Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2021/0401

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                    Г.Г-ийн нэхэмжлэлтэй

                захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 377 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Г.Г-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 377 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2, 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Г-оос Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Ажил олгогчийн санаачилгаар ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/146 дугаар захирамжийг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 377 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113, 114 дүгээр зүйлд заасныг үндэслэн давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Тус шүүх Г.Г-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

1. Шийдвэрийн Үндэслэх хэсэгт “... Тодруулбал, нэхэмжлэгч Г.Г нь Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч буюу нийслэлийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтан болохын хувьд Нийслэл хотод үүсээд буй цаг үеийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, нийслэлийн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлэх, байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулахад чиглэсэн шуурхай зөвлөгөөнд хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд оролцох ёстой байсан.

Өөрөөр хэлбэл, тэрээр Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний товыг тусгай үүргийн дугаар /131200/-аас мессежээр түүнд мэдэгдэх эсэхээс үл хамаарч батлагдсан хуваарийн дагуу товлогдсон хуралдаанд зайлшгүй суух байжээ. Тиймээс Захиргааны байгууллагуудын удирдах ажилтнуудын зөвлөгөөнийг хүндэтгэн шалтгаангүйгээр тасалсан Г.Г-ийн үйлдэлд хариуцагч Нийслэлийн Засаг даргаас Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулан үүрэгт ажлаас нь чөлөөлснийг буруутгах боломжгүй” гэжээ.

“Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дотоод удирдлагын нэгдсэн системийг ашиглах журам”-ын 4.12-т “Хурлын товыг оролцогч талуудад нийтлэн мэдээлэх үүргийг хурал хариуцсан мэргэжилтэн, эсвэл нарийн бичгийн дарга хүлээнэ” гэснийг хариуцагч тал зөрчсөн, энэ талаар анхан шатны шүүх зөв үнэлэлт дүгнэлт хийсэн, нөгөө талаас 2020 онд Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн хуваарийн дагуу явагдаагүй, өөрөөр хэлбэл 01 дүгээр сарын 06-ны өдөр, 01 дүгээр сарын 20-ны өдөр, 02 дугаар сарын 03-ны өдөр, 02 дугаар сарын 17-ны өдрүүдэд хуралдсан,  03-06 дугаар саруудад хуралдаагүй, 07 дугаар сарын 09 /06, 20-ны өдрүүдэд товлогдсон байсан/, 08 дугаар сарын 17 /03-ны өдөр товлогдсон хурал хийгдээгүй/, 09 дүгээр сард хуралдаагүй, 10 дугаар сарын 05 /19-ний өдөр товлогдсон хурал хийгдээгүй/, 11 дүгээр сарын 02 /16-ны өдөр товлогдсон хурал хийгдээгүй/, 12 дугаар сарын 10 /07-ны өдөр товлогдсон байсан/, 12 дугаар сарын 21, 12 дугаар сарын 28-ны өдөр товлогдоогүй байсан хурлыг зарлан хуралдуулсан.

Бодит байдал ийм байхад анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Г-ийг “батлагдсан хуваарийн дагуу товлогдсон хуралдаанд зайлшгүй суух байжээ” гэх үнэлэлт дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

Мөн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр болсон удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд тодорхой тооны нэлээд хэдэн хүмүүс оролцоогүй байдаг. Тэдгээр хүмүүст сахилгын шийтгэл оногдуулсан, гэхдээ яг адилхан зөрчил гаргасан гэх хүмүүсийг өөр өөрөөр шийтгэсэн, тухайлбал ажлаас халах, цалингийн хэмжээ бууруулах, сануулах зэргээр. Өөрөөр хэлбэл, төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох шударга ёсны зарчмыг зөрчиж ганцхан Г.Г-ийг л ажлаас халсан.

