Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 0206

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Дашдондов, шүүгч Б.Батаа нарын бүрэлдэхүүнтэй,

           нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

           улсын яллагч А.Ганзориг /томилолт/,

            иргэдийн төлөөлөгч Т.Б,

            хохирогч Ц.Б,

            шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Н.Оюунгэрэл /ҮД:0211/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И м овогт Бийн Бэд холбогдох 1908048281430 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1968 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “...” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 1, ганцаараа Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Зүүн баян уулын ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, И м овогт Бийн Б /РД:.../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Зүүнбаян уулын ... тоотод иргэн Ц.Бийг виза картнаас мөнгө авлаа гэх шалтгаанаар цээжний баруун хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь цээжний баруун талд 3-4-р хавирганы завсраар цээжний хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн шарх, цээжний хөндий дэх цус, хий хуралдалт, баруун уушгины авчилт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...миний буруу, би Бтэй 10 жил найзалсан. Би картаа өгөөд 1 шил архи аваад ир гээд явуулсан чинь тэр чигтээ алга болсон. Б нь миний картнаас мөнгө авсан байсан. Тэгээд дараа нь энэ асуудлаас үүдэн хоорондоо маргалдаад, би итгэл алдлаа гээд уурлаад ийм асуудал болчихлоо. Би хутгаа хаана хаяснаа мэдэхгүй байна. Би хохирогчид эхлээд 400.000 төгрөг, дараа 250.000 төгрөг бэлнээр өгсөн, мөн картнаас авсан мөнгийг нь хохиролд тооцсон, бас такси энэ тэрээр үйлчилсэн байгаа. Би нийтдээ 900.000-иад орчим төгрөг төлсөн” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Хохирогч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2019 оны 9 дүгээр сарын 11-ний өглөө найзтайгаа хамт архи ууж байгаад Б нь надад картаа өгөөд архи аваад ир гэж хэлэхдээ кодоо хэлж өгсөн. Тэгэхээр нь картыг авч гараад архи авчхаад тэгээд картнаас нь зөвшөөрөлгүйгээр 100.000 төгрөг нэмээд авчихсан юм. Би Бээс эмчилгээний зардлаа авсан, цаашид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагчаас: хохирогч Ц.Бийн мэдүүлэг /хх-ийн 8х/, гэрч Ч.Нн мэдүүлэг /хх-ийн 12х/, шинжээчийн 11158 дугаартай дүгнэлт /хх-ийн 19х/, Б.Бийн  Хас банкны 5001054272 дугаартай дансны хуулга /хх-ийн 35х/ зэргийг,

Хохирогч Ц.Бөөс: хохирол барагдуулсан тухай 1 хуудас баримтыг,

Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас: хохирогч Ц.Бийн мэдүүлэг /хх-ийн 8х, 11х/, Б.Бэд гэрчийн эрх, үүрэг танилцуулсан тухай, түүний гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-16х/, гэрч Б.Бийн мэдүүлэг /хх-ийн 18х/, Ц.Бийн зөрчил гаргаж байсан эсэхийг илэрхийлэх асап сангийн лавлагаа /хх-ийн 23-26х/, Б.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27х/, Б.Бийн Хас банкны ... дугаартай дансны хуулга /хх-ийн 35х/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 37х/, хохирлын баримтууд /хх-ийн 39-40х/, Б.Бэд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 51х/, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн албан бичиг /хх-ийн 55х/, “...” ХХК-ний тодорхойлолт /хх-ийн 65х/, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1233 дугаартай шийтгэвэр /хх-ийн 79х/, хохирогч Ц.Бөд хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 86х/ зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь “...шүүгдэгч Б.Бийн үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг,

