Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2018/00197

 

“У” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан  даргалж, шүүгч Б.Ундрах, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/01510 дугаар шийдвэр,           

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 210/МА2017/02116 дугаар магадлалтай,

“У” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“З” ХХК-д холбогдох,

Түрээсийн төлбөрт 190.221.206 төгрөг гаргуулах үндсэн,

Нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 459.583.078 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Р.Мөнхзул, А.Зүмбэрэл, хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч Г.Цогтгэрэл, С.Мөнхцэцэг, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч “У” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2008 оны 8 дугаар сарын 01-ний өдөр "З" ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж, гэрээ байгуулагдсанаас хойш 15 хоногийн дараа буюу 2008 оны 8 дугаар сарын 15-ны өдөр түрээсийн гэрээг шинээр байгуулсан. Тус гэрээгээр "У" ХХК-ийн Тэнгис кино театрын Г блокийн 660 м.кв талбайг 2008 оны 8 дугаар сарын 20-ноос 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 15 жилийн хугацаатай байгуулсан. Түрээсийн төлбөрийн хэмжээг талууд гэрээний 3.1-т зааснаар 1 м.кв талбайг 5 ам.доллар буюу сарын төлбөр 4.455.000 төгрөг байхаар тохиролцсон. Энэ гэрээнд 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр нэмэлт оруулж, 1 м.кв талбайг 7 ам.доллар буюу сарын төлбөр 4620 ам.доллараар төлбөр шилжүүлэх үеийн Монголбанкны ханшаар тооцохоор тохиролцсон. Нэмэлт гэрээг 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тооцож, түрээсийн төлбөрийг cap бүрийн 20-нд төлнө гэж заасан. Хариуцагч төлбөрийг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш төлөөгүй. 2015 оны 01 дүгээр сарын 01-нээс 2015 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл 88.565.124 төгрөг, мөн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 101.120.675 төгрөгөөр тооцоо нийлж баталгаажуулсан. Түрээсийн төлбөрийг 2015 оны 01 дүгээр сарын 01-нээс 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 7 ам.доллар, 2015 оны 12 дугаар сарын 01-нээс 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл түрээслэгчийн төлбөр төлөх байдлыг харгалзан үзэж, 6 ам.доллараар тооцож, түрээсийн төлбөрт 168.988.651 төгрөг, мөн гэрээний 4.1.4-т зааснаар бид "З" ХХК-ийн өмнөөс ашиглалтын зардал төлсөн тул 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тооцож 16.746.501,77 төгрөг, 2015 оны 01 дүгээр сараас 2017 оны 4 дүгээр сар хүртэл алдангийг 0,1 хувиар тооцож 4.486.053,5 төгрөг нийт 190.221.206,27 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч “З” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: тус компани "У" ХХК-тай 2008 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 15 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулж, “Г" блокийн 1-3 давхар, гадна талбайд их засвар, тохижилтын ажлыг өөрийн хөрөнгөөр хийсэн нь баримтаар харагдана. Компани түрээсийн талбайгаа 2009 оны 3 дугаар сараас ашиглаж эхэлсэн ба түрээсийн төлбөрөө хэвийн төлж байгаад, эдийн засгийн хямралын улмаас орлого багасч, түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөхөд хүндрэлтэй болсон. 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түрээсийн 1 давхрын 220 м.кв обьектыг буцаан хүлээлгэж өгсөн. Ашиглалтын зардалд 5.280.445 төгрөг төлсөн, 2015 оны 01 дүгээр сараас 2016 оны 3 дугаар cap хүртэл хугацаанд ашиглалтын зардал 12.573.879,4 төгрөг болж байна. Хэрэв алданги тооцох бол 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш албан бичиг ирүүлснээс эхлэн тооцох ёстой. Мөн 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл түрээсийн төлбөрийг 7 ам.доллараар тооцсон нь үндэслэлгүй тул 17.390.420 төгрөгийг илүү нэхэмжилсэн гэжээ.

