Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/00118

 

Г.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/01639 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2038 дугаар магадлалтай,

Г.Б-ын нэхэмжлэлтэй,

Д.А-т холбогдох,      

Орон сууц албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгчээс 16.424.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Г.Б-ын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б-, өмгөөлөгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие өөрийн орон сууцаа иргэн Д.А- түүний гэр бүлд 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нийт 10 сарын хугацаагаар хөлслүүлэх гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан. Уг гэрээний хугацаа дуусах үед Д.А- түүний эхнэр нар үргэлжлүүлэн хөлслөх, гэрээний хугацааг сунгах хүсэлт гаргасныг зөвшөөрч, бидний зүгээс байр чөлөөлөх шаардлага тавих хүртэл тохиролцсон. Үүнээс хойш 10 сарын дараа бид байрандаа орох тухай хэлсэн боловч чөлөөлж өгөхгүй, бүр гэр орондоо орж эд хогшил тавилга, байрныхаа бүрэн бүтэн байдлыг харах ч боломжгүй, хөөж туун, хэл амаар доромжлон, хууль бусаар эзэгнэсээр байна. Гэрээний хугацаа дуусахад Г.Б-ыг олдохгүй байсан гэдэг нь үндэслэлгүй. Их хэмжээний мөнгө нэхэж өгөхгүй бол байрыг чөлөөлж өгөхгүй байна гэжээ.

Хариуцагч Д.А- шүүхэд гаргасан тайлбартаа: Д.А-, Г.Б- нарын хооронд байгуулагдсан 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний 5 дугаар зүйлд энэхүү гэрээ нь зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитоор гардуулсан өдрөөс хойш хүчин төгөлдөр болж, хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно гэж заасан бөгөөд гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй сураггүй 10 сар болсон боловч мөнгийг өнөөг хүртэл өгөөгүй болно. Мөн зээлийн гэрээний 4 дүгээр зүйлд зээлдүүлэгч нь зээлийг эргүүлэн төлөх хугацаанд хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги төлүүлэхээр багасгаж тохиролцсон боловч энэ үүргээ биелүүлээгүй. 

Иймд, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.А- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Д.А- Г.Б-од 8.000.000 төгрөгийг зээлдүүлж, барьцаа болон хүүд 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл түүний Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Өнөр хотхонд орших 39 дүгээр байрны 181 тоот 41.4 м.кв хоёр өрөө орон сууцанд амьдрахаар харилцан тохиролцож, зээлийн гэрээ болон орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр дууссан. 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Г.Б-ын эхнэр н.Дэжидмаа нь Д.А-ийн гэрт ирж, байр суллаж өгөхийг шаардсан ба бид тэднээс гэрээний дагуу зээлсэн мөнгө, алданги зэргийг тооцож, нийт 15 сая төгрөгийг шаардан, уг мөнгөө төлсний дараа байрыг нь суллан өгөхөд татгалзах зүйлгүй гэхэд эхнэр нь хүлээн зөвшөөрсөн боловч 8 хоногийн дараа утсаар байраа суллахыг шаардан, мөн гэрт нь ямар ч мөнгөгүй, шөнийн 23 цаг өнгөрч байхад хэд хэдэн удаа ирж, хаалга тогшин тэдний амгалан тайван байдлыг алдагдуулж байна. 

