Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2038

 

 

Г.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/01639 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.А-т холбогдох

 

Орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй, зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгчээс 16 424 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б нь өөрийн орон сууцаа иргэн Д.А түүний гэр бүлд 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нийт 10 сарын хугацаагаар хөлслүүлэх гэрээ байгуулж, нотариатаар батлуусан. Уг гэрээний хугацаа дуусах үед Д.А түүний эхнэр нар үргэлжлүүлэн хөлслөх, гэрээний хугацааг сунгах хүсэлт гаргасныг зөвшөөрч, бидний зүгээс байр чөлөөлөх шаардлага тавих хүртэл тохиролцсон. Үүнээс хойш 10 сарын дараа бид байрандаа орох тухай хэлсэн боловч чөлөөлж өгөхгүй, бүр гэр орондоо орж эд хогшил тавилга, байрныхаа бүрэн бүтэн байдлыг харах ч боломжгүй, хөөж туун, хэл амаар доромжлон, хууль бусаар эзэгнэсээр байна. Гэрээний хугацаа дуусахад Г.Б-г олдохгүй байсан гэдэг нь үндэслэлгүй. Их хэмжээний мөнгө нэхэж өгөхгүй бол байрыг чөлөөлж өгөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.А, Г.Б нарын хооронд байгуулагдсан 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний 5 дугаар зүйлд “энэхүү гэрээ нь зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитоор гардуулсан өдрөөс хойш хүчин төгөлдөр болж, хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно” гэж заасан бөгөөд  гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй сураггүй 10 сар болсон боловч мөнгийг өнөөг хүртэл өгөөгүй болно. Мөн зээлийн гэрээний 4 дүгээр зүйлд “зээлдүүлэгч нь зээлийг эргүүлэн төлөх хугацаанд хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3%-иар алданги төлүүлэхээр багасгаж тохиролцсон боловч энэ үүргээ биелүүлээгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Д.А Г.Б-д 8 000 000 төгрөгийг зээлдүүлж, барьцаа болон хүүд 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл түүний Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Өнөр хотхонд орших 39 дүгээр байрны 181 тоот 41.4 м.кв хоёр өрөө орон сууцанд амьдрахаар харилцан тохиролцож, зээлийн гэрээ болон орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр дууссан. 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Г.Б-ын эхнэр н.Дэжидмаа нь Д.А-ийн гэрт ирж, байр суллаж өгөхийг шаардсан ба бид тэднээс гэрээний дагуу зээлсэн мөнгө, алданги зэргийг тооцож, нийт 15 сая төгрөгийг шаардан, уг мөнгөө төлсний дараа байрыг нь суллан өгөхөд татгалзах зүйлгүй гэхэд эхнэр нь хүлээн зөвшөөрсөн боловч 8 хоногийн дараа утсаар байраа суллахыг шаардан, мөн гэрт нь ямар ч мөнгөгүй, шөнийн 23 цаг өнгөрч байхад хэд хэдэн удаа ирж, хаалга тогшин тэдний амгалан тайван байдлыг алдагдуулж байна. Иймд гэрээнд заасны дагуу 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх алданги болон үндсэн зээл нийт 16 424 000 төгрөгийг хариуцагч Г.Б-с гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэл ямар ч үндэслэлгүй. Д.А эхнэр гэх эмэгтэйгийн хамт ирж гэрээгээ сунгая гэж нотариат орж гарын үсэг зуруулсан. Гэртээ орж шинэ тавилгуудаа харъя гэхээр оруулахгүй байгаа. Хүү, алданги зээлийн хүчинтэй хугацаагаар дууссан. Дараа нь бид амаараа гэрээг сунгаж байсан. Иймд үндсэн зээлээ л төлнө. Бусад нь үндэслэлгүй мөнгө тул төлөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.7, 238 дугаар зүйлийн 238.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б-ын өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 39 дүгээр байрны 181 тоот хаягт байрлах, 41.4 м.кв орон сууцыг чөлөөлөхийг хариуцагч Д.А-т даалгаж,

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Б-с 8 000 000 төгрөг гаргуулж хариуцагч Д.А-д олгохоор, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 464 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч хариуцагч нар нь дурдсан үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэх болохыг дурдаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.А-с 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Б-д олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240 070 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Б-с 142 950 төгрөг гаргуулан хариуцагч Д.А-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Б нь гэрээний үүргээ гүйцэтгэхээс зайлсхийж, сураггүй алга болсны улмаас Д.А-ийн ажиллаж буй "Интердарм-УБ" ХХК нь өөрийн ажилчдын амьдралын нөхцлийг дээшлүүлэхээр орон сууцны хөнгөлөлттэй нөхцөлд хамрагдах, банкнаас тавигдах шаардлага болзлыг хангасан нэр бүхий ажилчиддаа 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хандан гаргасан мэдэгдэлд түүний нэр орсон боловч банкны урьдчилгаа болох 15 сая төгрөгийн зарим хэсгийг бусдад зээлдүүснээс үүдэж, дээрх боломжоо эдлэж чадахгүй өдийг хүрч хохирч буй тухайгаа ярьсан ба холбогдох нотлох баримтуудыг гарган өгсөн нь хавтаст хэрэгт байгаа болно. Гэтэл шүүгч "...зээлийн хүүд тооцож... маргадаггүй." гэсэн нь Д.А гэрээг сунган, зээлийн хүүд тооцож, хөлслөн сууж буй мэтээр мушгин дурдсан нь түүний дээрх бодит нөхцөл байдлыг нь үгүйсгэсэн байна.