Хариуцагч "З" ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Талууд харилцан тохиролцож түрээсийн гэрээний 2.7-д зааснаар түрээсийн гэрээний хугацаа дуусахаас өмнө нэг талын санаачилгаар гэрээ цуцалсан тохиолдолд “Г” блокт зарцуулсан хөрөнгө оруулалт, их засварын зардал 500.000.000 төгрөг болон бизнесийн алдагдлыг тооцон түрээслэгчид бүрэн буцааж өгөх ёстой. Манай компани  түрээсийн гэрээг цуцалсан тул 500.000.000 төгрөгийг гаргуулна. Бид 2015 оны 11 дүгээр сард 68.231.900 төгрөгийн үнэ бүхий эд хогшлыг “У” ХХК-д хүлээлгэн өгсөн. Эд хөрөнгийн тооллого гэх баримтын дагуу 8.480.000 төгрөгийн эд хөрөнгийг буцаан нэхэмжилж байна. Гэрээний 4.1.4-т заасан зардлыг түрээслүүлэгч 2014 оноос хойш авсан тул 1.862.190 төгрөг гаргуулна.  Тухайн үед "У" ХХК  түрээсийн төлбөрт 92.750.788 төгрөг, цахилгаанд 9.044.000 төгрөг, алдангид  2.003.363,7 төгрөг нийт 103.124.038 төгрөг нэхэмжилсэн. Үүнийг сөрөг шаардлага 500.000.000 төгрөгөөс хасч, 384.344.200 төгрөг гарсныг тухайн үед нэхэмжилж байсан. 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж түрээсийн төлбөрийг 7 ам.доллар болгож, төлөхийг шаардсан. Үүнтэй холбогдуулан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 17.188.055 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар Нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, нийт 459.583.078 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн ямар зүйл заалтыг үндэслэж нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах гэж байгаа нь тодорхойгүй. Гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж байгаа бол хариуцлагын шинжтэй заалт буюу 500.000.000 төгрөг гаргуулах тухай шаардлага хангагдахгүй. Гэрээний 2.7-д заасан зохицуулалт нь түрээслүүлэгч тал гэрээг ямар нэг шалтгаангүйгээр буюу түрээслэгч тал гэрээнд заасан үүргээ биелүүлсээр байхад гэрээг цуцлах тохиолдолд хэрэглэх, түрээслэгч талыг хамгаалах үүрэгтэй зохицуулалт болохоос түрээслэгчийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн гэрээг цуцлах тохиолдолд үйлчлэхгүй юм.Өнөөдрийг хүртэл түрээсийн обьектыг ашиглаж байгаа боловч төлбөр төлөөгүй.  Мөн 2015 оны 12 дугаар сард түрээсийн обьектын 1 давхрыг хүлээлгэж өгөхөд хамт өгсөн эд хогшлын үнэ 8.480.000 төгрөгийг нэхэмжилж байна. Уг талбайг одоо "З" ХХК-д ажиллаж байсан тогооч түрээслэн ажиллуулж байгаа, түүнээс нэхэмжлэх нь зүйтэй. Анхны гэрээг 5 ам.доллараар,  сүүлд 7 ам.доллар болгосон. Талуудын хоорондын гэрээний чөлөөт байдлыг анхаарах хэрэгтэй. Төлбөрийг үндэсний мөнгөн тэмдэгтээр хийж, ам.доллараар нэг ч төлбөр төлөөгүй гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/01510 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч "З" ХХК-иас 189.464.396,27 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "У” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 756.810 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 318 дугаар зүйлийн 318.5, 288 дугаар зүйлийн 288.1.2-т зааснаар "У" ХХК-иас 501.862.190 төгрөг, 8.180.000 төгрөгийн үнэ бүхий /450.000 төгрөгийн 2 ширэмтэй газан зуух, 800.000 төгрөгийн 4 ширэмтэй газан зуух, 1.950.000 төгрөгийн пицца шарагч, 1.100.000 төгрөгийн донер шарагч-тог, 1.270.000 төгрөгийн донер шарагч, 180.000 төгрөгийн ус буцалгагч, 350.000 төгрөгийн печь, 120.000 төгрөгийн төмөр тавиур /5 секц/, 250.000 төгрөгийн угаалгын тавиур /4 секц/, 480.000 төгрөгийн 3 тосгууртай, 2 цорготой угаалтуур, 180.000 төгрөгийн 2 тосгууртай, 1 цорготой угаалтуур, 300.000 төгрөгийн тос шүүрэгч, 350.000 төгрөгийн полиур, 250.000 төгрөгийн их тосонд шарагч, 150.000 төгрөгийн камер зэрэг, тус бүр 1 ширхэг/ эд хөрөнгийг гаргуулж, "З" ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 01 дугаартай нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, 300.000 төгрөгийн эд хөрөнгө гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.553.058 төгрөг, хариуцагчаас төлсөн 2.771.766 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч "У" ХХК-иас 2.708.161 төгрөг гаргуулж, хариуцагч "З" ХХК-д, хариуцагч "З" ХХК-иас 1.105.272 төгрөг гаргуулж нэхэмжлэгч "У" ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 210/МА2017/02116 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/01510 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5, 301 дүгээр зүйлийн 301.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч У ХХК-иас 217.261.904 төгрөг, 8.180.