Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 472

 

188/2020/0122/Э

 

 

 

  2020             04            16                                        2020/ДШМ/472    

 

Б.Э-, А.М- нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Х.Онолт,

шүүгдэгч Б.Э-, түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн,

шүүгдэгч А.М-, түүний өмгөөлөгч А.Очбадрал,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/191 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Э-ын гаргасан давж заалдах гомдлоор Б.Э-, А.М- нарт холбогдох эрүүгийн 1908020031434 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Э-,

Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 100 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт тус тус зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 1 жил 8 сар 12 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

2. М-,

 

Б.Э-, А.М- нар нь бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, “Саппоро” төвийн орчимд иргэн Ө.Батбаатарт хүч хэрэглэж, “Nokia” загварын гар утас, бор өнгийн арьсан гутал, биет 62.000 төгрөг зэрэг эд зүйлсийг дээрэмдэн авч, 140.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Э- нь ганцаараа 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн 16 гудамжны 503 тоот хашаанд иргэн Б.Энхмандахын “Samsung А50” загварын гар утсыг “утсаар чинь ярьчихаад өгье” гэж хуурч залилан авч, 652.550 төгрөгийн хохирол учруулсан,

А.М- нь ганцаараа  2018 оны 10 дугаар сарын 15-ны шөнө 06 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, “Саппоро” үйлчилгээний төвийн урд иргэн С.Баттулгад хүч хэрэглэж, биет 1.500.000 төгрөгийг дээрэмдэн авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, А.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э-ыг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг, мөн бусдыг хуурч, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М-ийг ганцаараа болон бусадтай бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч А.М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч Б.Э-ад оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 5 /тав/ жилийн хугацаагаар тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, шүүгдэгч А.М-ийн цагдан хоригдсон 14 хоногийг, шүүгдэгч Б.Э-ын цагдан хоригдсон 136 хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-аас 652.550 /зургаан зуун тавин хоёр мянга, таван зуун тавь/ төгрөгийг гаргуулан хохирогч Б.Энхмандахад, шүүгдэгч А.М-ээс 1.500.000 /нэг сая, таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч С.Баттулгад тус тус олгохоор шийдвэрлэж, шүүгдэгч нар нь хохирогч Ө.Батбаатарт төлөх төлбөргүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд Б.Э-, А.М- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би М-тэй бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр иргэн Батбаатарт хүч хэрэглэж эд зүйлийг нь дээрэмдэн авсан гэдгээ үнэн зөвөөр нь мэдүүлж, мөрдөн байцаалт болон прокурорын шатанд гэм буруугаа хүлээж байсан. Анхан шатны шүүх хурал дээр улсын яллагч Х.Онолт миний 2013 онд 6 жил хорих ялаар шийтгэгдэж байсныг сөхөж гаргаад намайг давтан үйлдлээр гэж ялласан. Уг нь дээрх хэрэг нь одооны хэрэг үйлдэх үед Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн дуусгавар болсон байсан. Мөн 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн Өршөөлийн хуулиар давтан гэх зүйл алга болсон, түүнээс хойш анх удаа гэж явдаг болсон. Ийм байдлуудаар миний эрх зүйн байдлыг маань дордуулж, улмаар яллах талыг барьж, хийсэн гэмт хэргийн шинж чанар, хохиролгүй болгосон байдлыг минь харгалзан үзэлгүйгээр ялыг доод хэмжээнээс дээгүүр ял төлөвлөж нийт 5 жилийн хугацаагаар хорих ялаар ялласанд харамсаж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн шүүгч та миний хувийн байдал, хэргийн нөхцөл байдал болоод хэрэг хийсэн гэдэгтээ маш их харамсаж байгааг минь харгалзан үзэж ялаас минь жоохон ч гэсэн хасаж, хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч А.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би Б.Э-тай хамт хэрэг үйлдээгүй. Харин ганцаараа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч Г.Хандсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Э- нь давж заалдах гомдлоо ”прокурор өмнө 6 жилийн хорих ялаар шийтгүүлж байсныг анхан шатны шүүхэд гаргаж ялыг хүндрүүлсэн” гэх үндэслэлээр бичсэн байна. Гэвч прокурор шүүгдэгчийн хувийн байдлын талаар ярихдаа дээрх ял шийтгэлийн тухай тайлбарласан. Үүнийг шүүх шийдвэрлэхдээ ямар нэг байдлаар шүүгдэгчийн хүлээх хариуцлагыг хүндрүүлэх байдлаар шийтгэх тогтоолд дурдаагүй бөгөөд энэ талаар шүүгдэгч буруу ойлгосон байна. Нөгөө талаас, шүүгдэгч Б.Э- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хилсээр гүтгэгдэж 1 жилийн хорих ял авсан гэж гомдолдоо дурдсан. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч өөрийгөө залилах гэмт хэрэгт огт оролцоогүй гэж тайлбарладаг. Гэвч тухайн хэргийн хохирогчийн “Э- нь миний гар утсаар ярьж, мессеж бичье гэж хэлээд тэр чигтээ алга болсон, одоо хүртэл ирээгүй” гэх мэдүүлэг, мөн гэрчийн “Улаанаа утсаар яръя гээд миний гар утсыг аваад тэр чигээрээ алга болсон” гэх мэдүүлэгт үндэслэж Д.Э-ыг буруутгадаг. Д.Э-ыг хохирогчийн гар утсыг авч явсныг өөр харсан гэрч, нотлох баримт байхгүй байхад шүүх хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэсэн. Б.Э-ын хувьд хөгжлийн бэрхшээлтэй, хэл яриа муутай, юм ойлгохдоо муу. Шүүгдэгчийн давж заалдах гомдлын гол агуулга нь оногдуулсан ялаас багасгаж өгөхийг хүссэн гэж ойлгож байна. Иймд “ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