2. Шийдвэрийн Үндэслэх хэсэгт “... Гэтэл нэхэмжлэгч Г.Г нь Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдох үедээ төрийн албаны болон тусгай шалгалт өгөөгүй байхаас гадна Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т заасан тусгай шаардлагыг хангаагүй. Төрийн албаны тухай хуулийн дээрх заалтууд болон төрийн албан хаагч түүнд тавих шаардлага, төрийн алба хаах болзол журмыг зөрчин төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон түүнд энэ тохиолдолд төрийн албан хаагчийн адил баталгаагаар хангагдах, хөдөлмөрлөх эрх зөрчигдөх ойлголт байх ёсгүй. Нэхэмжлэгч Г.Г анхнаасаа Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын үүрэг гүйцэтгэгчээр томилогдохдоо албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлагыг хангахгүй байсан, ажиллаж байх хугацаандаа үүрэгт ажилдаа хайнга хандсан зэрэг зөрчил хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5-д “хуульд заасан бусад үндэслэл” гэж заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/46 дугаар захирамжаар нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлснийг хуульд нийцсэн, энэ актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ ...” гэжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Г-ийн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах эрх, эрх чөлөөний талаар эсрэг тэсрэг үнэлэлт дүгнэлт өгсөн.

Тухайлбал, “Г.Г-ийн үйлдэл хариуцагч Нийслэлийн Засаг даргаас Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулан үүрэгт ажлаас нь чөлөөлснийг буруутгах боломжгүй” /хөдөлмөрлөх эрхтэй/, Төрийн албаны тухай хуулийн дээрх заалтууд болон төрийн албан хаагч, түүнд тавих шаардлага, төрийн алба хаах болзол журмыг зөрчиж төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон түүнд энэ тохиолдолд төрийн албан хаагчийн адил баталгаагаар хангагдах, хөдөлмөрлөх эрх зөрчигдөх ойлголт байх ёсгүй /хөдөлмөрлөх эрхгүй/.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу маргаж буй захиргааны акт үндэслэлтэй эсэх, өөрөөр хэлбэл, Г.Г-ийг Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан,  үүрэгт ажилдаа хайнга хандсан уу үгүй юу гэдэгт л үнэлэлт өгөх ёстой байсан. Гэтэл анхнаасаа төрийн албанд томилогдох ёсгүй байсан, тийм учраас хөдөлмөрлөх эрхгүй гэх мэтээр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Нэхэмжлэгчийн хувьд ажиллаж байх хугацаандаа үүрэгт ажилдаа хайнга хандсан гэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй. 2020 оны 10 дугаар сарын 05-ны өөр ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан нь цагийн бүртгэлээс харагддаг.

Маргаж буй захиргааны акт Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5-д заасныг үндэслэж гарсан. Гэхдээ Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ямар хуулийн зүйл, хэсэг, заалт гэдэг талаар юу ч бичигдээгүй. Анхан шатны шүүх хуралдаан дээр хариуцагчийн төлөөлөгчөөс энэ талаар асуухад “хуульд заасан бусад үндэслэл гэдэгт юу ч байж болно. Г.Г-ийг ажлаас халсан тушаалд заавал бичих шаардлагагүй” гэж хариулсан.

Бодит байдал ийм байхад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

3. Шийдвэрийн Үндэслэх хэсэгт “ ... Хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргах гэж буй талаар Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан ажиллагааг хуулийн хэмжээнд хийгээгүй боловч гагцхүү энэ үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох боломжгүй ...” гэжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд аливаа захиргааны актыг гаргахын өмнө оролцогчийг сонсох ажиллагааны талаар зохицуулсан байдаг. Сонсох ажиллагааны зорилго нь тухайн захиргааны актыг гаргахаас өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд урьдчилан мэдэгдэж, хамгийн гол нь тухайн этгээдийн тайлбар, саналыг төрийн байгууллага албан тушаалтан үнэлж дүгнэхэд оршдог.