Зохигчдын хэн аль нь гэрээнээс татгалзаж буйгаа бодитойгоор илэрхийлээгүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд ч дурдагдаагүй, шүүх хуралдааны явцад энэ тухай огт яригдаагүй болно. Зээлийн гэрээний 2 дахь заалтад "... Зээлдэгч нь мөнгийг гэрээгээр тохирсон хугацаанд үл маргах журмаар буцаан төлөх үүрэгтэй.", мөн уг гэрээний 5 дахь заалтад "...талууд хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно." гэж тус тус тодорхой заасан тул Д.А нь нэхэмжлэгч Г.Б-ын хугацаа хэтрүүлсэн болон гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй, сураггүй болсны учир зээлдүүлсэн мөнгөө олж авч чадахгүйд хүрэх эрсдэлт нөхцөл үүссэн ба арга буюу үүрэг гүйцэтгэгчийн биелэлтийг хангуулах үүднээс уг байрыг эзэмшиж байгаа болно. Мөн нэхэмжлэгч Г.Б "зээлийн гэрээний хугацааг 10 сараар нэмж сунгасан" гэж нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцлөө булзааруулан, худлаа ярьсан бөгөөд үүнийгээ нотлох ямар ч баримт шүүхэд өгөөгүй, Д.А нь шинэ байр авах боломжтой байсан тухай бүхий л нотлох баримтуудыг шүүхэд өгсөн боловч, эс тоож шийдвэрлэсэн. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шийдвэрлэх ёстой атал шүүгч ямар нотлох баримтуудад үндэслэн "гэрээний 2 тал хугацааг 10 сараар нэмж сунгасан байна" хэмээн итгэж, үнэмшин "…хариуцагч буруутай..." гэх дүгнэлт ойлгомжгүй байна.

...Анзын хүчинтэй байх нөхцөл нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасны дагуу анзын гэрээг бичгээр байгуулан, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасны дагуу гэрээ байгуулагч талууд гарын үсэг зурсан байх шаардлагуудыг хангах аж. Гэтэл шүүгч "...зээлийн гэрээний 4 дүгээр зүйлд заасан алдангийг зээлдэгч шаардах эрхгүй..." гэсэн нь хууль бус болох нь дээрх тайлбараар тогтооогдож байна. Иймд Д.А зээлдэгчээс гэрээний үүргээ биелүүлээгүйн учир алдангийг тооцон авах ёстой.

Шүүгч шийдвэрийнхээ үндэслэх хэсэгтээ дурдсан дээрх 4 үндэслэлүүдээр хэт нэг талыг барьж, нэхэмжлэгчийн буруу үйлдлийг өөгшүүлэн, илт дэмжиж буй нь тодорхой байна. Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу шийдвэрлээгүйд гомдолтой байна.

Иймд Д.Алтантөгсөд учирсан хохиролд тооцох ёстой алдангийг "зээлдэгч шаардах эрхгүй" гэх үндэслэлээр тооцолгүй орхигдуулсан, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан хуулийн дагуу зээлдэгч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учир алдангид 4 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Д.А-т холбогдуулан орон сууц албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч зээлийн гэрээний үүрэгт 16 424 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

            Талуудын хооронд 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр хариуцагч Д.А нь нэхэмжлэгч Г.Б-д 8 000 000 төгрөгийг 10 сарын хугацаагаар зээлдүүлж, зээлийн хүүд Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Москва 39-181 тоот 41,4 м.кв хоёр өрөө орон сууцыг 10 сарын хугацаагаар хөлслүүлэхээр орон сууц хөлслөх гэрээ байгуулж, зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги тооцохоор тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдсон бөгөөд энэ талаар зохигч маргахгүй байна.                               /хх5-6 дугаар тал/

 

Зохигчдын хооронд зээл болон орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацааг сунгасан гэж тайлбарлаж, хариуцагч нь зээлийн гэрээний хугацааг сунгаагүй гэж маргасан бөгөөд хэрэгт зээлийн гэрээг сунгасан талаар баримтгүй, сунгасан эсэх нь тодорхойгүй байх тул гэрээний хугацааг сунгасан гэж үзэхгүй. Энэ талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнээс үзвэл нэхэмжлэгчид хариуцагч зээлдүүлсэн мөнгөнийхөө хүүд тооцож, түүний орон сууцанд зээлийн гэрээний хугацаагаар хөлслөн суусан тул зээлийн гэрээний хугацаа дууссан үеэс орон сууц чөлөөлөх эрх нэхэмжлэгчид үүсчээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн болон орон сууц хөлслөх гэрээний дагуу талууд үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэх үндэслэлтэй гэж үзэн, хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэгч шаардах эрхтэй талаар зөв дүгнэж, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Харин талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон орон сууц хөлслөх гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүйд талуудын хэн аль нь буруутай гэж үзэн хариуцагчийг зээлийн гэрээний дагуу алданги шаардах эрхгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт буруу байх тул зөвтгөх шаардлагатай, уг алдааг залруулах боломжтой байна.

 

Талууд зээлийн гэрээ байгуулахдаа алдангийн талаар гэрээний 4 дүгээр зүйлд “зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги тооцож төлүүлэх эрхтэй” гэж тохиролцжээ.

 

Уг гэрээнд тохиролцсны дагуу хариуцагч нь 4 000 000 төгрөгийн алдангийг шаардах эрхтэй тул нэхэмжлэгч Г.Б-с алданги 4 000 000 төгрөгийг гаргуулж хариуцагч Д.А-т олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 424 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо үнийн дүнг “8 464 000 төгрөг” гэж техникийн алдаа гаргасан байгааг зарлуулах боломжтой.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/01639 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1” гэсний дараа “232 дугаар зүйлийн 232.6” гэж нэмж, “8 000 000” гэснийг “12 000 000”, “8 464 000” гэснийг “4 424 000” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “142 950” гэснийг “206 950” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-ийн төлсөн 78 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

                             ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