Шүүгдэгч А.М-ийн өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А.М-ийн үйлдэл нь хоёроос найман жилийн хорих ялтай. Мөн үргэлжилсэн гэмт хэргийн шинжтэй тул шүүх үүнийг харгалзан үзэх нь зүйтэй. Шүүгдэгч анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа үйлдэл тус бүртээ 2 жилийн хорих ял авсан мэт ойлгож байсан. Нэг шийтгэх тогтоолоор шийтгэл оногдуулж байгаа тул түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж 3 жил болгож  өгнө үү. ...” гэв.

Прокурор Х.Онолт тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Б.Э-ын хувьд, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай бүлэглэж, бусдад хүч хэрэглэн эд хөрөнгийг нь дээрэмдэн авсан, мөн бусдын эд хөрөнгийг залилан авсан, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй. Мөн хувийн байдлын хувьд, урьд нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээр хоёр удаа ял шийтгүүлж байсан. Шүүгдэгч Б.Э- нь хохирогч н.Энхмандахын гар утсыг залилж аваагүй, гэмт хэрэг үйлдээгүй гэж мэдүүлдэг боловч хохирогч, хэргийн газар байсан гэрч н.Баасандоржийн мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг баримтуудаар дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Э-ад 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдалд нь тохирсон гэж үзэж байгаа тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Б.Э-, А.М- нар нь бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, “Саппоро” төвийн орчимд Б.Э- нь иргэн Ө.Батбаатарын араас нь тэврэхэд А.М- нь “Nokia” загварын гар утас, бор өнгийн арьсан гутал, биет 62.000 төгрөг зэрэг эд зүйлсийг авч, 140.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Э- нь ганцаараа 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн 16 гудамжны 503 тоот хашаанд иргэн Б.Энхмандахын “Samsung А50” загварын гар утсыг “ярьчихаад өгье” гэж хуурч залилан авч, 652.550 төгрөгийн хохирол учруулсан,

