Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2021/0400

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                   Б.Г-ын нэхэмжлэлтэй

                                               захиргааны хэргийн тухай

 

                                                                                                                                                                       

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г нарыг оролцуулан, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 5 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, Б.Г-ын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 5 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 23 дугаар зүйлийн 23.3.1, 23.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгч Б.Г-ын “Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын ажилд томилсон шийдвэр гаргаж, хэрэгжүүлэхийг даалгах, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс хойших  хугацааны цалин хөлс гаргуулах,  2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс хойших  хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Г давж заалдах гомдолдоо: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасан эрхийнхээ дагуу Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 05 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

“Иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг эс үйлдэхүй” гэж үзэхээр Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заажээ.

Иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх төрийн жинхэнэ албан хаагч Б.Г миний бие Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрхээ эдэлж чөлөөний хугацаа дууссаны дараагийн өдрөөс эхлэн Ховд аймгийн Засаг даргын Тамын газрын даргын ажлаа үргэлжлүүлэн эрхлэх хүсэлтээ Ховд аймгийн Засаг дарга Б.Д-т 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр бичгээр гаргасан.

Гэтэл Ховд аймгийн Засаг дарга Б.Д нь Б.Г миний дээрх өргөдлийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэж хариу өгөөгүй тул уг эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зохих захиргааны акт гаргуулахаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасны дагуу нэхэмжлэл гаргасан.

Учир нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1.3-д “Өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж үндэслэлтэй шийдвэрлэх”, 6-д “Өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх” нь хариуцагч Ховд аймгийн Засаг даргын үүрэг юм.

Ийм байхад анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт нэхэмжлэгч Б.Г миний өргөдлийг хянан шийдвэрлээгүй орхигдуулсан хариуцагч Ховд аймгийн Засаг даргын эс үйлдэхүйн талаар дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчсөн.

Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-д “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах” нь Монгол Улсын дээд шүүхийн хэнтэй ч хуваалцашгүй бүрэн эрх. Уг бүрэн эрхийнхээ хүрээнд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан “Сул орон тоо гарсан” гэдэг ойлголтыг албан ёсоор тайлбарласан байхад анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт хуулийн албан ёсны тайлбарт зааснаас өөрөөр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь эрх зүйн үндэслэлгүй. Монгол Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолын 4-д “Хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан “ ... сул орон тоо гарсан ... хуулийн 23, 24, 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасан үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлөгдсөн, халагдсан болон төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын ажлын байр суларсан байхыг хэлнэ” гэж тайлбарлажээ.

Хуулийн дээрх албан ёсны тайлбарт төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлөгдсөн, халагдсан болон төрийн жинхэнэ албан хаагч нас барсан гэх тодорхой 4 үндэслэлийг тоочин дурдаж, “уг 4 үндэслэлээр ажлын байр суларсан байхыг сул орон тоо гарсан” гэж ойлгохоор тусгаснаас үзэхэд Төрийн албаны тухай хуулийн 23.3-д заасан үндэслэлээр буюу “түр чөлөөлсөн” тохиолдолд “сул орон тоо гарсан” гэж үзэхгүйг илэрхийлжээ.

Төрийн албаны тухай хуулиар чөлөөлөх болон түр чөлөөлөх гэх хоёр өөр утга агуулга бүхий өөp өөр онцлог харилцааг зохицуулсан өөр өөр нэр томъёо бүхий хуулийн зохицуулалтууд юм.  

Иймээс төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлсний улмаас тухайн албан тушаалын орон тоо сул гарсан гэдэг ойлголтод төрийн албанаас түр чөлөөлөх гэдэг агуулгыг хамааруулах боломжгүй юм.

Харин эрүүл мэндийн чөлөө авч түр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчийг “эзгүй байгаа албан хаагч” гэж vзэхээр Монгол Улсын дээд шүүх албан ёсоор тайлбарлажээ.

Тодруулбал, Монгол Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолын 5-д “Хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан “... эзгүй байгаа албан хаагч” гэдэгт хууль тогтоомжид заасны дагуу ээлжийн амралт эдэлж байгаа, эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар чөлөө авсан, албан томилолтоор ажилласан, түр хугацаагаар сургалтад хамрагдсан, эдгээртэй адилтгах бусад шалтгааны улмаас албан үүргээ түр хугацаагаар гүйцэтгээгүй этгээд хамаарна. Хуульд заасан үндэслэлээр ажлын байрны сул орон тоо гарсныг “эзгүй байгаа албан хаагч хаагч ... хамааруулж үзэхгүй” гэжээ.

Хуулийн албан ёсны тайлбараар эрүүл мэндийн чөлөө авч түр чөлөөлөгдсөн байгааг эзгүй байгаа албан хаагч гэж үзэхээр байх бөгөөд сул орон тоо гарсан гэж үзэхээргүй байна.

Энэ нь эзгүй байгаа албан хаагчийн хувьд тухайн албан тушаал хадгалагдах тодорхой нөхцөл байдал арилмагц буцаан ажилдаа томилогдох үр дагавартай бөгөөд тухайн албан тушаалыг тодорхой хугацаатайгаар буцаж иртэл түр орлон гүйцэтгүүлэх агуулгатай байна.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараахь тохиолдолд хэвээр хадгална”, 35.1.3-д “ “Чөлөөтэй байгаа” гэж заасны дагуу захиргаа тухайн ажлын байрыг хадгалах үүрэгтэй” гэжээ.