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг /450.000 төгрөгийн 2 ширэмтэй газан зуух, 800.000 төгрөгийн 4 ширэмтэй газан зуух, 1.950.000 төгрөгийн пицца шарагч, 1.100.000 төгрөгийн донер шарагч-тог, 1.270.000 төгрөгийн донер шарагч, 180.000 төгрөгийн ус буцалгагч, 350.000 төгрөгийн печь, 120.000 төгрөгийн төмөр тавиур /5 секц/, 250.000 төгрөгийн угаалгын тавиур /4 секц/, 480.000 төгрөгийн 3 тосгууртай, 2 цорготой угаалтуур, 180.000 төгрөгийн 2 тосгууртай, 1 цорготой угаалтуур, 300.000 төгрөгийн тос шүүрэгч, 350.000 төгрөгийн полиур, 250.000 төгрөгийн их тосонд шарагч, 150.000 төгрөгийн камер зэрэг, тус бүр 1 ширхэг/ гаргуулж хариуцагч "З" ХХК-д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн “Нэмэлт гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, 300.000 төгрөгийн эд хөрөнгө гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтад “2.708.161” гэснийг “1.285.160” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч У ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.711.945 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч С.Мөнхцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 210/МА2017/02116 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Хариуцагч “З” ХХК нь нэхэмжлэгч “У” ХХК-тай 2008 оны 8 сарын 15-ны өдөр Тэнгис кино театрын “Г” блокийг бүхэлд нь буюу 660м2 талбайг 2009 оны 5 сарын 1-с 2023 оны 8 сарын 20-г хүртэл түрээслэхээр Түрээсийн гэрээ байгуулсан байдаг. З ХХК-д хуримтлагдсан түрээсийн төлбөр болон ашиглалтын зардлын өр нь түрээслүүлэгчийн удаан хугацаанд буюу 2011 оноос 2016 он хүртэл хэвийн халуун дулаанаар хангах үүргээ санаатайгаар зөрчиж байснаас гэрээний харилцаанд үл ойлголцол үүссэн. Ийнхүү дээрх нөхцөл байдлууд үүссэн нь гэрээ байгуулах үеийн нөхцөл байдлууд өөрчлөгдсөн, түрээслүүлэгчийн зүгээс түрээслэгчид үзүүлэх болсон зүй бус байдлуудаас шалтгаалан З ХХК энэхүү гэрээг цуцлахад хүрсэн бөгөөд Түрээсийн гэрээг цуцлах талаар удаа дараа түрээслүүлэгчид мэдэгдэн албан ёсоор 2017 оны 6 сарын 19-ны өдөр цуцалсан. Гэрээ цуцлагдсантай холбогдон гэрээний 2.7-д заасныг үндэслэн 500.000.000 төгрөгийг нэхэмжлэгчээс нэхэмжилсэн. З ХХК нь Түрээсийн гэрээний дагуу түрээсийн зүйлийн их засварын ажилд 472.577.282 төгрөг, эд хогшилд 51.751.175 төгрөг нийт 524.358.457 төгрөг зарцуулж 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь хавтаст хэрэгт авагдсан /3, 4, 5-р хавтас, 6-р хавтасны 1-с 70-р хуудас/ санхүүгийн болон гэрэл зургийн баримтуудаар нотлогддог. Давж заалдах шатны шүүх З ХХК-ийг түрээсийн зүйлд оруулсан хөрөнгө оруулалтыг бүхэлд нь засан сайжруулалтын зардал байсан гэж үзсэн. Тэнгис кино театрын Г блокийн хэвийн үйл ажиллагааг хангаж үйл ажиллагаа явуулах боломжтой болгох зорилгоор хийсэн бүх төрлийн барилгын ажлууд засал, өрлөг, шавар, гагнуур, цонх, паарны угсралт, агааржуулалтын шугамын ажил, угсралтаас гадна гэрэлтүүлгийн техник хэрэгслүүд, камержуулалтын цогц систем зэрэг ажлууд хамаарах бөгөөд 365.650.135 төгрөгийн 966 ширхэг баримттай түүхий эд материал, 106.927.147 төгрөгийн 267 ширхэг баримттай барилгын засан сайжруулалт хийсэн ажлын хөлс нийт 472.577.282 төгрөгийн засан сайжруулалт хийсэн нь нотлогддог. Гэрээ 2009 оны 5 сарын 1-с 2023 оны 8 сарын 20-г дуустал үргэлжлэхээр байгуулагдсан. Нийт 14 жил 4 сар үргэлжлэх гэрээ бөгөөд гэрээний дагуу ашигласан хугацаа 8 жил 19 хоног байдаг. З ХХК түрээсийн төлбөр, ашиглалтын зардал төлөхгүйгээр нэг ч өдөр түрээсийн талбайг ашиглаагүй. Давж заалдах шатны шүүх хэрэгт буй баримтаар З ХХК-г 500сая төгрөгийг түрээсийн объектод оруулсныг хүлээн зөвшөөрсөн атлаа түрээсийн төлбөр болон ашиглалтын зардал төлж байсныг үл харгалзан ашиглаагүй хугацаанд нь дүйцүүлэн ашиглалтын зардалд тооцон шаардлагыг багасгаж хангасан нь хууль хэрэглээний алдаатай байна гэж үзэхэд хүргэж байна. Эд хөрөнгө хөлслөх гэрээний журам Түрээсийн гэрээнд үйлчилдэг. Манай гэрээний хувьд энэ үүргээ түрээслүүлэгч биелүүлэх боломжгүй байсан тул гэрээний 2.7-д түрээслэгчийн хөрөнгө оруулалтыг хамгаалах заалтыг оруулсан. Мөн Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрээр хангасан 1.862.190 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийг орхигдуулан шийдвэрлэсэн. Цэвэр бохир усны зардлыг түрээслэгчээс нэхэмжлэн гаргуулсан 1.862.190 төгрөгийг буцаан шаардсан. Энэхүү сөрөг шаардлагыг нэхэмжлэгч У ХХК бүх шатны шүүх хурал дээр хүлээн зөвшөөрсөөр байхад давж заалдах шатны шүүх магадлалдаа энэхүү шаардлагыг орхин шийдвэрлэсэн.'