            Хохирогч “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...тус хэрэгт нотлох баримт дутуу авагдсан зэрэг зөрчлүүд байгаа хэдий ч шүүгдэгч Б.Б нь анхнаасаа гэм буруугийн асуудал дээр маргаагүй, хөнгөрүүлэх байр сууринаас оролцож байгаа болно” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Зүүнбаян уулын ... тоотод байхдаа  иргэн Ц.Бийг “өөрийн виза картнаас зөвшөөрөлгүй мөнгө авлаа” гэх шалтгаанаар уурлан түүний цээжний баруун хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч Ц.Бийн: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өглөө найз Бтэй уулзаж хамт архи ууж байгаад би Бийн Хас банкны картыг авч яваад нууц кодыг нь мэддэг байсан болохоор би картнаас 100.000 төгрөг авчихаад картыг нь Бэд өгсөн юм. 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Б над руу залгаад ороод ирээ гэхээр нь ...Бтэй уулзаад гэрт нь орсон чинь Б чи миний картнаас ... 310.000 төгрөг авсан байна гэж надтай муудалцаж эхэлсэн. Тэгэхээр нь би үгүй ээ чи картаа шалгаж үзээ гэж хэлсэн чинь Б нэг мэдэхэд хар ногоон өнгийн иштэй хутгаар миний баруун хөхний дээд хэсэгт нэг удаа хутгалчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

Гэрч Ч.Нн өгсөн: “...Манай нөхөр Б ... 09 цагийн орчим гэртээ буцаж орж ирэхдээ хувцас нь битүү цус болчихсон орж ирсэн. Тэр үед Бийн баруун талын уушги орчим хутганы шархтай байхаар нь шархыг нь цэвэрлэчхээд, хувцсыг нь солиод өөр хувцас өмсүүлээд унтуулсан юм. ...Манай хүүхэд 16 цагийн орчим гэртээ ирэхээр нь болсон асуудлын талаар хэлээд яах бэ гэж асуухад шууд түргэн тусламж дууд гэж хэлэхээр нь түргэн дуудсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 11158 дугаартай дүгнэлт:

 “...Ц.Бийн биед цээжний баруун талд 3-4-р хавирганы завсраар цээжний хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн шарх, цээжний хөндий дэх цус, хий хуралдалт, баруун уушгины авчилт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй нэг удаагийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 19х/

Шүүгдэгч Б.Бийн өгсөн: “...Би утсанд ирсэн мессежээ хальт харахад миний картнаас 310.000 гаруй төгрөг гарчихсан юм шиг харагдаад би Бтэй 310.000 гаруй төгрөг картнаас хэлэлгүй авлаа гэж маргалдсан. Гэхдээ дараа нь утсанд ирсэн мессежээ сайн хартал миний картнаас 11.150 төгрөг цаг гарангийн дараа 100.000 төгрөг, дараа нь дахиад цаг гарангийн дараа 31.580 төгрөг гарчихсан байсан. Нийтдээ миний картнаас зөвшөөрөлгүй 142.730 төгрөг гарчихсан байсан. Би Ц.Бөд анх 2 жил гарангийн өмнө картны нууц дугаараа хэлж өгч байсан. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хутгаа хаана хаяснаа мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 84-85х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Тус гэмт хэрэг гарах шалтгаан үндэслэлийг авч үзвэл, хохирогч Ц.Б нь шүүгдэгчийн “архи аваад ир” гэж өгсөн виза картнаас дур мэдэн, зөвшөөрөлгүйгээр мөнгө илүү авсан хууль бус үйлдэл нөлөөлсөн байх бөгөөд тэрбээр уг асуудалдаа Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1233 дугаартай шийтгэвэрээр 18 цагийн хугацаагаар албадан сургалтад хамрагдаж, 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсныг эдэлж дууссан ажээ.

Хэдийгээр гэмт хэрэг гарахад хохирогчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн хэдий боловч шүүгдэгчийн дээрх шалтгаанаар бусдыг хутгалж буй үйлдлийг зөвтгөх үндэслэлгүй, шүүгдэгч Б.Б нь хохирогчийн цээжний баруун хэсэгт хутгалсан үйлдлийн улмаас хохирогчийн биед хүнд гэмтэл учирсныг нотолсон шууд болон шууд бус нотлох баримтууд хэрэгт хангалттай авагдсан, шүүгдэгч Ц.Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, уг үйлдлээс хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учирч болзошгүйг мэдсээр атал түүнийг хүсэж үйлдсэн шинжтэй байх тул Б.Бийг тус хэргийг “санаатай” үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Бийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж учруулсан гэм буруутайд тооцож шийдвэрлэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нь “миний үйлчлүүлэгч Б.Бийн хувьд хохирогчийг хутгалсан гэх асуудал дээр анхнаасаа маргаагүй буюу гэм буруу дээр маргаагүй хэдий ч тус хэргийн материалд шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг гаргуулахаар шинжээч томилсон мөрдөгчийн тогтоол нь хэрэгт авагдаагүй, хохирогч, шүүгдэгч нарт танилцуулагдаагүй байгааг харгалзан үзнэ үү” гэх саналыг гаргасан байна.