Иймд, гэрээнд заасны дагуу 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх алданги болон үндсэн зээл нийт 16.424.000 төгрөгийг хариуцагч Г.Б-оос гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г.Б- сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэл ямар ч үндэслэлгүй. Д.А- эхнэр гэх эмэгтэйгийн хамт ирж гэрээгээ сунгая гэж нотариат орж гарын үсэг зуруулсан. Гэртээ орж шинэ тавилгуудаа харъя гэхээр оруулахгүй байгаа. Хүү, алданги зээлийн хүчинтэй хугацаагаар дууссан. Дараа нь бид амаараа гэрээг сунгаж байсан. Иймд, үндсэн зээлээ л төлнө. Бусад нь үндэслэлгүй мөнгө тул төлөхгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/01639 дугаар шийдвэрээр, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.7, 238 дугаар зүйлийн 238.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б-ын өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 39 дүгээр байрны 181 тоот хаягт байрлах, 41.4 м.кв орон сууцыг чөлөөлөхийг хариуцагч Д.А-өд даалгаж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Б-оос 8.000.000 төгрөг гаргуулж хариуцагч Д.А-өд олгохоор, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8.464.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч хариуцагч нар нь дурдсан үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэх болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.А-өөс 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Б-од олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240.070 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Б-оос 142.950 төгрөг гаргуулан хариуцагч Д.А-өд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2038 дугаар магадлалаар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/01639 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 гэсний дараа 232 дугаар зүйлийн 232.6 гэж нэмж, 8.000.000 гэснийг “12.000.000”, “8.464.000” гэснийг 4.424.000 гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын 142.950  гэснийг 206.950 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн  бусад  хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтангэрэлийн төлсөн 78.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Г.Б- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан 1 дэх хэсгийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч би хариуцагч Д.А-ийн эхнэр Ц.Нармандах гэгчийг хамтран хариуцагчаар болон гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн аваагүй юмаа. Тухайн үед эхнэр нь гэх эмэгтэй Ц.Нармандах нь одоо биднээс энэ мөнгөө өөрийн мөнгө хэмээн нэхдэг. 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн шүүгчийн захирамжид нэхэмжлэгч нь Д.А-ийн эхнэрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулмаар байна хэмээн хүсэлт гаргасан ч овог нэр хаяг тодорхойгүй хэмээн хүлээн авахаас татгалзсан. Хариуцагчийн төлөөлөгч “мэдэхгүй гэж урьд салсан эхнэр Сарантуяагаас салсан тухай лавлагаа Улсын бүртгэлийн газраас авчран өгч мэдэн будилж шүүхийг төөрөгдүүлдэг. Хариуцагч Д.А- нь гэрээ байгуулах үед өөрийн эхнэр хэмээн Ц.Нармандах гэх эмэгтэйтэй ирсэн ба Ц.Нармандахын мөнгийг бидэнд зээлдүүлсэн. Гэрээний нэг тал гэж Д.А- нь гарын үсэг зурсан байдаг ч жинхэнэ 8 сая төгрөгний эзэн нь Ц.Нармандах болохыг сүүлд мэдсэн.Тэд хамтран амьдарч байгаад салцгаасан юм билээ. Гэрээ сунгах талаар эхнэр гэх Ц.Нармандах нь бидэнтэй тохирсон байсан. Үндсэндээ Д.А- нь бусдын мөнгийг нэхэх эрхгүй байж сөрөг нэхэмжлэл гарган үндэслэлгүйгээр хөрөнгөжин шүүхийг хүртэл төөрөгдүүлээд байна. Бид тухайн үед гэрчээр болон хариуцагчаар Ц.Нармандахыг Сэлэнгэ аймгийн Орхонтуул 2-р баг Баянцогт 13 байр,5 тоотод оршин суудаг ба РД:МК87040104 оролцуулах хүсэлт удаа дараа тавьсан ч хаяг, овог нэр тодорхойгүй гээд шүүх хүлээж аваагүй, Д.А- нь зориуд худал мэдүүлж шүүхийг төөрөгдүүлсэн.

Ц.Нармандахыг хайж явж арайхийн уулзахад “Д.Аптантөгсөд хэрхэн хууртагдсан, 8 сая төгрөгөө авч чадахгүй хохирч байгаагаа ярьдаг хөгжлийн бэрхшээлтэй хөөрхийлөлтэй эмэгтэй байсан. Бидэнд зээлдүүлсэн 8 сая төгрөгний жинхэнэ эзэн нь тэр мөн болохоо нотолж, нотариатын баталгаа хүртэл хийж өгсөн, одоо биднээс 8 сая төгрөгөө нэхээд байна.

2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний ард талд гараар нэмж бичсэн эд зүйл хүлээлцсэн тэмдэглэлд Д.А-ийн эхнэр гэж гарын үсэг зурсан, Барсболдын эхнэр Дэжидмаа хэмээн тус тус гарын үсэг зурсан байгааг шүүх огт анхаарч үзэлгүй шийдвэр гарган хэт нэг талыг барьсан шийдвэр гарган хохироож байгаад гомдолтой байна.

Орон сууц хөлслөх гэрээг бичгээр заавал байгуулахыг Иргэний хуулийн 302 дугаар зүйлд тусгайлан заагаагүй учир Д.А-ийн эхнэр гэх Ц.Нармандахтай амаар тохиролцсноор орон сууц хөлслөх гэрээний хугацаа сунгагдсан ба миний өмчлөлийн орон сууцанд өнөөдрийг хүртэл ашигласаар байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дугаар зүйлд зааснаар алданги тооцож сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул магадлалыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                               ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д нийцээгүй тул энэ талаархи нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгов.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь шийдлийн хувьд зөв болсон хэдий ч тус шүүх хуулийг буруу тайлбарласан хэрэглэжээ. Иймд, шийдвэрт өөрчлөлт оруулна.

