Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 0191

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

улсын яллагч Х.Онолт,

шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн,

шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Бы Эад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, М овогт Аын Мт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908020031434 дугаар хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын 1988 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Хангайн ... тоотод оршин суух хаягтай, урьд

-Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.1 дүгээр зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 100 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял, 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж биечлэн эдлэх ялын хугацааг 6 жилээр тогтоосон,  2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Б овогт Бы Э /РД:.../,

Монгол Улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Орхон аймгийн Баян-Өндөр сум, ... дүгээр баг, ... гудамжны ... тоотод оршин суух хаягтай, Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй, урьд ял шийтгэлгүй, М овогт Аын М /РД:.../,

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

1. Яллагдагч Б.Э нь А.Мтэй бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Саппоро төвийн орчимд иргэн Ө.Бт хүч хэрэглэж, Нокиа загварын гар утас, бор өнгийн арьсан гутал, бэлэн 62.000 төгрөг зэрэг эд зүйлсийг дээрэмдэн авч, 140.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Дунд Нарангийн 16 гудамжны 503 тоот хашаанд Б.Эын Самсунг А-50 маркийн гар утсыг “утсаар чинь ярьчихаад өгье” гэж хуурч залилан авч 652.550 төгрөгийн хохирол учруулсан,

2. Яллагдагч А.М нь Б.Этай бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Саппоро төвийн орчимд иргэн Ө.Бт хүч хэрэглэж, Нокиа загварын гар утас, бор өнгийн арьсан гутал, бэлэн 62.000 төгрөг зэрэг эд зүйлсийг дээрэмдэн авч, 140.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө 06 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Саппоро үйлчилгээний төвийн урд иргэн С.Бд хүч хэрэглэж, бэлнээр 1.500.000 төгрөгийг дээрэмдэн авсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би дээрмийн гэмт хэргийг ганцаараа үйлдсэн. А.М оролцоогүй. Тэрүүгээр явж байсан байх. А, Сансараа, Хосбаяр нар нь өөрсдөө юмыг нь авчихаад миний эсрэг мэдүүлэг өгсөн байсан. Би хохирогч Батбаатарын гутлыг л авсан өөр юм аваагүй. Харин би хохирогч Энхмандахын гар утсыг залилж аваагүй. Намайг ороход тэнд байсан Б, Э гэх мэт 7-8 орчим хүмүүс бүгд согтуу байсан ба намайг тэнд байж байхад хохирогч Энхмандах нь түрүүлээд гараад явсан, тэрнээс хойш би цагийн дараа гарч явсан. Би Энхмандахын гар утсыг яриад өгье гэж гуйж аваагүй, хараагүй” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Шүүгдэгч А.М шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би хохирогч Ө.Быг дээрэмдээгүй, тэнд байгаагүй. Сүүлд цагдаа нар ирээд бид нарыг бүгдийг цагдаа дээр авчирсан байхад хар Баагий гэх залуу надад нокиа маркийн гар утас өгснийг би аваад халаасалсан юм. Хохирогч Баттулгын хувьд намайг хамт хонох уу гэхээр нь зөвшөөрсөн чинь 200.000 төгрөг өгсөн. Тэгээд тэр залуутай  хамт таксинаас буугаад байж байхдаа би халааснаас нь мөнгийг аваад явчихсан. 1.200.000 төгрөг байсан. Таксинд явж байхдаа их мөнгөтэй байхыг нь харсан юм” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Мөн хавтаст хэргээс:

Иргэн Ө.Баас 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр цагдаагийн байгууллагад хандан гаргасан гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 7х/, дуудлагын лавлагааны хуудас /1хх-ийн 8х/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 9-11х/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 12-16х/, хүний биед үзлэг хийж, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 17-18х/, А.Мээс эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 19-20х/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 29х/, хохирогч Ө.Бын мэдүүлэг /1хх-ийн 31-33х/, гэрч Ц.Бямбасүрэнгийн мэдүүлэг /1хх-ийн 41х/, гэрч Э.Аранзулын мэдүүлэг /1хх-ийн 44х/, гэрч Э.Дэжидийн мэдүүлэг /1хх-ийн 48х/, гэрч Т.Сансарын мэдүүлэг /1хх-ийн 50х/, гэрч Э.Хосбаярын мэдүүлэг /1хх-ийн 52х/, Дамно ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 55-56х/, шүүгдэгч А.Мийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-ийн 69-70х/, иргэн Б.Эаас 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 77х/, хохирогч Б.Эын мэдүүлэг /1хх-ийн 85-88х/, гэрч Ж.Баасандоржийн мэдүүлэг /хх-ийн 93х/, таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 94-96х/, Дамно ХХК-ний 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 99-100х/, хохирогч С.Баттулгын мэдүүлэг /1хх-ийн 141-143х/, гэрч Ц.Доржпүрэвийн мэдүүлэг /1хх-ийн 149-152х/, таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 155-157х/, таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 158-162х/, шүүгдэгч А.Майдарцэцэгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 204х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 212х/, шүүгдэгч Б.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 207х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 211х, шийтгэх тогтоолуудын хуулбарууд /1хх-ийн 215-218х/, шүүгдэгч Б.Эаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хүсэлт 2 хуудас зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