Тус хэргийн материалаас үзвэл, хавтаст хэргийн 19 дүгээр хуудсанд хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 11158 дугаартай шинжээчийн дүгнэлт авагдсан, уг дүгнэлтийг хохирогч, шүүгдэгч нарт танилцуулсан тухай тэмдэглэлийг хийсэн байх боловч шинжээч томилсон тогтоол нь хэрэгт авагдаагүй байна.

Шүүх эмнэлгийн 11158 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Бий 219 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолоор ... шинжээч эмч, мэргэжлээрээ 10 жил ажиллаж байгаа, цагдаагийн ахмад Ц.Б би ...Ц.Бийн биед гэмтлийн зэргийг тогтоох зорилгоор шинжилгээ хийж дүгнэлтийг гаргав...” гэж тусгагдсан байдлаас үзвэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлд зааснаар мөрдөгчийн тогтоол буюу шийдвэр гарсан байна гэж үзэхээр байна.

Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгч, хяналт тавьсан прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлд зааснаар шинжилгээ хийлгэх үед оролцогчдийн эрхийг хангасан эсэх нь тодорхойгүй боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч болон хохирогч нарын хувьд “хутгалсан, хутгалуулсан” гэх асуудлын тухайд хэн аль нь маргаагүй, нэг нь хутгалснаа хүлээн зөвшөөрч, нөгөө нь өөрийг хэн хэрхэн хутгалсан талаар тодорхой зааж мэдүүлсэн, түүнчлэн шинжээчийн дүгнэлтэд мөрдөгчийн шийдвэрээр шинжилгээ хийсэн нь дурдагдсан, уг дүгнэлтэд хохирогчид учирсан гэмтэл нь ир үзүүртэй нэг удаагийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн болох нь тусгагдсан, дүгнэлтийг оролцогч аль нэг тал үгүйсгэж, няцаагаагүй, маргаагүй тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд эцэслэн шийдвэрлэхэд хэргийн зүйлчлэл, үйл баримтад нөлөөлөхгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

Хохирол төлбөрийн тухайд: Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Бийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд тэрээр эмчилгээний зардалд баримтаар 209.345 төгрөгийн баримт гаргаж өгсөн байх боловч шүүгдэгч Б.Б нь хохирогч Ц.Бөд мөрдөн байцаалтын шатанд бэлнээр 650.000 төгрөг, мөн түүний картнаас авсан мөнгө болох 142.730 төгрөг, такси үйлчилгээнд гарсан зардал зэргийг хохиролд оруулан тооцох замаар нийтдээ 900.000 төгрөгийг төлж барагдуулсан гэснийг хохирогч Ц.Б нь хүлээн зөвшөөрсөн, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Бэд 5 жил 1 сарын хугацаагаар ял оногдуулж, нээлттэй хорих ангид эдлүүлэх тухай дүгнэлтийг,

Хохирогч “...бага ял  шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хамгийн доод ялын гуравны хоёроос багагүй ялыг оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Б.Бэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн”, 1.4-т заасан хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлыг төлж барагдуулсан байдал, дээр дурдсан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, шүүгдэгч Б.Бийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Б.Бэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээ 5 жилийн гуравны хоёроос багагүй буюу 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч И м овогт Бийн Бийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Бийг 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Бэд оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Бийн урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

7. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Бэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

      

            

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧИД                                            Г.АЛТАНЦЭЦЭГ

                                                                                      Б.ДАШДОНДОВ

                                                                           Б.БАТАА