Хэдийгээр хариуцагч “Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасны дагуу олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сонсох ажиллагаа хийсэн” гэх тайлбар гаргасан боловч хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй. Харин олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сонсох ажиллагааны мэдэгдлийг хэлбэрийн төдий хүргүүлсэн талаар нэхэмжлэгч тал маргахгүй. Учир нь сонсох ажиллагаа явуулах журам, ажиллагаа явуулах он, сар, өдөр цаг, байрлал, дарааллын талаарх мэдээлэл өгөгдөөгүй, мөн сонсох ажиллагаа огт хийгдээгүй.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Г-ийн Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд заасан эрхийг зөрчсөн болохыг тогтоосон боловч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль бус гэж үзэж байна. Эдгээрийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар гомдлын хүрээнд хянаад, дараах үндэслэлээр шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс “Ажил олгогчийн санаачилгаар ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/146 дугаар захирамжийг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. 

Маргаан бүхий Б/146 дугаар захирамжаар “Г.Г нь Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан, үүрэгт ажилдаа хайнга хандсан” гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.  

Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар бүлэгт төрийн албан тушаалд тавигдах шаардлага, 6 дугаар бүлэгт төрийн жинхэнэ албан тушаалд томилох журам, 7 дугаар бүлэгт төрийн жинхэнэ албаны шалгалтын талаар нарийвчлан зааж, эдгээр харилцааг зохицуулсан бөгөөд ийнхүү хуульд заасан журмын дагуу томилогдсон иргэн мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөснөөр төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг эрхийг эдэлж, нэмэлт баталгаагаар хангагдах боломжтой.

Г.Г-ийн хувьд Нийслэлийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/05 дугаар захирамжаар Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдохдоо төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөөгүй, өмнө нь төрийн албанд ажиллаж байгаагүй болох нь Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 01/2063 дугаар “... Б/05 дугаар тушаалаар томилогдохдоо Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14, 15 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол, журам”, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ыг тус тус зөрчиж томилогджээ” гэх албан бичиг, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчээс эдгээр үйл баримтыг үгүйсгэж маргаагүй, үүнийг няцаасан баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн “... уг хуралдаан товлосон хугацаандаа хуралддаггүй байсан, ... мөн өдөр ажлын байран дээрээ байсан, ... хурлын товыг мэдэгдээгүй” гэх тайлбар нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн баталсан Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн зохион байгуулах 2020 оны хуваарийн дагуу мөн оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 08 цагт хуралдахаар батлагдсан хуралд оролцоогүй буюу ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлээгүй гэх үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй.

Нэхэмжлэлийн шаардлагад “... ажлаас үндэслэлгүй халагдсан..” гэх боловч Б/146 дугаар захирамжаар түүнийг  “... шуурхай зөвлөгөөнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан, үүрэгт ажилдаа хайнга хандсан” гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Хэрэв Г.Г-ийн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шуурхай зөвлөгөөнийг тасалж, үүрэгт ажилдаа хайнга хандсаныг зөрчил гэж үзвэл хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1-д “Сануулах”, 48.1.2-т “Албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах”, 48.1.З-д “Төрийн албанаас халах”, 48.1.4-д “Төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах”, 48.1.5-д “Хуульд заасан бусад” гэж заасан сахилгын шийтгэлээс аль нэгийг нь ногдуулахаар байжээ.

Гэвч мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно”, 49.2-т “Энэ хуулийн 62.1.2, 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчиж төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно”, 62 дугаар зүйлийн 62.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараахь баталгаагаар хангагдана”,  62.1.1-д “Энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” гэж заасантай холбон үзвэл дээрх хуулийн зүйл, заалтууд нь төрийн жинхэнэ албан хаагчид хамаарахаар байна.

Иймд төрийн албаны болзол шаардлагыг хангахгүйгээр Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Г.Г-ийг ажлаас чөлөөлсөн актын нэг үндэслэл болсон Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн  46.2.5-д “Хуульд заасан бусад үндэслэл” гэсэн нь төдийлөн хамааралтай заалт биш боловч түүнд төрийн албаны болзол, шаардлагыг хангаад төрийн албанд эргэж орох эрхийг нь нээлттэй үлдээжээ гэж дүгнэхээр байх тул нэхэмжлэгчийн Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзэхээргүй байна. 