Иймээс Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 сарын 25-ны өдрийн 210/МА2017/02116 дугаар магадлалыг хэрэгсэхгүй болгож Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/01510 дугаар шийдвэрийн хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2017/02116 дугаартай магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Түрээсийн гэрээг 2008 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан ба 15 хоногийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.7 гэсэн заалтыг энэ гэрээгээрээ оруулж ирсэн. Улмаар 10-аас дээш жил түрээслэн тэргүүн ээлжинд Г блокийг өөрийн өмчлөлд авах зорилготой байсан. Гэрээний 2.7-д заасан “нэг талын санаачлагаар” гэдэг нь зөвхөн “У" ХХК-ийн зүгээс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, түүний санаачлагаар цуцалсан тохиолдолд хэрэглэгдэнэ гэсэн агуулгатай. “З” ХХК нь урт хугацаанд ажиллах баталгаа болгож оруулсан заалт бөгөөд гэрээний 2 дугаар зүйлийн 2.9-д заасны дагуу нөхөн төлбөр юм. Гэрээний 2.7-д заасан “цуцлах" гэсэн нь гэрээний үүргийн зөрчил, гэм буруу, хохиролтой хамааралгүй. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.7-д заасан нөхцөл байдал энэ маргааны зүйлд үүсээгүй байна Тодруулбал “У" ХХК хугацаанаас өмнө гэрээг цуцлаагүй, ердөө түрээсийн төлбөрөө төлөхийг шүүхийн журмаар шаарджээ Хэдийгээр “З” ХХК. шүүх хариуцагчийг гэрээгээ цуцалсан гэж байгаа боловч одоо ч үйл ажиллагаагаа явуулж байгаа талбайгаа хүлээлгэж өгөөгүй, гэрээ үргэлжилж байна. “З" ХХК нь гэрээний үүргээ ноцтой эөрчиж, 2 жил бусдын хөрөнгийг үнэ төлбөргүй ашигласан, цахилгаан, дулааны бүх төлбөрийг төлүүлж, одоо ч ашиглан өөрийн санаачлагаар гэрээг цуцлах атлаа уг гэрээний 2.7-г буруу тайлбарлан 500 сая төгрөг нэхэмжилж, шүүх түүнийг хангасан нь хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан гэж үзнэ. Гэрчийн мэдүүлэг өгсөн Т.Жанцандорж нь “У” ХХК нь “З” ХХК-ийн дулааныг зориудаар алдагдуулж байсныг нүдээр үзээгүй гэсэн. Хэрхэн яаж дулааныг тасалдуулсан, түүний улмаас ямар хохирол учирсан, яагаад “З” ХХК өнөөг хүртэл ажиллаад зэрэг асуултуудад гэрч, бусад нотлох баримт хариулт өгөөгүй байгааг анхаарах нь зүйтэй. Нэг барилга, байгууламж болохын хувьд дулааны нэгдсэн системтэй, байгууламжийн хувьд дулаан заримдаа муу ирдэг учир “У" ХХК өөрөө нэмж бойлуур тавьдаг. “З” ХХК-ийн үйл ажиллагаа сайн байвал түрээсийн орлого тогтмол төлөгдөх учиртай гэсэн зарчмын дагуу ажиллаж ирсэн. Шүүх “З" ХХК-ийн гэрээг цуцлах үндэслэлд 2016 оны 11 дүгээр сарын 02-ны 16/1102, 2017 оны 06 дугаар сарын 16-ны 17/06/16 дугаартай "З" ХХК-ийн гэрээг цуцлах мэдэгдлийг үндэс болгосон ба бичигт автомашины зогсоол, дулааны талаар ер дурдаагүй харин эдийн засгийн хямралын тухай дурдсан байдаг. Шүүх "У" ХХК-иас 500 сая төгрөг гаргуулах үндэслэлээ иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-ийг барьж шийдсэн. ИХ-ийн 227.1-г гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах аль ч нөхцөлд хэрэглэж болох ба хохирол шаардах эрхийн тухай заалт юм. Гэрээнээс татгалзах, цуцлах аль ч үед “У” ХХК гэм буруутай, гэрээний үүргээ зөрчсөн байхыг шаардана. Шүүх 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хохирол гэж үзсэн бол гэрээ цуцалснаас үүдэх хохирлыг тодорхойлох шаардлагатай. “З” ХХК нь "У” ХХК-иас шалтгаалахгүйгээр гэрээгээ цуцалсан байхад хохирол, гэрээнд заасан нөхөн төлбөр төлөх нь үндэслэлгүй. Гэрээнээс татгалзах ойлголт энэ тохиолдолд хамаарахгүй юм. Учир энэ гэрээ 9 орчим жил хэрэгжсэн. Гэрээний 2.7-д хөрөнгө оруулалт, их засварын зардал, бизнесийн алдагдалд 500 сая гэсэн байгаа. Үүнээс зайлшгүй гарах засварын зардлыг салгаж, түүнийгээ нотлох ёстой юм. Нөгөө талаар шүүгч нийт хөрөнгө оруулалт гэх баримтыг нэмж үзэн 524 сая гэжээ. Гэтэл баримтаас үзэхэд зайлшгүй зардлыг ялган харах боломжгүйн дээр түр гадаа хашаа, утас, хоолны мөнгө, гэрэл, газ, гал тогоонд хогшил, шатахуун, цоож, самбар, өлгүүр, цэвэрлэгээний материал, ярианы төлбөр, хөргөгч, хөлдөөгч, будаа агшаагч, ажилчдын душ, кабель, сургалт, нотариат, утас суурилуулах, хундага тогтоогч, хогийн сав, өлгүүр тогтоогч, гал тогооны хэрэгсэл, сандлын зөөлөвч, суурь кабель, тоос сорогч, агааржуулалт, төмөр шүүгээ, электрон хэрэгсэл, хаяг, караоке тохижилтын ажил, буйдан зөөсөн машины хөлс, агааржуулалтын хоолойн угсралтын ажил, өргөгчтэй машины хөлс гэсэн зардлууд байдаг. Түүнчлэн материалын үнэ, ажлын хөлс гэдэг нь чухам ямар материал, ямар ажлын хөлс болох нь санхүүгийн анхан шатны баримтын хувьд бүрэн нотлогддоггүй. Сөрөг нэхэмжлэлд дурдсан 8.180.000 төгрөгийн эд хөрөнгө нэхэмжилснийг хангасныг мөн зөвшөөрөхгүй. Тухайн үед нэг давхрыг хүлээлгэн өгөхдөө эд хөрөнгийг бүртгэсэн бүртгэл болохоос нэхэмжлэгч өөрийн эзэмшил, өмчлөлд авсан зүйлгүй. Ийм ч учраас анх “З” ХХК хариу тайлбартаа эдгээр эд хөрөнгийг хэрхэх талаар талууд харилцан шийдвэрлээгүй байгаа гэсэн атлаа шүүх хурлын үед тайлбараасаа буцаж нэхэмжлэгч хүлээн авсан гэсэн нь үндэслэлгүй.

Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 201/МА2017/02116 тоот магадлал болон Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/01510 тоот шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Зохигчдын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.  

Нэхэмжлэгч “У” ХХК нь хариуцагч “З” ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөр, ашиглалтын зардал, алдангид нийт 190.221.206 төгрөг нэхэмжилжээ. Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч, улмаар “...нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, түрээсийн байранд хийсэн засварын зардал 500.000.000 төгрөг, 8.480.000 төгрөгийн эд хөрөнгө, ус дулааны төлбөрт илүү төлсөн 1.862.190 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Зохигчдын хооронд 2008 оны 8 дугаар сарын 01-ний өдөр болон 2008 оны 8 дугаар сарын 15-ний өдөр байгуулагдсан түрээсийн гэрээгээр нэхэмжлэгч нь Тэнгис кино театрын Г блокын 660 м.кв талбайг “З” ХХК-ийн эзэмшил, ашиглалтад 15 жилийн хугацаагаар шилжүүлэх, хариуцагч эд хөрөнгө ашигласны хөлсөнд сар бүр 4.455.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Талууд дээрх гэрээнд 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр нэмэлт оруулж, сарын түрээсийн төлбөрийг 4.620 ам.доллар болгон өөрчилжээ /хэргийн 1 дүгээр хавтас 9-18, 51-59 дүгээр тал/