1. Шүүгдэгч Б.Э, А.М нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппоро төвийн орчимд иргэн Ө.Бт хүч хэрэглэж, Нокиа загварын гар утас, бор өнгийн арьсан гутал, бэлэн 62.000 төгрөг зэрэг эд зүйлсийг дээрэмдэн авч, 140.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Дуудлагын лавлагааны хуудас: “...2 хүн цохиж унагаад гар утас, мөнгө дээрэмдчихлээ” гэх /1хх-ийн 8х/,

Иргэн Ө.Баас 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр цагдаагийн байгууллагад хандан гаргасан гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл: “...эрэгтэй, эмэгтэй 2 хүнд дээрэмдүүлсэн” тухай  /1хх-ийн 7х/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 9-11х/,

Хохирогч Ө.Бын: “...намайг согтуу байхад нэг эмэгтэй, нэг эрэгтэй хоёр хүн надтай тамхилаадах уу гээд тамхилаад, тэгээд нөгөө эмэгтэйтэй явж байсан залуу нь архины мөнгө байна уу гэхээр нь байхгүй гэсэн чинь худлаа яриад бай гээд намайг барьж аваад эрэгтэй нь араас тэвэрч авахад цуг явж байсан эмэгтэй нь миний 15000 төгрөгөөр авсан цэнхэр хуучин гар утсыг халааснаас авсан, эрэгтэй нь болохоор миний өмсөж явсан хар өнгийн хүрэмний халаасанд байсан 62000 төгрөг аваад, өмсөж явсан 39 размерын бор өнгийн гутлыг тайлж аваад явчихсан.  Миний мэдэж байгаагаар 62000  төгрөг байсан, өөр мөнгө төгрөг бол байгаагүй. ...Би гомдолгүй, миний гар утас, гутал зэргийг надаас авч явсан эрэгтэй, эмэгтэй хоёр өгсөн байгаа. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй. Харин 60000 төгрөгөө бол аваагүй, энэ мөнгийг нэхэмжлэхгүй гэж хэлмээр байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 31-33х/,

Гэрч Ц.Бямбасүрэнгийн: “...Би 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өглөө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппоро дээр очиход Голомт банкны Саппоро руу ордог хаалганы хажууд Майцэцэг, Гацаа Улаанаа хоёр нэг залуутай зодолдоод байж байсан. Тэгэхээр нь би болиоч гээд болиулаад явуултал Майцэцэг нь би саяны залуугийн нокиа гар утсыг нь авчихлаа, би өөрөө дугаараа хийж барина гэж хэлж байсан. Тэгээд би тэндхийн хүмүүстэй ганц, хоёр шил архи хувааж уучихаад байж байтал Гацаа Улаанаа, нэг танихгүй залуутай хамт тортой бор өнгийн богино түрийтэй, пүүзэн гутал бариад хүрээд ирсэн. Тэгснээ энэ гутлыг 45000 төгрөгөөр зарна гэхээр нь наадахыг чинь хэн авдаг юм гэсэн чинь Гацаа Улаанаатай хамт ирсэн залуу аваад өмсөөд тэр хоёр яваад өгсөн. Манай эхнэр Оюун-Эрдэнэ нэлээд согтчихсон биеэ авч явах чадваргүй болчихсон байсан болохоор би түшээд зогсож байтал Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч Ануужин ирээд хүрээд ир юм асууя гэхээр нь яваад очтол машин дотор өглөө Майцэцэг, Гацаа Улаанаа нартай зодолдоод байсан залуу сууж байсан. Тэгээд тэр залууг гутлаа дээрэмдүүлсэн гэдгийг нь мэдэнгүүтээ би Гацаа Улаанаа тортой гутал бариад явж байсан гэдгийг нь хэлтэл намайг хаана байгааг нь заагаад өг гэсэн юм. Би байцаагчийг дагуулаад араас нь хайгаад явтал Саппорогийн ард зогсож байсан. Тэгээд тэр хоёрыг барьж авсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 41-42х/,

Гэрч Э.Аранзулын: “...Би 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 17 цагийн орчим зүс таних Улаанаа гэх хүнтэй таарсан, тэгтэл Улаанаа гэх залуу цагаан тортой хүрэн өнгийн хуучин ботинк зарна гээд надад хэлсэн. Тэгэхээр нь найзад нь байгаа мөнгө 10000 төгрөг байна, би өөртөө байгаа 10000 төгрөгөө бас 0.5л Хараа нэртэй архи, 2 ширхэг Мантуун бууз өгье гэж чи надад гутлаа өгчих гэж хэлтэл надад цагаан тортой бор өнгийн хуучин ботинкон гутал өгсөн. Тэгээд наймаа тохирч авчихаад өмсөж явж байтал цагдаагийн ажилтан энэ алдагдсан гутал байна гэж надад хэлээд би цагдаагийн байгууллагад ирсэн. Надад гутал зарсан хүнийг Улаанаа гэж дууддаг бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй зүс таних хүн байгаа юм. ...Улаанаа ...надад хэлэхдээ энэ миний гутал байгаа юм, би өөрөө өмсөж байгаад зарах гэж байна гэсэн. Түүнтэй Саппоро дээр архи ууж байгаад танилцсан, тэр хавийн хүмүүс бүгд гацаа улаанаа  гэдэг хочоор дууддаг. ... тэгээд гутлыг өмсөөд явж байхад хохирогч эрэгтэй цагдаагийн хамт ирээд миний гутал байна гээд заагаад Гацаа Улаанааг энэ хүн авсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 44х, 45х/,

Гэрч Э.Дэжидийн: “...Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппорогийн автобусны буудлын зүүн талд байдаг зайрмагийн түцний хажууд зогсож байхад  Улаанаа автобусны буудлын тэндээс ногоон тортой юм барьчихсан явж байсан. ...Тэгээд байж байтал цагдаа нар ирээд ба тэгсэн тэндээс нэг хөл нүцгэн ах бууж ирээд Аагий руу заагаад энэ миний гутал байна гэж хэлээд бид хэдийг бүгдийг наашаа авч ирсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 48х/,

Гэрч Т.Сансарын: “...Би 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Саппоро үйлчилгээний төвийн ар талын байрны арк хавиар явж байхад хэдэн хүмүүс архи уугаад юм яриад сууж байсан. Намайг очиход Улаанаа надад нэг гутал үзүүлж, энэ гутлыг өмсөх үү  гэж хэлэхэд би өмсөхгүй, би өөрөө гуталтай гэж хэлээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 50х/,

Гэрч Э.Хосбаярын: “...Улаанаад нэг бор ботинк байсан. Аагий нь Улаанаагаас “чи наад гутлаа өгвөл ганц шил архи авч өгье” гэж хэлсэн. Тэгсэн чинь Улаанаа “тэг тэг” гээд нэг шил юм авч уусан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 52х/,

Дамно ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “...гутал 1 хос-66,000 төгрөг, нокиа маркийн гар утас-12.000 төгрөг, нийт 78.000 төгрөг” /1хх-ийн 56х/

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “... хохирогч Ө.Б нь өөрийг нь дээрэмдсэн гэх эрэгтэй, эмэгтэй 2 хүнийг заасан тухай” /хх-ийн 12-16х/,

Хүний биед үзлэг хийж, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...иргэн Э.Аранзулаас  өмсөж байсан бор өнгийн арьсан үдээстэй хос 39 размерын гутлыг хураан авсан” гэх /1хх-ийн 17-18х/,

Эд мөрийн баримтаар хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “... А.Мээс цэнхэр өнгийн хүрээтэй хар өнгийн дэлгэцтэй, nokia маркийн 1 ширхэг гар утсыг хураан авсан тухай” /1хх-ийн 19-20х/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл: “...хохирогч Ө.Б нь дээрэмдүүлсэн гэх гутал 1 хос, гар утсаа хүлээн авсан тухай” /1хх-ийн 29х/ зэрэг нотлох баримтуудаар,

2. Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Дунд Нарангийн 16 гудамжны 503 тоот хашаан дотор иргэн Б.Эаас “утсаар чинь ярьчихаад өгье” гэж хэлэн Самсунг А-50 маркийн гар утсыг нь хуурч аван 652.550 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Иргэн Б.Эаас 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 77х/,

Хохирогч Б.Эын: “...2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, дунд нарангийн 16-503 тоотод байрлах өвлийн байшингийн гадаа танилцсан хүмүүстэй хамт архи уугаад байж байхад гацаа Улаанаа гэх залуу ирсэн, тэгээд архиа уугаад байж байхад гацаа Улаанаа нь гар утсаа өгч байгаач, утсаар яриад өгье гээд миний гар утсыг гуйгаад авсан,  тэгээд одоо болтол буцааж өгөхгүй  байгаа юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 85-86, 87-88х/,

Гэрч Ж.Баасандоржийн: “...Би гэртээ байж байхад манай хашаанд Туяа, Баярцэцэг, Улаанаа, Батаа, Энхмандах нар байсан юм. ...Тэр үед Энхмандах нь “надаас Улаанаа гар утас аваад мессеж бичээд өгье” гээд авсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 93х/,

Дамно ХХК-ний 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “...Samsung A50 маркийн гар утас-652.550 төгрөг гэх” /1хх-ийн 99-100х/

Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: хохирогч Б.Э өөрийнх нь гар утсыг авсан хүнийг зургаар таньж олуулах ажиллагаагаар Б.Эыг заасан” тухай /1хх-ийн 94-97х/ зэрэг нотлох баримтуудаар,

3. Шүүгдэгч А.М нь 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппоро үйлчилгээний төвийн урд иргэн С.Бд хүч хэрэглэж, 1.500.000 төгрөгийг дээрэмдэн авсан болох нь:

Хохирогч С.Баттулгын: “...2018 оны 10 дугаар сард гэж санагдаж байна, тухайн үед Төв аймгийн Бугын сангийн аж ахуйд ажиллаж байгаад цалингаа аваад Улаанбаатар хотод орж ирээд Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах пабад орж хоёр шил пиво,  танилцсан хүмүүстэйгээ нийлж нэг шил архи хувааж уугаад тэр газраас ганцаараа гараад ... Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Саппоро үйлчилгээний төвийн хажууд таксигаар ирсэн юм. Тухайн үед таксины жолоочоос биеэ үнэлэгчдийн талаар асуусан, тэгсэн Саппоро дээр байдаг гэхээр нь Саппоро дээр ирсэн. Тухайн үед хоёр эмэгтэй Саппорогийн урд зогсож байхаар нь дуудсан чинь эмэгтэй нь ирсэн ба тухайн үед таксинд суугаад тэр эмэгтэйтэй ярилцаад түүнд 240000 төгрөг өгсөн юм шиг санагдаж байна. Тэгээд тэр үед тэр эмэгтэй надаас таксинаас буугаад явчихаар нь мөнгө аваад явчихлаа гэж бодоод хойноос дагаж буусан чинь Шөлөндөөгийн урд очоод тэр эмэгтэйгээс мөнгөө авъя гэсэн чинь юу яриад байгаа юм гээд миний халааснаас тэр эмэгтэй мөнгийг аваад намайг түлхэж унагаачихаад яваад өгсөн юм. Тухайн үед таксины жолооч залуу 102-т цагдаад дуудлага өгөөд удалгүй цагдаагийн алаг машин ирээд намайг цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн ба тэр үед би өргөдөл гаргаж өгсөн юм. ...Би тэр үед 1.500.000 төгрөгийн цалин гэж Даваабаатар гэх хүнээс авч байсан надад өөрт 300.000 төгрөг байсан нийт 1.800.000 төгрөг байснаас би архи дарс хоол унд гэж идэж уугаад 1.500.000 төгрөг үлдсэн байсан. ...Хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 141-142, 143х/,

Гэрч Ц.Доржпүрэвийн: “...халамцуу нэг эрэгтэй баруун дөрвөн замаас Саппоро хүртэл таксидсан. Ингээд Саппоро ирээд нэг эмэгтэйтэй хамт хонох талаар ярилцаад машиндаа суулгаад Саппоро бүтэн тойроод замаараа нэг дэлгүүрээс архи аваад нөгөө эмэгтэйтэй хуваагаад уусан. Ингээд буцаад Саппоро дээр ирээд зогсож байтал тэр хоёр хоорондоо муудалцаад миний машинаас хамт буугаад явсан. Тэгтэл нөгөө эмэгтэй нь нөгөө халамцуу залуугийн халааснаас эд зүйлийг нь аваад түлхэж унагаагаад яваад өгсөн. Тэгсэн нөгөө ах над дээр буцаж ирээд цагдаа дуудаад өгөөч гэж хэлээд миний гар утсаар цагдаад дуудлага өгсөн. Таксинд байхдаа мөнгөө гаргаж ирээд харуулаад байсан, ямар ч байсан 20.000-тын нэлээн олон дэвсгэртүүд байсан, мөн тэр хүүхэн ч гэсэн  мөнгийг нь хамт машинд сууж байхдаа харсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 148-150х/,

Гэрч Ц.Доржпүрэвээр таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 155-157х/,

Хохирогч С.Бар таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “... бэлэн мөнгийг нь дээрэмдсэн хүнийг А.М хэмээн заасан” тухай /1хх-ийн 158-162х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. 

Хэдийгээр шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч нарын зүгээс залилах гэмт хэргийг үйлдээгүй тул хэрэгсэхгүй болгуулах, дээрэмдэх гэмт хэргийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар байр сууриа илэрхийлж оролцсон,

Шүүгдэгч А.Мийн өмгөөлөгч нь ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно гэж, шүүгдэгч А.М нь хохирогч Ө.Быг дээрэмдсэн гэх үйлдэлд оролцоогүй гэж гэм буруу дээр маргаж, хохирогч С.Баттулгыг дээрэмдсэн хэрэг дээр хохирлын дүн дээр маргаж оролцсон.

Гэвч тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, үйлдэл тус бүрээр нотолж тогтоосон дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Э нь дээрэмдэх болон залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь, шүүгдэгч А.М нь үргэлжилсэн үйлдлээр дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл,  шүүгдэгч нарын бүлэглэж үйлдсэн дээрэмдэх гэмт хэргийн хувьд: хохирогч Ө.Б нь цагдаагийн байгууллагад дуудлага өгөхдөө болон хохирогчоор мэдүүлэхдээ эрэгтэй, эмэгтэй хоёр хүнд эд зүйлээ дээрэмдүүлсэн талаараа мэдүүлж,  улмаар таньж олуулах ажиллагаагаар өөрийг нь дээрэмдсэн гэх хүмүүсээ /Б.Э, А.М нарыг/ заасан нь гэрч Ц.Бямбасүрэнгийн “Майцэцэг, гацаа Улаанаа хоёр нь нэг залуутай зодолдоод байсан, Майцэцэг нь саяны залуугийн нокиа маркийн гар утсыг авчихлаа гэж хэлсэн” гэх мэдүүлгээр давхар нотлогдож тогтоогдсоноос гадна хохирогчийн гутлыг гацаа Улаанаа хочтой Б.Э нь бусдад зарах гэж авч явсан, зарсан тухай гэрч Э.Аранзул, Э.Дэжид, Т.Сансар, Э.Хосбаяр нарын мэдүүлэг авагдсан байх тул хохирогч Ө.Бын мэдүүлгийг нотлох баримтын эх сурвалжаа зааж чадсан гэж дүгнэхээр байна. Иймээс шүүгдэгч А.Мийн “би уг үйлдэлд оролцоогүй” гэх мэдүүлэг нь үгүйсгэгдсэн гэж үзнэ.

-мөн хохирогч С.Баттулгыг дээрэмдсэн хэрэгт шүүгдэгч А.М нь хохирогчоос 1.500.000 төгрөг аваагүй, харин 1.200.000 төгрөгийг авсан гэж мэдүүлсэн ч хохирогч С.Баттулгын мэдүүлэг, гэрч Ц.Доржпүрэв нарын мэдүүлгүүдээр тус тус үгүйсгэгдсэн тул хохирогчийн мэдүүлэгт дурдсан хохирлын дүнгээр хохирлыг тооцсон болно.

-шүүгдэгч Б.Э нь “залилах гэмт хэрэг үйлдээгүй, хохирогч Б.Э нь согтуу байсан, би түүний гар утсыг гуйж аваагүй, хараагүй” гэх мэтээр мэдүүлсэн боловч хохирогч Б.Э нь гацаа Улаанаа гэх залуу өөрөөс нь “утсаар яриад өгье” гэж хэлэн гар утсыг авсан, буцааж өгөөгүй талаар тогтвортой мэдүүлсэн төдийгүй таньж олуулах ажиллагаагаар Б.Эыг заасан, гэрч Ж.Баасандоржийн мэдүүлэгт тухайн цаг хугацаанд Улаанаа буюу Б.Э нь байсан болохыг гэрчилсэн байх тул хохирогчийн мэдүүлгийг худал гэж үзэх, үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Дээрх байдлаас үзвэл, шүүгдэгч Б.Э, А.М нарт холбогдсон дээрх хэргүүдийг хэрэгсэхгүй болгох, шүүгдэгч нарыг цагаатгах үндэслэлгүй байх тул шүүгдэгч Б.Эыг А.Мтэй бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн, мөн бусдыг хуурч, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А.Мийг ганцаараа болон шүүгдэгч Б.Этай бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч Б.Э, А.М нарын бүлэглэж үйлдсэн дээрэмдэх гэмт хэргийн улмаас хохирогч Ө.Бт 140.000 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд хохирогч нь “...миний гар утас, гутал зэргийг надаас авч явсан эрэгтэй, эмэгтэй хоёр өгсөн. ..Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй. Харин 62000 төгрөгөө бол аваагүй, энэ мөнгийг нэхэмжлэхгүй” гэж мэдүүлсэн /1хх-ийн 33х/, нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул хохирогч Ө.Бт шүүгдэгч нар нь төлөх төлбөргүй болно.

Харин шүүгдэгч Б.Эын үйлдсэн залилах гэмт хэргийн улмаас хохирогч Б.Эад 652.550 төгрөгийн хохирол учирсан, хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Б.Эаас 652.550 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Эад олгохоор,

Шүүгдэгч А.Мийн ганцаараа үйлдсэн дээрэмдэх гэмт хэргийн улмаас хохирогч С.Бд 1.500.000 төгрөгийн хохирол учирсан, хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгч А.Мээс 1.500.000 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор тус тус шийдвэрлэв.

            Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Эад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хугацааг 5 жилээр тогтоож,  хаалттай хорих байгууллагад эдлүүлэх тухай,

Шүүгдэгч А.Мт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай дүгнэлтийг,

            Шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч “...Б.Э нь хөгжлийн бэрхшээлтэй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг байдлыг харгалзан үзэж хөнгөн ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай”  санал,

            Шүүгдэгч А.Мийн өмгөөлөгч “...А.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг харгалзан оногдуулах ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Б.Э, А.М нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нар нь “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдлийн оролцоо, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан шийдвэрлэсэн болно. Тухайлбал,

Шүүгдэгч Б.Эын хувьд тэрбээр бусадтай бүлэглэн хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн, гэмт хэрэгт шалгагдаж байх хугацаандаа залилах гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн  хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.4, 3-т заасныг тус тус баримтлан дээрх  хорих ялуудыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоож,

Шүүгдэгч А.Мийн хувьд тэрбээр шүүгдэгч Б.Этай бүлэглэж хохирогч Ө.Бт хүч хэрэглэж дээрэмдсэн, мөн ганцаараа хохирогч С.Бд хүч хэрэглэж дээрэмдсэн, хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулаагүй зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тэдгээрийн хувийн байдлыг харгалзан  нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч А.М нь 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 48 цагийн хугацаагаар сэжигтнээр баривчлагдсан /1хх-ийн 166х, 170х/, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 12 хоног цагдан хоригдсон /2хх-ийн 85х/ буюу нийт 14 хоног цагдан хоригдсоныг,

шүүгдэгч Б.Э нь 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 48 цаг сэжигтнээр баривчлагдсан /1хх-ийн 163, 169х/, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 134 хоног цагдан хоригдсон  /2хх-ийн 6-7, 31, 34, 63, 64х/ буюу нийт 136 хоног цагдан хоригдсон байх тул тэдгээрийн эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Бы Эыг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн бусдыг хуурч, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-шүүгдэгч М овогт Аын Мийг ганцаараа болон бусадтай бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус,

Шүүгдэгч А.Мийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Эад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 5 /тав/ жилийн  хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Э, А.М нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мийн цагдан хоригдсон 14 хоногийг, шүүгдэгч Б.Эын цагдан хоригдсон 136 хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эаас 652.550 /зургаан зуун тавин хоёр мянга, таван зуун тавь/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Эад, шүүгдэгч А.Мээс 1.500.000 /нэг сая, таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч С.Бд олгохоор шийдвэрлэж, шүүгдэгч нар нь хохирогч Ө.Бт төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогчид давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.          

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан Б.Э, А.М нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.АЛТАНЦЭЦЭГ