Түүнчлэн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан, үүрэгт ажилдаа хайнга хандсан нэр бүхий ажилтнуудын албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсныг  хариуцагчаас “... төрийн жинхэнэ албан хаагч байсан учир хуульд заасан шийтгэл ногдуулсан...” гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн “... тус хуралдаанд оролцоогүй буюу яг адилхан зөрчил гаргасан хүмүүсийг өөр өөрөөр шийтгэсэн ... хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн ...” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1-д тус тус зааснаар захиргааны байгууллагын гаргах гэж буй шийдвэрийн улмаас гагцхүү эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд тухайн актын эрх зүйн үр дагаврыг танилцуулж, ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгож, сонсох ажиллагаа явуулах зохицуулалттай.

2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний хурлын тэмдэглэлээс үзвэл Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Б зөвлөгөөнд ирээгүй нийт ажилтнуудын нэрсийг албан тушаалтай нь танилцуулж “... яг одоо эдгээр хүмүүсийг чөлөөлнө ... хариуцлага тооцно...” гэсэн нь эдгээр ажилтнуудад хариуцлага тооцох талаар хариуцагч тодорхой хэмжээнд мэдээлсэн гэж үзэхээр боловч сонсох, мэдэгдэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлээгүй байна. Гэвч энэ нь маргаан бүхий актыг хүчингүй болгож, Г.Г-ийг өмнө эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох шаардлагыг хангах үндэслэл болохгүй. 

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд хуульд заасны журмын дагуу уг орон тоог нөхөхөөр зохицуулсан. Ингэхдээ мөн хуулийн 27.1.1-д “....шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс”, 27.1.2-т ”... тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас”, 27.1.3-д “... сул орон тоог энэ хуулийн 27.1.2-т заасны дагуу нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс”, 27.1.4-д ”Энэ хуулийн 27.1.3-т заасны дагуу нөхөх боломжгүй бол нээлттэй сонгон шалгаруулалт зарлах” гэж тус тус заасан. Нэхэмжлэгч хуулийн эдгээр урьдач нөхцөлийг зөрчиж Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн талаарх анхан шатны дүгнэлт зөв байна.

Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, бодит байдалд хэрэгжих боломжтой байх зарчмын үүднээс дээр дурдсан Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтын урьдчилсан нөхцөл шаардлага хангагдаж тухайн албан тушаалд томилогдоогүй нэхэмжлэгчийг уг ажлын байранд эгүүлэн тогтоох үндэслэлгүй.

Нэгэнт нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоох боломжгүй тул ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийхийг даалгах үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. 

Тухайн хэргийн хувьд маргаан бүхий акт нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөхөд нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг тодорхойлсны үндсэн дээр түүний төрийн жинхэнэ албан хаагчийн хуулиар хамгаалагдсан нийтлэг болон нэмэлт баталгааг эдлэх эрхтэй эсэхийг тодруулах шаардлагатай учраас нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...төрийн албанд томилогдох ёсгүй байсан, тийм учраас хөдөлмөрлөх эрхгүй гэх мэтээр нэхэмжлэлийн шаардлагаас хальж хэргийг шийдвэрлэсэн...” гэх гомдол үндэслэлгүй.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч шийдвэрийн Тогтоох хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн  46.2.5 дахь заалтыг баримталсан нь төдийлөн хамааралгүй тул хасаж, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараахь баталгаагаар хангагдана”, 62.1.1-д “Энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” гэсэн заалтыг  нэмэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 377 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “46 дугаар зүйлийн 46.2.5” гэснийг хасч, “62 дугаар зүйлийн 62.1, 62.1.1  дэх” гэж нэмж,  Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.БАТБААТАР

 

               ШҮҮГЧ                                                             С.МӨНХЖАРГАЛ

 

               ШҮҮГЧ                                                             Н.ДОЛГОРСҮРЭН