Талууд түрээсийн болон нэмэлт гэрээг бичгээр байгуулж, эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулсан нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3-т заасан шаардлагыг хангажээ.

Нэмэлт гэрээнд түрээсийн төлбөрийг ам доллараар тооцохоор заасан хэдий ч хариуцагч ам долларыг тухайн өдрийн Монгол банкны ханшаар тооцон төлөхөөр тохирч, улмаар төлбөрийг төгрөгөөр төлж байсан тул уг гэрээг хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхгүй.

Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээх ба хариуцагч нь 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сар хүртэл хугацааны түрээсийн төлбөрийг төлөөгүй болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, нэхэмжлэгч энэ хугацааны төлбөр шаардсан, хариуцагч төлөх үүрэгтэй болно.   

Түрээсийн гэрээний 4.1.4, 4.1.5, 5.1-т зааснаар түрээслэгч нь түрээсийн талбайн ашиглалттай холбогдон гарах цахилгаан, дулааны зардлыг суурилуулсан тоолуурын заалтыг үндэслэн түрээслэгчид төлөх, ашиглалтын зардлыг төлөөгүй тохиолдолд төлөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги төлөхөөр тохирсон ба нэхэмжлэгч нь хариуцагчийн өмнөөс дулаан, цахилгааны төлбөрт 16.746.501 төгрөг төлснийг хариуцагч үгүйсгэж чадаагүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний үүргийн биелэлт, түрээсийн төлбөрийн тооцоо, алдангийн талаар хэрэгт авагдсан баримтад тулгуурлан дүгнэж, үндсэн нэхэмжлэлээс 189.464.396 төгрөгийн шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6.-д заасантай нийцжээ. Харин сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-т “энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ” гэж заасан ба талууд өөрөөр тохиролцоогүй бол хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах эрхтэй талаар мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-т зохицуулжээ.