Г.Б- Д.А-т холбогдуулан орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэл, хариуцагч нэхэмжлэгчид холбогдуулж зээл 8.000.000 төгрөг, алданги 8.424.000 төгрөг, нийт 16.424.000  төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан, хариуцагч зээлийн мөнгийг авч орон сууцыг чөлөөлнө гэж, нэхэмжлэгч алданги төлөхгүй зээл 8.000.000 төгрөг төлнө гэж маргажээ.

Талуудын хооронд 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр орон сууц хөлслөх болон зээлийн гэрээ тус тус байгуулагдаж, Г.Б- Д.А-өөс 8.000.000 төгрөг зээлж, зээлийн хүүд тооцож өөрийн орон сууцаа хөлслүүлэхээр харилцан тохиролцсон нь тогтоогдсон, эдгээр гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний үүргийн дагуу мөнгө, орон сууцыг хэн алиндаа шилжүүлсэн талаар анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,  302.1-д заасантай нийцжээ.

Орон сууц хөлслөх болон зээлийн гэрээний хугацаа 2016 оны 7 дугаар сарын 01- ний өдөр дуусгавар болохоор гэрээнд заасан байна.

Орон сууц хөлслөх гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний холбогдох заалтууд нэгэн адил хамаарахыг Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн  302.4-т заажээ.

Эд хөрөнгө хөлслөх гэрээ үргэлжлэх буюу сунгах нөхцөлийг зохицуулсан  Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д  зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгагдсанд тооцдог.

Орон сууц хөлслөх гэрээг сунгасан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгэж байгаа боловч  талууд гэрээний хугацаа дуусгавар болсон үед зээлийн үүрэг болон орон сууцыг харилцан шаардаагүй, хариуцагч орон сууцыг эзэмшсэн хэвээр байгаа нь тогтоогдсон  тул гэрээ сунгагдсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1-д үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэх тохиолдлыг  нэгдүгээрт, үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол, хоёрдугаарт, үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй бол гэж заасан байна.

Нэхэмжлэгч Г.Б-, хариуцагч Д.А- нарын хооронд байгуулагдсан орон сууц хөлслөх болон зээлийн гэрээ нь хоорондоо харилцан хамааралтай ба хэргийн нөхцөл байдлаас  нэхэмжлэгчийг зээл төлөх үүргээ хугацаанд нь  биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн гэж үзэх боломжгүйг давж заалдах шатны шүүх анхаараагүй нь буруу болжээ.

Иймд, хариуцагч Д.А- нэхэмжлэгч Г.Б-ыг зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсэн гэж үзэж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги шаардах боломжгүй байна.

Харин талуудын хооронд маргаан үүсч, шүүхэд хандснаар хэн аль нь гэрээг дуусгавар болгохыг хүсч, гэрээний үүргийн биелэлтийг шаардсан атал, анхан шатны шүүх орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн үндэслэлийг  гэрээнээс татгалзах тухай  Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасан агуулгаар, түүнчлэн зохигч үүргээ нэгэн зэрэг гүйцэтгэх нь зүйтэй гэж үзэхдээ  ижил төрлийн шаардлагыг харилцан тооцох Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-д заасныг хэрэглэсэн тайлбарласан нь  буруу байна.

Орон сууц хөлслөх гэрээний хугацаа дуусгавар болсноор хөлслөгч Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5-д зааснаар орон сууцыг хөлсүүлэгчид буцаан өгөх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл нь хуулийн энэхүү зүйлээр зохицуулагдана.

Орон сууцыг чөлөөлүүлэх, зээлийн төлбөр шаардсан эдгээр хоёр төрлийн үүрэг нь харилцан тооцогдох үүрэг бус  байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна. Харин тухайн 2 гэрээний үүргийг биелүүлэх нөхцөл нь хоорондоо хамааралтай байх тул нэхэмжлэгч Г.Б- зээлийн 8.000.000 төгрөгийг төлсний дараа хариуцагч Д.А- орон сууцыг  чөлөөлж хүлээлгэн өгөх нь Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д заасантай нийцнэ.

Дурдсан үндэслэлээр  шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2038 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/01639 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар  Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Москва 39 дүгээр байрны 181 тоот  2 өрөө орон сууцыг чөлөөлж, Г.Б-од хүлээлгэн өгөхийг  Д.А-т даалгаж, Г.Б-оос 8.000.000 төгрөг гаргуулж Д.А-т олгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас алдангид 8.424.000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн 2 дахь заалтад “Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д зааснаар Д.А- зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэсний дараа, Г.Б- орон сууцыг чөлөөлөх үүргийг харилцан хүлээхийг зохигчдод мэдэгдсүгэй” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85.750 төгрөгийг  улсын орлогоос шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

                                ШҮҮГЧ                                                             Г.АЛТАНЧИМЭГ