А.М- нь ганцаараа  2018 оны 10 дугаар сарын 15-ны шөнө 06 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо “Саппоро” үйлчилгээний төвийн урд иргэн С.Баттулгыг түлхэж унаган хүч хэрэглэж, биет 1.500.000 төгрөгийг дээрэмдэн авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

хохирогч Ө.Батбаатарын “...нөгөө эмэгтэйтэй хамт байсан залуу нь “архины мөнгө байна уу” гэхээр нь “байхгүй” гэж хэлсэн чинь “худлаа яриад бай” гээд эрэгтэй нь араас тэвэрч хамт явж байсан эмэгтэй нь миний 15.000 төгрөгөөр авсан цэнхэр өнгийн хуучин гар утсыг халааснаас авсан. Харин нөгөө эрэгтэй нь миний өмсөж явсан хар өнгийн хүрэмний халаасанд байсан 60.000 төгрөг, бор өнгийн гутлыг минь тайлаад аваад зугтчихсан. ...” /1хх 32-33/,

хохирогч Б.Энхмандахын “...архиа хувааж уух гээд байж байтал гацаа Улаанаа /Э-/ гэдэг залуу ирсэн. ...Улаанаа “утсаа өгч байгаач, утсаар яриад өгье” гэж хэлээд, гуйгаад авсан. Тэгээд хэсэг хугацааны дараа миний ухаан санаа орж гараад нилээн согтсон. ...Маргааш нь би босоод хажуу айлын Баасандорж ахын гэр лүү ороод “бид нартай хамт архи ууж байсан гацаа Улаанаа /Э-/ утсаар яриад өгье гээд надаас авсан шүү дээ. Утсаа авъя” гэж хэлэхэд “тэгвэл Э- аваад явсан юм байна” гэж хэлсэн. ...” /1хх 87-88/,

хохирогч С.Баттулгын “...тухайн үед хоёр эмэгтэй “Саппоро”-н урд зогсож байхаар нь дуудсан чинь нэг эмэгтэй нь ирсэн ба таксинд суугаад тэр эмэгтэйтэй ярилцаад түүнд 240.000 төгрөг өгсөн юм шиг санагдаж байна. Тэр эмэгтэй надаас зугтаад таксинаас буугаад явчихаар нь мөнгө аваад явчихлаа гэж бодоод хойноос нь дагаж буугаад “мөнгөө авъя” гэж хэлсэн чинь “юу яриад байгаа юм” гээд миний халааснаас мөнгө аваад намайг түлхэж унагаачихаад яваад алга болчихсон. ...” /1хх 141-143,/,

гэрч Э.Аранзулын “...Улаанаа гэх залуу цагаан тортой хүрэн өнгийн хуучин ботинк зарна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь “найзад нь байгаа мөнгө нь 10.000 төгрөг байна. Би өөртөө байгаа 10.000 төгрөг, 0.5 литрийн “Хараа” архи, хоёр ширхэг мантуун бууз өгий. Чи надаа гутлаа өгчих” гэж хэлсэн. ...Аваад өмсөж явж байтал цагдаагийн ажилтан энэ алдагдсан гутал байна гэж хэлсэн. ...” /1хх 44/,

гэрч Э.Дэжидийн “...Улаанаа автобусны буудлын тэндээс ногоон тортой юм барьчихсан явж байсан. Тэгээд Улаанаа, Аагий, Хосоо энэ гурав “Намир” төвийн араар ороод архи ууж байсан. Тэгж байтал цагдаа нар хөл нүцгэн ахын хамт бууж ирээд Аагий руу заагаад “энэ миний гутал байна” гэж хэлсэн. ...” /1хх 48/,

гэрч Э.Хосбаярын “...Улаанаад нэг бор ботинк байсан. Тэрийг Аагий Улаанаагаас “чи наад гутлаа өгвөл ганц шил архи авч өгье” гэж хэлсэн. Тэгсэн Улаанаа “тэг тэг” гээд нэг шил юм авч уусан. ...” /1хх 52/,