Зохигчдын байгуулсан гэрээний 2.7-т “гэрээний хугацаа дуусахаас өмнө нэг талын санаачлагаар энэхүү гэрээг цуцалсан тохиолдолд барилгын “Г” блокт зарцуулсан хөрөнгө оруулалт, их засварын зардал болох таван зуун сая төгрөг болон бизнесийн алдагдлыг тооцон түрээслэгчид бүрэн буцааж төлнө” гэж зааснаас үзэхэд хариуцагч түрээсийн зүйл болох 660 м.кв талбайд 500.000.000 төгрөгийн засан сайжруулалт хийснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч гэрээнд тусгасан ба энэ байдлыг үгүйсгээгүй байна. 

Хариуцагч нь нэхэмжлэлийн “...гэрээ цуцлах” шаардлагатай холбогдуулан засан сайжруулахад гарсан зардлаа нэхэмжилж, сөрөг шаардлага гаргасан боловч нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээ цуцлах шаардлагаас татгалзжээ. Үүний дараа хариуцагч гэрээ цуцлах тухайгаа нэхэмжлэгчид 2017 оны 6 дугаар сарын 16-ний өдөр бичгээр мэдэгджээ /хэргийн 7 дугаар хавтас 20 дугаар тал/.

Түрээслэгч түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүйгээс зохигчдын хооронд маргаан үүссэн, мөн тухайн обьектод үйл ажиллагаа явуулахгүй байгаа талаарх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй тул анхан шатны шүүх “...түрээслэгч гэрээ цуцалсан” гэж үзсэнийг буруутгах боломжгүй боловч засан сайжруулалтын зардлыг нэхэмжлэгчээс бүхэлд нь гаргуулсан нь учир дутагдалтай болжээ.

Давж заалдах шатны шүүх “...хариуцагч засан сайжруулалт бүхий хөрөнгийг 8 жил 11 сарын хугацаанд ашигласан тул  нэхэмжлэгч үлдэх хугацааны буюу 2017 оны 4 дүгээр сараас 2023 оны 6 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хугацааны зардлыг төлөх үүрэгтэй”  гэж дүгнэн шийдвэрт өөрчлөлт оруулж, засан сайжруулалтын зардалд 217.261.904 төгрөг /1 сарын ашиглалтын зардал 2.976.190 төгрөг/ гаргуулахаар шийдвэрлэхдээ хугацааг зөв тооцоогүй, мөн сөрөг нэхэмжлэлийн “...усны  төлбөрт илүү төлсөн 1.862.190 төгрөг гаргуулах” шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн талаар магадлалд тодорхой заагаагүй байна.

Тодруулбал, халуун, хүйтэн усны хоолой, холбооны үндсэн шугамын холболт зэргийн хэвийн ажиллагааг түрээслүүлэгч хариуцахаар гэрээний 4.1.4-т заасан, хариуцагч халуун, хүйтэн усны төлбөрт илүү төлсөн төлбөрийг буцаан шаардсаныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэжээ.

Ашиглаагүй үеийн засан сайжруулалтын  зардлыг гэрээ цуцлах санал гаргасан үеэс 2023 оны 6 дугаар сарын 1 хүртэл хугацаагаар тооцож, үүн дээр усны төлбөрт нэхэмжилсэн төлбөрийг нэмбэл магадлалд заасан дүнгээс зөрүүгүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн 8.180.000 төгрөгийн эд хөрөнгийг хүлээн авсан нь хэргийн баримтаар тогтоогдсон тул энэхүү шаардлагыг хангахдаа давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.2 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.  

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, зохигчдын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 210/МА2017/02116 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Мөнхзул, хариуцагчийн төлөөлөгч Г.Цогтгэрэл нарын гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2. Хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн 1.285.159 төгрөг, хариуцагчаас 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 1.580.951 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.АМАРСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