн юм байна. Хэрэв надад өгнө юм бол үнийг нь буулга, буулгахгүй бол буцааж ав гэсэн юм. Бүр болохгүй болохоор нь би түүнд 2 саяыг би энэ жил өгье. Мөнгөний бололцоо байхгүй байна. Үлдсэнийг нь дараа жил өгье гэсэн юм. Тэгсэн танайд нэхэмжлэл гаргасан юм байна лээ. Би түүний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно. Түүний эвдэрхий хуучин тоног төхөөрөмжид 4.5 сая төгрөг төлж чадахгүй. Надад цоо шинээ, их ашигтай эд гэж хууран мэхлэн, төөрөгдүүлж өгсөн юм байна. Тоног төхөөрөмжийг нь буцааж өгье. Намайг хуурсан тул би ам хэлцэл л хийсэн юм. Өмирзах намайг хууран мэхлэн, төөрөгдүүлж эвдэрхий, хуучин тоног төхөөрөмж өгсөн тул Иргэний хууль болон ИХШХШийдвэрлэх тухай хуульд зааснаар түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, эвдэрхий хуучин тоног төхөөрөмжийг нь өөрт нь буцаан өгүүлэх арга хэмжээ авч өгнө үү гэжээ.

Хариуцагч У.Карменхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед би уг төхөөрөмжийг худалдаж авахдаа ажилладаг юм байна гэж бодож авсан. Дараа нь олон жил ажиллаагүй төхөөрөмж байсан гэдгийг мэдсэн. Төхөөрөмжийг худалдаж авсны дараа 1 сарын дараа мешалкийг нь авсан бөгөөд энэ тэнд нь цоорхойтой байсан. Хэрэв хэвийн хэмжээнд ажиллаж байгаа бол өөрөө засаж янзлаад цаашид ажиллуулъя гэсэн боловч ажиллаагүй. Олон зүйл нь дутуу байсан. Тухайлбал 1. 3 төрлийн вибратор байдаг бөгөөд зарим нь ажилладаг, зарим нь ажилладаггүй байсан. 2. Цахилгааны талаас маш олон гэмтэлтэй байсан. Ажил хийж байх үед цахилгаанд цохиулах эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл цахилгааныг тааруулж өгч байдаг хайрцаг нь байхгүй. 3. Төрөөс ямар нэгэн зээлд хамааруулах гэсэн боловч паспорт, гэрчилгээ байхгүй байсан. Худалдаж аваад ажиллуулах гэсэн боловч хажуу айлууд дуу нь чанга байна гээд хэл ам гаргаад байсан тул ажиллуулаагүй. Тэгээд авсандаа маш их харамсаж нэхэмжлэгч Б.Өмирзахт буцаах талаар хэлэхэд нэгэнт худалдаж авсан тул буцааж авахгүй гэж хэлсэн. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа нэхэмжлэлийн нэг хувийг гардаж аваад 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд хариу тайлбар бичиж өгсөн. Хуулиараа доголдолтой эд зүйлийг 6 сарын дотор буцааж болох юм байна лээ. Тухайн үед буюу нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан үед 5 сар болж байсан. Толбо суманд байдаг манай нэг худ маань ийм төрлийн цоо шинэ тоног төхөөрөмжийг 4 сая төгрөгөөр худалдаж авсан. Миний худалдаж авсан тоног төхөөрөмж маань хуучин байсан. Гэтэл үүнийг 4.5 сая төгрөгөөр худалдаж авсан маань миний эдийн засгийн байдалд хүндээр тусч байна. Хэрэв миний худалдаж авсан төхөөрөмж хэвийн ажиллаж байвал асуудал өөр байсан. Маш олон засварын ажил хийсэн. Нэг ч ширхэг тогны утас байхгүй байсан. Энэ бүгдийг би өөрөө хийсэн. Хоёр тал ч хохирохгүйн тулд би авсан эдийг буцааж өгөхийг хүсэж байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, нэхэмжлэгч Б.Өмирзахаас хариуцагч У.Карменхан нь 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 45000000 төгрөгөөр үнэлж тоосгоны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг авч, үнийг нь 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр өгөхөөр болж худалдаж авсан байна.

Хариуцагч хугацаандаа нэхэмжлэгч Б.Өмирзахын тоног төхөөрөмжийн үнийг төлөөгүйн улмаас нэхэмжлэгч худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 234.1-д зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч У.Карменхан нь уг тоосгоны тоног төхөөрөмж нь худалдаж авахдаа мешалка нь цоорсон, цахилгаан утаснууд таслагдсан, төхөөрөмжийн гол хэсэг болох 3 тооны вибраторын 2-ны хуучин, нэг вибратор огт ажиллагаагүй, автомат хайрцаг огт байхгүй, уг тоног төхөөрөмжийн техникийн паспорт байхгүй зэрэг биет байдлын доголдолтой тул уг тоосгоны тоног төхөөрөмжийг нэхэмжлэгчийн өөрт нь буцаахыг хүсжээ. Гэтэл хариуцагч У.Карменхан нь өөрөө тоосгоны үйлдвэртэй, тоосго үйлдвэрлэдэг мөн уг тоосгоны тоног төхөөрөмжийг ажиллуулсан болох нь хэргийн оролцогч нарын шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн мэдүүлгээр нотлогдож байна.

Хариуцагч У.Карменхан нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т зааснаар эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй байна. Мөн зүйлийн 254.6-д худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй байхаар заасан боловч нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоогоогүй ба хариуцагч У.Карменхан нь тоосгоны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг өмчлөх эрхийг 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр шилжүүлэн авсан байна. Хариуцагч У.Карменхан нь худалдан авсан эд хөрөнгийн биет байдлын доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, гарсан зардлаа нөхөн төлүүлэх, гэрээ цуцлах тухай шаардлага гаргах эрх нь 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дууссан байх ба энэ хугацаанд хариуцагч У.Карменхан нь тус шүүхэд үндсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргаагүй байна.

Түүнчлэн хариуцагч У.Карменхан нь худалдаж авсан тоосгоны үйлдвэрийн тоног төхөөрөмж нь биет байдлын доголдлын талаар эд хөрөнгө хүлээж авах үедээ мэдсэн буюу мэдэх боломжтой байхад хүлээж авсан мөн худалдан авагч У.Карменхан нь өөрөө тоосгоны үйлдвэр ажиллуулдаг байх ба уг тоосгоны үйлдвэрийн үйл ажиллагаатай холбоотой тоосгоны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ тус тус биелүүлэлгүй худалдан авсан байна.

Иймд хариуцагч У.Карменхан нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1, 255.1.2 дахь хэсэгт зааснаар худалдан авсан эд хөрөнгөө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой мөн тоосгоны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй хүлээн авсан учраас дээрх шаардлага гаргах эрхээ хуульд зааснаар алдсан байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Үйлдврэлэлийн ..., машин техник, тоног төхөөрөмж угсрах, суурилуулах, туршилт, засвар хийх үйлчилгээ нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн байна., 7.2-т Энэ хуулийн 7.1-д заасан үйл ажиллагааг явуулахдаа холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулсан байна. гэж заасан ба хариуцагч У.Карменхан нь тухайн тоног төхөөрөмж техникийн гэрчилгээгүй гэх боловч Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.3-д зааснаар машин механизм, тоног төхөөрөмжийг суурилуулах, их засварын дараа ашиглалтад оруулахдаа мэргэжлийн хяналтын байгууллагаар хянуулж зөвшөөрөл, гэрчилгээ авсан байх гэж заасан байх тул уг тоног төхөөрөмж нь гэрчилгээгүй гэх үндэслэлээр хариуцагчийн татгалзлыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд хариуцагч У.Карменханаас тоосгоны үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үнэ болох 4500000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Өмирзахт олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 86950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч У.Карменханаас тоосгоны үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үнэ болох 4500000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Өмирзахт олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 86950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