гэрч Ж.Баасандоржийн “...Тэр үед Энхмандах надад “Улаанаа гар утсаар мессеж бичээд өгье гээд авсан” гэсэн. Ер нь бол гар утсыг нь авсан. ...” /1хх 93/,

гэрч Ц.Доржпүрэвийн “...халамцуу нэг эрэгтэй “Саппоро” хүртэл таксидсан. Саппоро дээр ирээд нэг эмэгтэйтэй хамт хонох талаар ярилцаад машинд суулгаад Саппорог бүтэн тойроод замаараа дэлгүүрээс архи аваад нөгөө эмэгтэйтэй хуваагаад уусан. Буцаад “Саппоро” дээр ирээд зогсож байтал тэр хоёр хоорондоо муудалцаад миний машинаас хамт буугаад явсан. Тэгтэл нөгөө эмэгтэй нь нөгөө халамцуу залуугийн халааснаас эд зүйлийг нь аваад түлхэж унагаагаад яваад өгсөн. ...” /1хх 149-150/,

А.М-ийн яллагдагчаар өгсөн “...би нөгөө хүний халаасыг үзсэн чинь цэнхэр өнгийн “Nokia” загварын гар утас байхаар нь авчихсан. Энэ үед Э- нөгөө хүний араас тэвэрч байсан. ...Тэгээд нөгөө залуутай хамт явж байгаад замаасаа нэг шил архи авсан. Нэг буудалд орох гэж байгаад болиод архи уусан. Нөгөө залууг согтохоор нь би халааснаас нь мөнгийг нь авчихсан. ...” /1хх 71-72/, /1хх 182-183/ гэх мэдүүлгүүдээр,

таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 12-16/, /1хх 94-97/, /1хх 158-162/, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 17-18/, алдсан эд зүйлийн үнэлгээний тайлан /1хх 56/, эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх 17-20/, /1хх 29/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба эдгээр нь хоорондоо ноцтой зөрүүгүй, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чаджээ.

 

Шүүгдэгч Б.Э-ыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн, бусдыг хуурч эд хөрөнгийг нь авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А.М-ийг ганцаараа болон бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Б.Э-ын хохирогч Б.Энхмандахын гар утсыг “утсаар чинь ярьчихаад өгье” гэж аваад буцааж өгөлгүй хуурч залилан авч, 652.550 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар, А.М-тэй бүлэглэн хохирогч Ө.Батбаатарын араас нь тэвэрч хөдөлгөөнийг хязгаарлах зэргээр хүч хэрэглэж, 140.000 төгрөгийн эд зүйл дээрэмдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч А.М-ийн Б.Э-тай бүлэглэн хохирогч Ө.Батбаатарын араас Б.Э-ыг тэвэрч байхад нь хохирогчийн халааснаас “Nokia” загварын гар утас, гутал зэрэг нийт 140.000 төгрөгийн эд зүйлийг дээрэмдэн авсан үйлдлийг, мөн хохирогч С.Баттулгыг согтуурсан үед түлхэж унаган халааснаас нь 1.500.000 төгрөгийг дээрэмдэн авсан үйлдлийг тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Э-, А.М- нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус 4 жилийн хорих оногдуулсныг тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, үйлдэл оролцоо, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, заалтад зааснаар Б.Э-ад 2 жил, А.М-т 2 жил 6 сарын хорих ял болгон өөрчилж, энэ талаар гаргасан шүүгдэгч Б.Э-ын давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Б.Э-ын гаргасан “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/191 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял, …,...шүүгдэгч А.М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар...” гэснийг “...шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ял, …,...шүүгдэгч А.М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар...” гэж,

3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Э-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 5 /тав/ жилийн хугацаагаар тогтоосугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Э-ад мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоосугай. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э-ын гаргасан “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хангасан болохыг дурдсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                   ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                        Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                        Л.ДАРЬСҮРЭН