Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 447

 

 

 

 

 

 

2020              4              09                                       2020/ДШМ/447

 

Б.Бэд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Ганзориг,

шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч А.Ганбат,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Дашдондов, шүүгч Б.Батаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/206 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч А.Ганбатын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.Бэд холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

И овгийн Бийн Б, 1968 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “...” ХХК-д жолооч ажилтай, ам бүл ганцаараа, ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, /РД:.../;

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр ... тоотод иргэн Ц.Бийг “виза картаас мөнгө авлаа” гэх шалтгаанаар цээжний баруун хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь цээжний баруун талд 3-4 дүгээр хавирганы завсраар цээжний хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн шарх, цээжний хөндий дэх цус, хий хуралт, баруун уушгины авчилт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч И овгийн Бийн Бийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Бийг 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Бэд оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

               Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганбат гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Б нь хэдийгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэрэгт холбогдон 3 жил 4 сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлэхээр Эрүүгийн хуулийн 11.1 дахь зүйлийн 2.4 дахь хэсэгт заагдсан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт шийтгүүлсэн боловч энэхүү гэмт хэргийг шалгах явцдаа буруу зүйлчилсэн байна. Зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчлэх боломжтой байсан гэдэг нь онолын хувьд харагдаж байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Хэрэгт авагдсанаар Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн №11158 тоот дүгнэлтэд: “Ц.Бийн биед цээжний баруун талд 3-4 дүгээр хавирганы завсраар цээжний хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн шарх, цээжний хөндий дэх цус, хий хуралт, баруун уушгины авчилт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй нэг удаагийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.” гэж дурдагдсан байна. Үүнээс үзэхэд 3-4 дүгээр хавирганы завсраар нэвтрэн орсон ир үзүүртэй зүйлийн хүчний үйлчлэлээр цээжний хөндий дэх ямар нэгэн эрхтэнд механик үйлчлэлээр гэмтэл учруулаагүй гэдэг нь уг дүгнэлтээр тодорхой харагдаж байна. Хууль зүйн үр дагавар, хор уршиг учруулсан байхыг заавал шаарддагаас харахад “цээжний хөндийг нэвтэрсэн шарх болгон хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж байна” гэж автоматаар Эрүүгийн хуулийн 11.1 дахь зүйл хэсэгт хамааруулан зүйлчилсэн явдал нь буруу гэж үзэж байна. Иймд анхааралтай дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгөхийг хүсэж байна...” гэв.

Прокурор А.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гэмтлийн зэрэг тогтоох журамд доторх эрхтнийг гэмтээснээс үл хамаарч цээжний хөндийд нэвтэрсэн бол гэмтлийн хүнд зэрэгт хамаарах зохицуулалт байна. Шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй зөв гарсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд шүүгдэгч нь гэмтлийн зэрэг дээр маргаж байгаагүй. Иймд өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр ... тоот гэртээ иргэн Ц.Бийг “Виза картаас хэлэлгүйгээр мөнгө авлаа” гэх шалтгаанаар цээжний баруун хэсэгт нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь цээжний баруун талд 3-4 дүгээр хавирганы завсраар цээжний хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн шарх, цээжний хөндий дэх цус, хий хуралт, баруун уушгины авчилт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ц.Бийн “...2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Б над руу залгаад “ороод ирээ” гэхээр нь гэрт нь орсон чинь Б “чи миний картаас 310.000 төгрөг авсан байна” гэж надтай муудалцаж эхэлсэн. Тэгэхээр нь би “үгүй ээ чи картаа шалгаж үз ээ” гэж хэлсэн чинь Б нэг мэдэхэд хар ногоон өнгийн иштэй хутгаар миний баруун хөхний дээд хэсэгт нэг удаа хутгалчихсан. ...” гэх /хх 8/,

гэрч Ч.Нэргүйн “...Манай нөхөр Б 09 цагийн орчим гэртээ буцаж орж ирэхдээ хувцас нь битүү цус болчихсон орж ирсэн. Тэр үед Бийн баруун талын уушги орчим хутганы шархтай байхаар нь шархыг нь цэвэрлчихээд, хувцсыг нь солиод өөр хувцас өмсүүлээд унтуулсан юм. ...” гэх /хх 13-14/,

шүүгдэгч Б.Бийн “...Би 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолд заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. . ...” гэх /хх 84-85/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “...1. Ц.Бийн биед цээжний баруун талд 3-4-р хавирганы завсраар цээжний хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн шарх, цээжний хөндий дэх цус, хий хуралдалт, баруун уушгины авчилт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй нэг удаагийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...” гэх 11158 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 19/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч нарыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Бийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Мөн Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр хорих ялыг хуульд зааснаас хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэн 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирлоо төлсөн байдал, гэм бурууд тохирчээ.

Хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар Б.Бийн үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ бүхий байдлыг үүсгээгүй, анхан шатны шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон, мөн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганбатын гаргасан “...Зүйлчлэл буруу байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/206 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/206 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                     ШҮҮГЧ                                                               Н.БАТСАЙХАН

                     ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