Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 34

 

 

Д.О, Ш.Б , У.Э нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

                                                                           Хэргийн индекс 132/2017/0071/Э

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Ц.Туяа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,                                                                                        

           Шүүх хуралдаанд:

         Прокурор                                                   Ж.Болорпүрэв

         Шүүгдэгчийн өмгөөлөгч                           М.Төмөрцэцэг

         Нарийн бичгийн дарга                              С.Гончигбал нарыг оролцуулан

 Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоолтой Д.О, Ш.Б , У.Э нарт холбогдох 201506000273 дугаартай эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, ..., урьд ял шийтгэлгүй, ..., А овогт У-ын Э.

Монгол улсын иргэн, ..., урьд ял шийтгэлгүй, Б овогт Д. О.

Монгол улсын иргэн, ..., урьд ял шийтгэлгүй, , А овогт Ш. Б.

Шүүгдэгч У.Э нь 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн Гурванбулаг сумын 5 дугаар багт Д.О, Ш.Б нарыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, шүүгдэгч Д.О, Ш.Б нар бүлэглэн согтуугаар 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн Гурванбулаг сумын 5 дугаар багт П.М-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар Ш.Б нь П.М-тай зодолдох явцад Д.О нь шил шидэж П.М-ны бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоолоор:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д заасныг журамлан Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ш.Б, Д.О нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, шүүгдэгч У.Э-г Ш.Б, Д.О нарын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Ш.Б-г Д.О-тай бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан , У.Э-г Д.О-ын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.О, У.Э нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 болгон өөрчлөн зүйлчилж,

Шүүгдэгч А овогт У-ын Э, Б овогт Д-ын О нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Д.О, У.Э нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, ялаас чөлөөлж, 

Шүүгдэгч Д.О, У.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүйг дурьдаж,

Шүүгдэгч Д.О нь хохиролд 3.000.000 /гурван сая/ төгрөг төлсөн болохыг дурьдаж, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлс 1.000.000 /нэг сая/  төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Э, Д.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ:

“... Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгаар зүйлийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Д.О, У.Э нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, ялаас чөлөөлсүгэй..." гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн гарчиг хэсэгт “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх" талаар тусгагджээ.

Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын санкцтай зүйл ангиудад дээрх хуулийн заалтыг хэрэглэх ойлголт бөгөөд 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүд нь "торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах" гэсэн 3 төрлийн ялаас аль нэгийг сонгож хэрэглэх санкцтай тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан "Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн" гэж үзнэ. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт "Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хуртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн..." гэж урьдач нөхцөл буюу гипотизыг зааж өгсөн байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн.

Иймд Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолын ТОГТООХ нь хэсгийн 2, 3, 4 дэх заалтад өөрчлөлт оруулж, шүүхийн шийдвэрийг зөвтгүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38. 2 дугаар зүйлийн 1 хэсгийг тус тус баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив… “ гэжээ.                                     

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “…Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна...” гэв.                                          

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа болон шийтгэх тогтоолыг дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзвэл:

 шүүгдэгч Д.О нь 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн Гурванбулаг сумын 5 дугаар багийн нутагт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “нөхөр Б-г зодлоо” гэх шалтгаанаар шил шидэж П.М-ы биед “тархи доргилт, зүүн нүдний шилэнцэрийн цус хуралт, зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн хөмсөгт няцарсан шарх, зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий” хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

шүүгдэгч У.Э нь “ах М-ыг зодсон” гэх шалтгаанаар Ш.Б-г цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан, тухайн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтууд болох хохирогч П.М, Ш.Б, гэрч У.Э, Д.Р, Ц.Н нарын мэдүүлэг, хохирогч нарын биед учирсан гэмтлийн талаарх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 1388 тоот дүгнэлт, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Б-д холбогдох Д.О-тай бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэх хэргийг, шүүгдэгч У.Э-д холбогдох Д.О-ын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх хэргийг тухайн эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг шалгасан боловч шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Харин шүүгдэгч Д.О, У.Э нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, ялаас чөлөөлөхдөө тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэх үндэслэлээр шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1.д заасныг баримталсан нь буруу байна.

Түүнчлэн дээрх гэмт хэрэг нь 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр үйлдэгдсэн тул хууль буцаан хэрэглэх зарчмыг үндэслэн шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчилж, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1.д заасан “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө” гэснийг баримтлан шүүгдэгч Д.О, У.Э нарт холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл тогтоогдож байна.

Иймд дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн Хэрэг Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтын “… 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 болгон өөрчлөн зүйлчилж…” гэснийг “…Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчлөн зүйлчилж …” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтыг “Шүүгдэгч А овогт У-ын Э-г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б овогт Д-ын О-ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай…” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дүгээр заалтыг “Шүүгдэгч Д.О, У.Э нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2.т зааснаар тус тус хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1.д заасныг баримтлан тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.  Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

                 ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Ё.БЯМБАЦЭРЭН

              ШҮҮГЧИД                                                                Ц.ТУЯА          

                                                                                             С.УРАНЧИМЭГ