Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Аюурзанын Энхтөр |
Хэргийн индекс | 143/2016/00425/И |
Дугаар | 509 |
Огноо | 2016-11-14 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 509
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг, *******,******* тоотод оршин суух ******* овгийн *******ы ******* /РД:*******/,
Хариуцагч: Өмнөговь аймаг дахь *******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******, *******,
Өмнөговь аймаг дахь *******наас 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 10:00 цагт зарлагдсан дуудлага худалдааг цуцлуулах, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнээс доогуур үнэлүүлсэн тул хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “” ХХК-ийг төлөөлж захирал , Худалдаа хөгжлийн банкыг төлөөлж Тусгай активын хэлтсийн ажилтан , Өмнөговь салбарын захирлын үүрэг гүйцэтгэгч , нарийн бичгийн дарга З.Өрнөл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “*******наас “Шинэ говь” худалдааны төвийн хөрөнгийг Улаанбаатар хотын “”-өөр хийлгүүлсэн болно. Уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэж Улаанбаатар хотын хөрөнгийн үнэлгээний төв рүү албан хүсэлт явуулсан боловч одоог хүртэл албан ёсны хариу ирээгүй байна. *******наас манай хамтран ажилладаг байгууллага “” гэж байгууллага байдаг гэж тайлбар авсан. Энэ нь өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн байна. Би энэ өөр дахин үнэлгээ хийлгэхгүй өөр компаниар үнэлгээ хийлгэх хүсэлтэй байна. Гэтэл 2016 оны 08 дугаар сарын 19-ны өдөр дуудлага худалдаа болох гэж байхад Хөрөнгийн үнэлгээний газраас хариу тайлбар ирээгүй байгаад гомдолтой байна. 2016 оны 08 дугаар сарын 19-ны өдөр болох дуудлага худалдааг цуцлуулж өгнө үү?
Үүнд:
1.Тухайн хөрөнгийн үнэлгээний төвөөс үнэлсэн обьектуудын үнийг зах зээлийн ханшаас хэтэрхий доогуур үнэлсэн,
2.Тухайн обьектийн байрлал, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хөдөө орон нутагт байдаг гэх байдлыг ашиглан бага үнээр тогтоосон,
3.Харьцуулж байгаа обьектуудын байршил тухайн эд хөрөнгийг ямар материалаар баригдсан, барилгын материалын чанарын тал дээр судлаагүй,
4.Зам дагуу байрласан газрыг харгалзан үзээгүй өөрсдийн үзүүлэлт ерөнхий байдлаар дүгнэж дүгнэлт гаргасан.
5.Зах зээлийн эдийн засаг хямарч үл хөдлөх эд хөрөнгийн үнэ унаж байгаа ч гэсэн одоо зарагдаж байгаа обьектуудтай үнийг харьцуулж хийгээгүй, шүүхийн шийдвэрээр хөрөнгийн үнэлгээ хийлгэж зарагдсан обектуудтай жишиж үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ гаргасан.
6.Улаанбаатарт байдаг Үл хөдлөх хөрөнгийн төв нь тухайн орон нутагт байдаг үл хөдлөх хөрөнгө ямар үнэтэй байдаг, газар, байршил /А зэрэглэлийн байршил/ үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийхдээ дутуу дулимаг хандсан. Тухайн орон нутагт байдаг хөрөнгийн үнэлгээний төвөөр үнэлгээ хийлгэх хүсэлтэй байна. Улаанбаатар хотоос ирж 2-3 хоногт үнэлгээ гаргаж байна гэж ирээд хэдэн зураг дараад л яваад өгдөг асуудлыг зохицуулж өгөх шаардлагатай байна.
7.Тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулдаг компани байвал үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ аймаг, орон нутагт ямар байдаг, өдөр тутмын хэвлэл, зар сурталчилгаагаар явж байгаа обьектуудад үнийн дүнг байнга судалж байдгаараа үнэлгээ гаргахад давуу талтай байж болох юм.
8.Улаанбаатар хотоос ирж байгаа хөрөнгийн үнэлгээний төв нь ажлаар ирж байна гэж нэг өдөрт хэдэн зураг аваад мөн дахин үл хөдлөх хөрөнгийн эзэдтэй ярилцалгүй 3 хоногийн дараа гэхэд явчихсан. Өөрсдийн үзэмжээр хүний олон жилийн хийсэн хөдөлмөрийг ингэж үнэлүүлмээргүй байна.” гэжээ.
Нэхэмжлэгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* ажилдаа хариуцлагүй хандсаны улмаас би шүүхэд гомдол гаргасан. Шалтгаан нь хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй тул хүчингүй болгуулах гомдол гаргасан. Анх Төгөлдөр гэдэг хүн ирээд обьекттой танилцаад шаардлагтай гэсэн зүйлээ судлаад явсан. Тэрнээс хойш Төгөлдөр надтай огт холбоо аваагүй. 3 хоногийн дараа хөрөнгийн үнэлгээний үнэлсэн үнэлгээ нь ирсэн. Тэр үнэлгээг би хүлээн зөвшөөрөөгүй, үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна, хариуцагч талтай эвлэрэх хүсэлт байхгүй.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 143/ШШ2016/00017, 143/ШШ2016/00018, 143/ШШ2016/00019, 143/ШШ2016/00020 тоот шүүгчийн захирамжаар *******ы *******, Адъяадоржийн Гантулга нараас 4 гүйцэтгэх хуудасны нийт төлбөр 967,342,485 төгрөгийг гаргуулан “Худалдаа хөгжлийн банк”-нд олгохоор шийдвэрлэсэн болно. Мөн шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 143/Ш32016/00297, 143/Ш32016/00298, 143/Ш32016/00299, 143/Ш32016/00300 дугаартай захирамжуудаар шүүхээс гарсан дээрх шийдвэрүүдийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарсан. Тус Албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичгүүдийг хүлээн авч 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 101, 102, 103, 104 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол үйлдэн 67 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчид хуваарилж шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оруулжээ. Төлбөр төлөгч Ц.*******, А.Гантулга нарыг 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр шийдвэр гүйцэтгэх албанд дуудан ирүүлж, төлбөр төлөгчийн эрх, үүрэг, хариуцлагыг танилцуулж, эд хөрөнгийн тухай мэдүүлэг авч төлбөр төлөх мэдэгдлийг анхны удаа гардуулж, 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дотор төлбөрөө сайн дураар төлж барагдуулах хугацаа өгсөн байна. Дээрх хугацаанд Ц.*******, А.Гантулга нар нь шүүхийн шийдвэртэй өр төлбөрөөс ямар нэгэн төлөлт хийгээгүй тул 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч нарын эд хөрөнгөнд үзлэг хийж, тэмдэглэл үйлдэн төлбөр авагч банкны зээлийн барьцаанд гэрээ байгуулан барьцаалсан үл хөдөлх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн Үүнд:
1.Өмнөговь аймаг, Даланзадгад сум, , тоотод байрлах 750 м.кв талбайтай өмчлөлийн газар, худалдааны төв А объект 2 давхар 1080 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай барилгын хамт
2.Өмнөговь аймаг, Даланзадгад сум, , тоотод байрлах 750 мкв талбайтай өмчлөлийн газар, худалдааны төв Б объект 2 давхар 1080 мкв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай барилгын хамт,
3.Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3-р баг, Хүнсний зах 2 хаягт байршилтай дэлгүүрийн барилга 680 мкв талбайтай 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө, 890 мкв талбайтай эзэмших эрхийн газар,
4.Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3-р багт байрлалтай “”-ийн барилга 144 мкв талбайтай 5 өрөө худалдаа үйлчилгээний зориулалттай,
5.Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3-р багт байрлалтай “ийн өргөтгөл 31,79мкв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай барилга, 31,79 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай эзэмших эрхийн газар,
6.Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 1-р баг тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 750 мкв талбайтай өмчлөлийн газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг эд хөрөнгө битүүмжлэх актаар битүүмжлэн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл шүүхийн шийдвэртэй төлбөрийг төлж барагдуулах хугацаатай мэдэгдэлийг 2 дахь удаагаа өгч, битүүмжилсэн эд хөрөнгүүдийн хадгалалт хамгаалалтыг төлбөр төлөгч бөгөөд эд хөрөнгийн эзэн Ц.*******, А.Гантулга нарт хадгалалт хамгаалалтыг нь хариуцуулан хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэн тогтоолын нэг хувийг гардуулсан болно Эд хөрөнгө битүүмжилж, төлбөр төлөгч нарт төлбөрийг төлж барагдуулахаар олгосон хугацаа дууссан бөгөөд дээрх хугацаанд төлбөрөөс огт төлөлт хийгээгүй учир 2016 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, битүүмжилсэн эд хөрөнгүүдийг эд хөрөнгө хураах актаар хурааж, тэмдэглэл үйлдэн мөн эд хөрөнгийн эзэн төлбөр төлөгч Ц.*******, А.Гантулга нарт хураагдсан эд хөрөнгийн хадгалалт хамгаалалт бүрэн бүтэн байдлыг хариуцуулан хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэн тухайн өдөр төлбөр төлөгч болон төлбөр авагч талуудаас эд хөрөнгүүдийн талаар үнийн саналыг авсан байна. Ц *******ын шүүхэд гаргасан нэхэмжпэлтэй танилцахад “” ХХК-ийн дүгнэлт нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийг Өмнөговь аймгийн А зэрэглэлийн бүсэд хамаарагдах газар, объектууд гэх зэргийг харгалзан үзээгүй хөдөө орон нутагт байдаг гэх нэрийдлээр зах зээлийн ханшнаас доогуур үнэлгээ хийсэн байна гэх мэт үнэлгээтэй холбоотой асуудлыг нэхэмжлэлдээ дурьдсан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэхь хэсэгт зааснаар “шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулахаар шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачлагаар, эсхүл оролцогч талын хусэлтээр шинжээч оролцуулж болно” гэж заасан бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудын саналыг үндэслэн шинжээчийг томилно гэсэн заалт байхгүй юм. Төлбөр төлөгч, төлбөр авагч нар Иргэний хуулийн 177.1 дэхь хэсэгт “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиропцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно”. гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талууд тухайн эд хөрөнгийн үнийн санал дээр тохиролцоогүй тул ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилох тухай 28 дугаартай тогтоолоор “” ХХКомпанийг шинжээчээр томилж 2016 оны 06 дугаар сарын 09-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хураагдсан эд хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг тогтоолгож дүгнэлт гаргуулсан болно. “” ХХКомпаниас гаргасан үнэлгээний дүгнэлтийг талуудад 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гардуулж танилцуулсан бөгөөд төлбөр төлөгч нь одоогоор төлбөрөөс огт төлөөгүй байгаа болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 10 цагт анхны дуудлага худалдаа явуулах тухай мэдэгдлийг 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр талуудад гардуулсан.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манайх хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Тухайн эд хөрөнгө дээр төлбөр авагч, төлбөр төлөгч талууд хоорондоо тохиролцсон тохиолдолд заавал шинжээч томилох шаардлага байхгүй. Ц.*******аас эд хөрөнгийг үнэлэх явцад үнийн саналыг нь авсан. Мөн Худалдаа хөгжлийн банкнаас үнийн санал авсан байдаг. Үнийн санал дээр нэхэмжлэгч тал тохироогүйн улмаас шинжээчээр ийг томилсон. Манай байгууллага шинжээчийн эд хөрөнгийн үнэлгээ гарсны дараа 70 хувиар тогтоож дуудлага худалдаанд оролцуулдаг. Анхны дуудлага худалдааг талуудад мэдэгдээд, дуудлага худалдааг явуулсан боловч хүмүүс ирээгүй. Хоёр дахь дуудлага худалдааг явуулахаар товолсон боловч шүүгчийн захирамж гарсан учраас дуудлага худалдааг хойшлуулсан.” гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Өмнөговь аймгийн *******ны 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Шинжээч томилох тухай 28 дугаар тогтоолын дагуу тухайн хөрөнгийн байдалтай шийдвэр гүйцэтгэгч *******, иргэн Ц.******* нарын хамт 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр үзэж танилцан, үнэлгээг энэ өдрийн байдлаар хийж дүгнэлт гаргасан. Иргэн Ц.******* нь хөрөнгүүдийн үнийг зах зээлийн үнээс доогуур гаргасан гэж гомдол гаргажээ. Өмнөговь аймгийн *******наас 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр зарласан анхны дуудлага худалдаанд дээрх нэр бүхий 6 хөрөнгүүд 30 хувь буурсан үнээр дуудлага худалдаанд ороод худалдан авагч гараагүй, зарагдаагүй хөрөнгийг өнөөгийн зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэж үзэн гомдол гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд үнэлгээ бага гаргасан гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч тал яг юунд нь гомдоод байгааг ойлгохгүй байна. “”-өөр үнэлгээ хийлгэхгүй байсан гэдэг дээр гомдоод байгаа шалтгааныг нь мэдмээр байна. Иргэний хуулийн дагуу тухайн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээчний тогтоосон үнийн 70 хувиар үнэлж, дуудлага худалдаанд оруулна гэж заасан. Манай анхны дуудлага худалдааны үнийг тогтоож, үнэлгээг хийхдээ зах зээлийн гурван аргаар үнэлж, ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн. Бага үнэлсэн гэсэн ямар ч шалтаангүй, үндэслэл байхгүй. Тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. өөс гаргасан үнэлгээг, нэхэмжлэгч бага үнэлсэн гээд байгаагаа нотлох хэрэгтэй. Хэргийн материалаас харахад тодорхой үндэслэлээр яаж бага үнэлсэн нь харагдахгүй байна. *******наас хууль журмын дагуу шинжээчийг томилдог. Анхны дуудлага худалдааг зарлахад ямар ч хүн ирээгүй, зарагдаагүй байна. Зарагдаагүй байна гэдэг нь доогуур үнэлсэн биш харин тодорхой хэмжээгээр дээгүүр үнэлсэн нь нотлох баримтаар нотлогдож байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* хариуцагчид холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнээс доогуур үнэлүүлсэн тул хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Өмнөговь аймаг дахь ******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “” ХХК, Худалдаа хөгжлийн банкны төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргасан.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгч Ц.******* үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогур үнэлсэн тул үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тайлбар гаргасан болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан Ц.*******ын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр *******нд гаргасан үнийн саналын хуулбар /хх-26-27/, Худалдаа хөгжлийн банкны 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 7-414/239 тоот үнийн саналын хариу /хх-28/-наас үзэхэд төлбөр төлөгч /Ц.*******/, төлбөр авагч /ХХБанк/ нар үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналын талаар харилцан тохиролцоогүй болох нь тогтоогдож байна.