Ийм байхад анхан шатны шүүх сул орон тоо гарсан гэж дүгнэж нэхэмжлэгчийг чөлөөний хугацаа дуусмагц Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын ажлаа үргэлжлүүлэн эрхлэх хүсэлт гаргасны дагуу захиргаа буюу Ховд аймгийн Засаг дарга хүсэлтийн дагуу ажилд томилох үүрэг хүлээхгүй мэтээр хэт нэг талыг барьж, нөөцөд байгаа нь ажилдаа эгүүлэн томилуулах эрхгүй зөвхөн сул орон тоог нөхөх зорилготой мэтээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэж үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 05 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Б.Г миний Ховд аймгийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэхийг хүсье.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хянаад, дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын ажилд томилсон шийдвэр гаргаж, хэрэгжүүлэхийг даалгах, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс хойших хугацааны цалин хөлс гаргуулах, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс хойших хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/59 дүгээр захирамжаар Б.Г-ын “биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 2 жилийн чөлөө авч, эмчлүүлэх” хүсэлтийн дагуу Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 23 дугаар зүйлийн 23.3.1-д заасныг үндэслээд түүнийг Ховд аймгийн Засаг  даргын Тамгын газрын даргын ажлаас түр чөлөөлсөн, уг тушаал, тушаалын үндэслэлтэй нэхэмжлэгчээс маргаагүй.

Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 23 дугаар зүйлийн 23.3.1-д зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 1 жилээс дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар төрийн албанаас түр чөлөөлөхөөр, 23.4-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон, тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлөхөөр тодорхой заасан бөгөөд Б.Г нь ийнхүү түр чөлөөлөгдсөн болохоо хүлээн зөвшөөрсөн.

Харин “түр чөлөөлөгдсөн тул чөлөө авсан шалтгаан нөхцөл арилсны дараа буюу 2 жилийн дараа эрхэлж байсан ажил, албан тушаалдаа томилогдох эрхтэй” гэж маргаж байна.

Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 23 дугаар зүйлийн 23.5-д зааснаар энэ зүйлийн 23.3-д заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, мөн зүйлийн 23.4-д заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцохоор хууль тогтоогч нэгэнт хуульчилснаас үзвэл түүнийг төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэлтэй гэж үзэх ба нэгэнт түүнийг түр чөлөөлсөн, түүнчлэн тухайн албан тушаалд Д.Э-ыг холбогдох хууль, журамд заасны дагуу томилсон тул захиргааны байгууллага холбогдох хууль тогтоомжийг зөрчин эрхэлж байсан албан тушаалд нь томилох боломжгүй, иймд хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй байна. 

Анхан шатны шүүх уг тохиолдол нь ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг нь хэвээр хадгалагдах зохицуулалтад хамаарахгүй талаар, нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.4-д тус тус зааснаар тухайн байгууллагад сул орон тоо гарсан тохиолдолд нөөцөөс нэр дэвших замаар маргаан бүхий албан тушаалд томилогдох боломжтой талаар үндэслэлтэй, зөв дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь холбогдох хууль нийцсэн байна.

Монгол Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 08 дугаар тогтоолын 4-д “ Хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан “...сул орон тоо гарсан...” гэж хуулийн 23, ...-т заасан үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлөгдсөн, халагдсан болон төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын ажлын байр суларсан байхыг хэлнэ.” гэжээ.

Мөн 2018 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын 3.1-д “Төрийн албаны тухай хуулийн 21.1-д заасан эзгүй байгаа албан хаагчийн, мөн хуулийн 17.1-д заасан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд уг орон тоог нөхөх хүртэлх хугацаанд тухайн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлнэ”, 3.3-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан гэдэгт дараахь тохиолдлыг тооцно”, 3.3.1-д “Төрийн албаны тухай хуулийн ... 23.3-т заасан үндэслэлээр түр чөлөөлөх, эсхүл албан хаагч өөр албан тушаалд сонгогдох буюу томилогдох” гэж тус тус зааснаас үзэхэд хариуцагч Б.Г-ыг Б/59 дүгээр захирамжаар түр чөлөөлсний дараа сул орон тоо гарсан гэж үзэж өөр албан хаагчаар албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Товчхондоо, эрүүл мэндийн байдлын улмаас 1 жилээс дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон бол төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар төрийн албанаас түр чөлөөлөхөөр, түр чөлөөлөгдсөн тохиолдолд нөөцөд байгаад тооцохоор хуульчилсан байхад нэхэмжлэгч нь дээрх шалтгааны улмаас 2, магадгүй 5 жилээр ч түр чөлөөлөгдөх боломжтой ба тухайн хугацаа өнгөрсний дараа эрхэлж байсан албан тушаалдаа шууд томилогдох эрхтэй мэт агуулгаар тайлбарлан маргаж, хууль бус шаардлагыг тавьж байгаа нь зүйд нийцэхгүй.

Иймд дээр дурдсанаар хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын ажилд томилсон шийдвэр гаргаж, хэрэгжүүлэхийг даалгах хууль зүйн үндэслэлгүй тул цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах үндэслэлгүй. 

Анхан шатны шүүх дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь холбогдох хуульд нийцсэн бөгөөд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 05 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БАТБААТАР

 

               ШҮҮГЧ                                                                   С.МӨНХЖАРГАЛ

 

               ШҮҮГЧ                                                                   Н.ДОЛГОРСҮРЭН