Төлбөр төлөгч, төлбөр авагч нар үнийн саналын талаар тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Дараахь тохиолдолд эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ:”, 37.2.2-т “Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгө” гэж тус тус заасны дагуу *******ны 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн “Шинжээч томилох тухай” 28 дугаар тогтоолоор /хх-29/ “” ХХК-нийг шинжээчээр томилсон болох нь нотлогдож байна.
Дээрх тогтоолын дагуу “” ХХК “Үл хөдлөх эд хөрөнгийн үнэ тодорхойлсон тухай шинжээчийн дүгнэлт”-ийг /хх-30-40/ гаргаж үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар тогтоожээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Төлбөр төлөгч, ... эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно.” гэж, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-т үйлчлүүлэгч “хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцах, үндэслэлгүй ... гэж үзвэл танилцсанаас хойш 30 хоногийн дотор гомдлоо хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагын дэргэдэх Мэргэжлийн зөвлөлд гаргах” эрх, үүрэгтэй талаар заажээ. Хэргийн баримтаас үзэхэд Шийдвэр гүйцэтгэх алба үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт гарсан тухай мэдэгдлийг төлбөр төлөгч Ц.*******т танилцуулан гарын үсэг зуруулсан болох нь /хх-58/ тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мэдэгдлийг 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр танилцуулж, гарын үсэг зуруулсан гэснийг нэхэмжлэгч Ц.******* маргахгүй байна. Хавтаст хэрэгт нэхэмжлэгч /төлбөр төлөгч/ Ц.*******аас үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо шүүхэд гаргасан тухай нотлох баримт авагдаагүй байх бөгөөд нэхэмжлэгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт энэ тухай тайлбар гаргаагүй байдаг. Харин Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт Мэргэжлийн хариуцлагын хороонд 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүсэлт явуулсан болох нь хүсэлтийн хуулбар /хх-95/-аар тогтоогдож байх боловч тухайн хүсэлтийг үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээтэй танилцсанаас хойш хуульд зааснаар 30 хоногийн дотор бус 120 хоногийн дараа гаргасан улмаар дээрх баримт нотлох баримтын шаардлага хангахгүй байна.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно.” гэж заажээ. Энэ дагуу Өмнөговь аймаг дахь ******* нэхэмжлэгч /төлбөр төлөгч/-ийн үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг тогтоосон “” ХХК-ийн үнэлгээний 70 хувиар тооцон анхны дуудлага худалдааг /хх-62/ явуулах тогтоол гарган нэхэмжлэгч талд танилцуулсан байна. Тухайлбал Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 2 дугаар баг, Ёл 2б-9 тоотод байрлах 750 мкв талбайтай газар, худалдааны төвийн А обьект 2 давхар 1080 мкв талбайтай худалдаа, үйлчилгээний зориулалттай барилгыг үнэлгээний компани 607,448,200 төгрөгөөр үнэлснийг /хх-40/ анхны дуудлага худалдаанд тухайн үнийн 70 хувь буюу 425,600,000 төгрөгөөр үнэлж оруулсан гэх хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбарыг /хх-25, 51/ нэхэмжлэгч тал маргахгүй байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан /хх-8, 26, 27, 28, 29-40, 58-62, 78-79, 92/ баримтуудыг хэргийн оролцогчдын тайлбар, хэргийн байдалтай тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж хөндлөнгийн байр сууринаас үнэлсэн болно.
Хэрэгт авагдсан дараах баримт нь /хх-14, 63, 68-75, 93-100, 106-109/ нотлох баримтын шаардлага хангахгүй байхаас гадна хавтаст хэргийн 105, 110-111 дүгээр талд авагдсан баримтууд тухайн хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй баримт гэж үзлээ. Учир нь дээрх баримтууд иргэн Д.Бямбасүрэн, Ш.Гомбосүрэн, С.Гантогоо нараас холбогдох байгууллагад хандан гаргасан хүсэлт, тэдгээрт өгсөн хариу байх бөгөөд Ц.*******ын нэхэмжлэлтэй Өмнөговь аймаг дахь *******нд холбогдох хэрэгтэй шалтгаант холбоогүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1, 34.1.6-т зааснаар нэхэмжлэгч Ц.*******ын Өмнөговь аймаг дахь *******нд холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.*******ыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.
3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 143/ШЗ2016/01270 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР